Тэсийн голын унага хурдан, Тэрхийн голын хүүхэн сайхан байдгийн учир

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 11 -нд

Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны жинчид дотор газар жин тээж очжээ. Арилжаа  наймааны ажлаа сайн хийгээд, буцахын үест хэн нэгнийх нь унаж очсон эрмэг гүүнээс сайхан бор шарга зүсмийн эр унага гарсан ч золгүй тохиолдлоор гүн худагт унажээ. Жинчид ойр байсан дотор хүмүүстэй хамтарч ихэд дуу шуугиан болцгоосоор унагаа арай гэж амьтай голтой гарган авчээ. Аяны пян даахгүй болсон унагаа, эхтэй нь нэгэн дотор хүнд худалдаад, нутгийн зүг жолоо залав. Энэ унагыг дотор шинжээчид, “Хурд хүчин гүйцэх хүлэг эрдэнэ юм” хэмээн дээдэстээ өргөж, харуулж хамгаалалтанд оруулжээ.
Халхын сайн эр хар малгайт гэгч Хан Хэнтий нутгийн хүн сайхь унаганы байдлыг тандаж мэдээд авах гэсэн боловч харуул хамгаалалтыг давахгүй долоон жил болоод байж.
XVII зууны эцсээр буюу 1691 онд Монголын ихэс дээдэс Долнуурт нууц гэрээ бичгээр Манжид дагаар орсонд олонх халхчууд, түүний дотор цөөнгүй дээдэс тун ч дургүй байлаа. Овтой манж нар Монголын төрийн эрхийг урвагч ноёдоор дамжуулан булааж авснаа бататган, монголчуудын хийморь, сүлд болсон Төв Халхын даншиг наадмын морь, бөхийн түрүү магнайг авахаар санаархаж, ихэд хүчлэн зэхжээ. Даншиг наадмын сураг гараад удаагүй байтал энэ наадмын түрүүг авах нэгэн их хурдан морийг манж дээдэс Төв Халхад ирүүлж, онцын харуул хамгаалалттай, шилэн байшинд байрлуулжээ. Энэ бүхнийг сонсож, дургүйлхсэн Заяын гэгээн нутгийнхаа Боролдой гэх энгүүн нэгэн, хашир шинжээч өвгөнийг уг морийг шинжээд ир хэмээн явуулж гэнэ. Морин цагт байрнаас гаргаж услахад нь Боролдой өвгөн үзэж шинжээд, “Дүнсэр долоон настай, гаргууд хурдан мал юм. Манай энэ хавьд үүний өмнө орох адуу байхгүйй. Байрнаас гарангуут уулын орой харж янцгаадаг. Олноос айдаг байж магадгүй” гэжээ. Зая гэгээн үүнийг сонсоод,”За, та миний хөрөнгөний талыг ч болов өгөөд үүнийг дийлж түрүүлэх хурдан морь олж ир” гэв. Боролдой өвгөн ч “За” гэжээ. Заяын гэгээний захиа даалгаврыг биелүүлэхээр ам авсан Боролдой өвгөн Тэсийн голын унага хурдан гэж дуулсан байж.  Голын урсгал сөргүүлж авчрах ч өлзийтэй хэмээн бодож Тэс нутгийг зорив.
Булнай нурууны ар давж, Тэсийн голын эхээс адис авч, уснаас амсан нэлээдгүй явж байтал нэг айлын гадаа үс даахиндаа баригдсан, бор саарал зүсмийн хонины морь уяатай байх нь нүдэнд тусч, очиж үзвээс үнэхээр хурдан хүлэг морин эрдэнэ байлаа. Гэрийн эзэнтэй уулзан, хэрэг зоригоо хэлвэл, “Дэмжиж тусалъя. Тэгэлгүй яахав, бид л Монголоо гэхгүй бол хэн дэмжих вэ” гэх зэргээр хуучилжээ. Мань өвгөн, “Хонины морь нь ийм байгаа юм, адуунд нь ч ёстой аргамаг байдаг байх даа” хэмээн дотроо хөхөн баясаж суув гэнэ. Хоёр хашир нэлээдгүй явж, олон ч адуугаар орж, олон ч айлаар бууж, олон ч хүнтэй уулзжээ. Гэтэл бор саарлыг давах нь таарсангүй гэнэ. Эргэж ирээд сайн нөхөртөө, “Бор саарлыг чинь авъя” гэвэл их л тохуурхан егөөдөж, “Үүнээс өөр юм нүдэнд чинь торохгүй байгаа бол үнэ өртөг гээд яахав, зүгээр ав” гэжээ.  Хөтөлгөө мориороо сольж аваад явахдаа, “Би үнэхээр хүлэг эрдэнэ оллоо. Наадмаа авчихаад баяр хөөрөө ирж хуваалцана” хэмээн амлаад мордоход нь үдэгсэд хөхрөлдөхөд нэгэн өвгөн:
-Эр хүний дотор эмээл хазаартай морь бий. Дуу, та нар гэсэн гэдэг. Олсон олзондоо баярлаж хөөрсөөр яваад Тэрхийн голд нэгэн ядуу айлд буувал өвгөн, эмгэн хоёр ихэд хүндэтгэн цай идээ болж, чадах ядахаараа дайлжээ. Хувцас хунар муутай ч үзтэл үнэхээрийн үзэсгэлэн төгс, буян заяа тэгш эм хүний шинж бүрдсэн 17-18 насны ганц охинтай айл байж. Үүнийг мэдэн эргэж уулзах ерөөлийг эцэг эхэд нь тавьж, баярласан гялайснаа илэрхийлэн аян замдаа гарчээ.
Авчирсан бор саарлыгаа Зая гэгээндээ үзүүлвэл ихэд уурсан хилэгнэжээ. Тэгэхээр нь ойрмогхоноос нэгэн сайхан бор саарал морь багагүй үнээр авч, гэгээндээ үзүүлтэл таалж гэнэ. Ийнхүү хоёр бор саарлаа наадамд сойх болжээ. Хэд хоног уятал өвгөний саарал ч өнгө ороод, уяа нь ивлээд жигтэйхэн гэнэ. Зая гэгээн ирж үзээд болж байна л гэж. Чухам аль нь өөрийнх нь, аль нь үст саарал болохыг ч танихаа больсон гэнэ. Дээдсийн шарга үнэнхүү хурдан тул өвгөн, хичнээн хичээгээд ч миний саарал удаалах л юм гэж тооцоод, унаж уралдах хүүдээ:
-Гарааны газар хүрэх замдаа унтаж огт болохгүй. Янз бүрийн үл бүтэх юм ирж магадгүй. Гарсан хойноо бол унтаж болно. Наадамчид дөхөөд ирэхээр учиргүй хашгирч гууглаарай гэж чандлан захисан байна. Дээдэс морьдоо гурван өртөө уралдуулъя гэхэд Зая гэгээн, хонины морины хурд үзэх юм бол болох л юм, хурдан морины хүч үзэх юм бол зургаан өртөө уралдуулъя гэж өвгөний үгийг дамжуулжээ. Үүнийг бардам дээдэс хэд ч байсан манай болно оо, чинийхээр болъё гэжээ. Долдой ноёд морь гарахын өмнө шинжих нэрээр манж дээдсийн морьтой эн тэнцэхүйц адуу байвал хасахаар урьдчилан төлөвлөжээ. Ингээд үст саарал уяа, хурд нь ханасныг олж мэдэхэд, хасъя гэтэл Зая гэгээний морь тул хасалгүй “За яахав, удаалах л юм” гээд явуулжээ. Гарааны газраас эхлээд “дээдсийн” морьд гарч, Халхын морьд гарах болоход үст саарал өвсний толгой гурав хазаж, уулын орой дахь нар луу ухасхийж нэг хараад гарчээ. Хүү ч ирэх замдаа цурам хийгээгүй тул ядраад унтаад өгч. Нэг сэрэхэд урд нь улаан тоос хадаж байна гэнэ. Хэдхэн харайлгаад гүйцтэл дээдсийн шарга байж. Өмнө хойноо орж гарч, өгч авалцаж байтал наадамчид ч үймээд ирж гэнэ. Хэд сайн хашгирч гүүглэнгүүт дээдсийн шарга нам зогсоод, Боролдой өвгөний бор саарал түрүүлжээ. Хэнийх вэ гэтэл Зая гэгээнийх болоодхож. Ингээд яаж ч болохггүй нэг наадамд Халхынх болжээ.
Дээдсийн шарга нь Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны жинчид худагт унагааж, дотор хүнд эхтэй нь худалдсан унага юмсанж. Энэ хүлэг нь усанд унасан, орилж хашгирч гаргаснаас их чимээ шуугианаас айдаг болчихсоныг өвгөн шинжээч олж мэдсэн байжээ. Ийнхүү Халх, Манжийн тэмцэлд Тэсийн голын хоёр унага хурд хүч үзэн, арга билигт монгол өвгөний ухаан дийлж байжээ. Манж дээдсийн шарга зогссон газраасаа ухасхийн хөдөлж, барианд ороход унасан хүүхэд нь ухаан алдчихсан байсан юм гэнэ лээ.
Бөх барилдахад амбантны Тэмээн цагаан гэгч их бөх, Боролдой өвгөний Туулайхүү гэдэг овоо сайн барилддаг бяртай залуу хүү хоёр үлджээ. Өнжин барилдаад маргааш нь барилдах юм болов. Орой нь Туулайхүү аавдаа:
-Би дийлэхгүй юм байна гэхэд, өвгөн усаар цохиж, сураар ороолгоод, булчин мах идүүлээд хонуулж гэнэ. Өглөө босоход их сайхан амарсан, цог хийморилог болсон байжээ. Заяын гэгээн өглөө ирээд, “Хаявал хүүгээ болгож хөрөнгө тасалж өгнө. Унавал толгойг чинь авна” гээд явжээ. Нар уулын толгойд тусахад Тэмээн цагаан хоёр гартаа нэг, нэг хунз цай барьж дэвсээр гарч ирэхэд, Туулайхүү тэвдэхдээ хоёр засуулаа бүснээс нь барьж дэлжээ. Барилдах болоход аав нь баруун хөлтэй нь ноцолдоорой, баруун сүүжиндээ гэмтэлтэй юм гэдгийг хэлж гаргажээ. Удам төдөлгүй Туулайхүү баруун хөлийг нь авч өргөөд хаяжээ. Хэний хүү, хэн гэгч вэ гэтэл бас л Зая гэгээний хүү болж. Ингээд яах ч аргагүй морь, бөхөө Халх авч манж дээдсийн санаархлыг няцаасан гэдэг.
Наадмын хөл намжсан намар цагийн эхээр Боролдой өвгөн үст саарлынхаа түрүү магнай болсон баярт мэдээг төрсөн нутаг ус Тэсгийн гол, түмэн олон, эзэн хүнд нь өргөн сонсгож, өргөл өргөхөөр Туулайхүүгээ дагуулан морджээ. Холын замд мордсон өвгөн явах газрын тэхий дунд байх Тэрхийн голоор нутагтай, өмнө нь танилцсан өвгөнийд хоног тааруулав. Хоёр залуу ч харц мөргөлдөж халирснаа, жиг ургаад явчихыг хашир өвгөн юу эс андахав. Санаж бодсон бас нэгэн хүсэл нь биелж болохыг бэлгэшээн өвгөний сэтгэлийн нар гийв.  Зая гэгээний даалгавраар хурдан морины эрэлд эцэж, суралд сунаж явахдаа олсон хоёр дахь эрдэнэ нь энэ ч байж болох. Эцэг, хүү хоёр Тэсийн голын эхэнд очиж их Булнай, өргөн Тэсийн голд өргөл цацал өргөн, арц сан унгатгаж сүсэглээд, эзэн хүнд нь хишиг буян хүртээж, зон олонд нь Тэсийн голынх нь унага хурдан гэдгийг бататган зарлаад буцжээ. Буцах замдаа Тэрхийн голд нутагтай танил хоёр хөгшний элгээн дэвтээдэг ганц охиныг бэр болгохоор тохиролцоод харьжээ. Энэ явдлыг мэдсэн Зая гэгээн ч хуурай хүүдээ тусалж, бэр буулгах ажил ч бузгай л болж. Найрын эхэнд суух Боролдой өвгөн сархаданд халамцаж, сэтгэл ч хөөрүү л бөайна гэнэ. Манж амбаны тэнэг санаа, манай гэгээний цэцэн санаа хоёрын дундаас би л хожлоо гээд байж. Хурсан олон ч яаж хожив, яаж хожив гэж дээ. Та нар мэдэхгүй байна уу. Би:
Тэсийн голын унаган хүлэгтэй
Тэрхийн голын хүүхэн бэртэй
Тэмээ цагааныг хаясан хүүтэй боллоо шүү дээ гэжээ.
Дээдсийн шаргад байнга санаархаж явдаг Халхын хар малгайт ч дээрх наадмаас хоцролгүй, дээдсийн шаргыг дагасаар бас л авч чадалгүй наадам үзээд, Туулайхүүтэй л нөхөрлөе гэж санаа шулуудсан байжээ. Туулайхүүтэй нөхөрлөхийг хүссэн ч Халх даяар алдартай сайн эр бас ч хамаагүй айл хэсч, буугаад байж болохгүй байжээ. Туулайхүүг харуулдсаар эзгүй газар тосч, эвгүй харьцан уулзсан байна. Ааг, бяр нь амтагдсан залуу бөх ч хөх инээд нь хүрч, барьж аваад сэгсэрч хаях гэсэн боловч эс дийлэв. Хар малгайт Туулайхүүг барьж авч үнсээд, ах дүү болъё гэжээ. Халхын сайн хурд урагшаа гарчихсан юм. Чиний саарлын удаа ирдэг шарга шүү дээ. Авах гээд долоон жил болж байна. Ганцаардаад чаддаггүй. Тэрийг л авахгүй бол болохгүй, хоёул хамтаръя гэсэнд Туулайхүү зөвшөөрчээ. Тэд явсаар хүрэх газраа ч хүрч. Хар малгайт:
-Харуул нь унтсаан гээд байвал унтаагүй байдаг. Унтаагүй ээ, унтаагүй ээ гээд байвал унтсан байдаг юм. Би дотор орсны дараа гадаа хаалгыг онгойлгоорой. Дээдсийн шарга гарч ирэнгүүт унгалдана. Тэр үед саарал мориндоо мордоод өмнө зүгт гурав хоног давхиад эргээрэй. Тэгээд болзоот газраа уулзъя гэж хэлжээ. Харуулыг харсаар байтал “унтаагүй, унтаагүй” болоод ирж. Энэ үед бүх зүйл ёсоор болжээ. Эргээд болзсон газраа иртэл Хар малгайт хэдийнэ ирчихсэн баяр хөөр болчихсон, “За даа, дүүтэй болсны хэрэг бүтлээ. Хоол унд ид, уу” гэсээр хүлээж байв гэнэ.  Хоёр сайн морьт, хоёр сайн эр хослон явсаар Туулайхүүгийнд ирж хэд хоног тухалжээ. Туулайхүүгийн шинэхэн гэргий ч чадлын хэрээр цайлж, дайлж ундалжээ. Хоёр анд, ах дүү хоёр салахын цагт саарал мориных нь болоод сайхан эхнэрийнх нь уугуул нутаг, уг гарвалыг нь, аавынх нь хэлсэн ярьсан үгийг олж мэдсэн ах Хар малгайт нь: 
Тэр холын ч Тэсийн голын унага
Тэр доодсын ч Тэрхийн голын хүүхэн... ай даа мөн ч... гэж дуу алдсан юм гэнэ лээ. Тэр цагаас хойш Хар малгайт энэ үгээ Халх даяар тарааж, хулгайлсан /уг гарвал нь Тэсийн голын унаган/ шарга мориныхоо ясыг Хан Хэнтий нутагтаа тавьснаар Цэцэн ханыхан хурдтай болж, Туулайхүү зодог шуудгаа айрганд угааж хүүхдүүдэд уулгаснаар Заяын гэгээнийхэн /Ар, Өвөрхангайнхан/ бөх сайтай, өсгөлүүн залуустай болж. Тэсийн гол үлэмж хурдан ажнай, хүлэг эрдэнэ унагаараа, Тэрхийн гол үзэмж төгс, буян заяа тэгш хүүхнээрээ алдаршин энэхүү домог жаргасан юм гэнэ лээ.

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.9.46.216

    нэр хаягийг миь орхиод байгаа нь л нэг жаахан тиймэрхүү.Уг нь миний багагүй хичээл зүтгэл, хөдөлмөрөө шингээж, урласан уран бүтээлээ гэж бодож явдагийн хувьд эзгүй залсан мал шиг сошиал ертөмц гээчид нэр хаяггүй цохиж явахыг хараад эмзэглэх ухаантай. Би уг нь Тэс мөрөн ээжий минь эх аван холыг зорих,Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Их Хойдгойд овогт Н.Дамдинжав гэдэг хүн л дээ.

    Reply
  • 202.9.46.216

    Тэсийн голын унага Тэрхийн голын хүүхэн хэлц үг Монгол орон даяр хий үзэгдэл шиг тэнэж явахад нь, Тэсийн голын унаган хүүхдийн хувьд сонирхон судалж явсаар, тухайн үедээ Хөвсгөл аймгийн Шүүх магадлагааны эмч байсан н.Ренчинноров болон бусад хүмүүсээс хамж цуглуулснаа эвлүүлж, домог болгон амилуулж, 2000 онд хэвлүүлсэн, Тэсийн голын унагаа... гэж номондоо оруулж, анх олны хүртээл болгосон юм. Хүмүүст хүрч байгаа нь сайшаалтай ч миний хичээл зүтгэлийг хэн ч тоохгүй нь харамсалтай д санагддаг. Тэгэхдээ зүгээрээ. Зүгээр. Би тэр байтугай юм өнгөрөөсөн толгой.Ай.Маджав

    Reply
    • 202.70.37.178

      өөртэй чинь яаж холбоо барьж болох вэ? Би яг Тэсийн голын унага гэсэн наадмын нэвтрүүлэг хийх гэж байгаа юм.