Д.Наваандорж: Идэр есийн хүйтэнд тэмээний уяаг тааруулна гэдэг бас яггүй хөдөлмөр шүү

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 19 -нд

“Мориноосоо урт уяатай. Зун, намрын цагт уяа сойлгыг нь тааруулж, хүч таргыг нь тогтооно.Өвлийн цагт уяа, хоолыг нь маш нарийн тааруулна. Хүйтний эрч нэмэгдэх тусам тэмээний уяа чангардаг бол адууных намар, өвлийн цагт саарч байдаг. Дулаарах тусам тэмээний хурд саардаг бол зуны ид ногооны цагт адуу хурд хүчээ сайн авдаг. Идэр есийн хүйтэнд тэмээний уяаг тааруулна гэдэг бас яггүй хөдөлмөр шүү” хэмээн ярих зочин бол Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Наваандорж байлаа. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.  

-Удам дамжсан уяачдын нэг нь юм байна. Дээдсийнхээ талаар яриач?
-Тийм шүү.Миний аав Дондив гэж хурдан морь уяхын хажуугаар нь жороо моринд дуртай, адуу малыг сайхан унаж эдэлдэг адуучин хүн байлаа. Тэр үеийн  “Соёл” нэгдлийн адууг аав маань 10 гаруй жил малласан. Аавын нэртэй бор, халтар гээд хурдан морьд нь баг, сумын наадамд олонтаа түрүүлж айрагдсан. Ялангуяа бор морь олон айраг хүртсэн дээ.
-Та уясан морьдыг нь унадаг байв уу?
-Тиймээ, нэг, хоёрдугаар ангид байхаасаа эхлээд хурдан морь унасан. Аавынхаа бас сумынхаа уяачдын уясан морийг унаад байнга л айрагдан цулбуур алдалгүй  нааддаг байж билээ. Бас чиг шаггүй унаач байсан юмуу  даа./инээв/
-Багадаа сайн унаач байсан хүүхэд том болоод морь уяхдаа арай илүү байдаг гэх юм билээ?
-1969 оноос эхлэн бие даан морь, тэмээ уяж байна. Бас жороо морь их сонирхоноо. Энэ жилийн наадамд хүүгийн маань жороо шарга морь түрүүлсэн. Хүү маань бас моринд дуртай. Сумын Алдарт уяач цолтой. Өөрийн унаган болон авмал адуугаар нааддаг. Энэ жил Гиннест бүртгүүлэх уралдаанд оролцоод ирсэн. 
-Тэмээ уях арга барилаасаа бидэнд ярьж хуучлаач?
-Би нэгдэлд үхрээс бусад дөрвөн хошуу мал маллаж байлаа. 1975 онд гэр бүлтэй болж өрх тусгаарлаад тэрнээс хойш хувийн тэмээ өсгөж эхэлсэн. Нэгдэл нийгмийн үед тэмээгээ 300-д хүргэсэн түүх ч бий. Харин мал хувьд шилжсэнээс хойш өөрийн тэмээгээ 200 гаруй  болгож өсгөсөн. Тэмээ уях сойх тухайд хамгийн анх 1969 онд нэгдлийн 10 жилийн ойгоор 2-3 насны тэмээ унаж уралдаад тором түрүүлгэж байлаа.Түүнээс хойш аймаг, сумын наадмуудад тэмээ  уралдуулан айрагдаж түрүүлгэж байна. Сүүлийн дөрвөн жил Ноён, Сэврэй сумдын наадамд уясан тэмээгээ түрүүлгэсэн амжилттай байна даа. Сүүлийн үед хүүхдүүд маань уяад би зөвлөх маягтай л байна даа. Дээхэн үед манайд арван хэдэн километрээс ганцаараа гараад тасарчихдаг онцгой хурдан тэмээ байлаа. 1974 онд тэр тэмээгээ энд тасархай түрүүлгэж байсан. Сая Хүрмэн сумын бүсийн уралдаанд тором түрүүлж, бага тэмээ нь аман хүзүүдлээ. Ноён сумын уралдаанд бага тэмээ нь бас түрүүлсэн.
-Уралдаан ер нь олширч байна уу?
-1970-аад оны үед юмуу даа, манай энд нэг, хоёрхон уралдаан болдог байлаа. Харин Баянхонгор аймагт өвлийн цагт байнгын уралдаантай байсан. Социализмын үед Баянхонгорын Баянлиг, Баянговь суманд олон уралдсан даа. Харин сүүлийн үед манай аймгийн тэмээтэй сумд тогтмол уралдаануудтай болоод байгаа. Залуучууд маань дэлхийд ховордсон хоёр бөхтэй тэмээг хамгаалах, хөгжүүлэх тал дээр ийнхүү санаачлага гаргаж байгаад өвгөн би хувьдаа баяртай байдаг юм. Сүүлийн жилүүдэд бай шагнал нь ч гэсэн боломжийн өсч байна. Морины уралдаан шиг машин тэрэг гэхгүй ч мотоциклиор байлах нь ихэссэн.
-Тэмээний  уяаны онцлог гэвэл...?
-Мориноосоо урт уяатай. Зун, намрын цагт уяа сойлгыг нь тааруулж, хүч таргыг нь тогтооно.Өвлийн цагт уяа, хоолыг нь маш нарийн тааруулна. Хүйтний эрч нэмэгдэх тусам тэмээний уяа чангардаг бол адууных намар, өвлийн цагт саарч байдаг. Дулаарах тусам тэмээний хурд саардаг бол зуны ид ногооны цагт адуу хурд хүчээ сайн авдаг. Идэр есийн хүйтэнд тэмээний уяаг тааруулна гэдэг бас яггүй хөдөлмөр шүү.
-Морь унаж эдэлдэг хүн эрс цөөрсөн. Харин тэмээний тухайд?
-Ялгаагүй дээ. Уралдааны үеэр л цөөн тооны хүүхэд морь, тэмээ унаж байна. Баруун талд бол би байнга унаж байна. Нутгийн маань Ээнжин, Дорж гэх мэтийн өндөр настай хэдэн өвгөчүүл л унах юмдаа. Залуучууд онцолсон нэг, хоёрыгоо л унахаас тэр болгоныг унаж эдлэх нь ховор юм. Машин тэрэг элбэгшээд тэмээнд нуруу ачаа ачдаг үйл ажиллагаа ховордлоо. Манайх гурван охин, таван хүүтэй. Таван хүүгээс гурав нь морь, тэмээг онцлон уяж байгаад баярлаж явдаг юм.
-Хурдан тэмээний гол шинжүдээс нэрлээч?
-Адуу, тэмээ хоёр алсуураа нэг л төрхийн амьтад. Сайн морь, тэмээнд аль алинд нь заавал шинж нь бүрдэж байж хурдалдаг. Хөл таваг их нимгэнтэй, хөдөлгөөн хөнгөнтэй, хавирга бөөрөнхийдүү, матаас сайтай, сэрвээ өндөртэй, цээж өргөн, толгой, уулзвар, аман хүзүү бүдүүн, хамрын самсаа монхор, бүргэд хоншоортой тэмээ илүүтэй хурдан байх шиг санагддаг. Гүү нимгэн цавьтай бол сайн унага гаргадаг гэж адуучид ярьдаг юм билээ. Түүн шиг хэвлий доогуураа тавиу ингэнээс дөмөг ботго гардаг юм байна гэж би харж байгаа.
-Хурдан адуунд удам угшил чухал үүрэгтэй.Тэмээ ч гэсэн удам дагаж хурдална биз?
-Нэгдэлжих хөдөлгөөн эхлэхээс өмнө ардын аж ахуйтан гэж байхад манай нутгийн Дулам гэж сайхан буурлаас Гүр гэдэг өвгөн нэг буур авч тавиад хэсэг сайхан тэмээдтэй болсон гэдэг. Тэр тэмээний удмаар манайхан одоо хэр нь наадаж явна. Ер нь тэр Дулам гуайн тэмээд их хурдан байсан юм билээ.
-Эрлийз тэмээ гэж ярилцахыг нэг бус удаа дууллаа. Янз нь эрлийз тэмээ илүүтэй хурдалдаг бололтой юмаа?
-Хавтгайн буур монгол ингэнд нийлэхээр эрлийз тэмээ гарч байгаа юм. Эрт дээр үед тэмээний удам угсаа алдагдаж, чанар саардаг гээд  хавтгайг өсгөж, үржүүлж байгаагүй. Байгалийн амьтан байгалдаа байх нь зөв. Гэрийн тэжээвэр малтай холилдохоор малын цөм сүргийн үүлдэр угсаа алдагддаг гэж дээр үеийн хүмүүс ярьдаг. Төрх өөрчлөгдөнө, явдал суудал холдоно гэж. Зэрлэг тэмээ монгол тэмээг нэг алхахад хоёр алхдаг. Тэгэхээр хурдны хувьд хамаагүй илүү л дээ. Манай энд 2000 онд нэг хавтгайн тором ирээд бүдүүн буур болтлоо байсан. Тэр буур таван жил орохдоо Баянхонгорын Баянлиг, манай сумын нутагт 60-аад төлтэй болсон байх. Зарим хүмүүс хэргээр ингэндээ оруулж 10-20 ботготой болсон байх. Зэрлэг тэмээ зан төрх муутай, сэвслэг, ноос үс ч муу.
-Гурвантэс сумын хэмжээнд хамгийн олон тэмээтэй айл хэнийх вэ?
-Өнгөрсөн жил Даваацэрэн гэж айл байсан. Ботго бойжуулалтаар манайх таван жил тэргүүлж байна.Энэ жил 20 орчим ботго бойжуулсан. Түүний өмнөх жил 25-30 ботго бойжуулж байсан.
-Хурдан тэмээ ямархуу ханштай байдаг юм бэ?
-Сүүлийн үед тэмээний үнэ харьцангуй өсч байна. Хурдан тэмээ 2,5-4 саяын хооронд үнэлэгдэх болсон. Үнэ нь харьцангуй боломжтой болоод ч тэрүү хүмүүс бага тэмээ их сонирхох юм.
-Та тэмээ наймаалж байна уу?
-Хүрмэн, Номгон хоёр, гурван бага тэмээ аваад явсан.Мөн Мандал-Овоо руу манай гаралтай тэмээ очсон.
-Тэмээний тухайд ийм байдаг байж. Харин хурдан морины тухайд хаанахын адуугаар голдуу наадаж байна. Та чинь сумын Алдарт уяач юм байна шүү дээ?
-Гурван жилийн өмнө 20 гаруй айраг, түрүүний амжилтаар сумын Алдарт уяач цолыг нөхөн олгосон. Би ер нь морь уясан цагаасаа эхлэн сумын наадмаас айраг алдаагүй дээ. Бага шиг наадмуудаас түрүү олныг авч байлаа. Манай адууны эх тал нь нутгийн адуу юм. Лосолын Цэнд гэж эмгэний унаган хээр гүүнээс гарсан ороо хээр гүүний төлүүд их хурдалж байгаа.Ноён сумын харьяат Пүрэвсугар, Лавааны гаралтай хээрлиг үрээгээр азарга тавьсан нь үр төлүүд мөн санй давхиж байна. Манай энд Баясах, Ноён чигийн адуунууд илүүтэй хурдалдаг. Баясах гэдэг нь манай сумын 2-р багийн нутаг л даа. Эндхийн адуу жижигэвтэр биетэй ч хурдтай. Сүүлийн үед хүүхдүүд зүүн аймгуудаас адуу авчирч байна. Дорнодоос адуу авсан. Нэг хүү Сүхбаатарын хүргэн болоод тэндэхийн адуунаас авчирсан. Өөрсдийн хэмжээнд адуугаа сайжруулж л байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Урт насалж, удаан жаргаарай. Эрүүл энхийг хүсье.
 
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна