Д.Цогтбаяр: Манай аав аймагтаа адууныхаа цус сэлбэх ажлыг эхлүүлсэн хүн

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 23 -нд

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын аймгийн Алдарт уяач, улсын Аварга малчин Д.Цогтбаярын ярилцлагыг хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны моринд орсон түүхээс яриагаа эхэлье?
- “Тод магнай” сэтгүүлийн уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Ах нь хар багаасаа л мал дээр өссөн хүн. Аав маань намайг мэдээ орох цагаас л морь уядаг,  МУ-ын Хөдөлмөрийн баатар Дагва гэж хүн байсан. Тэр үед Алдарт уяач гэж цол байгаагүй, аав маань аймгийн “Аварга” уяач цолыг нэлээд эрт хүртсэн. Аав маань сумынхаа наадмын их насны морины түрүүг 10 удаа авч байсан, ховор амжилтын эзэн хүн. Энэ хүнийг дагаж адууны захад явсаар морь уядаг болсон доо. 
- Аав тань хэдэн оны үед тэгж их насны морьд түрүүлгэсэн бэ? Ямар морьд байв?
- 1980-аад оноос л сумынхаа их насны түрүүг арван удаа авсан байдаг. Унаган хоёр хээр морьтой. Тэр хоёр хээр морийг залгаад нэг хурдан саарал морь бас гарч ирсэн. Энэ 3 мориор л тэр 10 түрүүгээ авсан байдаг юм. Их насанд нийлээд л түрүүлцгээсэн. Саарал морь дөрөв тав, нэг хээр нь гэхэд гурав дөрөв үлдсэн нь нөгөө хээрийнх нь амжилт байсан юм. Тэр саарал морийг хязааланд нь аав 1986 онд МУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулахад нэгдлийн адуунаас  бэлгэнд өгсөн. Их нас нийлэхээсээ өмнө сумандаа хоёр ч түрүүлсэн, их нас нийлээд ч олон түрүүлсэн хурдан буян байсан юм. Мөн ойролцоох Луус зэрэг сумдын наадамд ч түрүүлж байсан. 
- Аав чинь нэгдлийн адуу малладаг байсан юм уу?
- Анх адуу маллаж байгаад 1960 онд аав маань 1000-н адуугаар анхны “Социалист хөдөлмөрийн төлөө бригад”-ийг байгуулж байсан. 1972-1973 оны үед адуугаа өгч, хонь маллах болж 1986 онд МУ-ын Хөдөлмөрийн баатар цолыг хонь хариулж авсан. Тэр үед чинь МУ-ын хөдөлмөрийн баатар цолны шалгуур маш өндөр байсан. Нөр их хөдөлмөрийнхөө үр дүнд тэр цолонд хүрсэн. Намын төв хорооны Хөдөө аж ахуй эрхэлсэн хэлтсээс хүмүүс ирж 5 хоногийн турш аавын ажлыг шалгаж, танилцаж байж баатрын болзлыг хангажээ гээд өгч байсан. Би 1975 онд илгээлтээр хөдөө гарч малчин болчихсон байсан үе л дээ. Аавыг Хөдөлмөрийн баатар болоход би цэргээс ирсэн том залуу айл гэр тусгаарлачихсан байсан.
- Та эцэг эхээс хэдүүлээ вэ? Аавын шийрийг хатаан уяа сойлго тааруулж байгаа хүн танаас өөр бий юу?
- Манайх эцэг эхээс долуулаа. Би айлын том хүү. Дүү нар маань төв суурин бараадаж ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Би яг мал маллаж байгаа нь болохоор уяа сойлго тааруулж байна. Мөн хотод байдаг нэг дүү маань морь уядаг. Энэ жил дүүгийн маань морь сайн давхисан.
- Аав тань аймгийн Аварга уяач байсан хүн юм байна. Ямар адуугаар нааддаг байв?
- Манай нутагт хамгийн анх машинаар морь ачиж цус сэлбэсэн хүн манай аав байсан. 1972 оны үед байхаа Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Аварга тосон” рашаан сувилалд амраад буцахдаа айлын зэлэн дээрээс шохоорхсоор байж нэг омголон хээр даага авчирсан. Тэр үеэс адууны цус холдуулах гэж хөөцөлдсөн. Хээр үрээ манай нутгийн адуунаас бие бялдар гээд л олон зүйлээрээ өөр.  Задгай усны адуу, худгаас услах гэж үйлээ үздэг байлаа шүү дээ. Тэрүүгээрээ азарга тавьсан ч олон гоц гойд төл гараагүй. Олон хурд гараагүй нь бас тухайн үеийн ажил албатай ч холбоотой байх. Завтай хүн гэж байдаггүй бүх ажил төлөвлөгөө нормтой байсан үе шүү дээ. Завхан аймгийн Шилүүстэй сум 1969 оны зуднаар адуугаа барсан. Тухайн үеийн засаг захиргаанаас Завханы Шилүүстэйнхэнд Дорноговийн зуугуул адуунуудыг авах зөвшөөрөл өгсөн юм билээ. Тэгээд Завханы хүмүүс Дорноговиос тэр адуунуудыг тууж манай нутгийг дайруулан 200-300 адуу туугаад, замдаа заримыг нь цувуулж орхин заримыг нь нутгийн хүмүүстэй адуугаар солио хийхэд нь аав тэр адуунаас нэг хээр үрээ авч  азарга тавьсан. Тэр хээр азарганд өөрийнхөө унаган гүүнүүдийг хураалгаж, тэрнээс манай хурдан хээр морьд гарсан байдаг юм. Анх авсан хээр азарга өөрөө бол нэг их сайн давхиагүй.
- Аав чинь ер нь хэдэн жил морь уясан хүн бэ? Та аавынхаа хурдан морьдыг наадамд унадаг байв уу?
- За ер нь хар багаасаа л уясан даа. Би хурдан морь унадаг л байлаа. Гэхдээ аавын олон түрүүлсэн хээр морьдын үед би аль хэдийнэ мориноос хасагдчихсан байсан.
- Танай Эрдэнэдалай сум хэр хурдтай вэ?
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сум хурдтай шүү. МУ-ын Алдарт уяач Гомбосүрэн гуай гэж 3 саарал морь улсад аваачиж түрүүлгэсэн хүн бий.
- Та өөрөө хэзээнээс эхлэн бие дааж морь уясан бэ?
- 1981 онд айл гэр болж өрх тусгаарлаад л бие даан морь уясан. Адуу цуглуулахын хувьд эртнээс цуглуулсан ч амжилт гаргах нь хойхон байсан. Ажил төрөлд дарагдаад сайн уяж чаддаггүй л байлаа. Мөн манай хадам аав Нүрдэвийн хонгорууд гэж сайн адуу байсан. Эдгээр адуу бол миний адууны суурь.
- Аав тань хонь малладаг байж. Та өөрөө ямар мал малладаг байсан бэ?
- Аавыгаа дагаад хонь малласан. Засгийн олон төлөг хариулдаг байлаа. 1988 онд МУ-ын “Аварга малчин” болсон. Харин ч аавыгаа бодоход таван жил маллаад л аварга болчихсон шүү. Аав “Хөдөлмөрийн баатар” болохын тулд 12-13 жил мал маллахдаа нэг ч төлийн эндэгдэлгүй байж авсан. Тэр үеийн шалгуур маш өндөр байсан намайг Аварга малчин болох үед арай гайгүй болсон байсан.
- Та тэр их ажлын хажуугаар яаж морио уядаг байв?
- Хүүхдүүд томорч гар хөлийн үзүүрт зарагдана. Тухайн үед 1 настай малыг улсын бэлтгэлд хавар тушаагаад 8 сард авна. Тэр хооронд зав гарч морио уядаг байсан.
- Өөрөө морь уяад авсан анхны айраг түрүү хэдэн оны ямар наадам бэ? Ямар насны морь байв?
- Даага, шүдлэнгээр л эхэлж байсан. Хамгийн анх Дундговь аймгийнхаа Дэлгэрхангай суманд 1994 онд даага түрүүлгэн тэр жилдээ давхар уяагаар Луус сумын наадамд бас түрүүлгэсэн. Тэгэхэд одоо МУ-ын Манлай уяач Содномпил гуай “Чи ийм даагаар энд уралдаж болохгүй, чи дээшээ явж уралдахаар юм байна” гэж байсан. Тийм ч болохоор шүдлэнд нь 1995 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд болсон даншигт ганц шүдлэн үрээг УАЗ-аар ачиж очоод, тэрийгээ айрагдуулж байсан. Тухайн үедээ л Монголын хамгийн анхны бүсийн наадмуудын нэг байсан. Ингэж үрээгээ айргийн таваар давхиулж байлаа. Түүнээс хойш нэлээд удаж байж 2000 он гаргаад дараагийн айргаа авсан. Аймаг, сумынхаа наадмаас нэлээд хэдэн айраг түрүү авсан ч улсын наадам гэхээр айгаад л, бас дээр нь зав зай гарахгүй ирж чаддаггүй л байлаа. 2007 онд буурал азаргаараа “Говьшанхын хурд” бүсийн наадмаас аман хүзүү авсан. 2007 онд Дундговийн бүсэд бас айрагдуулсан. 2008 онд говийн хаврын бүсийн наадам Сайхан-Овоо суманд болоход хээр морио түрүүлгэсэн. Тэр хавар Булган аймгийн Гурванбулагт бүсийн наадам болсон. Тэрэнд ирж морио гуравлуулаад, 2009 онд Баянхонгор аймгийн Ламын гэгээний даншигт очиж, их морио айргийн гуравт давхиулсан. Ингэж азарга, их морь хоёроор бүсийн наадмаас 6 айраг, түрүү авсан.
- Өмнөговь аймгийн уяачид “Нэг үед Дундговь аймгийн уяачид манай аймагт ирж тоглодог байсан. Одоо бол Өмнөговийн адуу сайжирч бид эргээд Дундговь аймагт очиж хөөрхөн нааддаг болсон” гэж ярьж байсан.  Та бүхэн Дундговь нутгийнхаа адууг сайжруулах тал дээр сүүлийн үед хэр хичээл зүтгэл гаргаж байгаа вэ?
- Өмнөговийнхныг балладаг байсан үе бидэнд бий. Сүүлийн үед манай аймгийн адуу муудаад Өмнөговийнх сайжраад байгаа ч юм биш л дээ. Өмнөговь нутаг маань өнөөдөр Монгол улсын хамгийн өгөөжтэй, хөрөнгөтэй газар нутаг боллоо. Өнөөдөр хурдан адуу мөнгө дагаж явж байгааг хэн ч үгүйсгэхгүй. Өмнөговийнхон адуунд маш эрч хүчтэй орж байна. Зүүн зүгийн хурдан болгоныг л цуглуулж байна. Мөн их зохион байгуулалттай байна. Тэжээл гэхэд манай Дундговьд жүчээ бариад адуугаа тэжээгээд байгаа юм бараг байхгүй. Гэтэл Өмнөговийнхон адуунд сэтгэл гаргаж мөнгө хаяж сайхан жүчээ олноор барьж, өвс тэжээлээ бэлддэг гэнэ. Тэгэхээр бэлтэй хөлтэй сайхан залуучууд морийг сайхан хөгжүүлж байна гэж харахаас өөр арга байхгүй. Улсын наадмын азарга, соёолонгийн түрүүг авч Өмнөговьчууд үнэхээр одтой сайхан наадсан. Манай Дундговь аймгийнхан адууныхаа чанарыг сайжруулах ажил огт хийхгүй байгаа юм бишээ, хийж байна, адуу авчирч байна. Зүүн тийш 600 км явж адуу авчраад уяад л байна. Манай Дундговь аймаг зах зээл муутай, наадам морио жаахан хаясан асуудал бий. Өвөрхангай аймагт хүртэл манай уяачид очоод сайхан нааддаг л байсан, одоо барахаа байчихаад байна. Өвөрхангай гэхэд л зам дагаж хөгжил явж байгаа аймаг, зах зээлтэй, уяачдын холбоо нь ч гэсэн асар өндөр зохион байгуулалтын арга хэмжээ аваад л манай өмнө гараад ирчихлээ шүү дээ.
- Танай аймагт нилээд сүүлд буюу 2008 онд уяачдын холбоо байгуулагдсан байх аа?
- Тэгсэн. Урьд нь Дундговь аймгийн уяачдын холбоо гэж байхын хувьд байсан ч гэсэн эрч хүчтэй нэг зохион байгуулалттайгаар ажил хийгээгүй. Морь, наадам хоёроо хойш нь тавиад л байхгүй юу. 2008 онд Ганхүү гарч ирээд эрх биш холбоо гэж ийм байх ёстой, уяач гэж ийм байх ёстой гээд жаал зүгшрүүлсэн. Би чинь өөрөө аймгийн ИТХ-ын  тэргүүлэгчид бас нэг 4 жил суусан. Тэгээд бас хэлж ярьдаг “манай аймаг наадмыг хойшоо хаяад байнаа, анхаарлаа хандуулж, сайхан хийж байгаач” гээд Өвөрхангайг жишээлээд хэлдэг. Ноднин сайхан том наадам, ойн баяраа хийчихлээ, энэ жил том даншиг бүсийн наадам хийчихлээ.  Манайхан одоо наадам хийж сурах гэж үзээд л байна л даа, цаашдаа сайхан болох байх гэж бодож байна. Одоо ч гэсэн бас уяачдын гал байгуулж, хүчээ нэгтгэж, зохион байгуулалтад орж байгаа юм ажиглагдахгүй л байна.
- Та түрүүн бүсийн наадмаас азарга их морь хоёроор 6 айраг түрүү авсан гэсэн?
- Буурал азарга маань Өнжүүлийн урд талын Баянбараатын унаган азарга. Бараат адуу гэж тухайлсан адуу байсан. Буурал азарганы эзэн нь МУ-ын Алдарт уяач Жамбалсүрэн гэж хүн бий. “Соёмбо хүрэн”-ий эзэн. Эхээсээ гурвуулхнаа юм билээ, миний буурал чинь. Соёмбо хүрэнгийн төрсөн ах, дүү нь одоо эзэндээ байдаг “Сүлд хүрэн” гэж Төв аймагт түрүүлсэн хүрэн азарга. Эх нь зээрд гүү байсан жил өнжиж унагалдаг, ердөө л 3  төлтэй юм гэсэн. Буурал чинь Дундговьд очоод олон айрагдаж, түрүүлсэн. Надад бэлгэнд ирсэн адуу байгаа юм. 1999 оны их зуднаар манайх отор хийж, Бараатаас зүүн тийш нутаглаж, Жамбалсүрэн гуайнхтай айл өвөлжсөн, манайхыг хавар буцахад энэ буурал азаргыг дааганд нь бэлэглэсэн.  Шүдлэн аймагт түрүүлээд, хязаалан үрээ аймагт тавлаад, соёолондоо Эрдэнэдалай сумандаа гуравлаад Сайхан-Овоо суманд очиж түрүүлээд, хавчигтаа аймагт түрүүлээд, Өмнөговийн “Говьшанхын хурд”-д очиж аман хүзүүдээд, Өвөрхангайн зүүн бүсийн наадамд айрагдаад, тэгээд хөлийг нь жаахан муутгаад, хамгийн сүүлчийн наадам нь Баянхонгорын Ламын гэгээний даншиг наадамд очиж 12-т давхисан.  Энэ жил зодог тайлсан байсан ч би уясан л даа. Уяа муутай байж байгаад эхний хэдэн азарганд явж байгаад л сууна билээ.
- Хээр морины тухайд?
- Өөрийн унаган адуу даа. Эх нь Жаргалант гаралтай зээрд гүү, надад ганц төл өгсөн. Хээр морь маань хязаалангаасаа уягдсан. Дундговь Луусын ойд айрагдаад, соёолондоо суманд 8 настай түрүүлсэн. 2008 онд говийн хаврын бүсийн наадам Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд болоход хээр морь түрүүлсэн. Тэр хавар Булган аймгийн Гурванбулагт бүсийн наадам болсон. Тэрэнд ирж морио гуравлуулаад. 2009 онд Баянхонгор аймгийн Ламын гэгээний даншигт очиж, морио гуравлуулсан. Тэр жилээ 8 сард МУ-ын Тод манлай Даваахүү гуайн 1000 морины наадамд зургаалаад, ноднин Дундговийнхоо наадамд 17-д давхисан.
- Буурал азаргыг ид давхиж байхад Соёмбо хүрэн улсад бас ид давхиж байсан. Дүү нь тийм хурдан байхад та буурал азаргаа яагаад улсын наадамд авч очоогүй вэ?
- Энэ хоёр эцэг тусдаа. Соёмбо хүрэн бол Хандгай хүрэн азарганы төл, миний буурал азарганы эцэг бол жаахан буурал азарга байсан. Харин Соёмбо хүрэн, Сүлд хүрэн хоёр чинь жинхэнэ нэг эцгийн төлүүд. Суултгүй урагшаа явж байгаагаараа л Соёмбо хүрэнтэй адил болохоос биш, хэлбэр хийц нь бол өөр. Соёмбо чинь босоо ястай, миний буурал азарга бол лавш ихтэй, хөгшин нохойны хэлбэртэй. Тийм болохоор хүн олж хардаггүй.  Говьшанхын наадам дээр сүүл нь орооцолдоод л Баярсайханы хүрэнтэй хоёулаа хамт яваад байсан. Тэгээд Баярсайханы хүрэн түрүүлж, миний буурал аман хүзүүдсэн. Үр төлөө өгөх дургүй хоёр гуравхан төлтэй. Гарсан төл нь нэг бол хэлмэгдчих гээд нэг бол үрэгдчихнэ. Соёолон азарга тавьсан гэхээр бараг 10 жил болж байна. Одоо харин уягдахаа байгаад төл өгч магадгүй. 
- Өнгөрсөн жил газрын гарц сайн байв уу? Олон жил гандуу байхад уягдаад сурсан морь газрын гарц сайн байхад уяа эвлэдэггүй тал байдаг уу? Өмнөговийнхон тэгж ярьж байсан.
- Энэ жил өвс ногоо сайн гарсан. Газрын гарц сайн байх тусмаа л морины уяанд сайн л даа. Өмөнговийн хувьд манай Дундговийг бодвол илүү говь, гашуун нясуун ургамал их гарна л даа, таана гэхчилэн. Өвс ногооны гарц Өмнөговийнхны хувьд нөлөөлж болох талтай, манай нутгийн хувьд тал хээр нутаг, адуунд харшлах юм байхгүй. Бас нэг анзаарагдаж байгаа юм гэвэл Өмнөговийн морьдыг зун бол дийлж болмоор харагдаад байгаа.  Өвөл бол хэцүү болчихоод байгаа, сайн ч уядаг болсон.
- Дундговийнхон жүчээ ховор тэжээдэггүй гээд өвлийн уралдаан нэг их хийдэггүй байх?
- Тэжээхийн хувьд манайхан дор бүрнээ сайн тэжээнэ. Жүчээний хувьд л ярьсан юм түрүүн. Хаврын уралдаан цас гайгүй бол цагаан сарын урдаас аваад л эхэлнэ ш дээ. Дундговийн Эрдэнэдалай дотроо манай Цагаан-Овоо чинь мориор илүүрхээд байдаг. Нэг хэсэг мундаг сайн уяач нар олон байлаа. Ирэх жилээс манай уяачдын холбоо Өвөрхангайг дуурайж бүсчилсэн наадам хийх байх, одоогоор товлосон юм алга.
- Зөвхөн хурдан морь гэдэг утгаар морин спортыг хөгжүүлэх хандлагатай болсон. Хурдан морины цаана монголын том өв соёл явж байдаг. Жороо морь, адуу эдлэх соёл ч гэдэг юм уу, мотоцикль унаад морио унахаа больж, морьтой холбоотой ахуй гээгдээд байгаа юм шиг. Гэтэл уралдаан олширч, хурдан моринд олноор орж байгааг харахаар хөгжөөд байгаа юм шиг.  Дундговь аймгийн уяачид энэ өв соёлыг хэр ухамсарлаж байна?
- Ер нь эрийн гурван наадам бол уламжлал дагуулж явдаг, бидний өв соёл. Энэ хаягдаж байна уу гэвэл үгүй. Хурдан моринд орсон хүн ядаж л, хүндлэлээ мэддэг болно. Гэхдээ л чиний хэлснээр морь эдлэх юм байхгүй болсон. Уул устай газар юу юм бэ гэхээс биш манайх шиг тал хээр газар бол унахгүй байна. Аргагүй л уядаг хэдтэйгээ л ноцолдож байна.
- Дундговь айраг, дэмбээгээрээ алдартай. Танай сумын хувьд?
- Тийм шүү, тэр дундаа манай Эрдэнэдалай бол дэмбээний өлгий нутаг. Зохиосон гэхэд хаашаа юм /инээв/. Бараг л зохиосон доо, Монгол улсдаа нэг номерт зогсоно.  Дэмбээнд нутаг нутгийн аялгуу, хэлэх үг, аялга гэж байдаг. Адуу айргаа дагаад л дэмбээ гарна шүү дээ. Гэхдээ Өвөрхангай, Булган аймгийнхан бол айргаа зарах гээд байхаас биш, дэмбээдэх нь бага. Манай Дундговь бол зах зээлээс ч хол хаана айргаа зарах вэ, дэмбээдэж хуруудаж л байж айргаа барна шүү дээ.
- Та дэмбээнд хэр бэ?
- Би дэмбээнд сайн ш дээ /инээв/. Дэмбээний хувьд гарынхаа тав таван хуруугаар дэмбээдэж байгаа. Тэгэхээр тэр хүний хурууг сайн нүдлэж харах хэрэгтэй, давтамжийг нь ч гэдэг юм уу, бас өөрийнхөө хурууг маш сайн бодож гаргах ёстой. Залуу байхад чинь орой болгон л дэмбээддэг байлаа. Их дуртай хүн бол айлын гаднаас чагнаж байгаад хэнийх нь дэмбээдэж байна вэ гэж ордог байсан. Зарим нь бүр үүр цайтал ч дэмбээднэ. Манай бригадад Пүрэвээ гэж байсан, одоо байгаагаас Даваасүрэн гэж хүн сайхан дэмбээдэж байна. Адуутай, айрагтай байж дэмбээднэ. 1999 оноос хойш зуд гээд л адуугаа барах шахлаа.  2009 оны зуднаас хойш л адуугаа өсгөж байна. Ноднингоос хойш цаг гайгүй болж байна. Энэ жил бол дэмбээдэх айрагтай, зэллэх унагатай сайхан байлаа. Уг нь манай Эрдэнэдалай сум бол МУ-ын хэмжээнд хамгийн олон малтай сум. 360-370 мянган толгой мал тоолуулдаг, тэр дундаа адуу, хонь хоёроор жил болгон л улсдаа тэргүүлдэг сум. Хичнээн зуд болсон ч гэсэн одоо 200 мянган толгой малтай болсон.

А.Энхжил

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна