МУ-ын Манлай уяач Ц.Онгуу: Би бэлчээрээсээ адуугаа ачиж очоод улсад түрүүлгэж, айрагдуулж байсан хүн

Тэлмэн
2013 оны 10-р сарын 22 -нд

         Уг нь миний нэр Онгуу биш Онгой юм шүү дээ
-Зуншлага тавтай юу. Манлай хаагуур нутаглаж байна даа?
-Сайхан зусч байнаа. Манайх Асгат сумын нутаг дахь Авдрын цагаан худаг хэмээх бэлчээр ус сайтай сайхан нутагт зусч байгаа. Тэрүүхэндээ айл гээд байхгүй юмгүй, жинхэнэ адууны орон байгаа юм. Өмнө нь Цагаан хашаатад байж байгаад ийшээ ирсэн. Сүүлийн арав гаруй жил энүүгээр нутаглаж байна.
-Усан могой жил гарсаар яаж наадав. Хавар хэд хэдэн уралдаан болсон?
-Энэ өвөл морь уясангүй. Гэрийн хүний бие хаа тааруу. Би намар хот яваад хавар ирсэн. Одооноос л ганц нэг адуу оролдох санаа байна.
-Манлайтай уулзахдаа нэрнийх нь учрыг асууя гэж бодож байлаа. Ямар учиртай хэн хайрласан нэр вэ?
-Мэдэхгүй дээ, сартхайдуу хамартай хүүхэд байсан болохоор ингэж нэрлэсэн байх гэж боддог юм. Уг нь миний нэр чинь Онгуу биш Онгой байсан юм шүү дээ. Цэрэгт явахад солигдчихсон юм. Би артерийн тусгай батальон 096-р ангид цэргийн алба хаасан хүн. Тэнд очоод л миний бичиг баримт бүх юм Онгуу болчихсон.
-Танайхны нэрс цөм ийм өвөрмөц үү?
-Үгүй. Манай ахыг Ганхуяг, талийгаач дүүг маань Хүрэлбор гэдэг байсан. Хоёр эмэгтэй дүүг Оюунчимэг, Оюунцэцэг гэдэг.Аав ээж хоёр минь юу бодож надад ийм нэр өгсөн бол доо хөөрхий.
-Дунд сургуулийн хүүхдүүд шооч шүү дээ. Тэдний дэггүйтлийг нэг бус  удаа дуулж байсан биз?
-Шоолуулаагүй  ээ. Шарын Онгой, Шагдарын Онгой, Моононгийн Онгой гэж гурван ч амьд байсан. Тэгээд ч би нэгдүгээр ангиа онц төгсөөд л сургуулиас гарчихсан. Яагаад гэхээр чамд нэг онигоо шиг юм ярья л даа. Тэр үед нэгдлийн дарга Дамдинсүрэн гэж хүн байлаа. Аавын дүү болох хүн л дээ. Тэдний өргөмөл ганц хүү  надтай нас чацуу, нэг ангид сурдаг байлаа. Тэгэхдээ бүр би яг ард нь шиллэж сууна. Тэр үед чернильд дүрдэг айхтар үзүүртэй үзгээр бичдэг байсан юм. Сахилгагүй хог чинь зүгээр сууж чадахгүй нэг удаа нөгөөхөө шоглохгүй юу. Тэгэхдээ хэтрүүлчихсэн. /инээв алдав/Яасан гэхээр нөгөө айхтар үзгээ шанаанд нь ойрхон барьж байгаад нэрийг нь дуудангуут цочмог харна биз дээ. Тэгсэн үзэгний үзүүр хацар луу шигдэж ороод тэр нь баалж хувилаад бөөн юм боллоо.
-Авга ахынхаа алганы амтыг үзсэн үү?
-Аав дээр ирж заргалдсан байгаа юм. Та төрсөн олон хүүхэдтэй. Харин би өргөмөл ганц хүүтэй хүн. Хүүг минь ийм болгосон байна гээд.Тэгсэн манай аав намайг “хэл ам татлаад байх юм, сургуулиас гаргана” гэж байна. Би ч уухайн тас зөвшөөрөөд тэгээд л гарчихсан.
-Тэгээд л малчин болчихсон хэрэг үү?
-Тэгэлгүй яахав. Аав ээжийнхээ гар хөлийн үзүүрт зарагдан тусад орж, өнөөдрийг хүртэл малаас холдсонгүй дээ.
Алаг даахай уяан дээр үүрэлбэл морь гарцаагүй айрагддаг
-Унаган адуугаар улсын цолонд хүрсэн бахдам түүхтэй цөөн уяачийн нэг нь та. Манлайн адууны суурь удам угшил нь...
-Аавын аав Пил гэдэг хүн Дарьганга хошууны адуун сүргийн даамалаар ажилладаг байж л дээ. Даамал буюу Да гэдэг нь одоогийнхоор дарга юмуу даа. Тийм болохоор ч тэрүү уран Рэгдэл гэдэг хүн есөн цагаан адуугаа хариулж яваа адуучин залуусын дүрс бүхий цацал хийж өгсөн байдаг. Тэр нь үе дамжин хадгалагдсаар надад ирсэн. /хойморт байх ханын шүүгээнээс авч үзүүлэв/Монголд цорын ганц байдаг энэ цацал Энэтхэг орчихоод ирсэн.Нэг хүн харж зураад дуурайлгаж хийсэн юм билээ. Гэхдээ мод нь өөр л дөө.
-Хоёр хажууд нь хулгана, бар хоёр сийлсэн нь юуг бэлгэдэж буй юм болоо?
-Эрдэнийн зүйлээр бөөлждөг эрүү цагаан хулгана буюу цаг тооллын эхлэл гэсэн санаа юм байлгүй дээ. Үүнтэй холбогдуулаад өөрийн амьдралд тохиолдсон нэгэн түүхийг яръя л даа. Алаг даахай чинь хулганы төрлийн мэргэч амьтан шүү дээ. Алаг даахай уяан дээр үүрээ бумбайлгасан байвал морь хурдалдаг гэдэг үнэн шүү. Би тэрийг нүдээрээ үзэж байсан. Улсын наадмаас нэг түрүү, дөрвөн айраг авдаг жил манай уяан дээр хэд хэдэн алаг даахай газар нүхлээд шороогоо бумбайлгасан байсан.Би хар багын өглөө эрт босоод зурчихсан. Үүр цайв уу үгүй босоод уяан дээгүүрээ явдаг юм. Тэгсэн мөр нь гарчихсан, шороо тэрүүхэндээ бумбайгаад дээш нь овоолчихсон байсан. Шороогоор биеэ булчихаад л доор нь байж байдаг юм гэнэ лээ хөөрхий. Тэр жил хоёр, гурван ч удаа тийм зүйл тохиолдож  миний морьд ч онцгой хурдалсан.
-Сонин л түүх байна. Ах дүү хоёр тань хоёулаа морь уядаг. Танд онцолж өгөхийг бодоход аав нэгийг анзаарч дээ?
-Би эцэг эхээс тавуулаа. Багаасаа сургууль соёлоосоо гарч мал дээр гарсан болохоор тэгсэн байлгүй дээ. Ах, дүү хоёр бол сургууль соёлын мөр хөөж, намайг бодвол ном эрдэмтэй болсон улс.
-Пил гуай хэдэн хүүтэй байсан юм бэ?
-Гурван хүүтэй байсан. Манай аав хоёр дахь нь. Хамгийн том нь Дуламсүрэн гэж эмэгтэй байсан. Түүний удаах нь “өндөр” хэмээх Ядам. Тэгээд манай аав гарсан юм билээ. Аавын доор нэг эрэгтэй дүү байсан ч цэрэгт явж ирээд залуудаа өнгөрсөн гэдэг. Бид сайн мэддэггүй юм. Дарьгангын жижиг зээрдүүд гэдэг бол манай өвөөгийн унаж эдэлж, хариулж байсан адуун сүргийнх нь үр төлүүд байгаа юм. Манайхны ургийн овог  Амбуу. Амбуу гэдэг хүн Ишжамба,Пил,Хүнгэлэн, Хутаг, Чойдор гэсэн таван сайхан хүүтэй байж. Тэдгээрийн хоёр нь буюу миний өвөө Пил, Ишжамба нар даншгийн аваргууд. Бяр тэнхээ нь багтаж ядсан баньд нараа ашиглан Амбуу гэдэг хүн адуу малладаг байж л даа. Тэгээд яваандаа хүү Пилдээ адуугаа шилжүүлж өгсөн гэдэг юм.
-Пил аварга морь уядаг байсан болов уу?
-Тодорхой мэдэхгүй юм. Миний мэдэхийн аав уядаг байсан. Энд тэндээс адуу мал авч сүйд болоогүй өвөг дээдсийнхээ адуугаар нааддаг байсан юмдаг. Аавын нэртэй хурдан зээрд морь байлаа. Бас хоёр ч хонгор азарга байсан. Би 1968 онд цэрэгт явахынхаа өмнө хоёр үрээ уяж, талийгч дүүгээрээ унуулаад Асгат сумын наадамд мордуултал нэг нь арван хэдээр, нөгөө нь хорин хэдээр давхисан. Бас болоогүй ээ, өөрөө барилдаад түрүүлчихэж байгаа юм.Тэгээд 1971 онд цэргээс халагдаад ирэхэд аав маань “миний хүү барилдах ч юм байна, моринд ч дуртай гээд Бади гэдэг хүнээс шаргал хусран даага эхтэй нь авчихсан байсан. Наадмаас хойш ирсэн болохоор тэр жилээ өнжөөд шаргал үрээгээ шүдлэнд уяж аймгийн наадамд еслүүлээ. Хязааланд дахиад есөлж, соёолондоо дөрөвт давхин, хавчиг азарга түрүүлгэсэн юм. Жил ирэх тусам уяаны дөр сууж байсан юм байлгүй. Морь маань урагшлаад л байсан байгаа биз. Тэр үеэс л эрчимтэй морь уяж эхэлсэн дээ. Нэг хэсэг Онгуугүй наадам бараг байхаа байж, аймаг орон нутагтаа бишгүй сайхан наадсан. Нэг жилийн наадамд миний дөрвөн шүдлэн үрээ дараагаар орж, тав дахь нь Уртнасангийн саарал үрээ орж байлаа шүү дээ. 
                    Цус ойртсон адуу амьдрах чадваргүй байдаг юм билээ
-Жолооч байсан гэж дуулсан үгүй байх нь ээ?
-Байсан байсан. Нэг хэсэг жолоо барьсан. Асгат суманд нэгдлийн 100 дааганы уралдаан гэж боллоо. Манайх тэгэхэд говьд байсан юм. Тэр үед машин ч байх биш, хүрэн даагаа хөтлөөд аавтайгаа яваад очсон “амины даага уралдуулахгүй” гээд халгаадаггүй. Тэгэхээр нь айрагдвал “нийгэмд өгчихнө” гээд Халзан сумынхаа нэр дээр уралдуулчихлаа. Тэгсэн харин түрүүлчихдэг байгаа. Тэгээд л Нэгдэл хүрэн нэр өгч хэлсэн ёсоороо нийгэмчилсэн. Шүдлэн үрээ нэгдлийн сүрэгт очоод түүнээс хойш дуулдаагүй яасныг мэдэхгүй хөөрхий.
-Нэгдэл нийгмийн адуунаас мал гаргах хориотой байсан гэдэг ч аргалах нэгийгээ аргалдаг л байсан дуулддаг юм билээ?
-Гаднаас олон адуу аваагүй. Нэлээд сүүл хэрд манайхны хамаатны Шар гэдэг ахаасаа нэг хар үрээ авч азарга тавьсан. Шар ах Дүйдэнгийн харын угшилтай хар, хүрэн хоёр хурдан азаргатай байсан юм. Ахаас авсан хар азарганы төлүүд их давхисан. Ер нь сүүлийн үед азаргандаа анхаарч нэлээд цус сэлбэсэн дээ. Бүрлээч Пунцагбалжираас Тэсийн шилмэл адууны угшилтай хонгор азарга авсан нь энэ өвөл хорин гараад талийлаа. Ерөнхий сайд байсан Жигжиджав агсны 100 жилийн ойд зориулж өвлийн томоохон уралдаан зохион байгуулсан юм. Би тэр уралдаанд  хоёр азаргатай очиж нэгийг нь түрүүлгээд, нөгөөг нь тавд оруулсан юм. Тэгээд түрүүлсэн азаргаа Пунцагбалжиртаа хонгор азарганых нь оронд өгсөн дөө. Мөн Хорлоодой агсаны хурдан хар азарганы төл шаазгай хүрэн азаргыг Содномцог Манлай надад бэлэглэсэн. Азаргаараа адуугаа сайжруулсан л гэж бодож байгаа.
-Адууны цусыг богино хугацаанд сайжруулъя гэвэл азаргаар, ерөнхий сууриар нь аажимдаа  чанаржуулъя гэвэл гүүгээр сэлбэ гэдэг юм билээ?
-Тэр ч үнэн шүү. Надад эр болгон нь давхисан нэг  гүү бий. Асгатын Баадуугийн удамтай адуу л даа. Манай хадам өвгөн Гончигийн Чалхаасүрэн гэж байсан.Тэр өвгөн манай хүүд хөөрхөн алаг охин даага зааж өгсөн юм. Түүнийг нь би хар азаргандаа тавьж, гарсан эр болгон нь давхисан. Азарга гүүний тохироо бүрдэнэ гэдэг нь болсон юм болов уу гэж би боддог юм. Охин адуу уртаашаа хоёрхон гарсан. Нэг бор халзан гүү бий. Бас нэг хамар цагаан гүү байна.
-Адууны цус холдох тусмаа сайн гэдэг ч цусандаа орсон зарим нэг адуу хурдалж байна. Энэ тухайд Манлай ямар бодолтой явдаг вэ?
-Дөрөв дэх үеэс нь цусанд нь эргэж оруулахад сайн төл гардаг гэдэг юм. Ийм туршилтыг голдуу Улаанбаатар болон баруун аймгууд хэрэгжүүлээд байх шиг байгаа юм. Манай аймагт ч мэр сэр дуулддаг. Ерөнхийдөө цус ойртсон адуу гэдэг этгээд байдаг юм билээ. Манайд нэг тийм унага төрөөд өсч дэвжих нь ч тааруу,  тарга тэвээрэг ч авахгүй, гар хөл нь ч сул юм шиг байж байгаад хязаалан болсон жилээ үхсэн. Амьдрах чадваргүй л байдаг юм билээ.
-Гурав дахь үед нь цусанд оруулсан адуунууд танай аймагт байна?
- Аварга Сүхбатын ах Батсүх Тод манлай “дөрөв дэх үеийн цусанд нь оруулбал сайн” гэж ярихыг хүмүүс дуулсан байна лаа. Манай энүүгээр ч цус ойртуулж давхиулсан сураг дуулдаад л байгаа. Манайд цусандаа орсон ганц нэг адуу төрсөн онцтой санагдаагүй. Гэхдээ адуу адуунаасаа болох байх даа.
               Залуу байхын үүрээр босдог зуршилтай
-Уяач хүн морийг мэддэггүй, харин мэдэрдэг байх ёстой гэх юм билээ. Суурин голдуу маллагаатай, зайнаас голдуу уяатай ийм цаг үед тэгж мэдрэх боломж бий юу?
-Хүнээр уюулдаг хүмүүсийг хэлж байна уу. Би ч бас боддог юм. Хүнээр уюулчихаар адуугаа яаж таньж мэдэрдэг юм бол гэж. Одоо ч тэгээд хөдөө хотгүй морь унаж, адуутай ноцолдохоо больж дээ. Хөдөөгийн залуус өвөлдөө бага зэрэг унаж байна. Урин дулаан цагт бол мотоцикль л унадаг болж. Алсуураа адуунаасаа хөндийрөөд байхаар мэдэх мэдрэх нь багасч л байгаа байх. Энэ адуу тэдэн цагийн хоол, төдөн  удаагийн тар сунгаантай уралддаг гээд шууд хэлчих цоорхой уяач байхгүй байх. Би бол нэг удаагийн сунгалтан дээр тодорхой цагийн хоол өгөөд түүгээрээ баримжаалж ихэсгэж багасгадаг. Дөрвөн цагийн хоолтой моруулахад ихдэж байвал дараагийн удаа хасаад багадаж байвал нэмнэ гэсэн үг. Тэгж адуу болгон дээрээ тохируулахгүй бол ерөнхий азарга тэдэн цагийн хоол тэдэн удаагийн хөлстэй уралдана гэсэн тогтсон жишиг байхгүй  шүү дээ. Хүмүүсээс дуулснаараа ажил хийгээд морио мэдрэхгүй байвал тэр уяач  амжилтанд хүрэхгүй.Би нэг хэсэг адууны  дэлэн дээрээс салдаггүй байсан. Одоо ч мориныхоо дэргэд дээл дэвсээд хараад хэвтчихдэг.
-Нээрэн таныг адуу сайн эдэлдэг, сайн уургач байсан гэж дуулсан юм байна?
-Адуунд сайн байсаан. Эмнэг ч сургадаг л байлаа. Ямар сайндаа цэргээс ирээд хүнд харуулах гэж онгирч айлын гэр тойруулан эмнэг морь булгиулж, тогоо шанаган дээгүүр нь гарган загнуулж л байхав. Бидний үед одоогийнх шиг машин тэрэг элбэг байсан биш. Машин унадаг хүн тоотой байсан тэр цагт сайхан морь л эрийн чимэг байлаа шүү дээ. Сайхан эмээл хазаартай морь уначихсан яваа хүн олны харцыг булаадаг байлаа. Ер нь тэр бол Монголын бас нэгэн гайхамшиг байлаа шүү дээ. Тэр сайхан гайхамшиг үгүй болчих вий дээ гэж эмээх л юм.
-Манлай ямар эмээл хазаараар гангарч явав?
-Ааваас минь өвлөгдөж ирсэн мөнгөн эмээл, хазаар бийн. Түүнийгээ бага хүүдээ өвлүүлсэн. Нас нь яваад ирэхээр яах юм гэхээс бидэн шиг морь мал гэж донтохгүй л юм. Тээврийн жолоочоор ажиллах байхдаа мөн ч олон зэм хүртсэн дээ. Аавынх эндээс 14-15 киломерт говийн ар дээр нутагладаг байсан.Тэр хоёрын хооронд явж морио уяна. Сунгалт, уралдаан болно гэхээр тэсэхгүй тээврийн тэрэгтэйгээ явж очоод л торгуулчихна. Тэр үеийн 25 төгрөг гэдэг их л мөнгө байлаа. 25 төгрөгөөр би овоо хэд торгуулсан шүү. /инээв/ Залуу ч байж дээ. Ядарч зүдэрнэ гэдгийг мэдэхгүй.  Унаа эдэлгээ уяагаа өөрөө хийнэ. Өглөө эрт босдогийн ачаар л амжуулдаг байсан байх даа.
-Хэд гэж босохов?
-Зуны цагт өглөө дөрвөн цагт босно. Өвөл зургаа хүргэж чадахгүй дээ. Тав өнгөрөөгөөд л босчихдог юм. Сэрчихээд орондоо хэвтэж чаддаггүй зуршилтай. Тэгээд л босчихоод хөгшинд загнуулдаг юм./инээв/ Орой хоол идлээ л бол дэрэн дээр толгой тавиад л нам. Би ер нь төвд байгаагүй хүн л дээ. Энэ жил хөгшний бие жаахан чилээрхээд төв өвөлжсөн барахгүй эд байна лээ. Өглөө босоод байшингийн цонхон дээр зогсоно. Хөдөө бол мал хунараа эргүүлээд, морь малаа үзээд алхаж явах сайхан байдагсан.
     Улсад явсан анхны жилээ хоёр үрээ дараагаар нь оруулсан
-Таныг эндээс анх удаа улсын наадамд морьдоо ачиж очсон гэдэг юм билээ. Ямар машинтай, хэд хоног явж очихов?
-Хоёр хоноод л очиж байсан байх. Анхны явалтандаа чиргүүлтэй 30-тай явж байлаа. Дөрвөн шүдлэн үрээтэй очиж байсан. Наадмын өмнө Налайхын сунгаанд сунгатал миний дөрвөн үрээ дөрвүүлээ орсон. Нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүдээд, Аюуш Тод манлайн хонгор шүдлэн гурвалж, дөрөв, тавд миний хоёр үрээ орж байлаа. Одоогийн Манлай уяач Содномцог бид хоёр их хампаан л даа. Содномцог сунгааны дараа ирчихээд, “чи хүүхэдгүй олон үрээгээр яах юм, нэг үрээг чинь би аваад явъя. Манай Архустын 40 жилийн ой  болох гэж байна” гэж байна. Тэр үед Содномцог Архустайн даргаар ажиллаж байсан юм. Тэгээд миний түрүүлсэн, аман хүзүүдсэн хоёрын нэгийг авна гэхээр нь “энэ хоёрыг өгөхгүй халзанг ав” гээд нэг үрээгээ өгчихлөө. Тэр нь Содномцогийн Зээргэнэ гэдэг азарга шүү дээ. Халзан үрээ Архустайн 40 жилийн ойд хол түрүүлэхэд Содномцог байных нь телевизорыг, сая төгрөгтэй авчирч өгөөд “үрээг чинь авлаа шүү” гээд яваад өгсөн.
 -Хоёр үрээ дараагаар орсон 1999 оны улсын наадам тод дурсамжуудын нэг биз?
-Тэгэлгүй яахав. Хээр үрээ түрүүлж, халтар үрээ маань аман хүзүүдэж байлаа.
-Гурав дахь нь яаж давхисан бэ?
-13-аар давхиад Буд гишүүн авсан. Тэрний дараа жил буюу 2000 онд Босоо хээр маань түрүүлж, халтар хязаалан дөрвөлсөн. Улсын наадамд ухаан нь манай адуунаас хоёр хязаалан орж байгаа юм. Мөн соёолон, даага айрагдаж нэг дор нэг түрүү дөрвөн авсан. Тэндээсээ өвгөн ноёны наадамд ирж дахин нэг түрүү, дөрвөн айраг авч байлаа. Морь уясаар хамгийн өндөр амжилттай наадсан нь тэр жил юм. Нэг түрүү хоёр айрагт дүйцүүлдэг жишгээр тооцож үзвэл
улс, бүсийн наадмуудаас 12 айраг авч сайхан уралдаж байлаа.
-Унаган адуугаар наадах уяачийн хамгийн том бахдал гэдэг?
-Тэгэлгүй яахав. Би хүнээс адуу аваагүй. Бэлчээрээсээ адуугаа ачиж очоод улсад түрүүлгэж айрагдуулж байсан хүн. Тэр боссын морийг уясан гэж хүнд хэлүүлэхгүй.Өөрийнхөө морийг өөрөө уяад өөрөө цол хэргэмээ авсан.
-Та хамгийн сүүлд хэзээ улсын наадамд явсан бэ?
-Улсын наадамд явалгүй удаж байна  даа. Хамгийн сүүлд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор л явж Ганхуяг ахынхаа шаргал шүдлэнг айрагдуулсан. Тэндээсээ наашаа явж Хэнтий аймгийн ойд мөн гурвалж байлаа. Үүнээс хойш ерөнхийдөө явсангүй дээ.
       Босоо хээрээ эндэхэд л хараал байдаг гэдгийг мэдсэн
-Босоо хээрээ эндсэнээс болоод улсын наадамд явах дургүй болсон гэж ярьдаг юм билээ?
-Тэр ч үнэн шүү. Босоо хээр хязааландаа түрүүлгэчихээд соёолонд нь  дахиад аваад очлоо. Тэр жил Буд гишүүн надаас авсан хар үрээгээ уячихсан. Бид нэг уяан дээрээс морьдоо мордуулж байсан юм. Морь гаргачихаад ирсэн чинь манай хөгшин уяан дээгүүр чинь гутлаа зөрүүлээд өмсчихсөн, хачин царайны хүмүүс ирээд явлаа. “Хэний уяа вэ” гэхээр нь “Онгуугийнх” гэсэн чинь уяан дээгүүр чинь юм цацчихаад яваад өгсөн гэж байна. Тэр үед нь би юу ч ойлгосонгүй. Соёолонгуудаа мордуулчихаад л хүлээж байлаа. Тэгсэн хоёулаа Алдар толгойн зүүн дээгүүр сугарч гарч ирээд л бараа бараагаа хараад унаад өгсөн. Яг л буудуулсан юм шиг  тэр дороо нам болсон. Тэгэхэд л жинхэнэ хараал гэдэг юм байдаг гэдгийг мэдсэн шүү. Адгуус малд тэгж байгаа хүмүүс яаж ч мэдэх юм байна гэж бодоод тэрнээс хойш улсын наадамд айхтар ирмүүн явахаа больсон. Нэг ёсондоо хүн халширч зүрхшээдэг юм билээ.
-Юунаас болсныг нь тодруулсан уу?
-Чадаагүйээ. Задалж үзэх нь байтугай толгойг нь ч авч чадаагүй. Самсовалаар шууд ачаад аваад явчихдаг юм билээ. Тэгээд хаана хаясан нь ч мэдэгдээгүй. Бодвол нэг газар аваачиж хаядаг биз. Уг нь хурдан сайхан буянгийнхаа тэргүүнийг өөд газар нутгаа чиглүүлээд тавьчихъя гэсэн бодол мөн их байсан ч чадаагүй. Тэгж хорлуулаагүй байсан бол Босоо хээр маань мөн ч олон баярлуулах байсан даа. Үнэхээрийн босоо хүлэг байсан юм. Чи яагаад босоо гэж нэрлэснийг нь сонсмоор байна уу?
-Дуртайяа
-Хүмүүс унага босоо төрдөг гэхээр би ер итгэдэггүй байсан юм. Гүү босоогоороо унагалаад, унага нь ойчихдоо босоогоороо тэнцэнэ гэж бодохоор утгагүй санагдаад байдаг байлаа л даа. Товчхондоо бол шууд эсэргүүцдэг байсан. Тэгсэн өөрөө нүдээрээ харсан даа. Миний халиун азарганд хоёр борогч гүү байлаа. Дэлэгнээд их дөхчихсөн. Би өглөө нар мандаангүй байхад адуундаа  морддог хүн. Манайх тэгэхэд өвөлжөөндөө байсан юм. Халиун азарганыхаа адуун дээр яваад очтол  хоёр улаан гүү хоёулаа цуг хэвтэж байна. Энэ хоёр унагалчихаад унаганыхаа дэргэд хэвтэж байгаа юм болов уу гээд яваад очсон хоёулаа унагалж байна. Тэгэхээр нь тамхиа татаад харж байлаа. Бараг зэрэг шахуу унагалалаа даа. Нэг улаан гүүнээс нь хээр, нөгөөгөөс нь халзан эр унага гарлаа.
-Хоёулаа босоогоороо унагалсан хэрэг үү?
-Үгүй, гүү ч хэвтээгээрээ унагалсан л даа. Хээр унаганы урд хоёр хөл нь жийлттэй байснаа эхийгээ босонгуут хөлөө татаж хомойгоод ганцхан ухасхийгээд хойд хоёр хөл дээрээ босоод яваад өгсөн. Босоо адуу гэдэг тэгж л төрдөг юм билээ. Би нүдээрээ үзсэн. /духны хөлсөө арчин инээв/Тэгээд хурдан хүлэг болох байх гэж бэлгэшээгээд Босоо хээр гэж нэрлэсэн юм. Тэрнээс хойш бас нэг хээр унага тэгж тэнцсэн. Цагаан хашаатад байхад юм байна. Өглөө адуу хураахад унагалаагүй байснаа усалж байсан чинь нэг нялх унага эхийгээ тойроод явдаг юм. Тэрүүхэн зуур унагалаад эх нь босоогүй байхад унага нь босчихсон явж байсан. Эх нь Босоо хээрийн  дүү хээр гүү байсан.
-Ажаад байхад та шүдлэнгийн уяаг бусдаас нь илүүтэй тааруулдаг бололтой. Улс бүсэд түрүүлж айрагдсан адуунуудын ихэнх нь шүдлэн байх юм?
-Бага адуу голдуу давхиад байхаар нь үнэн ч байж мэдэх юм. Би үүнийг эдэлгээнийх боловуу гэж боддог. Яагаад гэхээр би шүдлэнгээс нь эхлээд унадаг. Байнга унаад байхгүй л дээ. Тохируулж унана. Одооны залуус хурдан адуу гэхээр гүнгэрваатай бурхан шиг тахих юм шиг санах юм. Хурдан адуугаа хайрлалгүй яахав. Хайрлаж байгаа нь энэ гээд эдэлгээ хийхгүй бол туйлын буруу. Наад зах нь хөл нуруу гэмтэхээс эхлээд согог суух нь их. Шүдлэн голдуу оруулж байсан болохоор зарим нэг нь намайг “шүдлэн Онгуу” л гэдэг юм. 
-Бат-Эрдэнэ аваргад бэлэглэсэн хүрэн үрээнийхээ түүхийг ярьж өгөөч. Өвгөн ноёнд бараг түрүүлсэн гэдэг байхаа?
-Миний дээдчүүл даншигийн аварга бөхчүүд байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Тэр ч утгаараа зүүн зүгээс төрсөн их аваргаа хүндэлж 1995 онд болсон аваргуудын  нэрэмжит барилдааны үеэр хүрэн даага зүсэлж өгсөн юм. Хүрэн үрээ даагандаа долоо уралдан тав түрүүлж, хоёр айрагдаж уралдсан болгондоо орсон адуу. 1996 онд Хэнтий аймагт болсон наадамд хүрэн шүдлэн уг нь түрүүлсэн. Түүнийг нь аварга ч өөрөө харсан. Бид машинтай дагаж байсан юм. Тэгсэн бариачид нь аваргын морины араар ороод нөгөө моринд нь түрүү пайз өгчихсөн. Би ч аваргад “та харсан биз дээ. Пайзаа будлиантай өглөө. Түүнээс таны морь түрүүллээ шүү” гэдгийг хэлсэн. Түрүүнд баригдсан саарал үрээний эзэн Хэнтий аймгийн Дугарсүрэн гэж өвгөн байсан юм. Аварга машинаас буух үед нөгөө хөгшин шууд амдаж ирээд “за ах нь ч хөгшин хонины насгүй, бохир хонины зүсгүй болчихсон хүн. Миний дүү морь ч  залуу байна, өөрөө ч залуу байна. Олон уралдах биз” гэсэн. Тэгсэн аварга “таны морь түрүүлсэн болог” гээд түрүүгээ өгчихөж байсан юм.
Манайхнаас дөрвөн улсын цолтой уяач төрсөн
-Манлай цагтаа ноцолдож явсан гэдэг. Ямархан амжилт үзүүлж байв даа?
-Их аваргуудын дэргэд миний барилдах гэж юу байхав. Гэхдээ тоот бөхийн тоонд орж торгон зодогны сэнжигнээс атгаж аймгийн начин цол хүртсэн хүн. Сүүлд 6016 бөх барилдаж, Гиннесийн номд бүртгүүлэхэд очиж барилдан хийморио сэргээсэн.
-6012 бөх үү?
-Яг барилдсан нь 1016 шүү дээ. Тэрэнд ах бид хоёр очиж барилдсан.
-Сүхбаатар аймгаас төрсөн 14 улсын цолтны дөрөв нь нэг бүлийн хүмүүс байдаг. Ухна Манлайнхантай ямар хамааралтай юм бэ?
- Ухна ах чинь манай аавтай ах дүүсийн хүүхдүүд байхгүй юу. Хамгийн түрүүнд Манлай уяач цол авсан нь би. Дараа нь Ухна ах авсан. Тэгээд би дүү манлай гэж явуулдаг байсан юм./инээв/  Халзангийн наадамд оччихоод буцаж явахдаа Ухна ахынд нэг шил архитай очоод “ах Манлай нь дүү Манлайдаа нэг шил архи задалж архи номхруулъя даа” гэсэн Ухна ах хачин хөхрөөд “нээрээн л тийм дээ. Арга байхгүй ах Манлай” гэж байсан юм. Сайхан буурал байсан юм даа. Манайхны хүүхдүүдээс Ухна ахын хүү Эрдэнэбилэг улсын Алдарт уяач болсон. Миний төрсөн дүүгийн хүү Сэргэлэнбаатар МУ-ын Алдарт уяач цолтой. Яг миний гар дээр өссөн хүүхэд байгаа юм. Бас манай ах Ганхуяг, талийгч дүү маань бас аймгийн Алдарт уяач цолтой. Дээр нь Ухна ахын хүүхдүүд манай хүргэн гээд аймгийн Алдарт уяач цолтой хүмүүс олон байнаа.
-Танай хүүхдүүд морь уядаггүй юмуу?
- Долоон охин, хоёр хүү гээд манайх есөн хүүхэдтэй.Төмөртэй ноцолдохоос адуутай ноцолдохгүй юм даа. Уг нь намайг дагаад найр наадамд бишгүй л явсан. Одоо уяаны эрдэмд ойрхон хүн гэвэл манай хүргэн л байна. Бид хоёр хөдөө цуг байдаг юм. Арсланбаатар гээд. Асгат сумын Алдарт уяач цолтой. Моринд овоо эвлэг хүн байгаа юм. Ноднин Баяндэлгэрийн наадмаас айраг, түрүү авч л байна лээ.
-Улс, бүсийн наадмуудаас нийт хичнээн айраг, түрүү авсан байдаг вэ? Тоолж байв уу?
-Улс, бүсийн наадмуудаас 20-иод юм бий байхаа.
-Хэдэн оны Манлай билээ?
-Алдарт уяач цолоо 1999 онд, тэр үеийн аймгийн дарга байсан Сүхбаатар гэдэг хүнээс авч байсан Харин Манлайгаа 2000 онд бөхийн өргөөнд сая Буяндэлгэр тэргүүнээс гардан авч байлаа. Алтан тууртын буянаар магнай тэнийсэн нь олондоо.
 -Бидний урилгыг хүлээж авч сайхан хууч дэлгэсэн Манлайдаа баярлалаа.Төрийн сүлднээ мөнхөрсөн туурт хүлгэдийнх нь заяа түшиж, аз хиймориор дүүрэн цалгих болтугай. 
-За баярлалаа, та бүхэнд. Дээхэн үед настай голдуу хүмүүс морь уядаг байсан бол одоо залуучууд олноор уях болж. Залуу хүн гэдэг цаанаа золбоолог хийморилог байдаг даа. Нутаг ус, улс Монголынхоо нэрийг гаргаж яваа залуусдаа амжилт хүсье

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна