МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэл: Шинэ цагийн монгол адуу дөнгөж одооноос л гарч байна
-“Монгол адууны үржил селекци, эрлийзжүүлэг”-ийн талаар манай уншигчидтай санал бодлоо хуваалцана уу?
-Өнөөдөр дэлхий дээр 100 гаруй төрлийн 60 орчим сая адуу байдгаас 18 хувь нь буюу 2.5-3 сая орчим нь Монголд байдаг гэсэн тоо бий. 100 хувь шахуу бэлчээрийн маллагаатай монгол адуугаа сайжруулах ажлыг монголчууд адуугаараа уралдаж эхэлсэн цагаасаа л янз бүрийн байдлаар оролдож ирсэн түүхтэй. Тэрний үр дүнд өнөөдөр Сүхбаатарын буюу зүүн чигийн адуу бусдыгаа бодвол арай хурдан байгаа юм. Хоовон саарал азарганы хүүхэд Номин цэнхэр азарга 1908 онд даншигт аман хүзүүдээд, 1909 онд Хан Хэнтий уулын аймгийн наадамд дахин аман хүзүүдэж байсан бол хүүхэд нь болох Элбэг хээр азарга 1925 онд түрүүлсэн бөгөөд 1989 онд Улсын баяр наадамд энэ удмын хээр азарга айрагдаж байх жишээтэй. Цаашилбал Эрдэнэчулууны шаргад хүртэл Галшарын адууны цус эх талаасаа орсон байдаг биз дээ. Эндээс Сүхбаатарын адууг сайжруулахаар дээр үедээ ямар нэгэн бодлого орсон гэдгийг харж болно. Нөгөө талаас нь тал хээр хосолсон нутаг орны таатай нөхцөл, адуу малаа хурааж, айраг сүү исгээд байдаггүй зэрэг нь Сүхбаатарын адуу арай хурдан байхад нөлөөлдөг. Гэхдээ яваандаа Сүхбаатарын адуугаа сорчилж баруун тийшээ зөөгөөд байвал баруун талын адуу ч сайжрахгүй, зүүн талынхаа адууны цусыг ч муутгах аюултай.
-Яагаад?
-Социализмын үед байсан морин тойруулга, Загдалын морин завод ч юм уу, улсын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт зүүн, баруун зүгийн адууны цусыг балансжуулж ирсэн. Жишээ нь өнөөдөр зүүн талаас адуу авч Баянхонгор, Архангайд аваачлаа гэхэд Баянхонгорт бараг арван адуунаас найм нь үхдэг гэж байгаа юм. Байгаль цаг уур нь тийм байна шүү дээ. Гэхдээ бид монгол төрийнхөө баяр наадамд арай хурдан адуугаараа л уралддаг биз дээ. Үүний тулд дор бүрнээ адуугаа сайжруулахыг хүсч байгааг эсэргүүцэх нь Өвөрхангайд Сүхбаатарын адуугаар уралдахгүй гэснээс өөрцгүй болно.
-Таныхаар зүүн талдаа адуу хурдан байгаагийн нууц юу байна вэ?
-Би дээр хэлсэн 1908 онд түрүүлсэн Номин цэнхэр гэхэд эрлийз азарга. Түүний үр Элбэг хээр 1925 онд Улсын наадамд түрүүлснийг хүн бүхэн л мэдэж байгаа. Тэгэхээр Өвгөн ноён адуугаа хурдан болгохын тулд монголоосоо ч сайн адуу авсан. Гаднаас ч адуу авчирсан байгаа юм. Тэрний хүчинд өнөөдөр Сүхбаатарын адуу сайн байна гэж хэлээд байгаа юм. Нөгөө талаар өвөг дээдсээс уламжилсан сайн адуугаа Сүхбаатарчууд сайжруулах талаар ажиллаж ирсэн. Сүхбаатарын ямар ч айл муу адуугаар азарга тавьдаггүй. Удам сайтай, хурдан хурц адуугаар л азарга тавьдаг. Харин баруун талд амьдралын шаардлагаас үүдээд чононоос мал сүргээ хамгаалах чадвартай, дэл сүүл өтгөнтэй адууг азаргаар тавих жишээний. Нөгөө талаар эрт дээр үеэсээ баруун талын хаад ноёд, том язгууртнууд зүүн талд морио уяулж даншигт уралдуулдаг байсан. Тэгэхээр бид зүүн талдаа мал аж ахуйгаа хөгжүүлбэл илүү санагддаг.
-Ярианы эхэнд шинэ цагийн монгол адуу гэх нэр томъёо нь буруу гэж ярьсан. Таныхаар юу гэж хэлэх ёстой юм бэ?
-Энэ бол зүгээр л эрлийз адуу. Би монголд хурдны зориулалттай адууг оруулж ирж үржүүлэг хийгээд арав гаруй жил болж байна. Энэ ажлынхаа үр дүнг өөрийнхөө хэмжээнд хүртэж яваа хүн. Жишээлбэл, би цэвэр араб азарганд монгол гүү хураалгаад гарсан төл, цэвэр англи азарганд монгол гүү хураалгаад гарсан төл хоёрыг хооронд нь нийлүүлж адуу гаргаж авч байна. Энэ бол шинэ монгол адууны дөнгөж эхлэл болж байгаа юм. Ингэж хэлбэл нэр томъёондоо арай дөхөх байхаа.
-Та араб, цэвэр цусны англи адуугаар эрлийзжүүлэг хийж байна уу? Гарсан төлүүд нь хэр ялгаатай байна вэ?
-Өнөөдөр аль алиных нь төл адилхан давхиж байгаа. Цэвэр цусны англи адуу бол хүний гараар бүтсэн, дэлхий нийтээрээ одоо цагт уралдаж байгаа цорын ганц хурдан буюу хурдны зориулалттай адуу юм. Энэ адуу бол ямар нэгэн согоггүй нүд нь хардаг, хөл нь тэгшхэн бол шууд л уралдах үүрэг гүйцэтгэдэг. Дэлхий дээр болдог Японы “Japan cup”, Английн гурав, Америкийн гурав, Араб, Францын гээд 10 том уралдаанд цэвэр цусны англи адуу л уралддаг. Цэвэр цусны англи адуу нь хурдлах зориулалттай учраас монгол адуутай нийлүүлж энэ чадварыг нь авах ёстой гэж үзэж байгаа юм. Харин араб адууг яагаад оруулж байгаа юм бэ гэвэл энэ төрлийн адуу аль IV, V зуунаас эхлээд л сайжруулагч болж ирсэн. Араб адуугаар цэрэг, цагдаагийн болоод харайлтын гэхчилэн шинэ төрлийн адууг бий болгоход сайжруулагч маягаар оролцуулсан байдаг. Араб адуу өлсөх, цангах чадвартай, халуун, хүйтэнд тэсвэртэй гээд давуу талтай. Харин манай монгол адуу бол цаг уурын ямар ч нөхцөлд дасан зохицох дээд зэргийн чадвартай. Тэгэхээр энэ гурван адууны дундаас нутгийн шинэ монгол хурдан адуу гаргаж авах зорилготойгоор бид ажиллаж байгаа юм. Иймэрхүү маягаар холын зайнд уралддаг ново киргиз, густанай, кабардин адууг гаргаж авсан жишээ бий.
-Таны гаргаж авсан шинэ монгол адууны төл нь хязаалан болох гэж байна гэлээ. Ямар ямар давуу тал харагдаж байна вэ?
-Олон талаараа давуу байгаа. Хөрслөг болж байна, даарч хөрөх нь багасч байна. Хэт том байхаа больсон. Бас их ухаантай болж байна. Мэдээж ямар гоё адууны үр төл билээ, гаднаас нь харахад их гоёмсог болсон. Гоёмсог байх нь хурдан адууны бас нэг шинж шүү дээ. Энэ мэтээр хамаагүй сайн болно гэдэгт итгэлтэй байна.
-Илүү ухаантай болж байна гэлээ. Жишээ нь?
-Хавар би монгол ээжтэй, цэвэр англи азарганы төл хязаалан үрээнд арав гаруй гүү хураалгалаа. Тэгсэн хаврын шуурганаар тэр хязаалан уулын мухарт хэдэн гүүгээ хураагаад үлдсэн байгаа юм. Үүнийг би ухаан л гэж ойлгож байгаа. Би англи, араб, монгол адууны дундаас илүү сайн адуу гаргаж авна. Үүнийг эрдэм шинжилгээ, судалгааныхаа ажлаар батална гэж бодож байна. Би зөвхөн докторын зэрэг хамгаалаад зогсохгүй, шинжлэх ухааны зэрэг горилж, энэ талаар гадныхантай хамтран ажиллах зорилготой байгаа. Би бол адуунд үнэн сэтгэлээсээ хайртай хүн.
-Араб, англи азарганыхаа нэгдүгээр үеийн төлүүдийг нийлүүлэхэд юуг анхаарах ёстой вэ?
-Араб адуунаас бид голдуу ойрын зайнд уралддаг эсвэл уналга эдэлгээнд хэрэглэдгийг нь авчирч байгаа. Араб нь гоёлын, “бүжиглэдэг” эсвэл холын зайнд уралддаг гэж байдаг юм. Бид хөлсийг нь гаргаж уядаг бол холын зайны адуунд эсрэгээрээ хөлсийг нь хатаах маягтай уядаг учраас ажилд маань тэр болгон таарахгүй байгаа юм.
Бидний оруулж ирж байгаа адуунууд бүгд бичиг баримттай. Бид ямар ч цагаан хуудастай адууг үржилд оруулж байгаагүй. Харин манай монгол адууны удам бичиг цаасан дээр баталгаажаагүй ч ам дамжин ирсэн байдаг шүү дээ. Тэгвэл араб, англи азарга, монгол гүүнээс гарсан төл бүр маань бичиг баримттай болж байгаа. Үндсэндээ хоёр талаасаа бичиг баримттай адуу бий болчихож байгаа юм. Энэ нь адуугаа бичиг баримтжуулахад их дөхөм болж байна.
-Англи, араб гүүг монгол азарганд хураалгаж үзсэн үү?
-Энэ тохиолдолд хэцүү юм билээ. Монгол азарга хашаан дотор гүү хурааж чаддаггүй болохоор. Гэхдээ надад нэг араб гүү бий. 2003 онд Москвагаас авчирч байсан юм. Надад ирээд зургаан төл өгснөөс анхных нь Бандгайд нэг азарга бий. Хоёр дахь нь энэ жил хавчиг гүү бол дараах нь сая Эрдэнэтэд түрүүлж, Архангайд айрагдсан хул азарга байгаа. Дандаа монгол азарга тавьж гарсан төлүүд байгаа юм.
-Та хаана хаанаас азарга оруулж ирсэн бэ?
-Чех, Польш, Герман, Америк, Оросын Кавказаас авчирсан. Миний энэ авчирсан азаргануудын паспортноос 1700-гаад оноос хойш өнөөдрийг хүртэлх удмын бичгийг нь харж болно. Энд ямар ч асуудалгүй.
-Паспортоос харахад жишээ нь, хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар азарга байх уу?
-Жишээлбэл, ноднин Америкаас ирсэн азарганы эцэг Еддингтон нь 700-800 мянган доллар, эх нь Яарди 300-400 мянган доллар хожсон хурдан адуунууд. Харин төл нь болох миний авсан азарга өөрөө 200 гаруй мянган долларыг хожсон хурдан амьтан байгаа юм.
-Тийм цэвэр цусны азаргыг оруулж ирэхэд төвөгтэй юу?
-Энэ тал дээр манайх Америк, Орос шиг хөгжиж чадаагүй байгаа нь үнэн. Гэхдээ ямар ч улс орон өвчтэй мал гаргадаггүй. Олон улсын мал эмнэлгийн холбооны дүрмийн дагуу зохих шинжилгээг нь аваад, ямар нэгэн асуудалгүй бол гаргадаг юм. Манайд ч оруулж ирээд тодорхой хугацаанд хөл хорионд байлгадаг. Энэ бол хууль ёсны дагуу хийж байгаа ажил учраас хүндрэлтэй зүйл биш.
-Гаднаас адуу оруулж ирж байгаа хүмүүс юуг анхаарах ёстой вэ?
-Миний бодлоор албан ёсны үүлдрийн баталгаатай, паспорттай адууг сонгоосой л гэж хэлнэ. Бид адуугаа сайжруулах гэж оруулж ирж байгаа учраас тун их хариуцлагатай байх ёстой. Миний айдаг юм, хаа таарсан газраасаа удам угшилгүй адуу авчраад адууг баллачихвий гэж боддог. Мэдээж хүн бүр дор бүрнээ үржил хийх сонирхолтой байна. Гол нь албан ёсны бичиг баримттай, элдэв өвчин зовлонгүй эсэхийг сайтар нягталж үзэх хэрэгтэй л гэж хэлнэ.
-Та гаднаас авчирсан азаргануудадаа хаанахын гүү тавьдаг вэ?
-Би Сүхбаатар, Төв, Хэнтийн удам сайтай, ядаж л сумандаа айрагдаж, түрүүлсэн удмын гүү цуглуулсан. Бас Морин тойруулгын сайн удамтай гүүнүүд ч бий.
-Нууц биш бол хичнээн тооны адуу байгаа болоо?
-Нийт мянга гаруй адуу байна. Эндээс нэгдүгээр үеийн эрлийз 400 гаруй байна. Нэгдүгээр үеийн англи монгол, араб монголын төлүүдийг нийлүүлээд гарсан 30-аад унага, хориод даага бий.
-Энэ бүх ажлыг явуулахад хэн нэгнээс мэргэжлийн туслалцаа авах уу?
-Би өөрөө “Монгол адууны хурдыг сайжруулах” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалахаар судалгааны ажил хийгээд явж байгаа. Өөрийнхөө хэмжээнд гадны ном хэвлэл уншиж судалж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авдаг.
-Мэдээж өнгөрсөн 10 жилийн хугацаанд амжилтанд хүрэхэд амаргүй байсан бизээ?
-Тэгэлгүй яахав эсэргүүцэл байнгын тулгарна шүү дээ. Миний хийж байгаа юманд дургүй, гэхдээ дуртай хүмүүс зөндөө байна цаана чинь. Өөрөөр хэлбэл хүн болгон дургүй мөртлөө, хүн болгон дуртай байдаг. Бүгдээрээ намайг эсэргүүцдэг мөртлөө ганц үрээ өгөөч гэж нэг нэгнээсээ нууцаар гуйдаг нь үнэн. Би хүнд тавиад адуу өгсөн байна лээ. Яах юм аргагүй хурдан байгаа юм чинь. Угаасаа хурдныг нь л хурдан гэнэ биз дээ. Тэрнээс түрүүлээд ирснийг нь хасчихаад дараагийнхыг нь хурдан адуу гэхгүй. Хурдан морины уралдаан дээр монгол адууны стандарт яриад байгаа хүмүүсийг би ойлгодоггүй. Уг нь энд монголын хурдан морины стандартыг гаргаж өгөх ёстой юм. Манай уламжлалт ёсонд хурдан морины уралдаан л гэж байлаа. Хэн ч батлаагүй л болохоос, гоё сайхан чихтэй, урт сайхан хүзүүтэй, дэл сүүл шингэн гэх мэт... Энийг би стандарт гэж ойлгодог. Жишээлбэл, 400 жилийн өмнө англи адууг гаргахдаа англи хүн математик аргаар сэрвээний өндөр цэгээс газар хүртэл, шонтгор мөрөн дээрээс өгзөг хүртэл хэмжээд тэнцүү байх юм бол стандартын хурдан адуу болж магадгүй гэж тооцоолоод гаргачихсан байна. Түүнтэй адилхан өвөг дээдэс маань бидэнд заагаад өгчихсөн шинж байна шүү дээ. Тэрнээс намхан сэрвээтэй, богинохон мөчтэй байх нь монгол хурдан адууны стандарт биш. Энэ чинь өнөө хурдан адууныхаа шинжээс зөрөөд байгаа биз дээ. Минийхээр бэлчээрийнхээ адуунаас хурдан адуугаа арай жаахан ялгаж өгмөөр санагдаад байдаг юм.
Жишээлбэл, манай монгол адуун дотор 10 эр унага гарлаа. Энэ 10 эр унагаасаа удам судрыг нь хараад гурвыг нь шилээд яваандаа уралдуулна гээд тэжээчихэж байгаа юм. Үлдсэн нь бэлчээрээр байгаа ш дээ. Ингээд хязаалан болсон хойно нь харьцуулаад харахад гурваас таван см-ийн зөрүү гардаг. Үүний учрыг морь уядаг монгол хүн бүрээс асуугаарай, та хэдэн сард морио бэлчээрт гаргаад хэдэн сараас тэжээдэг вэ гэж. Бэлчээрийн монгол адуу, уралдаж байгаа монгол адуу хоёрын хооронд газар тэнгэрийн ялгаа бий. Бэлчээрээр явж байгаа адууг байгаль өөрөө жижигрүүлчихдэг юм. Өнөөдөр яг бэлчээрт байгаа монгол адуугаараа уралдахгүй л байгаа биз дээ. Ийм учраас л хурдан адууны стандартыг тогтоох хэрэгтэй гэж яриад байна.
-Бид төрийнхөө баяр наадмаар адуугаа ялгаж уралдуулаад гурван жил өнгөрлөө. Энэ шийдвэрийн талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Монгол төр оршин тогтнож байгаагийн бэлгэ тэмдэг бол эрийн гурван наадам. Тэгэхээр Монгол төр байгаа цагт эрийн гурван наадам болно. Эрийн гурван наадам байгаа цагт морь уралдана. Энд хамгийн сайн морио л уралдуулна шүү дээ. Үүний тулд адуугаа сайжруулах л хэрэгтэй. Тэгэхээр зарим хүн монгол адуу генийн өөрчлөлтөд орж устана, энэ тэр гэж ярьдаг. Өнөөдөр дэлхийн 60 сая адууны 18 хувийг эзэлж байгаа адуугаа бид 100 жилд ч устгаж чадахгүй. Бид монгол адуугаа иддэг, эсвэл уралддаг л болсон. Хуучин цагт бол унаж эдэлдэг байлаа. Харин одоо больсон биз дээ.
-Удахгүй уяачдын YI ээлжит их хурал болно. Та тэргүүлэгчийн хувиар өөрийн бодол саналаа хуваалцаж оролцох байх, тийм үү?
-Би сүүлийн хоёр жилд ММСУХ-гоор очсонгүй. Миний хийж байгаа ажил, манай холбооны барьж байгаа бодлого хоёр жаахан зөрчилдөөд тэр. Миний хувьд мэргэжлийн байгууллагын хувьд Монголын хурдан адууны стандартыг тогтоогоосой л гэж хүсдэг.
-Энэ талаар боловсон хүчин хангалттай биш байхад стандартыг өөрчилж чадах уу?
-Би дээр хэлсэн. Хоёр ижилхэн унагыг нэгийг нь тэжээж, нөгөөг бэлчээрээр явуулахад ялгаа гардаг гэж. Үүнийг эрүүл ухаанаар л бодох хэрэгтэй юм. Тэгэхгүй бол нугалаа гараад байгаа биз дээ. Монгол нутгийн адуунууд нь тухайн газрынхаа байгалийн онцлогоос шалтгаалаад янз бүрийн хэлбэр хийц, өндөр намтай байна. Тийм болохоор л Монголын хурдан адууны стандарт бий болгох ёстой гэж яриад байна. Тэрнээс би монгол адууны стандартыг өөрчилнө гэж яриагүй. Өнөөдөр уяачид, морины хорхойтнууд хоорондоо уулзахаа бараг больсон. Яах юм, бүгдээрээ эрлийз адуутай болохоор адууныхаа удам угшлыг нуудаг болж. Хуучин хорь гучуулаа хоолонд орж, адууныхаа тухай халуун дотно яриа өрнүүлдэг байлаа. Одоо бол хоёр нөхөр нэг буланд сэмхэн уулзчихаад л алга болдог боллоо. Эндээс уяачид хүртэл хоорондоо эв түнжин муутай болж байна. Хэрвээ аль нэг тал руу шийдвэр гаргаад, яг албан ёсоор хэмжиж чаддаг болчихвол ийм байдал гарахгүй.
-Аль ч уралдааны дараа шүүхээр маргаанаа шийдүүлдэг жишиг тогтох нь бололтой?
-Дээхнэ бол морь битгий будлиасай гэж боддог байлаа. Гарааны төхөөрөмжтэй уралддаг болоод энэ асуудал шийдэгдсэн. Уг нь энэ гарааны төхөөрөмжийг би анх санаачилж байлаа. Одоо Үнэнбүрэн нарын нөхдийн хийсэн ажил л болсон байна лээ. Гэхдээ энэ өнгөрсөн юм. Харин одоо бол зөв ялгаасай гэж боддог болсон. Энэ жил халзан үрээг минь хасчих болов уу гэж бодсон хасчихаж байна лээ. Энэ үрээний эхийг Мөнгөнбаатар арслангаас авсан юм. Харин эцгийг нь Энэбишийн Ганбатаас авсан. Ганбат морин тойруулгын Солонго цавьдар халзан азарганы охин төлийг Чойдог гуайн азарганд тавиад хоёр төл гарсны багыг нь би авсан юм. Миний халзан үрээ 132 см байхаас 131.5 см байхад хасчихсан.
-Та тэгээд сэрвээнд нь хүрээгүй гэж хэлэхгүй яасан юм?
-Яахав хасаж л байг. Би уралдаж л байна. Хамгийн гол нь би нэгдүгээр үеийн эрлийз мордуулах совесттой хүн биш гэдгээ хаана ч хэлнэ. Тэгэхээр би Монголын хурдан морины стандартыг мэргэжлийн байгууллага нь хийх ёстой гэж дахин дахин хэлээд байгаа юм. Холбоо стандартаа гаргаж өгөх ёстой л гэж бодож байна.
-Олон улсад эрлийз адууны уралдаан гэж байхгүй. Гэхдээ морио хөгжүүлэх гэж байгаа уяачдынхаа хөдөлмөрийг хүндэтгэж эрлийз ангиллын адууны уралдааныг явуулдаг юм бишүү?
-Монголд сонгомол морин уралдааныг явуулах ёстой. Үүний тулд бооцоо тавьдаг хуультай болчихвол сайхан морин тойруулгатай болоод жилд хоёр удаа том уралдаан зохион байгуулах жишээний. Ингэснээр монгол хүмүүс ажлын байртай болно. Цаашлаад Сингапур, Малайз, Австрали гэх мэт халуун орныхон зундаа манайд адуугаа авчирч маллуулж болно. Гурав, дөрвөн мянган адууг тавдугаар сараас арваннэгдүгээр сарын эх хүртэл маллаж өгөөд монгол иргэд маань орлоготой болох боломжтой. Гол нь бид бооцоо тавих хуультай л болох хэрэгтэй. Тэгвэл бид дэлхийн бүх уралдаанд бооцоо тавих эрхтэй болно. Өөрсдөө том уралдаан зохион байгуулах боломжтой болно гээд давуу тал байна.
-Өнгөрсөн жил өвлийн уралдааныг хориглох шийдвэр гарч байлаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж хүүхэд эндэж, гэмтэх тохиолдол гарч байгаа юм. Морь уяж, уралдуулна гэдэг асар их харицлагатай ажил. Дор бүрнээ л унаач хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг бодолцох хэрэгтэй. Цаг агаарын аятай таатай нөхцөлд эвийг нь олоод олон биш уралдуулахад гэмгүй гэж боддог.
-Энэ жилийг ММСУХ-ноос ёс зүйн жил болгон зарласан. Таныхаар уяачийн ёс зүйг юугаар хэмжих ёстой вэ?
-Уяачийн ёс зүйн жил болгон зарласан нь сайхан санагдаж байгаа. Бие биеэ хайрладаг, хүндэлдэг, адуугаа дээдэлдэг байгаасай л гэж бодох юм. Хурдан морь уяж сойж уралдуулна гэдэг үндэсний спорт гэдэг утгаараа эрт дээр үеэсээ л хөрөнгө мөнгө зарсан ажил байлаа. Сүүлийн жилүүдэд залуучууд адуунд хөрөнгө оруулалт хийж, моринд орсноор хурдан мориор дамжсан үндэсний өв соёл ч сэргэж байна. Ний нуугүй хэлэхэд, 512 бөх барилдахад тал нь хромтой, шляптай зогсдог үе байлаа. Харин өнөөдөр бөх, морь, сурынхнаас сайхан дээл хувцсаа өмсөж, сайхан хөөрөг зөрүүлэн мэндэлж, сайхан монгол гэрээ бариад баярладаг болсон шүү дээ. Энэ бол дэвшил.
-Ярилцсанд баярлалаа. Таны эрдмийн ажилд амжилт хүсье.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна