“Нарны хүлэг” морин спорт уяачдын холбооны тэргүүн Ц.Ганхүү: Хурдан морьдоо бүртгэлжүүлэх ажлыг ойрын үед хийнэ

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 22 -нд

Аймгийн чанартай уралдаануудын товыг баталсан
-“Нарны хүлэг” уяачдын холбооны тэргүүнээр улиран сонгогдсон нь өнгөрсөн дөрвөн жилийн ажлын үр дүн сайн  байсных бизээ. Хийсэн ажлаа товч дүгнэбэл ямар вэ?
-2006 оны хавар намайг гадаадад явж байх хооронд аймгийн маань МСУХ хурлаа хийгээд намайг тэргүүнээр нь сонгочихсон байсан. Нэгэнт нутгийн олон итгэл хүлээлгэсэн учраас татгалзах эрх байгаагүй л дээ. Тэгээд гадаадаас ирмэгцээ ажлаа хүлээж аваад 2007 онд Улаанбаатар хотод нийт сумдынхаа уяачдын төлөөллийг цуглуулан зөвлөгөөнөө хийлээ. Энэ үеэр холбооныхоо нэр, дүрэм, бүртгэл, уяачдынхаа хөдөлмөрийг үнэлүүлэхээс эхлээд ур чадварыг нь хэрхэн дээшлүүлэх, адууныхаа чанар чансааг хэрхэн яаж сайжруулах талаар олон талт асуудлыг авч хэлэлцсэн юм. Олон хүн цугларсан учраас холбооны нэрний тухайд гэхэд л 5-6 янзын хувилбар дэвшүүлж, санал хураалтаар “Нарны хүлэг” гэдэг нэрийг сонгохоор тогтсон. Ер нь тэр зөвлөгөөн олон талын ач холбогдолтой болсон бөгөөд зөвлөгөөнөөс хойш холбооны үйл ажиллагаа жигдэрсэн. Жишээлбэл жилдээ ямар ч байсан аймгийнхаа гурван бүсийн наадмыг зохион байгуулдаг байхаар тогтож түүнийгээ хэрэгжүүлдэг болсон. Хамгийн анх төвийн бүсийн уралдаанаа аймгийн төв дээр зохион байгуулж, их морь уралдуулж байсан бол яваандаа азарга уралдуулдаг болж, өнгөрсөн жилээс уяачдын хүсэлтээр соёолон нэмэгдсэн. Энэ жилээс тухайн уралдаан дээр аймгийн ИТХ-ын тогтоол гаргуулж уралдах насыг нь тодорхой болгосон.
Мөн үүний зэрэгцээ манай аймагт тахилгатай хоёр том уул байдаг. Нэг нь аймгийн баруун талд байрлах Дэлгэрхангай сумын Дэлгэрхангай уул, нөгөө нь аймгийн зүүн талд байрлах Говь-Угтаал сумын Говь-Угтаал уул. Дээрх хайрхдын тахилга наадмыг аймгийн бүсийн уралдаан болгон  зохион байгуулдаг уламжлалтай болсон. Цаг хугацааны хувьд дээрх тахилга уралдаанууд давхацдаг байсныг энэ жилээс өөрчилж, сумдын засаг дарга нартай нь ярьж байгаад Дэлгэрхангай уулын тахилгыг хаврын адаг сар юм уу зуны эхэн сарын анхны лусын буулттай өдөр, харин Говь-Угтаал уулын энэ жилийн тахилгыг хийдэг хугацаандаа хийхээр болсон. Энэхүү шийдвэр нь уралдааны цар хүрээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ уяачдын маань хамрагдах боломжийг нээн өгч байгаа юм. Харин бүсийн уралдаанаа улсын баяр наадмын дараа хийхээр тогтсон. Товчхондоо Дундговь аймгийн хэмжээнд жилдээ аймгийн чанартай дөрвөн том наадам зохиогдож байх юм. Нэгэнт аймгийн чанартай наадам учраас энэ уралдаануудад түрүүлж айрагдсан морьд, уяач болон унаач хүүхдийн хөдөлмөр үнэлэгдэж, аймгийн алдар цол авах боломжоор хангагдана.
-Уралдаан тогтмолжих нь тухайн орон нутгийн уяачдын ур чадварыг дээшлүүлж, адууны чанарыг сайжруулдаг сайн талтай? 
-Тэгэлгүй яахав. Холбоо шинэ бүтэц зохион байгуулалтанд ороод удаагүй байсан 2008, 2009, 2010 онуудад бүх сумдынхаа төлөөлөл ахмад, залуу уяачид болон салбар холбоодын тэргүүнүүдээ Улаанбаатар хотод цуглуулан зөвлөгөөн зохион байгуулсан. Тэрхүү зөвлөгөөнөөр ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцаж шийдвэрлэн, түүнийгээ үйл ажиллагаандаа тусгадаг байсан. Ийнхүү анхнаасаа уяачдынхаа санаа бодлыг хуваалцдаг байсны үр дүнд холбооны маань үйл ажиллагаа өдрөөс өдөрт өөдлөн дэвжиж байгаа. Бид ийнхүү бодлогын түвшинд удирдан зохион байгуулахаас гадна холбоогоо өөрийн гэсэн өргөөтэй болгож, компьютер, камер, зургийн аппарат зэрэг техник хэрэгслээр ажлын албаа ханган, ахуй хэрэгцээний асуудлыг мөн шийдвэрлэсэн.
-Уяачдаа мэдээллээр хангаж, уралдааныг тогтворжуулахаас гадна салбар холбоодоо бэхжүүлэхэд бас нэлээд анхаарсан байх?
-Аймгийн холбооны үйл ажиллагаа жигдрээд, уяачдын идэвхи санаачлага нэмэгдээд ирэхээр холбоог удирдаж байгаа удирдлагууд болон сумын удирдлагуудын үйл ажиллагаа дагаад идэвхиждэг юм байна лээ. Өнгөрсөн жил зүүн бүсийн уралдааныг Дэрэн сумын уяачдын холбооны тэргүүн болон сумын засаг дарга нар бусад сумдтайгаа нийлж хуралдаад зохион байгуулсан. Ингэж сумдууд нэлээд хөдөлгөөнд орж, идэвхитэйгээр ажилладаг болсон. Ер нь манай сумдын салбар холбоодын үйл ажиллагаа жигдэрч сайжирч байгаа. Түүний нэг илрэл нь ММСУХ-ны 2012 оны шилдэг салбар холбоодын нэг Луус сумын морин спортын уяачдын холбоо байна.

Сунгааны үед ч хүүхдэд хамгаалалтын хувцас өмсүүлж хэвшихийг шаардаж байгаа
-Танай холбооны удирдлагын бүтэц бусад холбоодоос арай өвөрмөц л дөө. Тэргүүлэгчид нь Улаанбаатар хот болон орон нутаг дахь гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Энэ бүтэц аливаа асуудлыг шийдэхэд хялбар болгох уу?
-Дундговь аймгийн морин спорт уяачдын холбооны IV бага хурлаар бүтэц зохион байгуулалтынхаа асуудлыг авч хэлэлцэхдээ хамгийн нэгдүгээрт нээлттэй байх зарчим, хоёрдугаарт дэд тэргүүн гэдгийг болиулж, гүйцэтгэх захирал томилъё гэдэг асуудлуудыг ярьсан. Тэргүүн нь хотод байгаа юм чинь гүйцэтгэх захирлаа аймагтаа байдаг хүнээр сонгоё, нарийн бичгийн дарга нь мөн аймаг дээрээ байж бичиг цаасны ажлаа цэгцэлдэг байя. Тэрнээс гадна ерөнхий менежер гэдэг хүн бий болгоё, тэр нь хотод байя гэж тохирсон. Холбооны онцлог нь дөрвөн удирдлагатай. Түүний хоёр нь орон нутагтаа, хоёр нь хотод байдаг. Манай гүйцэтгэх захирлаар сүүлийн хоёр жил Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга Баяраа гэж залуу ажилласан. Аймгийн 70 жилийн ойн баяр наадам, ”Их мандал 2013” говийн бүсийн уралдаан гээд хоёр ч том наадмын зохион байгуулалтанд оролцлоо. Харамсалтай нь “Ашиг сонирхлын тухай хууль”-иар төрийн албан хаагч төрийн бус байгууллагын удирдлагад байж болохгүй гээд заачихсан байдаг учраас саяын хурлаар ажлаа өгсөн. Баяраагийн маань оронд Өлзийт сумын Засаг дарга байсан Энхбат гэж залуу сонгогдсон. Сайн ажиллах байхаа гэж бодож байгаа. Мөн сая V бага хурлаараа тэргүүлэгчдийнхээ эгнээг шижигнэсэн сайхан залуучуудаар тэлсэн. Тэд маань унаган нутгийнхаа хурдыг хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгаа.
-Дундговийн хэдэн сум гарааны төхөөрөмж ашиглан уралдаж байгаа вэ?
-Аймгийнхаа 70 жилийн ойгоос өмнө бид бүх сумдаасаа нэг сая төгрөг татаж түүгээрээ гарааны хоёр төхөөрөмж хийлгэсэн. Ямар ч байсан эхний ээлжинд аймгийн чанартай наадмуудад гарааны төхөөрөмжийг хэрэглэж хэвшсэн. Уяачид маань ч гэсэн наадмаа будлиангүй болгохын тулд морьдоо төхөөрөмжний араас тавих хэрэгтэй гэдгийг мэддэг болсон. Одоогийн байдлаар Дэлгэрхангай, Эрдэнэдалай зэрэг сумд гарааны төхөөрөмжтэй болчихсон байгаа. Бусад сумд ойрын үед гарааны төхөөрөмжтэй болох бөгөөд тэр болтол томоохон уралдааны үед аймгийнхаа төхөөрөмжийг аваачиж ашиглаж байх юм. Ер нь манай аймгийнхан хаа очиж наадмаа ямар нэг будлиангүй сайн зохион байгуулдаг. Хэрэв будлиан гарвал хатуухан хасдаг. Уяачид ч маань ч үүнийг мэддэг болсон.
-Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-ММСУХ хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр маш их анхаарч байгаа. Ялангуяа сүүлийн гурван жил энэ талаарх асуудлыг хурцаар ярьж, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байна. Манай холбоо төв холбооноос гарч буй аливаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар манай аймгийн бүх унаач хүүхдүүд зуны наадамд каскатай уралддаг боллоо. Одоо сумдаа тийм жишигт шилжихийг шаардаж байгаа. Том жижиг ямар ч наадмын үед хамгаалалтын малгай өмсөж хэвшүүлэхийг салбар холбоодын тэргүүнүүдэд анхааруулсан байгаа. Сайн малчны  мялаалга, овоо тахилга, тэр бүү хэл сунгаанууд дээр ч гэсэн унаач хүүхдэдээ хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсгөж хэвшүүлэх хэрэгтэй байгаа юм.
-Холбооны тэргүүнээр сонгогдсоноос хойш гурван ч удаа бүсийн уралдааныг зохион байгууллаа. Хөрөнгө санхүү, зохион байгуулалт гээд ажил ихтэй биз?
-Мэдээж уралдааны төсөв санхүүг бүрдүүлэх хамгийн ярвигтай ажлын нэг. Өмнөх бүсийн уралдааны түрүү морьдыг 10 сая төгрөгөөр байлсан учраас түүнээс буулгаж болдоггүй. “Их мандал-2012” говийн бүсийн наадам 150 сая төгрөгийн төсөвтэй байсан. Засгийн газраас 70 сая төгрөг шийдвэрлэж өгөөгүй бол бас хүндрэх байлаа шүү./инээв/ Төрийн бус байгууллагын санхүүжилт чинь сайн дурын хүмүүсийн хандив дэмжлэгээр бүрддэг учраас амаргүй л дээ. Гэхдээ яахав холбооны тэргүүлэгчид, нутгийн иргэд, бизнесменүүд, компаниудын дэмжлэг, дээр нь гишүүдийн татвар, морины хураамж зэргээс уралдааны төсвөө бүрдүүлчихдэг юм. Энэ жилийн “Дүнжингаравын хурд” наадам түрүү морьдоо таван сая төгрөгөөр байлсан. Би  бүсийн наадмын түрүү морьд таван  сая төгрөгийн байтай болж жишиг тогтлоо гэж ойлгож байгаа. Тэгэхээр цаашид бүсийн наадам зохион байгуулахад санхүүгийн хүндрэл багасах байх.

Манай дээдэс адуу сайн таньдаг, хурдан морьтой хүмүүс байсан гэдэг
-Хэдийгээр таныг эзгүйд сонгочихсон ч гэсэн морь малнаас хол, нутгаа гэсэн сэтгэлгүй бол ийм албыг итгэж хүлээлгэхгүй шүү дээ. Ганхүү тэргүүний морьтой холбогдсон түүхийг сонирхмоор байна?
-Би холбооныхоо дөрөв билүү тав дахь тэргүүн нь. Миний өмнө аймгийн барилга трест материал хангамжийн даргаар ажиллаж байсан Бямбасүрэн гуай ажиллаж байсан. Батлан хамгаалах яамны жанжин штабын дэд дарга генерал Баярмагнайгийн аав шүү дээ. Манай Луусын хүн байгаа юм. Талийгч Наранцацралт Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг байхад бид бараг 10 жил хамтран ажилласан. Тэр үүднээс хүмүүс намайг сонгосон юм болов уу гэж боддог юм. Тэгээд ч миний өвөг дээдэс чинь хурдан хурц адуутай хүмүүс байсан.
-Нээрэн таны дээдэс язгууртан гаралтай хурдан морьтой хүмүүс байсан гэдэг билүү?
-Хундага тайж, Очир тойн зэрэг хурдан морьтой хүмүүс байсан юм билээ. Хундага тайж гэж хүн Хулд сумыг анх үүсгэн байгуулж байсан гэдэг. Тиймээс манай дээдчүүдийг “Тайж тойныхон” гэдэг байсан юм билээ. Одоо манай Дэлгэрхангай суманд Хүзүү борлог гэж мундаг хурдан морины хөшөө бий. Тэр хөшөөнд мөнхөрсөн хүзүү борлог морьтой манай өвөг Очир тойны Харцага хээр морь 8-9 удаа уралдахдаа ерөөсөө өмнөө гаргаж байгаагүй гэдэг юм. Тэгэхээр их хурдан адуутай айл байсан байгаа биз. Манай дээдчүүд морь сайн уяхаас гадна сайн таньдаг шинждэг хүмүүс байсан гэж ээж маань ярьдаг юм. Манай ээж Харцага хээрийг унаж, Өмнөговь аймгийн наадамд түрүүлж байсан юм билээ. Дундговь аймаг үүсгэн байгуулагдсан анхны наадамд ээж маань их морь унаж түрүүлгэж байсан. Одоо 86 настай ануухан хөгшин бий. Ээж Очир тойн айлын хажуугаар гарч яваад уяан дээр нь байсан хонины морийг шинжин таньж байсан тухай ярьдаг. Тэр нутгийн Харцага гэгч цөөн хэдэн хоньтой унааны ганц нэг морьтой хүн байж л дээ. Очир тойн нэг удаа тэдний гадуур өнгөрч яваад уяан дээр нь байсан хээр морийг харчихаад надад зарчих гэж гэнэ. Эзэн нь “би хонины морьгүй яах юм” гэхэд Очир тойн хоёр мориор сольж аваад эзнийх нь нэрээр Харцага хээр хэмээн нэрлэсэн гэдэг юм. Тэр хээр морь 11-12 удаа түрүүлж хурдаараа гайхагдаж байсан гэж ээж маань ярьдаг юм. Тэдгээр буянт дээдсийн үр ач нь хурдан морь уяж сойн нутаг орондоо хурдлуулсаар байгаа.
-Тэгвэл та хурдан морины хүүхэд явжээ дээ?
-Уяа морь бол унаж байгаагүй ээ, ээж зөвшөөрдөггүй байсан юм. Гэхдээ 7-8 настайгаасаа эхлээд зуныхаа амралтаар хөдөө Шижээ ахындаа очин тусалдаг байлаа. Морь тарлах хөлслөхөөс эхлээд уяаны ойр зуурын ажилд нь тусалдаг байсан.
-Тэгээд хэзээнээс морь уях болсон юм бэ?
-1998 оноос байхаа. Бас их сонин түүхтэй дээ. Наранцацралт агсан Ерөнхий сайд болсон тэр үе л дээ. Өмнө нь хотын дарга байхдаа Тайваньд айлчилж Тайпай хотын дарга Жин Шю Бинтэй танилцан найз болсон юм билээ. Талийгаачийг Ерөнхий сайд болсны дараахан Тайваньд Ерөнхийлөгчийн сонгууль болохоор болж, найз нь Ардчилсан намаас нэр дэвших болоод  талийгчаас дэмжлэг авахын тулд Монголд ирэхээр болсон юм. Тэгээд ямар бэлэг өгөх вэ гээд ярилцаж байгаад морь өгөхөөр шийдэж, бид хэд нөгөөхийг нь хайж олох ажилд томилогдсон. Тэгж байтал Жин Шю Бин ч ирж би нөгөө морийг нь гардуулсан юм.
-Талийгч завгүй байсан юм уу?
-Үгүй ээ. Хятад чинь Тайванийхаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй шүү дээ. Гэтэл Монгол улсын Ерөнхий сайд Тайванийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид бэлэг өгч болохгүй болчихоод тэгээд л би гардуулах үүргийг хүлээсэн юм.
-Бэлэгний морь хайж явахдаа нэлээд судалжээ дээ. Тэгээд л адуу цуглуулж эхэлсэн үү?
-Тэгсээн. Сүхбаатар, Хэнтий зэрэг хурдтай газруудаас адуу авсан.
-Та хэд чинь Өвөрмонголоос адуу авчирсан анхдагчид юм биш үү?
-Хамгийн анх Тэрбиш Өвөрмонголоос адуу авчирсан. Өнөө нэг жил хоёр айрагддаг халзан морийг намайг ав гэхлээр нь би татгалзсан чинь Тэрбиш авчраад их хурдлуулсан. Тэгэхээр нь ерөөсөө авчрах нь зүйтэй юм байна гэж бодоод таван даагатай нийт 12 адуу авчирсан. Тэрэн дунд нөгөө алдарт Их хурдад түрүүлдэг Эрдэнэгэрэлийн халзан морь чинь ирсэн юм шүү дээ. Ер нь тэндээс авчирсан адуунууд бүгд л сайн адуунууд байсан. Энэ дашрамд нэг юмыг хэлмээр байна  л даа. Хятадын засгийн газар ирээдүйтэй салбаруудаа дэмжсэн шиг дэмждэг. Манайд бол нэг юм хийлгэх гээд санхүүжилт гаргасан бол эргэж шалгаад зөв буруу гээд нэгнийгээ шоронд хийгээд элдэв бус болдог шүү дээ. Тэгтэл Хятадад дэмжвэл дэмжсэн шиг дэмждэгийг би нүдээр харсан. Биднийг Өвөрмонголоос адуу авахад зуучилсан Эрдэмбаатар гээд залуу бас л бидэн шиг сонирхолдоо хөтлөгдөн Өвөрмонголдоо болдог наадмуудад түрүүлж айрагдсан морьдыг цуглуулаад, Монгол руу адуу оруулж ирээд оронд эндээс азарга гүү аваад буцдаг байсан. Эрлийз цусны хоёр азаргаа Гонконг, Гуанжуд болсон уралдаануудад түрүүлгэсэн юм билээ. Тэгэнгүүт нь Өвөрмонголын засгийн газар шууд дэмжээд, бүх зардлыг нь төрөөс нь гаргаж өгөн санхүүжилт хийсэн юм билээ. Одоо Эрдэмбаатар дэлхийн олон үүлдрийн 200 гаруй адуутай маш том аж ахуй байгуулчихсан. Тэндээ гадна дотны том том төлөөлөгчдөө хүлээн авч үзүүлэн амруулдаг. Нэг ёсны Өвөрмонголын нүүрийг тахалдаг чухал газруудын нэг. Монголчууд бидний хувьд морь гэдэг нэрийн хуудас шүү дээ. Энэ том соёлоо хөгжүүлэх үйлсийг төр дэмжиж байх учиртай. Ядаж л морьдынх байг нь өгчихдөг болмоор байгаа юм.
-Бодууштай л юм. Танд дээдсийн адууны үр төл бий юу. Очир тойн, Хундага тайж нарын?
-Очир тойн шарга хонгор, цэгээн зүсмийн адуугаар голдуу нааддаг байсан гэсэн. Тэр адууны угшил одоо Сайхан-Овоо сумын Түжээ гэж залууд бий. Түжээгийн хурдан цэгээн азарга улсын наадамд зургаалж байсан юм. Түжээ маань надад нэг гүү өгнө гэсэн тэрийг нь авна даа./инээв/
Хөдөлмөр зарж, хурд төрүүлэн түүнийхээ буян хишгийг амссандаа баяртай байгаа
-Дээдсийн буян түшиж, АХ-ын 91 жилийн ой төрийн их баяр наадамдаа даага аман хүзүүнд хурдлуулсан.  Энэ таны төрийн наадмын анхны айраг уу?
-Тийм. Би Хэнтийгээс нэг гүү худалдаж аваад, Дорнодод аваачиж азарганд гишгүүлээд, тэндээ бүтэн жил өнжөөгөөд, дааганд нь авчирч уяад айрагдуулж байгаа нь тэр. Хөдөлмөр зарж, хурд төрүүлэн түүнийхээ буян хишгийг амссандаа баяртай байгаа. Ер нь харж байхад сэтгэл гаргаж, хөлсөө гоожуулж ажилласан, хөрөнгө мөнгөө зориулсан хүмүүсийн адуу л түрүүлж айрагдах юм билээ. Халзан дааганы айраг миний төрийн наадмын анхны хишиг. Би чинь хааяа бас улсад морио давхиулчихаад байдаг  хүн. Тэгэхдээ 20-н хэдээр, 30, 40 хавьцаа давхиад байдаг байсан. Бүсийн наадамд оруулж байгаагүй. Өөрөө наадмын зохион байгуулалтанд орчихоор ажил гэж гүйгээд морио мартчихсан явдаг юм. Морь айрагдаж түрүүлэхэд сэтгэл нийлсэн хүмүүс нэгдэж уях нь давуу талтай шиг байгаа юм. Бие биенээ сайн мэддэг, дэмжлэг туслалцаа үзүүлж чаддаг тийм хүмүүсийн морь амжилт гаргаад байх шиг санагддаг шүү. Манай Хуягбаатарын хүү Лхагвасүрэн гэж залуу миний халзан даагыг уясан. Хуягбаатар гурван хүүтэй. Хамгийн том нь Доржхорол гэж аймгийн Алдарт уяач, дараагийн хүү нь Пүрэвсүрэн гэж залуу  бий. Пүрэвсүрэн маань голлож адуугаа малладаг. Адуун дээрээ байнга байдаг хүн. Бага хүү  Лхагвасүрэн нь аав ээжтэйгээ хамт бас л ялгаа байхгүй адуун дээрээ байдаг. Хуягбаатарынхан маань ажлын зохион байгуулалт сайтай, адуугаа хэн маллах вэ, үхрээ хэн маллах вэ, бага малаа хэн маллах вэ, хээлтэгчээ хэн маллах вэ гэдгээ хуваарилчихсан айхтар малч улс байгаа юм.
-Танай аймгийн сэтгүүлийг бэлтгээд хүмүүстэй уулзаж байхад удам дамжсан уяач олонтой. Түүнийгээ дагаад морь уях соёл чамгүй хөгжсөн газар юм гэж бодогдож байлаа.
-Манай аймаг эртнээсээ хурдтай. Намайг жаахан байхад Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дэрэн, Дэлгэрцогт  зэрэг зүүн талын сумдууд их хурдтай байдаг байсан. Аймгийн наадмыг үндсэндээ тэр зүгийн морьд түүчихнэ. Одоо бол арай өөр болсон гэж Манлай уяач Эрдэнэчулуун сая ярьж байна лээ. Сүүлийн үед манай аймгийн хамгийн чанга дош Сайхан-Овоо сум болсон гэнэ. Сайхан-Овоо суманд уралдан айрагдаж, түрүүлсэн морьд аймгийнхаа бусад аль ч суманд очсон гарцаагүй шөвгөрдөг болсон гэнэ. Манай уяачид ч гэсэн одоо аймгийнхаа баруун тал руу хурд шилжсэн гэж дүгнэж байна лээ. Уяачдын эрдэм их сайжирч байна. Би 1997 оноос хойш улсын морины комисст тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд манай Эрдэнэчулуун ганц хоёрхон өнжсөнөөс бусдаар дандаа улсад ирж уралдсан. Улсад очиж олон уралдаж маш их хөдөлмөр гаргасныхаа үр дүнд өөрийн хөдөлмөрөө үнэлүүлж, гавьяа шагналаа авсан гэж би боддог. Тэр хүний нөлөөгөөр найз Чулуунбаатар нь нийлж морь уядаг байсан бол одоо Чулуунбаатарыг хүү Алтансүх нь залгамжлаад уяж байна.Дэмчигцоодол, Эрдэнэчулуун хоёр бас л үе тэнгийнхэн. Одоо тэдний үр хүүхдүүд нь маш их идэвхитэй уяж байна. Ер нь тухайн орон нутагт нэг идэвхи санаачлагатай хүн байхад бусад хүмүүстээ сайнаар нөлөөлж үлгэрлээд дорхноо сэргээд ирдэг юм байна лээ.
-Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. “Нарны хүлэг” МСУХ-ны ойрын үеийн төлөвлөгөөг сонирхмоор байна?
-Хамгийн гол асуудал бол ММСУХ-ны бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллана. Дараагийн асуудал бол бүх сумдын холбоогоо алдрын танхимтай болгох ажлыг хоёр жилдээ багтаан гүйцэтгэх зорилт тавиад байна. IV хурлаар бид аймгийнхаа уяачдын тухай ном хийнэ гэсэн зорилт тавиад түүндээ хүрсэн. Тэр ном маш дэлгэрэнгүй болсон хэдий ч нийт уяачдын маань 30 гаруйхан хувь л хамрагдсан байна лаа. Дундговь аймгийн уяачдын бүртгэлийг үзэхэд 900 гаруй уяачид байгаа юм. Тэгэхээр уяачдын түүхэн товчоон ном ахиад нэг хоёр боть гарах байх. Ер нь бол Дундговийн адуу, уяачдын үүх түүх амжилтын талаар хойч үедээ үлдээх ажлыг нэлээд хийхээр төлөвлөж байгаа. Мөн бүх сумдаа гарааны төхөөрөмжтэй болгох асуудал байна. Дараагийн асуудал бол унаач хүүхдийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах асуудал байна. Унаач хүүхдийн эрхтэй холбоотой бүх асуудалд хяналт тавин бай шагналын 20%-ийг заавал өгөх, хичээл номонд нь дэмжлэг үзүүлэх, сургууль, хичээлийг нь таслуулахгүй байх боломжоор хангах гэх мэт асуудлууд дээр хүүхдийн төлөө байгууллагатай нягт хамтран ажиллана гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Үүний зэрэгцээ ойрын хоёр жилийн хугацаанд улсын бүсийн наадмыг зохион байгуулах бодолтой байгаа.
Хамгийн том асуудал бол хурдан морьдыг бүртгэлжүүлэх асуудал. ММСУХ-ноос захиалж хийлгэж байгаа тусгай программын дагуу морьдоо бүртгэлжүүлэх юм. Мөн ММСУХ-ноос зохион байгуулж буй дэлхийн адууны баярт уяачдаа аль болох өргөнөөр хамруулна.
-Та бүхний ажилд амжилт хүсье. “Нарны хүлэг” холбоо цаг үргэлж мандан бадарч явах болтугай.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна