Элбэгхэн Элбэг харцага

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 11 -нд

Улсын наадмын өсвөрийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж явсан Г.Элбэг хүү хожмоо улсын манлай харцага болох хувьтай байжээ.
Их л багаасаа дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нарыг дагаж бэлтгэл сургуулилт хийдэг байсан тэрээр Улаанбаатар хотын унаган хүүхэд. Гэсэн хэдий ч аавынхаа захиснаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаар овоглож барилдах болсон байна. Улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлсэн тэр цагаасаа тун их удалгүй томчуудтай барилдаж хүчээ үзэх болжээ. Зүгээр нэг барилдсангүй, том цолтнуудыг өвдөглүүлж бас нэг “аранга” гарч ирж буйгаа харуулсан гэдэг.
Томчуулаас гадна түүний хамгийн гол өрсөлдөгчид нь аймаг цэргийн цолтой ид “жагссан” залуус байсан нь тодорхой. Энэ залуусын барилдаан буюу аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд залуу бөх Элбэг түрүүлж байсан бөгөөд 1996 оны 5 дугаар сард болсон тухайн жилүүдийн /1995, 1996/ аймаг цэргийн цолтны барилдаанд түрүүлж үзүүрлэж барилдсан шилдэг 12 бөхийн тойргийн барилдааныг “Бөх” сонины нэрэмжит болгон зохион байгуулсан байна. Энэ барилдаанд тухайн үеийн а.а Б.Адьяахүү, Д.Отгонбаатар, Ш.Зоригт, Я.Адьяасүрэн, Н.Баттулга, Д.Ганхуяг, а.з Б.Хатанбүүвэй, ц.н У.Балжинням, залуу бөх Г.Элбэг, Д.Намдаг, Б.Ганбат, Д.Энхтөр нар оролцон барилдсан нь түүх болон үлджээ. Эдгээр 12 бөхийн 8 нь эдүгээгийн улсын алдар цолтой бөхчүүд. Энэ барилдаанд залуу бөх Элбэг “шилдгүүдийн шилдэг” гэдгээ нотлож ганцхан Д.Намдагт л шороодож бусдыг нь голдуу мордох, хавирах, хөл авах мэхээр давснаар 10 даваатай түрүүлж байжээ.
Тэр жилийнхээ улсын наадамд у.н Ө.Сумьяа, у.н М.Чимэддорж нараар 3 давж дөрвийн даваанд улсын наадмын хүүхдийн барилдаанд үзүүр түрүүнд хүч үзэж явсан улсын залуу начин Д.Сумьяабазартай тунан барилдаад өвдөг шороодсон байна. Түүний өмнөх хоёр жилийн наадмаар улсын уран барилдаант харцага Ч.Даваадорж агсанд өвдөг шороодсон гэдэг. Энэ тухайгаа харцага маань “Өө хоёр ч наадамд шороодсон. Зааланд ч хэдэн удаа барилдсан. Ер нь давж байгаагүй шүү” гэсэн бөгөөд өөрийгөө хөөргөж, өрөөлийг муушаадаггүй, жинхэнэ үнэнээр явдгийн баталгаа гэлтэй.
1997 онд анхлан зохиогдсон “Өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдаан”-д залуу бөх Г.Элбэг 14 бөхөөс 11 дүгээр байрт шалгарсан байна. Хэдийгээр хойгуур орсон мэт бодогдох боловч тухай жилээ улсын баяр наадам болоод бусад барилдаанууд барилдсан чансаа, давсан давааг харгалзан гаргасан шилдэг бөхчүүлд залуу бөхөөс ганцаар багтаж бас ч нэлээн хэдийг нь өвдөг шороодуулан 6 давж 11-т орсон нь бахархмаар амжилт гэхэд үнэнд ойртох болов уу.
1997 оны Ардын хувьсгалын 76 жилийн ойн их баяр наадамд залуу бөх Г.Элбэг сайхан барилдаж улсын начин И.Мөнхбаатар, Ц.Дуламсүрэн, Ш.Лхагвасүрэн, у.з Д.Эрдэнэбат, П.Сүхбат нарын шилдэг бөхчүүдийг цувуулан давж “Монгол Улсын өсөх идэр начин” хэмээх эрхэм цолд хүрчээ.
Начин цолд хүрснээс хойш томоохон барилдаануудад тогтмол дээгүүр үзэж 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр заал танхимын барилдаануудад үзүүр, их шөвөгт тун олон шалгарч байсан билээ. Энэ бүхний тухай бичихэд цаг цаас их орох тул улсын наадмуудад хэрхэн барилдсаныг тоймлон бичсэн нь зүйтэй болов уу хэмээн санав.
1998 оны наадмын гурвын даваанд улсын цолгүй байхаас байнга гэмээр тунаж барилдаж байсан “онжав” Б.Адьяахүү начинтай бас л тунаж баруун хөлдөө алдаад унасан байна.
1999 оны наадамд мөн гурвын даваанд тухайн үедээ аранга байсан “гуя” хэмээх Н.Алтансүх начинд өвдөг шороодсон бол 2000 оны наадамд Архангай аймагтаа дараалан түрүүлсэн а.а Г.Батбаяр, урд жилийн бүх цэргийн наадамд түрүүлсэн, начны тааварт тэргүүлж байсан ц.а Б.Бадам-Очир нараар 4 даваад у.з Б.Гантогтоход зайлж татуулан унасан байна.
2001 оны дуулиант наадмаар Г.Элбэг начин а.а Т.Алтаншагай, а.а Н.Баатархүү нараар дөрөв даваад а.а Д.Батбаярт өвдөг шороодсон бол 2002 оны наадмаар өмнөх жил унасан Д.Батбаяраас даагаа нэхэж гурав давсан ч нэг нутгийн Г.Ганхуяг начинтай оноолт тааран өвдөг шорооджээ.
2003 оны наадмаар а.а Г.Олзгэрэлд дөрвийн даваанд унасан бол хойтон жилийн наадмын гурвын даваанд амлан мөн л даагаа нэхсэн бөгөөд дөрвийн даваанд гурван жилийн өмнөх наадмын гурвын даваанд амлаад өвдөг шороодуулж байсан а.а Т.Алтаншагайн төрсөн дүү ц.а Т.Мөнгөнцоожид өвдөг шорооджээ. Энэ наадмын өмнөхөн ерөнхийлөгчийн зарлиг гарч 1997 онд 6 давсан амжилтаар “Монгол Улсын харцага” цол хүртсэн байна.
2005 оны улсын наадмаар өөрийн шавь у.н Б.Баянмөнхөөр гурав даваад а.а М.Цанлигт унажээ.
Олон наадамд өвдөг шороодож цол ахиагүйдээ дүгнэлт хийсэн харцага Г.Элбэг ардын хувьсгалын 85, Их Монгол Улсыг байгуулсны 800 жилийн ойгоор тун ч өнгөтэй барилдаж, а.а Ж.Оргилоор тав, у.н Г.Эрхэмбаяраар зургаа давж харцага цолоо батлаад үеийн анд у.г Д.Сумьяабазарт амлуулж хэт шатаж барилдаад баруун хутгуулан унасныг бөх сонирхогчид маань санаж буй нь лавтай.
Түүний хойтон жилийн наадмаар у.х Г.Элбэг а.а Ш.Мөнгөнбаатараар дөрөв, у.н Ц.Цогтжаргалаар тав, а.а Ж.Отгонбаяраар зургаа давж харцага цолоо дахин батлаад у.з М.Баяржавхланд амлуулж давуулж гуядсан боловч дутуудаж өвдөг шороодсоноор улсын харцага цолоо дахин батлах нь энэ. Энэ наадмаар наадам ч олон харцагыг унахад өөрөөс нь илүү харамсаж байсан биз ээ.
Түүний хойтон жил дөрвийн даваанд а.а Э.Энхбатад, 2009 онд а.а Н.Ганзоригоор дөрөв даваад у.н Ц.Сумьяабээст, 2010 онд а.а Ж.Чулуунбатаар дөрөв даваад у.з Д.Рагчаад, 2011 онд а.а А.Даваанямаар дөрөв даваад нэг нутгийн а.а М.Эрдэнбатад өвдөг шорооджээ. Мөн 2012, 2013 оны наадмуудад хоёр даваад у.н Б.Сумьяа, М.Цанлиг нарт өвдөг шороодсон билээ.
Улсын наадмаас гадна бөх сонирхогч, уншигчдын сэтгэлд үлдсэн олон сайхан барилдаан бий. 2000 оны наадмын дөрвийн даваанд нэг багшийн шавь, ц.а Б.Бадам-Очирыг начинд нэрлэгдэх үед амлаад шударга сайхан барилдаж тонгорч давсан, 2002, 2004 онуудад өмнөх жил унасан бөхчүүдээс даагаа нэхэж амлаад давсан барилдаанууд, 2004 оны намар АПУ компаний нэрэмжит барилдаанд тухайн үеийн а.з А.Бямбажавыг амлаж барилдсан барилдаан, 2007 оны наадмаар а.а Ж.Отгонбаярыг давсан, 2007 оны улс тунхагласны баяраар у.ав Д.Сумьяабазартай хүч үзэж давсан, 2009, 2010 онуудад а.а Ж.Чулуунбат, Н.Ганзориг нарыг дөрвийн даваанд шороодуулсан барилдаанууд гээд цөм үзэгчдийг уулга алдуулсан сайхан барилдаанууд байв.
Харахад их л хатуу чанга, зарчимч болов уу гэмээр харагдах хүчит харцага маань амьдрал дээр үнэнч шударга зантай, алиа хошин яриатай эгэл, энгийн хүн. Эдүгээ өөрийн суралцаж төгссөн Их шавийн дээд сургуульдаа багшилж олон сайхан шавь төрүүлсээр яваа харцагын маань шавь нараас өнөө жил “Монгол Улсын Аварга” цолтон төрлөө. Үүнээс илүү бахархал гэж юу байх вэ. Монгол Улсын Аварга Гун-Аажавын Эрхэмбаярыг бага байхаас нь “Элбэгийн хар” нэртэй болтол нь дагуулж, барилдах урамгүй болоод шантарч явахад нь уяачдын наадмаар ирлэн, зөвлөн, загнан барилдуулж бөхийн замд нь эргэн оруулж, хүнд гэмтлээс болж барилдах аргагүй болоход нь улсын наадмын хариуцлагатай даваанд амлан өвдөг шороодуулж, аварга болох үед нь дээлийн захыг нь мушгин суусан зэрэг бүхий л цаг мөчид хамт байж, сургасны үр дүн Монгол Улсын Аварга хэмээх эрхэм цолд хүрэхийн бас нэгэн томоохон хүчин зүйл гэхэд болохгүй гэх газаргүй биз ээ. Мөн аварга Г.Эрхэмбаяраас гадна у.н Б.Баянмөнх, Б.Баянжаргалаас эхлээд эдүгээ цагийн а.а Д.Амарсайханыг хүртэлх олон олон шавь нар нь нь багшийгаа хүндэлж, багшаараа бахархаж явдаг буй за.
Бөхийн тухайд ахмад бөхчүүд, бөх сонирхогчид “Хадбаатар аварга шиг” хэмээн дүгнэх нь бий. Хад аваргын барилдааныг харах хувьгүй бидний үеийнхэнд “амьд жишээ” болохоор харцага маань хүнд жинтэй, том бөхөд баймгүй уран барилдаантай. Барилдааны асар өндөр мэдрэмжтэй, биеэ сайн сулладаг онцлогтой. Ид залуу байхдаа мордох, хавирах, хөл авах мэхүүдийг хийдэг байсан бол сүүл үед бусгах, мордох, өхийлдөх, тонгорох, шилдэж гуд татах, гүйлгэж татах, давуулж гуядах, хөлд орсон бөхийг сөрж дарах, хөмрөх зэрэг олон угсраа хувилбар мэх хийдэг болсон билээ. Харцагын бусгаа цаанаа л нэг өөр. 2007 оны наадмаар Ж.Отгонбаяр начныг, МБӨ-д болсон нэгэн барилдаанд у.н Ж.Гансүхийг бусгаж давсан барилдаануудыг харахад тэр мэхээ тун ч даацтай хийдэг юм уу гэмээр харагддаг. Мөн тэрээр чөлөөт бөхийн хүнд жингийн шилдэг тамирчдын нэг бөгөөд ОУХМ цолтой. Манлай харцага боллоо гэхэд “Жавхаа ах бас гурван удаа зургаа давсан. Жавхлантөгс ах чинь миний дэргэд мундаг бөх байхгүй юу. Би юу ч биш” хэмээн инээх харцага маань худал хэлэхийг цээрлэдэг дээдсийнхээ сургаалыг ягштал биелүүлсээр, багшаасаа өвлөгдсөн сураа барьж шавь нартаа сэмхэн “жавтий” хуртээсээр, учраа залуусаа “хийстэл” бусгасаар, монгол төрийн наадмаа чимсээр явна.
Харцага маань нэгэнтээ “Хүн хэзээ ч авсан цолдоо багадаж болохгүй. Цолоо дүүртэл барилдах хэрэгтэй “ гэсэн бөгөөд өөрөө үнэхээр л Элбэг нэрэндээ таарсан элбэг бөх өө.

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна