А.Лхагвасүндэв: Монголын хурдан морины түүхэн явц маш хурдтай хөгжиж байгаа энэ үед Булганчууд хоцрох ёсгүй

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 16 -нд

Энэ удаагийн ярилцлагын эзэн Булган аймгийн МСУХ-ны тэргүүн А.Лхагвасүндэв байлаа. Өнөөдөр тус аймгийн уяачид шинэ жилийн баяраа тэмдэглэж, шилдгүүдээ тодруулах юм.

-Булганы хийморилог уяачид 2013 оныг ямар амжилт ололттой үдэж байна вэ?
-Хэдхэн хоногийн дараа улиран одох 2013 он түүхэн жил боллоо. Үүнээс Монголд Адууны яам байгуулагдсаны 750 жил буюу “Монгол морь 3000”, “Түмэн морьтон”-ы жагсаал үнэхээр онцлох үйл явдал байлаа. Хүлэг морьдынхоо ган туурайгаар дэлхийн дайдыг тамгалж явсан монголчууд нэг дор хоёр төрлөөр гиннесийн дээд амжилтыг эвдэн, “Морьтон түмэн” гэдгээ тунхагласан нь үндэс угсаагаараа бахархаж, бардамнан огшихоос өөр аргагүй сэтгэгдлийг хүн бүрт төрүүлсэн бизээ. Энэ ажилд манай аймгийн МСУХ, аймаг сумдын удирдлагууд, нийт  уяачидтайгаа хамтран нэгдсэн зохион байгуулалтай амжилттай оролцлоо. Ийнхүү түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлдэх үйл явдлын “гэрчүүд” болсондоо баяртай байгаа.
Манай холбооны хувьд ч өрнүүн сайхан жил байлаа. Өнөөдөр Монголын хурдан морины түүхэн явц маш хурдтай хөгжиж байгаа энэ үед Булганчууд хоцрох ёсгүй. Дэлхийн адууны болон уралдааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхах ёстой болов уу. Тиймдээ ч аймгийнхаа адууны цусыг сэлбэж, хурдыг сайжруулъя,  дэлхийд хурд нь танигдсан адууны уяаны арга барилд суралцаж, монгол нутгийн “хөрснөө буулгах” ажлыг хийх естой гэж үзэж байгаа. Магадгүй хэдэн жилийн дараа дэлхийн морин уралдааны “дэвжээнээ” манай Булган аймгийн уяачдын адуу хурдлах, бид дэлхийн адууг нь эзэмших зорилгын үүднээс мэргэжлийн талруу уяачдаа чиглүүлж өгөх бодлогыг төлөвлөж ажиллаж байна.  Мэдээж уламжлалт уралдааныхаа түвшинд ч ялгаагүй хүчтэй өрсөлдөгчид баймаар байна. Бид өнөөдөр өөрийн гэсэн өвтэй, мэдэгдэхүүнтэй, тогтчихсон заншил, уяаны дэг жаягтай улс. Үүнийгээ улам гүнзгийрүүлэн мэдлэгийн хэмжээнд биш, бүр мэргэжлийн түвшинд хүргэхийн тулд өнөө цагийн уяаны арга барилд суралцах боломжийг уяачдад хүргэх  Уяачийн эрдэм сургалтыг жил бүр хийж  байна. Мөн  аймгийн бүсчилсэн уралдаануудаа хийж,  ирээдүйн хурдан адууг бий болгох зорилготой “Ирээдүйн түмэн эх” дааганы уралдааныг гурав дахь жилдээ амжилттай явууллаа.   Тухайн жил төрсөн аймаг, улсын цолтнууддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний нэрэмжит уралдааныг цагаан сарын дараа Булган сумандаа тогтмол хийж заншсан. Аймгаа бүсчилж 16 сумаа найм наймаар нь хувааж  нэг  нэг  жилээр ээлжлэн  зуны Бүсийн уралдаанаа  хийж хэвшээд байна.  АМСУХолбооны бодлогын уралдаануудыг   аймгийн Засаг даргаар  захирамж гаргуулан аймгийн цолны болзолд тооцуулан дүгнэж ажиллаж байна.  
-Адууныхаа цусыг сэлбэж хаана хаанаас адуу авч байна вэ? Монгол орны эрс тэс уур амьсгалд дасан зохицсон шинэ цагийн адуу гаргаж авахад амаргүй гэлцдэг.
-Бид адууныхаа цусыг сайжруулах зорилгоор цэвэр цусны эрлийз азаргануудаас төл авах ажлыг хэрэгжүүлж   байгаа.   Мэдээж олны ярьж байгаачлан шинэ цагийн монгол адуунд сул тал байгаа нь практикаас харагддаг. Гэхдээ олон мянган жилийн түүхтэй, хурдан нь батлагдсан цэвэр цусны адууг, монгол адууны тэсвэр тэвчээртэй нийлүүлж  хэдэн миллээр илүү хурдлах адуу гаргаж авахгүй бол ганцхан нутгийн адуугаар наадна гэдэг амаргүй болчихлоо шүү дээ. Сая ММСУХ-ны VI их хурлаас эрлийз, монгол адууг өндрөөр нь ялгаж уралдуулах шийдвэр гарсан. Энэ нь нэг талдаа харамсалтай шийдвэр. Нөгөө талдаа шинэ дэвшил өөд зүтгэж яваа хүмүүсийн хөдөлмөрийг үнэлсэн шийдвэр гэж үзэж болох болов уу. Ядаж эрлийз, монголоос болоод гардаг хэрүүл цэгцрэх байх л даа. Мэдээж их хурлаар олонх нь гараа өргөөд баталчихсан болохоор бид бодлогыг хэрэгжүүлэх л ёстой. Тийм учраас эрлийз адууг үржүүлэх хэрэгтэй болж байна даа.
-Булганчууд могой жил гарсаар болсон бүсийн болоод улсын наадам, “Их хурд”, Гиннесийн уралдаанд ямар амжилттай оролцсон бэ?
-Энэ оны дөрөвдүгээр сард болсон ММСУХ-ны удирдах ажилтны зөвлөгөөнөөр дэлхийн Гиннесийн дээд байгууллагаас Гиннесийн амжилтанд бүртгүүлэх уралдааныг явуулахыг албан ёсоор зөвшөөрсөн тухай танилцуулаад, идэвхитэй оролцохыг уриалсан юм. Манай Булганчууд бол анхдагчдын өлгий нутаг. Тэр утгаараа аливаад анхдагчид байхыг илүүд үздэг. Тиймдээ ч 21 аймгийн холбоодын төлөөлөл, удирдлага ирсэн тус зөвлөгөөнөөр уралдааныг бүс бүсээр ялган явуулъя, бүс бүсдээ гаргасан  амжилтыг улсын цол, болзолд тооцох журмыг боловсруулж танилцуулсан. Улмаар манай Булган нэг бүс болж уралдах хүсэлтээ оруулсныг төв холбооноос дэмжиж, нэг гарааны төхөөрөмжийн 500 морийг дангаараа уралдуулсан. Энд Булган аймгаас таван морь энэ бүсийн уралдаанд дангаараа бүртгэгдэн содон сайхан амжилт үзүүллээ. Манай таван уяач улсын цолны болзлоо нэг амжилтаар ахиулж нэмж байгаа нь бардамнахаас аргагүй зүйл болсон.
Улсын наадамд Булган аймгийн уугуул  Дамбын Хишигжаргалын шарга хязаалан түрүү магнай болж Хангайн бүс Архангай аймгийн 90 жилийн ойд бор хязаалан нь айрагдаж, Могод сумын уугуул Базаргарьдын хүрэн морь Завханы даншиг наадамд айрагдаж, өвлийн уралдаан “Дүнжингарав”, “Эрдэнэтийн хангайн бүс”-ийн уралдаануудад  Жадамбаагийн Бат-Эрдэнэ даргын    халиун алаг  соеолон  тус тус айрагдаж өндөр довтой наадмуудад амжилттай уралдаж  нутаг орныхоо нэрийг   гаргасан жил байлаа.
-Энэ жил Булганаас хичнээн шинэ цолтон төрөх болоо?
-Энэ жилийн хувьд их онцлогтой. Мэдээж баяр наадмын хуулийнхаа дагуу болзлоо хангаад цолоо авах уяачид байна. Гэхдээ тоог нь одоохондоо гаргаж үзээгүй. Үүнээс гадна Гиннесийн амжилтанд идэвхитэй оролцсон уяачид аймгийн Алдартуудын бүлд нэмэгдэж байгаа. Учир нь Гиннесийн уралдаанд таваас дээш морийг өөрийн зардлаар хотод аваачиж уралдуулсан уяачийг аймгийн Алдарт уяачийн болзолд тооцох Аймгийн Засаг даргын захирамж, түр журам гаргасан. Энэ журмын хүрээнд Гиннесийн гэх тодотголтой аймгийн Алдартууд төрцгөөж энэ жилд аймгийн алдартууд олноор төрсөн онцлог жил болох байхаа.
-Тийм ээ, Булганчууд Гиннесийн уралдаанд хамгийн олуулаа оролцож, монголдоо бас “геннисийн амжилт” тогтоосон Аймгийнхаа “хамгийн хамгийнаас” сонирхуулаач.
 -Энд Булган аймгийн 1500 хүн, 700 гаруй морь ачигдан ирж, түмэн морьтны жагсаал, уралдаанд оролцлоо. Эдний дотроос хамгийн олон аймгийн цолтон оролцсон, ижил дээл, морьдоороо гангарсан гээд номинаци гаргавал манайхан тэргүүлэх байхаа. Мөн хамгийн бага нь хоёр ой, дөрвөн сартай хүү ээж, аавтайгаа ирж жагслаа. Аймгийн Засаг дарга, сумдын удирдлагууд, МСУХ-ныхон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож. Аймаг, сумын удирдлагууд маань “Морьтон монгол 10000”  жагсаалд морио унаад оролцсон. Энэ нь бид нэгдэж чадвал ямар хүчтэй болохоо харуулсан хэрэг болсон юм. Энэ их ажлыг гүйцэтгэхэд голлох үүрэгтэй ажилласан сумдын  удирдлагууд болон салбар холбоод, аймгийн Засаг дарга, Тамгын газрын хамт олондоо баярласнаа илэрхийлж байна.
-Саяхан ММСУХ-ны VI их хурал боллоо. Хурлаас гарсан шийдвэрт хөдөө орон нутгийн төлөөлөл сэтгэл хангалуун байна уу? Танай холбооны багийн ажиллагааны тухай цаашдын төлөвлөлт.
-ММСУХ-ны VI их хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Миний бие хурлын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн комисст томилогдон ажилласан. Эндээс гарсан шийдвэрүүдийг нэгдсэн бодлоготойгоор Монгол Улсын түвшинд нэг дүрмийн хүрээнд, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хурлын зорилго оршиж байлаа. Ямартаа ч бүх салбар холбоодын түвшинд нэг дүрэмтэй боллоо. Дүрмийн хүрээнд  аймгийн тэргүүнийг ММСУХ-ны Ерөнхийлөгч, сумын тэргүүнийг аймгийн тэргүүн баталж, гэрээ хийдэг, ажлыг нь дүгнэдэг болж байгаа. Аймгийн нарийн бичгийн дарга нарыг ч  ялгаагүй. Мөн аймаг, сумдын нарийн бичгийн дарга нар орон тооны ажилтан болж, тогтмол цалинтай боллоо. Ингэснээрээ ММСУХ гэдэг энэ том айл салбар, нэгж болгондоо хүрч ажиллах, нэг удирдлага, нэг тогтолцоо, нэг уур амьсгалаар амьсгалах болж байгаа юм. Энэ нь салбар холбоод өөрийн бодлогоо ММСУХ-тойгоо уялдуулан зангидаж, нэг том хөгжлийн түвшинд ажиллахад илүү түлхэц болсон шийдвэр гарлаа гэж олзуурхаж байгаа. Булган аймгийн МСУХ 12 дугаар сарын 16-нд Шинэ жилийн цэнгүүн буюу шилдгүүдээ тодруулж, “Уяачийн эрдэм” сургалтыг зохион байгуулна. Бүх сумын төлөөлөгчид оролцох энэ арга хэмжээний үеэр бид их хурлаас гарсан шийдвэр, дүрэм журмын талаар тодруулж ярина. Харин ирэх оны дөрөвдүгээр сард аймгийн МСУХ-ны бага хурлаа  хийхээр төлөвлөөд байна.  Ирж буй 2014 оны ажлын төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна. Бид амжилт бүтээл арвинтай байх бизээ. Манай тэргүүлэгчид энэ холбооны цаашдын хөгжлийн төлөө гэсэн чин эрмэлзэлтэй ажилладаг. Тиймээс бид хийхийг л эрмэлздэг. Олон сайхан төлөвлөгөөнүүд бидэнд байгаа. Ингээд Булган аймгийнхаа нийт уяачдадаа улс, бүсийн наадмуудад илүү их амжилт гаргаж, морь нь хурдан, хүүхэд нь эрүүл саруул, бие сэтгэл бүтэн наадаж байхыг хүсэн ерөөе. Биднийг адууны босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.

-Ярилцсанд баярлалаа.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна