Гавьяат малчин С.Батаа: Унаган адуугаараа улсын нэг айраг, бүсийн нэг түрүү авч байлаа

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 27 -нд

2013 он гарсаар Монгол улсын Тод манлай уяач Данзаннямын Даваахүү Монгол улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолоор шагнуулсан нь хурдан морины төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа 80 мянга шахам уяачдын хувьд  бахархууштай үйл явдал болсон билээ. Тэгвэл  Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Содномын Батаа мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласнаа үнэлүүлэн МУ-ын Гавьяат малчин хэмээх эрхэм алдрыг өнгөрсөн таван сард хүртсэн билээ. Ийнхүү нийслэлийн Алдарт уяач С.Батаа нь мориныхон дундаас төрсөн цөөхөн гавьяатуудын нэг болж байгаа юм.

-Гавьяат сайхан наадав уу?
-Сайхан наадлаа. Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жил, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Миний хувьд хурдан морины уяа сойлго тааруулаад хорь шахам жил болох гэж байна. Энэ хугацаанд төрийнхөө наадамд уяж сойсон хурдан хүлгэдээ олон жил мордууллаа. Айргийн араар олон ч адуу оруулсан. Гэсэн ч тууштай явсных энэ амжилтаа ахиулж 2010 оны улсын наадмаар хязаалан хүрэн үрээгээ айрагдуулж, төрийн наадамдаа цулбуур өргөн цоллуулж байлаа. Тэр жилээ Хэнтий аймагт болсон Өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн уралдаанд хүрэн шүдлэнгээ түрүүлгэсэн. Аль аль нь миний унаган адуунууд байгаа юм. Тууштай хөдөлмөрийнхөө үр  шимээр унаган адуугаараа улсын наадмын өндөр довоос айраг хүртсэндээ бахархаж, бардамнаж явдаг. 1995 оноос хойш хоёр л удаа улсын баяр наадамд яваагүй юм байна. 2004 онд нутаг орондоо наадаад чадаагүй. Харин энэ жил ханиад байна гэхээр нь хаширлаад замд гарсангүй. Тэгээд ч адууны маань тамир тэнхээ 10-ын дотор орохооргүй байсан юм. Энэ олон жилийн дараа телевизээр морь, бөх, сураа үзлээ, сайхан л байдаг юм байна. Манай Өмнөговиос хоёр ч адуу орчихлоо. Түрүү жил манай нутгийнхан бас их сайхан наадсан амжилтаа энэ жил ч үргэлжлүүллээ. Сүүлийн үед залуус маань адууныхаа цусыг сайн сэлбэж, нутаг орныхоо нэрийг гаргасан хурдыг бий болгож байгаад ахмадын хувьд баярлаж л сууна.
-Наадам залгаад бүсийн наадмууд үргэлжилнэ. Та хаана очиж наадах гэж байна вэ?
-Хэнтийн бүсэд очиж наадахаар зэхээд байна.
-Та энэ жил Монгол улсын Гавьяат малчин цолоор шагнуулсан байгаа. Цол дагаж бяр гэдэг дээ? Хийх ажил ундраад л байна уу?
-Тэгэлгүй яахав. Би улсад 36 жил ажилласнаас 21 жилийг нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Энэ олон жилийн хөдөлмөрийг маань үнэлж Монгол улсын Гавьяат малчин хэмээх эрхэм цолыг төрөөс олгосонд баярладаг юм. Надтай хамт мал аж ахуйн салбарт хүчин зүтгэж байсан малчид, Өмнөговь аймгийн Ханхонгор, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хамт олны маань хөдөлмөрийг үнэлсэн хэрэг гэж би ойлгож байна. Энэ шагнал надад болон миний хамт олонд илүү урам зоригтой ажиллах эрч хүчийг нэмсэн. Тиймдээ ч малынхаа үүлдэр угсааг сайжруулж, мах бэлтгэлийн тал дээр илүү чармайлт гарган ажиллах зорилт тавиад байгаа. Илүү сайн ажиллах даалгавар гэж ойлгож байгаа шүү.
-Ерээд оны эхээр мал дээр гарчээ? Хувьчлал эхэлчихсэн үе байх нь ээ.
-Тийм ээ. Гэхдээ би хувьчлалаар ганц хадаас ч авч үзээгүй хүн. Өөрийнхөө олон жилийн хөдөлмөрийн үрээр л өнөөдрийн амжилтанд хүрлээ. Энэ он жилүүдэд миний малыг захын нэг айл 1000-д хүргэж байсан түүхэн баримт бий. Би 2007 оны үед малаа дээд тал нь 20-иод мянгад хүргэж үзсэн. Ачаалал ихсээд амаргүй юм билээ. Одоо бол тоонд биш чанарт анхаарах цаг болсон. Тийм болохоор уламлалт мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж, өндөр ашиг шимтэй эрчимжсэн мал аж ахуйтай болох зорилт тавиад байгаа. Сэлэнгэ аймагт Чинбат захиралтай Гачуурт компани үйл ажиллагаа явуулдаг. Би эндээс өндөр ашиг шимтэй ангус үүлдрийн бух авч үхрийнхээ үржил селекцийн ажлыг хийж байна. Энэ нь богино хугацаанд үр ашигтайгаараа үхрийн аж ахуйд үр дүнтэй юм. Энд тэмдэглэхэд Монголд үхрийн үржлийн ажлыг Гачуурт компанийнхан өндөр түвшинд хийж байгаад талархаж байна. Минийхээр энд төр засаг, хөдөө аж ахуйн яамнаас анхаарал хандуулж мал аж ахуй эрхэлж буй хүмүүстээ хүргэхэд үнэхээр сайхан боломж энд л байна гэж хэлнэ.
-Үхрийн хувьд ийм байж. Хонь, ямааны хувьд ямар ажил хийж байна вэ?
-Бодсон юм их байна. Гэхдээ цаасан дээр бууж, гарт баригдаагүй болохоор ярихад эрт юм болов уу.
-Та удам дагасан малчин хүн үү?
-Тэгж болно шүү. Миний өвөө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Цэрэнгэд тайж гэж олон малтай хүн байлаа. Энэ сайхан буурлуудынхаа буянаар хүүхэд байхын л малын захад өсөж, дөртэй болсон хүн дээ, би. 1972 онд илгээлтээр хөдөө гарч, цэрэгт явтлаа гурван жил адуу, хонь, ямаа маллаж байлаа. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл малын буянаар сайн сайхан л явна. Уржнан манай том ах Тогооч, эгч Мааманхүүтэйгээ гурвуулаа Алтангадас одонгоор энгэрээ мялааж байсан бол энэ жил би гавьяат малчин боллоо. Тэр үед төрүүлж өсгөсөн аав ээж, нутаг усаараа л их бахархдаг юм билээ.
-Харин моринд орсон үе хэзээ юм бэ?
-Манайх дээр үеэсээ улаан хээр, халтар голдуу зүсмийн адуутай айл байлаа. Энэ эцэг өвгөдөөс ирсэн адууныхаа цусыг сэлбэж 1995 оноос Сүхбаатарын Дарьганга, Эрдэнэцагаан, Уулбаянаас удам угшил, үр төл сайтай хөгшин азарганууд их цуглуулсан. Ямартаа ч олон жилийн хөдөлмөрийн үр шимээр манай адууны цус сайн сэлбэгдсэн. Үүнийг миний унаган адуунаас амжилт болон гадагшаа зарсан адуунуудын амжилтаас төвөггүй харж болно. Одоо ингээд бодоход адууныхаа үржлийг зөв хийсэн юм болов уу л гэж баярладаг.
-Адуу авахдаа өөрөө шинжих үү?
-Тийм ээ, өөртөө зөв гэж бодсоноо л авдаг юм. Гэхдээ энэ тухай өрөөлд бол дэмий биз дээ.
-Гадагшаа гарсан адуунууд яаж давхиж байна вэ?
-Хурдалж байгаад дуулаад баярлаж л суух юм.  Улсын начин Батбаатарын авсан ... амжилт гаргасан. Бас Булган аймгийн Дашинчилэн сумын нэг залуу манайхаас адуу авсан. Тэр нь Архангайн хаврын уралдаанд түрүүлж, портер авсан байна лээ. Ноднин Говьсүмбэрийн Энхжаргалд зарсан даага маань хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдсэн. Үүнээс Говьсүмбэрийн Чойрт хот тасархай түрүүлсэн. Энэ жил Говьсүмбэрт хамаатны дүү Урнаа Чинбатад өгсөн хязаалан үрээ маань аймгийнхаа наадамд түрүүлсэн. Ноднин болсон Говь-Алтайн Дашийн наадамд түрүүлсэн гэсэн байхаа. Энэ мэтчилэн аймаг сумын наадмаар хурдалж байгаа адуунууд олон бий. Өөрөө тэр болгон хүрч эдэлж чадахгүй болохоор зарсан адуу маань хурдалж байгаад баярладаг.
-Та өөрөө хаагуур хаагуур наадаж байна даа?
-Би аймагт бол цөөхөн очсон. Архангайн уяачдын холбооны 20жилийн ойгоор бор азаргаа түрүүлгэж байлаа. 2003 байна уу 2004 онд Багануурт нэг түрүү авсан. Чойрт очиж гурав дөрвөн айраг авч байлаа. Адуу цуглуулж эхэлсэн цагаасаа улсад уралдах зорилго тавьсан.
-Эндээс хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар наадам байна вэ?
-Би чинь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул хүн.  Манай Бадарын голд хуучин цагт морь шинжихдээ гаргуун, уяа сойлго ч сайн тааруулдаг Жигмэдхорол, Намжилдорж, Цэвэгравжаа нарын лут хүмүүс байлаа. Тэр үед нас залуу байж дээ. Энэ хүмүүсээс асууж мэдэж байх нь яав гэж хааяа боддог. Ер нь хал үзэж хашир суусан ахмадынхаа үгийг сонсож явахад буруудахгүй шүү. Би 1975 онд цэрэгт явсан юм. Түүнээс хэдэн сарын өмнө жил бүрийн тавдугаар сарын 9-нд Ялалтын баярыг тэмдэглэж морь уралдуулдаг байлаа. Тэр жил Ялалтын баяраар миний халтар зээрд морь түрүү магнайд хурдлан залуу хүү надад уяач хүний баяр бахдалыг мэдрүүлсэн юм. Тэгэхэд аав минь “миний хүүгийн морь түрүүлээд ирлээ. Эр хүн болжээ. Хийморьтой байна цэрэгт  яваад ир дээ, алзахгүй” гэж билээ. Үнэхээр л гурван жилийн цэргийн албаа амжилттай хаагаад ирж байлаа. Энд сонирхуулахад морь түрүүлээд ирсэн надад хадаг байдаггүй ээ. Их ховор байсан үе л дээ. Тэгсэн ашгүй нутгийн сайн уяач Жамбалцэрэн гэж өвгөн хадаг гаргаж өгч мориныхоо хүзүүнд уяж байлаа.  Анхны айраг түрүү гэдэг утгаараа дурсах тоолонд их таатай байдаг юм. Тэр түрүүлсэн морио дараа нь нийгэмчлээд "Содном зээрд" гэж нэртэй болсон. Сүүлд нэгдэл тарахад бригадын дарга Гэлэг гэдэг хүн надад "Энэ танай аавын адууны цустай адуунууд" гээд 150-аад адуу хүлээлгэж өгч байсан. Түүнээс их олон жилийн хойно Төв аймгийн Мааньтад болсон Шийтэрийн зээрд азарганы уралдаанд хар азаргаа түрүүлгэж байсан маань бас л сайхан наадмуудын нэг дээ. Тэр уралдаанд тухайн үедээ аймаг, бүсэд түрүүлсэн газар газрын шигшмэл азарганууд мордсон юм. Бас 2010 онд Алтангадас авсан жилээ их сайхан наадсан. Өөрийн унаган адуу хязаалан үрээгээ улсад айрагдуулж, зүүн бүсэд шүдлэнгээ түрүүлгэсэн. Шүдлэн маань энэ жил хавчиг азарга байгаа. Тэрнээс хойш олигтой уралдаагүй. Өнгөрсөн хоёр жил өнжөөсөн, энэ жилээс тамир сууж байх шиг байна.
-Одоо таны хүүхдүүдээс удам залган уяа эвлүүлж байна уу?
-Нэг хүү  маань аавынхаа ажилд тусалдаг юм. Бас Говьсүмбэрийн аймгийн уяач Очирын Дашдаваа гэж сэтгэл сайтай залуутай хамтран олон жил морь уяж байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээж байна.
-Уяач бидний хэзээний танил “Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. Нийт уяач нарынхаа мань уясан болгон хурдан байж тод магнай, торгон жолоогоо өргүүлж явах болтугай.
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна