Манлай хүлэгч Ш.Пүрэвхүү: Манай нутгийнхан намайг адуу, ажил хоёроос өөр юм ярьдаггүй А2 гэдэг юм

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 01 -нд

Монгол улсын гурав дахь эмэгтэй Манлай хүлэгч Ш.Пүрэвхүү энэ удаагийн зочин байх болно.

-Номын хүн яаж яваад эмнэг хангалын нуруун дээр салхи татуулан давхих болчихсон юм бэ? 
-Би чинь айлын хэнз ганц охин. Ээжийнхээ 40, аавынхаа 43 настайд төрсөн юм. Дээрээ ганц ахтай. Надаас 11-ээр ах л даа. Багадаа аавынхаа нуруу, ээжийнхээ өвөр, ахынхаа хүзүүн дээр л хүн болсон. Гэвч хүний хүсч тэмүүлсэн юм гэдэг цаанаа л өөр шүү. Аав минь адуун маланд ойртуулах ч үгүй, хайрласандаа л тэр шүү дээ. Харин би нуугдаж байгаад хүний өөрийн аль л эмнэг гэсэн адуунд мордчихсон давхиж явдагсан. Их л зүггүй охин байсан шиг байгаа юм. Ямар сайндаа л манай нутгийнхан “яана даа хоёр хөгшин. Ганц охин нь дөрөөндөө чирэгдэж үхэж, энэ хоёр амьдаараа хатахвий” гэж  ярьдаг байсан. Гэхдээ ээж аав маань настай хүмүүс болохоор би амьдрах ухаанд эрт суралцаж дээ гэж одоо боддог юм. Архангайн багшийн сургуулийг төгсөөд Бүрэнтогтоход багшаар очлоо. Зундаа багш нар чинь их урт амарна. Нэг амралтаар нагац эгч дээрээ очихоор давхиж яваад азарга адуу босоод, гүүний сүү асгарч байхыг харлаа. Энэ тухайгаа ээждээ хэлбэл “тэрийг та нар л саахгүй бол өөр хэн саах билээ” гэж хэлсэн. Тэндээс л зуны амралтаараа адуутай ноцолдох болсон түүхтэй. Тэр чинь 1978 он байгаа юм.
-Айлын ганц охин гэхээр их л эрх танхи байсан байх гэж төсөөлж байлаа?
-Харин хүмүүс тэгж асуудаг л юм. Би чинь Архангайн багшийн сургуулиас гадна Багшийн дээдийг төгссөн хүн. Архангайн багшийн дээдийг төгсөөд ирэхэд муу аав минь бурхан болчихсон, ээж ганцаараа л байлаа. Тэр үед ээж маань охиныхоо ромбо, дипломыг торгон дээл хийж мялаагаагүй. Гоё хувцас ч авч тавиагүй байсан. Харин нэг их сайхан толгой хаядаг хүрэн морийг эмээл, хазаар, ташууртай нь бэлдээд тавьчихсан бэлэг барьж билээ. Эх хүний зөн совин гэдэг тийм агуу. Тийм холыг хардаг байна ш дээ. Тэр жилээс өнөөдрийг хүртэл адууны төлөө сэтгэл зүрхээ зориулан явна. 60 хүрчихээд Гиннесийн номонд бичигдэх үйлсэд зүтгээд л явж байна даа.
-Ингээд шинэ ажилдаа хэр хурдан дадсан бэ?
-Би сургууль дээрээ малчны залуу халаа дугуйлан байгуулж, малд хэрэглэгдэх гарын дорх зүйлийг хүүхдүүдтэйгээ хамжаад хийчихдэг байлаа. Тэгээд зундаа адуутай ноцолдоно. Ер нь хийе гэвэл хийхгүй юм гэж байдаггүй л юм билээ. Анх нэгдлийн хээр азаргатай адууг хүлээж аваад туугаад явлаа. Орой нь адуугаа олохоо байчих нь тэр. Арга ядаад хүн амьтнаас асуулаа. Гэхдээ хээрийг хүрэн гэж харсан болохоор “хүрэн азаргатай адуу харсан уу” гээд л эрэл сурал болоод, явж явж ололгүй гэртээ ирлээ. Ээждээ урам муутайхан л “адуугаа олсонгүй” гэвэл ах цаанаас “чи ингэхэд ямар зүстэй азарга гэж эрээв” гэнэ. Би хүрэн гэвэл ээж маань “чи даанч яав даа” гээд толгой сэгсэрч байлаа. Ийм л хөгтэй эхэлж байв. Би чинь адуутай ноцолдохоороо өөрийгөө мэдэхээ байчихнаа. Мэдээж амаргүй ш дээ. Анх Саадаг толгой дээр эмнэг үрээтэй таарч байлаа. Нэг хүн би эмнэг үрээгээ алдчихлаа. Таарч магадгүй шүү гэж захисан юм. Тэгсэн би өнөөх эмнэг үрээтэй нь таараад арай чүү гэж аргамжаанаас нь барьж аваад зүүгдчихсэн. Өнөөх чинь дээшээ туйлаад л байдаг. Сайхан торгон дээлийн энгэр юу ч үгүй л болсон юмдаг. Миний аав ах хоёр морь уядаг байсан л даа. Тийм болохоор адуутай ойр өссөн. Нөгөө талаас манай удамд баавгай Балжинням, араг Лувсаншарав нарын хүчит бөхчүүд цагтаа эр бяраараа гайхуулж явсан сайхан түүх бий.
-Сургуулийн хамт олон чинь яаж хүлээж авсан бэ?
-Би 1978-1992 он хүртэл зундаа нэгдлийн гүү саадаг байсан. Багш нар амарч байхад би амрахгүй л ажиллана. Хавар дүнтэй журналаа тушаалаа, гадаа нэгдлийн машин зогсож байна. Тэгээд аль бригадад адуучин, саальчингүй байна, би очно. Заримдаа өвгөн маань тээвэр хийж яваад ирэхдээ гэрээ олохгүй сурагласаар л ирдэгсэн. Ингэж ажиллаад хариуд нь нэгдлээс манай ангийн засварыг хийгээд өгчихдөг байсан. Зун сааль сүү, эмнэг хангалтын хөлс гээд цалин бодно. Гэхдээ би нэг ч удаа авч үзээгүй. Би нутагтаа хамгийн өндөр цалинтай хэл уран зохиолын багш байлаа. Олон ч цагийн хичээл ордог байсан. Энэ хугацаанд нэг ч удаа амралт, рашаан сувилалд явж байсангүй. Тэглээ гээд буруудаагүй л гэж боддог. Аливаа ажлыг хийж байхад хар цагаан хэл ам байнга л дагалдаж явдаг юм шүү дээ. Анх нэгдлийн гүү аваад ажиллах болсон нутгийн улс намайг юу гэж шоолж байсан гээч. “Энэ жил хөх цавийн гол усаар биш, айргаар урсах нь. Пүрэвхүү багш гүү сааж айраг хийх гэнэ” гээд жиг жуг хийлцдэг байлаа. Тэр үед манай сумын баяр наадмаар 40 литр айргийг хэрэглэдэг байсан бол сүүлдээ 100 литрийг хийгээд ч хүрэхээ больчихсон байсан. Би сумын айргийг даадаг байлаа шүү дээ. Өглөө гүүгээ саагаад эхэлсэн л бол цай цүү болох ч зав гарахгүй. Гэсэн ч гэр орны ажлаа хийх, хүүхдүүдийнхээ хоол ундыг өгөх гээд л амжуулахаас өөр аргагүй. Хүн ер нь ажилтай байх тусмаа л илүү юм ажлыг амжуулдаг гэдгийг би биеэрээ мэдэрсэн.
-Та хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхдүүд бага байхад амаргүй л байсан байх даа?
-Манай нөхөр жолооч хүн. Тийм болохоор гэртээ байхаасаа байхгүй нь их. Би найм төрж, хоёрыг нь бурхны оронд өгсөн. Зургаан хүүхдийнхээ багыг томд нь хариуцуулаад л ажиллана. Эхний дөрвийг нь ээж маань хардаг байсан юм. Заримдаа манцуйтай хүүхдээ адууныхаа зэлэн дээр холхон тавьж байгаад гүүгээ саана. Хүн дуртай юмаа хийж байхад бэрхшээл байдаггүй юм байна лээ. Бод доо. Адуундаа өглөө таван цагт хүүхдүүдээ унтаж байхад гараад мордчихно. Замд хөх саамшаад адуугаа олоогүй бол бууж байгаад хөхөө саагаад суллачихна. Хэрвээ адуугаа олчихоод тууж яваа бол юу гэж бууж саалгахав. Тэгэхээр алчуур юмуу малгайгаа өвөртөө хийгээд морин дээрээ саачихна. Би чинь муугаа мэдэхгүй бас их догшин адуу унадаг байсан. Адуундаа өглөө таван цагт яваад шөнө хагаслан гэртээ орох үе зөндөө л байлаа. Зарим үед өнөө хэдэн адуугаа олохоо байчихаад үйлээ үзнэ. Манай хангайд чинь модолчихдог болохоор мод руу орсон адуу мөд олдохгүй. Бүүр нэг удаа намайг хайгаад эрлийн баг гарч байлаа. Би яахав адуугаа  эрээд л явчихгүй юу. Социализмын үед чинь сайхан ш дээ. Намайг гүүн дээр гарчихсан байхад сургуулийн захирал, нэгдлийн дарга, малын эмч нар байнга л эргэж тойрно. Тэгж нэг ирэхэд нь би байхгүй болчихгүй юу. Тэгээд өдөржин явсаар шөнө адуугаа туучихсан, бас болоогүй дуу аялсан шигээ давхиад иртэл бөөн гэрэл чийдэн болчихож. Гайхаад яваад очвол намайг хайхаар хоёр баг эрэлд гарах гэж байсан.  
-Гэр бүлийн хүн чинь зэмлэж байв уу?
-Миний хүсэл зоригийг ойлгоноо. Хориод байхгүй ч гэхдээ бас дэмжихгүй.
-Эрхбиш хөл хүнд үедээ морь унахгүй биз дээ?
-Юу ярина вэ. Унана ш дээ. Жирэмсэн байхад адуутай ноцолдоход тулхтай сайн байдаг юм. Жинтэй болчихдог болохоор бараг чирэгддэггүй. Ер нь адуутай ноцолдлоо гээд буруудсан юм байгаагүй. Гурав дахь охиноо гэдсэнд байхад урьд орой нь адуугаа тууж ирчихээд маргааш нь төрж л байлаа. Уулын оройноос томоо гэдэстэй адуу хураана ш дээ. Эмээлийн бүүрэгнээс өөр юу ч саадгүй болдоггүй юм. Морин дээр яаж ч давхисан эвгүйддэггүй сонин байгаа биз. Энэ л нөгөө Монгол хүн, Монгол адууны зохицол байхаа.
Дөрвөн охин, хоёр хүү маань бүгдээрээ моринд сайн. Бага байхад нь унаганд мордуулаад явдаг байсан болохоор сурахгүй гээд ч яах билээ. Хүүхдүүд маань улсынхаа зургаан их сургуулийг төгсөцгөөсөн. Бүгд л сайн сайхан явна.
-Та бас эмнэг сургадаг гэж байсан?
-Тиймээ, 1985 онд эмнэг сургалтын спортын мастер болж байлаа. Социализмын үед спортын мастерын болзлыг хэд л бол хэд биелүүлж болохоор байсан санагддаг. Хоёр жилд 80 эмнэг сургана гэсэн болзолтой. Тэрийгээ саалинд, эдэлгээнд, уналганд гээд зааглачихна. Эмнэг адууг олон жил сургаад ирэхээр арга барилд орчихдог болохоор болзол биелүүлэх амархан.
-Морь малнаас унах үе бас гардаг л байх даа?
-Тэгэлгүй яахав, хамгийн олон уналаа ш дээ. Тэр байтугай улсын чанартай тэмцээнд ганцаараа пад гээд нисээд л явчихсан. 1996 онд  Саадаг толгойд уургач бугуйлчийн улсын аваргын тэмцээн болсон юм. Тэгэхэд миний шавь Б.Машбат багшид юу бэлдэх үү л гэнэ. Би сольж унах морь бэлдээрэй гэвэл гурван хар жороо морь бэлдсэн байлаа. Тэмцээн дээр 1000 шахуу адуунаас би нэг морийг зүсэлж тамирчинд авчирч өгдөг талбайн шүүгчээр ажилласан. Ингээд өнөө бэлдсэн хар морины нэгийг унаад мордлоо. Жаахан ааштай морь байсан л даа. Би өөрөө ааштай морь унадаг болохоор манайхан ч андахаа байчихсан. Тэгээд элдэж яваад нэг талын хөлөө чанга жийчихгүй юу. Тэгсэн хийсээд л өгсөн. Босч ирээд нөгөө хар морийг нь унаад л үргэлжлүүлсэн. 18 аймгийн тамирчин оролцсон тэр том наадамд уначихаж байгаа нь тэр. Маргааш нь говийн нэг тамирчин “танд сав бөөр гэж байна уу” гэж асуухаар нь гайхаад юу гэж байгаа юм гэвэл “өчигдөр мөн ч гамгүй хийссэн дээ. Юу нь гэмтээ бол гэж айж байсан зүв зүгээр л босоод явчихаар нь гайхлаа” гэж байсан.
-Ноднин Манлай хүлэгч болсон байхаа?
-Тийм ээ. Улсын хэмжээний гурав дахь Манлай хүлэгч болсон. Хамгийн анхны Манлай хүлэгч цолыг Сэлэнгэ аймгийн харьяат, Монгол  улсын Алдарт уяач Хорлоодой агсан авсан байдаг юм. Харин хоёр дахь нь Морин тойруулгын спортын мастер Цэрмаа гуай байгаа юм. Морин спортод оруулж байгаа эмэгтэйчүүдийн хувь нэмрийг ийнхүү үнэлсэнд баярладаг. Би ч мориныхон дундаа насыг барж байгаа хүн дээ. Шавь нартайгаа нийлээд 1978 онд уяачдын холбоог санаачлан байгуулж байлаа. Өвлийн бооцоот уралдааныг 30 жил зохион байгууллаа. Анх өвлийн бооцоот уралдааныг зохион байгуулаад арга хэмжээ хүртэл авахуулж явлаа. Уралдаан явуулж хүүхэд мориноос унагаж уруулыг нь сэтэлсэн хэргээр аймгийн намын хорооны тэргүүлэгчдийн хурлаар ороод намд элсэх дугаараа хойш  нь татуулж байлаа. Нэг хурганы арьсаар л бооцоо тавьдаг юм. Бас улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд талбайн ерөнхий шүүгчийг найм есөн жил хийсэн. Энэ нь бидний ярьдагаар хамгийн хүнд ажлыг нугалж байгаа шүүгч гэсэн үг л дээ.  Жишээ нь тэмцээнд оролцож байгаа тамирчинд хонгор морь хэрэгтэй болоход би тасдаж хөөгөөд авчирч өгөхөөр өнөөх маань бугуйлаа шиддэг. Мөн морь бариачийн ажлыг 35 жил хийж байна. Айргийн таван морийг пайзтай барьдаг улсуудаа хариуцан ажилладаг юм. Би 32 цагаан лонх тоолж чадахгүй. Харин хичнээн морь ирснийг номер алдахгүй дуудаж чадна.
-Энэ бүхнийг яаж амжуулах уу?
-Манай нутгийнхан намайг ажил, адуу хоёр л ярьж явдаг гээд А2 гэдэг юм. Адуу ажлаас өөр юм мэдэхгүй л гэлцдэг юм. Үнэн л дээ. Хэрвээ намайг дээлний өнгө сонгоод аваад ир гэвэл би лав чадахгүй. Адууны төлөө энэ олон жил явахдаа буруудаж зэмлүүлж, хөөгдөж ч үзсэн. Гэвч хэзээ ч шантарч байсангүй. Би хамгийн олон алдартнуудыг төрүүлсэн. Хөвсгөл аймгийн 12 Алдарт уяачийн наймыг нь би төрүүлсэн. Спортын мастер 14 хүний 10-ыг нь бас л төрүүүлсэн. Авах ёстой шагнал урамшууллыг нь цаг тухайд нь аваад өгчихсөн л гэж гүйдэг юм. Бүүр аавынд орчихсон тамирчинд нэгдүгээр зэрэг олгуулж байлаа. Тэр үед прокуророос зөвшөөрөл аваад хөөцөлдсөн. Мэдээж амаргүй байсан ч “би авьяасыг нь, та нар алдааг нь мэддэг” гээд л зүтгэчихсэн. Тэр хүн үнэхээр их баярласан. Бараг тэр үнэмлэх түүнийг шинэ амьдралд хөл тавихад нөлөөлсөн гэж боддог юм. Одоо бүүр болоогүй уяачдынхаа эхнэр хүүхдийг нь хөтлөөд л явдаг болсон. Хотод эмнэлэгт үзүүлж, сургууль соёлд оруулах гээд л. Манай мориныхон чинь ийм л дотно, амь  нэгтэй улс байгаа юм.
-Өөр таны санаачилсан ямар ямар тэмцээн уралдаанууд байна вэ?
-Би уяачдаа гадна дотно их авч явдаг хүн л дээ. 1995 онд улсын баяр наадамд уяачдаа аваад оролцож байлаа. За тэгээд Эрдэнэтийн бүсийн нэгдүгээр уралдаан, Өвөрхангайн хурд 1,2, Архангайн бүсийн наадмуудад очиж байлаа. 2006 онд аймагтаа анхны “Адуучин” нэвтрүүлгийг Саадаг толгойд хийж байсан. Морины дууны уралдаан, гийнгоон тэмцээнүүдийг уламжлал болгон хийсээр ирлээ. Саяхан болсон дууны тэмцээнд маань хорь гаруй хүүхэд оролцсон. Хөвсгөл нутгаас маань морины дуу сайхан дуулчихдаг дуучин төрчихөөсэй гээд л бодоод явна. Гавьяат Нансалмаа 168, Батбаяр нь 108 морины дуу дуулдаг юм билээ. Тэдэн шиг магадгүй тэднээс илүү дуулах авьяастай хүүхдүүд бидний дунд байгаа ш дээ. Тэр авьяасыг  нээн илрүүлэх зорилготой тэмцээн юм. Одоо хэд хоногоос цоллоочийнхоо уралдааныг хийнэ дээ. Сумаас ирсэн морь цоллооч хүүхдүүд уралдуулаад алт, мөнгө, хүрэл медалиар шагнаж, морь цоллох эрхийн бичгийг гардуулдаг юм. Хүүхдүүд маань өнөө эрхийн бичгээ барьж очоод сумынхаа наадмын аль нэг насны морьдын цолыг дууддаг. Энд сонирхуулахад уургач бугуйлчийн улсын аваргад өөрийнхөө нэрэмжит шагналыг гурав дахиа өгөхөөр зэхчихээд байна. Эхнийхийг нь Ховд аймгийн Энхбаяр гэж хүүд өгсөн бол хоёр дахийн эзнээр Дорноговийн Баасанхүү шалгарч байлаа. Энэ жил тус тэмцээн Булган аймагт болох бөгөөд би бэлэгний бугуйлаа зэхчихсэн. Бас уяачдын гэргий, унаачдын ээжүүдийн зөвлөгөөнийг Цагаан-Уулд хийж байлаа. Маш гоё зөвлөгөөн болсон. Зөвхөн морь гэлтгүй аймагтаа өсвөрийн шатарчдын тэмцээнийг 1996-2009 он хүртэл өөрөө болон бусадтай хамтран ивээн тэтгэн, зохион байгуулж байлаа. Би тавдугаар ангиасаа шатар тоглодог байсан юм. Манайхан гэр бүлээрээ шатарчид, бас сур харваачид л даа.
-Холч морьдын уралдааны зар тарааж байгаа харагдсан? Хэзээ болох вэ?
-Тиймээ. Одоо Хөвсгөл аймагт холч морьдын уралдааныг явуулах цаг нь болсон. Манай Хөвсгөлийн адуу тэр чигээрээ холч морь юм шүү дээ. Манай адуу хурдан болохыг, бас жороо болохыг улсад харуулчихсан ш дээ. Одоо холч гэдгээ харуулах хэрэгтэй байна. Маш их найдвар байгаа. Тийм болохоор залуучуудаа хөгжүүлж байгаад дэлхийн аваргад зүтгүүлнэ дээ.
-Энэ бүхэнд санхүүгийн асуудлаа яаж зохицуулдаг вэ?
-Өөрөө л зохицуулна ш дээ. Хошигнож байгаа ч үнэнээ л хэлье. Би 30 мянгаар гутал авах байсан бол 17-гоор нь өргөмжлөл, медалиа хийлгэчихээд үлдсэнээр нь тусламжийн гутал аваад л өмсчихдөг хүн. Тэгээд ч миний өгсөн юмыг чамладаггүй юм, хөөрхий. Энэ гуч гаруй жилийн хугацаанд 20 хэдэн сая төгрөг зарцуулсан байна лээ. Түмний буянд  болоод л ирсэн болохоор болноо.
-Багшийн ажлаа хэдэн жил хийсэн бэ?
-Би 24 жил багшлаад ажлаа орхисон. Түүнээс хойш уран бүтээлийн ажилдаа орсон гэх үү дээ. Энэ цаг үеийг хойч үеийнхэндээ үнэнээр нь үлдээхийн тулд өөрийн мэддэг чаддагаа хийж явна. Манайх чинь хэдэн малтай. Хониндоо явахдаа үзэг цаас нийлүүлж суудаг юм. Өвөл нь харин бичиж туурвиснаа эмхэлдэг ажилтай. Энэ хугацаанд “Хатан туурай”, “Ган туурай”, “Цомбон туурай”,  “Ширмэн туурай” цуврал сэтгүүлүүд, “Уяачдад өгөх зөвлөмж”, “Малчдад өгөх зөвлөгөөн”, “Уяач малчдад өгөх зөвлөмж” гэхчилэн  есөн номын зохиогч болсон байна. Дээрх цуврал сэтгүүлүүд нь орон нутгийн анхны хэвлэл болсон. Би аливаа юмны анхдагч байхыг хүсдэг. Дээр үед Бүрэнтогтох сумын отор саалийн нөхөрлөлийн улсын туршлагыг гаргаж байлаа. Энэ нь улсын хэмжээний тэргүүн туршлага болж байсан сайхан түүх бий. Бас малчин хүүхдийн чуулга уулзалтыг анх зохион байгуулж байлаа. 1992 онд сурган хүмүүжүүлэх уншлаганд “Малчны залуу халааг бэлтгэх боломж” нэртэй илтгэл бичиж улсад түрүүлсэн. Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор “Нууц товчоон дахь морины зүс хоч”, “Хотгойд, Дархад дуунд морины зүсийг хэрхэн дүрсэлсэн нь” сэдвээр тус тус илтгэл тавьж байлаа. Мөн үндэсний олон төрөлтийн тэмцээнийг бас л анх хийж байлаа. Энэ бүх хичээл зүтгэлийг маань төр засгаас үнэлж Алтангадас одонгоор шагнасан юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна