Дэд профессор Т.Сайполда: Нэгдүгээр үеийн эрлийз гаргаж авч байгааг үүлдрийн хэмжээнд ярьж болохгүй

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 05 -нд

"Нэг сар- Нэг сэдэв" булангийн  дараагийн зочин бол ХААИС-ийн багш, доктор, дэд профессор Т.Сайполда байлаа.

-Эрлийзжүүлэг гэж юу вэ? Үүнийг явуулахын тулд юуг анхаарах ёстой вэ?
-Малын үржлийн ажлыг цэвэр үүлдрийн үржүүлэг, эрлийзжүүлэг, эвцэлдүүлэг гэж ерөнхийдөө гурав ангилна. Эрлийзжүүлгийн арга  нь дотроо үүлдэр гаргах, цус шингээх, цус сэлбэх, соливцуулах, хэрэгцээний эрлийзжүүлэг гэж хуваагдана. Зорилгоосоо хамаарч эдгээр эрлийзжүүлгийн аргыг сонгож авдаг.  Цус шингээх эрлийзжүүлэг нь нутгийн үүлдрийг өндөр ашиг шимтэй завод үүлдрээр хэд хэдэн үе дамжуулан цус шингээж, эцэст цэвэр үүлдрийн мал буй болгоно. Харин цус сэлбэх эрлийзжүүлэг нь нэг үүлдрийн ашиг шим, бие цогцос, галбирын дутагдлыг өөр үүлдрийн тусламжтайгаар засаж сайжруулахад чиглэгдэнэ. Шинэ үүлдэр гаргах эрлийзжүүлэг нь бусад аргуудаас нэлээд төвөгтэй бөгөөд хоёр ба хэд хэдэн үүлдрийн үнэт чанарыг хослуулан хадгалсан адуу буй болгох явдал юм. Шинэ үүлдэр гаргах эрлийзжүүлэгт хоёр үүлдэр оролцсон бол энгийн, гурав ба түүнээс дээш үүлдэр оролцсон бол нийлмэл арга гэж нэрлэнэ.  Манай өнөөдрийн нөхцөлд гаднаас адуу оруулж ирээд нэгдүгээр үеийн эрлийз гаргаж авч байгааг үүлдрийн хэмжээнд ярьж болохгүй. Ер нь урьд урьдын туршлагаас харахад адууны  нэг үүлдрийг гаргаж авахад 20-50 жил зарцуулагддаг. Тэрнээс өнөөдрийнх шиг ганц хоёр жил болоод шинэ адуу бий болгочихлоо гэдэг арай өрөөсгөл ойлголт юм. Бизнесменүүд, адуу сонирхогчид өөрийн хөрөнгөөр төрөлжүүлсэн  үүлдрийн  адуу оруулж ирж байгаа нь сайшаалтай хэрэг  ч энд анхаарах асуудал байна. Адуу сонгож худалдан  авахдаа гарал үүсэл, ашиг шимт байдлын тухай үржлийн бүртгэлээс нь харж,  цэвэр үүлдрийн,  баталгаажсан адууг оруулж ирэхээс биш нэгдүгээр үеийн эрлийз ч юм уу, хэрэгцээний чанартай адууг оруулж ирж болохгүй. Өөрөөр хэлбэл үржлийн чанарын хувьд баталгаажсан байх ёстой. Хоёрдугаарт, эрүүл чийрэг, өвчин эмгэггүй гэдэг нь баталгаатай мал байх ёстой юм. Тэгэхгүй бол янз бүрийн адууны халдварт болон халдваргүй өвчнүүд байж болохыг  анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас гадаадын цэвэр үүлдрийн адууг оруулж ирэхэд арчилгаа маллагаа маш их шаардлагатай. Энэ өндөр шаардлагыг хангахгүйгээр адууг цэврээр нь байлгана гэвэл бас л хэцүү болно. Яагаад гэвэл тухайн тэжээллэг, эрүүл ахуйн орчин байхгүйгээс болоод янз бүрийн өвчинд нэрвэгдэх асуудал гарах жишээний. Ер нь гаднаас ирж байгаа адуунууд их эмзэг шүү дээ. Жишээлбэл, Английн цэвэр цусны адууны цусны өвчин гарлаа гэх юм. Энэ өвчин нь адуундаа нууц байдлаар байх бөгөөд арчилгаа маллагааны нөхцөл муудсан тохиолдолд илрээд гараад ирдэг. Ер нь эрлийзжүүлгийн ажил явуулахдаа тодорхой зорилго тавих ёстой. Үүнд хурдны адуу, хатирч адуу, жороо адууны алийг нь гаргаж авах уу, эсвэл аль нэг үүлдрийн үнэт чанарыг шингээх үү, эсвэл ямар нэг дутагдлыг засах уу  гэдгээ тодорхойлоод зорилгын дагуу  эрлийзжүүлэг явуулж  болно. Гэхдээ эндээс гаргаж авсан нэгдүгээр үеийн эрлийз болгон хурдан ч юм уу, хатирч байхгүй. Сайн чанарыг нь өвлөсөн нэг хэсэг байхад зарим чанар нь дутмаг адуу ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Иймээс үржилд оруулах адуугаа  шилж  сонгон авч, тэнцэхгүй хэсгийг үржлээс хасаж байх  нь зүйтэй гэж хэлмээр байна. Манайд хөдөө аж ахуйг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд Монгол адууны удмын санг хамгаалах асуудлыг гол болгоод хязгаарлагдмал хүрээнд эрлийзжүүлгийг явуулж болно гэж заасан байгаа. Иймд адууны эрлийзжүүлгийг мэргэжлийн байгууллагын хяналтын дор, хязгаарлагдмал хүрээнд хийх нь зүйтэй. 
-Эрлийз болгон сайн байхгүй нь ээ. Гэхдээ харж байхад эрлийзүүд хурдан л байна шүү дээ.
-Эрлийз адуу  хурдлах чадвартай байгаа нь биологийн хуулиар нэгдүгээр үеийн эрлийзэд гетерозис  чанар илүү илэрдэгт байгаа юм. Жишээлбэл, адуун дээр хурдлах чадварыг ярьж байна. Махны хонь, үхэр дээр ярихад махан ашиг шим тод илэрнэ гэсэн утга. Ийм  биологийн хуультай. Жишээлбэл, нэгдүгээр үеийн эрлийз бол дараагийн үед эрлийзжүүлэхэд хурдлах чадвар нь  муу байх тохиолдол  байна. Тийм учраас үүнийг тогтворжуулахын тулд үржлийн ажлыг төлөвлөгөөтэй зохион байгуулах  хэрэгтэй болж байгаа юм. Зарим тохиолдолд  адуун дээр төрлийн үржүүлгийг  хэрэглэдэг тал бий. Өөрөөр хэлбэл ашигтай шинж чанарыг батжуулахын тулд нэг удаа,  хавтгайруулахгүйгээр  хэрэглэдэг түүх бий. Тухайлбал;  Орловын хатирч үүлдрийг буй  болгоход шийдвэрлэх нөлөө үзүүлсэн “Барс-1” удам үүсгэгчийг гаргаж авахад төрлийн нийлүүлгийг ашиглаж байсан.   Мэдээж мэргэжлийн хүний хяналтан дор хийнэ.  Түүнээс гадна  эрлийз адуу нь бага насанд хурдлах чадвар сайтай байдаг ба нас ахиад ирэхэд энэ чанар нь буурдаг байна.
-Монгол гүүг цэвэр англи азаргаар гишгүүллээ. Тэгвэл гарсан нэгдүгээр үеийн англи азарганы цус хэдэн үе дамжиж байж алга болох вэ?
-Англи азарга, монгол гүү хоёрыг эрлийзжүүлэхэд нэгдүгээр үеийн эрлийз гарна. Гарсан унага нь 50:50 хувийн цустай байна. Энэхүү гарсан төлийн охин унагыг үржилд гарах үед  өөр англи азаргатай эрлийзжүүлээд гарсан төл нь хоёрдугаар үеийн эрлийз өөрөөр хэлбэл  монгол цус нь 25, англи цус нь 75 хувь байна. Монгол цусны хувь багасаад явна. Гэхдээ бүрмөсөн алга болохгүй.  Эрлийзжүүлгийн ажлыг цааш нь үргэлжлүүлж явуулж болно эсвэл эрлийзүүдийг  өөр дотор нь үржүүлж болно. Цус шингээх эрлийзжүүлэг явуулахад тавдугаар үеэс цэвэр цусныхад дөхөж очдог гэж үздэг. Тавьсан зорилгоос өөрөөр хэлбэл ямар эрлийзжүүлгийн аргыг сонгохоос хамаарч хэдэн үе хүртэл явуулахыг мэргэжлийн  хүн өрөө сонголтоо хийнэ. Эрлийзжүүлгийг гурав, дөрөв, тавдугаар үе хүртэл явуулж болно. Гарсан адууны ямар нэг шинж чанар дутмаг байвал түүнийг засах чиглэлээр цус сэлбэх эрлийзжүүлэгт өөр үүлдэр, хэвшлийн азарга, гүүг ашиглаж  болдог.  Адуун дээр бол цус нь холдох тусмаа сайн гэдэг юм.
-Цусанд нь оруулаад байгаа тухай хүмүүс их ярьдаг. Энэ цус ойртолт болохгүй юу?
 -Адуучин хүн, үржүүлэг явуулж байгаа хүн адуугаа сайн мэдэж байгаа шүү дээ. Тийм болохоор дотор нь хамаатан садантай нь нийлүүлээд байхгүй.Бусад малыг бодоход адууны гарваль тодорхой байдаг.  Монгол азарга ч үр төлөө гишгэхгүй, сүргээс хасдаг зөн билэгтэй. Үүлдэр дотор нь гурваас доошгүй удам, зургаагаас доошгүй бүл байх ёстой. Тэгж байж үүлдэр болдог. Гүүний тоо гурван мянга хүрч байж энэ шаардлагыг хангана. Манай малчид үрээ, байдасыг үржилд  шилэн сонгож, аль болох холоос солилцож тавих талаар арвин туршлагатай.  Удам гэдэг нь үржлийн чанар, ашиг шимээрээ шалгарсан удам үүсгэгч тодорхой хээлтэгч, хээлтүүлэгчээс үүсч гарсан бүлэг малыг хэлнэ. Жишээлбэл, Эрдэнэчулууны шарга, Маарын хээр хурдан азарганаас өөрөөр хэлбэл удам үүсгэгчээс  гаралтай бүлэг адууг удам гэж ойлгож болно.  Цэвэр үүлдрийн үржүүлгийн арга нь шилэн сонголт, тохируулан сонголт, удам дагуулан үржүүлэх аргуудаар хэрэгжиж  байж үүлдэр хадгалагдах ёстой. Тэгэхгүй бол чиний хэлж байгаа төрлийн цус ойртох асуудал гарахыг үгүйсгэхгүй.  Тийм учраас ялгаатай тохируулан сонголт,  удам хооронд соливцуулан үржүүлэг аргуудыг  хэрэглэх, азаргаа аль болох холоос шилэн  сонгож тавих нь зүйтэй.
-Эрлийзжүүлэгийн сөрөг талууд гэж бий юу?
-Эрлийзжүүлгийн сөрөг тал нь монгол адууны гайхамшигт чанаруудыг алдаж болох аюултай. Иймээс үүнийг эрх зүйн баримт бичигт тусган хэрэгжүүлж байна. Монгол адууны хамгийн гол үнэт чанар болох эрс тэс, хатуу ширүүн, уур амьсгалтай нөхцөлд тарга хүчээ төдийлэн алдахгүйгээр онд орж, ашиг шимээ өгдөг өөрөөр хэлбэл тэсвэрлэх чадвар өндөр байх явдал юм. Нэгдүгээр үеийн эрлийзэд эдгээр чанар нь 50 хувьтай байдаг. Үржлийн ажлын зорилгоосоо хамаарч цаашид хэдэн үе хүртэл үржүүлэхийг шийдвэрлэдэг. Эрлийзжүүлгийн тодорхой  үеэс  буцаах эрлийзжүүлэг явуулж монгол азаргаар хээлтүүлэг явуулж болно. Энэ нь монгол адууны үнэт чанаруудыг тухайн эрлийз адуунд тодорхой хэмжээгээр шингээж хадгалах ач холбогдолтой.
 -Хурд тал руу нь түлхүү анхаарахаад байхаар монгол адууны төрөлх зөн билэг гээгдээд байна гэж ярьдаг? Тийм байж болох уу?
-Малыг ашиг шимийн нэг чиглэлээр дагнан  шилэн сонгож үржүүлэх нь тэр малын бие нь эмзэгшиж ашиг шим нь буурах байдалд хүргэдэг биологийн хуультай. Монгол адуу сүргээ хамгаалах, үр төлөө гишгэхгүй байх, үр төлөө сүргээс хасах, алсаас гүйж ирэх зэрэг төрөлхийн зөн билэг нь бусад үүлдрийн адуунаас илүү хөгжсөн байдаг. Тухайлбал, Вьетнамаас хүртэл адуу гүйж ирсэн   түүхэн баримт  бий. Энэ бол Монгол адууны гайхамшигт чанар, зөн билэг юм. Тэгэхээр Монгол адууг цэврээр үржүүлэх, удмын санг хамгаалах асуудлыг нэгдүгээрт тавь гэж байгаа маань үүнтэй  холбоотой. Энэ чанарыг алдаж болохгүй. Эрлийзжүүлгийн  явцад энэ чанарууд алга болохыг үгүйсгэхгүй. Үүний тулд адуу өсгөн үржүүлэгчид  монгол адууны энэ чанарыг өвлүүлж,  гадаад адууны хурдлах чадвар, бусад шинжийг  хадгалсан тийм л адууг гаргах зорилго тавин ажиллавал дэлхийн хол, ойрын уралдаан тэмцээнд монголын цустай адууг оролцуулах, амжилт үзүүлэх боломжтой.
-Та гурван мянган гүүтэй байж үүлдэр үүсгэнэ гэж ярилаа. Одоогийн нөхцөлд 150-200 гүүтэй айл гэхэд үүнийг яаж хийх ёстой вэ?
-150, 200 адуутай айл өрх Монгол үүлдрийн адууг л үржүүлж байгаа шүү дээ. Адуугаа эрлийзжүүлснээр айл болгон үүлдэр гаргана гэж ойлгож болохгүй. Эрлийзжүүлгийг таслан зогсоох арга байхгүй. 200 адуутай хүн сонирхвол адуундаа эрлийзжүүлэг  явуулж л байг. Гэхдээ заавал мэргэжлийн байгууллага, мэргэжилтний хяналтын дор эрлийзжүүлгийн ажлыг явуулж байж үр дүнд хүрнэ. Үүлдэр гэдэг чинь хамгийн том нь. Монгол үүлдэр гэж ганцхан үүлдэр байгаа  ба дотроо Галшар, Тэс, Дархад  омгууд  байна. Үүлдэр дотроо үүлдрийн хэсэг, үржлийн хэсэг, омог, хэвшлийн мал байж болдог.  
-Нэгэнт үржлийн асуудал ярьж байгаа болохоор энд азарга, гүүний тохироо гэдэг маш чухал байх ёстой. Азарга гүүний тохироог яаж хийх ёстой вэ?
-Азарга, гүүний тохироо маш чухал. Ердийн хээлтүүлгийн үед нэг азарганд  15-20 гүү ногдоно. Үүнээс хурдан хурц, уядаг сойдог азарга байвал арай цөөхөн гүү хураалгана. Олонх нь 5, дээд тал нь 10 хүртэл  гүү хураалгадаг.  Харин хээлтрүүлэг дотроо ердийн, гардан, зохиомол гэж хуваагдана. Гардан хээлтүүлгийн үед нэг азарганд 40-50 гүү, хашаалан хээлтүүлгийн үед 30-35 гүү ногдуулна. Шилэн сонголт хийсний дараа азаргад гүү оноож тохируулан сонголт хийнэ. Тохируулан сонголтын үндсэн зарчим бол  азарга нь гүүнээсээ ямагт давуу чанартай байх явдал юм.
-Сонголт хийгээд хээлтүүүлэг явуулаад унага төрлөө. Гарсан унаганд эх эцгийн аль тал нь давамгай байх уу?
-Адуун дээр эх талаа илүү дуурайдаг гэж ярьдаг. Шинжлэх ухаанаар бүх малд ерөнхий нэг зарчим байна. Эцэг, эх нь аль аль сайн байж сайн төл гарна. Эрлийзжүүлгийн явцад гарсан төлийн арчилгаа, маллагаа, тэжээллэгийн нөхцөлийг сайн хангаж байж удамшлын нөөц нь илэрдэг. Хичнээн сайн азарга, гүүнээс гарсан эрлийз унага нь энэхүү нөхцлийг хангахгүй бол биеийн өсөлт, хөгжилт дутмаг болж улмаар  хурдлах чадварт нь нөлөөлдөг.
-Монгол адууны дундаж наслалт  хэд байдаг вэ. Хөвсгөлд 33-34 хүрсэн адуу байсан тухай сонсож байсан юм байна?
-Биологийн нас болон үржлийн нас гэж байна. Монгол үүлдрийн азаргыг  15-16 жил, гүүг 17-18 жил үржилд ашиглах боломжтой гэж үздэг. Нутгийн шилдэг сайн гүү 20 гаруй жил үржилд ашиглагдаж, үр төлөө өгч байсан тохиолдол цөөнгүй.  Тэрнээс хойш болоод ирэхээрээ  үржлийн чанар мууддаг тал бий.  Харин биологийн нас бол 25-30. Заримдаа 40 шахсан  сэтэрлэсэн адуу байх нь бий.
-Эрлийз адууны хувьд наслалт адилхан уу?
-Цэвэр үүлдрийн болон эрлийз адууны наслалт нь харьцангуй өндөр юм. Гэвч үүлдрийн онцлогоос болж янз бүр байдаг. Жишээлбэл, уналга ба хатирч үүлдрийн адууг 18-20, хүнд ачааны үүлдрийг 15-16 жил үржилд ашиглах боломжтой гэж үздэг. Харин Орловын хатирч үүлдрийн гүүг 25-28 жил үржилд ашиглаж байсан мэдээлэл байна.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна