Хоймор нутгийн хүчит бөхчүүд

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 08 -нд

 Хорьдол сарьдаг, Дэлгэр мөрөн, Хөвсгөл нуур гээд л байгалийн үзэсгэлэнтэй гайхамшигтай бүхэн цогцолсон энэ л нутгаас монгол бөхийн чимэг сор нь болсон олон хүчтэнүүд төрөн гарсан байдаг. Уйлган голын алдарт гурван аварга, бяр ихт “Босоо” Шагдар, уран барилдаант Ө.Чүлтэмсүрэн,“Сээрэн дунгуй” Ц.Бадамсэрээжид, улсын залуу арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Дамдины Баяраагаас эхлээд эдүгээ цагийн шилдэг харцагууд болох Г.Элбэг, Г.Ганхуяг, Ц.Содномдоржийг хүртэлх бүхий л цаг үед Хөвсгөл нутгийн хүчтэнүүд наадмын дэвжээг чимж явсан түүхтэй билээ. Ингээд уншигчид та бүхэндээ улсын цолтой бөхчүүдийнхээ тоогоор улсдаа айргийн тавд багтдаг Хөвсгөл аймгийн бөхчүүдийн тухай товчхон өгүүлье.
1950-аад оны эхээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын наадамд нутгийн Дарь хэмээх бүсгүйн хүү Дамдин түрүүлж сумын заан цол хүртжээ. Энэ л цаг мөчөөс эхлэн Дарийн Дамдин хэмээх нэр монгол бөхийн ертөнцөд дуурсаж эхэлсэн байна. 1952 оны улсын баяр наадмаар дөрөв давсан байлдагч Дамдинг олноо “ул” хэмээн алдаршсан Хотонтын Ц.Лхагва начин амлан авсан боловч өвдөг шороодож сумын заан Дамдин улсын начин болжээ. Зургаагийндаваанд улсын арслан С.Самданжигмэд шинэ начныг амласан боловч мөн л ганцхан ухасхийж дайраад шороодуулснаар “Монгол улсын өсөх идэр начин” болсон байна. Начин болсныхоо дараагийн хоёр жил тав, зургаа даваад өвдөг шороодсон байна. 1955 онд сугалаагаар барилдуулахад 2-ын даваанд тусгай хорооны Бадамцэрэн гэдэг цэрэгтэй таараад “Гоё мэхээр давна” гээд өмссөн боловч хэт цөмөрч гишгээд  унасан байна.
Ардын хувьсгалын 35 жилийн ойгоор идэр залуу начин Д.Дамдин Хэнтий аймгийн арслан “бандага” С.Шагдарсүрэн, улсын өсөх идэр начин З.Чинбат, түрүү жилийн түрүү бөх улсын арслан С.Оргодол, улсын начин У.Мижиддорж, улсын арслан “дэрэн бор” С.Самданжигмэд нарыг дараалан өвдөг шороодуулж “Монгол улсын арслан” болжээ. 36 жилийн ойгоор улсын заан У.Мижиддорж, улсын арслан Ц.Бадамсэрээжид, улсын аварга Ш.Батсуурь нараар 7,8,9 давж түрүүлсэн боловч баяр наадмын комиссоос “Цаашид нөхөр Дамдин нь олон дахин түрүүлж болох идэр залуу хүн учираас ийнхүү цол /аврага/ өгөлгүй улам нэмэх чимэг нэмэв” гэсэн тогтоол гаргажээ. Гэлээ ч хоёр түрүүлээд авч болдоггүй аварга цолыг гурав дахиа түрүүлээд авчээ. Аварга болсон жилээ үзүүр түрүүнд Архангай аймгийн харьяат залуу бөх Чойжилсүрэнтэй үлдсэн байна. Чойжоо арслан барьцгүй хавсардаг дархан мэхээ хийгээд сурсан зангаар харалгүй дэвтэл наадамчид шуугиад явчихаж. Эргээд хартал Дамдин аварга уналгүй бүтэн эргээд тогтсон байсан гэдэг. Чойжоо арслангийн хавсраанд тэгж тогтсон бөх түүнээс өмнө ч, хойно ч гараагүй болов уу.
Түүний хойтон жил залуу аварга Дамдин өмнөх хоёр жил түрүүлэхдээ их шөвөгт үлдээд тунан барилдаж байсан нутгийн ах улсын арслан Ц.Бадамсэрээжидтэй үлдээд дахин шороодуулж “Даян аварга” цол хүртсэн байна. Мөн тэр жилээ Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын тойргийн барилдаанд түрүүлсэн байна.
Ардын хувьсгалын 39 жилийн ойгоор учраа таарсан бүхнээ өвдөг шороодуулсан даян аварга Дамдин, Архангай аймгийн харьяат залуу начин Ц.Гомбодорж нар засуулаа ханаруулан дэвэн дэвсээр гарчээ. Энэ барилдааны тухай улсын заан “аранзан” Гомбодорж гуай “1959 оны наадмаар начин болчихоод байж байтал “Улсын аварга Дамдин залуу бөх Гомбодоржийг амлалаа.” гээд зарлалаа. Гараад өрөх шиг л болсон. Нэг л мэдэхэд унасан. Хойтон жил нь бас ч гайгүй барилдсан юм болов уу, үзүүр түрүүнд Дамдинтайгаа үлдлээ. Би өрөх шиг болсон, нэг мэдэхэд газар хэвтэж байлаа.Дамдин бусдаас хол тасархай байв. Дөнгөж өрөнгүүтээ л ганцхан дайрчихаад явчихна” хэмээн дурссан байдаг.
Улсынхаа наадамд тав дараалан түрүүлсэн бөх түүнээс өмнө байгаагүй бөгөөд Дамдин аваргаас хойш Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ аваргууд л таван удаа дараалан түрүүлсэн түүхтэй. Гэхдээ Дамдин аварга шиг таван удаа түрүүлж байж дархан аварга цолд хүрсэн бөх одоогоор байхгүй л байна.
Дамдин аваргын тухай өгүүлэхэд “цирк” хэмээх ертөнцийг дурдахгүй өнгөрч даанч боломгүй. 1950-аад оны эхээр нэгэн барилдаанд улсын гавьяат жүжигчин, циркийн Дамдинсүрэн гуай барилдаад нэгийн даваанд түнтийсэн бор цэрэгтэй таарсан байна. Гараад иртэл нөгөө цэрэг өрөх ч үгүй шууд дайрч унагачихаад гүйгээд явчихаж. Дамдинсүрэн гуай барилдаан дуусахын хэрд циркийн гадна явж байгаад таарсан хүнээсээ “Хэн түрүүлэв” гэж асуутал “Дамдин гэдэг цэрэг түрүүллээ.” гэжээ. Тэрийг чинь нэг харъя гээд ортол өөрийг нь унагасан бор залуу хөлсөө сэврээгээд сууж байсан байна. Очиж танилцаад хүч тамирын үзүүлбэрийн тухай ярихад циркт ажиллахыг зөвшөөрсөн байна. Ийнхүү “циркийн Дамдин” нэртэй болжээ. Циркт хүч тамирын хамгийн хүнд үзүүлбэрүүдийг Дамдин аварга л үзүүлдэг байсан гэдэг. Тэрээр 850 гаруй кг-ийг өргөсөн гайхалтай бяртай хүн байсан байна. 1961 оны наадмын өмнөхөн циркийн үзүүлбэрээ үзүүлж байгаад техникийн ажилтны буруугаас болж машин дээрээс унаж өсгийгөө язлаж эмнэлэгт хэвтжээ. Гэсэн ч өмнөх таван жил дараалан түрүүлсэн дархан аварга хүн барилдахгүй бол болохгүй санагдсан тул эмнэлэгээсээ “оргож” наадамд барилдаад үзүүр түрүүнд улсын начин С.Цэрэнтэй үлдэж толгойгоо уургалуулж дөрвөн хөллөсөн боловч унасанд тооцжээ. Түүнээс хойш 1966, 1968,1969,1970 онуудад үзүүрлэсэн бөгөөд нийтдээ таван удаа түрүүлж, таван удаа үзүүрлэж мөн таван удаа их шөвөгт үлдэж, бага дунд шөвөгт тус бүр дөрвөн удаа үлдэж улсынхаа баяр наадамд тавин нас хүртлээ 23 удаа шөвгөрсөн МУ-ын гавьяат жүжигчин, Хөдөлмөрийн баатар хүн байлаа. “Гарлаа өрлөө давлаа” гэсэн гуравхан үгээр зарлуулж явсан, гайхалтай хүчтэй төрсөн агуу аварга атлаа энгийн даруу, эгэл дотнохон байхын үлгэр болсон нэгэн сайхан аваргын тухай өгүүлэхэд ийм буюу. 
Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор арав даван түрүүлсэн бөх бол Жамсраны Цэвээнравдан аварга юм. Тэрээр Уйлган голын анхны аварга бөгөөд солгой тонгорох, суйлах дархан мэхтэй, тэгш сайхан биетэй, цэвэрхэн сайхан барилддаг бөх байжээ. 1943 оны наадамд анхлан долоо давж их шөвөгт үлдэн улсын заан цолд хүрээд “суугаа” хэмээх Ц.Содов арсланд унаж байсан бол 1945 оны наадмаар улсын заан Дэ.Содном, улсын заан Г.Цоодол нарыг өвдөг шороодуулж залуу аварга Түвдэндоржид унаж үзүүрлэж арслан цолд хүрч байсан бол түүнээс хойш дөрвөн жил дараалан долоо давахдаа улсын дархан аварга Ш.Батсуурьд гурван удаа унасан байна.
1951 оны наадмаар баруун гараа гэмтээсэн байсан боловч тэвчин барилдсаар их шөвөгт өмнө нь гурав унасан Ш.Батсуурь аваргатай тунажээ. Өмнө нь хаяж нэг л болоогүй аваргыг  баруун гараараа салтаадаж өргөөд орхисон байна. Ингэж үзүүрт хүрээд дархан аварга Б.Түвдэндоржийг ард нь гарч тэвэрч өргөж гаргаж ирээд орхисноор “улсын аварга” цолд хүрчээ. Түрүүлснээсээ хойш гэмтэл нь даамжирч төдий л олон жил барилдаагүй гэдэг. Уйлган голын олон хүчтэнийг дагуулсан булган сүүлтэй аварга билээ.
 Улсын аварга цолноос нь илүү “уран мэхт” хэмээх алдар нь олноо түгсэн нэгэн сайхан бөх Уйлган голын гурав дахь аварга Чойжилын Бээжин юм. Дөрвөн гартай аварга гэх нь ч бий. 1957 оны наадмаар Булган аймгийн Сайхан сумын харьяат, улсын наадамд олон удаа дөрөв давж байсан Доржийн Цогзолтой тунан барилдаж начин цолд хүрээд нэг нутгийн Дамдин арсланд унасан байна. Түүний хойтон жил Архангай аймгийн Лүн буюу одоогийн Хашаат сумын харьяат монгол улсын начин Гүсмаагийн Дамдиндоржоор зургаа даваад мөн Дамдин арсланд унасан байна. 1959 оны Монголын Залуучууд Оюутны анхдугаар их наадамд 32 давж хоёрдугаар байр эзэлж “улсын заан” цол хүртжээ. Улмаар 1961 оны наадмаар Хөвсгөл нутгийн харьяат улсын шинэхэн заан Д.Гүрбадамаар долоо давж “улсын арслан” цол хүртсэн бол 1964 оны наадмаар улсын залуу заан Х.Баянмөнх, дархан аварга Дарийн Дамдин нараар 8 давж улсынхаа наадамд үзүүрлэсэн байна. 1965 онд у.а Ж.Хайдав, у.а У.Мижиддорж нараар долоо давж их шөвөгт шалгарсан байна. Түүний дараагийн наадмуудад бага, дунд шөвөгт шалгарсан бол 1970 оны наадмаар одтой сайхан барилдаж түрүүлсэн байна. Түрүүлсэн гээд хэлэхэд амархан боловч 5-ын даваанд у.н С.Жаамааг, 6-ийн даваанд у.з Ч.Амартүвшинг, 7-ийн даваанд у.н И.Ламаажавыг, 8-ын даваанд у.а Г.Дэмүүлийг хөл суйлаа мэхээр өвдөглүүлж нутгийн бөх дархан аварга Дамдинд солгой хөлөө алдсан ч дагуулж хөмрөөд давснаар “Монгол Улсын аварга” болжээ. Түүний хойтон жил тав давж шөвгөрөөд түүнээс хойш дахин шөвгөрөөгүй байна. Тонгорох, хөл гараар суйлах, өхийлдөх, этэх, дэгээдэх зэрэг олон угсраа мэхтэй уран барилдаантай, гараа дэвээ сайхантай бөх байжээ. Улсын наадамд нийт 13 удаа шөвгөрсөн байна.
 Хөвсгөл нутгаас төрөн гарсан алдарт арслангууд бол Цагаан-Уул сумын харьяат Сосорын Шагдар, Түнэл сумын харьяат Өлзийтийн Чүлтэмсүрэн, Цагаан-Үүр сумын харьяат Цэрэннадмидын Бадамсэрээжид, Шинэ-Идэр сумын харьяат Хадбаатарын Мөнхбаатар нар юм.
Сосорын Шагдар буюу олноо “Босоо” Шагдар гэж алдаршсан энэ их хүчтэн өндөр нуруутай, зузаан цээжтэй тоймгүй их бяртай бөх байсан байна. Түүний өргөсөн чулууг жинлэж үзэхэд 645 кг татсан байдгаас үзэхэд түүний хэр их бяртай байсныг мэдэж болно. 1924 онд болсон уул тайлгын сүүлийн наадамд Арвайхээрийн Бандид унаж үзүүрлэсэн бол тэр жилийнхээ цэргийн наадамд Хан Хэнтийн “Босоо” Самдангаар 10 даван түрүүлж улсын арслан цол хүртэж байсан байна. Түмний цэнгэлийн хоёр ч наадамд нэг жил түрүү үзүүрт шалгарч байсан түүний үхрийн нойтон шир цуу татаж байсан, айлын гэр чирээд хотонд нь авчирч орхиж байсан зэрэг домог мэт үнэнийг нутгийн ардууд одоо ч ярьсаар бахадсаар,бахархсаар байдаг байна.1930-аад оны сүүл, 40-өөд оны эхээр улсын наадамд сулбагар юм шиг атлаа унаж өгдөггүй шар “нөхөр” барилдах болжээ. Улмаар улсын начин, улсын заан цолд хүрч төрийн наадмын түрүүг хүртэл авах мундаг бөх болсон байна. 1936 онд тав давж улсын начин, 1941 онд улсын заан цолд хүрсэн бол 1942 оны наадмаар 360 бөх барилдахад 9 даван түрүүлж улсын арслан цол хүртжээ. 1944,1946,1948,1949 онуудад долоо даван их шөвөгт шалгарч байжээ. 1950 онд 512 бөхөөс 8 даван үзүүрлэжээ. Тэр жилийн улсын наадмын тогтоолд “... Өлзийтийн Чүлтэмсүрэнд аварга цол” гэж бичээд аварга гэсэн үгээ дарсан байдаг. Хойтон жил өөрөө ам даваанд шороодож, уясан морь нь эндсэнд нэгэн номтой хүн “Нутагтаа оч” гэснээр Хөвсгөл аймагтаа очиж хоёр түрүүлж, нэг үзүүрлэсэн байна. 1958 онд улсын наадамдаа дахин барилдаж 6, хойтон жил нь 5 давсан байна. 1964 онд нас 50 гарсан хойноо дөрөв давж дархан аварга Ш.Батсуурьд өвдөг шороодож байсан ясны бөх юм. Тэрээр бөхийн хий зайг андахгүй мэддэг, бусгах, мушгих, наах, өхийлдөх, өлгөх зэрэг дархан мэхүүдтэй алдарт арслан юм. Мөн түүний төрсөн дүү Шаравжамц нь 1941 онд улсын начин цол хүртэж байсан байна. Багад нь “хужгар шар” хэмээн хочилдог байсан нь сунжирч “хужаа” хэмээх болжээ.
“Сээрэн дунгуй” хэмээх мэхийг үзсэн харсан хүн одоо үед бараг байхгүй атал тэр мэхийг хийж улсын сайчуудыг нурааж явсан хүн нь мэнд сайхан амьдарч байна. Тэр бол мэдээж улсын хурц арслан Цэрэннадмидын Бадамсэрээжид гуай юм. Улсын наадмын тавын даваанд барилдах ёстой атал унтаж хоцроод хасагдсан, Өвөр Монголын аархуу бөхийг сээрэн дунгуйгаараа чангахан хаяад түрүүлсэн, Түвдэн аваргад унаад хацарт нь чулуу шигдсэн байсан гээд сонин сайхан түүх энэ буурал арсланд их бий.  Тэрээр 1925 онд Цагаан-Үүр сумын нутаг Уйлган голд төрсөн бөгөөд 1950 онд анхлан 7 давж улсын өсөх идэр заан цол хүртсэн бол түүнээс хойш 1951, 1953,1957,1958 онуудад тус бүр долоо, 1956 онд 6, 1952,1962,1967 онуудад тус бүр 5 даван шөвгөрч байсан бол 1954,1959 онуудад 8 даван үзүүрлэж улсын хурц арслан цолд хүрчээ. Тэрээр өмсөх, харвах, гүйх, суйлах, тонгорох зэрэг олон сайхан мэхийг хийж уран сайхан барилддаг байсан бөгөөд “сээрэн дунгуй” мэх нь бүр ч алдартай билээ. 1960-аад оны дунд үед бэртэж барилдах боломжгүй болсон бөгөөд бөхийн тайлбарыг олон жил сайхан хийж  1998 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол шагнуулсан билээ. 2000 оны Хөвсгөл аймгийн наадамд 19 настай залуу түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ. Тэр залуу хойтон жилийн наадмаар улсад барилдаж Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат а.а Л.Үйтүмэнтэй тунан барилдаж дөрөв даваад нэг нутгийн Бямбажавын Бадрал начнаар тав давж улсын цолтны их гэр бүлд багтсан нь эдүгээ цагийн шилдэг арслан Хадбаатарын Мөнхбаатар юм. Үеийнхнээсээ түрүүлж улсын цолд хүрсэн боловч гэмтэж хоёр гурван жил барилдалгүй завсарласан бөгөөд 2005 онд улсынхаа наадамд барилдаж у.н Ц.Магалжав, у.х Л.Пүрэвжав, а.а Д.Батболд, улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарыг өвөг шороодуулан долоо давж Монгол улсын заан цолд хүрсэн юм. 800 жилийн ойгоор 6 давсан бол 2007 онд одтой сайхан барилдаж ц.а А.Бямбажаваар дөрөв, у.н Д.Лхагвадоржоор тав, а.а А.Цацабшираар зургаа, а.а Н.Ганбаатараар долоо, у.н Б.Сайнбаяраар найм, у.з И.Доржсамбуу ес даван түрүүлж “Монгол улсын арслан” цолыг 26 насандаа хүртсэн билээ. Түүнээс хойш улсын наадамд жил бүр шөвгөрсөн бөгөөд аварга цолд тун ч ойрхон яваа өнөө цагийн шилдэг арслангуудын нэг юм. Хөвсгөл нутгийн бөхчүүдээс дурдахгүй өнгөрч болохгүй нэгэн бол Монгол улсын хүчит гарьд Дамдины Баяраа юм. Аварга аавынхаа буянаар биш өөрийн хүч чадлаар барилдаж явсан эрдүү омголон, хурц сайхан барилдаантай гарьд байв. Анх 1979 онд улсын аварга Ч.Бээжингээр тав давж улсын начин цолд хүрсэн бол заан цолд цөөнгүй жилийн дараа буюу 1988 онд улсын арслан Мөнгөнөөр 7 давж аавынхаа авч үзээгүй  цолыг авсан байна. Ингэж хэлэхийн учир нь Дамдин аварга маань начин цолтой байгаад шууд арслан цол хүртсэн учраас тэр. 1990 оны 8 сард Монгол түмэн нэгэн том баяр наадам тэмдэглэсэн нь монголын түүхийн гол дурсгал болох “Монголын Нууц Товчоон”-ы 750 жилийн ойг тэмдэглэсэн билээ. Энэхүү наадамд газар газраас цугларсан 768 хүчтэн зодоглосон бөгөөд Дамдины Баяраа заан гялалзтал сайхан барилдаж дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын арслан М.Мөнгөн нараар 7,8 давж их шөвгийн гуравт үлдэж заан цолдоо чимэг нэмсэн бөгөөд энэ амжилтаараа 2004 онд “Монгол Улсын гарьд” цол хүртсэн билээ. Нэгэнтээ нутгийн аварга Ж.Цэвээнравдан “Энэ Баяраа чөлөөтөд жин бариад хэт хатчихсан юм. Түүнээс биш түрүү үзүүрт хүрэх л бөхсөн” гэсэн гэдэг.
Дамдин аваргын баяр
Даамай хүчтэй Баяраа
Найм давсан гарьд
Наадам чимсэн хангарьд байлаа.

Хөвсгөл аймгаас “Пүг” Жамьян, Цагаан-Үүрийн Даржаагийн Доржготов, Галтын Дамбын Цэнд-Аюушаас эхлээд улсын заан цолтой цөөнгүй бөх төрөн гарсан бөгөөд энд нэг бөхийг онцлоё гэж бодлоо. Аймгийн заан цолтойгоосоо шуугиулан барилдаж эхэлсэн тэрээр мөн л тэр цолтойгоо барилдаж заан цолд хүрсэн байдаг. Тэр хүн бол монгол улсын заан Сарангэрэлийн Хүрэлбаатар. Эдүгээ нутгийн залуу хүчтэнүүдийнхээ бэлтгэл сургуулилт, бусад асуудлыг зохицуулж бөхийнхөө төлөө зүтгэж буй тэрээр улсынхаа наадамд дөрвөн удаа 6, хоёр удаа 5, мөн МНТ-ы 750 жилийн ойн наадмаар 6 давж нийтдээ 7 удаа шөвгөрсөн самбо бөхийн дэлхийн аварга хүн билээ.

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн дээлийн захыг нэгэн сайхан бөх мушгиж суудаг байлаа. Улсын харцага Далайцэрэнгийн Лхагва-Очир гуай шүү дээ. Улсад гурав шөвгөрсөн бөгөөд 1977,1980 онд 5, 1982 онд  6 давжээ. Мөн 1985 оны наадмын тавын даваанд Х.Баянмөнх аваргатай барилдсан барилдааныг нь хүмүүс янз бүрээр л ярьдаг. Төрсөн дүү Дамдинсүрэн нь нууц товчооны ойгоор 4 давж байсан байна.

Өдгөө цагт улсын наадамдаа гурван удаа гургаа давсан гуравхан бөх бий. Тэдний нэг нь Хөвсгөлийн Улаан-Уулын Гунгаагийн Элбэг. Хар багаасаа барилдаж “том” бөх болсон тэрээр улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлж байсан гэдэг. Улмаар улсын наадамд барилдаж эхэлсэн бөгөөд 1996 оны наадмаар 3 давж үеийн бөх у.н Д.Сумьяабазартай тунаж барилдаад унажээ. Наадмын маргааш уяачдын наадамд Г.Өсөхбаяр заантай үлдэж түрүүлсэн байна. 1997 оны наадмаар у.з Д.Эрдэнэбат, у.з П.Сүхбат нарыг тав, зургаагийн даваанд өвдөг шороодуулж долоогийн даваанд у.з Ц.Цэрэнпунцагтай тунаж өвдөг шороодож монгол улсын өсөх идэр начин цол хүртсэн байна. Энэ амжилтаараа 2004 онд “Монгол Улсын харцага” хэмээх эрхэм хүндтэй цолд хүрсэн билээ. Улмаар 2006, 2007 онуудын баяр наадамд тус бүр зургаа давж харцага цолоо баталсан эгэлгүй хүчтэй манлай харцага юм.

“Чөлөөтийн алтан хүү” гэвэл хэн бүхэнд хамгийн түрүүнд Ганзоригийн Ганхуяг хэмээх хүн санагдах биз. Нэгэн үе чөлөөтийн тэмцээн бүхэнд түрүүлж “алтан медалийн цуглуулга” хийж байсан гэдэг. Удамт харцага маань улсынхаа наадамд хоёр удаа 6, нэг удаа тав давж байсан өнөө цагийн манлай харцагуудын нэг юм. Үнэн үгтэй, өвөрмөц барилдаантай харцага зааны даваанд хоёронтоо гарахдаа А.Сүхбат, Г.Өсөхбаяр аваргуудад өвдөглөж байв.

Тэвхгэр зузаан цээжтэй, тэгш сайхан мөртэй нэгэн залуу 2006,2007 оны үеэс уран барилдаанаараа үзэгч олны анхаарлыг татаж эхэлсэн билээ. 2007 оны нийслэлийн өдрийн барилдаанд гурвын даваанаас томчуудыг нураасаар түрүүлж байсан залуу бол Цэдэвийн Содномдорж харцага билээ. 2009 оны наадмаар у.н Т.Өсөх-Ирээдүйтэй тунан барилдаж начин цолд хүрч байсан бол хойтон жил нь мөн л тавын даваанд тунаж өвдөг шороодож байв. 2011 оны наадмаар Өвөрхангай аймгийн арслан Д.Болдбаатараар 5, у.н Б.Батмөнхөөр 6 давж “Монгол улсын харцага” цол хүртсэн билээ. Мөн Хөвсгөл аймгийнхаа наадамд гурван удаа түрүүлж, нэг удаа найм давж үзүүрлэсэн. Заал, танхимын барилдаанд тогтмол дээгүүр барилддаг, нягт барилдаантай бяртай харцага маань олон жил амжилттай сайхан барилдаж төрийн наадмыг манлайлах биз ээ. Хөвсгөл аймгаас хорь гаруй улсын начин төрөн гарсан бөгөөд тэдний манлай болсон бөх бол Шаравын Ванчин начин юм. Тэрээр 1949 онд улсын начин цол хүртсэн бөгөөд дахин гурван удаа тав давж харилтгүй хүчит бөх болохоо олон удаа баталсан байдаг. Дорноговь, Хэнтий аймгийн наадамд түрүүлж, Хөвсгөл аймгийнхаа наадамд гурван удаа үзүүрлэж байжээ. Мөн улсын наадамд тав, зургаан удаа дөрөв давсан гэдэг.

Мөн Хөвсгөл аймгийнхаа наадамд олон удаа түрүүлсэн Тосонцэнгэлийн Д.Осор, Цагаан-Уулын Л.Баттогтох, Цагаан-Үүрийн ах дүү Д.Давааням, Д.Отгонбаяр, мөн Цагаан-Үүрийн Д.Дамдинсүрэн нарыг ч энд дурдах нь зөв болов уу.
Хоймор сайхан нутгийн хүчтэнүүд үеийн үед монгол наадмынхаа дэвжээг чимэх болтугай.

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна