Адуу судлаач, доктор, проф С.Нямзагд: Угшил хөөх нь хурдан адуу гаргах үндсийн үндэс юм гэдгийг өөрийн практикаас олж харсан

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 03 -нд

-Өнөөгийн “Адууны үржил селекци, эрлийзжүүлэг”-ийн талаар та ямар бодолтой байна вэ?
-Би юу шальж мэдэх билээ. Гэхдээ ярилцъя. Монгол малчин, уяач бүрт өөрийнхөө адууг сайжруулж, хурдан адуутай болох хүсэл бий. Гол нь энд хүрэхийн тулд хүн бүр өөр өөрийн арга барилаар, янз бүрийн өнцгөөс харж үржүүлгээ явуулж байна. Миний хувьд хурдан, тэсвэртэй, гоёмсог адуутай болох зорилго тавьсан хүн. Миний адуу энэ гурван үгэнд л багтах ёстой гэж үзээд энэ чиглэлээр сүүлийн 20 жил ажиллаж байна. Адууны үржил селекцийн ажлыг явуулахад мэдээж эхлээд зорилгоо тодорхойлох ёстой. Сүүний, махны эсвэл уралдааны чиглэлээр байх уу гэдгээс хамаараад эрхэм зорилгоо томъёолж, дараа нь үржүүлгийн ажлын чиглэл, бодлого, төлөвлөгөөгөө гаргана. Бас сайн мэдээллийн дунд ажиллах хэрэгтэй.
       Монгол Улсын Манлай уяач Гарамжав гуайг “хурдан адуу гаргана гэдэг бол шинжлэх ухаан юм” гэж хэлэхэд олон хүн доог тохуу хийж байсан гэдэг. Тэр хүн адууны үржүүлгийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх ёстойг эртнээс олж харсанаараа аргагүй л Манлай уяач байж гэж боддог юм.
-Таны хувьд эрхэм зорилгынхоо аль хавьд явна вэ?
-Сайн угшлын адуу гаргана гэхэд хүний нас хүрэлцэхгүй. Гэхдээ нарийн тооцоо судалгааны үндсэн дээр мэдээллийн баазтай үржүүлэг явуулбал ганц нэг сайн адуу гаргаж авах боломжтой. Өнөөдөр үржил селекцийн ажлын талаарх мэдээллийг нийтэд хүртээмжтэй болгож, эцэг эх аль аль талдаа ханасан угшилтай үржүүлгийн зэхэмж, материалыг эхлээд бэлтгэмээр байна. Монголд адуу үржүүлгийн синдикат хэлбэрийн зохион байгуулалт гэрээ эрхзүйн орчин байхгүй байна. Хэрвээ синдикат хэлбэрүүд гараад ирвэл хурдан адууны хөгжил шинэ шат руугаа орно. Өнөөдөр Монголд ахисан түвшний хурдан адууг гаргах арга зүй зохион байгуулалт, эрх зүйн орчин ч бий болж чадаагүй байна.
-20 жилийн өмнө үржлийн ажлыг хэрхэн эхлүүлж байв?
-Би Завханых. Миний аавын унаган адуунууд болох жирийн л бор хээр зүстэй, намхавтар биетэй, бэлчээрийн монгол мал, адуу, хэдэн сарлаг надад өвлөгдсөн ирсэн юм. Нутаг орондоо сайхан давхичихдаг аавынхаа адууны цусыг сайжруулж, өсгөн үржүүлэх нь хүүгийн үүрэг л гэж бодсон. Анхандаа адуугаа өөр дотор нь үржүүлэх гэж цаг их алдсан. Дараагаар нь дандаа хүрэн халзан зүстэй, эрлийз голтой адуунуудаар үржүүлэг хийгээд зүс нь сайхан болсон ч яс нь хүнддээд, хурдан шинж нь алдагдаад дахиад даацтай үр дүнд хүрээгүй. Ингээд хоёр удаа бүтэлгүйтээд, угшил хөөх нь хурдан адуу гаргах үндсийн үндэс юм гэдгийг өөрийн практикаас олж харсан. Ингээд угшлаа сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж эхэлсэн дээ. Товчхондоо энэ 20 жилд  би төөрсөн, будилсан, эргэж буцсан ч шантралгүй явсаар сүүлийн 7,8 жил нь ажлынхаа чигийг олж үржүүлгээ хийж байгаа.
-Өөр дотор нь үржүүлэг хийхэд  дутагдалтай зүйл юуюу гарсан бэ?
-Өөрийнхөө азаргыг үндсэнд нь бариад, гүүг нь хооронд нь сольсхийгээд нутгийн адууны цусыг хадгалаад явсан юм. Гэтэл энэ нь явцгүй болоод ирэхээр нь Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Увсаас хурдан угшлын адуу цуглуулж эхэлсэн. Энэ бол адуугаа задалж байгаа хэрэг шүү дээ. Бидний өвөг дээдэс ухаалаг улс. Тэд ч монгол адууныхаа дотор байгаа хэд хэдэн өөр угшлыг хооронд нь сэлгэж үржүүлээд сайн үр дүнд хүрсэнийг бид тоохгүй өнгөрч болохгүй. Энэ бол сайн арга барил гэж би боддог.
-Та гаднаас адуу авчирч байна уу?
-Би найз нөхдөдөө захиж авчруулдаг. Жишээлбэл, Оросын хоёр удаагийн аварга Вельбурн гэж цэвэр цусны араб азарга авч байсан. Бас найз нарынхаа авсан англи, араб, терский үүлдрийн азаргануудад гүү гишгүүлж авсан төлүүд бий. Гэхдээ энэ тухайд би арай өөр бодолтой явдаг. Ярианы эхэнд хэлсэн дээ. Хурднаас гадна тэсвэртэй адуутай болох нь миний хүсэл гэж. Өөрөөр хэлбэл, бидний гаргаж авсан адуу монгол орны эрс тэс уур амьсгалд амьдрах чадвартайгаас гадна үр төл нь ч мөн тийм байх ёстой. Тэрнээс цэвэр эрлийз байшингийн адуу дангаараа хэрэггүй шүү дээ. Тийм учраас Монгол орны янз бүрийн уртраг, өргөрөгөөс хурдан угшилтай гүүг зориуд авчирч энэ эрлийз азаргануудтай хээлтүүлэгт оруулж  гарсан төлүүдээр нь үржлийн ажлаа явуулж байгаа. Эндээс монгол адууны тэсвэрт чанарыг шинээр бий болгосон адуундаа хадгалан үлдэхийг хичээж байгаа юм. Гарсан төлүүд нь ч хагас суурин маллагаа, өвлийн нэмэгдэл тэжээл, эмчлэн сэргийлэх нилээдгүй шатыг дамжсаны дараа Монгол орны эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай болж  байгаа нь харагдаж байна.
- Гарсан төлүүд нь хэр ялгаатай байна вэ?
-Үнэхээр ялгаатай. Сүхбаатар чигийн монгол гүүн дээр Англи-арабын үүлдэрийн азарга гишгүүлээд гарсан төлүүд нь хурдан байхаас гадна Монгол орны эрс тэс уур амьсгалд амьдрах чадвар нь илүү байна. Харин цэвэр эрлийз азраганы төл хагас эрлийздүү гэдэг юм уу, манайхны ярьдаг хайнаг маягийн гүүний төлүүд товирхон биетэй мөртлөө өвөлдөө нэмэгдэл тэжээл шаардах жишээний. Ялангуяа, цэвэр англи азаргыг товирхон биетэй хайнагдуу гүүтэй нийлүүлэхэд гарсан төл нь эрлийз талаа илүү татаад, өвөлдөө нэмэгдэл тэжээл, дулаан хашаа, дулаан нэмнээ хэрэглэхээс өөр аргагүй болдог юм билээ. Гэтэл Араб-англи азарганы төл хагас эрлийз азарга, Монгол гүүнээс гарсан төл эхний жилдээ жаахан тэжээл хэрэглээд, дараа жилээсээ ажрахгүй бэлчээрээр 90-95 хувь нь явчихаж байна. Одоо миний эхний төлүүд маань азарга болоод төлөө өгөөд эхэлчихсэн байгаа.
- Таны хүсээд байсан хурдан, гоёмсог, тэсвэртэй адуунууд хэзээ гарах вэ?
-Энэ 20 жилийн хугацаанд нэг адуунд хамгийн дээд тал нь улсад түрүүлсэн 4-5 адууны цус орж байна. Манай Алдарт уяач Д.Данзанням гуай адуунд долоон сайн цус орж байж улсад түрүүлдэг юм гэж хэлж байсан нь бий. Тэгээд бодохоор арай л болоогүй байна.
- Үржүүлгийн ажлыг зохион байгуулалтгүй явуулах нь монгол адууг генийн өөрчлөлтөд оруулах уу?
- Өнөөдөр гаднаас оруулж ирж байгаа адууны тоо нийт Монголын адууны нэг хувьд нь ч хүрэхгүй. Энэ бол монгол адууны удам угшил, генд өөрчлөлт оруулах хэмжээний доз биш. Тийм учраас айгаад байх зүйлгүй. Адуу үржүүлгийн талбарт Монгол адууны тэсвэртэй, гайхамшигтай ажлын ачаалал даах чадвартай энэ шинж чанарууд давуу тал нь болдог цаашдаа ч болсоор л байх болно. Гол нь гаднаас оруулж ирж байгаа адуу нь эрүүл мэндийн бичиг баримттай, элдэв өвчингүй, удамшил генийн гажиггүй байх ёстой. Энд л мэргэжлийн хяналт хэрэгтэй. Тэрнээс эрлийзжүүлэх нь сайн муу гэж ярих утгагүй. Хүсч байгаа нь хийгээд л үзэг. Тэр дундаас хүмүүс алдаа оноогоо олж хараад дараа дараагийн “нүүдлээ” тооцно шүү дээ. Тэрнээс гадны адуу болгон хурдан гэж ойлгож болохгүй. Энэ бол төөрөгдөл. Монгол 100 адуунаас хурдан адуу тав ч юмуу цөөн хэдхэн л төрөх жишээний. Гадаадад ч ялгаагүй 100 адуунаас цөөн тооны хэд нь л хурдан байгаа.  Уралдааны зорилгоор 200 жил үржүүлсэн цэвэр цусны Англиас бусад адуунд энэ дүгнэлт хамаарах байх.
- Та хэчнээн тооны адуунд үржүүлэг хийж байна вэ?
- Би нэг их олон адуутай болъё гэж боддоггүй. Ердөө 8-аас доошгүй өөр үүлдэр угшлын 36 гүү, хурдны өөр өөр угшлын 6-8 азарга байхад өөрийнхөө хүссэн зорилгод хүрч чадна гэсэн баримжаа тооцоотой явдаг. Дээд тал нь 80-90, үсрээд 100 адуунаас давахгүй л гэж боддог. Миний хувьд тоо биш чанар чухал.
- Та адуугаа “уралдааны дэвжээнд” сорьж байна уу?  Уяачтай юу?
- Энэ 20 жилд адуугаа үржүүлэхийн төлөө л ажиллалаа. Дээхнэ уралдаан ч бага байлаа. Одоогоос хэдэн жилийн өмнө миний Сарт азарга Цээл, Заамарт, Жаргалант, Угтаалд түрүүлж , улсад арваар орж байсан, Харин энэ жил хоёр азарга, нэг соёолон уяж Налайхын наадамд мордуулаад нэг түрүү, хоёр айрагтай наадлаа. Уясан бүгд л түрүүнд хүрсэн. Яваандаа Данзанням гуайн хэлснээр нэг адуунд долоон сайн цус орохоор нь улсынхаа наадамд мордуулна даа. Манай уяач Хэнтий аймгийн Баянхутаг сумын уяач Сансар гэж залуу бий. Энэ жил уралдах хүсэл нь их бадарсан. Би адуучныхаа хүслийг дэмжилгүй яах вэ?.
- Сүүлийн хэдэн жил улсын баяраар морьдоо ялгаж уралдуулж байгаа. Энд та ямар бодолтой явдаг вэ?
- Би адууг ялгаад хэрэггүй л гэж боддог. Адуу л бол адуу. Жишээлбэл, Монгол хүн 100 метрт Африк хүнтэй уралдахгүй ээ гээд байвал ямар вэ? Цэвэр цусны эрлийз адуу орж ирээд, айраг түрүүнд хурдлах нь олон хүнд адуугаа сайжруулах сонирхлыг төрүүлнэ. Тиймээс цуг уралдуулаад аль нь юугаараа илүү байгааг харъя л даа. Дэлхий даяаршиж байхад бид даяаршихгүй тухай яриад яах билээ. Өнөөдрийн сэрвээний өндрөөр эрлийз, эрлийз бишийг ялгаж байгаа арга нь тийм ч оновчтой биш. Энэ жил харж байхад 1,40 см-ээс дээшхийг эрлийз гээд хасчихаж байна лээ. Миний цэвэр монгол бор азарга 1,41 см өндөртэй байгаад хасагдсан. Монгол адуунд том биетэй адуу зөндөө бий ш дээ.
- Билэгдэмбэрэл Манлайтай уулзаж байхад том гээд хасаад байвал жижигрүүлж бас болно гэж байсан. Үнэхээр хүссэнээрээ жижигрүүлж болох уу?
- Болно. Ер нь жижиг Монгол гүүнээс гарсан төл нь том биетэй байх уу, миний бодлоор бага биетэй адууг гарна. Жижигхэн, давжаа биетэй монгол гүү,том эрлийз азарганы төл эх талаа дагаад давжаа бага биетэй нь төрөх жишээний. Энэ бол Менделийн үр дагавар  шүү дээ.
- Ааваасаа өвлөн ирсэн адуугаа сайжруулах гэж үржлийн ажил эхэлж байлаа гэсэн. Таны аав уяач хүн байв уу?
- Аав маань уяач байгаагүй ээ. Гэхдээ морийг их сайхан хагсруулж унадаг хүн байсан. Харин аавын дүү Лхагваа, аймгийн Алдарт уяач ах Сүхбат гэж нэртэй уяачид байлаа. Манай ах Д.Лхагваа нь хурдан адууг сайн таньдаг, шинждэг.  Харин Сүхбат ах илүү сайхан уядаг хүмүүс байсан. Би авга ах нарынхаа уясан морийг хоёр, гуравдугаар ангиасаа эхлээд унаж уралддаг байсан юм. Бригадын бага шиг наадмуудад түрүүлгэж ч байлаа, хоцроод уйлж ч явлаа. Өнөөдөр адуу сонирхох болсон маань багадаа олон удаа хурдан морины уралдаанд оролцож байсантай холбоотой гэж боддог юм. Хожмоо сургууль, соёлын мөр хөөн нутгаасаа гарсан ч жил болгон наадам хэсэж, зураг дарж, тэмдэглэл хөтөлж, уяач нартай уулзаад л явдаг байлаа.
- Хүн бүр өөр өөрийн арга барилаар адууг шинждэг. Таны хурд шинжихдээ хардаг зүйл юу вэ?
- Гадныхан ч, манайхан ч ялгаагүй эхлээд заавал гаднаас нь баримжаа авдаг юм. Зарим нь хөлийг нь харж байхад нөгөө нь толгойг нь гэхчилэн. Миний хувьд адууны хайрцаг, тавилан, хөлний үе даргуу байдалд илүү ач холбогдол өгдөг. Ер нь хурдны хийцний иж бүрдэл аль зэрэг байгааг голлож хардаг.
- Та аль нэг гал уяанд хамрагддаг уу?
- Манлай уяач Б.Содномцогийн галынхныг балиашиглдаг. Би сүүлийн арав, хорин жилийн адуугаа бодлоготой үржүүлэх гэж л ажилласан. Ирэх жилээс морьдоо уралдуулна гэж бодож байгаа. Тэгэхээр галтай болно байх. Монгол Улсын
- Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна