У.Эрдэнэбилэг: Адуу таньдаг аавынхаа буянаар манайхан өнөөдөр ч сайхан наадаж явна
Морьтны соёлыг түгээгч, түчээлэгчдийн нэг Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Ухнын Эрдэнэбилэг тэнгэрт дэвшсэн хүндхэн өдрүүд тохиож байна. Уяач эцгийн удмыг залган хүлгээ хурдлуулж, моринд хайртай монгол түмнээ цэнгүүлж явсан нэрт уяачийн гэр бүл, үр хүүхэд, хань ижилд гүн эмгэнэл илэрхийлж, 2013 онд хөөрөлдсөн ярилцлагаа хүргэж байна. Сайн төрлийг саадгүй олох болтугай.
-Ухна Манлайн удмыг залган уяа эвлүүлж буй хөвгүүдээс нь цолоор ахимаг нь та. Эрдэнэбилэг Алдарт айлын хэд дэх хүүхэд вэ?
-Бид эцэг эхээс аравуулаа. Манайх таван хүү, таван охинтой айл. Нэг ах маань цэрэгт алба хааж байгаад бурхан болсон. Ах, дүү нар маань харьцангуй хожуу морь уяж эхэлсэн л дээ. Гэхдээ бүгд аймгийн Алдарт уяач цолтой. Том ах Гантөмөр 12-р автобазад тээврийн тэрэг барьдаг байсан. Ажил ихтэй голдуу тээвэрт явдаг байсан учраас залуудаа морь уяж байгаагүй. Тэтгэвэрт гарсан хойноо хөдөө гарч морь уях болсон. Сайн ч уядаг. Гансүх ахын тухайд мөн л аймгийн төв дээр амьдардаг. Ажил төрөл гэж явсаар хожуу талдаа моринд уясан. Харин миний хувьд багаасаа аавыгаа дагаж уяаны ажилд нь тусалж байгаад 18 наснаасаа бие даан морь уясан.Тэгэхээр морь уясан цаг хугацааны хувьд би тэднээс илүү л дээ.
-Хөвгүүдийн отгон нь юм байна тийм үү?
-Үгүй ээ, доороо нэг дүүтэй. Миний аав 1929 онд төрсөн. Би 1971 онд төрсөн. Намайг морь уяж эхлэхэд аав маань 60 нэлээд гарчихсан л байсан. Эхлээд аавынхаа уясан морийг унаж, дараа нь моринд ажил хийхийг нь харж анхан шатны мэдлэгтэй болсон доо.
-Хэдэн жил морь унасан бэ?
-Том биетэй хүүхэд байсан болохоор 1-2 жил л унасан. Тав байна уу зургаатай анх морь унасан байх. Аавын хурдан халиун азаргыг би унаж байлаа. Бас их,бага хүрэнг унаж байлаа. Гэхдээ бага наадамд би, томоохон наадамд арай хөнгөн хүүхдээр унуулодаг байсан. /инээв/Намайг морь уяж байх үед аав баг бригадын дарга байсан болохоор олон наадамд явж чадаагүй. Сумын наадмын морины комиссоор томилогдоод сумандаа голдуу нааддаг байлаа.
-Манлай ер нь ямархан арга барилаар морьдоо ирлэхэв?
-Эцээж уядаг байсан. Тэжээл гэж байгаагүй ч одоог бодвол өвс ногоо сайхан гардаг. Мал ч сайхан таргалдаг байлаа. Дээр нь наадам цөөн. Давхар уяа гэж байдаггүй байсан болоод ч тэрүү морийг нэлээд нимгэлж уралдуулдаг. Туранхай адуу хөл гаранд сэв суудаггүй гэдэг байсан. Ер нь бол торгон ирэн дээр нь тавьж уралдуулдаг байсан юмуу даа. Би ч гэсэн аавынхаа тэр арга барилаар морио туранхай талдаа уралдуулдаг.Хотынхныг дуурайгаад тарган тавьчихъя гэсэн хэр нь онгойлгочихъё гэсээр ер нь л аавынхаа уяа руу яваад орчихдог талтай. /инээв/
-Ухна гуайг адуу сайн таньдаг гэдэг. Аавынхаа тэр чадварыг мэдэрсэн тохиолдлуудаасаа ярьж өгөөч?
-Дээхэн үед манай Халзан суманд Гунгаа халиун гэж даага, шүдлэн, хязааландаа сум, аймагтаа түрүүлсэн хурдан азарга байлаа. Аав Гунгаа гуайтай их найз. Тэгээд “Гунгаагийн халиун азарганд гүү тавъя, энэ их сайн азарга байна” гээд найздаа хэлтэл зөвшөөрсөн юм билээ. Гарсан төл нь манай хурдан халиун азарга. Даагандаа Халзан сумын 50 жил, Асгат сумын 50 жилийн ойд хоёуланд нь түрүүлсэн. Шүдлэндээ бас сумандаа түрүүлсэн. Ер нь их хурдалсан даа.
-1999 оны Алтан-Овооны тахилга наадамд түрүүлдэг халиун азарга мөн үү?
-Тэр төл нь байгаа юм. Халиун азарганы төлүүд одоо ч гэсэн хурдалсаар байна. Аавын таньж авсан бас нэг хурдан буян бол манай хээр гүү байна. Аав багын найз хөгшнөөсөө нэг байдас авъя гэсэн юм билээ. Нөгөөх нь тэгээ л гэж. Тэгээд нэг жил суурь бригадаар тойрч ажил төрөлтэй нь танилцаж явахдаа нөгөө найзынхаараа очиж л дээ. Найз нь “чи нөгөө авна гэсэн охин адуугаа одоо ав” гэж. Аав ч “тэгье, чиний өгснийг авъя” гэтэл нэг хээр даага зааж, нөгөөх нь ч аавд их таалагдаж. Тэгээд үнэ өртгөө ярьсан унаж яваа морио өгчих гэсэн гэдэг. Тэр үед аав нэлээд биерхүү хүрэн халзан морь унаж явснаа өгөөд гэр лүүгээ даагаа унаад ирж байсан гэдэг юм.
-Ямар зайд том хүн даага унаж явахав?
-Гэр нь ойрхон 10-н хэдэн километр байсан юм гэнэ лээ. Тэр хээр гүүнээс гарсан болгон давхидаг. Эм төлүүдийг нь халиун азаргандаа хураалгаад гарсан сайн адуунаас нь хүүхдүүддээ өгсөн. Бид түүгээр нь ийнхүү амжилттай наадаж явна. Өөрөөр хэлбэл бид адуу таньдаг аавынхаа буянаар өдий зэрэгтэй наадаж явцгаана. Аавын адуу таньж авсан түүх олон л доо. Жишээлбэл Гэндэнгийн Бадиа гээд тайж адуутай айлаас аав өөрөө шинжиж байгаад битүү үрээ авсан юм билээ. Шүдлэн үрээ хэр нь нэлээд үнэтэй авч л дээ.
-Тэр үед адууны ханш хэд байсан гэнэ?
-Хямдхан байсан шүү дээ. Тэр үед баг бригадын даргын цалин 300 орчим төгрөг л байсан байх. Тэгэхэд аав шүдлэнгээ 700 билүү 800 төгрөгөөр авч байсан гэдэг юм. Олон хүүхэдтэй хүн хоёр гурван сарынхаа цалингаар адуу авчихна гэдэг бас л хэцүү л дээ. Наймаа хийчихээд ааваасаа жаахан айж байж л дээ. Тэгсэн аав нь ер загналгүй “миний хүү аавдаа орхичих. Адуутайгаа ижилсэж байг” гэсэн гэнэ лээ. Тэгээд л аавын санаа амарсан гэдэг юм. Дээхэн үеийн хүмүүс их даруулгатай байсан юмуудаа.
-Нөгөө үрээ нь давхисан уу?
-Асгат суманд хавар болсон Цагаан алтны баярт түрүүлгээд, дараа нь соёолондоо бас нэг түрүүлсэн гэдэг. Тэр үрээний төлүүд бас их хурдалж байгаа.
-Аавыгаа дурсах олон сайхан наадмууд бий байх. Тэрнээс хамгийн сэтгэлд үлдсэн нь хэдэн оны хаанахын наадам байв?
-Хамгийн сайхан нь гэвэл 1999 оны Алтан–Овооны тахилга наадам юмуу даа. Алтан-Овооны наадмын түрүүг “Монхангай” группийн захирал Сэргэлэн УАЗ-469 машинаар байлна гэнэ гэсэн мэдээлэл эртнээс тарж, халиун азаргаа бэлдэж байтал, хавар айхтар түймэр гараад ойр хавийн нэлэнхүйд нь шатаачихлаа.Түймрийн цурманд ногоо их сайхан гардаг шүү дээ. Их хурдан ч ургадаг. Түрүү жил нь манайх оторлож явахдаа түймрийн зурвас сайхан ногоотой газар хаваржаад, адуу малаа тэр ногоонд оруулж их ч таргалуулсан.Тэгээд дараа нь морьдоо уясан ер эвэлж өгөхгүй байсан юм.
-Яагаад байхав?
-Сайхан тарган байгаа хэр нь амархан сульдаад, тамиргүйтээд болдоггүй. Тэгээд бид түймрийн цурманд ургасан шинэ ногоог идээд ийм боллоо гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм.
-Тэгээд азаргаа юугаар хооллосон бэ?
-Аавтай ярьж байгаад уях адуугаа ямар ч байсан түймрийн цурам газарт ургасан ногоонд оруулж болохгүй гэсэн шийдэлд хүрч, шатаагүй үлдсэн хэсэгхэн газарт азаргаа хэдэн гүүтэй нь орой аваачиж чөдөрлөөд, өглөө аваачиж услаад л бүтэн сар салахгүй дагасан. Тэр үед бид тэжээл гэж мэддэггүй байлаа.
-Азарга адуу жаахан газарт бүтэн сар хоргоохоор тэнхэрч байх юм уу?
-Азаргандаа гүүний саам уулгадаг байсан юм. Эхлээд усанд нь хольж өгөөд, сүүлдээ дангаар нь уулгачихдаг байсан. Адуу уугаад сурчихдаг юм. Түмпэнд хийгээд өгөхөөр тэр дор нь л уучихна. Саам уугаад азарга маань сайхан болж, 2-3 давхилд өнгөлсөн.Тиймээс аав бид хоёр түрүүлчих боловуу л гэж бодож байсан ёсоор болсон.
-Шагналын машинаа хэн нь унасан бэ?
-Тэр хавар нь би мэдсэн юм шиг жолооны курст суугаад үнэмлэх авчихсан байсан юм. Тэгээд шагналынхаа машинаа бариад, аав, ээж ах дүү, авгай хүүхдээ суулгаад ирэх сайхан байсан шүү.
-Уяачийнхаа хувьд аавдаа тоогдон магтаалын дуулах болсон нь хэзээнээс вэ?
-Нэг жилийн сумын наадмаас гурван түрүү авч л байсан. Манай Халзан эрт дээр үеэсээ хурдтай Морь түрүүлгэж айрагдуулах амаргүй шүү дээ. Тэгэхэд аав дуугүй л байсан. Ер нь манай аав байхгүй үед яадаг байсан юм гэхээс хүнийг нүүрэн дээр нь магтдаггүй хүн байсан. Наадамд явлаа гэхэд айхтар дургүйлхэхгүй байвал “морьд гайгүй байгаа юм. Гайгүй уралдчихна дээ” л гэж ойлгоно.
-Хэнтий аймгийн 80 жилд танайхан гойд сайн наадсан. Тэр наадмын дурсамжаас хуваалцаач?
-Хэнтий аймгийн 80 жилийн ойд явахад д аавын бие жаахан чилээрхүү байж таараад гэртээ үлдсэн юм. Тэр жил манай халиун азарга 18 хүрчихсэн байсан. Тэр үед хөдөө утас барьдаггүй. Аймгийн төв рүү л холбоо барьдаг байлаа. Бид морь уралдангуут Хэнтийн төв рүү орж, наашаа мэдээ өгдөг. Түүнийг манай хүргэн хөдөө очиж аавд дуулгадаг. Тэгэхэд манайхан халиун азаргаа тавлуулж, хязаалангаа нэгийг нь түрүүлгэн, нөгөөг аман хүзүүдүүлж, шүдлэнгээ түрүүлгэсэн юм. Нөгөөх чинь очоод тэр морь нь түрүүлж гэнэ, тэр морь нь тэдээр орж гэнэ гээд ямар ч хувиралгүй хэлдэг байж л дээ. Тэгсэн аав “бага адуунууд яахав. Өвгөн азарга маань л айрагдсан бол боллоо” гэж хэлээд жигтэйхэн их баярласан гэсэн. Тэр үед нэг эгч маань аавтай үлдэж, ээж бидэнтэй явсан юм л даа. Азарга уралдах өглөө аав гэрийнхээ хойд энгэр дээр нэг гарч суугаад, урд энгэр дээр нэг гарч суугаад, тогтож чадахгүй байсан гэдэг. Тэгээд азарга уралдаж, айрагдсан гэдгийг сонсоод баярладаггүйгээрээ баярласан гэж эгч маань ярьдаг юм.
-Хүлэг эзэн хоёр ижилсдэг гэдэг. Азаргандаа л санаа зовоод байжээ дээ хөөрхий?
-Тийм юм шиг байгаа юм. Тэндээсээ бид наашлаад Мөнххааны 80 жилийн ойд уралдах үед аавын бие гайгүй болж эндээс ирээд, ээж зөрөөд арын албандаа томилогдсон.
-Мөнххаанд яаж наадсан?
- Дөрвөн түрүү, дөрвөн айраг авсан. Дараа нь ээж “за яахав тоо ярих юм бол өвгөн илүү уяж, чанар ярих юм бол би сайн уяж” гэж хэлээд инээдэм болж байлаа.
-Нэг жил сайн нааджээ?
-Түүний дараа Данзанравжаагийн 200 жилийн ой Дорноговь аймагт болсон шүү дээ. Тэнд бас уралдсан. Тэр наадамд би хамгийн том ахтайгаа ЗИЛ-130 машинтай гурван бага насны адуу аваад очсон. Хэнтий, Мөнххаанд уралдаад хүч нь нэлээд буурчихсан. Ерөнхийдөө эцэнхий талдаа байсан ч наадамд явъя гэтэл аав маань нэг их хориогүй. Очтол өвс муутай хэрэггүй ч ирэв үү гэж бодогдож байсан шүү.
-Тэгээд айраг амсаж чадсан уу?
-Хоёр хоног амраахад морьд маань аятайхан болоод ирсэн.Уралдахынх нь урьд орой жаахан тар хийчихээд хоолыг нь өгчихсөн. Үүр хаяарч байхад морьдоо харсан чинь хязаалан, шүдлэн хоёр болчихож. Морьд тийм сайхан болоод ирэхээр хүн инээд алдаад л байдаг юм билээ. /инээв/Тэгээд хоёулаа түрүүлж, их гарын мөнгөн эмээл, хазаар ташууртай, морь байнд нь авсан. Анх ирээд муухай царайлж байсан ах бид хоёр хос хээр морьтой, хоёр мөнгөн эмээл хазаар, ташууртай буцаж байсан. Тэр үед л аав маань хүүгээ тоосон болов уу гэж боддог. юм.
-Монгол улсын Алдарт уяач цол авахад юу гэж хэлсэн бэ?
-Аав маань 2007 онд бурхан болсон. Би 2011 онд Монгол Улсын Алдарт уяач цолоо авсан. Хүн тийм үед хамгийн түрүүнд төрүүлж өсгөсөн аав ээжийгээ боддог юм билээ. Аав минь хүүгээ тэнгэрийн орноос харж байгаа байхаа л гэж бодсон.
-Улсын цолонд хүрэхэд хамгийн их хувь нэмэр оруулсан хурдан буян гэвэл та ямар адууг онцолж ярих бол?
-Би халиун азарга, будан азарга хоёроо бүсийн наадамд дөрвөн удаа оруулсан байдаг юм. 2006 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум Хэрлэнгийн хөдөө аралд болсон зүүн бүсийн наадамд будан азарга дөрвөөр давхисан. Манай хадам аавын адуу л даа. Би уяж давхиулсан юм. Манай хадам аав Халзан сумын Засаг даргаар ажиллаж байсан хүн. Тэгээд нэг жил Бор-Өндөр, Хар-Айраг чиглэлд ажлаар явж байгаад Дорноговийн Иххэт сумын Буниа гэдэг нэг айл замд таарч ороод сайхан танилцаж л дээ. Тэгсэн “танд нэг охин адуу бэлэглэе” гэж гэнэ. Дараа нь би Галшар луу Өвгөнноёны наадамд явахдаа Иххэтийн нөгөө айлд очтол шүдлэн байдас өгсөн. Тэр байдасыг нь би авчраад, халиун азаргандаа тавьж Будан азарга гарсан юм. Будан азарга сумандаа түрүүлчихээд, аймагт дахиад хол тасархай түрүүлж байгаад шалбааган дээр хальтирч хүүхэд нь ойчоод аман хүзүүдэж байсан. Тэр жилээ давхар уяагаар Хэнтийн хөдөө аралд айрагдсан. Халиун азарга болохоор 1999 оны Алтан-Овооны их тахилгат түрүүлээд, 2002 онд Сүхбаатар аймгийн 60 жилийн ойд аман хүзүүдэн, 2003 онд Хэнтий аймгийн 80 жилд тавласан. 2002 онд Дорноговь аймагт зохиогдсон ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит уралдаанд халиун шүдлэн, хар хязаалан хоёр түрүүлсэн тухай дээр хэлчихсэн. Мөн 2009 онд Дорнод аймагт зохиогдсон зүүн бүсийн наадамд буурал шүдлэн гуравлсан. Түүний дараа 2010 онд Хэнтийн аймагт болсон зүүн бүсийн наадамд буурал даага таваар давхиж, давхар уяагаар Эрдэнэцагаан суманд болсон Егүзэр хутагтын ойд аман хүзүүдсэн. 2011 онд буурал шүдлэн Дархан-Уул аймгийн 50 жилийн ойд түрүүлж, давхар уяагаар Дундговь аймгийн 70 жилийн ойд айрагдсан.
-“Одкон холдинг” группийн ерөнхийлөгч Мөнхбатын морийг уядаг гэдгийг тань мэдэх юм байна. Танай гал ямар нэртэй вэ?
-Манайхан 2009 онд “Мөнх манлайн хурд” нэртэй гал байгуулсан. Манлай уяач аавынхаа хурдны удмыг мөнхөд үргэлжлүүлж,үргэлж манлайлахын бэлгэдэл болгож ийнүү нэрийдсэн юм. Манай галд манай ах дүүсээс гадна аймгийн Цагдаагийн газрын дарга байсан хурандаа Эзэннайрамдах, одоогийн цагдаагийн дарга Цэргийнхүү болон цагдаад ажилладаг Ганхуяг гээд бас нэг залуу бий. Манай галынхан сайн уралдаж байгаа. Дарханы 50 жилд азарганаас бусад насанд оруулсан. Даага түрүүлж, шүдлэн,хязаалан аман хүзүүдэн, соёолон, их нас тавлуулсан.
-Адууны наймаа хийж байгаа байх. Гарсан адуунууд хэр давхиж байна?
-Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрсэнгийн Ганболд гэж залуу манайхаас олон хурдан адуу авсан. “Говьшанхын хурд” бүсийн уралдаанд хээр азарга дөрвөлж, уржинан АХ-ын 90 жилийн ойгоор зээрд соёолон нь аман хүзүүдсэн. Тэр соёолонгийн эх гүүг надаас авсан юм. 2001 онд “Их хурд-2” уралдаанд би азаргаа нэг унагатай гүүтэй аваад явсан юм. Тэгэхэд тэр Ганболд гэж залуу хадам аавтайгаа хоёулаа ирж миний тэр гүүний унагыг авъя гэхээр нь өгөөгүй юм. Хойтон жил нь нөгөө унага даага болчихоод байсан чинь Ганболд хүрээд ирсэн. Тэр үед чинь аав маань Манлай уяач болчихсон, би өөрөө ч улсын цолонд ойрхон байсан болохоор өгөлгүй явуулчихсан юм. Тэгсэн шүдлэн болсон жил нь дахиад хүрээд ирлээ.Хэнтий аймгийн 80 жилийн ой болдог жил. Тэгэхээр нь “би чамд өгөхгүй гэхгүй. Аав маань өндөр настай. Би өөрөө улсын цолонд дөхөж яваа. 1-2 жил уралдчихмаар байна.Чи заавал энийг гээд байлгүй халиун азарганы төлөөс дуртайгаа ав” гэсэн.Тэгсэн Ганболд нэг халтар үрээ авсан нь Өвөрхангай аймгийн наадамд дөрөвт орсон гэнэ. Тэгсэн мань хүний санаанд бас хүрсэнгүй юм уу заръя гэж бодоод авсан үнээсээ арай ахиулж зарах гэсэн чинь улсууд авдаггүй.Сүүлдээ авсан үнээрээ зарах гээд ч авдаггүй, доогуур үнээр зарах гээд ч авдаггүй гэнэ. Яагаад гэхээр хүмүүс энэ но-той адуу болоод л зарах гээд байна гээд бодчихгүй юу. Тэгээд өвөл нь тэжээж оруулаад хавар мотоциклын байтай хязаалангийн уралдаанд мордуултал түрүүлчихсэн гэсэн.Тэгээд л зарахаа больж, тэр жилээ тав түрүүлж, таван мотоцикл ав өгсөн гэнэ лээ.Тэгээд соёолондоо улсад 12-оор орсон. Сүүлд нь Ганболдыг нэг ирэхэд нь улсад аман хүзүүддэг соёолонгийнх нь эхийг шүдлэн байдас өгсөн юм. Түүнийг Асгатаас авсан азаргандаа хураалгаад 2011 онд улсад аман хүзүүддэг сартай зээрд соёолон гарсан юм билээ.
-Нууц биш дээд талын адуу хэдээр зарагдав?
-Хамгийн үнэтэй нь 55 сая хүрсэн. “Их хурд”-д 11-ээр, улсын наадамд 12-оор, Хэнтийн бүсэд 9-өөр давхисан ногоон азаргыг Ихбаяр нэг хүнд авч өгсөн юм.
-Манлайг дэмнэж, Алдартыг төрүүлсэн ээжийнхээ талаар яриач?
-Миний ээж буян нь дэлгэрсэн сайхан буурал. Олон хүүхэд өсгөж,орсон гарсан олон хүний хоол цай бэлдэж насыг барсан хүн. Сүүлдээ бидний нөлөөнд автаад бараг морь уяад байдаг болчихсон байсан. Тэр азаргандаа хоолыг нь сайн өг, тэр мориныхыгоо хас гэчихсэн явж байдагсан. Нэг үе би ээжтэйгээ наадамд явахаар сайн наадаад байснаа ээжийн минь сайхан энерги шингэж морьд хурдалдаг байсан байх гэж боддог шүү.
-Магадгүй л юм. Бидний урилгыг хүлээн авч,сайхан хууч дэлгэсэн танд баярлалаа.Хүлэг нь хурдан хүүхэд нь цовоо сайхан наадаарай.
-Тэр ерөөл бат сайхан оршиг. Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажлын амжилт хүсье.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна