“Жаргалант” удмын адуу
Дэлхийн 2-р дайны өмнөхөн олон улсын байдал эрс хурцдаж, орон бүр цэрэг зэвсгээ нэмэгдүүлэх үйл явц өрнүүлж байсныг Монгол орон ч тойрон гараагүй юм. Энэ үед Монголын зэвсэгт хүчний цохилтын гол хүч нь уламжлалт морин цэрэг байв. Гэтэл цэрэг дайны урлагт олон зууны турш зонхилох байрыг эзэлж ирсэн морин цэрэг энэ цагт өөрийн давуу байдлаа аль хэдийнэ алдаад байсан бөгөөд тухайн цаг үед Монголд нөлөөгөө эрс өсгөж чадсан ЗХУ-ын /хуучин нэрээр/ цэргийн мэргэжилтнүүд Монгол морьд орчин үеийн дайны шаардлагыг бүрэн хангаж чадахгүй шахууд тооцож байжээ. Ийм учраас Монгол адууны чанарыг дээшлүүлэх, үүлдэр угсааг сайжруулах ажлыг турших зорилгоор 1930-аад оны сүүлээр Цэргийн яамны харьяанд Сөгнөгөр, Баянголд Морин завод байгуулан, Оросын эрдэмтэд, цэргийн мэргэжилтний удирдлагын дор ажиллуулж эхэлжээ.
Удалгүй дайн эхэлж, дайны үед Морин завод Жаргалантын САА-н Талбулагт шилжин байрлав. Тэнд ЗХУ-аас авчирсан Дон, Орлов зэрэг үүлдрийн 40-50 шилмэл азаргыг Монгол гүүтэй үржлийн ажилд оруулан, үр төлийг нь өсгөн, бүх ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж эхэлсэн юм. Морин заводын Монгол адууны гол цөм нь гучаад оны үед феодлуудын хөрөнгө хураах үеэр цугларсан “Галшар”-ын хураагуур адуу байсныг тэмдэглэх нь зүйтэй. Ажлын эхний үр дүн гарч, хээрийн бэлчээрт амьдрах чадвартай, том биетэй шинэ сүрэг дөнгөж бүрэлдэж эхэлж байтал дэлхийн дайн дуусч, цэрэг армийг татан буулгаж, өөрөөр хэлбэл морин цэрэгт агт морьд үй олноор нийлүүлэх хэрэгцээ эрс багасаж, эцэстээ огт үгүй болсон билээ. Гэвч Морин заводыг татан буулгахыг яарсангүй. Харин ч дөчөөд оны үед хилийн цэргийн ангийн дайчдаас маршал Х.Чойбалсанд бэлэглэсэн тахийн нэг азарга, хоёр гүү, бага насны үрээ байдас арваад тооны адууг Богд уулын Их тэнгэрийн аманд тусгайлан маллаж байсныг 1948 онд Морин заводод шилжүүлжээ. Ийнхүү Талбулагийн газар Дон, Орлов үүлдрийн болон Галшар адуу, цөөхөн зэрлэг тахь нэг дор цуглав. Энэ үед Морин заводын даргаар Д. Арьяа ажиллаж байв. Эндхийн зоотехникчээр Алтангэрэл, хожим мал эмнэлгийн ухааны доктор болсон Больхорлоо морь сургагчаар, Батбилэг, Сээрэн уяачаар Сэрээнэн, Дэндэв нарын зэрэг хүмүүс ажиллаж байжээ.
Дөчөөд оноос эхлэн улсын их баяр наадамд Дон, Орлов үүлдрийн “Зориг”, “Мандухай” зэрэг азарга, тэдний үр төлөөс зарим үрээг уяж уралдуулж байсан боловч төдий л дээгүүр давхиж байсангүй. Харин 1949 онд “Гоё” нэртэй бэлбэсэн улаан хээр азаргыг уясан нь улсын наадамд түрүүлжээ. Энэ бол “Жаргалант” адуунаас сайн хурдалсан хамгийн эхний тохиолдол юм. Мөн “Орлов” үүлдрийн “Дукат” дуудлагатай хээр халзан азарганы үр, тахийн хоёр гүүнээс гарсан хул хээр, улаан хээр хоёр үрээг унаган цагаас нь оролдон номхруулж, 1956 онд хязаалан насанд нь уяж, улсын наадамд уралдуулахад хул хээр нь түрүүлжээ. Үүний хойтон жил буюу 1957 онд Морин заводын хээр соёолон, борлог хязаалан хоёр түрүүлж, мөн хээр даага нь айрагджээ. Эдгээр нь “Дукат” азарга, тахийн хоёр гүүний үр төл байв.
Энэ хоёр үрээ азарга болоод Монгол гүү хурааж үр төл нь улам дэлгэрсэн байна.
Ийнхүү Оросын цэвэр үүлдрийн адуу, тахь, Монгол адуу гурвын цус холилдсон шинэ шилдэг удам, угшлын адуу үүсэн бүрэлдэх баттай үндэс тавигджээ. Нэгэнт шинжлэх ухааны үндэстэй баттай эх сурвалж тавигдсан учраас тодорхой хугацааны дараа үржлийн энэ цөөн шугам бие даасан хурдан удам болтлоо өсөн бэхжиж чадсан байна.
1960 онд дээд газрын шийдвэрээр Талбулагийн морин заводыг татан буулгаж, адууг нь олон газар тараажээ. Тухайлбал, шилмэл 200 адууг УБХТН буюу МСТК-т /морин тойруулгад/ шилжүүлсэн байна. Үүний дотор тахийн нэг азарга, хоёр гүү, Орлов, Дон үүлдрийн азарга, гүү, улсын наадамд түрүүлж, айрагдсан бүх адуу оржээ. Мөн Төрхурахын САА-д 1000 орчим, Батсүмбэрийн САА-д 400, Ерөөгийн САА-д мөн 400 орчим адуу шилжүүлсэн байна. Үүнээс өмнөх жилүүдэд Орхоны САА-д 600, Зүүнбүрэнгийн САА-д 200 орчим адуу өгч байжээ. 1960 онд Жаргалантын САА-д 1000 орчим адуу үлдсэн байв.
Талбулагийн Морин заводын нийт адууны тоо жил тутам 3000-4000 –ын хооронд хэлбэлзэж байсан буюу харьцангуй олон, мөн мал зүйн бүртгэлийн ажлыг мэргэжилтнүүд нарийн хөтөлж байсан, жилд хоёр удаа цусны шинжилгээ хийн дээд удмынхаа удмын сангийн сул талыг удамшуулан авсан үр төлийг нь заазлан устгаж байсан зэргээс шалтгаалан эрүүл чийрэг, хурдан сайн чанартай нь тодрон гарсан үржлийн шугамууд өөр зуураа эргэж холилдсонгүй.
Шинжлэх ухааны үндэстэй сайжруулсан, үржлийн энэ олон шугам ийнхүү Төв, Сэлэнгэ аймгийн зааг нутгийн олон сумдаар гэнэт тархсан нь Жаргалантын хурдан удмын бүрэлдэн дэлгэрэх таатай нөхцлийг бүрэлдүүлсэн аж. Эдгээр сумдын адуучид, уяачид морин заводын адууны удам угшлыг сайн мэдэж байсан тул таран очсон адуун сүргээс үрээ, байдас наймаалан авч хувь хувийнхаа адуунд үндсэн сайжруулагчаар хэрэглэцгээсэн билээ. Ийм тохиолдлыг хэдэн зуугаар тоолж болно.
Ийнхүү морин заводын адууг тарааснаас хойг ердөө 5-6 жилийн дараа дээрх бүс нутгаас улсын их баяр наадамд 1965 онд 3 морь түрүүлж, 4 морь айрагдаж /чансаа 24/, 1966 онд 4 морь түрүүлж, 12 морь айрагдаж /чансаа 55/ байжээ.
Чухам энэ үед буюу 1930-аад оны эхнээс 1960-аад лны дунд үе хүртэлх хугацаанд Жаргалантын бие даасан хурдан удмын адуу бүрэлдэн буй болжээ гэж дүгнэж болмоор байна.
Үүнээс хойшхи 30 жилийн турш Жаргалант удмын хурдан морьд үндэсний их баяр наадамд амжилттай уралдаж, чансаа нь 54-59-ийн хооронд тогтвортой хадгалагдаж иржээ. Үүний дотроос 1968 онд 4 түрүү, 11 айраг /чансаа 47/,1973 онд 3 түрүү,15 айраг /чансаа 50/, 1976 онд 5 түрүү, 10 айраг /чансаа 53/, 1977 онд 6 түрүү, 9 айраг /чансаа 57/, 1984 онд 4 түрүү, 17 айраг /чансаа 59/, 1985 онд 4 түрүү, 13 айраг /чансаа 54/ авч байсан ба үнэмлэхүй оргил үе нь болох 1993 онд 6 түрүү, 20 айраг /чансаа 76/, 1995 онд 5 түрүү, 18 айраг /чансаа 74/ тус тус авчээ. Эдгээрээс онц тодорсон хурдан хүлгүүд нь Морин тойруулгын цавьдар халз?н азарга /4 түрүүлж, 3 айрагдсан/, “Тогоруу” халтар /3 түрүүлж, нэг айрагдсан/ бага гурван насандаа түрүүлсэн Д. Чойжамцын хээр, мөн бага гурван насандаа айрагдсан Морин тойруул?ын хар, бор үрээнүүд юм. Энэ удмын голлох нэрт уяачид нь С.Жамбал, Д. Даваахүү, С. Самдан, Д. Гарамжав, Д. Түвдэн нарын зэрэг хүмүүс билээ.
Дээрх үзүүлэлтүүдээс үзэхэд “Жаргалант” хэмээн нэршсэн энэ залуу хүчирхэг удам 1960-аад оны дунд үеэс 1990-ээд оны дунд үе буюу өнөөг хүртэл 30 гаруй жил Монголын хурдан морины уралдааны түүхэнд илт давамгайлах байр эзэлж, улам хүчирхэгжиж байна.
Энэ нь нэгд, уул ажлыг төр засийн бодлогоор улсын хөрөнгөнд тулгуурлан зохион байгуулсан, хоёрт, үржлийн ажлыг мэргэжлийн мал зүйчид гардан, орчин үеийн шинжлэх ухааны түвшинд хэрэгжүүлсэн зэргээр тайлбарлагдана. Үүний зэрэгцээ шинэ залуу удмыг тодорхой хугацааны дараа бат тогтворжсон “Галшар”, “Боржигин”, Баянцагаан” зэрэг удам, угшлын шилмэл азаргануудаар, мөн “Дон”, “Плевен” үүлдрийн цөөн боловч азаргаар үе үед сэлбэж байсан нь туйлын зөв алхмууд болсон юм. Батсүмбэрийн “бороохой” Готов, Баруунхараагийн “хув” Балжин, “малгай” Аюуш зэрэг уяачид 1960-аад оны сүүлч, 70,80-аад онд Галшараас азарган үрээнүүд авчирч байжээ. Зөвхөн Готовын саарлын үр төлөөс Цэвэгжавын саарал, Чойжамцын саарал, Лхүндэвийн хул зэрэг шилдэг азарганууд төрсөн юм. Баянцогтын уяач Цэндорж мөн 70-аад оны үеэр “Боржигин” угшлын гайхамшигт хурдан азарга Даваанэрэнгийн хүрэн халзангийн төлийг худалдан авч, хэд хэдэн хурдан хүрэн азаргатай болж байлаа. Ийм баримт маш олон. “Баянцагаан” угшлын олон үрээ энэ удмын адуунд очиж, цусыг нь сайн сэлбэж байсан.
Мөн 1966 онд Морин тойруулгын дарга, малын эмч, хурандаа Д. Даш ЗХУ-аас /хуучин нэрээр/ “Зубр”, “Тросс”, “Колизей” азарганууд худалдан авсан байна. 1970-80 онд улсын наадамд түрүүлж айрагдаж байсан Морин тойруулгын морьдын ихэнх нь энэ азаргануудын үр төл юм.
1980-аад оны эхээр Ю. Цэдэнбалд БНБАУ-аас /хуучин нэрээр/ бэлэглэсэн “Плевен” үүлдрийн азаргыг МААЭШХ-ийн Баянчандмань дахь баазаас Морин тойруулгад шилжүүлэн өгөхөд зохиогч биеэр оролцож явсан билээ. 1994, 1995 онуудын улсын их баяр наадмын их насны морьдын уралдаанд ээлжлэн түрүүлж, айрагдсан Морин тойруулгын хээр халзан, хүрэн халзан морьд болон айрагдсан хэд хэдэн үрээ энэ азарганы үр төл болно.
“Жаргалант” удмын хурдан адууны нэгэн онцлог нь том биетэй, хөл нарийн учраас гараа сайтай боловч газрын холд цуцамхай, бага насандаа гаргуун сайн хурдлаад том болохоороо хөл нь хялбар мууддаг талтай. Үүнд Жаргалантын Чойжамцын хээрийг жишээлж болно. Энэ морь шүдлэн, хязаалан, соёолондоо улсын наадамд дараалан түрүүлээд хөл муудсан юм. Ийм тохиолдол 80-аад оныг дуустал маш элбэг байлаа. Харин 80,90-ээд оны зааг үеэс энэ байдал эрс өөрчлөгдөж биеийн өндөр нь харьцангуй намсаж ирэхийн хамт дөрвөн мөч нь бүдүүрч, бие нь зузаарч, тэсвэр тэвчээр нь нэмэгдэж газрын холд цуцахгүй болж байна. Энэ нь нэгэн үед цус хольсон цэвэр үүлдрийн удмын сангаасаа холдож, төрөлх Монгол адууны удмын санд улам ойртож байгаагаар тайлбарлагдах болов уу гэж үзнэ. Үүнийг Партизаны Доржсүрэнгийн “Даян түмний эх” цол хүртсэн хээр мориор жишээлж болно. Яах аргагүй Жаргалантын удмын /4,5 дахь үеийн эрлийз болов уу/ энэ хурдан морь улсын наадамд 1992 онд анх түрүүлээд, 1993 онд аман хүзүүлж, 1994 онд тавд, 1995 онд дөрөвт давхиж, 1996 онд түрүүлснээс гадна, 1995 онд Есөнзүйлийн даншигт 5-д, 1996 онд Дэлгэрхаанд болсон өвөл цагийн том уралдаанд 3-т давхисан билээ.
“Жаргалант”-ын хурдан удмын адууны өөр нэг онцлог нь түүний уяа заслын шинэ дэг юм. Одоогоор үүнийг тусгайлан авч үзсэн тодорхой ажил бүтээл хараахан байхгүй боловч уяачид малчид үүнийг аль хэдийнэ ажиглаж мэдээд судлан хэрэгжүүлж байна.
“Жаргалант” удмын нэгэн уг сурвалж нь цэвэр үүлдрийн адуу учраас энэ удмын хурдан морьд байнгын тэжээл шаарддаг. Байнгын тэжээлтэй учраас байнгын эдэлгээ, түүгээр ч үл барам байнгын уяа засад шаарддаг нь одоо нэгэнт тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл “тэжээл –уяа-тэжээл-уяа засал-тэжээл” гэсэн давтамжаар уяж уралдаж байгаа аж. Цэвэр Монгол удмын хурдан морийг жилийн турш хямгатай зөөлөн эдэлж, цөөн хоног сараар уяж сойн уралддаг бол энэ эрлийз шинэ удмын хурдан морьдыг жилийн турш тэжээгээд уяж уралдаж байх нь илүү үр дүнтэй байдал илт харагдаж байна. Үүнээс тусгал авсан ухаалаг уяачид өдгөө” Галшар”, “Боржигин”, “Баянцагаан” удам, угшлын хурдан морьдыг ч “тэжээл-уяа-сойлго-тэжээл” давтамжаар уяж уралдан амжилтанд хүрч буй тохиолдол олон гарар боллоо.
Төр засгийн бодлого, хөрөнгө хүч, шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд энэ зууны дунд үеэр бүрэлдэн буй болсон “Жаргалант”-ын хурдан удмын адуу сүүлийн 30 орчим жилд Монголын үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд илт давамгайлж, 100 гаруй түрүү, 300 гаруй айраг авч, чансаа нь 1300 гаруйд хүрчээ.
Одоо энэ удмын өргөн тархалтын үе эхлэх нь дамжиггүй бөгөөд үүнд онц анхааралтай хандах зорилт яг тулгараад байна. Учир нь гэвэл Монгол адууны удмын санг цэврээр нь хадгалан үлдэх асуудлыг үүнтэй хамт авч үзэх шаардлагатай байгаа юм. Хөнгөн ястай, нимгэн биетэй, байнгын тэжээл шаарддаг “Жаргалант” удмын адуу цаашдаа “Галшар” адуу шиг өргөн тархах аваас нийт Монгол адууны удмын санд нөлөөлж болзошгүй юм. Иймээс “Жаргалант” удмын адууны тархацын хүрээг бодитой нягтлан тогтоож, нийт Монголын 2 сая гаруй адуунд түүний эзлэх хувийн жинг тодорхойлоод, тэр харьцааг Монгол адууны удмын санд мэдэгдэхүйц нөлөөлөхгүй хэмжээнд барьж байх ёстой болов уу хэмээн санана. Эсвэл “Жаргалант” адууны удмын сангийн онцлогийг шинжлэх ухааны үүднээс нарийн тогтоогоод тэр нь Монгол адууны удмын санд давуутай, сайн нөлөө авчрахуйцаар тогтоогдвол “Галшар” адууны нэгэн адил нийт Монгол адууны сайжруулагчаар дэвшүүлэн тавьж болох юм.
"Тод магнай" сэтлүүл 2012 оны 12 сар дугаар № 11
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна