Г.Намхайдорж: Монголын хамгийн анхны уяачдын холбоог бид байгуулж байлаа

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 10 -нд

Хөвсгөл аймгийн МСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, тэшүүрийн спортын мастер Шань овогт Гэндэнжавын Намхайдоржтой уулзаж ярилцлаа. 
-Далай ээжээ дээдлэгч Дэлтэй цэнхэрийн нутагтаа уяачдын холбоо гэх өнөр бүлийн голомтыг бадраасан анхны гишүүдийн нэг нь юм байна. Тэр үеийн дурсамж одоо ч нандин хэвээрээ байгаа байх?
-Юуны өмнө алтан төрийнхөө амьд сүлдийг дээдэлж явдаг “Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо талархлаа илэрхийлье. Ажнай хүлэг заяатан Монголын уяачид, адуучид, Монгол адууны сэтгэлийг баясгаж явдаг та бүхэнд үнэхээр их баярлалаа. Өвлийн хүйтнээс эмээлгүй Хөвсгөл нутагт маань хүрэлцэн ирсэнд уяачдынхаа өмнөөс болоод Хөвсгөлчүүдийнхөө өмнөөс талархаж байна. Миний бие 1990 онд уяачдын болон унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалахаар аймагтаа уяачдын холбоо үүсгэн байгуулах санаачлага гарган хэдэн нөхдийн хамтаар хэрэгжүүлж байлаа. Тухайн үед манай аймгийн морин уралдаан нэг л болохгүй, дээр нь уяачид гэдэг хэдэн хүмүүсийг тоодог хүнгүй байлаа л даа. Тэгээд бидний  хэдэн нөхөд холбоо байгуулахаар зориг шулуудсан нь тэр. 1991 оны 3-р сарын 22 байхаа. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Хамтдаа ажиллаж байсан багш нар, аймгийн шүүхийн дарга Галсанпунцаг, хөгжимт драмын театрын хөгжимчин Эрдэнэбилэг, морин хуурын багш Зоригоо, “Гэгээ” радиогийн сэтгүүлч Пүрэвдорж нарын долоо, найман хүмүүс нийлж, шүүхийн даргын өрөөнд хуралдан, аймгийн уяачдын холбоо гэдгийг анх үүсгэн байгуулж байлаа.
-ММСУХ-ноос ч ах юм байна шүү дээ. Монголын анхны уяачдын холбоо нь тэгэхээр нь Хөвсгөл аймгийн танайх болж таарах нь ээ?
-Тэгэлгүй яахав. Тэр цагаас хойш 22 жил өнгөрсөн байна. Холбооны анхны тэргүүнээр би сонгогдож, дэд тэргүүнээр шүүхийн дарга Дамбын Галсанпунцаг сонгогдож байлаа.
-1991 онд төрийн бус байгууллага үүсэн байгуулахад хүндрэл бэрхшээл байв уу? Жишээлбэл хууль эрх зүйн талаасаа?
 -Гайгүй дээ. Нэрэн дээр хэд хэдэн санал гараад “Үүлэн бор” гэдэг нэртэй байхаар тогтсон юм. Одоогийн энэ “Дэлтэй цэнхэр” гэдэг нэрийг би  тухайн үед санал болгож байлаа.
-“Үүлэн бор” нэрийг хэн өгсөн юм бэ?
-Сэтгүүлч Пүрэвдорж үлгэр домогт гарсан “Үүлэн бор”-оор нэрлэе гэсэн санаачлагыг гаргаж, манайхны олонх нь дэмжиж, би цөөнх болсон доо. Нэрний тухайд бяцхан тайлбар хийхэд манай нутагт цайвар зүсний адуу илүүтэй хурдалдаг нь баяр наадмын цуваан дээрээс бэлхнээ харагддаг. 1961-1991 он хүртэлх 30 жилийн хугацаанд аймгийн баяр наадамд түрүүлсэн азаргыг зүсээр нь ангилж үзвэл 23 нь цайвар зүснийх байсан. Харин их насны моринд буурлыг оруулахаар 18 цайвар адуу түрүүлсэн байдаг юм. Адуу судлаач Мянганцэвээн “цагаан адуу нь нэг нугалам илүүтэй, хоол боловсруулах эрхтэн нь арай өөр байдаг тэрүүгээрээ хүч тамиртай байдаг гэсэн удаатай. Тиймээс бид тэр бүхнийг бодолцон Үүлэн бор, Дэлтэй цэнхэр гэсэн нэрүүдийг санал болгож байлаа.
-“Үүлэн бор” холбооноос хэрэгжүүлсэн хамгийн анхны ажил нь юу байв. Өөрөөр хэлбэл холбооны тэргүүн ямар асуудалд илүүтэй анхаарал хандуулсан бэ?
-1991 оны дөрвөн сарын эхээр аймгийн шүүхийн танхимд уяачдынхаа анхдугаар хурлыг хийлээ. Тэгэхэд аймгийн Алдарт уяач, одоо тэнгэрт хальсан  даа Гонгор багш маань уйлж байгаад “Хэрэг хийсэн хүнийг шүүн тасалдаг шүүхийн  танхимд эрдэнэт хүлгээ дээдлээд миний хүүхдүүд морин уралдааныг зөв гольдролд оруулах талаар ийнхүү зөвлөлдөж байгаад өвгөн багш нь үнэхээр их баярлаж байна” гээд талархал дэвшүүлж байлаа. Хурлын дараа тэргүүлэгчид маань тав арван юмаа нийлүүлж байгаад кино театрт “Тод магнай” киног үзэж нэг өдөр бүтэн мориор амьсгалж байсан юмдаг. Түүнийхээ дараа сумдадаа салбар холбоо байгуулах ажлыг эхлүүлж, хамгийн анх Алаг-Эрдэнэ суманд салбар байгуулж байлаа. Тэгэхэд тухайн үеийн сум нэгдлийн дарга байсан Сэрээндорж, миний найз дуурь бүжгийн эрдмийн театрын хөгжимчин Элбэгдорж, Цэдэнсамбуу, Дэмид нарын моринд дуртай олон хүмүүс баярлаагүйгээрээ баярлаж байгаагаа илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл уяачдын холбоо байгуулах хувьсгалын тохироо бүрдсэн. Бид түүнийг нь соргогоор мэдэрч гэдгээ очсон газар бүртээ анзаарч байлаа.
-Сумдадаа салбар холбоогоо байгуулна гэдэг чухал шүү?
- Тэгэлгүй яахав. Бидний дараагийн зорилт бол аймгийнхаа 70 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааныг ямар нэг будлиангүй зохион байгуулах явдал байсан. Яагаад гэхээр 50 жилийн ойн уралдаан жаахан тиймхэн болсон байсан. Хүмүүс ч уяачдын холбоо байгуулагдсан юм чинь наадам ямар болох бол гээд хүлээж байсан байх. Бид тэдний урмыг хугалаагүй ээ. Морь будлиантахгүй байхын хамгийн чухал нь дутуу эргэхгүй байх. Тиймээс морь тууж байгаа хүмүүс маш өндөр хариуцлагатай байх ёстой гэдэг шаардлагыг холбооныхондоо тавьсан. Ний нуугүй хэлэхэд уяачдын холбоонд орчихоод өөрийнхөө морийг аятайхан эргүүлчихье гэсэн бодолтой хүмүүс ч байсан л байх. Би тэрний эсрэг байр суурьтай байдаг хүн. Түүнээсээ болоод морь уядаг шавьтайгаа муудалцаж л байлаа. /инээв/ Хүмүүст тийм шаардлага тавьчихаад өөрөө морь мордуулаад байж болохгүй юм шиг санагдаад морь уяхаа больсон. Аймгийн 70 жилийн ойн баяр наадам үзэгчдээр дүүрэн байж, энэ хойд тал тэр чигтээ наадамчдын хөлд дарагдсан байсан. Морьд ч өтгөн мордсон.
-Ер нь өмнө нь хэд хүрч морддог байсан юм бэ?
-Нэг насанд зуу хүрэхтэй үгүйтэй. 1984 оныг би сайн санаж байна. Нэг сунгааны азарга 47 явж байсан. Аймгийн хэмжээнд шүү дээ. Их нас гэхэд 70-аад адуу мордсон байх. Тэгэхэд 1991 онд 200-гаад их насны морьд тоосоо өргөж байлаа.
-Холбоо байгуулах үеийн бас нэгэн зорилт нь уяачдынхаа хөдөлмөрийг үнэлүүлэх явдал байсан. Тэр зорилтондоо хэрхэн хүрсэн бэ?
-Хөвсгөл аймгаас Монгол улсын Алдарт уяач цолтон 12 төрөн гарсан байдаг. Харин аймгийн Алдарт уяачид нэлээд олон бий. 300 гарсан дуулдсан. Манай холбоо чинь хэд хэдэн тэргүүний нүүр үзсэн. Тэр хугацаанд олон хүн алдар цолонд хүрсэн байна лээ. Сумдын Алдарт уяачдын тоог би нарийн мэдэхгүй байна. Одоо ямар ч байсан уяачид маань морь уялаа гээд авгайдаа шанагадуулж, даргадаа загнуулахаа байсан. Биднийг анх холбоо байгуулахад тийм л байсан шүү дээ. /инээв/
-Даваасүрэн тэргүүний санаачилсан “Хотгойдын хурд” бүсийн уралдаан Хөвсгөл аймгийн хурдан морины чанар, уяачдын чадварыг сайжруулахад ихээхэн нөлөөлсөн хэмээн уяачид ярих юм билээ. Та хувьдаа ямар бодолтой явдаг вэ?
- Санал нэгтэй байлгүй яахав. Энэ хүн тэргүүний ажлыг авснаар манай холбооны үйл ажиллагаа жигдрээд байгаа. 2007 онд анхны “Хотгойдын хурд” уралдааныг зохион байгуулахад сонин телевизээр хардаг хотын том том цолтой уяачид, халхын цуутай гэсэн хурдан хүлгүүд манай нутагт ирсэн. Манайх түүхэндээ тийм сайхан өтгөн наадам хийж байгаагүй хэмээн манайхан одоо хэр нь ярьдаг юм. Даваасүрэн Хотгойдын хурд уралдааныг санаачлан зохион байгуулж уяачдынхаа идэвхийг нэмэгдүүлснээс гадна ур чадварыг нь сайжруулах, мэдлэгийг нь тэлэх үүднээс сургалт семинарийг зохион байгуулсан. Бид чинь тэр хүний буянаар төрийнхөө ордонд орж есөн хөлт цагаан тугандаа мөргөж үзлээ. Түүний үр шим түрүүчээсээ гарч, Хөвсгөл нутгийн уяачийн уясан морь төрийн наадмын түрүү хүлгээр тодорлоо. Залуус маань бид ч гэсэн ингэж төрийнхөө баяр наадамд морь түрүүлгэж, айрагдуулж болдог юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болж, адууныхаа удам угшлыг сайжруулахад дор бүрнээ анхаарал хандуулж байна.
-Та бүхний тэртээ 20 гаруй жилийн өмнө санаж сэдэж, зорьж явсан бүхэн биеллээ олж байгаад баяртай байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд сайн муу, саар муухай зөндөө л юм болсон. Гэхдээ гол нь бидний санаж сэдэж явсан зорилго биелж байна шүү дээ. Ах нь үүнд баяртай байдаг.
-Уяачдын холбооны тэргүүнээр сонгогдоод морь уяхаа больсон гэж байсан. Намхайдорж багш уяачийнхаа хувьд гаргасан амжилтынхаа талаар хуучлаач?
-Би аймагт ганцхан шөвөгтэй хүн. /айраг/ Соёолон үрээ айрагдуулж байлаа. Харин суманд бол зургаа байна уу шөвөг бий байхаа. Морь уяад гавихгүй ч адуу гэдэг амьтныг тахих сэтгэл нь агуу л даа. 1993 онд Цэцэрлэг сумаас нэг азарга авахаар болоод Хишигбатынд очоод унтаж байлаа. Тэгсэн хүмүүс ярьж байна. “Энэ Намхай багш чинь ийм сүрхий морь таньдаг юм уу. Алаг-Эрдэнэ, Түнэл гээд ойрхон хурдтай сумд байхад наашаа ирж байдаг” гээд л ярьж байсан. Миний адуу таниад сүйд болох юм байхав. Амьхандаа Цэцэрлэг хурдтай гээд зорьж ирж байгаа нь тэр.
-Нэгэн үе Хөвсгөл нутгийн нэрийг гарган хурдалж байсан буянгуудын талаар дурсамж хүүрнээч?
-Миний багад Булган талын хүн гэлүү дээ “галзуу” хэмээх Лхамсүрэн гэж хүн байсан. Тэр хүн бол санаагаараа уралддаг мундаг уяач байлаа. Энэ морь төд дээр ирнэ гэхэд яг л ирдэг, алдана гэж байдаггүйсэн. Уяач нар дээр очоод энэ мориндоо тийм ажил хий гээд л хэлээд өгдөг байсан. Тэрүүн шиг шулуухан хэлээд өгдөг хүн байгаагүй дээ. Түүний зээ хүү нь хотод байдаг “Далай ээж” захын эзэн Төмөрбаатар гэж хүн байдаг гэсэн. Мөн Буянт дарга гэж Хөвсгөлийн адууны чанарыг сайжруулахад ихээхэн хувь нэмрээ оруулсан буурал байлаа. Тэр хүн бас морь сайн мэднэ. Наадамд айрагдах морьдыг бараг л хэлчихдэгсэн. Одоо ч тийм мундаг хүмүүс байхаа больж дээ.
-Бидний урилгыг хүлээн авч, сайхан дурсамж хүүрнэсэн танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт тэтгэгдэж яваарай.
-Баярлалаа. Би холбоондоо зориулаад “Дэлтэй цэнхэр” нэртэй хэдэн мөр холбосон. Нэг хүн ая хийсэн. Болбол манай холбооны дуу болчихоосой гэж бодож явдаг юм. Бас нэг зүйлийг “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан уламжилмаар байна. Шадар ван Чингүнжавын Тугч хул гэж нэг азарга байжээ. Та нар дуулсан байхаа. Чингүнжав манжид баригдаад явахдаа тугаа нөгөө азарган дээрээ тавиад үргээгээд хөөчихсөн гэдэг. Тэгсэн нөгөөх нь 200-гаад км газар яваад нутагтаа ирчихсэн. Цэцэрлэг суманд хул азарганы нуруу гэж бий. Тэр хүртэл явсан. Монгол түмэн минь энэ азарга шиг эх орноо эрдэнэт хүлгээ хайрладаг байгаасай гэж хэлмээр байна.

-Төгсгөлд нь манай уншигчдад шүлгийнхээ мөртүүдээс уншиж сонирхуулаач?

-“Дэлтэй цэнхэр” шүлэгтээ:
Дэлтэй цэнхэрийн босоо унага
Дэлийг нь сумалсан Суман хул
Шадар вангийн сүргийн удам
Шашин төрийн амин сүлд
 Тахилга сүлдтэй хилэн хар
Тугч хул, Тожин ногоон
 Билгүүн хар, Буурал цоохор
Буган халиун, үүлэн борууд
Толгойдоо тогосны өдөн хийморьтой
Ташаандаа хас чандмань тамгатай
Туулай зоотой тэнгэрийн хишиг
Тод магнай дэлтэй цэнхэр
Боссон тоос нь буяны хишигтэй
Буусан хөлс нь элбэрлийн идтэй
Сүүлийг нь шуусан галтай сум
Сүргийн манлай дэлтэй цэнхэрүүд  гэж бичсэн  билээ. Харин “Зоригтын бор”-тоо:

Аварга Хужаагийн сүргийн удам
Алдарт Зоригтын хурдан бор
Өвгөн ноёны уйж хүсэл
Өвөө аавын залгамж өв
Уяж сойгдсон галтай сум
Улсын наадмын алтантүрүү
Даанч хурдан Зоригтын бор
Дархан түмэн эх хүлэгээ
Наранд ная хоног сойгддог
Наадам бүрийн түрүү магнай
Эзнээ олсон үүлэн бор
Энэ л төрийн тод магнай
Алдарт Зоригтын аварга бор
Ардын төрийн амин сүлд
Газрын холд тасарч холддог
Гааруу хурдан Зоригтын бор


А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна