Доктор Т.Сайполда: Сарваа нь хаврын цагт 2 кг хүртэл хүчит тэжээл идэж сурсан байх шаардлагатай

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 23 -нд

Унаганы хувийн онцлог, үүлдэрлэг байдал, үржлийн чанар, эхийн сүүлэг байдлыг харгалзан нэмэгдэл тэжээлийн хэмжээг тогтооно. Сарваа нь хаврын цагт 2 кг хүртэл хүчит тэжээл идэж сурсан байх шаардлагатай. Унагыг эхтэй нь өвөлжүүлэн, дараагийн хавар дааганд сургана. Даага сургахдаа эелдэг зөөлөн харьцах хэрэгтэй. Сайн номхорсон даага өсвөр насанд бордоход сайн тэжээл авч илүү таргалдаг.

Өсвөр адууг бэлчээрээр эхтэй нь хамт маллаж хавар нэмэгдэл тэжээлд оруулснаар жингийн алдагдлыг нь багасгаж болно. Адууны өсөлт даага, шүдлэн, хязаалан насанд бусад үеэс илүү эрчимтэй явагддаг. Өсвөр адууг намар, өвөл бордоно. Урьд хавар нь нэмэгдэл тэжээлд дасгасан шүдлэн, хязаалан насны адууг сүргээс ялган авч бордох байран оруулан бордоно. Бордож эхлэх үеэс нас, хүйс, тамга тэмдэг, зүс, анхны жин, тарга хүчийг бүртгэлд авна. Адууны тэжээл нь идэмж, шингэц тун сайн байх хэрэгтэй. Хэрвээ шингэж буй шимт бодисыг 100% гэж үзвэл гэдэсний янз бүрийн хэсэгт шимт бодисууд харилцан адилгүй шингэдэг ба зонхилох хэсэг нь нарийн гэдсэнд шингэдэг. Тухайлбал шингэх шимт бодисын тун өчүүхэн хэсэг нь ходоодонд, харин нарийн гэдсэнд уураг, хялбар уусах нүүрс ус, тослог, бүх төрлийн витамин, макро, микро элемент, бүдүүн гэдсэнд эслэгийн ихэнхи нь шингэдэг байна.

Өнөө үед адууны тэжээл, тэжээллэгийн төгс чанарыг 20 гаруй шимт бодисоор балансжуулан хянаж байна. Эндээс уураг, хялбар шингэх нүүрс усны хэрэгцээ нэн чухал юм. Шимт бодисоор бүрэн балансжсан тэжээллэгтэй үед 100 кг амьдын жин тутамд 3-3.5 кг хуурай бодис, үүнд 1.5-2 кг чанар сайтай нарийн ногоон өвс, 1-1.5 кг хүчит ба багсармал тэжээл ногдох шаардлагатай. Тэжээлийн жорны хуурай бодисын 60%-ийг өвс, 40%-ийг хүчит тэжээл байхаар тооцдог.

Адуу бордох явцад түүний хөдөлгөөнийг аль болохоор хязгаарлаж, тэжээхдээ эрэмбэ дараа, цагийн хуваарийг хатуу мөрдөх хэрэгтэй. Нэг кг нэмэгдэл жинд 7,5-12 тэжээлийн нэгж зарцуулна. Түүнээс илүү тэжээлийн нэгж зарцуулах нь үр ашиггүй. Бордолтын эрчимтэй үед хоногт 1000 г хүртэл жин нэмэгдүүлнэ.

Тухайн аж ахуйн нэгж, өрхийн боломжоос шалтгаалан тэжээлийн төрлийг сонгох ба бололцоотой бол спиртийн шаараар бордох нь хямд өртөгтэйгээс гадна адуунд ихээхэн тэжээлтэй. Спиртийн шаар нь чанараа хурдан алдах тул шинэ дээр нь тэжээж дуусгах хэрэгтэй. Амьдын жин нь 200-300 кг хүрэх өсвөр адуунд 10 хоног дотор аажмаар дасган 20 л-ээс 50 л хүртэл өгнө. Бордолтын төгсгөлд спиртийн шаарыг багасгаж бусад тэжээлээ нэмэгдүүлнэ.

Хязаалан насны (36 сартай) адууг 200 кг жинтэй үед эрчимтэй бордож хоногт 1000 г жин нэмэгдүүлбэл 55 хоногийн дараа 255 кг жинтэй болно. Бордолтын үед хоногт 4 кг өвс, 3 кг хүчит тэжээл, 30 гр давс хужир өгч байнга усалгаатай байлгана гэж үзвэл 55 хоногт 220 кг өвс, 165 кг хүчит тэжээл зарцуулах юм. Нэг кг сайн чанарын өвсний үнэ 40 төгрөг, хүчит тэжээл дунджаар 150 төгрөг гэж тооцвол 8800 төгрөгөнд өвс, 24750 төгрөгөнд хүчит тэжээл худалдан авч, 1000 төгрөгөнд бусад зардал багтана. Нийтдээ нэг өсвөр адуу бордоход 34550 төгрөгний зардал гарч, нэмэгдсэн 1 кг сайн чанарын махыг 800 төгрөгөөр борлуулахад 44000 төгрөгийн орлого олох, үүнээс цэвэр ашиг нь 9450 төгрөг байх тооцоо гарч байна. Эрчимжсэн аж ахуйд өвс, тэжээлээ өөрсдөө бэлдсэн нөхцөлд үүнээс илүү ашиг олох боломж бий.

Өсвөр адуу бордох байрыг хуурай дов толгодыг түшиглэн салхи багатай нөмөр газар байрлуулна. Хамгийн тохиромжтой нь "п" хэлбэрийн байр бөгөөд энэ нь салхины доод талд хаалгатай байна. Бордох байранд хичнээн адуу байлгахаас шалтгаалан хэмжээ нь янз бүр байна. Өсвөр адууны толгой тутамд 2 м² талбай шаардлагатай гэж тооцон байрныхаа нийт талбайг гаргана.

Байрны өндөр 2-2,5 м байх нь зохистой. Байрыг модоор барихаас гадна нүхэн байр хийж ашиглаж болно. Хоорондоо 5 м зайтайгаар нэг буюу хоёр эгнээ модон багана босгож түүндээ нуруу мод тавьж хоёр талаас шургаагаар битүүлж дээрээс нь мөчрөөр хучаад 60 см-ээс доошгүй зузаан сүрлээр бүтээнэ. Эсвэл боодолтой сүрлээр хучиж болно. Байранд гэрэлтэй байлгахын тулд наран талын хананд цонх гаргана. Цонхыг онгойлгож салхи оруулж байхаар хийвэл зохимжтой. Дээврээр нь 2 м тутамд агааржуулагч нүх гаргана.

Байрны шалнаас дээврийн хамгийн өндөр цэг хүртэл 4-5 м байвал зохино. Байрны дэргэд тэжээлийн хашаа онгоц, ус халаах байр, усны онгоцыг байрлуулна. Бүдүүн тэжээлийн хашааг тэжээл тээвэрлэж авчрах буулгахад тохирсон хаалгатай, хоёр талаас нь адуу идэхэд тохируулан хийнэ.

Цаг агаар тааламжтай үед ашиглахаар малын тэжээлийн онгоцыг бордооны байрны гадна ханыг дагуулан байрлуулж, хашааны гадна талаас тэжээл тавьж өгөхөөр тохируулж хийнэ. Ийм нөхцөлд малчин хүн тэжээлийг тэрэг чаргаар зөөж авчраад хашааны гадна талаар тойруулан явж онгоцонд нь хийж өгнө. Бордооны байранд өргөн нь 0,7-1 м, гүн нь 30-40 см онгоц хийнэ. Нэг адуунд 0,6 м-ээр бодож онгоцны уртыг тогтооно. Хэрэв адууны онгоцны хоёр талаас нь зэрэг зогсохоор хийвэл адуунд 0,4-0,5 м-ээр бодно.

Хүчит тэжээлийг салхинаас хамгаалах, бороо, цасанд норгохгүйн тулд битүү хайрцаг маягийн агуулах хийж түүний ханыг хөдөлгөөнтэй байхаар төхөөрөмжилнө.

Адууг бордоход өвс, сүрэл, овъёос, хивэг, спиртийн шаар зэргийг ашиглана. Сүрлийг хэрчиж, болж өгвөл уургаар баяжуулж өгөх хэрэгтэй. Тэжээлийг агуулах байшин нь тэжээл хөлдөхөөс хамгаалагдсан нөхцөлтэй байх хэрэгтэй. Хөлдсөн тэжээл нь шимт чанараа түргэн алдах тул малд хоол болохгүй. Адууг өглөө услахаас өмнө жинлэж бүртгэл хөтлөх ба бордооны үр дүнг байнга хянаж байх шаардлагатай.

Усан хангамж

Усалгааны ажлыг зохион байгуулах нь тэжээллэгийн нэгэн адил чухал асуудал юм. Өсвөр мал нь бүдүүн малтай харьцуулахад биеийн жингийн нэг кг тутамд хоёр дахин их ус зарцуулдаг. Усалгааг тохируулахгүй буюу усаар гачигдуулах нь малыг ашиг шимийг бууруулж, тэжээл зарцуулалтыг үр ашиггүй болгоход хүргэнэ. Усалгаанд анхаарах хамгийн эхний зүйл бол усны температур юм. Бод мал бордолтын үед ус +10°C дулаан байх нь тохиромжтой гэж хэвлэлд тэмдэглэсэн байдаг. Адуу бол эхлээд бүлээн ус уух төдийлөн дуртай биш боловч дорхноо дасаад хүйтэн усаар усалснаас илүү их уудаг байна. Бэлчээрийн маллагаанд байгаа адуу хоногт хавар, зун 25-30 л, намар 30-35 л, өвөл 15-20 л ус уудаг байна. Өвөл бордолтын үед 25-30 л ус ууна. Ус халаах төхөөрөмжийг малчдын амьдрахад зориулсан байранд тавьж болно. 5-6 м³ багтаамжтай цистерний дотор талд гал түлэх жижиг төмөр пийшин хийж цистерний нэг талаар цоолон амсрыг гадагш гагнана. Галын аюулаас урьдчилан сэргийлж пийшинг цистерний дотор доод талын хананаас 15-20 см өндөрт байрлуулна. Мөн янданг цистерний дээд талаар нүхлэн гаргана. Ийм төхөөрөмж нь ямар ч түлш хэрэглэхэд тохиромжтой юм. Зарим аж ахуйд ус халаагч цахилгаан төхөөрөмж хийж хэрэглэж байна. Бордооны адууг өдөрт 2-3 удаа услахад тохиромжтой.

Хөдөлмөр зохион байгуулалт

Өсвөр адууг бордолтонд сонгон авах ажлыг намар орой буюу өвөл зохион байгуулна. Бордооны талбайд салааны системээр хөдөлмөрийг зохион байгуулна. Бордооны нэг салаанд ажиллах хүний тоо нь нийт адууны тоо болон бусад нөхцлөөс шалтгаалж янз бүр байдаг. Өсвөр адууг бордоход дунджаар нэг малчинд 20-30 адуу оногдохоор тооцно. Салаанд ахлах малчин томилж үндсэн цалин дээр нь нэмэгдэл хөлс олгоно. Ахлах малчин нь бусад малчдынхаа ажлыг хуваарилж өгөх, тооцоо тайлан гаргах ажлыг хариуцна. Малчдад цалин хөлс олгохдоо нэмэгдэл жинг харгалзах ба төлөвлөгөөнөөс давуулсан центнер жин тутамд урамшуулал тооцож олгоно.

Тэжээл үйлдвэрлэл

Өсвөр адуу бордох аж ахуй нь газар тариалан, тэжээл үйлдвэрлэлтэй хослон ажиллавал илүү үр дүнтэй. Малчид өөрсдөө хадлангаа бэлтгэх шаардлагатай. Нэг ээлжинд 20-50 толгой өсвөр адуу бордох талбайн дэргэд хүнсний ногооны болон тэжээлийн ургамал, үр тариа тариалах талбай байх хэрэгтэй. Малын тэжээл тариалах зориулалтаар 30-50 га, төмс, хүнсний ногоонд зориулан 2 га орчим талбайтай байвал тохиромжтой. Малын тэжээлд рапс, царгас, эрдэнэ шиш, овъёос, улаан буудайг ээлжлэн тариална.

Төмсийг уринш-төмс гэсэн сэлгээгээр тариалж, хүнсний ногоог 0,5 га орчим талбайд усалгаатайгаар эхэлбэл зохино. Малын тэжээлд тариалсан үр тариаг (овъёос, улаан буудай) 5-р сарын 2-р хагаст тариалан 8-р сарын эхээр сүүнээс аарцан болцонд шилжих үед нь хадаж мөрөн дээр нь хатаан, шахан боож (монокорм) тэжээлд ашиглахад 1-т хүчит тэжээл нөхөх, 2-т дутуу шарласан иш нь бүдүүн тэжээлээ орлох юм. Үр тарианы ногоон сүрэл нь хамгийн хямд өртөгтэй тэжээл болдог.

/Фермерийн аж ахуйн технологи" онол vйлдвэрлэлийн бага хуралд тавьсан илтгэл/

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна