УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:Өвлийн уралдааныг хориглоё гэсэн шийдвэртэй байгаа

Тэлмэн
2013 оны 9-р сарын 13 -нд

Өнөөдрийн зочноор Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүн- УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн оролцож байна.Хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн "Тод магнай" сэтгүүлийн 45 дахь дугаарт өгсөн сонирхолтой ярилцлагыг таалан соёрхоно уу?
 “Дэлтэй цэнхэр”-ийнхэн өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээв? Тэргүүн нь тавьсан зорилгынхоо хэдийг хувийг биелүүлсэн бэ?
-2004 онд Хөвсгөлчүүдийнхээ, тэр дундаа уяачдынхаа итгэлийг хүлээж аймгийн МСУХ-ны тэргүүнээр сонгогдсон. Тэр цагаас хойш есөн жил болсон  байна. Аймгийнхаа уяачдын холбооны тэргүүний ажлыг авчихаад ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Баярмагнай гуайтай уулзахад “танай холбооны ажил нэлээд хойхнуур яваа шүү. Хотгойдын унага, Тэсийн голын унага гээд хурдтай нутаг хэрнээ нэг удаа ч бүсийн уралдаан зохион байгуулж байгаагүй. Бүсийн уралдаан зохион байгуулаагүй нь Баян-Өлгий, танайх хоёр л байна шүү” гэсэн.Тэгээд надад уяачдынхаа ур чадвар хурдан мориныхоо угшлыг сайжруул, бүсийн уралдаан зохион байгуул гэсэн даалгаврыг өгсөн юм. Тэр нь “Дэлтэй цэнхэр” холбооны тэргүүний анхны зорилт болсон доо.
-Засгийн газрын тогтоолт бүсийн наадмыг нутагтаа зохион байгуулж чадсан?
-Тиймээ, 2007 онд "Хотгойдын хурд" хангайн бүсийн хурдан морины уралдааныг анх удаа нутагтаа зохион байгуулсан. 17 аймгийн уяачид хурдан  хүлгэдийнхээ хамт ирж оролцсон энэ уралдаан тухайн үедээ л хамгийн өргөн цар хүрээтэйд тооцогдож байлаа. Өмнө нь бусад аймгуудад зохиогдож байсан бүсийн наадмууд ийм өргөн цар хүрээтэй болж  байгаагүй юм билээ.
-Бай шагналын хувьд ч өндөр байсан. Түрүү морьдоо пургон машинаар байлж байсан байхаа?
-Тэгсээн. Нас болгоны түрүүгээ пургон автомашинаар байлсан.Тэр нь ч нөлөөлсөн байх, нөгөө талаараа Хөвсгөлд анх удаа бүсийн уралдаан зохион байгуулагдаж байгаа гэдэг нь ч нөлөөлсөн байх. Ямартаа ч улсын цолтой том том уяачид манай нутагт ирж наадан, хурдан хүлгэдээ уралдуулсан юмдаг. Нутагтаа зохиогдсон бүсийн наадмаас манай уяачид гурван айраг хүртэн бүх түрүүгээ алдсан. Түүнээсээ ихээхэн сургамж авч, хаахна явна вэ гэдгээ мэдсэн байх. Түүнээс хойш уяачид маань адууныхаа чанарыг сайжруулах, ур чадвараа нэмэгдүүлэх тал дээр ихээхэн хичээл зүтгэл, чармайлт гаргасан. Холбооны зүгээс ч гэсэн бодлогын хэмжээнд дэмжсэн. Гурван жилийн дараа 2010 онд "Хотгойдын хурд-2" бүсийн уралдааныг зохион байгуулахад манайхан долоон айраг түрүүг нутагтаа үлдээж чадсан. Намсрайдорж Алдартын халиун морь, Доржпүрэвийн хонгор шүдлэн  тус тус түрүүлж байлаа. 
-Хоёр түрүү, таван айраг чамлах зүйл биш шүү?
-Манай нутгийн уяачид гурван жилийн дотор адууныхаа удам угшлыг сайжруулахад ихээхэн анхаарч хөдөлмөрлөсөн нь харагдаж байсан л даа. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр “Хотгойдын хурд” бүсийн уралдаан Хөвсгөлийн уяачдын ур чадварыг нэмэгдүүлж, адууны удам угшлыг сайжруулахад томоохон түлхэц болсон. Үүн дээр нь нэмээд бид бооцоот уралдаануудыг тогтмол зохион байгуулдаг байсан нь бас нөлөөлсөн байх. Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд дээд гурван насны морьдоо уралдуулж, 6 сарын 1-нд хүүхдийн баярт зориулан дааганы уралдааныг тогтмол зохион байгуулдаг болсон. Мөн жил бүр аймгийн чанартай, алдар цолны болзолд хамаарахуйц бүсийн уралдааныг зохион байгуулж байна. Өнгөрсөн намраас эхлээд "Ирээдүйн түмэн эх" дааганы уралдааныг зохион байгуулдаг болсон.
-Уралдааны тоо олшрох нь уяачдын чадварт мэдэгдэхүйц нөлөөлдөг шүү?
-Залуус урам орж морь сонирхох нь ихэсч байна. Нэг үеэ бодвол манайхан хаана ч очоод уралдсан айраг түрүү авчихдаг болж. Өнгөрсөн жил гэхэд л улсын наадамд Доржпүрэв гуайн хязаалан түрүүлж, эрлийз дээд насны ангилалд Ганбаярын хээр үрээ аман хүзүүдсэн. Сүхбаатар аймгийн 70 жилийн ойн зүүн бүсийн наадамд манай холбооны нарийн бичгийн дарга Болдбаатарын халиун үрээ гуравлаж, Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн наадмаас манайхан гурван айраг авсан Энэ он гарсаар хаврын бүсийн анхны уралдаанд Болдбаатарын халиун соёолон тавлаж Доржпүрэв Алдартын хүрэн үрээ аман хүзүүнд ирсэн шүү дээ. Эрлийз гэсэн шалтгаанаар хасагдчихсан болохоос биш. Дараа нь Эрдэнэтэд болсон засгийн зазрын тогтоолт бүсийн наадамд Болдбаатарын халиун үрээ аман хүзүүдсэн. Энэ бүх амжилтууд манай уяачдыг зөвхөн довон дээрээ бус гарч наадах цаг нь болсныг харуулж байна. Ний нуугүй хэлэхэд анх уяачдын холбооны ажлыг авчихаад улс, бүсэд түрүүлж айрагдуулах хүртэл хол байна даа л гэж бодож байлаа. /инээв/
-Та өөрөө улсын наадмаас хоёр ч айраг хүртчихсэн байсан биз дээ?
-Тиймээ. Ногоон азарга, хар морь хоёр маань жил дараалан айрагдаж анх удаа Хөвсгөлөөс төрийн наадамд морь айрагдуулсан уяач болчихоод байсан. Түүнээс өмнө 1991 оны наадамд Хишигбатын хонгор морь түрүүлсэн ч будлиантаад албан ёсоор тооцоогүй шүү дээ.
-“Хотгойдын хурд” гурван жилийн давтамжаараа энэ жил зохиогдох байсан. Ойтой аймгуудадаа бүсийн уралдааны эрх өгнө гээд болсонгүй юу?
-Энэ жил их олон том уралдаануудтай. Хаврын бүсийн хоёр ч уралдаан, улсын наадам, Их хурд, дөрвөн аймгийн ой, дээр нь дэлхийн адууны баяр, 10,000 морьтны жагсаал гээд ар араасаа залгаж байгаа. Тиймээс энэ жилдээ өнжье гэж шийдсэн. Яагаад гэхээр “Хотгойдын хурд-2” уралдаан Их хурдтай жил тохиосон. Тэгэхээр чансаа өндөр гол адуунууд Их хурддаа уралдаад давхар уяагаар хаа холын манай аймаг руу явж уралдах нь цөөрдөг. Түүнийгээ дагаад бүсийн наадмын чансаа ч гэсэн буурчихаж байгаа юм.Тиймээс бид зориуд хойшлуулж ирэх жил хийе гэж шийдсэн. Өөрөөр хэлбэл өнгөрсөн дөрвөн жилд Хөвсгөлийн адуу, уяачид нь хэр чанаржиж гэдгийг харах үүднээс.

Нутгийн адуугаа сэргээж, сайжруулъя гэсэн зорилт тавиад ажиллаж байна

-Танай аймгийн уяачид дор бүрнээ адуугаа сайжруулахаар хичээж байгаагаа  ярьж байсан. Та өмнө нь Англи, Араб азарганд нутгийн гүү хураалган чанаржуулна хэмээн ярьж байсан. Тэр зорилт хэдэн хувийн биелэлттэй яваа вэ?
-Уяачдын холбооны ажлыг аваад хоёр том зорилт дэвшүүлсэн. Эхнийх нь уяачдынхаа ур чадварыг дээшлүүлэх. Энэ чиглэлдээ нэлээд анхаарч жил бүр Тод манлай, Манлай  уяачдаас нэг хүн урьж сургалт зохион байгуулдаг болсон. Сургалтаа орон нутагтаа ч хийж байсан. Улаанбаатар хотод ч хийж байсан. Сургалт үр дүнгээ өгч уяачдын маань ур чадвар жил ирэх тусам дээшилж байна шүү дээ. Нөгөө нэг зорилт нь адууныхаа удам, угшлыг сайжруулах. Энэ тал дээр холбоо, уяачид ихээхэн анхаарч байгаа. Сүхбаатар аймгаас хурдны угшилтай үрээ авчирч сум болгондоо өгсөн. Тэдгээрийн ихэнх нь аймаг сумандаа айрагдаж байна. Уяачид маань ч өөрсдөө зүүн аймгуудаас адуу их зөөж байна. Харин өөрийн чинь асуусан цөм сүрэг бүрдүүлэхэд маллах хүнээс эхлээд нэлээдгүй бэрхшээл тулгарч байна л даа. Анхаарал хандуулж, зөв арга зам боловсруулахгүй бол Хөвсгөлийн торгон сүрэг биш хэн нэгэн хүний адуу болчих магадлалтай. Жишээлбэл сумдад өгсөн зүүн зүгийн үрээ тэр хавийнхаа адууг сайжруулахаасаа илүүтэй хэн нэг хүний өмч болчихоод байгаа тал ажиглагдаж байна.
-Айлаас гуйхаар авдраа уудал гэж Тэс, Дархад омгийн адуугаа чанаржуулж нутгийн адуунд суурилсан цөм сүрэг бүрдүүлье гэсэн зорилт дэвшүүлбэл яасан юм бэ?
-Дуу хууранд мөнхөрсөн Хотгойдын унага гэдэг чинь хурдан угшил шүү дээ. Нэгэн үе үржил селекцийн бодлого алдагдаж, чанар муудсан тал бий. Одоо түүнийгээ сэргээж, сайжруулъя гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Энэ чиглэлд Цагаан-Уул сумынхан их сайн ажиллаж байгаа. Дархад адууны хувьд Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд судалгаа хийж байгаа. Дархад адуу уналга, эдэлгээ талдаа илүү тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан. Жишээ нь 10 дархад адууны нэг нь л хурдлана уу гэхээс биш Сүхбаатарын адуу шиг найм нь давхихгүй.  Энэ дашрамд өөрт чинь нэг сонин түүхийг ярья л даа. 1911 оны хүн амын тооллогоор Дарьгангын Манжийн амбаны адуун сүргийн  захирагчаар ажиллаж байсан Сономдовдон гэдэг хүн өөрийгөө “Хотгойд” гэж бүртгүүлсэн байдаг. 1930 хэдэн оны сүүлээр Оросоос хоёр судлаач ирж монгол адууг шинжээд хамгийн өндөр сэрвээтэй нь Хотгойд, Тэс адуу байна гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг юм. Түүний дараа Цэцэрлэг суманд байсан жасын адууг хурааж аваад Жаргалантын морин заводод гүүнүүдийг нь өгч, тэндхийн адууны суурь болгож байсан юм билээ. Би үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ цагийн хурдлаад байгаа адуунууд Хотгойд адууны цустай, Жаргалантын морин заводын адуу, Сүхбаатар аймгийн адуунд ч гэсэн манай адууны цус холилдсон. Өөрөөр хэлбэл Хотгойд адуу хурдан гэдэг нь маргаангүй үнэн. Дуунд мөнхөрч түүхээ бичсэн хурдны угшил юм.
-Энэ парламентад байгаа салбарын холбоодын дөрвөн тэргүүний нэг нь та. Баяр наадмын тухай хуулийн шинэчлэлийн талаар зарим нэг асуултанд хариулт авмаар байна. Санаачлагчдын зүгээс санал болгож буй хувилбарт мөрдөх боломжгүй хэд хэдэн заалтууд орсон байсан?
-Уг хуулийн төсөлд оролцож ажиллана гэсэн бодолтой байгаа. Одоогоор төсөл дээр ажиллаж байна. Хамгийн их анхаарал татаж байгаа нь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай асуудал. Одоо мөрдөгдөж байгаа долоо буюу түүнээс дээш гэдэг заалтыг өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Долоо гэдэг бол өөрийгөө хамгаалах дархлаа суугаагүй дэндүү балчир үе л дээ. Гэхдээ бас бүр томруулчихмааргүй байна. Хэрвээ унаач хүүхдийн насыг хэт өндөр тавиад өгчихвөл даага болон бага насны морьдын уралдаан байхгүй болчих талтай. Монгол уламжлалаа хадгалъя гэвэл даага уралдах ёстой, хүүхдээр морио унуулах хэрэгтэй болно. Энэ бүхнийг тооцож унаач хүүхдийн насны доод хязгаарыг өсгөе, хамгаалах хэрэгсэл, гарааны төхөөрөмжийг сайжруулж аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарал хандуулъя гэсэн байр суурьтай байгаа. Хүүхдүүдээ дадлагажуулах, ур чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлд анхаарсан сургалтыг ч зохион байгуулдаг байж болно шүү дээ.
-Уралдаан зохион байгуулах цаг хугацааны тухайд ямархуу байр суурьтай байгаа  вэ?
-Уламжлал түүхээ харсан ч өвөл морь уралдаж байгаагүй. Тэгэхээр өвлийн уралдааныг хориглоё гэсэн шийдвэртэй байгаа. Одоогийн байдлаар уралдааны хуваарийн тухайд 5 сарын 1-нээс 11 сарын 1-ний хооронд гэсэн хувилбар яригдаж байна. Хэлэлцүүлгийн явцад яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй.
-Билгийн тооллын зуны тэргүүн сарын нэгэнд юмуу ханш нээгдсэн өдрөөс хойш уралддаг байвал ямар вэ гэх саналыг Сүхбаатарын уяачид тавьж байсан. Өөрөөр хэлбэл уралдаан эхлэх хугацаагаа жаахан урагшлуулбал ямар вэ гэцгээж байсан?
-Монгол орон чинь говь, хангай, тал хээрийн бүстэй. Зүүн талын болон говийн аймгууд хагас сарын өмнө хавартай золгож байхад хангайн аймгууд 5 сарын 15 хүрч байж ногоо үздэг. 11 сар гэхэд говийн аймгууд харьцангуй дулаан байдаг учир уралдаад байдаг дуулдсан. Сүхбаатарчуудын хувьд эрт ногоо гардаг. Адуугаа хавар эрт багад нь уралдуулж хурдыг нь таньдаг. Морин уралдааны чиглэлээр үнэхээр онцлогтой аймаг л даа. Энэ бүхнийг ажлын хэсэг дээр ярилцах байхаа.
-Ажлын хэсэгт морь уядаг гишүүдээс хэн хэн орж байгаа вэ?
-Батхүү, Болорчулуун, Су.Батболд, М.Энхболд, Улаан, Бат-Эрдэнэ, Гантөмөр, би гээд олон хүн бий. Ний нуугүй хэлэхэд энэ хуулийн төсөл маш эмзэг сэдэв. Уяачид өөрийнхөө хүүхдээр морь унуулж байна уу, үгүй. Тэр талаас нь харах юм бол их эмзэг хүнд сэдэв. Жишээлбэл би өөрийнхөө амьдралаас унаач хүүхдийн аюулгүй байдал гэдэг зайлшгүй анхаарал хандуулах ёстой сэдэв гэдгийг мэдэрсэн. Манай унаач хүүхдийг нэг нөхөр өөрийнхөө морийг унуулахаар хулгайгаар урвуулаад аваад явчихсан байсан. 2-3 жилийн дараа нөгөө хүүхэдтэйгээ таарсан доголчихсон явж байна. Яасан бэ гэсэн чинь хөл нь хугараад, доголон зөрүүтэй эдгэчихсэн байсан. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг шиг хүний хүүхдээр морио унуулчихаад бэртэхээр нь тэгээд хаячихдаг хүмүүс бас байна. Манайд морь унаж байгаад гэмтсэн бол эрүүл болтол нь эмнэлгээр явах байсан. Манай нэг унаач хүүхэд гараа гэмтээхэд тэр дор нь гэмтэлийн эмнэлэг авч яваад эмчилгээ хийлгэсэн. Одоо хугарсан гэх ямар ч шинж тэмдэггүй, эрүүл саруул гүйж байна. Энэ мэтээс дүгнэлт хийхэд хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж байж морь унуулах ёстой.Аюулгүй байдлыг бүрэн хангах тал дээр нь нарийн зохицуулалтууд хийж өгөх хэрэгтэй.
Тод манлайгаас дээш цолыг морины эзэн авахыг дэмжихгүй
-Албан ёсны зөвшөөрөлгүй жалга довны уралдааны үеэр хүүхэд унаж бэртэх нь илүүтэй байдаг нь судалгаанаас харагдсан. Тэгэхээр хэн дуртай нь уралдаан зохион байгуулдаггүй, зөрчвөл хариуцлага хүлээх механизмыг хуулинд тусгаж өгөх ёстой юм шиг санагдсан?
-Наадах чинь их хүнд сэдэв. Уул овооны тахилгаас эхлээд хүүхдийн үс үргээхдээ хүртэл худлаа ярьсан хүнд морь уралдуулж байна шүү дээ. Үүнийг нэг далайлтаар алга болгочихно гэдэг боломж муутай. Наад зах нь уралдааныг хэн зохион байгуулах вэ гэдгээс хамаараад маш олон асуудал үүсч байгаа юм. Орон нутгийн удирдлагууд зохион байгуул гэчихээр нэг намчирхсан нөхөр намынхаа гишүүнд зөвшөөрөл олгоод өөр намын хүнд олгодоггүй байхаас эхлээд асуудал гарна л даа. Манайхан чинь их намчирхуу хүмүүс шүү дээ. Ялангуяа хөдөө орон нутагт намын харъяалалаар ялгах асуудал бүр илүү мэдрэгддэг. Энэ мэт өргөн цар хүрээтэй эмзэг сэдэвт 100 хувийн зөв шийдэл гэж байхгүй. Харин ажлынх хэсгийнхэн аль болох сайн судалж эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй голыг нь барьсан шийдвэр гаргахаар хичээх хэрэгтэй байх. Би хувьдаа тэгж бодож байгаа. Хурдан морь уралдуулах гэдэг хэдийгээр ёс заншил ч гэсэн заавал 27-28 км замд уралдах хэрэг  байна уу үгүй юу.  Алхаад орж ирж байгаа морийг хараад кайф авах уу үгүй юу. Ёс заншлаа хадгалаад 22-23 килметрт уралдаж болно шүү дээ. Уламжлал, ёс заншил, шашин цаг үеэ дагаад өөрчлөгдөж байх ёстой. 
-Хуулинд тусахаар яригдаж байгаа өөр нэгэн шинэчлэлт бол аймаг, улсын шинэ цолны тухай асуудал. Энэ тал дээр  ямар байр суурьтай байгаа вэ?
-Хувь хүнийхээ хувьд Тод манлайгаас дээш цолыг морины эзэн авдаг байна гэвэл санал нийлэхгүй. Гэтэл зарим нэг хэсэг нь тэд нарт цол өгөхгүй бол морин спорт хөгжихгүй гэсэн байр суурьтай байна лээ. Дархан манлай гэдэг цолыг морины эзэд биш уяач  авч байх зүйл заалтуудыг хуулиндаа тусгаж өгөх хэрэгтэй юм байна гэсэн байр суурьтай байгаа.
-Тэгвэл аймгийн Манлай уяач цолны тухайд?
-Нэг цол нэмбэл нэмэх л юм даа. Уяачид нийгмийн зүгээс айхтар захиалаад байгаа нь юу бол. Минийхээр уяачид аймгийн Алдарт уяач цолондоо сэтгэл хангалуун л байх шиг санагддаг. Үнэхээр өгөхөөр болбол зохицуулалтыг нь тусгаж өгөх хэрэгтэй. Аймгийн засаг дарга батламжилна гэхээр нөхдүүд намыг нь дэмжсэн хүнд захирамж гаргаад гардуулчихдаг. Тэр жишгийг халж, уяачдын холбооны тэргүүлэгчдийн гаргасан хүсэлтийг харгалзан үзэж , засаг дарга батламжилна гэсэн заалтыг бүр суулгаж өгөх ёстой юм шиг санагддаг. Тэргүүлэгчдийн хурлын тогтоолгүй бол цолыг хүчингүйд тооцдог байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн болон төрийн бус байгууллагын хоорондын уялдааг хуулиндаа тусгаж өгөх шаардлагатай байна.
Морио айрагдана гэж бодоогүй байсан болохоор  хувцас бэлтгээгүй байж байгаад сандарсандаа богинодсон дээл аваад өмсчихсөн

-Тогоон дотор нь буцалж яваа зовлон жаргалыг нь мэдэх уяач гишүүд оролцож байгаа болохоор хүүхдээ хамгаалангаа хурдан морины хөгжлийг саахааргүй сайн хууль болно гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо УИХ-ын гишүүн, холбооны тэргүүн бус уяач Даваасүрэнгийн тухайд ярилцъя. Хэзээнээс ийнхүү хурдан моринд шимтэх болсон юм бэ?
-2002 оны үеэс л юмуу даа. Манай хүү эгчээсээ 10 насны зөрүүтэй. Эхнэр бид хоёр олон жилийн дараа хүүхэдтэй болж, эр хүнийхээ хувьд хүү байгаасай хэмээн битүүхэн хүсч мөрөөдөж явсан. Тэгээд Цахимын Энхболд гэдэг найздаа хэлтэл “би нэг морь авсан. Дараа нь хүүтэй болсон. Морь маань өвлийн уралдаануудад  дандаа айрагдаад байгаа биз дээ” гэж байна. Нээрэн манай тэр найз нэг хээр морь авсан нь их хурдалж байсан юм л даа. Тэгэхээр нь Сүхбаатар аймгийн Төрийн сангийн дарга байсан Төмөрчулуун руу ярьж санаагаа хэллээ. Манай хүн асууж сураглаж байгаад хоёр морины зураг явуулсан. Дарьганга сумандаа айрагдсан хээр азаргыг эзэн нь нэлээд үнэтэй дуугарсан байсан. Харин нөгөө нь мөн тэр сумын Дугарсүрэн гэдэг хүний битүү ногоон азарган үрээ байсан. Тухайн үед уяна гэж тооцоолоогүй байсан болохоор хямдыг нь сонгосон юм.
-Хямд гэдэг нь?
-Тухайн үедээ агтны үнээр л авч байсан. Авах гээд очсон эзэн нь “Их хурдан адуу шүү. Уяад үзээрэй” гэж хэд хэдэн удаа хэлэхээр нь үнийг нь багадуулчихсан юм болов уу гэж бодоод хэлтэл “хурдан болохоор нь л хэлж байгаа юм” гэсэн.
-Үнэхээр л хурдан байсан даа?
-Тиймээ, Тожин  азарга маань ирсэн жилээ улсын наадамд аман хүзүүдсэн. Түүнээс хойш өвлийн хэд хэдэн уралдаанд түрүүлж айрагдсан. Өвөл зунгүй уралддаг үнэхээрийн хурдан буян байсан.
-Сандуйжав Тод манлай уяж байсан билүү?
-Аливаа юмны учрал ерөөл гэдэг бас их сонин шүү. Ажил дээрээ сууж байтал одоо “Монгол шуудан” компанийн захирлаар ажиллаж байгаа Чинзориг нэг дээлтэй хүн дагуулаад ороод ирдэг юм. Тэгсэн нөгөө хүн нь миний ширээн дээр байсан үрээний зургийг харчихаад “Аятайхан үрээ байна. Ажил бүтээж өгсөн дүүдээ морийг нь уяж өгнөө” гэсэн Чинзориг “Чи ч азтай байнаа. Ийм мундаг хүнээр морио уяулаад” гэсэн. /инээв/
-Та Сандуйжав гуайг таньдаггүй байсан юм уу?
- Танихгүй. Би чинь морь малнаас хөндий байсан хүн шүү дээ.
-Ногоон үрээгээ айрагдчихна чинээ зүүдлээгүй байсан биз?
-Би уяна ч гэж бодоогүй байсан юм чинь айрагдана чинээ зүүдлээ ч үгүй. Сандуйжав гуай надад бас нэг ягаан морь бэлэглэсэн юм. Тэгсэн Налайхын сунгаанууд дээр ягаан морь нь түрүүлээд, ногоон үрээ  тав зургаагаар л давхиад байгаа дуулдаад байсан.
-Давхилыг нь очиж харалгүй, дам сонсоод л байсан хэрэг үү?
-Харин тийм, тэгсэн Сандуйжав Тод манлайн эхнэр Мягмар над руу яриад ”морь чинь сунгаануудад сайн байна. Чи ирэхгүй юмуу” гэсэн. Тэгээд очтол ягаан морь үнэхээр хурдан байсан л даа. Сандуйжав Тод манлай “энэ жил Ононгийн Аварга хээр, ягаан морь хоёрын нэг нь түрүүлнэ” гэж хүртэл хэлж байсан юм шүү.
-Ягаан морь тэгээд хэдээр давхисан бэ?
-Яагаад гэдгийг мэдэхгүй, ягаан морь сайн давхиагүй. Харин ногоон үрээ маань аман хүзүүдэж бөөн баяр болж байлаа. Морио айрагдана гэж бодоогүй байсан болохоор дээл хувцас бэлтгээгүй байгаад сандарсандаа нэг богинодсон дээл аваад өмсөж байлаа. /инээв/
Азарганыхаа хөлийг эмчлэх гэсээр адууны эм тариа оруулдаг болж,
“Цолмон хээр”  дэлгүүрээ байгуулсан

-Дараа жил нь ногоон азарга чинь яаж давхисан бэ?
-Наадмаас долоохон хоногийн өмнө хөл нь эвгүйтчихсэн. Хавдчихсан байхаар нь япон эмч аваачиж үзүүлтэл уралдах боломжгүй гэсэн. Тэгээд л азарганыхаа хөлийг эмчлэх гэж би аль сайн гэсэн болгоныг хэрэглэсэн дээ. Тэгж байгаад адууны эм тариа оруулдаг болж, “Цолмон хээр”  гээд жижиг дэлгүүр байгуулж байлаа. Сайн эм тариа хэрэглэсний хүчинд хоёр жилийн дараа азарганы маань хөл эдгэрч, уралдуултал тамир муутай байсан болохоор долоолсон юм. Тэгэхээр нь дараа жил нь тэжээгээд тамир суулгатал муу хөл нь нөгөөхөө дийлэхгүй бүр гэмтчихсэн. Сайн адуу гэдэг  явж чадахаа байтал уралддаг юм билээ. Нэг хөл нь маахайлчихсан хэр нь найм дээр явж байсан.Тэгээд Цагаан хөтөл давахад хоёр  хөл нь хоёулаа маахайлчихаад арга буюу зогссон доо. Тэр үед азаргаа хараад өөрийн эрхгүй шимширч билээ.
-Тэгээд засал авсан уу?
-Авсаан. Хоёр жил орчим  болж байж эдгэсэн. Одоо арваад гүү хураагаад явж байна. Сайхан хурдан буяндаа зориулж дуун суварга босгосон. “Тожин ногоон” дууны шүлгийг яруу найрагч, зохиолч Лхагвасүрэн, аяыг нь хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Цэвээнравдан зохиосон.
...Тожин ногоон торойгоод ирлээ
 Тоосны үзүүрийг хөтлөөд ирлээ... гээд их гоё үгтэй сайхан дуу бий.
-Хүүтэй болох гэсэн хүлэгтэй болжээ дээ?
-Хүү маань ч төрсөн. Хүлэг маань ч хурдалсан. Түүний дараа ахиад нэг хүүтэй болсон. Ногоон азаргаа хүүдээ зориулан авч, түүнээс хойш адуужсан учраас хүүгийн юм л гэж бодож явдаг.       
-Хүү хэр морь сонирхохов?
-Сонирхоноо. Гэхдээ хотын хүүхдүүд чинь бидний бага шиг биш юм. Тэгтлээ шимтдэггүй л юм байна. Ямар ч байсан айрагдаж түрүүлэхээр нь бай шагналыг нь аваачиж өгдөг.
-Та багадаа морь унадаг байсан уу? Хэдэн настайгаасаа эхэлж унасан бэ?
- Ээжийн маань аав морь уядаг хүн байсан гэдэг ч намайг төрөхөд бурхан болчихсон байсан учраас мэддэггүй юм. Би малын дэргэд өссөн ч хурдан морь унаж байгаагүй. Харин унаа морь бол унадаг байсан. Бага байхад эмээ, өвөө хоёр маань надад номхон хүрэн морь авч өгч, би түүнийг хонинд унадаг байсан юм. Хожим амьдралын мөр хөөн арьс ширний наймаа эрхэлдэг байхад манай хамаатны нэг хүн “чиний унаж байсан хүрэн мориных” гээд арьсыг нь надад авчирч тушаасан. Жаахан эвгүй л юм билээ. Тэгээд би дэл, сүүлнээс нь авч хадгалсан.

Төрийн наадмын хишгийг нэг айлын адуунуудаар хүртэж байлаа

- 2004 оны улсын наадамд таны хар морь гурвалж байсан байхаа. Хар морь хаанахын адуу вэ?
-Ногоон үрээний эзэн Дугарсүрэн гэдэг хүний адуу. Улсын наадмын дараа баярласнаа илэрхийлэхээр очиход хар морийг бэлэглэж, би хариуд нь мотоцикл бэлэглэсэн. Дугарсүрэн гуайн адуу үнэхээр хурдан гэдэг нь харагдаж, хар морь маань 2004 оны улсын наадамд айргийн гурваар давхиж, би жил дараалан төрийн наадмын хишгийг нэг айлын адуугаар хүртэж байлаа.
-Бэлэгний адуу л хурдлаад байсан юмаа даа. Та хамгийн үнэтэй нь хэдээр хаанаас ямар адуу авч байсан бэ?
-2006 оны “Тамирын хурд” хангайн бүсийн наадамд таваар давхисан хонгор үрээгээ би эхтэй нь нэг сая төгрөгөөр авч байсан. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Хүрлээ гэж хүний унаган адуу юм. Дэлгэр овоон тахилга наадамд хонгор даага аман хүзүүдчихээд байхад нь эхтэй нь хамт авч байсан юм. Хонгор үрээ маань улсын наадамд арвын дотор хэд хэдэн удаа давхисан. Өнгөрсөн жил улсын наадамд наймалсан буурал азарга хонгор үрээний эх хул гүүний төл. Өөрөөр хэлбэл ах дүүс. Харин эцэг нь Тожин азарга маань. Сүүлийн гурван жил уяачгүй морь уяхгүй байгаа. Тэгээд өнгөрсөн жил зүгээр ёсолчихъё гэж бодоод буурал азаргаа Максын уяан дээр аваачсан юм. Тэгсэн наймалсан.
-Унаган адуу давхина гэдэг адуу хурдан байгаагийнх гэдэг байхаа?
-Хурдалж байнаа. Эрдэнэбулган суманд болсон Хөвсгөлийн зүүн бүсийн уралдаанд миний өгсөн хоёр ч үрээ айрагдаж байна лээ. Бор соёолон тавлаж, азарга гурвалсан. Мал буянтай амьтан болохоор жил ирэх тусам өсч, өдгөө манайх 60-аад толгой адуутай болсон.Түүнээс нэг их олон болгохгүй гэсэн бодлого барьж, амьтан ах дүү найз нөхдөдөө бэлэглэдэг. Манай адуу Төв аймгийн Цээл суманд байдаг юм. Хамаатныхаа нэг залууг Хөвсгөлөөс авчраад Даваахүү, Сандуйжав, Онон нарын Тод манлай уяачдын дэргэд  гурван жил дагуулж морь уяулж сургасан ч нутгаа санаад гээд буцчихсан. Түүнээс хойш тогтсон уяачгүй л байна.
-Сандуйжав Тод манлайгаас яагаад уяа тусгаарласан юм бэ?
-Хүн болгон л Тод манлайгаар морио уяулна гээд сүүлдээ ачааллаа дийлэхээ байсан. Олон хүний олон морь уядаг байсан 2006, 2007 оны үед ядаж би ч гэсэн тусдаа гаръя даа гэж бодоод уяа салгасан юм. Тэгээд 2008 онд нутгаасаа хонгор морины эзэн Хишигбат Алдартыг, Маналжав  уячын хамт авчирч нэг жил морио уяулсан. Тэгээд Хишигбат Алдартын чадварыг үнэлж байлаа. Үнэхээр морь мэддэг мундаг уяач байна лээ. Манай адуунаас хоёр морь сонгож уяад “саарал морь Цагаан хөтөл дээр есөөр гарч ирнэ. Гэхдээ айрагдахгүй, хүч дутаад 20 гаргаж давхина” гэсэн. Тухайн үед нь би юу л бол гэж бодож байлаа. Тэгсэн үнэхээр саарал морь Цагаан хөтөл дээр 12-р гарч ирээд наашаа суун 30 гарч давхисан шүү.
-Морь уяснаасаа хойш улс бүсийн наадмаас хичнээн айраг түрүү хүртээд байгаа билээ?
-Улсын бүсийн наадмаас гурван айраг, харин жижиг наадмуудаас олон айраг хүртэн 2005 онд аймгийн Алдарт уяач цол авсан. Анх жил дараалаад улсын наадамд морь айрагдахад үнэ цэнийг л мэдрэлгүй, морь уяж, айрагдах гэдэг амархан  гэж ойлгож байж. Бурхан түүнийг ойлгуулж мэдрүүлэх гэж нэлээд хэдэн жил өнжөөсөн. Өнгөрсөн жил буурал азаргаа наймлахад үнэхээр их баярласан шүү. 2006 оны улсын наадамд манай Цагаан-Уул сумын  жинхэнэ Хотгойд гаралтай жороо хээр морь түрүүлж байсан. Манай нутаг чинь жороо морь олонтой. Цаашдаа нутгийн жороог адууг хөгжүүлнэ гэсэн бодолтой явдаг. Ер нь тэтгэвэртээ гарахаараа хөдөө адуун дээрээ гарч морь уяна. Би өөрийгөө уячихна гэж боддог шүү. /инээв/ Морь хараад ямархан хэмжээний адуу вэ гэдгийг барагцаалаад байдаг болсон байна лээ. 
-Хамгийн сүүлд хэзээ морь унасан бэ?
-Жил гаруйн өмнө УИХ-ын гишүүд хил манасан шүү дээ. Тэгэхэд морь унасан. Өмнөх шигээ биш болсон байна лээ. Уул руу өгсөж буух бас шаггүй байна лээ шүү.
-Улс төрчид, бизнесменүүд хурдан моринд шимтэж буйг сайшаадаггүй нэг хэсэг бий. Морь уях нь улс төрчийн ёс зүйд харшлах уу?
-Харин ч эсрэгээрээ морь мал сонирхдоггүй гишүүдээсээ давуу талтай  байдаг. Үгүй ядаж л намар болохоор өвлийн бэлтгэл хадлан тэжээл, хашаа хороо гэж санаа зовно. Байгалийн онц аюултай үзэгдэл мэдээгээр зарлахад адуугаа бодно шүү дээ. Товчхондоо мал аж ахуйн салбарыг ойроос мэдэрнэ. Малчдад тулгамдаж байгаа асуудлыг бусдаас илүүтэй ойлгоно. Тиймдээ ч “Монгол мал” хөтөлбөрийн гол санаачлагчдын нэг нь болсон байх. Миний хувьд морь гэдэг чамирхал эсвэл нэр хүнд олох хэрэгсэл биш. Монгол хүн монгол ахуйтайгаа ойр байж адуунаасаа сайхан энерги авах нь чухал. Хүнд бэлэглэх хүртэл сайхан шүү дээ. Саяхан би Ганбаатар гишүүнд нэг хурдан үрээ бэлэглэсэн. Энэ жил уях байх.
-Гурван бие даагч амь нэгтэй байдаг шүү?
-Энэ их хуралд байгаа гурван бие даагчийн хоёр нь аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүнээр ажилладаг. Адууны босоо цагаан хийморь ивээсэн биз. Болорчулуун гишүүн бид хоёр тэр талаараа их санаа оноо нийлнэ. Тэгээд Ганбаатартаа адуу бэлэглэж байгаа юм.  
-Түших тулах намгүй үед холбооныхон чинь өмөг түшиг болж байв уу?
-Тэгэлгүй яахав. Намгүй үед нөмөр нөөлөг минь болж байсан. Уяачид маань ч их дэмжсэн. Хоёр удаагийн сонгуульд ялахад тэдний маань дэмжлэг туслалцаа үнэхээр их нөлөөлсөн. Ийм сайхан хүмүүсийнхээ итгэлийг дааж, аймгийнхаа хурдан морийг хөгжүүлэхэд чадах чинээгээрээ хувь  нэмрээ оруулах юмсан гэж бодож явдаг даа.
-Андуураагүй бол та чинь Улаан гишүүнтэй нийлэн Францаас хөлдөөсөн үр авчирч суулган үр төлийг нь авч байсан байхаа. Тэр чинь монголын хурдан морины түүхэнд бичигдэх бас нэгэн нээлт шүү дээ?
-2004 онд төрийн сангийн газрын дарга байхдаа дэлхийд нэгд ордог Францын үрэлгээний компаниас дэлхийд 20-т, европод эхний аравт бичигддэг Голландын  гурван ч удаагийн томоохон тэмцээний аварга алдартай азарганы хөлдөөсөн үрийг авчирч монгол гүүнд суулгаж байлаа. Би 2003 оны Асгат сумын наадамд аман хүзүүдсэн дааганы эх хүрэн гүүнд хөлдөөсөн үр суулгаж, охин унага гаргаж авсан. Энэ бол монголын хурдан морины түүхэнд бичигдэх нээлт байсан. Тийнхүү гаргаж авсан унагаа гүү болоход Тожин ногоон болон Тогоруу цустай азарганд хураалган хэд хэдэн төл гаргаж авсан. Хурдтай байх сайхан шүү дээ.
-Үүн шигээ олон дэвшлийг монгол хурдан морины салбарт гаргаж яваарай. Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна