Ж.Төмөрсүх: Хөвсгөл далайн эргийн морьд л мөсөн дээр гарч уралддаг нь гайхалтай
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат хүн байгаа юм. 1986 онд МУИС-ийн биологи, химийн ангийг төгсөөд Хөвсгөл нуурыг хамгаалах байгалийн цогцолборт газрын анхны ажилтнаар очиж ажиллаж байлаа. Түүнээс дөрвөн жилийн дараа 2000 онд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга хийж байгаад одоо Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байна. Үндсэндээ амьтан судлаач, байгаль орчны чиглэлээр 27 дахь жилдээ ажиллаж явна.
-Хөвсгөл нуурыг хамгаалах багийнхан ажлаа юунаас эхэлж байв?
-Сайд нарын зөвлөлийн 370 дугаар тогтоолоор Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргааг байгуулж, ой модны аж үйлдвэрийн яамны томилолтоор Мөнхдэлгэр, Оюумаа, Энхтүвшин нарын шижигнэсэн залуучууд Хөвсгөл нутгийг зорьж байлаа. Тухайн үед нуурын баруун эрэгт Оросын геологи ажиллаж байв. Фосфорит хайгуулын энэ анги нь яваандаа үйлдвэр байгуулж, төмөр замын шав тавих ажлыг эхэлчихээд байсан юм. Нөгөө нь гучаад оны үеэс Хатгал тосгон дахь ноос угаах үйлдвэрийнхэн зунгагтай усаа шууд Хөвсгөл далайд асгачихдаг байлаа. Түүнчлэн далай дээр нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэж яваад шатахуун асгах, машин унах гэхчилэн бохирдуулна. Тэр үед чинь 24 дүгээр бааз далайн мөсөн дээгүүр нефть тээвэрлэдэг байсан юм. Мөн Хөвсгөл нуурын эргэн тойронд мод бэлтгэлийн ажил их хийдэг байлаа. Энэ дүр зургийг нэрт сэтгүүлч Балдорж агсны “Хөвсгөл нуур цаазын тавцанд” нийтлэлээс төвөггүй харж болно. Энэ нийтлэл олны анхаарлыг Хөвсгөл далайн зүг хандуулж чадсан юм. Тухайн үед бидний ажлыг хүмүүс сайнаар хүлээж авдаггүй амаргүй үе байлаа. Тэгвэл түүнээс 25, 26 жилийн дараа харахад хийсэн ажил маань оновчтой зөв байж, Хөвсгөл нуур зөвхөн монголчуудын биш дэлхийн цэвэр усны хоёр хувийг эзэлсэн байгалийн үзэсгэлэнт газрын нэг хэвээрээ үлджээ. Бид үүнийгээ ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой болсон юм.
-Гадаад, дотоодын жуулчид өвлийн улиралд далай дээрх чаргатай морьдын уралдааныг ихэд сонирхдог. Та энэ уралдааныг санаачлагч нь гэдэг байх аа?
-Хөвсгөл нуурын эргийн айл бол далайтай амьдралаа холбосон улс байдаг юм. Олон үеэрээ чаргаар ч юмуу, машинаар, мал аж ахуйгаа түшиглэн амьдарч ирсэн. Машин тэрэг ховор үед ердийн хөсөг болох тахтай чарга мориор далай дээгүүр 130 км газар 30 гаруй тонн ачааг Ханх, Хатгалын хооронд тээвэрлэж байсан гоё түүх бий. Гэвч нуурын хамгаалалттай холбоотойгоор 1990 оны эхээр бүрэн зогсож өнөө гоё чарга, тахыг хийдэг хүнгүй болсон. Тэр үед би хамгаалалтын захиргааны дарга байхдаа Хөвсгөл нуур дээр өвлийн аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх үү, ямар хэлбэрээр хүнд хүргэж болох уу гэж бодоод уламжлалт далай дээрх чарганы аяллыг эхлүүлсэн юм. Үүний тулд чаргаа сэргээж, чарга морьдын уралдааныг зохион байгуулах болж, далайн тээвэр хийж байсан хууччуулыг цуглуулахад ердөө зургаахан морин чарга үлдсэн байсан. Ингээд 2000 онд далайн яг л толь шиг тунгалаг мөсөн дээр өнөө зургаан морин чаргаа уралдуулсан нь хүмүүсийн сэтгэлд их хүрч уламжлал болгон явуулдаг болсон түүхтэй. Жил бүрийн хоёрдугаар сарын 28-наас гурван сарын 15-ны дотор хийдэг бөгөөд энэ жил 14 дэх нь болсон. Өнөөдөр энэ нь дэлхийн бөмбөрцөгийн хаана ч байхгүй зөвхөн Монгол орны Хөвсгөл далай дээр болдог хамгийн гайхамшигтай уралдаан болсон байна. Бүүр яван явсаар Хөвсгөл далай дээрх гадна, дотны жуулчдын том баяр болж хувирсан. Анх зургаан чарга морь байсан бол одоо далаад болсон байгаа. Анхны оролцсон хүмүүс дээд тал нь 15, 16 медальтай болсон. Үүнтэй зэрэгцээд зөвхөн далай дээр явдаг алдартай морьд, түүнийг уядаг уяачид, уралддаг чарганууд бий болсон. Цаг үеэ дагаад ачааны том чарганууд маань уралдааны болон жуулчдын гоёмсог чарганууд болж өөрчлөгдсөн.
-Уралдаан болоогүй үед чаргаараа жуулчдад үйлчилдэг юм байна, тийм үү?
-Тийм ээ, уралдаанаас бусад үед далайн эргийнхэн маань жижигхэн тээврээ хийчихнэ. Бас жуулчдад чарга мориороо үйлчилнэ. Далай дээр чаргаар явна гэдэг агуу л даа. Тэр утгаараа шинэ төрлийн морины уралдаан болж байгаа юм. Өнөөдөр говиос юмуу Улаанбаатараас авчирсан адуугаа далай дээр гаргаад урапдуулчихна гэвэл бүтэхгүй. Зун бол сүрдээд уснаас нь ч ууж чаддаггүй юм. Гэтэл манай Хөвсгөлийн далайн эргийн морьд ус уугаад зогсохгүй өвөлдөө далай дээрээ гараад уралдаж байгаа нь бахархал төрүүлэхээс өөр аргагүй.
-Тэгвэл Хөвсгөл далайн эргийн морьд л уралддаг байх нь ээ?
-Тийм ээ, эргийн адуунууд л байдаг юм. Хэдийгээр нутагтаа байгаа ч эдгээр морьдыг далайтай харьцаж сургана. Тэр мөсөн дээр гарч байгаа тахны тас няс хийх чимээнд морь бусгана. Үүнээс айдаггүй болгохын тулд уяач хүн ажиллана ш дээ. Яваандаа өнөө нутгийн морь чинь далай дээр гарсан хилийг үнэрлээд л мэдчихдэг болдог юм. Тэрний дараа морийг далай дээр хатирч сургаад чарганд хөллөж дасгана. Ингээд сая нэг уралддаг юм.
-Далай дээр уралддаг морьдыг зундаа аймаг, сумынхаа наадамд мордуулдаг болов уу?
-Зарим нэг нь айраг түрүүнд хурдална ш дээ. Зундаа уралдуулчихаад эргээд чарга моринд оруулахад мундаг хатирна. Зарим нь өвлийн бооцоот уралдаанд оролцчихоод залгуулаад чарганы уралдаанд оруулахад гүйцэгдэхгүй байна. Жишээ нь манай Хатгал тосгоны Эрдэнэбат гэж залуу бий. Зун хүрэн морио уяад уралдуулчихна. Өвөл нь бооцоот уралдаануудад уралдуулчихаад, чарганы уралдаандаа ч оролцоно гээч. Энэ мэт хос морьтой залуус олон байна. Гэхдээ аймгийн төвөөс алслагдсан болохоор Хатгалаас гэхэд 90 км, сумаасаа 70 км-ийн цаана мал маллаад сууж байгаа малчид маань далай дээр уралдах морьдоо бэлтгэдэг юм. Ер нь ойр хавийн хүмүүс л оролцдог. Тэрнээс Мөрөнгийн хүн давхиад ирлээ гэхэд морь нь далай дээр гарч чадахгүй учраас боломжгүй л дээ.
-Анхны уралдааныг эргэн дурсахад сайхан байх болов уу?
-Сайхан байлгүй яахав. 2000 онд хөрөнгө мөнгө тааруухан л айлаа. Морины бай шагналыг төрийн байгууллагаас гаргах боломжгүй шүү дээ. Тэр үед нутгийн ахан дүүстэйгээ хамтраад 1000 орчим төгрөг цуглуулаад халуун сав, жижигхэн хивс зэргээр байлж байлаа. Тэгэхэд халуун сав гэхэд 250 төгрөг байсан юм. Энэ маягаар хоёр гурван жил болсон. Гэхдээ бид шантарч байгаагүй. Сүүлдээ уралдааны цар хүрээ өргөжиж, бай шагнал нь ч нэмэгдсэн.
-Хэдэн км-т уралдах уу?
-15 км-т газрын морьдоос дутахгүй 50,60 милл-тэй хатирч уралдана гээч. Мөсөн дээр хатирч байгаа морь мөс гишгэж байгаа үгүй нь мэдэгддэггүй юм. Яг л усан дээр хөвж яваа юм шиг хатирдаг. Мөсөн дээр онож гишгэхгүй байгаа ч юм шиг, агаарт яваа юм шиг хатирна ш дээ. Мөс, морь, эзэн гурвын асар том харьцаа үүсч далай дээр уран гоё хатирааг харуулдаг. Тэр л тахны дуу, мөсөн дээр татаж байгаа хутганы чимээ, тахнаас үсэрч байгаа мөс гээд үнэхээр гайхамшигтай л даа. Мөсний хагархай юмуу хил дээр зогсоож байгаад л гаргадаг юм. Мэдээж хоорондоо хол хол зайтай байхгүй бол чарганууд арсалдаад морио унагах, далай дээр дүүгүүрдчихдэг тал бий. Унаачид нь чарган дээрээ явах бөгөөд хажууд нь хутга татдаг бас нэг хүн байна. Гэхдээ сүүлийн үед манай нөхдийн чарганы хөгжил сайжраад машин шиг тоормостой болсон болохоор ганц л хүн сууж уралддаг болсон.
-Хамгийн олон нь хичнээн морь уралдсан бэ?
-Хамгийн олон нь 34 морь уралдаж байсан. Дандаа Дархад адуунууд. Ер нь далай тойрсон Дархад нутгийн адуу л энд уралддаг юм. Тэрнээс биш хурдан удмын угшил сайтай байлаа ч уралдаж чадахгүй. Манайхан бол сайхан хатирдаг морио л чарганд оруулдаг юм. Ер нь сонордуу, хашин биш морьдууд далай дээр их зоримог явдаг.
-Энэ дундаас жил болгон амжилттай уралддаг ямар ямар хүмүүс байна вэ?
-Ренчинлхүмбэ сумын малчин Амар, Дорж, Оджий, Хатгалын Баатар, Э.Эрдэнэбат нарын далайн баярыг анхнаас нь сэтгэл зүрхээрээ дэмжиж ирсэн хүмүүс байна. Энэ бол газрын морины уралдаанаас дутахааргүй агуу урлаг, агуу эрдэм юм шүү дээ. Хүссэн нь хийдэг ажил биш. Тийм ч учраас эдгээр хүмүүст сум, аймгийн уяач цолыг өгч баймаар санагддаг. Энд эдний хөдөлмөрийг үнэлж, урамшуулах ажил орхигдоод байх юм. Залуу хүмүүст урам зориг нэмж, ташуур өгөх хэрэгтэй л дээ. Дээхэн далай дээр тээвэр хийж байсан хөгшчүүл хуруу дарам цөөхөн болсон. Байгаа нь нас дээр гарцгаасан байна. Харин тэднийг дагаж морь малны ажилд нь тусалж явсан хүүхдүүд өдгөө 30-40 насныхан болчихоод байгаа юм. Эд энэ далайн чарганы уралдааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа улс. Энэ мэтчилэн уламжлал тасрахгүй л гэж боддог. Одоо залуус маань өөрсдөө мориныхоо тах, чаргыг хийчихэж байна.
-Гурван жилд нэг удаа болдог Дархадын их хурд бас таны “автортой” байх аа?
-Тийм ээ, би далайн мөсний баяраас гадна Дархадын их хурд уралдааныг 2002 оноос хойш гурван жилд нэг удаа зохион байгуулдаг. Дархадын хорьдол сарьдагийн ноён оргил далайн түвшнээс дээш 3993 метр өргөгдсөн мөнх цаст оргил байгаа юм. Энэ хорьдол сарьдагийн дархан цаазат газрыг байгуулж, олон түмэнд сурталчилж таниулахын тулд Дэлгэр хаан тахилга болон Дархадын их хурд гэх том баяр наадмыг нутгийн ах Бадраатайгаа санаачлан зохион байгуулаад арав гаруй жил болж байна. Өөрөөр хэлбэл тахилгаа хийгээд, Дархад адууны баяраа явуулдаг гэсэн үг л дээ. Ирэх жил тав дахь удаагийнх нь болно. Энд зургаан насны морьдын уралдааныг явуулдаг бөгөөд газар газрын шандаст хүлгэд, эрдэмт уяачид чуулдаг юм. Дунджаар 180-200 орчим адуу уралддаг. Үүнээс их нас дээд тал нь 200, азарга 150 уралдаж байсан нь хамгийндаа орно.
Дархад адуугаа хөгжүүлж, олонд таниулах цаашлаад бусад нутгийн уяачидтай манайхан танилцаж, туршлага судлах боломжийг нээж өгдөг. Энэ үеэр 1000 цагаан морь жагсана гээд бод доо. Энэ бол монголын өөр хаана ч байхгүй гайхамшигт үзүүлбэр гэж би боддог юм. Өмнө нь болсон уралдаануудыг маань УИХ-ын гишүүн асан, Гүндалай, Энх-Амгалан ивээн тэтгэж дэмжлэг үзүүлж байсанд талархаж явдаг.
-Чансаа өндөр уралдаан болдог гэлээ. Энд Дархад адуу хэр давхиж байна вэ?
-Тийм ээ, чансаатай уралдаан болдог юм. Сүүлийн үед морины чадал чансаа нэмэгдэхийн хэрээр тоо нь цөөрөх болсон. Харж байхнээ морины хурд хаана хаанаа байгаа нь харагддаг. Заавал урагшаа талдаа хурдан байдаг юм биш. Урдаас ирсэн нь ч, уугуул нутгийнх нь ч түрүү айраг авч байдаг юм. Тухайлбал өнгөрсөн 2011 онд болсон бага насны морьдын эхний айргийг Мөрөн, Тариалан орчмын адуу авч байхад их насны түрүүнд Дархад цусны адуу хурдалж байгаа юм. Газар газрын тэр олон шандаст хурдан хүлгүүдээс манай нутгийн Улаан-Уул сумын Цэнгэлийн хээр морь км хэртэй тасарч түрүүлсэн.
-Ингэхэд хими, биологийн мэргэжлийн хүн яаж яваад моринд орчихсон юм бэ?
-Миний аав Жал сумын аварга уяач хүн байсан. Жалын хар морь гэж Дархадад 11 жил түрүүлсэн хурдан ажнай байлаа. Би тэр хурдан хар морийг унаж хурдлуулдаг байсан юм. Эндээс л моринд дуртай болсон. Түүнээс хойш нэг хэсэг морь уяж байгаад завсарласан. Одоо уяаны ажлыг хүү Мөнхтэнгэр маань хариуцдаг юм. Хотод оюутан ч амралтаараа адууны ажлыг нугалдаг гол хүн байгаа юм. Хүү маань сүүлд сумандаа шүдлэн үрээ түрүүлгэж, “Их хурд”-д очсон ч унаач хүүхэд нь төөрөөд мордуулж чадаагүй. Харин миний хувьд ажлынхаа хажуугаар нутаг орныхоо устах дөхсөн адууг цуглуулж үржүүлдэг. Анх Хэнтийн Галшараас адуу реминээр хөтлөөд бүтэн сар явж Хатгалд ирж байлаа.
-Жалын хурдан хар мориныхоо тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Нэгдэл нийгмийн үед хувьдаа адуу малтай айл гэж ховор байлаа шүү дээ. 12 толгой малтай байх нормтой бөгөөд түүнээс илүү гарвал хураагаад авчихдаг байсан юм. Тэр үед Бүүвэй зайрангийн Тайгын улаан азарганы унага бүхэн нь хурдан төрдөг байлаа. Гэхдээ төлүүд нь аймаар догшин хазна, өшиглөнө, булгина гэж тамтаггүй. Ер нь баргийн хүн унаж чадахгүй шүү. Тэгээд унаж чадсанаа л сургаж уралдуулдаг. Чадаагүй нь яваандаа ор сураггүй алга болчихдог тийм зэрлэгшсэн адуу байдаг байсан. Манайд тэдгээрээс хэд хэдэн хурдан адуу байсны хамгийн алдартай нь 11 түрүүлсэн бор морь байгаа юм. Даанч цаг хэцүү тэр үед даага, шүдлэндээ түрүүлсэн морийг шууд нийгэмчлээд л авчихдаг байлаа. Эжий аав хоёр маань олон хүүхэдтэй. Бид тавуулаа нэг моринд сундлаад хичээлдээ явна ш дээ. Тэгэхээр унааны номхон морио өгөх үү, баяраар ганц уядаг морио өгөх үү гэдэг тухайн хүний амьдралын асуудал болоод байсан юм. Ямартаа л хоёр, гурван удаа түрүүлсэн морио нийгэмчлэх болоод бөөн уйлаан майлаан болж л байлаа. Одоо тэр адууны үр төлүүд нь бидэнд өвлөгдсөн ирсэн байна.
-Устаж үгүй болох дөхсөн адуунуудыг цуглуулж байна гэлээ. Тэр талаараа сонирхуулаач?
-Айхтар хол явж цуглуулахгүй л дээ. Жишээ нь нутгийн айлуудад уяж хурдлуулаад байдаггүй ч угшил сайтай морьд байдаг даа. Гэвч байгаагаа цохьж иддэг ч юмуу эсвэл зарчихдаг. Энэ мэт цаг хугацааны явцад устаж мэдэх адуунуудыг хэд хэдэн айлаас авсан. Яваандаа үр хүүхдүүд нь авна гэвэл өгчихнө л гэж боддог юм. Одоогоор хоёр гурван азарга адуу цуглуулчихаад байгаа. Энэ сонирхлыг маань мэдсэн юм шиг хүмүүс ч адуу их бэлэглэдэг. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Төмөр-Очир Алдарт өөрийн хурдан удмын адуунаас бэлэглэсэн. Тэр үед Алдарт Хөвсгөл далай дээр ирж амраад гоё ажил хийдэг хүн байна гээд бэлэглэх жишээний. Бас Тод манлай уяач Ганбаа өнгөрсөн зун Хөвсгөл далай дээр ирчихээд Макс угшлын адуунаасаа бэлэглэсэн. Бид биенээ танихгүй ш дээ. Гол нь моринд дуртай сэтгэл зүрх биднийг энэ мэтчилэн холбодог юм.
-Адууны наймаа их хийж байна уу?
-Наймаа хийнээ хийнэ. Гэхдээ би авдаг л наймаачин даа. Манай энд адуу мал өсгөж үржүүлнэ гэдэг амаргүй л дээ. Чоно нохой их элбэг болохоор унага төрөөд мал болтлоо бас их явдалтай. Уг нь 20 гаруй унага жилдээ төрдөг ч долоо найм нь л онд орох жишээний. Бас л яггүй шүү дээ. Бүүр дандаа хурдан азарга иддэг чоно ч байна ш дээ. Манай Улаан-Уул сумандаа эхний 10-т ордог зургаан азаргыг ганцхан чоно идчихсэн байдаг. Тэр битгий хэл бүдүүн морийг унагаж байгаад зөвхөн баруун гуяыг нь идээд явчихдаг чоно ч байна. Би 43 бүдүүн адуугаа тэр чонод идүүлж байлаа. Малаа хашчихаар турж үхчих гээд байдаг. Ууланд гаргачихаар хээрийн боохой зооглочихно гээд зовлон их бий. Байгалийн шалгарлаар үлдсэн нь л байна даа.
-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Баярлалаа. Хийморь бадраасан “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд ажлын амжилт хүсье.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна