Гүүг унагалсны дараах анхны нь ороон дээр хээлтүүлэгт оруулах нь хамгийн сайн

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 07 -нд

Ямар нэгэн шалтгаанаар үр бүрэлдээгүй /хээл тогтоогүй/ үед ч гүүний өндгөвчний хагарсан фолликулын байран дээр /хээл авсан үеийнхтэй адилаар/ хээлийн булчирхай үүсч, хөгжиж үйл ажиллагаагаа гүйцэтгэж эхэлнэ. Ингэснээр фолликулын хөгжил саатаж гүүний ороо орохгүй байдаг. Өөрөөр хэлбэл бэлгийн идэвхижлийн үе бэлгийн тайван үеэр солигддог. Гэвч өндгөн эс гадагшилсан цагаас хойш 10-15 хоноход хээлийн булчирхайн үйл ажиллагаа зогсож тэр булчирхай аажмаар урсан арилах ба фолликул дахин шинээр өсч хөгжиж эхэлнэ.
Тийнхүү үр бүрэлдэхгүй байгаа үед гүүний фолликул боловсрох ба өндгөн эс гадагшлах, ороо орох шинж тэмдэг илрэх явдал нь бусад төрлийн эмэгчин амьтныхтай нэгэн адил, тодорхой нэгэн хугацаанд тогтмол давтагдана. Бэлгийн идэвхижлийн үе /фолликул боловсрох, дур орох ба ороо орсны шинж тэмдэг илрэх үе/ нь бэлгийн тайван үеэс /хээлийн булчирхай үүсч хөгжих үеэр/ солигдоно. Гүүг унагалсны нь дараах үеийн анхны мөчлөгийн орооны үед хээлтүүлэгт оруулах явдал хамгийн үр ашигтай. Энэ бол гүүний хээлтэй явах үед их өссөн умайн эдийн зарим хэсэг урсаж ихээхэн хэмжээний шимт бодис цусанд ордогоор тайлбарлагдана. Иймээс гүүг унагалсны дараах анхны нь ороон дээр хээлтүүлэгт оруулах явдал хамгийн сайн болно.
Тэжээллэг маллагааны жирийн хангалттай нөхцөлд ихэнх гүүний ороо, унагалснаас нь хойш 8-10 өдрийн дараа, зарим гүүний ороо дөнгөж 5-7 өдрийн дараа тус тус ордог. Заримдаа гүүний ороо нэлээд хожим тухайлбал унагалснаас нь хойш 18-20 хоноход сая илэрдэг байна. Гүүний орооны үргэлжлэх хугацаа 2-12  хоног хүртэл байдаг боловч их төлөв 5-7 хоног үргэлжилнэ. Хэрэв үр бүрэлдэхгүй /хээл тогтохгүй/ бол дараагийн ороо нь 10-21 хоногийн дараа их төлөв 12-16 хоногийн дараа болно.
Нэг орооны эхнээс дараагийн ороо эхлэх хүртэл үргэлжлэх бэлгийн нэгэн мөчлөгийн хугацаа дундажаар 20-23 хоног боловч 12-33 хүртэл хоног ба түүнээс ч их хэлбэлзэлтэй байдаг. Гүүний бэлгийн мөчлөгийн илрэх байдал нь гадна орчны нөхцлөөс их шалтгаална. Гүүг тэжээх, арчилж маллах, ажилд эдлэх нөхцөл бол тэдгээрийн бие махбодийн ерөнхий байдал болон бэлгийн ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүдэг бөгөөд тэдгээр нөхцлийн нөлөөн дор гүүний бэлгийн мөчлөг үржил, үр төлийн чанар өөрчлөгдөж болно.
Тэжээллэг нэн их нөлөө үзүүлнэ. Хэрэв хангалттай хэмжээний чухал шаардлагат шимт бодим болон витамин бүхий жороор гүүг тэжээх юм бол фолликул нь жирийн журмаар сайн хөгжиж, дур орох ба ороо орсны шинж тэмдэг тодоор илэрдэг. Тийм нөхцөлд гүүний унагалалтын хувь дээшилнэ. Хангалтгүй бага ба нэн ялангуяа төгс чанаргүй тэжээх, чухал шаардагдах шимт бодис болон витаминыг тэжээлээр нь өгөхгүй бол гүүний бэлгийн үйл ажиллагаа хямардаг. Тухайлбал фолликулын хөгжилт удааширдаг, ороо нь тодорхой биш хугацаагаар /заримдаа хэдэн хоногоор/ сунжран үргэлжилдэг ба сулаар илэрдэг.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна