МУ-ын Гоц мэргэн Х.Оюунчимэг: Наадмын өдрүүдэд сэтгэл санаагаа зөв, ариун байлгахыг хичээдэг

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 11 -нд

АХ-ын 90,91,92 жилийн ойн баяр наадмын эмэгтэйчүүдийн сурын харвааг манлайлан эмэгтэй харваачдаас анх удаа гурван жил дараалан завсаргүй түрүүлээд байгаа харваач бол Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Төв аймгийн "Чингис хааны дэлхийн академ"-ийн харваач МУ-ын гоц мэргэн Х.Оюунчимэг юм. Одоогоос 10 жилийн өмнө нөхөр МУ-ын спортын мастер Л.Сүхбатынхаа хамтаар нум эвшээлгэх болсон тэрээр сүүлд Солонгос улсад болсон дэлхийн уламжлалт харваачдын тэмцээнээс хүрэл медалийг хүртэж энэ жилийн амжилтын товчооноо “данслаад” авсан юм. Ингээд явсан газрынхаа сонин сайхнаас хуваалцах Гоц мэргэний ярилцлагыг хүргэж байна.
-Дэлхийн уламжлалт харваачдын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн байгаа. Явсан газрынхаа сонин сайхнаас хуваалцаач?
-Долоо дахь жилдээ болж байгаа дэлхийн уламжлалт харваачдын тэмцээнд энэ удаад бид их олуулаа яваад ирлээ. Оноо өндөртэй, олон харваач оролцсон тус тэмцээнд Монгол улсын мэргэчүүл эхний гурван байрыг эзлээд зогсож байгааг харахад эх орноороо, Монгол харваачдаараа бахархах сэтгэл төрж байлаа.
-Энэ тэмцээнд та хоёр дахиа яваад ирж байгаа билүү?
-Тийм ээ. Өнгөрсөн жил оролцоод түрүүлээд энэ жил гуравт орлоо. Түрүү жил 32 оноогоор түрүүлсэн бол энэ жил Баярмаа мэргэн 41 оноогоор тэргүүлсэн байгаа. Эхний гурван байрыг монгол эмэгтэйчүүд авсан бол Уругвайн эрчүүд тэргүүн байранд орсон.
-Мэдээж гадныхнаас сурах юм их байгаа болов уу?
-Тэгэлгүй яахав. Бид чинь уламжлалт эвэр илэгтэй, шөрмөсөн артай нумаараа харваж байна. Гэтэл өнөөдөр манайхаас өөр ийм нумтай улс алга болжээ. Эвэр илэгтэй нумаар харвадаг байсан Унгерчууд энэ жилээс болиод модон, пластикан нумаар харвадаг болчихож байна. Хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн пластикан нум нь онч сайтай, цаг агаарын хувиралт багатай болохоор үнэхээр илүү байх юмаа. Тэгэхээр бид нумаа боловсронгуй болгох цаг нь болжээ гэдгийг илүү мэдэрлээ. Үндэсний баяр наадмын хуулиар эвэр илэгтэй, шөрмөсөн артай нумаараа харвана гэж заасан нь бий. Манай нум сумаар харвахад оюун ухаанаа дээд зэргээр ажиллуулах хэрэгтэй болдог юм. Мэдээж эрүүл мэндийн хувьд  үнэхээр их ашиг тустай.Тухайн өдрийн цаг агаартаа зохицон харвана. Тэр утгаараа толгойгоо ажиллуулах хэрэгтэй болно гээд л. Тэгэхээр үндэснийхээ баяр наадмаар уламжлалт нум сумаараа харваад, олон улсын тэмцээн уралдаанд пластикан нумаар харвадаг байх нь зөв юм болов уу гэж бодогдсон.
-Монгол хүний дасан зохицох чадварыг харуулжээ. Энэ бол бахархал шүү?
-Хийц загвар сайтай, цаг агаарын нөхцөлд тааруулна гэж байхгүй сүүлийн үеийн нум сум “агссан” гадныхантай өрсөлдөөд эхний гурван байрыг авсандаа бахархалгүй яахав. Эндээс бид хаана ч ямар ч нөхцөлд дасан зохицож, толгойгоо ажиллуулах юм бол газардахгүй гэдгийг төвөггүй харж болно. Манай сураар хичээллэсэн хүн нуруу нь бөгтийдөггүй, нүд нь мууддаггүй, хөл нь маажийдаггүй, мартаж санахын зовлонгүй гээд олон давуу талтай. Би бол сурынхны хувьд “залуу” харваач. 40 гарсан хойноо харваагаар хичээллээд яг 10 жил болж байна. Хэдийгээр богино хугацаа ч чамгүй амжилт гаргаж яваадаа үнэхээр баярладаг. Тэр тоолонд  өвөг дээдсээсээ уламжлан ирсэн агуу их өв соёлоороо бахархаж, нэгээхэн хэсгээс нь ч болов хүртэлцэж яваадаа омогшдог юм.
              СУРААР ХИЧЭЭЛЛЭЖ ӨӨРИЙНХӨӨ ШИНЭ ДҮР ТӨРХИЙГ НЭЭСЭН
-Сурд орсноор таны амьдралд ямар ямар өөрчлөлт гарсан байна вэ?
-Мэдээж их олон өөрчлөлт гарсан. Үндэснийхээ дээл хувцсыг иж бүрнээр нь өмсөхөөс л эхэлдэг юм. Цаашлаад харваагаар хичээллэсэн хүний ертөнцийг үзэх үзэл ч өөрчлөгддөг. Эх орноороо бахархаж, өөрийнхөө шинэ дүр төрхийг нээдэг гэж боддог. Илүү эх оронч болдог гэх үү дээ. Одоо бол сурын спортгүйгээр өөрийгөө төсөөлөх аргагүй болсон. Гар гэмтэлтэй байгаад 50 хоног завсарлахад сэтгэл гэгэлзээд сэтгэл тогтохгүй үнэхээр хэцүү санагдаж байна лээ.
-Та олон нумтай юу?
-Гурваас дөрвөн нум бий. Хобби хөдлөөд гадагшаа явах болгондоо л нум авдаг юм. Ноднин явахдаа эвэр илэгтэй, шөрмөсөн артай Унгерийн нум авсан. Харин энэ жил Румыний харваач залуугаас модоор хийсэн нэг нум авсан.
-Нууц биш бол ямар үнэтэй вэ?
-Манайх шиг гар аргаар биш үйлдвэрийн аргаар хийдэг болохоор үнийн хувьд гайгүй шүү. 250-300 долларын ханштай байна лээ.
-Манайхны нумыг худалдан авах хүсэлт ирэх юм уу?
-Унгерийн охин “хоёулаа нумаа сольё, би таныг шүтэж явдаг” гэж байна лээ. Хоёр жил дараалан таарч байгаа юм. Энэ жил нэг босоонд цуг гарсан юм. Гэхдээ би солиогүй ээ. Миний монголд харвадаг нум болохоор. Би улсын наадамд гурав түрүүлэхдээ нэг л нумаар харвасан. Баатар гуайн хийцийн нум байгаа юм. Тэдний хувьд манай нумыг судалгааны журмаар л сонирхож байгаа болов уу. Гадныхан байнгын л судалгаа шинжилгээ хийсэн улс. Магадгүй манайхны амжилтын нууц нумандаа байдаг гэж боддог байхаа. Бидний  харвалтын техникийг тэмцээн, бэлтгэл ялгаагүй бичлэг хийж байгаа харагддаг.
-Хүн бүрийн татах хүч өөр өөр байна тийм үү?
-Тэгэлгүй яахав. Би 50 паунд орчим татдаг. Энэ нь дунд зэргийн л гэсэн үг л дээ. Хүн болгон адилгүй болохоор яг л өөрт нь тохирсон нумаар харвадаг. Тухайн хүний чадлаас л шалтгаалдаг юм. Нэг бодлын чанга нум барих сайн шиг байгаа юм. Салхинд сум хийсэхгүй. Гэхдээ чадахгүй бол өөртөө таарсан нумаа л барьсан нь дээр.
-Гоц мэргэний хувьд сүүлийн жилүүдэд амжилтаа бататгаж байгаа чансаатай харваачдын нэг. Энэ амжилтын нууц юу байна вэ?
-Цаг зав, сэтгэл зүрхээ зориулж байж амжилтанд хүрдэг юм. Заримдаа ч завтай хүний ажил юм даа гэж боддог. Миний хувьд ажлынхаа хажуугаар амжуулна гэдэг амаргүй ч яаж ийж байгаад л заавал цаг гаргадаг. Мэдээж хүн болгонд адилхан боломж бий. Гол нь олдсон боломжийг зөв ашиглах  хэрэгтэй. Эхний удаад алдаа гаргалаа гэхэд дараагийн тэмцээн дээр засчихдаг болохоор миний амжилт гайгүй яваа юм болов уу. Хүн чинь нервтээд сандраад эхлэх юм бол алдана шүү дээ.
-Та одоо Төв аймагт ямар ажил эрхэлж байна вэ?
-Би өөрийн хувийн компанидаа ажилладаг. Түүнээс гадна ноднингоос аймгийнхаа иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Мөн “100 мэргэн” холбооныхоо нарийн бичгийн даргын албыг хашдаг. Энэ бүхнийхээ хажуугаар бэлтгэл сургуулилтаа хийнэ, шавь нараа сургана гээд завгүй л амьдарч байна. Хүн ер нь завгүй тусмаа их олон ажлыг амжуулдаг шүү дээ.
-Сурын харваагаар хичээллэхээс гадна сонирхох үзэгчдийн тоо нэмэгдсэн. Тэр хэрээр таны танихгүй танилууд ч олон болж байгаа байх даа?
-Тийм шүү. Хаана ч явсан наадамд түрүүлсэн мэргэн байна хэмээн өөр хоорондоо ярьцгаадаг юм. Манай харваачид чинь сайхан хүмүүс шүү дээ. Монгол орныхоо аль ч аймагт очсон харваачдадаа их хүндэтгэлтэй ханддаг. Харваачид өөрсдөө ч ёс жудагаа сайн барьдаг улс. Бэлтгэл сургуулилтаас эхлээд айлд ороод суусан ч яг л эрэмбээрээ сууна гээч. Мастерууд гэхэд оноогоор зогсох жишээний. Ийм л сайхан улсын дунд яваа хүн дээ, би.
-Түрүүн 40 гарсан хойно сураар хичээллэж эхэлсэн гэлээ. Магадгүй эрт эхэлсэн бол гэж бодох үе гардаг уу?
-Эрт эхэлсэн илүү л амжилт гаргах байсан бизээ. Гэхдээ би харамсдаггүй. Харин ч харваанд орсондоо баярладаг. Анх нөхөр маань санаачилга гаргаж, хоёулаа харваагаар хичээллэж эхэлж байлаа. Үүнээс өмнө манай нөхөр “бидний нас явж байна. Монгол хүн байна эрийн гурван наадмынхаа нэг сураар хичээллэж болох юм” гэж таван жил бодсон гэдэг юм. Ингээд 2003 онд төвийн аймгуудын үзэсгэлэн худалдаа болоход Сэлэнгэ аймгаас МУ-ын мэргэн Сүхбаатар нум сумтай очсон юм. Тэндээс манай хүн нум сум, хасаа худалдан авч, би ч зэрэгцээд  хичээллэж эхэлснээс хойш яг 10 жил болж байна.
                                   ОХИНТОЙГОО ӨРСӨЛДДӨГ БОЛСОН
-Нумтай болчихлоо. Харин анхны А үсгийг хэнээр заалгаж байв?
-Ингээд бид хоёр чинь нум сумтай болчихож байгаа юм. Тэгсэн тэр үед Ерөнхийлөгчийн зарлигийг Төв аймагт хүлээж авах боллоо. Тэгсэн хасаа нь байдаггүй. Энд зориулж авчирсан хасааг нь Сүхээ гэдэг хүн авчихсан гэж гэнэ. Ингээд аймаг даяараа Сүхээ гэдэг хүнийг хайсаар яваад манай хүн дээр ирж өнөө худалдаж авсан хасаагаа гаргаж өгч байлаа. Их хөгтэй.  Ингэж анх удаа Ерөнхийлөгчийн зарлиг хүлээн авах харваан дээр очиж, Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Өлзийбат мэргэнээр сурын А үсгийг заалгаж билээ. Түүнээс хойш бараг хоёр жил хэртэй уулын орой шагайгаад л явдаг байлаа. Тэгж байгаад тэмцээн алгасахаа байсан. Манай Төв аймаг чинь хоттой ойрхон болохоор ямар ч том тэмцээн байсан өөрийгөө голохгүй давхиад л ирдэг байлаа.
-Хоёулаа ирэх үү?
-Тийм ээ. Хоёулхнаа бэлтгэл хийнэ. Нум сум барьж үзээд нэг сарын дараа Багануурын улсын аварга болдог юм байна. Би чинь Сүхбаатар мэргэний нумаар эхэлж, Өлзийбат мэргэнээр “жорыг нь” заалгаж, Гарамдорж мэргэнээр анхны тэмцээн дээр угтуулж байсан азтай хүн шүү.  Анхнаасаа л энэ сайхан мэргэчүүлийнхээ  гарыг дамжсандаа мэргэн болно гэж ихэд бэлгэшээдэг байлаа. Манай харваачид шинээр орж байгаа нэгэндээ сэтгэл харамгүй тусална, зөвлөгөө өгнө. Эднийхээ л буянаар өдий зэрэгтэй явна.
-Ингээр анхны тэмцээндээ ямар амжилт үзүүлсэн бэ?
-Тэмцээн өглөө найман цагт эхлэсэн юм. Би ч барагцаалдаад арван хэд оносон. Хүмүүс сайн харваж байна гэж магтахаар битүүхэндээ баярлаж л байлаа. Ингээд хоёр жилийн дараа спортын мастер болж байлаа. Түүнээс хойш өөрөө хичээллэхийн хажуугаар шавьтай болсон. Миний анхны шавь МУ-ын мэргэн Г.Баттуяа байгаа юм. Түүнээс хойш дөчөөд шавьтай болоод байна. Гэхдээ сургасан зарим нь сургууль соёл гээд харваж амжихгүй л байх юм.
-Хүүхдүүд бол бүгдээрээ таны шавь нар байна уу?
-Манай охин хүү хоёр хоёулаа харвана. Хүү маань 2007 оны наадмаар хүүхдийн харваанд оролцож идэр мэргэн болж байлаа. Энэ хавар сурын нээлтийн харваагаар би түрүүлж, хүү хоёрт, охин гуравт ороод зогсож байхдаа бахархаж байлаа. Сүүлд  отго харваагаар би түрүүлж, охин хоёрт орсон. Одоо ч охинтойгоо л өрсөлдөөд байна даа. /инээв/ Охин маань сураар хичээллээд хоёр, гурван жил болж байна. Одоохондоо жаахан туршлага дутаад байдаг юм. Яваандаа туршлага суугаад мэргэн болно байхаа. Би хоёр зээтэй. Бас л сурын харваанд дуртай, хоёр, дөрөвдүгээр ангид сурцгаадаг. Жаахан томрохоор нь харвуулах санаатай. Нэг удаа хүүхдийн баяраар харвуулсан чамлахааргүй шүү. Энэ жилээс хүргэн маань бас  харвадагболсон гээд манайх чинь сураар амьсгалсан гэр бүл.
         Шавь нар маань ч дажгүй амжилттай. Төв аймгийн өсвөрийн харваачдыг сүүлийн таван жил дараалан тэргүүлж байна. Өнгөрсөн жил гэхэд хоёр баг оруулахад хоёр, гуравдугаар байранд орлоо.  Эндээс би боддог юм. Ямар ч ажил сэтгэл зүрхээ зориулаад зүтгэхэд амжилтанд хүрдэг юм байна гэж. Гол нь хийж байгаадаа үнэнч байж “өвчлөх” хэрэгтэй. Манай сур чинь “сур, сур бас дахин сур” гэдэг зарчмаар л явна шүү дээ. Сураад дуусахгүй. Би одоо ч оролцсон тэмцээн бүрээсээ суралцсаар л явна. Тиймдээ ч шавь нартаа оролцсон тэмцээнээсээ ямар нэг юм сурч гарахыг байнга зөвлөдөг.
-Та хэр сүсэг бишрэлтэй вэ?
-Би мөнх хөх тэнгэр уул ус, нутаг орноо шүтэж явдаг хүн. Хүн бол байгалийн амьтан. Тэр утгаараа тэнгэртээ их залбирдаг. Тиймдээ ч тэнгэрийн цэнхэр өнгөнд дуртай. За тэгээд буруу үг ярихгүй, буруу үг ярьж байгаа хүмүүсийн дэргэд очихгүй, аль болохоор сэтгэл санаагаа зөв, ариун байлгахыг хичээдэг. Энэ тухай шавь нартаа ч захидаг юм. Муу юм бодож болохгүй, ямар нэгэн саад учирна гэж. Хүн сайн харваж байгааг хараад би давж харвах ёстой л гэж бод. Зөв сэтгэлтэй, зорьсон зорилготой байхад амжилт ирдэг юм гээд л эхэлнэ шүү дээ.  Анх харваанд ороод хаана тэмцээн болно мөнгө зараад л явдаг байлаа. Хол ойрыг тоохгүй ш дээ. Тэгсэн 2008 онд Алтан-Овооны тахилга наадамд очоод гуравдугаар байранд орж хоёр сая төгрөгөөр шагнуулсан юм. Тэр үед би мөнгө зараад л яваад байдаг. Нэг өдөр буцаагаад авчихдаг юм байна гэж үнэхээр их баярлаж билээ. Тэр хугацаанд тэмцээн алгасалгүй оролцдог байлаа. Бараг Монгол орныхоо бүх сайхан нутгаар явсан байхаа.
-Гэхдээ өнөөдөр эрийн гурван наадмаас сурын үнэлэмж тааруу талаар харваачид ярьдаг?
-Тийм ээ энэ бол ярих л асуудал. Улсын наадам гэлтгүй аливаа тэмцээн уралдаан дээр ч бага нь байдаг. Ноднин Түвшинбаярын наадамд гэхэд бөхөд 10 саяыг өгч байхад бидэнд 300 мянган төгрөг өгч байх жишээтэй. Бүтэн жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл энд яваа шүү дээ. Яваандаа бөх, морины хэмжээнд байлдаг болох биз дээ. Энэ намар би гоц мэргэн цолныхоо найрыг Төв аймагтаа хийсэн. Манай аймгаас хоёр өрөө шинэ байраар шагнасанд үнэхээр их баярласан. Би харваачдаасаа анх удаа байраар шагнуулсан байх шүү.

                              БАГАДАА ХУРДАН МОРИНЫ УНААЧ ЯВЛАА
 -Цол дагаж бяр гэдэг дээ. Сурынхаа хөгжлийн төлөө хийхээр төлөвлөсөн ажил олон байна уу?
-Цол дагаж бяр гэдэг үнэн шүү. Өнөөдөр харвааг хөгжүүлэхэд хийх юм их байна. Ядаж л Төв аймгийн бүх сумдыг эрийн гурван наадамтай болгох хэрэгтэй байна. Энэ тухай аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт оруулаад явж байгаа. Энэ жилийн хувьд гэхэд 5-6 суманд бэлтгэлийн хоёр нум, хасаа, сум өгөхөөр тусгасныг биеийн тамирынхаа газартай хамтран өгч эхэлсэн. Ямар ч гэсэн хэдэн жилийн дараа бүх сумд маань эрийн гурван наадамтай болчих болов уу. Мөн өөрийнхөө төрсөн нутаг Хэнтийн Дадал сумандаа жил болгон очиж сургалт явуулдаг уламжлалтай болоод байна. Удахгүй манайхан юм дуулганаа.
-Одоогоор Хэнтийгээс төрсөн мэргэн та л байна уу?
-Тийм ээ, одоогоор би л байна. Төрсөн нутаг Хэнтий, төрснөөс ялгаагүй суугуул нутаг Төв аймагтаа аль алинд нь өөрийн чадах зүйлээр хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг. Төрийнхөө их баяр наадмын сурын харваанд түрүүлчихээд унаж өссөн нутгийнхаа нэрийг гаргаж зогсох сайхан шүү дээ.
-Манайхан Солонгост болсон уламжлалт харваачдын тэмцээнээр урлагаар ч ширүүн өрсөлдөгчид гэдгээ харуулсан тухай дуулсан. Та урлагийн ямар нэг авьяастай юу?
-Монгол хүн болгон дуулдаг гэж боддог. Тэр утгаараа би ч өөрийнхөө хэмжээнд дуулнаа. Аав ээжийн дуунд илүү дуртай. Миний эжий аав одоо тэнгэрийн оронд бий. Би тэднийхээ дүрийг мартахгүй гэхдээ өглөө болгон сэтгэлдээ дүрслэн боддог.
-Таны хүүхэд нас Хэнтийн Дадалд өнгөрсөн үү. Тэр үеийг энд дурсвал сайхан болов уу?
-Тийм ээ. Энд сонирхуулахад би багадаа хурдан морины унаач охин явлаа. Таван настайгаасаа эхлээд дунд сургуулийн зургаадугаар анги хүртлээ морь унасан. Миний аав хурдан морь уядаг байсан юм. Гэхдээ одоотой адилгүй шүү дээ. Сумандаа л наадна. Аавын Холхгорын хурдан хээр гэж сумандаа нас бүртээ түрүүлж байсан хурдан хээр морь байж билээ.
-Хэр адтай унаач байсан болоо?
-Наадмаар зургаан нас болгоныг унана. Манайхаас уясан нас байхгүй бол өөрийн хүнийхийг бас унана. Унасан морьдоо айраг түрүүнд л хурдлуулдаг байсан болохоор уяачид тэрүүхэндээ булаацалдаж, хөөрхөн өрсөлдөөн болдог байлаа.
-Ээж, ааваасаа хэдүүлээ вэ?
-14-үүлээ.
-Олуулаа юмаа.  Ах дүүсээс чинь морь уяж, сур харвадаг хүмүүс бий юу?
-Ах нар маань нутагтаа морь уяцгаадаг. Харин дүү нарын хүүхдүүд сур харвацгаадаг. Энэ жил манай бага дүүгийн охин түрүүлсэн. Бас нөхрийн маань дүүгийн хүүхэд Отгонжаргал олон жил их сайн харваж байна. Сая наадмаар спортын мастер болсон байгаа.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээж байна.
-Сурын харвааг дэмжиж, тусалдаг Төв аймгийнхаа ард түмэнд баярлалаа. Мөн Хэнтий, Төв аймгийн зон олондоо энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна