Б.Гантулга: Одоо л уяаны дөртэй болж байна гэж өөрийгөө тоогоод байгаа

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 13 -нд

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул, сумын Алдарт уяач Бадам-Очирын Гантулга  шинэ долоо хоногийн анхны зочин байлаа.
-Сэлэнгийн хийморилог уяачдын бүлд орсон үе хэзээ вэ?
-Миний хүүхэд нас хурдан хүлгийн нуруун дээр өнгөрсөн гэж болно. Миний аавын ах Отгонцэнд, аавын талын хамаатан аймгийн Алдарт уяач Даваадорж, бас Пунцагдалийн Сумъяа нарын уяачдын уясан морийг унаж уралддаг байлаа. Наадам болоход эднийгээ дагаж явна. Хурдан морь унаж, мориныхоо хөлсийг хатааж, хөлслөх гэсээр нэг л мэдэхэд адууны дэргэдээс холдохын аргагүй болсон байлаа. Ингээд 1980 оноос бие даан морь уяж эхэлсэн. Эхэндээ ч амжилт тааруухан  байлаа. Шинэ сэргэг байсан болохоор арга ч үгүй биз дээ. Харин сүүлийн үед амжилт гаргаад ирэхээр ямартаа ч уяаны дөртэй болж байгаа юм байна гэж өөрийгөө тоогоод байгаа шүү. 
-Тэгвэл сүүлийн үеийн амжилтуудаасаа сонирхуулаач?
-2009 онд сумын Алдарт болж байлаа. Тэр жил таван айраг, нэг түрүү хүртэж шинэ цолоо мялаан сайхан наадсаан. Орхонтуулын САА-н 80 жилээр азарга дөрвөөр, их нас аман хүзүүдсэн. Харин 2010 онд Цагаандалайн САА-д азарга дөрөвлүлж, их морь долоогоор, соёолон, хязаалан айргийн таваар орлоо. Мөн 2012 онд их сайхан наадсан. Том, жижиг наадамд 11 уралдаж зургаан түрүү, хоёр аман хүзүү, дөрвөн айраг авсан. Энэ амжилтаараа тэр жилийн сумын шилдэг уяач болж байлаа.
-Нэг жилийн наадмаас нэг түрүү, таван айраг авсан гэлээ. Нас болгонд одтой нааджээ?
-Тийм ээ. Зарим жил гурван соёолон морь уяад хоёр нь айрагдаж, нэг нь ам мултас зургаалах жишээний. Энэ мэт олон сайхан наадмын тухай ярьж болох юм. Эндээс онцлон нэгэн түүхийг яримаар санагдлаа. Би нэг хүүтэй хүн. Хүүгээ зургаан настайд нь хул шүдлэнгээ унуулаад сумын наадамд мордууллаа. Тэгсэн анх удаа унаж байгаа хүү маань нас бага болохоор туршлага дутаад хамаагүй ороолгож хөөгөөд гурвалчихдаг юм. Тэгэхээр нь хүүдээ “миний хүү алт, мөнгөн медалиа тас гуядаад хаячихлаа даа. Дарж уралдсан бол хол түрүүлэх байлаа” гэсэн хүү маань их л гайхсан байртай “дарж уралдана гэж яадаг юм” гэж асууж байна. /инээв/  Үүний дөрөө Дарханд очиж уралдлаа.  Хүүдээ “миний хүү хоёр үрээний ард дарчихаарай. Тэгвэл гараад л ирнэ. Бариа харагдаад хүний хөл рүү ороод ирэхээр ороолгодог юм ш дээ” гэж захиж захиж  мордууллаа. Хүлээж суутал миний хул үрээ тав дээр гараад ирлээ. Эхний хоёр үрээ их хол тасарчихаж. Хүний бараа хараад хүү маань явуулж байгаа юм байлгүй өмнөх хоёр үрээг дайраад гурваар ороод ирлээ. Тэгсэнээ “Ааваа би түрүүлсэн үү” гэж асууж байна.  “Миний хүү гуравт орж ирлээ шүү дээ” гэвэл “Та хоёрын ард дар гэчихээд. Би түрүүлээд ирж байхад” гэж билээ. Гурав, дөрвийн хоёр үрээний ард дарж явж байгаад гуравласан нь энэ. Тэр наадмаас хойш хүү маань “ааваа би дарна гэдгийг чинь мэдлээ” гэж билээ. Тэрнээс хойш зургаа, долоон жил морь унаж, их олон айраг түрүү авч байлаа.
-Хаагуур хаагуур наадаж байна?
-Хил залгаа Орхон аймагт очиж их нааддаг. Бас Булган явна. Манайхан галын зохион байгуулалтанд орсон болохоор давуу талыг нь илүү мэдэрч байна. Зохион байгуулалттайгаар ойрын аймагтаа очоод наадчихна. Адаглаад л уяаны ажлын үед мэдэхгүй зүйл гарвал өнөө хэдээсээ асуугаад мэднэ гээд хамтын хөдөлмөрийн үр шимийг хүртэх болсон.
-Танай Баруунбүрэн сумын адуу ямар онцлогтой вэ?
- Манай сумын Намираа хул азарганы угшлын адуунууд их хурдан байдаг юм. Оныг нь санахгүй байна. Манайхан улсын баяр наадмаар очиж уралдаад даага түрүүлгэж байсан сайхан түүх бий. Сумаасаа зохион байгуулалттай явж, Отгонбаатарын хар даага түрүүлж, Сумъяа ахын хээр азарга 20-оор, Балдангийн халтар морь 22-оор давхисан байдаг юм. Миний хурдан саарал үрээний эцэг нь Намираа угшлын азарга байгаа юм.
Баруунбүрэн нь Сэлэнгийн хамгийн баруун захын сум, төвөөсөө 200 гаруй км-ын зайтай. Тийм болохоор хойд хөршөөс эрлийз адуу их орж ирж нутгийн адуугаа цус сэлбэх болсон.
-Намираа азарга нь хаанахын угшилтай адуу юм?
-Зүүн талын адуу шиг байна лээ. Дээр үед Цагаантолгойн хүүхдийн колони гэж байхад идшинд ирсэн адууг Намираа Лувсандорж анх авч, одоо ч үр төлүүд нь хурдалсаар л байгаа юм. Манай голд Намираагийн цус ороогүй адуу бараг байхгүй байх шүү.  Сайн давхиж байгаа адууны угшлыг нь судлахад аль нэг тал нь заавал Намираа хулын удмын цус орсон байдаг.
-Тэгвэл энэ цагт дийлж уралдаж байгаа ямар адуунууд байна вэ?
-Манай голын хурдтай л даа. Нямдаваа ахын Алексей хээр нэртэй азарга байна. Мөн тэрний төл Сумъяа хээр гэж их хурдан азарга байлаа. Сумъяа миний хуурай ах байгаа юм. Орхон аймагт дөрөв түрүүлж, хоёр айрагдаж хоёр аман хүзүүдсэн азарга байгаа юм. Ийм сайхан хурдан адууны зр төлүүд бидний үед хурдалсаар л байна. Шаамарын улсын Алдарт уяач Юнжигмэдийн хоёр буурал азарга манай суманд орж ирсэн. Тэр буурал азарганы төлийн төл манай эрэгтэй дүү бий. Манай суманд хоёр түрүүлж, нэг айрагдсан бол надад нэг хээр азарга байна. Нэг буурал азарга нь манай хамар Мягмар ахад бий. Бас л төлүүд нь хурдан. Бас галзуу Лхагвадорж гэж дээр үеийн хашир уяач байдаа. Тэр хүний буурал азарганы төл бас олон хүнд очсон нь айраг түрүүнд хурдалж байна. Энэ мэт олон сайхан хурдан буянгийн амжилтыг ярьж болох юм.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна