Доктор Б.Биньеэ: Адууны шинэ үүлдрийг гаргахад нэг хүний амьдралын нас хүрэлцэхгүй

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 01 -нд

 “Тод магнай” сайт энэ сарыг адууны үржил селекци, эрлийзжүүлгийн сар болгон зарлаж байна. Өөрөөр хэлбэл энэ сэдвээр эрдэмтэн мэргэд, адуу судлаачид, морины зүтгэлтнүүд уяачидтай уулзаж ярилцах юм.  Энэ ярилцлагын ширээнээ эрхэм уншигч таныг ч бид урьж байна. Та бүхэн энэ сэдвээр хэнтэй ярилцаж болох,  танд ямар асуулт байгаа болон санал хүсэлтээ todmagnai@ymail.com хаягаар болон редакцийн 9509-2992, 9405-2992 дугаарт холбогдон илгээж болох юм. 

Энэ удаад бид доктор Б.Биньеэтэй ярилцсанаа хүргэж байна.

-Адууны эрлийзжүүлгийн ажлыг явуулахад юу юуг анхаарах ёстой вэ?

-Дэлхий дээр 250 гаруй үүлдрийн адуу бий. Үүний нэг монгол адуу нь ардын сонгон үржүүлгийн олон мянган жилийн ажлын үр дүнд байгаль экологийн нөхцөлдөө дасан зохицсон, онцгой чанартай үүлдэр болжээ. Монгол адууг  үүлдрээр батлах үед Тэс, Галшар, Дархад адуу омгоор баталгаажсан болно.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн эдийн засгийн тогтолцооны үед адуун завод буюу морин завод гэж байлаа. Энд гадаадаас өөр үүлдрийн адууг авчирч монгол адуутай эрлийзжүүлэх ажил тодорхой хугацаанд хийгдэж байсан. Дараа нь морин тойруулга энэ чиглэлээр үйл ажиллагаа үргэлжлүүлсэн бөгөөд 1970-80-аад оны үед Улсын наадамд тойруулгын адуу дээгүүр давхих болсноор хүмүүс эрлийзжүүлэг явуулж хурд төрөх юм байна гэсэн ерөнхий ойлголттой болсон. Тэрнээс хойш Монголд эрлийз адуунууд бий болсон.
Харин  ерээд оноос хойш хурдан морь сонирхогчдын тоо олширч, энэ нь бизнес тал руугаа ороод ирлээ. Тиймдээ ч хүмүүс гадна дотноос янз бүрийн цэвэр цусны болон эрлийз адуу оруулж ирж эрлийзжүүлэг явуулах болсон.  Харамсалтай нь гаднаас нэг азарга авчраад нийлүүлэгт ашиглаж гарсан төл нь жаахан гайгүй давхиад ирэхээр “Шинэ монгол адуу” бий болчихлоо, “Их хангайн адуу” гарлаа гэх мэтээр зарим хүмүүс ярих юм. Энэ бол буруу. Адууны шинэ үүлдрийг гаргахад нэг хүний амьдралын нас хүрэлцэхгүй. Энэ бол үе дамжин, доод тал нь 40-50, дээд тал нь 100 жил болж байж гардаг зүйл. Нөгөө талаас гаднаас адуу оруулж ирж, адуугаа сайжруулах гэж байгаа бол заавал мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авч шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах хэрэгтэй шүү. Тухайн адууны удам гарвалын бүртгэл,  эцэг, эхийн тухай мэдээлэл, хэддүгээр үеийн төл юм гэхчилэн  бүртгэл судалгааны үндсэн дээр сая адууны үржлийн ажил сайжирч явах ёстой.

-Шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах ёстой гэлээ. Үүнийгээ тодруулна уу?

-Энд олон юм бий. Зүгээр л нэг азарга харайлгаад боллоо гэсэн үг биш шүү дээ. Ямар гүүн дээр ямар ашиг шимтэй, ямар бие галбиртай азарга гишгүүлэх  вэ? гэхээс эхлээд дээр хэлсэн удам гарвалын бүртгэлийг харж урьдаас төлөвлөн тооцоолно гэсэн үг. Жишээ нь адууны хурдлах чадварыг нэмэгдүүлэхийн тулд эх эцгийнх нь  энэ төрлийн үзүүлэлтийг үндэслэн удамшлын шинж чанарыг судалсны үндсэн дээр гарсан төл нь  ийм чадвартай байх гэдгийг урьдчилан тооцоолох учиртай. Бие галбирын хувьд ч аль талынх нь давуу талыг түлхүү гаргаж болох уу гэх мэт. Тэрнээс зүгээр л нэг азарга авчраад харайлгаад байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон үржүүлэг гэхгүй. Энэ асуудал гадаад орнуудад маш нарийн болсон байдаг. Адууны үржлийн ном гэж байдаг. Энэ нь ургийн бичиг л гэсэн үг шүү дээ.
Хар ухаанаар бодоход монгол адууг, гадны нэг үүлдрийн адуутай эрлийзжүүлэхэд 50:50 хувийн цустай унага төрнө. Тэгэхээр 50:50 хувийн цустай нэгдүгээр үе буюу гетрозис гэж юм гардаг. Гетрозисийн давамгай чанар гэдэг нь нэгдүгээр үедээ эцэг, эхийнхээ аль аль давуу чанарыг удамшин авсан байдаг болохоор сайн давхих жишээтэй юм. Тэгвэл дахиад нэгдүгээр үеэсээ хоёр, гуравдугаар үе рүүгээ ороод ирэх юм бол урьдаас төлөвлөсөн шинжлэх ухааны үндэстэй сонгон үржүүлэг хийхгүй бол чанар нь муудаж, дорддог.

-Өнөөдөр хоёрдугаар үе дээр нь хаа сайгүй л эрлийзжүүлэлт хийж байгаа. Энэ үед аль тал руу нь татах ёстой юм бэ?
-Үүнийг та бид хоёр энэ өрөөнөөс хэлэх боломжгүй. Тухайн адуугаа харж байгаад эхийн талаас уу, эцгийн талаас татах уу гэдгийг мэргэжлийн хүн хийдэг юм. Тэрнээс эндээс харанхуй бүдүүлгээр тааж хэлж ерөөсөө болохгүй. Тийм учраас л шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн хүний туслалцаа ав гэж зөвлөөд байгаа юм шүү дээ. Эрлийзжүүлэг нь таван янз байна. Үүнээс жишээ нь цус шингээх эрлийзжүүлэг гэвэл монгол адууг зөвхөн цэвэр цусны азаргаараа гишгүүлсээр яваад бүх цус нь монгол адуундаа шингэнэ. Мөн цус солилцуулах, хэрэгцээний эрлийзжүүлэг гэхчилэн явна. Энэ тухай ярих юм бол олон цагийн хичээл болох байхаа. Их өргөн сэдэв байгаа юм.
-Эрлийзжүүлгийг явуулснаар монгол адууг генетикийн хувьд өөрчлөгдөх үү?
-Өөрчлөгдөхгүй. Хэдэн адуу авчраад эрлийзжүүлээд монгол адууны генетик алдагдана гэж байхгүй. Гэхдээ мэргэжлийн хяналтан дор явуулахгүй бол сүүлд ньудам гарвал нь тодорхойгүй нэг эрлийз азарга энд тэнд аваачаад, тэр нь адууны чанарыг сайжруулах биш, бүр муутгах асуудал бий. Би ярианы эхэнд хэлсэн дээ. Гаднаас адуу авчирч адуугаа сайжруулахыг бол хорихгүй ээ гэж. 2.5 сая адуу байхад чинь 20 мянган эрлийз адуу байлаа гэхэд нэг их сүйд болоод байх юм байхгүй. Манайхан чинь туйлшрах дуртай улс шүү дээ. Нэг бол ерөөсөө болохгүй, монгол адууны генефондыг алдагдуулна, үүн шиг хэрэггүй юм байхгүй гэнэ.  Нөгөө нь монгол адуугаа сайжруулах шаардлагатай гээд л туйлшраад байх юм. Хийж болно. Гол нь хийхдээ нэгдүгээрт хязгаарлагдмал хүрээнд, хоёрдугаарт заавал мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсийн хяналтанд хийх ёстой л гэж хэлнэ.
-Ер нь адууны чанар чансааг сайжруулахын тулд үржлийн ажлаас гадна өөр юун дээр нь анхаарах ёстой вэ?
-Арчилгаа маллагаа, технологи гэж юм байх ёстой. Хичнээн сайн азарга авчирч тавиад зохих журмынх нь  дагуу тэжээл, байр, арчилгааны нөхцлөөр хангаж, дасгал сургуулилт хийхгүй бол амжилт гарахгүй шүүдээ.
-Ажлаар хөдөөгүүр явж байхад гурав дөрөвдүгээр үед нь буцаж цусанд нь оруулсан тухай ярихыг олонтаа сонсож байлаа. Уг нь цусыг нь холдуулж байж адуу сайжирна гэдэг биз дээ?
-Шинжлэх ухаанд цусан төрлийг зарим үед тодорхой үе шатан дээр сэлбэн ойртуулдаг тал бий. Тодорхой хугацаанд ямар нэгэн давуу чанарыг нь улам бататгахын тулд нэг удаадаа тийм арга хэмжээ авч болно. Гэхдээ тохиолдлоор сайн адуу гарч, хүмүүс ингэхээр сайн байдаг юм байна гэж бодоод байгаа байх л даа. Харамсалтай нь бүгд тийм байна гэж байхгүй.
-Ер нь эрлийзжүүлгийн ажилд холбогдох газруудаас хяналт тавьж, заавар зөвлөгөө өгөх боломжтой юу?
 -Монгол малын үржлийн ажлын стратеги гэж бий. Гэхдээ өнөөдөр яам, төрийн байгууллага хүний хувийн өмчид дур мэдэн оролцохгүй л дээ.  Гадаад орны хувьд үүлдрийн зөвлөл гэж байдаг юм. Түүнтэй адил “Монгол адууны үүлдрийн зөвлөл”  гэж  төрийн бус байгууллага байж болно. Жишээлбэл, эрлийзжүүлэг явуулах гэж байгаа хүмүүс гаднаас азарга авчрахдаа тусгай зөвшөөрөл авдаг. Зөвшөөрлийг нь тэр төрийн бус байгууллага өгдөг, бас хяналт тавьдаг, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг байх гээд л.  Мэдээж бас бүх бүртгэлийг явуулна. Тэнд төчнөөн тооны тийм адуу байна, тэнд тийм үүлдрийн азарга байна, энэ жилийнх нь төл нь ийм байдлаар өсөж байна гэхчилэн үүлдрийн зөвлөлөөр дамжигдаад, дахиад гаднаас азарга оруулах уу, үгүй юу гэдгийг тэд хэлж байх ёстой юм. Харамсалтай нь манайд тийм юм алга. Гэхдээ энэ бас их зовлонтой. Шууд төр үүлдрийн зөвлөл гээд байгуулчих юм бол жинхэнэ сонгодог утга  алдагдчих гээд байгаа юм. Харин уяачдын холбоо, адууны чиглэлээр ажилладаг эрдэмтэд, уяачид, малчдын бүрэлдэхүүнтэй байгуулаад төрөөсөө дэмжлэг аваад явж болох юм. Энэ талаар бид саналаа боловсруулчихсан байгаа.
-Өнөөдөр монгол адууны стандартыг шинэчлэн тогтоох хэрэгтэй тухай хүмүүс яриад байгаа. Энд та ямар хариулт өгөх вэ?
-Шинэчлэн тогтоож яах юм. Эрлийз адуугаа нэмж, монгол адууны стандартыг тогтоох ямар ч шаардлагагүй. Одоо мөрдөгдөж байгаа монгол адууны стандартыг 2001 онд баталсан санагдаж байна. Тэгэхээр аравхан жилийн дотор стандарт өөрчлөх шаардлагагүй.
-Аль ч уралдаан дээр эрлийз адууг монгол адууг ялгах тал дээр маргаан гардаг. Үүнийг яавал гаргахгүй байж болох вэ?
- Уг нь энэ бол тийм хэцүү зүйл биш. Харахад л тэмээ, ямаа хоёр шиг ялгаатай шүү дээ.  Мэргэжлийн хүмүүс харахад Галсан мээрэнгийн хатан гэдэг чинь шал ондоо гэдэг шиг хараад л ойлгомжтой зүйл энэ бол. 

-Ярилцсанд баярлалаа.

А.Мөнх


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна