“Тонгордог” Отгонбаатартай дотно хөөрөлдсөн минь

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 20 -нд

2011 оны 7 сар. Хар багаасаа бөхөд шимтэж, уулга алдан орилж жаахан дүүгээ сэрээж, “зурагтандаа орлоо” хэмээн ээждээ зэмлүүлсэн ч орилж, “орж” үзсээр ирсэн би гэдэг хүн улсын наадмын бөхийн бүртгэлээс хийлцэж хоёр өдрийн турш Монгол бөхийн өргөөнд өнжив. Бүртгэлээс хийлцэж гэхийн учир нь ахлах цолтой, туршлагатай гарын даа ах нар маань бөхчүүдээ голчлон бүртгэж миний хувьд ойр зуурт туслаж, ганц нэг хүнийг л бүртгэж байлаа.
Хотод ирээд жил орчим болохдоо нэг барилдаан ч алгасалгүй бөхийн өргөөнд үздэг байсан ч заалны барилдаанд барилддаггүй, урьд өмнө нь зурагтаар л харж байсан том цолтнууд ирж бүртгүүлэхийг харж, үйл хөдлөл бүхнийг нь ажиж сэтгэл их өег байв. Улсын заан Одгэрэл, гарди “том” Сүхбат, тэр бүү хэл дархан аварга Х.Баянмөнхийг хүртэл харсан болохоор ядарснаа ч үл хайхран аавдаа, ахдаа, анд нөхдөдөө ярих дэндүү сайхан сонинтой болсон доо баярлаж байлаа. Хоёр өдөр үргэлжилсэн бөхийн бүртгэл дуусч, бөхийн тоо нэгэнт 1024 болсон тул  ах нар бүртгэлээ эмхэлж цэгцлэхээр бөхийн өргөөний уулзалтын өрөөнд орлоо. Намайг хамт оръё гээгүй болохоор ч тэр үү, оръё гэсэн бодол ч байсангүй юу би бүртгэл хийж байсан тэр газраа үлдлээ. Одоо ч сумын заан, нийтийн монгол бөхийн барилдаануудыг бүртгэдэг бөхийн өргөөний хоймрын харалдаа хойно шүү дээ.
Сонирхол нэг, сургууль ч нэг К.Казбек найзтайгаа элдвийг ярин маргааш нөгөөдрийн барилдаануудыг “урьдчилж харан” сууж байлаа. Казбек маань бөхийг их сайн мэднэ, бас их сайн “таана”. Би анх уулзаж байхдаа “Бөхөд ийм дуртай, тэгээд бас ингэж сайн мэддэг казак хүн байдаг юмаа” гэж боддог байлаа. Энэ жил хэн түрүүлэх бол гэхэд нь “Мөнхбаатар арслан, Рагчаа заан нар л байх даа” гэхэд Казбек “Мөнхбат харцага их сайн байгаа шүү. Заанаар тогтохгүй байж мэднэ” гэхэд дотроо “Заан л болох байх. Арай ч болоогүй дээ” гэж бодсон ч гаргаж хэлсэнгүй өнгөрөв.
Бид хоёрыг ярилцсаар суух үед аймгийн арслан Алтангэрэлийн Отгонбаатар ирэв. Өчигдөр бүртгүүлж байсан даа, яах гэсэн юм бол гэж бодож байтал Отгоо арслан толгой дохин мэндлэв. “Та бүртгүүлсэн биз дээ” гэхэд “Өө бүртгүүлсэн, бүртгүүлсэн. Энд харин нэг хүн хүлээгээд ирэхгүй юм. Ойр болохоор өргөө рүү ороод ирлээ” гэлээ. Тэгснээ “Энэ жилийн наадам ч гоё болно доо” гэж хэлэхдээ энэ наадмаар л нэг цолд хүрчихвэл гэсэн санаа дотор нь нуугдаж байгаа нь мэдрэгдэнэ. Би ч тэсэлгүй “Энэ жил 3 дээр Ёндоо ах чинь амлах байх даа таныг” гэхэд “Үгүй байхаа. Ёндоо ах өөрөө явах байх” гэж байна. “Тэгвэл Цогтжаргал начин?” гэсэнд “Цогоо ах алийн болгон намайг авах вэ дээ. Ноднин авч өгсөн юм чинь энэ жил үгүй байх. Бараг л тунаа руу очих байх даа” гэснээ “Олон бөх барилдах юм чинь гурвын тунааг л өнгөрөөчихвөл дөрөв ч бас гайгүй дээ тийм ээ?” хэмээн өөрийнхөө хэлснийг дэмжүүлэх гэсэн мэт харахад нь “Залуу начингуудтай таарна байх даа. Бас л эвгүй дээ.” гээд хэлчихэв. Казбек “Та ч дөрөв давчихвал асуудалгүй биз дээ.” гэсэнд тийм шүү гэсэн янзтай инээвхийлээд “Дооёо ах авчих байлгүй л гэж бодоод байна. Би ч аль эрт л хүргэн нь болсон юм ш дээ. Хамгийн том ахынх нь охинтой суусан. Бараг 10 жилийн хүүхэд байхдаа суусан байх шүү. Тэгэхэд Дооёо ах начин байсан байхаа” хэмээлээ. Тэгснээ “Манайхан чинь тэр чигээрээ бөхчүүд байдаг юм аа. Дооёо ах, Ёндоо ах, ах эгч нарынх нь хүүхдүүд аймгийн заан Амаржаргал, сумын заанд гайгүй барилдаад байдаг Даваадорж, Чулуунхүү гээд байдаг даа, тэд нар. Бас Хөвсгөлийн Баттүвшин нэг ахынх нь охинтой суусан” гэж ярилаа. Отгоо арсланг их л энгийн дотно, тэгээд бас алиа хошин зантай хүн юм гэдгийг анзаарсан учраас асуух гэсэн болгоноо асууж байв. “Та хэдэн онд төрсөн юм” гэхэд “Ах нь бараг гуч хүрч байгаа. Бөхөөр жаахан эрт барилдсан бол гэж боддог л юм.” гэснээ “Гэхдээ одоо тэгээд буруудсан юм алга л байна” гээд инээв. Тонгороо мэхнийх нь тухай жаахан яриулъя гээд “Урд жилийн цагаан сараар Сангисүрэн арсланг аймаар тонгорсон шүү” гэхэд “Сугадаад авахад болчихмоор л санагддаг юм” хэмээснээ “Санги ч өөрөө их эвгүй тонгорно шүү” гэлээ. Удсан ч үгүй хүлээж байсан хүн нь ирлээ. Эдүгээгийн аймгийн начин Өрнөхбаярын Сүхбат байсан юм болов уу гэж одоо санагдаж байна. Арсланг явахад Казбек бид хоёр улсын цолд хүрэхийг ерөөн үлдэв.
Үргэлжлэл
Наадмын хоёр дахь өдрийн өглөө төв цэнгэлдэхэд ороод талбайн зүүн хойд захад байх асар луу алхаж явтал Отгоо арслан даллаж харагдлаа. Дөхөж очоод мэндэлтэл “Ахын дүү гурав дээр намайг хүн авах нь уу, авахгүй бол хэнтэй тунах нь вэ хэлээрэй” гэлээ. Би “за” гэсэн ч яах гэж байгаа юм бол гэж бодсоор алхлаа. Гурвын давааны ам аваад дуусахад Отгоо ах маань а.н С.Ерөөлттэй оноолтоор “тунав”. Би баруун асарт оноолт хүргэх далимдаа Отгоо ахад шивнэлээ. Отгоо арслан цааш эргээд алхав. Ямартай ч дагуулж хөмрөөд гурав давлаа. Харин дөрвийн оноолтыг сонсоод Отгоо ахыг өрөвдөх шиг болов. “Дөрөв гайгүй дээ гэж байсан чинь ингэж таарч байдаг” гэж бодлоо. Гэсэн ч үе тэнгийн, нэг нутгийн найзууд яалт ч үгүй бие биенээ дэмжихээс яах билээ, Отгоо ах дөрөв давлаа. Би ч түрүүхэн л яана даа гэж бодож байснаа умартаж “Ингээд л начин болчихлоо доо. Оноолт ямар аятайхан таарав даа” гэж бодож байлаа.
Бөхчүүд тавын давааныхаа амыг авч эхэллээ. Доржсамбуу гардийг ирэхэд хэнийг авах бол гэж бодогдохгүй байлаа. Ахлах гарын даа Сэлэмбаатар ах бөхчүүдийн нэрийг нэг бүрчлэн дуудахад гарди “За, Өмнөговийн Сумьяаг авна аа” гээд холдоход тэр хавьд байсан хүмүүс “Гарди өөрийгөө бодох нь дээ.” гэцгээж байлаа. Харин миний тухайд “Отгоо ах одоо хэнтэй тунах болоо. Цолд зүтгэж байгаа ийм сайн барилддаг залууг хүмүүс юу гэж авах вэ дээ” гэсэн бодол төрж байв. Удалгүй хэд хэдэн бөх амаа авсны дараа М.Өсөхбаяр заан Отгоо ахыг дагуулсаар ирж байгаа харагдав. Гэсэн ч Өсөхөө заан дагуулаагүй, Отгоо ах “дагасан” юм байна гэдэг төдөлгүй мэдэгдэв. Өсөхөө заан шуудхан л “Элдэв асуудалгүй юм. Хашбатыг авъя.” гэчихээд эргэв. Өсөхөө зааныг эргэх үед Отгоо арслан буцаад л дагаад алхав. Хэдхэн хормын дараа Баасандорж харцага Өсөхөө зааныг дагуулчихсан, Отгоо ах, Сүмбээ арслан хоёр “дагачихсан” ирж байгаа нь харагдлаа. Баасандорж харцага нэлээн бодож байгаа бололтой хэсэг суугаад “за за Батзоригийг авчихъя даа” хэмээн босов. Сүмбээ арслан, Отгоо ах хоёр горьдлого тасарлаа гэсэн шиг нэг л гундуухан баруун асар луу чиглэн алхлаа. Хоёрхон өдрийн өмнө “начин болчихсон” байсан арсланг хараад үнэхээр хэцүү байлаа. Тавын давааны хамгийн сүүлд залуу начин Ц.Содномдорж ирж амаа авсан бөгөөд “Болдоог авъя” гэснээр аймгийн дөрвөн арслан үлдэж хоорондоо тунаж барилдсан бөгөөд “амидаа” овогтой арслангууд унаж, харин дотны найзууд болох Гончигдамба, Сангисүрэн нар начны болзол хангаад тугаа тойров. Тунаад давсан хоёр нь баярлаад гүйж одоход, унаад үлдсэн хоёр нь уйлаад л хоцорч байв.
Гэхдээ юм нэгээр дуусахгүй. Отгоо ах маань нэг л өдөр жинхэнээсээ “начин болох” байлгүй гэж итгэнэм. Овог нэгт Алтанхуяг арслан ч давдаггүй даваагаа даваад ард олноо баярлуулах буй заа.
Казбек найзын маань түрүү бөхийг таасан, бид хоёрын Отгоо ахтай дотно танилцсан наадмын зах зухаас өгүүлэхэд ийм.

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна