Малын их эмч Батхүү: Хэн дуртай нь ямар ч үндэслэлгүй адуу хатгаад байгааг харахаар бухимдал төрдөг

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 21 -нд

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Миний мэргэжил малын эмч. Гэхдээ сүүлийн 15 жил хувиараа бизнес эрхлээд эмчийн ажлаа орхисон ч хурдан морины судалгааны ажлыг тасралтгүй хийж байна. Ямар ч байсан өөрийн болон найз нарын маань морьд айраг алдахгүй байгаад баярладаг. Бат-Очир, Сүхээ, Нацагдорж нарын найзуудадаа шинжлэх ухаан талаас  нь зөвлөгөө өгнө шүү дээ. Энэ хугацаанд ардын уламжлалт эмчилгээг судалж, амьдралд хэрэгжүүлж байна. Харж байхад сүүлийн үед хэн дуртай нь ямар ч үндэслэлгүй адуу хатгаад байгааг харахаар бухимдал төрдөгөө нуугаад яахав. Болохгүй шүү дээ. Хатгах заалтууд гэж байдаг атал цус авчихвал л давхидаг гэсэн  ойлголт яваад байх юм. Ямар нэгэн байдлаар биед нь өөрчлөлт гарч цус өтгөрөөд бөглөрөл үүсч, зүрхэндээ ачаалал нэмээд ирэх үед хатгаж, бөглөрөлийг арилгадаг. Дараа нь цус шингэлэх зорилгоор бүлээн ус, цэцэг ногоо, дарь өгдөг юм. Бас дуртай нь адууны тагнай хатгаад байх юм. Энэ бол маш нарийн зүйл. Тагнай хатгахад 3-4 дэх үеийн голын шугамны 2 талд хатгадаг. Гэтэл ганц талд нь хатгаад хамаг цусыг нь юүлээд хаячихсан байх нь бий. За тэгээд дураараа тариа витамин хийх, дусал залгах нь ихэсч байна. Бүр хүзүүний булчинд тариа хийж байна. Манай найзын морийг саяхан нэг эмч буруу тариа хүзүүнд нь хийгээд, сайхан морийг аймаар болгочихсон байхыг харлаа. Энд би нэг л юм хэлнэ. Мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө ав л гэх байна.
-Та өөрөө морь хатгадаг уу?
-Би хатгана. Монгол уламлалт анагаах ухаанд хатгадаг 64 судас байдаг юм. Толгойн 12 судас, цээж, дал мөрний 12 гэх мэтчилэн сүүл хүртэл 64 судас байна. Үүнийг хатгах багаж ч өөр өөр. Хутгаар, хулсаар, шөвгөөр, модоор хатгахаас гадна хатгах гүн нь ч хэмжээтэй байдаг юм. Харж байхнээ ямар ариутгал байхгүй хутгаар хатгаад байх юм. Хатгаж байгаа хутгаа бохир даавуунд боогоод гутлын түрийндээ хийчихэж байгааг харахаар мэргэжлийн хүний хувьд өр өвддөг. 
-Тэжээлийн хорыг хатгах аргаар гаргаж болох уу?
-Уралдааны болон тэжээлийн морьдын хорыг орчин үед эмийн аргаар гаргадаг. Энд онцлоход 1954 оноос хойш Монголд малын эмч нарыг бэлтгэн гаргаж байна. Эндээс төрсөн гарч байгаа хүмүүс уламжлалт болон орчин үеийн эмчилгээгээ аль алиныг мэддэг улс. Сургуульд бүх судас, шөрмөсөөс эхлээд нэг бүрчлэн заадаг юм. Энд ганц жишээ дурдахад уяач, хатгаачид дэлүү хатгана гэж яриад байдаг. Гэтэл адуунд дэлүү гэж байдаггүй. Дэлүүнд хүрнэ гэдэг нь цоройнд нь хүрч хатгана гэсэн үг. Дэлүүтэнэ гэдэг гэдэс ороогдож, түгжрэл үүссэн байна гэсэн үг болохоор түгжрэлийг арилгахын тулд хавирга хоорондын мэдрэлийн судлыг хатгадаг юм. Хойноосоо 3-4 хавирганы хооронд маш их өвчтэй мэдрэлийн судал байх ба түүнийг хоёрхон хуруу хатгадаг. Гэтэл манайхан дэлүүг хатгаад цус гарлаа гэж яриад байдаг. Мэдрэл хатгахад цус гарахгүй шүү дээ.

-Үүнээс гадна  адуунд шингэн их хийдэг. Энэ зөв үү?
-Тэр бол натри хлорид буюу бидний мэддэгээр хоолны давс. Хордлогоны үед, хөлс их гарсан тохиодолд шингэн нөхөх замаар хийх ёстой. Адууны цусан дахь давс хүнийхтэй адил болохоор эмийн сангуудад зарагддаг хүнд зориулсан дуслыг хийж болно.  Гэхдээ хүн 4 бүлгийн цустай байдаг бол адуу 32 бүлгийн цустай. Тэгэхээр натри хлоридыг тун хэтрүүлбэл хөл рүү нь орж морь хөлгүй болох, давхихаа байх аюултай.
-Одоо Хөвсгөлд морь зөв хатгадаг ямар хүмүүс байна вэ?
-Гурилын үйлдвэрийн уяач, Түнэл сумын Мягмаржав, Мөрөнгийн малчин Нямсүрэн нарыг нэрлэж болно шүү. Судсаа сайн мэднэ, зөв олно, өөрөө бэхэлгээгээ хийчихдэг юм. Морь чинь адгуус амьтан учраас сайн уяж бэхэлж байж хатгахгүй бол амаргүй л дээ.
-Хөдөө орон нутагт малын эмч нар хангалттай байж чаддаг уу?
-Манай энд улсын нэг, хувийн гурван мал эмнэлэг байна. Үнэндээ улсын эмнэлэгт адууныхаа найман судсыг олохгүй эмч байгааг нуугаад яахав. Улсаас цалинжуулж байгаа болохоор эмчилгээний чанар энэ тэрийн тухай боддоггүй шиг байгаа юм. За тэгээд хувийнх нь болохоор ашгаа л хардаг. Жишээ нь судсанд хэзээ ч тосон тариа хийдэггүй. Хэрэв хийх шаардлагатай болд шингэлэх ёстой. Гэтэл тосон тариаг судсанд, арьсан дор хийдэг тариаг булчинд хийнэ гээд л өгчихсөн байх юм. Хувийн мал эмнэлэг ажиллуулж байгаа нь эхнэр эсвэл нөхөр нь малын эмч байдаг. Гэхдээ тогтмол ажил дээрээ байдаггүй, хэдэн эм тарианыхаа үнийг бичээд л мэргэжлийн бус хүмүүст даатгаад явчихдаг нь малыг алж байна. Бодоод үз дээ. Малын шимэгч устгах зориулалттай арьсан доор нь хийдэг тариаг амаар нь уулга гээд өгөөд явуулчихаж байна. Мэдээж энэ нь юун шимэгчийг устгах, харин ч малын дотор эрхтнийг үгүй хийж байгаа юм. Энэ мэт зүйл бухимдал их төрүүлэх юм.
 За түүнчлэн уралдааны үед малын эмч дагаж явах ёстой. Яг уралдаж байх үед морь гурван янзын өвчин тусах магадлалтай. Өлөн уралдвал нам үхдэг, цатгалан уралдвал багтардаг, хөлөө хугалах, бүдэрч унах, шөрмөс нь гэмтэх гэх мэтчилэн механик гэмтлүүд үүсэх нь бий. Гэвч улсын наадмаас бусад үед уралдааны замд мал эмнэлгээс эмч дагадаггүй л байхгүй юу.
-Аль ч уралдааны үед шүдэлгээн дээр маргаан гарах нь бий. Шүдэлгээг хэн хийх ёстой байдаг юм бэ?
-Мэдээж малын эмч нар л шүдлэх ёстой. Гэтэл ихэнх газарт энгийн хүмүүс энэ ажлыг хийдэг. Тэд эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн уламжлал дээрээр тулгуурладаг. Тэгвэл өнөөдөр морины шүд эрт орой гарснаараа өөр өөр. Тэр бүү хэл тэжээлийн адууны шүд ч өөр байх жишээтэй. Тэжээхээр шүдэнд нь гэмтэл үүсдэг тал бий. Тэжээлийн адуу соёолонгооос дээш болоод ирэхээрээ цөгц нь алга болчихдог. Нийлээд хоёр жил болж байгаа тэжээлийн адууны шүдийг харахад яг л хөгшин адуу шиг харагдана гээч. Энэ нь яагаад гэхээр бэлчээрийн адуу өвс идэж шүдээ хурцалдаг бол зөөлөн овъёос гэх мэт идээд байхаар цөгц нь алга болоод ирдэг.
-Уяачид адууныхаа цусыг сайжруулах ажлыг хаана ч хийж байна. Гэвч нөгөө талдаа цус ойртох зүйл байж болох уу?
-Мэргэжлийн хүн цус ойртож гарсан төлийг хараад мэднэ л дээ. 1980-90 оны үед манай аймгийн урд талын Төмөрбулаг, Галт, Жаргалант сумдын морьдын дунд цус ойртолт болж байсан. Мал нь жижигрээд, морьд нь давхихаа болиод ирсэн. Харин өнөөдөр цус сэлбэх ажлыг хийж байгаа нь  тун сайшаалтай. Үүнийг дэмжиж илүү сайн хийх хэрэгтэй гэж боддог. Манай аймгийн МСУХ-ныхон энэ тал дээр эрчтэй ажиллаж байгаад нь баярлаж байна.
 Энд ярихгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Хүмүүс адуунд олноороо орж, цус сэлбэн сайн сайн адуунуудтай болж байгаа сайшаалтай ч хулгай ихэсч байгаа нь сэтгэл зовоох юм. Сүүлийн хэдхэн жилд миний мэдэх цуутай хурдан найман морь хулгайн гараар ороод дууслаа. Даншиг бор гэж Туяа бригадын уяач Батаагийн анхны Хотгойдын хурдад айрагдсан сайхан амьтан байлаа. Бас Батхүүгийн дөрөв түрүүлсэн хүрэн морь, Балжиннямын хурдан саарал, Өлзийтогтохын саарал морь, аймгийн Алдарт уяач Намсрайдоржийн аймагт түрүүлсэн хүрэн халзан гээд бүгд байхгүй шүү, хайран юм.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна