МУ-ын харцага Ч.Чулуунбаатар: Тамирын дээдэд оюутан болж ирчихээд, ордон дээрээ байрлаад зааландаа хонодог байлаа

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 04 -нд

-Чулуубаатар харцагыг бөх болоход хоёр талын бөхийн удам нөлөөлсөн болов уу гэж бодогддог?
-Тэгэлгүй яахав. Монгол бөхөд удам гэж нэг мундаг юм байдаг. Манай том бөхчүүд бүгд л удам дагасан байдаг нь зүгээр нэг тохиолдол биш. Улсын начин, гавьяат дасгалжуулагч Баатаржав бол миний авга ах байгаа юм. Манай ээжийн талд бас барилдаж ноцолддог хүн бий.  Би хүүхэд байхын л бөхөд хорхойтой, бөх болохыг мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдлийг маань Балхаажав багш маань биелүүлсэн. Дунд сургуульд байхдаа багшийн секцэнд орж чөлөөт болон үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. Хөдөө өссөн болохоор хар бор ажил юу эсийг хийхэв дээ. Тэр утгаараа үеийнхнээсээ арай биерхүү, бөх болох хүүхэд гэж багшийн нүдэнд харагдсан юм шиг байгаа юм.
-Багшийнхаа нүдэнд торж бөхийн бэлтгэл хийх болсон нь айлын ганц хүүд хэцүү хатуу санагдаж байв уу? Шантрах үе байв уу гэж асуух гээд байна л даа?
-Өөрөө намайг айлын ганц хүү гэдгээрээ эрх танхи гэж бодоод байх шиг байна. Би тийм эрх байгаагүй. Айлын ганц хүү нь үнэн. Дээрээ хоёр эгчтэй, доороо нэг эмэгтэй дүүтэй. Гэрийн хамаг л хар бор ажил надад оногддог байлаа. Тийм болохоор шантарч байсангүй. Тэгээд гэрийнхэн тэр дундаа ээж маань намайг их дэмждэг. Ямар сайндаа л хүнээр зодог, шуудаг, монгол гутал хийлгүүлж өгч байхав. Бөх болох нь миний мөрөөдөл байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Мөрөөдөлдөө хүрэх замыг олчихоод дундаас нь буцчихвал харамсалтай биз дээ. Нэг жишээ хэлье л дээ. Биеийн тамирын дээд сургуульд оюутан болж ирчихээд, ордон дээрээ байрлаад зааландаа хонодог байлаа. Надад сургуульд сурахаасаа илүү бөх болох нь чухал гэдгийг багш маань мэддэг байсан.
-Багш гэдэг нь Баянаа аваргыг хэлж байна уу? Эсвэл...
-Тэгэлгүй яахав. 10-р анги төгсдөг жилээ аймгаасаа Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ирж барилдсан. Тэр үед багш маань бөх болох хүн маань гэж олж хараад хотод ирж “Шонхор” клубт хичээллэ гэсэн. Тэгээд үндэсний биеийн тамирын дээд сургуульд сурангаа 21 аймгаас ирсэн хүүхдүүдтэй “Шонхор” клубтээ бэлтгэл хийдэг байлаа. Монгол бөхийг хөгжүүлэхийн тулд багш маань 21 аймгаар явж бөх болох ирээдүйтэй хүүхдийг авчирдаг байсан. Энэ бол Монгол бөхөд маш том хөрөнгө оруулалт болсон. Манай аймгаас гэхэд л надаас гадна чөлөөт бөхөөр барилддаг хэд хэдэн хүүхэд ирж байлаа. Тэр чинь 1991 оны намар арван сард шүү дээ.
-Таныг бөхийн ертөнцөд хөтлөн оруулсан Балхаажав багшийн чинь талаар Увсын олон бөхчүүд ярьдаг?
-Тэгэхээс ч өөр аргагүй юм. Балхаа багш олон хүнийг энэ спортод хөтөлж оруулсан. Увсын арван жилийн биеийн тамирын багш л даа. О.Балжинням аваргаас эхлээд Лу. Энхбаяр, Өлзийбаяр гээд улсын цолтой олон бөх Балхаа багшийн шавь нь. Багш маань өөрөө барилдахаасаа илүүтэй шавь нараа бэлтгэхэд анхаарч ирсэн учраас, чөлөөт бөхийн спортын мастераас дээшээ ахиагүй. Хүн болгонд тохирсон арга барилаар хичээлээ заана. Надад гэхэд л биеийн хүчний даалгавруудыг илүү өгч, хүчний бэлтгэлийг илүүтэй хийлгэдэг байлаа. Балхаа багшаараа хутгах, тахимдах мэхийг дэндүү сайн заалгаж сурсан. Багшийн маань хөдөлмөрийг төр засаг үнэлж, 2004 онд “Алтан гадас” одонгоор шагнасан. Тэр жил би харцага цолоо авсан.
-Бөхийн ертөнцөд хөл тавиад гаргасан амжилтаа жагсаавал? Чөлөөт бөхөд багагүй амжилт гаргаж байсныг тань мэдэх юм байна?
-Балхаажав багшийнхаа удирдлаган доор байхдаа Идэрчүүдийн улсын аварга шалгаруулахтэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж байсан. Мөн насанд хүрэгчдийн улсын аваргаас хоёр ч удаа хүрэл медаль хүртэж, шагналт байранд бол олон удаа орсон доо. Бөхийн чөлөөт барилдааны спортын мастер цолтой.
-Таны барилддаг хүнд жингийн өрсөлдөгчид нэлээд ширүүн байсан байх шүү?
-П.Сүхбат, Б.Гантогтох, Д.Сумъяабазар,Г.Өсөхбаяр “Хөдөлмөр” нийгэмлэгийн Отгонбаяр гээд “мундгууд” миний жинд барилддаг байлаа ш дээ. Товчхондоо улсын том цолтой бөхчүүд энэ жинд барилддаг байсан. Хотод ирсний дараа Мөнхбат багш маань надад чөлөөт болон үндэсний бөхийн хичээл заадаг байсан.
-Чөлөөт бөхийн амжилтын тухайд ийм байдаг байж, үндэсний бөхөөр хэдэн оноос эхлэн барилдсан бэ?
-1992 онд аравдугаар анги төгссөн жилээ аймгийн начин болж, дараа жил нь дөрөвт үлдээд, тэрний дараа жил нь барилдаагүй. Тэгээд 1995 оноос улсын наадамд барилдах болсон доо. Эхний жилээ хоёрын даваанд Шархүүгийн Лхагвасүрэн начинд унасан юм. Дараа нь найман сард Өвөрхангай аймгийн Уянга суманд болсон есөн зүйлийн Даншиг наадамд Далай аварга Г.Өсөхбаярыг улсын заан цолтой байхад нь тав давж улсын  начин хүртсэн.
-Би андуураагүй бол та чинь 1997 онд зургаа даван чимэгтэй начин болж байсан биз дээ?
-Тэр ч тийм л дээ. Гэхдээ Есөн зүйлийн Даншиг наадмыг чинь улсын зэрэглэлтэйд тооцон цол олгох тухай зарлиг гарсан юм. Тэгээд Одгэрэл заан, Эрдэнэтийн Баадай арслан, талийгаач Алтанхуяг, Цэрэнчимэд нарын долоон хүн начин цол хүртээд долоо хоногийн дараа хураалгасан.
-Яагаад?
-Мэдэхгүй, бөхийн холбооны шийдвэрээр л гэсэн шүү. Ёстой нөгөө баярлуулан гомдооно гэгч болсон. Эвгүй л юм билээ. Гэр орныхон найз нөхөд начин боллоо гээд баяр хүргээд сүйд байсан чинь буцаагаад авчихсан. Муу ээжийгээ амьд сэрүүнд нь начин болчихлоо гээд их баярлаж байсан ч талаар болсон доо. Гэхдээ яахав юм нэгээр дуусахгүй гэж бодсон нь үнэн байсан. 1997 онд зургаа даван өсөх идэр начин болсон доо.
-Уучлаарай, гэхдээ тэр жилийн наадмын дүйзийг харж байхад гурвын даваанаас эхлээд  дандаа Увсын бөхчүүдтэй таарсан байдаг. Баянаа аваргаар начин болж байсан юм билээ?
-Тэгсэн, хоёрын даваанд Саранцогт харцагыг, гурвын даваанд Сүхбаатар зааныг, дөрвийн даваанд Хайдав арсланг, тавын даваанд Баянаа аваргыг давж начин болсон. Нутгийнхаа сайн ах нарын буянаар улсын цолонд хүрсэн ч зургаагийн даваанд Бямбадорж зааныг давж цолоо баталсан. Тэр үед багш маань “ирээдүйд өөр том цол хүлээж байгаа шүү” гэж сануулсан. Долоогийн даваанд Д.Мөнх-Эрдэнэ арслантай дэндүү яарч барилдаад уначихсан л даа. Арслан тэр үедээ хоёр ч үзүүрлэчихсэн, хоёр Эрдэнэ гэгдэж ид явсан үе нь шүү дээ. Манай аав Тэсийн хүн. манай Тэс чинь улсдаа хамгийн олон улсын цолтонтой сум гэгддэг. Би сумынхаа 10 дахь начин нь болсон. Тэгээд манай нутгийнхан арван начны баяр гэж гурван өдөр надам хийж, бидэнд баяр хүргэсэн. Арван начингаас нь Артаг гуайгаас бусад нь бүгд амьд сэрүүн байгаа. 128 бөхийн барилдаанд нь би түрүүлсэн. Нутгийнхан маань мялааж, хурдан удмын адуу бэлэглэсэн. Манай нутгийн адуу хурдаараа алдартай шүү дээ. Тэс нутаг бол өвөлдөө -50, зундаа +40+50 градус хүрч халдаг. Тиймдээ ч “Тэс, үгүй бол үх” гэсэн хатуу хууль үйлчилдэг газар хэмээн хүмүүс ярьдаг байх.
-Начин болсноосоо хойш хэрхэн барилдсан вэ?
-Тэрнээс чинь хойш дөрвөн ч удаа дөрөв давсан байх шүү. Өнгөрсөн жил би дөрөв давсан, тэрний урд жил дөрөв давсан. Таван удаа гурав давсан юм байна. 2002 онд аймаар гэмтээд, цолоо баталж чадаагүй л дээ. Уг нь эмч “барилдаж болохгүй” гэсэн ч дуртай юм болохоороо өөрийн эрхгүй барилдчихдаг юм.
-Тэр үед хамт хөлс хүчээ урсгаж явсан бөхчүүд чинь сэтгэлийн дэм өгч эргэж тойрч байв уу? Ахиад барилдахгүй гэж бодохоор хэцүү л байсан байлгүй дээ?
-Байсан, одоо ингээд л дуусчихдаг юм байна гэж бодогддог юм билээ. Их ч сэтгэлээр унасан. Бүтэн таван сар хэвтэх ч амаргүй л дээ. Нуруу гэмтэхээр будаагаар гудас хийж хэвтүүлдэг юм байна лээ. Өвчтэй зовлонтой үед бөхчүүд маань ялангуяа нутгийнхан маань эргэж тойрч байсан.
-Ярилцсанд баярлалаа. Таныг монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээж яваг.

А.Тэлмэн

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.