Аймгийн Алдарт уяач Д.Хонинхүү: Зургаан нас мордуулж, дөрвөн түрүүтэй харьж явлаа

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 08 -нд

Энэ удаагийн ярилцлагын ширээнээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн иргэн, аймгийн Алдарт уяач Дэжидийн Хонинхүү уригдсан юм. Хурдан морины дэл сүүл боож дөч гаруй жилийг үдсэн уяач өдгөө нас сүүдэр 71 хүрч яваа ануухан буурай . Тэрээр сумын аварга уяачаас аймгийн Алдарт болсон бол сумын аварга малчнаас аймгийн аварга болж явсан хөдөлмөрч нэгэн. Ингээд оршлоо хойш тавьж түүний сонирхолтой яриаг хүргэж байна.
-Морины уяа эвлүүлээд хичнээн жил болж байна вэ?
-Долоон настайгаасаа хурдан морины унаач болж 15 хүртлээ унасан. Багадаа их жижигхэн биетэй хүүхэд байсан болохоор олон жил морь унасан. Харин хасагдаад жилийн дараанаас л морь уях болсон. Түүнээс хойш  45 жил өнгөрчээ. Манай Тосонцэнгэлд Гарьдын Осор гэж лут уяач байлаа. Би багадаа тэр хүний уясан хурдан морийг унадаг байсан юм. Хүний хувь тавилан гэдэг сонин шүү. Хожмоо охинтой нь гэр бүл болж хүргэн нь болсон. Манай хадам чинь миний уяаны эрдмийн шанг татсан хүн байгаа юм. Залуудаа жасын адуунаас хурд төрүүлж явсан буянтай хүн. “Ардын зориг” нэгдлийнхээ болон өөрийн морьдоо уяж сойн хурдлуулна. Ер нь морь танихдаа мундаг хүн байсан. Наадмын өдөр уясан морьдыг тойрч хараад л нас болгоныг хэлж,  айраг түрүүний морьдыг зүсээр нь нэрлэнэ. Үнэхээр л хэлснээр нь болдогсон.
Өөрийнх нь уясан морьд Тосонцэнгэлд жил бүрийн наадмаар ёс юм шиг л түрүүлнэ гээч. Сумын наадамд 6 насны морь давхиулахад 4-5 түрүүг л авна. Багадаа би зургаан насны морьдыг нь унаж дандаа айрагдаж, түрүүлгэдэг байлаа. Ер нь 40 хэдэн оноос эхлээд 1970 оныг хүртэл амжилтын оргил үе байсан. Аймагт Хөвсгөлийн 45 жилийн ойгоор нэг бүдүүн хээр морь нь наадамд түрүүлж, нөгөө аман хүзүүдэж байлаа. Тэгэхэд би бие дааж морь уядаг болчихсон байсан юм. Түүний хурдан буянгууд надад өвлөгдөн ирсэн. Одоо том хүү Санжидын багачууд буюу ач нараас Даваадорж, Нэргүй нар уяа сойлго тааруулж байна. Сум орондоо дориун давхиулаад, өвгөний удам угсааг таслалгүй үргэлжлүүлж яваад баярладаг.
-Адуу шинжих эрдмээс нь та суралцсан л байх даа?
-Тэгэлгүй яахав. Хүүхэд байхаасаа л морийг унаж эхэлсэн хүн чинь хоосонгүй шүү. Миний хувьд алсдаа бяртайдуу, дөрвөн хөл сайтай, толгой магнай, гол ууц нуруундаа хурдан шинжтэй адууг онцолдог. Хурдан адуунд таван овоо гэж бий. Түүгээр бол дөрвөн хөл сайтай, бөгс толгой тэнцүү, бяр сайтай адуу сайн давхиад байдаг юм. Мэдээж энд уяачийн ур чадвар бас нөлөөлнө. Гэхдээ би хадмыг гүйцэхгүй ээ. Манай хөгшин бол хурдан адууг дааганаас нь л шинжиж танина гээч. Ер нь дааганаас нь таньдаг хүн ховор байдаг юм.
-Хурдан адуу шинжээд авлаа гэхэд уяачийн ур чадвар бас их чухал гэж байна. Таны уяаны арга барилаас сонирхож болох уу?
-Миний ид уралдуулдаг байхад байгалийнхаа ногоон өвс, хангайнхаа боригоор л уячихдаг байлаа. Нэгдлийн мал маллахын хажуугаар уралдааны морьдоо нэг сар уядаг байсан. Уяж байхдаа нэг үсэргээд, нэг хөлслөөд, цочирхийнэ. Энэ сарын хугацаанд 14-15 үсэргэнэ, мөн тэр тоогоор хөлслөнө. Ингэж сайхан нимгэлж жигдрүүлж аваад наадамд гарна даа. Хөлсийг их сайн хусна, үсийг хир шороогүй болтол цэвэрлэнэ. Ус өвсөө тааруулна гээд ажил их бий. Мориныхоо хомоолоор хоолоо тааруулна шүү дээ. 2-3 цаг болоод идүүлдэг морь байхад 4-5 цагаар хооллодог ч байна. Ингээд уяа сойлго нь таараад ирэхээр гилбэлзээд л андашгүй. Өнгө ороод, гэдэс нь бөөрөнхийлж, үс нь  сортоод л ирнэ дээ.
-Хадам аавын тань айраг түрүү алддаггүй хурдан буянгууд танд ирсэн байх нь ээ?
-Миний хэд дээр хадам хөгшний унаган адуу болох хээр морь, хар азарга надад ирсэн. Тэр хар азарганы төлүүд хурдан байж олон жил их сайн давхисан. Хар азарганы төл хээр азарганы төлүүд голдуу хүрэн, хээр зүстэй төрөх бөгөөд их хурдан гээч. Нөгөө хээр нь хөгшинд байхдаа суманд нэг түрүүлсэн байсан юм. Надад ирээд 1977, 1978 онуудад аймагт 2 түрүүлж, дараа жил нь аман хүзүүдсэн. Миний өөрийн хээр азарга аймгийн наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн. 1970-1980 онуудад хээр азарга суманд 5 түрүүлж, 5 айрагдсан бол хээр морь суманд 3 түрүүлж, 3 аман хүзүүдэж, 6 айрагдсан. Би ер нь зургаан насанд морьдоо уядаг. 1976 онд 6 нас мордуулчихаад хээр азарга, хээр их насны морио түрүүлгэж, шүдлэн үрээ, даага хоёроо аман хүзүүдүүлж дөрвөн түрүүтэй харьж явлаа. Үнэхээр л уяач хүний баяр бахдалыг мэдрүүлсэн өдрүүдийн нэг байгаа юм. Нийтдээ аймгийн наадмаас 4 түрүү, 2 аман хүзүүтэй. Харин  сумын наадамд 1960-аад оноос хойш түрүү  алдаж үзээгүй ээ. Одоо ингээд бодохоор их насны морь л голдуу уядаг байж дээ. Нэг жилийн наадамд 4 их насны морио уяж, нэг нь түрүүлж, нэг нь айргийн 3-аар, нөгөөх нь 7, 9-өөр давхиж байсан.
-Та нэгдлийн адуу малладаг байв уу?
-Тиймээ, арваад жил нэгдлийн адуу малласан. Адуучин байхдаа нэгдлийн хар хээр азаргыг сумандаа түрүүлгэж, хүрэн морь аман хүзүүдүүлж байсан. Осор өвгөний буянд олон сайхан морьтой байсан. Сүүлд нэгдэл тарахад хувьчлалаар нарийн хүрэн морио авсан юм. Сумандаа нэг хоёр түрүүлгэж л байсан.
-Адууны наймаа хэр хийж байв даа?
-Хадам хөгшний үлдээсэн Тосонцэнгэл нутгийн унаган адуугаар уралддаг байлаа. Мэдээж бас гаднаас юм авалгүй яахав. Хэнтийгээс нэг халтар азарган үрээ, хар саарал гүү авчирч байлаа. Энэ халтар азаргандаа нутгийн гүү гишгүүлж хэдэн сайхан үрээ төрж, сумандаа нэлээд хэдэн удаа түрүүлгэсэн. 1995 онд аймгийн “Гурил тэжээлийн үйлдвэр”-ийн дарга Буянттай хамт Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Галшарын захаар очиж наймаа хийж байлаа. Тэгэхэд бид гурил тэжээлийн уяачдын адуунд азарга адуу тууж ирсэн юм. Ямартаа ч зорьсон ажлын маань үр дүнд гурил тэжээлийнхний адуу цус сайн сэлбэж одоо ч  хурдан байна.
-Таны залууд сумын наадам өтгөн болдог байв уу?
-Дээхэн чинь жил өнжиж нааддаг аймаг, сум байлаа. Манай аймгийн хувьд 7-р сарын 11-ний өдөр аймаг, сум ялгаагүй л наадна. Гэхдээ нэг өдөр болохоор аймагт очиж амжихгүй байх нь олонтаа. Харин одоо цувж хийдэг болсон нь уяачдад уясан морьдоо аймагтаа мордуулах сайхан боломж болж байгаа юм. Миний залууд сумын наадам өтгөн сайхан болно. Ер нь хүмүүс сумын наадамд дуртай байдаг шүү дээ. Эгэл атлаа цаанаа л сайхан сэтгэгдэл төрүүлдэг шиг байгаа юм. Сумын наадамд азарга гэхэд 40-50, их нас 70-80 заримдаа 90 дөхөж уралдана. Харин бага нас 20-30, заримдаа 50 дөхсөн байх нь ч бий. Одоо ч наадам олширч дуртайдаа өвөл зунгүй очоод л уралдчихдаг болж дээ. Манай сумынхан аймагт их очдог болсон. За бас Түнэл рүү их явдаг юм. Сүүлийн үед хараад байхад Хэнтий, Сүхбаатарын морьд дээгүүр их давхих болж. Энэ нь адууныхаа цусыг сайн сэлбэж байгаатай холбоотой байх. Гэвч сумнаас гайгүй давхидаг нь ховордоод л байх болж дээ.
-Тосонцэнгэлийн адуу ямар онцлогтой гэж та боддог вэ?
-Манай Тосонцэнгэлийн адуу бие бялдар сайтай, бяр ихтэй, бярдаж давхидаг, газрын холд түүртдэггүй гээд сайн тал их бий. Тосонцэнгэл чинь газрын гарц сайтай, хиаг, хагд ургамал их болохоор адуу нь сор өвс л иднэ дээ. Тэгээд уяж байгаа адуугаа харз уснаас усладаг болохоор тэр байх шүү.
-Одоо нийт хичнээн айраг, түрүүтэй болсон байна вэ?
-Аймаг, сумын нийлсэн 29 түрүү, 44 айрагтай болсон байна. Энд миний хээр азарга, хээр морины амжилт голлодог. 1960 хэдэн онд сумын аварга уяач цолыг, түүнээс 16 жилийн дараа аймгийн аварга уяач болж, 2005 онд аймгийн Алдарт уяач болсон. Гэхдээ одоо ч уяахаа больсоон. Би 5 банди, 2 охинтой. Эднээс отгон хүү  Даваадорж маань морь уядаг юм. Өнөө миний Хэнтийгээс авчирсан азарга, тэрний төлүүдийг хүү л уяж байна.
-Бас аймгийн Аварга малчин гэсэн байхаа?
-Тийм ээ, 1970-аад онд сумын аварга малчин, 1980-аад онд аймгийн аварга малчин болж байсан. Төлгөн суурь маллаж хэдэн жил дараалан ганц ч төлгийн хорогдолгүй он мэнд оруулсан хөдөлмөрөө ийнхүү үнэлүүлж байлаа. Энд сонирхуулахад нэгдэлд байхдаа хүндийн жингийн аварга, аймгийн хадлангийн аварга болж байлаа шүү дээ. Нэгдлийн үед сувай мал хариулж, таргалуулаад жин даруулдаг байсан. Тэгэхэд би эр хонийг 44 кг даруулж аймгийн хүндийн жингийн аварга болж байлаа. Нэгэн үе адуугаа болиод нэгдлийн сувай хонь малладаг байсан юм.
-Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.
-Биднийг зорин ирсэн “Тод магнай”-н хамт олондоо баярлалаа.


П.Ундраа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна