Аймгийн наадамд алдраа дуурсгасан аргамаг хүлгэд, алдарт уяачдын цадиг оршвой

Наранхүү
2014 оны 1-р сарын 14 -нд

Түүх тодрох төрийн наадмын цуваанаас төрсөн нутаг усаа алдаршуулан дуудуулсан эрдэмт уяачид, эрдэнэт хүлгэдийн түүхийг сурвалжлан үзэх зуур эрхгүй өөрийн нутаг хошууныхныг шимтэн үзлээ.
Хөвсгөл нутаг болвоос Манж Чин гүрний эрхшээлийн үеэс Халхын Засагт Хан аймгийн “Хотогойдын хошуу” хэмээгдэн явсан бөгөөд Чингүнжав вангийн үед бослого дэгдээн, эзэнт гүрний их хүчинд автан хэдэнтээ хуваагдан “Хотогойдын таван хошуу” гэгдэн Ардын засгийн жилүүдтэй золгож 1931 онд Хөвсгөл далай нуурынхаа нэрээр адислан аймаг болон байгуулагджээ. Ардын хувьсгалын 20 жилийн ойн баяр наадам Хөвсгөл аймаг байгуулагдсан анхдугаар наадмыг албан түүхэнд Хатгал харуул, аман ярианд Нанжин Хатгал хэмээдэг Хатгал хотод хийж Арбулаг сумын “хамуут” заан Лувсаншарав түрүүлж, мөн Арбулагийн Ооноо баяны “Суман хул” түрүүлсэн гэх түүхэн мэдээ занги үлджээ.
Харамсалтай нь эсэргэн цагийн жам, эрх мэдэлтний хариуцлагагүй үйлдлээс болсон уу аль нь ч бол 1931 оны наадмаас эхлэн 1951 он буюу Ардын хувьсгалын 30 жил, аймаг байгуулагдсан 20 жилийн түүхэн цуваа үрэгдсэн байна. Энэ хугацаанд 1945 оны наадмын мэдээ байгаа бөгөөд 1951 оноос 1991 он хүртэлх аймгийн наадамд түрүүлж, айрагдан тодмагнай торгон жолоо өргүүлсэн хүлгэдийн мэдээ зангийг сэтгүүлч зохиолч Балдангийн Бат-Эрдэнэ абугай “Асрын өмнө торгон жолоо” бүтээлдээ  эмхэтгэн номын буян хураажээ.Ийнхүү эрхэм номын буян хураагчийн бүтээлээс эдүгээ цагийн бид эрдэмт уяачид эрдэнэт хүлгэдийн намтар түүхийг тодруулан үзсээр байгаа бөгөөд энэхүү цаг үеийн туршид Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяачид маань ямархан амжилт гарган уралдсаныг дор дурдвал:
Тосон нутгийн нэрт уяач “Бэлэн”ХэлэнДамба гуайн саарал азарга аймгийн наадамд хэдэнтээ түрүүлсэн нь дээр дурдсан цаг үед үрэгдсэн архивийн материалд байх учиртайг нутгийн өндөр настан П.Шарав дарга хуучлан сууна.  Баттай сурвалжид байгаагаар үзэхүл Тосон нутгийн нэрт уяач Гарьдийн Осоруушиг гуай, түүний хүргэн аймгийн алдарт уяач Дэжидийн Хонинхүү нар Ардын Хувьсгалын 54 жилийн ой буюу 1975 оны аймгийн наадамд ирж уралджээ. Энэ наадамд Д.Хонинхүүгийн хээрхожмоо Аварга хээр гэх болсон морь Түнэлийн сумын нэрт уяач Л.Пунцагаагийн алдарт буурал морьтой уралдан ирж арайхан дутаж аман хүзүүлжээ. Харин дараа жилийн наадам 1976 оны АХ-ын 55 жилийн ойгоор Аварга хээр морь ахиад мөнөөх Алдарт буурлынхааЛ.Пунцагаан буурал ард орж аман хүзүүджээ.
Ардын хувьсгалын 56 жилийн ой 1977 оны наадам Тосонцэнгэл сумын уяач Д.Хонинхүүгийн хувьд аргагүй л аз өм нээгдсэн жил байлаа. Адуун сүргийн манлай азарганы уралдаанд Түнэл сумын уяач Базаррагчаагийн хурдан хул азаргатай Д.Хонинхүүгийн хээр азарга уралдан ирж аман хүзүүдсэн бол өмнөх хоёр жил дараалан аман хүзүүдээд байсан Аварга хээр морь түрүүлэн ирж “Түмэн эх” –ийг дуудуулсан нь үнэхээр бахдам сайхан байсан гэдэг.
Аварга хээрийн амжилтыг залган гарч ирсэн хурдан буян бол АХ-ын 58 жилийн ойн баяр наадамд Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн малчин А.Жигжидийн саарал морь айргийн дөрөвт хурдалж, түүнийхээ дараа жил АХ-ын 59 жилийн ой буюу 1980 оны наадамд энэхүү хурдан саарал морь айргийн тавд давхиж алтан жолоо өргүүлсэн нь бахархалтай билээ.Уяач А.Жигжид агсан хожим аймгийн наадамд “Бөндөн” хул үрээгээ түрүүлгэсэн, “Аймгийн алдарт уяач” хүртсэн нэгэн байлаа.
1981 оны Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баяр наадамд газар газраас цугаласан олон хурдан тууртууд шандас шалган уралдсанаас хязалан насны морьдийн уралдаанд Ардын зориг нэгдлийн уяач, малчин Чүлтэмийн Батмөнх гуайн хурдан хээр үрээ айргийн гуравт хурдлан “хүрэл” медалиар магнай юугаан мялаан нутаг усандаа “Медальт хээр” хэмээн алдаршиж байлаа.
Энэхүү түүхэн амжилтууд нэг хэсэгтээ завсарлаж  шинэ жаран буюу 1990-ээд оныг хүртэл Тосон нутгаар овоглосон хүлэг морьд айрагдаж дийлсэнгүй. 1992 онд төрөлх Тосонцэнгэл сумандаа түрүүлсэн 3-р багийн уяач Д.Лхагвасүрэнгийн Ходигийн Дондоо шарга морь 1993 оны наадамд айрагдсан мэдээ байдаг. Харин 1995 оны Хөвсгөл аймгийн баяр наадам соёолон насны морьдийн уралдаанд тус сумын уяач Дуламын Ням-Очирын хоёр халиун үрээ түрүү аман хүзүүнд хурдлан гайхам сайхан амжилтыг тогтоосон байдаг. Түүний дараа жил Буган халиун морь хавчиг насандаа 1996 оны наадмаар Түнэлийн Дамдингийн халтар морьтой уралдан ирж аман хүзүүдэж, 1999 онд “Цагаан халиун” морь Баянзүрхийн Дунжийн Баярсайханы хээр морьтой түрүү булаалдан аман хүзүүдсэн байдаг. 2001 оны Хөвсгөл аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн их баяр наадмаар мөн алдарт уяачийн “Нарангийн ногоон” азарга нь айргийн дөрөвт давхиж сум орон нутгийнхаа нэрийг дуурсган байжээ. Энэ тухай бичигч  “Хотогойд наадмын чимэг хос халиуны аатай эзэн” хэмээх нийтлэл бичсэн
2001 оны Ардын Хувьсгалын 80 жилийн ойн их баяр наадам Хөвсгөл аймаг байгуулагдсаны 70 жилийн ойгоор Тосон нутгийн уяачид нэг түрүү, 2 айраг хүртсэн бөгөөд нэг түрүүг нь Тосонцэнгэл сумын уяач МУ-ын Морин Спортын мастер Манжаалайн Нямдорж агсан хурдан саарал соёолонгоороо хүртсэн бол,их насны морины уралдаанд мөн сумын 3-р багийн залуу уяач Энхбаярын Эрдэнэбаатар “Дурангийн хар” морио айргийн тавд хурдлуулсан байна.Энэ наадамд их насны нийт 607 хурдан туурт Хаан Дулааны бэл, Хатан Дэлгэрмөрний хөвөөнд уралдсан бөгөөд Тосонцэнгэл сумаас 5-р багийн уяач Цэвэгжавын Нямын “ Сартай хүрэн” морь 10-т, 2-р багийн залуу уяач Төмөрбаатарын Нацагдоржийн “Их хүрэн” морь 17-д давхисан бол 360 гаруй хүрч мордсон азарганы уралдаанд аймгийн Аварга уяач Сүрэнгийн Дагвадоржийн хурдан бор хул азарга 10-т давхисан билээ. Тэгвэл 156 хурдан шандаст дааганы уралдаанд 1-р багийн уяач Жадамбын Мөнхдалайн Хурдан хар даага айргийн 4-өөр орж ирээд хургаж зогсоод 6-аар орж наадамчин олныг уулга алдуулж байлаа.
Эдгээр амжилтын буухиаг үргэлжлүүлсэн уяачид бол 2002 оны наадмаар Тосонцэнгэл сумын 2-р багийн уяач, адуучин Дашзэвэгийн Мандширийн хурдан хул даага айргийн тавд хурдалсан бол 2003 оны наадамд Дэмчигбатын Баасанжавын хурдан улаан үрээ шүдлэн насны уралдаанд хол түрүүлэн ирж наадамчин олноо баясгаж байлаа.
2003 оны аймгийн наадмаар Тосонцэнгэл сумын 4-р багийн залуу уяач Я.Дагвадоржийн борлог үрээ хязаалан насандаа айргийн гурваар хурдлаж нутаг усныхаа нэрийг дуурсгасан байна.
2005 оны наадмаар Тосонцэнгэл сумын уугуул уяач Сономын Гүнширийн хурдан халтар морь айргийн гуравт хурдалж энэ үеэс эхлэн уяачийн эрдэм, унаган хүлгийн хурд тэгширч аймгийн наадмын айраг түрүүний аз өм нээгдэж Аймгийн алдарт уяачийн болзол хангасан байдаг. Алдартын нэрийг дуурсгасан хурдан тууртуудаас Мэнгэт халтар, Ганган хул, Дархан цавьдар, 2006 онд хязааланд түрүүлсэн Монхор хүрэн гээд нэлээдгүй цуваа хөвөрдөг.
2007 оны наадамд Тосонцэнгэл сумын уугуул уяач Мэндбаярын Хуягбаатар анхны айргаа Тэс угшилтай хүрэн халзан мориороо авч байсан бол 2011 онд Хөвсгөл аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд соёолон хар үрээгээ айргийн тавд давхиулсан байдаг.
2008 оны АХ-ын 77 жилийн ойн баяр наадамд хурдан азарганы уралдаанд 3-р багийн уяач Сарангийн Болдбаатарын хээр азарга Түнэлийн нэрт уяач Гүржавын Сандагийн хурдан халтар азаргатай зуузай холбон уралдаж хадууран байж аман хүзүүдсэн амжилтыг гаргасан байна. Өгүүлэн буй жил мөн сумын 2-р багийн залуу уяач Отгонбаатарын хүрэн хязаалан аман хүзүүджээ.
2009 оны наадмаар Тосонцэнгэл сумын уяач Батмөнхийн Батбаатар хурдан саарал азаргаа айргийн гуравт хурдлуулж, аавынхаа “Медальт хээр” мориноос 28 жилийн дараа аймгийн наадмаас айраг авчээ. Мөн хязаалан насын морьдийн уралдаанд 2-р багийн нэрт уяач агсан Шаравдоржийн хүү залуу уяач Ганзориг хурдан цэгээн үрээгээ айргийн таваар цоллуулсан амжилтаар энэхүү цувааг үргэлжлүүлсэн байна.
2010 оны наадам Монголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч хатан зоригт баатар Чингүнжавын мэндэлсэний 300 жилийн ой хангайн бүсийн хурдан морины уралдаан “Хотогойдын хурд-2” наадамд их насны морины уралдаанд Тосонцэнгэл сумын 3-р багийн залуу уяач Д.Отгонбаярын хар морь аман хүзүүдэж нутаг олныхон дундаа “Даншиг хар” хэмээн алдаршиж байлаа. Хотогойдын хурд-2 наадам болохоос хэдхэн хоногийн өмнө болсон Мөрөн сумын баярт 4-р багийн уяач Чулуунбаатарын Дашнямын хурдан алаг азарга түрүүлэн ирж түмэн олноо баясгасан бөгөөд энэхүү алаг азарга нь аймгийн чанартай хаврын болон зуны уралдаанд хэдэнтээ түрүүлж айрагдаад байгаа энэ цаг үеийн магнай хурдан азаргануудын нэг мөн билээ
2011 оны наадам Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадамд Тосонцэнгэлчүүд 2 айраг авсан бөгөөд нэг нь дээр дурдсан М.Хуягбаатарын хурдан хар үрээ соёолон насанд айрагдсан бол дааган насны уралдаанд 4-р багийн залуу уяач Цогтбаатарын Баасанхүүгийн хээр даага айргийн гуравт хурдлан наадамчин олноо баясгасан байна. Хээр даага  2008 онд аймагт аман хүзүүдсэн С.Болдбаатарын хээр азарганы төл юм.
2013 оны наадам Тосончуудын хувьд одтой сайхан наадам болсон юм. Учир юун хэмээвэл аймгийн наадмын 2 түрүү 5 айраг хүртэж түүхэн амжилт тогтоолоо. 50 гаруй жилийн туршид тасраад байсан аймгийн наадмын азарганы уралдааны түрүү магнайд Тосонцэнгэл сумын уугуул Мөнхөөгийн Бат-Очирын хурдан халтар азарга, айргийн 4-т Дашзэвэгийн Гэндэнсүрэнгийн “Идэр халтар” азарга хурдалж Тосон нутгийн 2 азарга айрагт багтлаа. Харин их насны морьдийн уралдаанд ААУ С.Гүнширийн хурдан хонгор морь айргийн гуравт хурдалсан бол хурдан шүдлэнгийн уралдаан Тосонцэнгэл сумын 2-р багийн уяач Галдангийн Нямдорийн бор холзан үрээ айргийн дөрөвт давхижээ. Харин  хурдан дааганы уралдаанд 1-р багийн уяач Батцэнгэлийн Эрдэнэбаатарын хүрэн даага түрүүлэн “Сүмбэ шагай ”-аар цоллуулж айргийн таваар 4-р багийн уяач Ганболдын хүрэн халзан даага хурдалсан бахдам сайхан амжилтыг гаргаад байна. Дашрамд дурдахад Тосонцэнгэл сумын уугуул Мөнхөөгийн Бат-Очир уяач Хөвсгөлийн Гурил Тэжээлийн үйлдвэрт ажиллаж байх үеэсээ буюу 1990-ээд оны дунд үеэс хурдан морь уяж сойн аймгийн наадмын анхны айргаа 2007 онд хүртсэнээс хойш амжилтын буухиа үргэлжлэн энэ 2014 он буюу Тосонцэнгэл сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Морин жилийн босгон дээр “Аймгийн Алдарт Уяач”-ийн болзол хангаад байгаа билээ.
Тосонцэнгэл сум энэ жил сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тэмдэглэх бөгөөд 1951 оноос хойш үеийн баяр наадмуудад айрагдаж түрүүлсэн морьдийн түүхэн цувааг дурдахад ийм бүлгээ. Энд өгүүлсэн нь зөвхөн бичигчийн хувийн тэмдэглэлээс та бүхэндээ сийрүүлэн хүргэж байгаа нэрт хурдан хурдан морьд болох М.Эрдэнэдаваан алаг морь аймгийн чанартай наадамСэргийлэхийн баяр-д айрагдаж байсан, Н.Доржгочоон борлог морь 1990 оны “Нууц товчооны 750 жилийн ойд зориулан аймгийн хэмжээнд зохион байгуулсан уралдаанд айрагдсан мэдээ байдаг билээ. Эдгээр амжилтын цуваа нь аймгийн төвтэй нутаг ойр бусад сумдтай харьцуулахад цөөхөн гэж хэлж болохоор түрүү айраг. Гэхдээ энд өвгөдийн нэгэн үгийг дурдахад Тосонцэнгэл сумын унаган хурдан хурц хүлгэд тэр бүр аймгийн наадмыг зорьж байгаагүй, зорьж очсон ч амжилт төдийлөн гаргадаггүй байсан нь дараах хүчин зүйлтэй холбоотой байж болох юм. Үүнд:
Байгаль газар зүйн хүчин зүйл болон уяаны арга барил, унаган адууны онцлог хамгийн ихээр нөлөөлсөн гэж дүгнэх үндэстэй байдаг. Тосонцэнгэл сум нь нам дор газар Сэлэнгэ мөрний сав газар оршдог, уралдааны зам нь бартаа ихтэй, хурдан морь их өгсөж уралддаг үүнтэйгээ уялдан бяралхаг хурдан морьдийг их тарган ирэн дээр нь уралддаг уламжлалтай, ийм ч морьд түрж давхидаг байсан болвуу. Тэгвэл Хөвсгөл аймгийн наадам болдог газар үүний яг эсрэгээр Дэлгэрмөрний урсгалыг уруудаж уралддаг уралдааны замын ихэнх аяуу, хөнтөргөн байдаг, түүнийгээ дагаад их хөнгөлсөн туранхай ирэн дээр нь тавьж уралддаг уламжлал, дэг сургуультай Түнэл, Бүрэнтогтохын морьд илүү давхидаг байсан, тэр нь ч ажиглагддаг. Нэрд гарсан хурднууд уламжлалаа дагаад аймгийн наадмыг тэр бүр зорьдоггүй байж ...Тухайлбал 1950-иад оны хурдан морьд Жамаан халиун, Дэмчигбатын хүрэн, П.Шаравын шарга, түүний дараа үе 1960,1970-аад оны хурдан хүлгэд Хундаа Рэнцэнгийн “Аварга хүрэн” зэрэг аймагт уралдсан мэдээ байхгүй, 1980 аад дундаас М.Эрдэнэдаваан алаг морь, Н.Доржгочоон борлог морьд уралдсаныг дээр дурдсан. Тэгвэл 1990-ээд оны сумандаа 4 түрүүлж 3 айрагдсан Ц.Няммөнхийн халтар морь аймагт нэг ч удаа мордоогүй, мөн 4 түрүүлсэн Б.Батлутын Суман хар морь аймаг байгуулагдсан 70 жилээр нэг удаа мордсон, 2 түрүүлж 1 аман хүзүүлсэн Л.Баасанжавын хүрэн морь аймагт  мордоогүй зэргийг дурдаж болно.
Гэсэн хэдий ч дээр дурдсан эрдэмт уяачид бол тухайн цаг үеийнхээ орон нутгийнхаа уяаны  дэг сургуулийг шинэчлэгчид, эрдэнэт хүлэг морьддоо “дов үзүүлэн” уяачийн эрдэм, унаган хүлгэдийн хурд тэгшилэн уралдаж байсан эр зоригтнууд, авьяас билэгтнүүд, манлайлагчид байсан, байгаа, байх ч болно гэдгийг дүгнэн хэлэх нь зүйтэй биз ээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна