Л.Цагаандалай:” Энэ цагт монголчууд морьтны түүхээ дэлхийн дайдад дахин дуурсгана”

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 27 -нд

ММСУХ-ны тэргүүлэгч Л.Цагаандалай өнөөдрийн зочны хойморт саатаж, цаг үеийн сэдэвт хариулт өглөө.
-Монгол улс хоёр төрлөөр дэлхийн дээд амжилтанд бүртгэгдэх баярт мөч ойртож байна. 3000 морины уралдаан хаана зохион байгуулагдахаар болсон бэ?
-2013 оны 8-р сарын 9, 10 ны өдрүүдэд Хүйн долоон худагт  дэлхийн адууны баярыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эхний өдөр буюу 8-р сарын 9-нд 10,000 морьтны парад болон бусад арга хэмжээ. Харин 8-р сарын 10-нд 3000 морины уралдаан хийхээр зам төхөөрөмж,бүртгэл зэрэг үндсэн ажлуудынхаа бэлтгэлд ороод байна. Энэ ажлын төлөвлөгөөг өнөө маргаашгүй, ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар оруулан хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болоод байна.
-3000 морины уралдаанд аймгуудын салбар холбоод ямар байдлаар оролцохоор болсон бэ?
-Тодорхой төлөвлөгөө өгч байгаа. Жишээлбэл газар зүйн байрлал, хүн ам болон адууны тоо зэргээс шалтгаалан аймаг тус бүрт тодорхой төлөвлөгөө өгч байгаа. Үүнийг аймгуудын салбар холбоод маань шуурхай хүлээн авч, бэлтгэл ажилдаа ороод байна. Жишээлбэл Дорнод, Баянхонгор зэрэг олон аймгууд  бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган, түүндээ ороод байна.
-Өвөрхангайд 1500 их насны морьд уралдахаар болсон. 3000 морины уралдаанд ямар насны морьд уралдах юм бэ?
-Энэ тухай зарим тодруулга тайлбарыг хийх нь зүйтэй болов уу. ММСУХ монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг тодорхойлох эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд аймаг сумдынхаа салбар холбоодоор дамжуулан бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Монгол улс засаг захиргааны хувьд нэг нэг бүтэц, нэгдсэн удирдлагатайн хувьд төрийн болон ТББ-гуудын орон нутаг дахь салбарууд  тухайн мэргэжлийн холбооныхоо бодлого үйл ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлэх үүрэгтэй. Сайхан сайхан үүсгэл санаачлага манай орон нутгийн салбар холбоодууд гарган хэрэгжүүлдэг.Олон сайхан жишээ бий. Холбоо ч үүнийг бодлогоор дэмжиж, тэднийхээ хүч оролцоонд аль болохоор тулгуурлан ажиллахыг зорьдог. Гэтэл дэлхийн адууны баяр үндэсний хэмжээний том арга хэмжээний бэлтгэл ажил ид оволзож байгаа үед болон монголын шигшмэл хурдан морь шалгаруулах “Их хурд-6” уралдаантай яг давхцуулан  Өвөрхангай аймагт 1500 их насны морь уралдуулахаар мэдээлж байгаа нь манай холбооны энэ жилийн төлөвлөгөөнд огт тусгагдаагүй ажил юм. Энэ бол Өвөрхангайн уяачдын санаа бодол биш, ганц нэг хүний анхаарал болгоомжгүй үйлдэл болон өнөө цагийн мэдээллийн тархацын хурдыг ойлгоогүйгээс олон түмнийг төөрөгдөлд оруулж болзошгүй юм. Харин ч манай холбооны удаа дараагийн шилдэг салбар холбоо арвай хээрийн домогт нутгийн  эрдэмт уяачид монгол түмнийхээ гал голомт, хийморь лундааг улам бадраах дэлхийн адууны баяр үндэсний хэмжээний энэ арга хэмжээнд өргөн олноороо уухайлан дэмжиж оролцоно гэдэгт бид итгэлтэй байна.   
-10,000 морьтоны парад мөн л сонирхолтой үзүүлбэрүүдийн нэг. Үүнийг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?
- Монгол  орон адуугаар баялаг .Адууны тоогоороо дэлхийд эхний 10-т бичигддэг. Монгол хүн морио унаж өссөн. Ингэж үзвэл 10,000 параданд тоогоо гүйцээе гэвэл хоёр аймгийн иргэдийг оролцуулахад л хангалттай. Гэсэн хэдий ч 21 аймгийн төлөөллөө оролцуулахын тулд аймгуудын салбар холбоодод тодорхой төлөвлөгөөнд уралдах болон унах морьдын тоог тусад нь салгаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл 3000 морины уралдаанд уралдах морьд тусдаа, 10,000 морьтны параданд оролцох морьд тусдаа байх юм. Энэхүү түүхэн ажиллагаанд тухайн орон нутгийн засаг захиргааны удирдлагууд, МСУХ-ны тэргүүнүүд өөр өөрийн тодорхой үүрэг рольтой оролцоно. Жагсаалын эхэнд төрийн есөн хөлт цагаан тугаа залж, МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, МУ-ын Ерөнхий сайд нар манлайлан төрийн хүндэт харуулын морьтнуудын жагсаалаар эхлэхээр төлөвлөж, түүнийгээ төрийн ёслолын албанд хүргүүлэхэд бэлэн болоод байна. Угаасаа энэ баяр МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор болох тул дэлхий нийт нүүдэлчин монголчуудыг, жирийн малчнаасаа төрийн тэргүүнээ хүртэл морьтны соёлыг тээж, дээдэлж явдгийг харах юмаа. 
-Дэлхийн адууны баярт гадны ямар ямар хүндэт зочид ирэх вэ?
-Манай холбоо гишүүнчлэлд нь багтдаг Азийн морин уралдааны холбоо, дэлхийн морин уралдааны холбоо зэрэг морин спортын олон улсын байгууллагуудын төлөөлөгч, зочид ирэхээ мэдэгдээд байгаа. Мэдээж журмын дагуу Геннисийн дээд амжилтыг бүртгэх байгууллагын шүүгчид ирнэ.
-Энэхүү баярыг Монгол улсад хийсний ач холбогдол юу вэ?
-Адуу эдлэх соёлыг төгс цогцлоосон ард түмэн Монголоос өөр байхгүй гэж бид өөрсдөө ч гадаадынхан ч үздэг. Иймд дэлхийд дайдад морьтон монгол алдраараа дуудуулсан Монгол түмэндээ өвөг дээдсийнхээ морьтон алдрын түүхийг энэ цагт дахин хамтран бүтээж, дэлхийн адууны баяртаа өргөнөөр оролцохыг уриалж байна.
-Цаг үеийн сэдвээр мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ярилцсанд баярлалаа. 

А.Мөнх


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна