Хотогойд наадмын чимэг, хос халиуны аатай эзэн

Наранхүү
2013 оны 8-р сарын 22 -нд

/Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Аймгийн Алдарт Уяач Дуламын Ням-Очир агсаны  дурсгалд
Нэгэн мянга есөн зуун ерэн таван оны Хөвсгөл аймгийн баяр наадам...Эрчилсэн тоос нь бумбалж огторгуйд хүрдэг хэмээн шуугилддаг, эр ханасан соёолон морины бариа...Наадамчин олон наранд солонгорох түрүү соёлонгийн зүс, сувдаран гялалзах хөлсөнд сүслэн хүлээх нь монгол наадмын утга учир. Хэний хэн гээч уяачийн ямархан хүлэг түрүү, аман хүзүү, айргийн таваар алтан жолоо өргүүлэхийг тааварлан ярилцах ажээ. Үд хэвийх наранд тэнгэрт тоос, хөлс, газарт галтай дөрвөн туураараа  тамгалан хурдалсаар соёолон морьд барианд орж ...
Ихэр юм шиг ижилхэн халиун зүстэй, хос халиун морьд холбоотойгоо барианд ирлээ. Зүс тогтоож ядан, эзэн нутаг хоёрыг нь тодруулж, сувдарч бөмбөрсөөр сансарт хүрдэг соёолонгийн  хөлс, тоос хүртэхээр наадамчин олон хошуурлаа. Нэг уяаны морьд бололтой гэж наадамчид шуугилдлаа. Нэг хүний хос хүлгэд байна гэж наадмын дэнжээр хурайлдлаа.
Ийнхүү  АХ-ын 74 жилийн ойн баяр наадамд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Дуламын Ням-Очирын хоёр халиун соёолон удаа ташраараа баригдаж Цагаан халиун, Буган халиун гэх хоёр үрээ ингэж эзэн нутаг хоёроо эрхгүй олонд таниуллаа. Эр морь, эр хүнд тэр бүр тохиохгүй л заяа буян. Аймгийн наадмын соёолонгийн түрүү, аман хүзүүг аав нь хүлгээ сойж хөвгүүд нь малгайн дарцаг хийсгэн  авах нь нэгэн насны магнайд харвасан од байсан гэлтэй.
Халиун морьд  Халх Хотогойдын наадамд хаа сайгүй л хурдалсан даа. 1995 онд соёолондоо хоёулаа түрүү аман хүзүүнд давхисан бол хавчиг жилээ аймгийн наадамд “Буган халиун” нь Түнэлийн Дамдингийн “17 адууны хээр” хэмээх цуутай хүлэгтэй эн тэнцүүхэн хурд хувааж арайхан дутаж аман хүзүүдсэнээрээ Хөвсгөл аймгийн баяр наадмын хурдан морины түүхэнд ховорхон амжилтын эзэн болсон хүлэг дээ. Мөн оныхоо намар Эрдэнэбулган сумын Дани толгойн дурсгалын баярт 100 шахам хурдан мориноос хол тасархай түрүүлэн хурсан олныг шуугиулж байсан гэдгийм. Харин цагаан халиун морь нь сум орон нутагтаа амжилттай сайхан уралдаж байгаад 1999 оны аймгийн наадамд Баянзүрхийн Дунжийн Баярсайханы алдарт хээр морьтой мөн л эн тэнцүүхэн уралдаж аман хүзүүнд хурдалсан түүхтэй хүлэг байлаа. Хотогойд наадмын чимэг болсон хос халиун морьдийн цадиг түүх цааш үргэлжилсээр эзэн болсон уяачдаа “Аймгийн алдарт” хэмээх эрхэм цолыг авчирсан түүхтэй.
 Алдартыг алдаршуулсан олон хүлэг морьд байсны дотор 2001 он буюу Хөвсгөл аймаг байгуулагдсаны 70 жилийн ой. Зуун дамнуулан наадсан монгол уяачийн эрдэм тэгшлэн, зургаан насны хурдан хүлгийн магнай азарганы уралдаанд 360 гаруй алтан тууртан мордсоноос Аймгийн Алдарт уяач Д.Ням-Очирын “Нарангийн ногоон” хэмээх азарга алдарт Сандагийн алаг, Нямбалын “Аварга хул”, Тэсийн Түмэндэмбэрэлийн хар гурваас арайхан дутаж, Нарангийн Буянгийн унаган хул азарганы магнайд тоос орхин дөрвөөр айрагдсан байдаг юм. Мөн тэр жилийн наадмаар баярын яармагт найман ганзага цацлан, бажгар дурдан бүсний зангилаа дэрвүүлэн жороолох уран жороо морины уралдаанд Сартай цавьдар хүрэн морьтойгоо ганхуулан тойрсоор айргийн гуравтай холбуулан барианд орох нь  алдартын хурдан жороо хүрэн морь байсан гэдэг дээ.
Ингэж л Хотогойд наадмын чимэг болсон хос халиун морьдоо алдаршуулан, “Нарангийн ногоон”-оороо шуугиулан, Наадмын хурдан жороо хүрнээрээ гайхуулан  явсан Дуламын Ням-Очир хэмээх аатай, дуутай, шуутайхан явсан эрийн тухай мэдэх бүхнээ эвлүүлэн цөөн үг нэмэрлэхийн учир хэмээвээс:
Халиутын уяаны 1990-ээд оны өнгө төрхийг нутаг нугынханаас эхлээд энэ уяагаар дайран аймгийн наадмаа зорин уралддаг байсан Түнэл Тосонгийн хурдан морь сонирхдог хэн хүнгүй л хэлэх байх даа. Жороо хүрэн морьтой, эвлэгдүүхэн хоолойтой, насандаа эрт  бууралтсан дунд зэргийн нуруутай, хиймортойхон эр байх. Нутгийнхан болоод ахан дүүс нь Халзаа ах, Халзаа панз гэнэ. Зургаан насны морь бүрийг нар зөв эргүүлэн тойруулж гарган хүүхэд, уяачиддад эргэх газар зам зуурыг заан зохион байгуулж байх нь олонтой.
Намайг бага байхад Тосонд Халзаа Сэлэнгэд өвлөөр “халтар морио” уяж хонож байна гэнэ. Хайрагдаж даардаггүй юм байхдаа гэлцэнэ. Харин дам сонссон нэг нь  мориндоо гараа оруулж байгаа гэнэ. Зун та нар харах байх гэлцэнэ. Нээрээ л  тэр зунаа  Халтар морь нь 1993 оны наадмаар бараг 3 км барианы дор ирсэн юм гэсэн. Нэг ёсондоо манай нутагт морины уяаны арга барилд монголын цагаан морин жилийн хувьсгалтай чацуулаад хувьсгал хийсэн хүн гэж миний бие дүгнэдэг. Маргах хүн гарахгүй байх. Үе тэнгийнхэн дотроосоо ч тэр, тухайн үеийн нэрд гарч байсан уяачдын халааг авч гарч ирсэн шинэ цагийн уяаны арга барилтай хүн байлаа. Санжгарваа гуай, өөрийн аав “аварга” Дулам гуай зэрэг хүмүүсийн уяаны арга барилд шинэчлэл хийн гарч ирсэн зориг, хийморь түүнийх байлаа.
Нутгаасаа “Уушиг Осор” гуайн дараагаар аймгийнхаа наадмыг зориглон зорьсон, зоригтой нэгэн уяач. 1970 аад оноос хойш Хөвсгөл аймгийн наадамд тасраад байсан Тосон нутгийн айраг түрүүг даллан дуудсан хийморь түүнийх байж. Ахмад нэгэн, анд найз, нутгийн дүү нар хэнийг ч хэн гэлгүй адилхан л тусалж дэмжээд морь малыг эвлүүлэхэд туслан дэмнээд явдаг монгол ёс зүйтэй уяачийн хөдөлмөр бол мөн л түүнийх байлаа..
Халх, Хотогойд, Урианхай хаана  ч наадаж чаддаг монгол уяачийн шинж чанар, морио мэддэг, хайрладаг, нутаг орондоо, ах дүү, үр хүүхдүүддээ хурдан удам угшил гээчийг харамгүй л үлдээсэн монгол малч, уяачийн эрхэм зорилго мөн л түүнийх байж дээ. Өнөөдөр түүний бий болгосон, үүсгэн суурийг нь тавьсан удамт адууны хэд хэдэн салбар салаа нь аймаг сум орон нутагтаа хурдалсаар байгаа нь цөөн биш нь дээр өгүүлсний гэрч бизээ.
Нартад хүлэг уралдуулах гэж ирсэн мэт хүлэг морь, адууны хийморийн төлөө харваад явчих амьдралын цөөхөн жилүүдийг хайрангүй зориулсан нь түүний амьдралын гэгээн мөр билээ. Хотогойд наадмаа хос халиунаараа чимэн аархаж шуугиж явсан ч, тэртээ тэнгэрийн хүлгийг уяж сойх гээд яараад явчихсан алдартынхаа тухай өгүүллээ энэ хүргээд жаргаая.
Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны ажилтан, ДМЦС-ийн багш Т.Наранхүү. 2013.08.19

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна