Хорьдугаар зууны Манлай хүлгэдийн өлгий-Баянжаргалан

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 23 -нд

Усан могой жилийг амжилт, бүтээлээр дүүрэн үдэж буй нэгэн хамт олныг “Холбоод” буландаа урилаа. Энэ бол Төв аймгийн Баянжаргалан сумын “Нялгын хурд” МСУХ-ныхон  юм. Удирдлага зохион байгуулалтын шинэчлэлт хийсэн  тус холбооныхон сумынхаа 90 жилийн ойг олон бүтээлч ажлаар угтжээ. Ингээд морины зүтгэлтнүүд та бүхэндээ тус холбооны танилцуулгыг, тэргүүний ярилцлагын хамт хүргэе.
Удам, угсаа
1240 оны цагаан хулгана жил туурвигдсан түүх соёлын үнэт өв "Монголын нууц товчоон"-нд Бодончир боржигон овогтон болов" хэмээсэн байдаг. Бодончирын удмаас  Тэмүүжин  төрж, түүний хөвгүүдийн угсааг Боржигон овогт, Хиад  ястан хэмээн нэрийдэх болсон нь түүхийн шарласан хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Халхын Сэцэн Хан аймгийн Боржигон Сэцэн Вангийн хошууг захирч асан ноёдын удам угсаа бол Алтан ургийн 27-р үе Батмөнх Даян хааны хөвгүүн Гэрсэнз Жалайр Хунтайж, түүний хүү Маха Самади Гэгээн Сэцэн хан Шолойн 11 хөвгүүдээс үе удамтай хэмээдэг.
Сэцэн хан Шолойн 8-р хүү Бадамдаш Далай хун тайж, түүний хүү Дамбадаш Далай хун тайж, түүний хүү засаг төрийн Эрх бэйл  Цэвдэн 1691онд халхын дорно замын баруун гарын дундад хошууны ноёнд өргөмжлөгджээ. Хошуу ноён Цэвдэнгээс  үе залгамжлан Жүн  ван Гомбосүрэнг  хүртэл Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошууны түүх 300 гаруй жил үргэлжилж, 10 ноёны нүүр үзсэн байх агаад сүүлчийн  ноён Жүн ван Гомбосүрэн нь 1908 оноос 1923 он хүртэл тус хошууг захирсан байдаг. Нялга, Баянжаргаланчууд бол Боржигон хошууныхан билээ. Энэхүү хошуунд  Боржигоны богино хөлт адуу үүссэн нь цаг хугацааны хувьд  “Галшар” адуу бий болохтой таардаг бөгөөд хүчтэй өрсөлдөгч нь байсан хэмээдэг. Боржигон адуу үүсэхэд хошууны  ноён Сэцэн бэйс Цэрэнсэндив, Жүн ван гүн Гомбосүрэн,  нэрт хүлэгч Ононмөр хаван гээд олон хүний ур ухаан, хүч хөдөлмөр хөрөнгөө зориулсан аж. Түүнчлэн Нялга, Баянжаргалангийн нутаг бол Их эзэн Чингэс хааны адуун сүргийн нутаг байсан гэдэг ам домог ч бий. Магадгүй тиймээс ч Нялга, Баянжаргалангийн уяачид өөрийн хийморийн зүг мориныхоо  уяаг  босгон, салхин дээд талдаа морьдоо уях,  уях морьдыг алсын зөөлөн уяагаар уях, хөх ногооны шимээр тарга хүчийг тааруулах зэрэг уяаны нарийн дэг ёсыг сахидаг бизээ. Түүнчлэн энэ нутгиййн уяачид хурдан морины уяанд  үхэр мал ойртуулах, чөдөр тавих,  унаач хүүхэд уяан дээр ташуураар газар ороолгох, агаарт хий эргүүлэх зэргийг цээрлэж уяа морины сэтгэл дэнсэлж,  хоол гэдэс нь хөдөлгөдөг хэмээн үзэх нь бий.
Шинэ цагийн засаг төр үүсч, хошуудыг сум болгон өөрчлөхөд Адууны цог хийморийн  "Нялга"  уулаараа нэрлэгдсэн  "Нялга" сум  1923 онд   16 арван, 154 өрх, 633 хүн ам, 32 мянган малтайгаар үүсгэн байгуулагджээ.Тухайн үеийн нийгмийн байгуулалт, цаг үеэс хамаарч  Нялга сум нь татан буугдаж, Баян-Эрхтий уулынхаа "Баян"-г, Жаргалант  уулынхаа "Жаргалан"-гаар овоглон  1960 онд Баянжаргалан  сум "Баясгалант" уулын  энгэрт дахин байгуулагдсан гэдэг. 
ММСУХ голомтоо бадраасан нутаг
Шүтлэгт уулсаараа нэрийдсэн Баянжаргалан  сум хэзээнээсээ хүлэг морины адис жанлавтай, хийморь шингэсэн нутаг. Өдгөө монголын хамгийн том төрийн бус байгууллага болтлоо өргөжин тэлсэн ММСУХ тэртээ 1995 онд энэ л нутагт  голомтоо бадрааж байсан бахдам түүх бий. Тус сумын унаган хүү Галын Баттөмөрийн санаачилгаар 1995 онд "Сайн хөөт"-д өвөлжиж байсан Галын бага хүү  Шагдарын адууны отрын бор гэрт Монголын Морин Спорт, Уяачдын Холбоог үүсгэн байгуулсан түүхтэй. Харин Баянжаргалан сумын Морин Спорт, Уяачдын Холбоог 1998 онд сумын Алдарт уяач Жамбалпэрэнлэйн Доржпүрэв санаачлан бий болгож, тэргүүнээр нь Гончигравжаагийн Дүүрэн, нарийн бичгийн даргаар Жамбалпэрэнлэйн Доржпүрэв нар сонгогдож байжээ. Түүнээс хойш 15 жилийн дараа буюу 2013 онд сумын МСУХ удирдлага зохион байгуулалтын  шинэчлэл хийж, тэргүүнээр нь Гүрийн Бямбадорж, нарийн бичгийн даргаар  нь Б.Цогтгэрэл, тэргүүлэгч гишүүдээр И.Нямсүрэн, Ш.Баттулга, С.Батсайхан Б.Мөнхпүрэв, З.Болдбаяр, Б.Батмөнх нар сонгогдон ажиллаж байна. Түүнчлэн тал талын найман усны адуу дэрлэж хонодог "Нялга" уулаа дээдлэн,басхүү нутгийн хурдан хурц хүлгэдээ тодотгон сумынхаа МСУХ-г  "Нялгын хурд" хэмээн нэрийдэхээр шийдвэрлэсэн аж.
Баянжаргаланчуудын бахархалт
Төрийн наадмаас 15 түрүү, 27 айраг хүртжээ
-Нялга, Баянжаргалангийн удамт хурдан хүлгэдээс 15 шандаст ажнай төрийнхөө их баяр цэнгэлд түрүүлж,  27  хурдан буян айрагдаж, бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, 18 айраг хүртээд байна.
-Улс хувьсгалын 38 жилийн ойн их баяр цэнгэл наадамд Нялга сумын уяачид онцгой сайхан наадаж, Залуугийн Даваанэрэнгийн алдарт хүрэн халзан азарга түрүүлж,  Галын хүрэн морь улсын наадмын гурав дахь түрүүгээ хүртсэн бол Нялга сумын уяач Дашийн Жагдагийн буурал хязаалан   мөн л тод магнай торгон жолоогоо өргүүлэн магнайлж, Нялгачууд улсын наадмын гурван түрүүг авч байжээ. Мөн  олноо "Дулаан" хэмээн алдаршсан Жанцангийн Дамдинжав уяачийн хонгор халзан даага айргийн дөрөвт, Гомбын Жагдагийн/депутат/ шарга даага айргийн тавд тус тус хурдалсан байдаг.
XX зууны Манлай азарга, их морь нэгэн довноос...
1952,1955,1959,1961 онуудын улсын баяр наадамд түрүүлж, 1953, 1960, 1963 онуудад айрагдаж  байсан Төв аймгийн Нялга сумын уугуул, З.Даваанэрэнгийн хүрэн халзан азарга XX зууны манлай азаргануудын нэгээр нэрлэгдснийг уншигчид санаж буй бизээ. Түүнчлэн 1956, 1958,1959 оны улсын наадамд түрүүлж, 1957 онд аман хүзүүдэн 20-р зууны манлай таван их насны  морьдын дөрөвт эрэмблэгдсэн “Засаг төрийн зандан ширээ” буюу тус сумын уугуул Д.Галын  хүрэн морийг мэдэхгүй хүн байхгүй бизээ. Ийнхүү XX зууны Манлай азарга, их насны морь нэгэн довноос тодорсон  нь эрхгүй онцлох сэдэв билээ. Дашрамд сонирхуулахад Д.Галын төрсөн дүү Д.Гэлэгсамдангийн хээр азарга соёолондоо буюу 1956 онд улсын наадамд аман хүзүүдэж, 1957 онд алдарт Шийтэрийн зээрд азаргыг дийлэн түрүүлж, 1960 онд айргийн гуравт хурдалж байсан билээ.
Төрийн наадмын хишигт дөрвөн  үеийн эрдэмт уяачид
Монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан  Донойдоон үр садаараа Баянжаргаланчууд цаг ямагт бахархан байдаг. АХ-ын 12 жилийн ой буюу 1933 онд Нялга сумын  уяач Нэрьюүгийн Донойдоо  улсын наадамд  Балданжанцангийн улаан хээр шүдлэнг түрүүлгэж, өөрийн бор шүдлэнгээ айргийн гуравт хурдлуулсан байдаг бол түүний хүү Гал унаган хүрэн морио төрийнхөө наадамд гурав түрүүлгэж, нэг аман хүзүүдүүлсэн юм. Харин түүний хүү ММСУХ-г үүсгэн байгуулагч, МУ-ын Алдарт уяач Г.Баттөмөр АХ-ын 80 жилийн ой буюу 2001 онд хүрэн хязаалангаа айргийн гуравт хурдлуулж,  2008 онд Д.Галын зээ хүү Мэндбаярын Мөнхбаясгалангийн "Бүлтэн" халтар морио айргийн тавд хурдлуулан төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан анхны уяачид болсон юм.
Хилийн чанадад морь түрүүлгэсэн анхны Монгол уяач
Баянжаргаланчуудын өөр нэг бахархал нь хилийн чанадад монгол уяачийн ур чадварыг гайхуулан дэлхийн дэвжээнд морь түрүүлгэсэн эрдэмт уяач юм. Энэхүү бахархлын эзэн бол Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Гүрийн Баттулга  юм. Тэрээр 2000 оноос эхлэн АНУ-ын Вашингтон хотод амьдарч морин тойруулгад морь уях болж, 2011 онд Вержина мужийн Чарлес таун морин уралдаанд "Сансар уул" хэмээх  хүрэн халзан морио, 2012 онд "Цэнгэлийн Манлай" хэмээх  морио тус тус түрүүлгэж дэлхийн хэмжээний уяач гэдгээ харуулсан юм. 
Нялгын Аварга буурал
Төрийнхөө их баяр цэнгэлд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэн Нялгын “Аварга” буурал  хэмээн алдаршсан Төмөрийн Дамдинжавын буурал азарга морь сонирхогчдын бахархалт хүлгэдийн нэг. АХ-ын 24 жилийн ой буюу 1945 он, АХ-ын 26 жилийн ой буюу 1947 оны баяр наадмуудад тус тус түрүүлж, АХ-ын 30 жилийн ойгоор аман хүзүүдсэн энэ хурдан хүлгийн тухай Т.Дамдинжавын төрсөн дүү Лувсанчоймболоос асуухад  “Хангинасан сумнаас цойлсон ооно шиг л хөдөлдөг” хэмээсэн удаатай.
Бужгар адуу
1944 оны мичин жилийн зуднаар олон тооны адуу уруудаж, зарим хэсэг нь улсын  хил давсан хэмээдэг. Тэрхүү аймшигт зудны дараа адуучин Донойдоо, бөөр хэмээх Чүлтэмийн унагатай хоёр гүүг  "Бужгар" хар ногоон  үрээний хамт  хил орчмоос авчирсан хэмээдэг бөгөөд их догшин хар ногоон үрээгээр азарга тавьж, үр төлүүдийг Бужгар адуу хэмээх болжээ.Чүлтэм бол Аюушийн Гүрийн хамаатан хүн бөгөөд Гүрийг цэргээс халагдан ирэхэд "Бужгар" адуунаасаа өгч Нялга суманд анх "Бужгар" адуу тархсан гэх нь бий. А. Гүр "Бужгар" адуунаасаа Баянжаргалан сумын "Шинэ амьдрал"   нэгдэлд нийгэмчлэн хөөврийн гарц сайтай "Бужгар" адуутай болсон хэмээн нутгийн буурлууд ярьдаг. Бужгар адууны дааганаас нь 1 кг, нас бие гүйцсэн бүдүүн адуунаас 4 кг хөөвөр гардаг гэдгийг олон жил адуу хариулсан Нэрьюүгийн Цэрэннадмид хуучилсан удаатай.
Нялгын долоон бүгээн
Нялга, Баянжаргаланчууд долоон бүгээнээрээ бахархан дуртай. 1957 онд Баян, Баянжаргалан сумдынхан нийлж наадам хийжээ. Энэ наадмын зургаан насны морьдын түрүүг Нялга сумын зургаан  бүгээн адуу /Нэрэндоогийн Чойдорын саарал азарга,  Товогийн Чойдогийн бор морь,  Жоожоо Жамсранжавын шарга алаг соёолон, Нацагдорж даргын "Амгалан" буурал хязаалан, Ёндонжунайн бор шүдлэн, "Дипү" Жагдагийн шарга даага/ авч, бөхийн барилдаанд нь цэргийн заан Бизьяа түрүүлсэн байдаг. Тэрээр  шаравтар царайтай хүн байсан учир “Нялгын Долоон  бүгээн” хэмээн нэрлэжээ.
Дэлхийн дээд амжилтанд...
-2013 онд зохион байгуулагдсан дэлхийн адууны баяр, Гиннесийн дээд амжилт тогтоох “Монгол морь-3000” арга хэмжээнд Баянжаргалан сумаас 60 гаруй уяачид хүлэг морьдын хамт хүрэлцэн ирж оролцон, 4249 хурдан морины уралдааны Төвийн бүсэд тус сумын уугуул Бат-Очирын Саранхүүгийн хамар цагаан хээр морь айргийн  гуравт хурдалж , мөн сумын уугуул Галын Баттөмөрийн унаган зээрд халзан морь зургаад давхин түүхэн амжилтыг үзүүлээд байна. 

             “Нялгын хурд” МСУХ-ны тэргүүн Г.Бямбадорж: Санаж сэдэж төлөвлөсөн зүйл олон бий
-“Нялгын хурд” МСУХ 2013 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдэж байгаа дуулдсан. Чихэнд чимэгтэй мэдээллээс яриагаа эхэлье?
-Манай сумын МСУХ 2013 оны хоёрдугаар сард гишүүдийнхээ хурлыг хийн, шинэчилсэн зохион байгуулалтанд орж, миний бие тэргүүнээр нь сонгогдсон. Энэ онд манай сумын 90 жилийн ой тохиож байгаа учраас бид нэн түрүүнд сумынхаа баяр наадмыг зохион байгуулалт сайтай хийх зорилт дэвшүүлэн эхний ээлжинд уяачдаа мэдээллээр хангах үүднээс гуравдугаар сарын 15-нд ММСУХ-ны  хэвлэл мэдээллийн албаны дарга Я.Болдбаатарыг урьж, зөвлөгөөн зохион байгуулсан. Түүний дараа уралдааны зохион байгуулалт тал дээр анхаарал хандуулж хэд хэдэн зүйлийг хийж хэрэгжүүлсэн. Жишээлбэл шүдэлгээний тусгай зориулалтын хашааг барьж, үүлдэр тогтоох буюу сэрвээний өндөр хэмжих тусгай багажтай болсон. Мөн уралдааны замаа засч, жалга, хоолой, ховилыг нь дүүргэж янзалсан. Дөрөвдүгээрт морьд нэгэн зэрэг будлиангүй эргэх нөхцөл бололцоогоор хангаж, манай сумын уугуул Саранхүү гурван сая төгрөгөөр стандартын гарааны төхөөрөмж авч өгсөн. Өмнө нь хэрэглэдэг байсан төхөөрөмж дээшээ сөхөгддөг,аюулгүй ажиллагаа талдаа бага зэргийн асуудалтай байсан л даа. Мөн хурдан морь унаач хүүхдүүдээ 100 хувь даатгалд хамруулж, стандартын хамгаалалтын хувцастай болгосон.
Уралдааны зохион байгуулалттай холбоотой хийгдсэн дараагийн ажил бол бариан дээр телевизийн камер байршуулж, амжилтыг нь баталгаажуулсан. Тэгэхгүй бол бариан дээр янз бүрийн маргаан гардаг л даа. Ганц сөөмөөр тухайн морины амжилт хойшилж урагшилж болно шүү дээ. Тэгэхээр бариан дээр гарцаагүй камер байх ёстой. Сумынхаа ойд зориулан хийсэн дараагийн ажил бол наадмын асраа шинэчилсэн.
-Ойн хүрээнд олон чухал зүйлийг хийжээ?
-Тэгсээн. Зөвхөн уралдааны үед ч бус сунгааны үеэр морьдоо нэгэн зэрэг эргүүлэх үүднээс бага оврын гарааны төхөөрөмжийг ашиглахыг уяачдадаа үүрэг болгож, тэгсний ачаар манайхан 90 жилийн ойдоо бахтай сайхан наадсан.
-30 айраг түрүүний хэдийг нь нутагтаа үлдээв?
-Өмнөх ойгуудаар нь ихэнхийг нь алдчихдаг байсан бол 90 жилийн ойгоор дөрвөн түрүү, хоёр аман хүзүү, 11 айргийг нь авч бахтай сайхан наадсан.
-Яриа эхлэхийн өмнө холбооны байртай болсон гэж байсан. Тэр талаараа яриач?
-Сумын уяачдын холбоо өөрийн гэсэн байртай болсон. Миний дуулж мэдсэнээр өөрийн гэсэн байр сууцтай холбоо хуруу дарам цөөн байдаг юм билээ. Уяачид маань хүссэн цагтаа цуглаад уулзчихдаг өөрийн гэсэн байртай болоё гэсэн санаачлагыг гаргаад уяачид, морины зүтгэлтнүүдэдээ хандтал маш сайхан хүлээж авсан. Манай сумын нутагт адуу мал нь байдаг, морио тэнд уядаг Архангай, Хөвсгөл зэрэг аймгийн хүмүүст ч гэсэн хандсан л даа. Эхлээд 4х6 хэмжээтэй 11 саяын үнэтэй байшин барихаар төлөвлөж, өөрөө гурван сая төгрөгийн хандив өргөсөн. Гэтэл сум орон нутгийнхан маань сайхан дэмжиж 18 сая гаруй төгрөг,10 адуу, 12 хонь цугларсан. Тиймээс 6х8 харьцаатай байшинг 13 саяар бариулж дотор талыг нь сумынхаа уяачид, хурдан морины түүхийг өгүүлсэн фото зургуудаар чимсэн. Мөн ивээн тэтгэгч хандивлагчдынхаа нэрсийг нэг бүрчлэн бичсэн байгаа. Манай холбооны байранд орж ирсэн хэн боловч сумын уяачид, хурдан морины тухай анхан шатны ойлголттой болоод гарна. Түүнчлэн манай нутгийн зөвлөлийнхөн, моринд элэгтэй бизнесмен залуучуудын хандиваар 2012 онд “Нялгын хурд” гурван ангит баримтат киног бүтээсэн нь бас бий.
-Би андуураагүй бол байрны мялаалга наадмыг саяхан хийсэн билүү?
-Тэгсээн. 7-р сарын 12 нд сумынхаа 90 жилийн ойгоор нээлтээ хийсэн. Харин өнгөрсөн есдүгээр сард 22 нд буюу намрын дунд сарын 17-ны маргааш нь уяачдын холбооныхоо байрны нээлтэнд зориулан соёолон насны морьдыг уралдуулсан. Энэ үеэр манай суманд байдаг Их бодь суварганы нэрэмжит уламжлалт давхцаж, их нас, хязаалан, даага уралдсан. Сүүлийн гурван жил болж буй энэхүү уралдааныг ХХААХҮЯ-ны дэд сайд Туваан, түүний ах дүүс зохион байгуулдаг юм. 
-Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх “Морьтон” параданд Баянжаргаланчууд цагаан морьдоор гангарч онгойрсон.
-Дэлхийн дээд амжилт тогтоох 11125 морьтны жагсаал, 4249 морины уралдаанд уяачдаа нэгдсэн зохион байгуулалтайгаар хамруулж, 60 гаруй морьтон жагссан. Тэдгээрийн 20-иод нь дан цагаан морьтой байсан нь үзэгчдийн сонирхлыг татаж байсан байх.
-Нялгын долоон бүгээн зэргэлдээ сумдадаа гайхуулсан хэмээдэг. Магадгүй танай нутаг бүгээн адуу олонтой юу?
-Бий, бий. Манайхан бүгээн адуугаар гангарах дуртай. Би ч гэсэн гэр бүлийн хүний хамт цагаан морьдоор гоёдог. Манай хадмууд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын хүмүүс. Уржинан жил сумынх нь ой болж, бид эндээс цагаан морьдоо ачиж очоод найман цагаан адуу унасан. Хүмүүс зургаа авахуулах гээд л шохоорхоод байсан. /инээв/
-Нэгэн үе төрийн наадмын гурван түрүүг хүртэж байсан Баянжаргаланчууд өдгөө унаган адууныхаа чансааг төдийлөн гайхуулж чадахгүй байгаа. Үүнийг хэрхэн үзэж байгаа вэ?
 -Манай нутгийн адууны чанар муудаагүй харин уяачид нь л энэ цагийн уяанд тохируулан уяж чадахгүй байна гэж ойлгож байгаа. Яагаад тэгж бодож байна вэ гэхээр АХ-ын 80 жилийн ойгоор манай сумын харьяат  Баттөмөр ахын  хүрэн хязаалан айргийн гурваар давхисан. Хүрэн үрээ манай сумын унаган адуу. Түүний дараа 2005 онд манай дүү Батхишигийн уясан хул даага улсад тавлаад, Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370  жилийн ойд Баттөмөр ахын хонгор халзан даага түрүүлсэн шүү дээ. Дархан түмний эх Манлай уяач Ганбаатарын хонгор халзан ч гэсэн манай нутгийн адуу гэдгийг морь сонирхогчид мэдэх байх.
-Тэгвэл цаашид нутгийн адуугаа сайжруулахын тулд юу хийе гэж бодож байна даа?
-Нэгэнт хурд нь байгаа юм чинь уяачдаа зохион байгуулалтанд оруулан томоохон уралдаануудад оролцуулж ур чадварыг нэмэгдүүлэх бодолтой байгаа.
-Та бүхний ойрын үеийн зорилтыг сонирхож болох уу?
-Төлөвлөсөн зүйлүүд олон бий. Энэ жилдээ багтаан “Монгол уяач-3000” зөвлөгөөнийг зохион байгуулахын зэрэгцээ, сумын дунд сургуулийн сурагчдын дунд “Нялгын хурд” МСУХ-ны тухай хэн илүү сайн мэдэх вэ” сэдэвт зохион бичлэгийн болон шүлгийн уралдааныг зарлана. Мөн морь цоллож, гийнгоолох, марзайлах зэрэг төрлүүдээр шилдэг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Түүнчлэн XX зууны Манлай хүлэг Даваанэрэнгийн халзан азарга,Галын хүрэн морины баримлуудыг сумынхаа МСУХ-ны байранд залах бодолтой байгаа. Дараагийн хийх бүлэг ажил бол холбооныхоо тугийг шинэчилж, лого тамгатай болгохын зэрэгцээ уяачдаа бүртгэлжүүлж энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох зорилготой байгаа. Түүнчлэн оны эцэст бүтэн жилийн ажлаа дүгнэж оны шилдэг унаач, уяач, хүлгэдээ шалгаруулахаар төлөвлөж буй. Мөн уралдааныхаа замыг кадастртын зурагт оруулж баталгаажуулах, сумынхаа уяачид, хурдан хүлгэдийн талаар ном гаргах, Боржигон наадмын ёс жаягийг сэргээн,азаргаа уртын дуу морин хуураар гаргаж хэвших, сумын наадмаар сайхан морь, эмээл хазаар, хөөрөг гаанс тэргүүтнийг шалгаруулж байя гэж бодож байгаа. Ер нь хийх ажлууд олон байнаа.
-Ажил ч ундарч байгаа юм байна даа. Ингэхэд танай сумаас хичнээн улсын цолтон төрсөн байдаг юм бэ?
-З.Даваанэрэн, Д. Гал нарт МУ-ын Манлай уяач цолыг нэхэн олгосон байдаг. Мөн Галын Баттөмөр МУ-ын Алдарт уяач цолтой.
-Тэгвэл аймаг, сумын цолтой хэдэн хүн байна?
- Шагдар, Баярсайхан, “хулгар” хэмээх Нарангэрэл, Шаадар, Чимид-Очир, “хөндлөн” хэмээх Баадгай, Батхишиг нарын долоон хүн аймгийн Алдарт уяач цолтой. Харин сумын Алдарт уяач цолтой 30 гаруй хүн бий. Цаашид цолтнуудын тоо нэмэгдэх байхаа.
-“Нялгын хурд”-ын тэргүүнийг удам дамжсан уяач болов уу хэмээн таамаглаж байна. Таны хурдан морьтой холбогдсон түүхийг сонирхож болох уу?
-Миний аав, ээж малчин хүмүүс. Аав маань хурдан моринд сонирхолтой морь уядаг хүн байсан. Манай ах дүүс аавын үлдээсэн унаган адуунаас уяж улсын наадмаас нэг, бүсийн наадмаас таван айраг аваад байгаа. Миний хувьд сургууль соёлын мөр хөөж нэг хэсэг завсардсан ч 2005 оны улсын наадамд шүдлэн үрээ 18-д, Занабазарын 370 жилийн ойд 20 хэдээр давхиулж байлаа. Аймаг сумдын наадамд унаган хүлгэд маань урамтай сайхан давхиж нэр гаргаж байдаг юм. 
-Биднийг урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэх болтугай.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна