Монгол улсын харцага Ц.Магалжав Буянтоо аваргын удмын бөх

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 08 -нд

МУ-ын харцага Ц.Магалжавыг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Буянтогтох аваргын удам гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэрээр бага насаа өвөө, эмээ дээрээ өнгөрүүлсэн болохоор нутгийн хөгшчүүдээс өвөг эцгийнхээ тухай олон сайхан дурсамж сонсож өссөн гэдэг. Тиймдээ ч бяцхан хөвгүүн байхаасаа л өвөг эцэг шигээ мундаг бөх болохсон гэж мөрөөддөг байсан хэмээн дурссан байдаг. Эрдэнэт хотод нэгдүгээр ангид орсон тэрээр “Хангарьд” клубын багш, дасгалжуулагч Раднаабазарын нүдэнд өртсөнөөр бөх болох гараагаа эхэлж байжээ. Бөхийн өмсгөл өмсүүлэн зургийг нь дарсан багш нь “энэ хүү бөх болноо” хэмээсэн нь түүнийг бөхийн амьдралд эргэлт буцалтгүй оруулсан хамгийн том урмын үг байсан гэдэг. Түүнээс хойш арван жилийн дараа үндэсний бөхийн Улсын аваргад орж аравдугаар байр, УБИС-д оюутан болсныхоо дараа Улсын аваргад хүч үзэж тавдугаар байранд орсон нь түүнд ихээхэн урам зориг, итгэл найдвар өгчээ. Тэрээр өвөг эцэг Буянтогтохынхоо эдэлж хэрэглэж байсан дээл, хувцсыг нь нандигнан хадгалж, сайн бөхийн удам гэдгээрээ бахархаж явдаг нэгэн. Харцагын аав Цэрэндашдорж уг нь Архангай аймгийн Баян-Уул сумын харьяат. Гэвч тэрээр Архангайн Баян-Уулын бус Сүхбаатарын Мөнххааны харьяат гэж зүлэг ногоон дэвжээнээ дуудуулдаг нь учир жанцантай. Цэрэндашдоржийн Магалжав гэгдэн аавынхаа нэрийг дуурсгаж яваа болохоор аварга өвөөгийнхөө нэрийг бөхийн ногоон дэвжээнээ үл мартуулах үүднээс Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын бөх хэмээн дуудуулж барилддаг түүний бөхийн удам ингээд ч дуусдаггүй. Зууны манлай заан Д.Долгорсүрэн түүний ээжийн талын хамаатан. Анх түүнийг УАШТ-д оролцоход нь Д.Долгорсүрэн зааны хүү гэж гэцгээж байсан нь бөх сонирхогчдын санамсаргүй дүгнэлт биш байв. Тэрээр улсын начин Д.Сэржбүдээтэй харцага, начин хоёр ихрүүд шиг адилхан харагддаг нь аргагүй.
Хадам ахад маань цолоо ахиулах боломж ч намайг дэмжиж начин болгосон
Арван найман настайгаасаа чөлөөтийн Ганбаатар багшийн удирдлаган дор хичээллэж эхэлсэн тэрээр Их спортод чамгүй амжилт үзүүлээд байгаа. 2006 онд Монголд болсон Чөлөөтийн сонгомол бөхийн Дэлхийн Оюутны аваргаас алт, Азийн аваргаас хүрэл, энэ жилийн улсын аваргаас мөнгөн медаль тус тус хүртсэн юм. 2000 оны цагаан сарын барилдаанд А.Сүхбатыг өвдөг шороодуулж, Б.Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүүнд үлдэхэд нь бөх сонирхогчид түүнийг улсын цолонд хүрэх бөх гэцгээж, тааварт оруулах болсон юм. Харамсалтай нь Магалжав тэр жилийнхээ наадмаар начин болж чадсангүй. 1999 онд бэлтгэл хийж байхад нь хажууд нь барилдаж байсан улсын начин И.Ёндонсамбуу тахиман дээр нь хажуу талаас дарж унаснаас түүний хөл нэлээд хүнд бэртсэн бөгөөд энэ бэртэл нь төгс эдгэхгүй байсны улмаас олигтой бэлтгэл, сургуулилт хийж чадахгүй байлаа. Ингээд улсын заан /Өдгөөгийн аварга/ Д.Сумьяабазарт амлагдан унасан юм. 2000 оны наадмаар улсын цолгүй есөн залуу бөх барилдсанаас ганц Ц.Магалжав л ийнхүү цолгүй хоцорчээ. Харин дараа жилийн наадмаар түүнийг улсын цолонд хүргэнэ гэж байсан бөх амнаасаа буцаж, хадам ах улсын начин Б.Адьяахүү нь түүнийг начин цолны босгоор алхуулсан байдаг. Энэ талаар нь асуусан сэтгүүлчийн асуултанд тэрээр ийн хариулсан гэдэг.
-2001 онд өөрийг чинь дөрвийн даваанд хүргэнэ гэж байсан бөх амнаасаа буцсан гэл үү?
-Тиймэрхүү юм болох нь ч болсоон. Гэхдээ яах вэ дээ, иймэрхүү юм зөндөө л байдаг шүү дээ. Тэр хүний шавь нараас бас улсын цолонд хүрэх гэсэн хүмүүс байсан болохоор тэрийгээ дэмжсэн. Үүнд буруу юм юу байхав.
-Тавын даваанд хадам ах, улсын начин Б.Адьяахүү чинь амлаж начны босго алхуулсан байхаа. Магадгүй Б.Адьяахүүд цолоо ахиулчих боломж байгаагүй гэж үү?
-Мэдээж хэрэг Адьяахүү ахад цаашаа барилдаж, цолоо ахиулах боломж байсан. Гэхдээ л намайг аваад улсын начны босго алхуулахдаа “цаашаа улам сайн барилдаарай” гэсэн юм. Гэтэл би зургаагийн даваанд М.Баяржавхлантай  тунаж барилдсан юм. Шодоод би барьц сонгож барилдсан хэрнээ уначихсан. Яг барилдаж байхдаа би өөрийгөө давна гэдэгт итгэлтэй байсан. Уначихсандаа харамсаад нэлээд нервтсэн шүү.

Ш.Гоохүү

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 192.82.74.118

    Цэрэндашдоржийн Магалжавын удам угсааны тухайд. Хуучнаар Архангай аймгийн Өндөр сант сум гэж байгаад 1957 оны үед татан буугдсан юм. Өндөрсант сумын харъяат олон хүүхэдтэй Анх гэж настан эмээ байсан Түүний хамгийн бага хүү Лхагваа гэж байв. Тэр Лхагваа бол хэнгэрий Жадамба гээч хүний нуувар хүүхэд ажээ. Лхагваа нутгаасаа гарч янз бүрийн ажил хийж жолооч болж улмаар Буянтогтох аваргын охинтой ханилан сууж 4 охин 2 хүүтэй болжээ. Лхагваагийн хамгийн том охиноос нь Магалжав төрсөн ажээ. Магалжавын эцэг Цэрэндашдорж цэргийн хүн агаад Архангайн Өгий нуур, Батцэнгэл хавийн хүн гэдэг. Магалжав Заан Долгорсүрэнтэй төрөлсдөгийн учир начир бол түүний эцэг заан Доноров дээр дурдсан Хэнгэрий Жадамбын бас нэг нуувар хүүхэд ажээ. Тэгэхээр Заан Доноров, Анх гэдэг эмэгтэйн Лхагваа хоёр нэг эцгийн хүүхдүүд юм. Магалжавын ээжийнх нь аав нь Лхагваа ба өвөө аав нь юм. Нагац эмэг эх нь Буянтогтох аваргын охин юм.

    Reply