Хурд, хун чуулсан Дарьганга нутаг

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 21 -нд

Хөх толбот эрсийн хийморийг сэргээж, лундааг сэлбэдэг Алтан-Овоо, Шилийн богдоороо алдартай  Дарьганга нутаг намар цагтаа олны хөлд дарагдах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Үнэнч хайр, үерхэл нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон хунгийн чуулганыг үзэхээр ирэгсэд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа хэмээн нутгийнхны ярьсан үнэн бололтой. Биднийг очиход сумын буудлууд дүүрч, айлын хаалга тогшиход хүргэсэн юм. Тэр бүү хэл хоноглосон айлд маань зорилго нэгт нөхдүүд шөнө дунд зочлон, “хүндрүүлэх нь” дээрх яриаг улам бүр бататгаж байлаа.
Өглөө 10 цагийн үед биднийг хоноглуулсан айлын эзэн А.Отгонбаатарын /Дарьганга сумын МСУХ-ны тэргүүн/ хамтаар сумын төвөөс арав гаруй километрийн зайтай орших Ганга нуурыг зорилоо.
 Бусдын ярианаас нэг дор хэдэн зуугаараа ганганалдан байдаг хэмээн төсөөлж байсан ч бодит байдал өөрөөр угтлаа. Нуур усаа чимэн дуулалдах хос шувууд хэлхсэн сувд адил нуурын голд чуулж, холоос зорин ирэгсдийн харааг шалгаж байсан юм.
Бидний нэгэн адил хүсэл зорилгот нөхдүүд нуурын захаар эгнэж байх агаад, зарим нэг нь бүр намрын сэрүүнийг үл тоон майхан барьж хоногложээ.
Гадна дотны тэр олон хүний овоо харааг чимэх хаан шувууд нуурынхаа төв цэгт чуулан, ганганалдах нь яг л найрал хөгжим тоглож буй мэт... Бид нуур захлан онцгойрох бүл хунг  “онилон” очсон ч бараа төдийхнөөр л дайжин одох аж. Гэгээн хайрын бэлгэдэл хаан шувууд бүлсэг нэгэн гэдэг нь төвөггүй анзаарагдана. Тэд дэгдээхийнүүдээ голдоо хийн нуурын мандалд тайван гэгч хөвөх бөгөөд идэш тэжээлээ олмогц үрс нь олзноос хуваалцахаар эцэг эхийн зүг яарах нь цаанаа л эгдүүтэй.
Ганга нуурын баруун зах эргэн тойрон намгаар хүрээлэгдэх бөгөөд тэрхэн хэсэгт хун шувууд хэдэн зуугаараа тайван амгалан гэгч чуулах нь эрхгүй хараа булаана.
Тэр зүг машинаар явахын аргагүй бөгөөд явганаар өвсний өтгөнийг сорчилж алхсаар хамгийн боломжит хэмжээнд ойртон тэдний хэрхэн аяглахыг хэсэг зуур ажиглалаа.  Хун шувууд тийнхүү олноор чуулах нь эгээ л хонь хотлох мэт харагдах агаад, хэсэг зуур хуурай газарт нарлаад нуурандаа хөвөхөөр аажуухан алхалсаар орох аж.
Хун шувууд тухайн жилийн онцлогоос хамаараад Дарьганга сум тойрсон олон нууруудын аль нэгэнд олноор чуулдаг бөгөөд өнөө жил Ганга нуурнаа ийнхүү хэдэн мянгаараа үдэлжээ. Монгол орны өнцөг булан  бүрнээ нуур ус бараадан зуныг өнгөөрсөн хун шувууд Ганга нуурнаа чуулан холын бэлтгэл хангаж буйг хараад нутгийн иргэд “өнөө жил 3000 хүрчээ” хэмээн итгэлтэйгээр өгүүлэх аж. Нээрэн ч  нуурын нэг захаас нөгөө зах хүртэл хэлхсэн сувд шиг үелэх тэднийг хараад нутгийн олны яриа оргүй гэдэг мэдрэгдэнэ.
Аймгийнхаа 70 жилийн ойд хурдан хүлгэдээрээ илүүрхэж, хурд, хун чуулсан хийморьтой нутаг гэдгээ баталсан  Дарьгангачууд үнэнч хайрын бэлгэдэл, үерхэл нөхөрлөлийн тэмдэг болсон хос шувуудаараа бахархан хол ойрын зочдын хөлд дарагдаастай байна.

А. Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна