Уяач Б.Өнөрбаян: Мориныхоо хөлсийг хусаж зогсохдоо Монгол эр болсноо илүү мэдэрдэг

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 03 -нд

-Энэ жилийн хоёр дахь бүсийн уралдаан “Нүүрэнтэйн хурд”-д таны соёолон айргийн тавд хурдалсан байгаа. Мэдээж баяр бахдал төрүүлсэн наадмын яриа одоо ч хуучраагүй биз дээ.
-Б.Өнөрбаян: Тэгэлгүй яахав, үнэхээр баяртай байгаа. Миний саарал соёолон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унаган адуу. Цэрэнтогтох гэж хүнээс 2009 онд худалдаж авч байлаа. Тэрнээс хойш хэд хэдэн уралдаанд амжилттай сайхан наадаж байна. Үүнд  Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Чагдаржавын 130 жилийн ойд түрүүллээ. Бас “Дүнжингаравын хурд”-д 11 дээр орж яваад тодорхой шалтгаанаар араар орчихсон. Эндээс удалгүй давхар уяагаар “Нүүрэнтэйн хурд”-д очоод айрагдсан нь сайхан амжилт юм даа.
-Энэ нь таны бүсийн наадмаас авсан анхны айраг уу?
-Б.Өнөрбаян
: 2009 онд Сэлэнгэд атар газар эзэмшсэний 50 жилийн ойн Засгийн газрын тогтоолтой наадам болсон юм. Тэнд хээр морь маань түрүүлж, халтар морь айргийн таваар давхисан. Түүнээс хойш сая “Нүүрэнтэйн хурд”-д айрагдсан амжилттай байна.
-Хэдийнээс эхлэж хурдан морь сонирхох болов?
-2008 оны эхээр Сүхбаатар аймгийн Дарьгангаас хэдэн адуу авчирсан юм. Энэ үеэс л моринд хорхойтой болоод байх шив дээ. Түүнээс хойш очсон наадам болгондоо айраг түрүү авч улам л хорхойсох болсон. Бид хоёр ихэр. Харин Өлзийт хороололд ирж морь уях болсноос хойш нэргүй болсон ш дээ. “Өө өнөө хоёр ихрийн адуу л” гэдэг юм. Өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн эрийн гурван наадмын нэг морь уян хийморио сэргээж, олон сайхан эерэг энергитэй хүмүүстэй уулзаж учран мэнд мэдэн тамхилж зогсоно гэдэг эр хүний жаргал юм даа.
-Ажил үйлс бүтэмжтэй гэснээс та хоёр ямар ажил эрхэлдэг юм бэ?
-Хувиараа бизнес эрхэлдэг.
-Хурдан морь сонирхон, морь мал айрагдаад ирэхээр хамгийн түрүүнд төрсөн нутаг хардаг. Уул ус баярладаг гэж уяачид ярьдаг шүү дээ. Та бүхэн уг гарвал хаанахын бэ?
-Бид Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул. Улаанбаатар хотод ажиллаж амьдраад 12 жил болж байна.
-Морь сонирхож эхлэснээс хойш гурван жил өнгөрчээ. Энэ хооронд бүсийн наадмын гурван айраг гэдэг чамлахааргүй амжилт. Энэ нь та хоёрын оновчтой сонголт уу, уяачийн эрдэм үү? Алинтай нь холбож тайлбарлах вэ?
-Б.Баатарчулуун
: Сонголт маань буруу байгаагүйд баярладаг. Хурдан морь анх сонирхож эхлээд Дэлгэрхангайнхаа наадамд хээр морьтойгоо очин уралдсан юм. Энэ бол 2008 оны 5-р сарын 19 байлаа. Тэгэхэд нэгийг нь 12-оор, нөгөөг нь 13-аар давхиулаад, зун нь Дундговь аймгийн Адаацаг сумын 50 жилээр хээр морио аман хүзүүдүүлж, халтар морио зургаагаар давхиулчихаад өөрийн эрхгүй сэтгэл огшиж билээ. Тэрнээс хойш жижиг наадмуудаас чамлахааргүй айраг түрүү авсан. Барагцаагаар дөчөөд болсон байна лээ.
-Ихрүүд гэлтгүй тус тусдаа адуунууд чинь данстай биз дээ.

-Уралдаад ирэхэд хэнийх нь ч байсан хоёр ихрийн л гэх юм байна. Одоо ч хүмүүсийн яриатай эвлэрээд минийх чинийх гэлтгүйгээр эвлэрсэн дээ.

 
-Бүсийн гурван айраг хэнийх байх уу?
-Б.Баатарчулуун
: Хоёр нь над дээр, нөгөө нь манай ихэр дээр байгаа. Цагааннуурын 50 жилийн уралдаанд Өнөрөөгийнх түрүүлж, минийх гурваар давхисан. Мөн Сүхбаатар аймагт болсон Талбулагийн 30 жилийн ойд азарга түрүүлгэсэн. Бас Багануурт айрагдсан саарал үрээ маань их хол түрүүлсэн. Үнэхээр адууны  хурдны цөм болсон нутагт очиж хоёр морь түрүүлгэсэндээ баяртай явдаг юм.
-Морь  сонирхон уяж эхэлснээс хойш хамгийн сэтгэлд үлдсэн наадмыг дурсвал?
-Б.Өнөрбаян
: Сэлэнгэ аймгийн Цагааннуурын атрын 50 жилээр хоёр морьтой очиж байлаа. Морьдоо гаргах гээд зогсож байтал нутгийн нэг хөгшин  үсийг нь илж үзсэнээ “энэ халтар морь өнөөдөр гүйцэгдэхгүй юм байна” гэчихээд харин нөгөө хээр морийг хараад “энэ бол айрагдах нь айрагдана. Гэхдээ нөгөөхөө гүйцэхгүй” гэж хэлж билээ. Шинэ залуу уяачийн хувьд ингэж хэлэхэд нь юугаа ч хэлж мэдэхгүй эргэлзээд л хоцорсон. Тэгтэл яг хэлснээр миний халтар морь гүйцэгдэхгүй давхисаар нэлээн хол орж ирсэн. Үүнийг хараад үнэхээр их баярласан даа. Уяач хүн гэдэг чинь ямар агуу юм бэ гэж өөрийн эрхгүй шүүрс алдсан. Нутгийн тэр өвгөн шиг эрдэмд суралцаж морийг гарахад л таньдаг болохсон гэсэн мөрөөдлөөр уяачийн эрдэмд суралцаж явна даа.
-Б.Баатарчулуун: Адаацагийн 50 жилээр очсон наадмаа дурсмаар санагдчихлаа. Дөнгөж л моринд ороод байсан үе. Зун нь морио улсын наадмаар 34-өөр давхиулчихаад очиж байв. Үнэндээ итгэл муутайхан тавьсан л даа. Нэлээд турчихсан дээр нь ачигдаж очоод ядарсан гэж бодож байлаа. Гэтэл нутгийн Баярсайханы алдартай цавьдар морьтой эн зэрэгцэж яваад аман хүзүүнд орчихож билээ. Үнэхээр сэтгэлээс гардаггүй сайхан дурсамжуудын нэг байгаа юм. Өөрийн эрхгүй нулимс унагаж байлаа шүү дээ.
-Тэр нутгийн хөгшинтэй дараа нь уулзсан уу?
-Б.Өнөрбаян
: Уулзсан л даа. Яг одоо нэрийг нь сайн санахгүй байх чинь. Сэлэнгэ аймгийн Цагааннуурт олон жил морь уясан хүн байсан. Уулзаад хамгийн түрүүнд л “та яаж мэдэж байна аа” л гэж асуусан. Тэгсэн сорлочихсон байдаг. Гараар илэнгүүт үс нь хэвэндээ ордог гэж хэлсэн. Гэхдээ яаж ордог гэлээ дээ. Санахгүй байх чинь. Сэлэнгийн Цагааннуурын 50 жилд Сэлэнгийн хойд чиглэлээс ирсэн шилдэгсдэн эрлийз морьдууд ирсэн байсан юм. Тэдэнтэй харьцуулахад манай хоёр жижигхээн биетэй. Ямар сайндаа л уралдах гэж байсан хүүхдүүд манай хоёр морийг харчихаад “наадах чинь амжих уу, хязаалан үрээ юу” гэж унаач хүүхдүүдэд маань тоглоом шоглоомын үг унагаж байхав. Гэтэл дараа нь түрүүлж ирчихээд цоллуулаад зогсож байхад өнөө олон асуултаар ээрээд байсан хүүхдүүд “ёстой сонин юмаа. Ийм жоохон морь түрүүлчих гэж” гээд өөр хоорондоо ярьж байсан.
-Ихрүүдийн хувьд Монгол адуугаараа уралдъя гэж боддог юм байна, тийм үү?
-Б.Баатарчулуун
: Одоогоор Монгол улсын хэмжээнд 30 гаран мянган уяачид байна гэдэг юм билээ. Үүнээс 500 гаран нь эрлийз адуутай гэж байгаа. Бусад нь Монгол адуутай. Эндээс үүдээд ярихад малчид маань өвөлжин, хаваржингаа зөвхөн хэдэн малынхаа л төлөө амьдралаа зориулан зүтгэж яваа. Тиймдээ ч аймаг сумынхаа цаашлаад улсынхаа наадамд бүгд л уралдах хүсэлтэй. Тэр үүднээс эдгээрт хүмүүстэй адил л наадамдаа уралдахсан гэж хүсдэг.
-Хэчнээн адуу авсан байна вэ?
-90 гаруй адуу авсан. Голдуу Сүхбаатар Дорнод, Хэнтийгээс худалдаж авсан.

 
-Ах дүүс мориноос чөлөөт цагаа юунд зориулж байна?
-Б.Баатарчулуун: Мориноос өөр юм ч алга байна.
-Мэдээж хөдөөгийн эгэл боргил амьдралд өссөн хөвгүүд багадаа хурдан морь унаж байсан л байх даа?
-Б.Баатарчулуун: Уналгүй яахав. Нутгийнхаа Өнгөт бригадад морь хүртэл уяж явлаа. Тэгээд 13,14 настайдаа зуныхаа амралтаар морь, даага бас уяна. Хүүхэд нас ер нь морь малтай ойрхон өссөн. Тэгээд л оюутан болж хотод ирж сургуулиа төгсөөд хувиараа бизнес хийж байна.
а ямар мэргэжилтэй юм бэ?
-Б. Баатарчулуун: Би хараа зүйн мэргэжилтэй.
-Хэдийгээр булангийн маань ярианд авцалдаагүй ч асуумаар санагдлаа. Ихрүүдийг андуурах хөгжилтэй явдлууд олон гарна биз?
-Б.Өнөрбаян
: Мэдээж байнга тохиолдоно шүү дээ. Хаа нэгтээ явж байтал гэнэт нэг хүн ирээд л сайн байна уу? сонин сайхан юу байна гэх бол энүүхэнд. Заримдаа танихгүй бол өнөөх хүн маань гомдоно. Зарим нь ч бүр морь мал нь гайгүй давхиад нөгөөх чинь их зантай болчихож гэж хүртэл бодсон байгаа юм чинь. Тийм үед хүнээ эвгүй байдалд оруулахгүйн тулд таньдаг юм шиг дүр бас эсгэнэ. Мэдээж амаргүй л дээ.  
-Хоёулаа л морь мал гээд хөдөө явчихаар арын албыг хэнд даатгах уу?
-Б.Өнөрбаян
: Зургаан  сар хүртэл морьдоо амрааж бэлдэнэ. Тэгээд л их ажил эхэлнэ дээ. Мэдээж арын ажлыг гэр бүлийн хүндээ л даатгадаг. Манай гэргий Улаанбаатарын уугуул. Анх намайг моринд ороод хөдөө гадаа явахад их дургүй байсан л даа. Ямар сайндаа л наргиа болгоод “яах гэж хотын хүнтэй суув аа. Морь маланд дагаад явах хөдөөгийн хүнийг сонгодог байсан юм” гэж цаашлуулна. Гэхдээ юм гэдэг сонин шүү. Хэд хэдэн удаа хамтдаа моринд яваад л бодлоо өөрчилсөн. Дүнжингаравт дагаж оччихоод үндэсний хувцсаараа гоёсон олон сайхан хийморилог хүмүүстэй хөөрөг зөрүүлээд зогсож байгааг хараад шаал өөр бодолтой болсон. Нээрээ л сайхан энергитэй улс энд л цугладаг юм байна. Монгол эр хүн гэж ийм л байх ёстой юм байна. Миний хань морио уях ажилдаа санаа зоволтгүй хичээгээрэй гэж хэлэхэд хүний хань гэдэг ингэж л бие биедээ түшиг болж, ойлгодог юм байна даа гэсэн бодол сэтгэл догдлуулж байлаа. Одоо бол хөдөө гадаа явах бол дээл хувцас маань бэлдээд морио түрүүлгээд ирээрэй гээд дээж өргөн үддэг болсон.
-Б.Баатарчулуун: Манай гэр бүлийн хүн Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул. Удмаараа л хурдны энэ нутгийн улс байгаа юм. Алтан овооны наадмаар гэр бүлээрээ явлаа. Тэнд “Макс”-ийн Ганбаа, Цэрэнжигмэд ах нар ”Одкон холдинг” компанийн захирал Мөнхбатын гэрт очоод танилцсан. Үүнийг харж байсан эхнэр маань ?ёстой гоё юм энд л байна. Миний хань моринд ор” гэж саналаа хэлж ярилцаж байгаад л 2008 онд морь авч байлаа. Эхнэр маань өөрөө дэмжсэн болохоор арын албанд санаа зоволтгүй. Мэдээж энэ бол амжилтын нэг хэсэг шүү дээ. Моринд элэгтэй ханьдаа түшигтэй түүндээ “миний морь хэдээр давхисан, эсвэл айрагдчихлаа, түрүүлчихлээ” гэж хэлэх хамгийн сайхан мөчүүдийн нэг мөн. Ирээд морины хишиг болох мөнгийг эхнэр, ажилчид, хүүхдүүдээ тарааж суух бас л гоё шүү. Монгол хүний хийморийн юм гэдэг үнэхээр агуу санагддаг.
-Өлзийт хороололд жүчээтэй юу?
- Ноднин барьсан. Одоогоор дөчөөд адуу тэжээж байна.
-Та бүгдийн морины уяа сойлгыг хэн гэдэг уяач тааруулж байна. Ер нь нарийн ширийн ажилд тэр бүр гар бие оролцож амжих юм уу?
-Б.Өнөрбаян: Мэдээж шөнөжин нойргүй хонож уяачийн ажлыг хийхгүй л дээ. Гэхдээ л боломжийн хэрээр гар бие оролцолгүй яахав. Бидний хэдэн найз нар нийлээд “Тэргүүн наран” гэж галтай болоод хоёр жил болж байна. Манай галын уяачаар Алтанбулагийн Батхуяг гэж залуу ажиллаж байна. 
-Танай галд хэчнээн уяачид байна?
-Б.Өнөрбаяр
: Дундговийн Эрдэндалай сумын Соронзонболд, Гансүх, Алтанбулагийн бас нэг нийлээд тавуулаа байна. Би галынхаа тэргүүнээр ажилладаг.
-Сая дөчөөд тооны адуу байна гэлээ. Тэжээхэд багагүй зардал гарна биз. Ер нь нэг адуунд дундажаар хэд болж байна.
-Өө өндөр гарна шүү. Нэг адуунд дундажаар 6-700 мянган төгрөгийн зарлага гарч байна. Энэ бол өвс хямд байхад шүү дээ.
-Хэдийгээр шинэ уяачид ч гэсэн морь малтай той холбоотой гарч байгаа ямар ч асуудлыг чих тавин анхаардаг биз дээ. Сая шадар сайд эрлийз буюу цэвэр цусны адууг ялгаж уралдуулах шийдвэр гаргасан. Та бүхэн энд ямар байр суурьтай байна вэ?
-Б.Баатарчулуун: Эрийн гурван наадам нь Монгол түмний наадам. Тийм ч учраас хурдан морьдыг салгаж уралдуулах нь зөв гэсэн байр суурьтай байна даа. Салгаж уралдуулах юм бол ард түмэн бүгдээр наадна. Бодоод үз л дээ. Цэвэр цусны адуу Монгол адуутай уралдахад аль нь түрүүлэх үү. Хамгийн гол нь салгаж уралдуулах болбол будлиангүйгээр зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол гуравдугаар үеийн цустай адуу Монгол адуундаа орчих юм бол дийлдэхгүй шүү дээ. Магадгүй эндээс үүдээд хөдөөгийн Монгол адуутай олон уяачид морь уяхаа больчихож мэдэх юм. Улсад очлоо ч эрлийзүүд нь түрүүлнэ гээд. Цаашлаад уламжлалт ёс заншил алдагдаж болзошгүй тул ММСУХ-ны анхаарал хандуулан шийдвэрлэх асуудлын нэг энэ яах аргагүй мөн. Би ч гэсэн дан Монгол адуугаараа уралдахыг хүсдэг. Монгол адуунд давуу чанар их бий. Харин бид үүнийг хөгжүүлэх ёстой. Хөгжих ч хэрэгтэй. 
-Б.Өнөрбаян: Гурван настай хүүхэд долоон настантай харьцуулахад ямар ялгаа байх уу. Европ хүнтэй Монгол жирийн өндөртэй хүн уралдахад алхааны ялгаа хэр байх уу. Энд зөрөө гардаг шиг Монгол адуу чинь бие жижигтэй. Яахав Оросын будённый, тогорууны төлүүд байна. Тэд Монгол цустай гэдгээрээ уралдаад байна. Харин цэвэр цусны Араб,  Англи адуунд шилмэл гүү тавьчихаар даага нь гэхэд бүдүүн морьтой чацуу байна. Адуунд зүрх үхнэ гэж байдаг. Уяач бүр л мэднэ дээ. Үнэндээ яагаад нас насаар нь ангилаад  уралдуулж байгаа юм. Гол нь зүрх нь үхэхээс сэргийлсэн хэрэг шүү дээ. Миний хязаалан хурдан байгаа юм чинь соёолонтой уралдуулчихъя гэдэггүй л биз дээ. 
-Сэтгүүлийн маань уламжлалт асуулт байгаа юм. Таны амьдралд  хурдан морьтой холбогдсоноор ямар ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Сайн муу аль аль байж болно.
-Б.Өнөрбаян: Юманд их тэмүүлэлтэй болсон доо. Энэ сайхан хийморилог хүмүүстэй мөр зэрэгцэн морио уралдуулаад явж байгаа болохоор аргагүй л аз хийморь ивээгээд байх шиг гээч. Өмнө нь морь уядаггүй байхдаа өглөө ажилдаа гарлаа. Орой харилаа, зурагтын удирдлагаа  бариад л суудаг нэгэн байлаа. Одоо бол цаг зав гаргаж байгаад морь руугаа очно. Далимд нь цэвэр агаарт гарчихна. Хотын энэ их стрессийг хөдөөгийн эрүүл агаар, морь малын дулаан энерги оргүй алга болгочихно. Мориныхоо хөлсийг хусаад зогсож байхдаа л Монгол эр болсноо илүү мэдэрдэг.
-Б.Баатарчулуун: Залуус бидэнд чөлөөт цагаа өнгөрөөх газар ховор шүү. Харин морь  сонирхох болсоноор амралтын заавал хөдөө явна. Морьдоо тойруулан, хүүхдийн гийнгоонд хөлслөөд, тарлаад зогсох л хамгийн сайхан мэдрэмжийг төрүүлдэг.
-Мэдээж унаач хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд анхаарлаа хандуулж байгаа биз дээ.

-Б.Баатарчулуун: Анхааралгүй яахав. Ер нь насанд хүрээгүй морь унах чадваргүй хүүхдийг даруулаад эмээлийн бүүрэгтэй уралдуулчихдаг. Энэ бол маш буруу юм. Хүүхдүүдийг анхнаас сургах хэрэгтэй. Морьтойгоо хөлбөрлөө гэхэд гэмтэх бэртэхгүйгээр газардах наад захын юмыг хэлж өгч баймаар санагддаг. Бид хүүхдүүдээ каск, өвдгөвч, тохойн хамгаалалтыг заавал хэрэглүүлдэг. Манай хүүхдүүдийн нас ч гэсэн хуулиар 10-14 насныхан байгаа. Түүнчлэн бас ар гэрийнхэнтэй нь гэрээ хийнэ. Хүүхдүүд маань морь унаж байгаа үедээ 100-150 мянган төгрөгийн цалин авна. За бас ар гэрийнхэнд нь туслана. Ээж аав нь ядаж л хүүхдээ мордоход сүү өргөөд үддэг болохоор тэд маань эсэн мэнд сайн уралддаг гэж боддог. Нуулгүй хэлэхэд чинээлэг айлын хүүхдүүд морь унахгүй шүү дээ.
-Моринд орсон олон хүн морины хишгээ олон түмэнтэй хуваадаг болж л дээ. Магадгүй та хоёр ч гэсэн хуваалцаж байна уу?
-Б.Өнөрбаян: Морь уяад гурван жил болох гэж байна. Хүмүүсийг харж байхад 3-5 жилийн дараа галын нэрэмжит наадмаа зохион байгуулдаг юм байна лээ. Манайх энэ жишгээр ирэх зун  хийх санаатай. Мэдээж хурдан мориныхоо хишгийг хүүхдүүд , уяачид, жүчээн дээр ирсэн зочдодоо тараагаад  сууж байх хамгийн сайхан даа. Хүмүүс ч морины хишгийг авах дуртай байдаг юм.
-Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн асуултыг та нарт үлдээж байна? 
-Б.Өнөрбаян
: Монгол түмнийг маань морины босоо цагаан хийморь мөнхөд ивээж байх болтугай. Бүгдэд нь сайн сайхныг хүсье.  Өв соёл  болсон хурдан морины талаар мэдээлж бас сэтгүүлийн хуудсаар дамжуулан олон сайхан хүмүүстэй уулзах боломж олгож байдаг “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
-Б.Баатарчулуун: Монголчууд бидний хийморь лундаа нь түрүүлж ирж байгаа морь шиг өөдөө байх болтугай.
 Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутгийн зон олондоо эрүүл энх аз жаргалыг хүсч, юу санасан 9 цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхыг хүсье. Адууны хийморь лундаа шиг дандаа дарцаглаж явахыг ерөөе.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна