Хурдан сүрэг оюун ухааны бүтээл

Санжаадорж
2013 оны 5-р сарын 03 -нд

Монголын төрт ёсны түүхэнд уламжлагдан хэрэгжүүлж ирсэн үндэсний соёл бол эрийн гурван наадам бөгөөд түүний нэг томоохон бүрэлдэхүүн нь морин уралдаан юм. Наадам цэнгээн гэдэг нь тухайн үеийн удирдлага, төр засаг, нийгмийн үйл явцтай салшгүй холбоотой байсан болохоор хөгжлийн явц нь тэдгээрээс багагүй хамааралтайгаар явж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл ихэс дээдсийн дур сонирхол, бодлогоос хамаарч хөгжиж иржээ.
Амбан сэцэн Арт-Сэд 1820-иод онд долоон хошуу даншиг наадмын хурдан морины түрүү, айргийг дангаараа авч байснаас хойш, үе үеийн Сэцэн ханууд даншиг наадмын айраг, түрүүг тогтмол авдаг болжээ. Сэцэн хан аймагт Дарьгангын хошуунаас бусад, одоогийн Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг, Дорноговь, Төв аймгийн Хэнтийн аймагтай залгаа сумууд хамрагддаг байжээ. Сэцэн ханууд хурдан морийг үе уламжлан эрхэмлэн дээдлэж, хөгжүүлж ирсэнийг бас түүх нотолдог. Нэгэнт аймгийнхан хурдан морийг бишрэн шүтэж, бэлэг дэмбэрэл, ёс суртахууны эрхэм зүйл болгон дээдэлж, ард олноо баясгаж байсан болохоор түүний дэргэд байсан хошуу ноёд, хөренгө чинээлэг хүмүүс адууныхаа үржлийн ажил, хурдан морьтой болох асуудалд ихээхэн анхаарал тавих болжээ. Тэдгээрийн дотор Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав, Боржигон сэцэнван ноён Цэрэнсандив, далайван Гомбодорж, дайчин засгийн ноён Дашдондов, хөвчийн жонон вангийн Цэнд зайсан, Орлой мэргэн хутагтын албат ноён Совд, Самбуу гэлэн, хув Дагва гэх мэт ихэс дээдсүүдийн өрсөлдөөн нь морин эрдэнээ уяж хурдлуулах, өсгөж үржүүлэх ардын уламжлалт ухааныг уралдуулан хөгжүүлж, өндөр түвшинд хүргэж практик амьдралд биеллээ олсон нь хурдан хүлгийн өлгий болох үндэс суурийг тавьжээ.
1899 онд долоон хошуу даншигт анх азарга уралдахад Сэцэн ханы хээр азарга түрүүлж, саарал азарга айргийн тавд хурдалж, хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын мэнгэт халиун аман хүзүүдэж, хээр азарга нь дөрөвт хурдалсан нь айргийн дөрвөн азарга нь  Сэцэн хан аймгийнх байв. Сэцэн хан аймгаас азарганууд ингэж хурдлах болсон нь адууны хурдны удам бий болж, хадгалагдаж байсныг нотлох баримт юм. Хурдан морь судлаач А.Баярмагнай дүгнэхдээ “XXI зууны сүүлч гэхэд даншиг их наадмын хурдан морины уралдаанд Сэцэн хан аймгийн морьд  давамгайлах болж, эдүгээ хүртэл 180 гаруй жилд тэргүүлэх байр эзэлж ирлээ” гэжээ. Энэ дүгнэлт бол Их хурдны өлгий аймаг болохыг судалгаагаар нотолсон эрдэмтний үнэлгээ билээ.
Эдгээрийн дотроос харахад хардал жанжин бэйс М.Пүрэвжавын нөр их хөдөлмөрийн үр дүнд Галшар адуу бүрэлдэн буй болж, өнгөрөх зуунд болон өнөө үед ч Ар халхын монгол адууны хурдлах чадварыг сайжруулагч донор ген болсоор байна. Энэ бол М.Пүрэвжавын оюуны агуу бүтээл гэж хэлж болно. Галшар адуу оюуны бүтээл гэдгийг түүхэн баримтаас иш татан өгүүлбэл илүү ойлгомжтой байх болов уу.
1911 онд Сэцэнхан аймагт Богд хаан морилон заларч, намрын эхэн сард наадам хийжээ. Азарганы уралдаанд Сэцэнханы Мангал туслагчийн улаан азарга түрүүлж, хардэл бэйсийн эсгэл хээр 2-т, номин цэнхэр 3-т, зандан хүрэн 4-т, хоовон саарал 5-т, зул шарга 6-т тус тус хурдалсан байна. Үүнээс гадна оонон хар, хэнз халтар, огтор хонгор, цоохор хонгор гэх мэт хурдан хүлгүүд нэгэн үед байсан нь Пүрэвжав ноёны адууны үржлийн ажил зөв бодолгоор маш өндөр түвшинд явагдаж байсныг гэрчилнэ. Энэ нь азарга, гүүний тохироог мэддэг ардын уламжлалт аргыг сайн мэдэж, бас хөгжүүлж чадсанд гол нууц нь байсан болов уу. Адуу үржүүлгийнхээ нууцыг өөрийн хошууны цөөн уяачдын дунд хэрэгжүүлдэг байжээ гэж үзэх үндэслэл ч их байдаг. Хардал жанжин бэйс адууг хараад хурдан, хурдлахгүй, төлтэй, төлгүйг хүртэл хэлдэг байжээ. Нэгэн зун Өвгөн ноён бороо орж солонго татсаны дараа адуун дээрээр очиход хоёр хонгор унага гарсан байхыг үзээд "Энэ хонгор нь хурдан ч төл муутай азарга болно" гээд хул хонгор гэж хоч өгчээ. Нөгөө хонгор унаганд бор хонгор гэж нэрлээд "төл сайтай азарга болно" гэж хэлжээ. Өвгөн ноёны хэлсэн ёсоор Хулан хонгор нь олон түрүүлж, бор хонгор нь олон хурдан төл гаргажээ. Галшар адуу хаана олноор шилжиж суурьшиж байна тэндээс заавал хурд төрж байгаа нь үнэхээр оюуны бүтээлийн үр дүнгийн илрэл юм.
1940-өөд оны дайны жилүүдэд Галшар сумын малтай айлуудад цэргийн ангийн "Байшинтын дивиз”-эд аргал түлээ нийлүүлэх албан журмын ноогдол оноож байжээ. Албан журмын ноогдлыг хаахын тулд Сүхбаатар аймгийн Халзан, Асгат сумынханд адуугаа олноор нь тууж аваачиж, тэдгээр сумын иргэдээр ноогдлоо хаалгадаг байжээ. Түүний дагавар хаялга нь Асгат, Халзан сумын нэрийг өнөе үед хүчтэй гаргаад байгаа хурдан хүлгүүдийн эх үүсвэр тавигдсан гэдгийг үгүйсгэх аргагүй юм.
1970 оны үед Их уяачдын морины хүүхэд, адууны яваач байсан Галшар сумын Балдайн Санжаа гэдэг өвгөн уяач "Дашнэрэнгийн шарга азарганд Донойн Шагдарын хээр гүүг тавибал алтан цээжтэй, мөнгөн бөгстэй унага гарна даа" гэж хэлжээ. Адуучин Үдэрбад энэхүү үгийг сонсоод шарга азаргыг нэгдэлд хураагдаад ирэхээр нь тэр хээр гүүг хураалгавал нэг хүрэн унага гаргажээ. Энэ хүлэг соёолонгоосоо эхэлж Галшарт олон түрүүлж, "Нэгдэл хүрэн" гэж алдаршсан байдаг. Энэ нь монголчууд гүү, азарганы тохироог мэддэг увидас, арга аргачлал байсныг гэрчилнэ. Харамсалтай нь энэхүү оюуны чадамжийг өвөлж авсан хойч үе ховордсон бололтой. Товчоор хэлэхэд Их уяачийн маань азарга гүүний тохироог тааруулдаг, хурдан удам, угшлын адууг бий болгодог, хурдан адууг таньдаг зэрэг нь бидэнд нууц хэвээр үлджээ. Хардэл жанжин бэйс "Адууны угшил арван нэгэн үедээ хадгалагддаг" гэж хэлж байжээ. Тэрээр "манай адуу, миний азарга" гэж ярьдаггүй, адууныхаа овгийг азаргаар нь нэрлэдэг байсан нь угшлыг нь хадгалах нэгэн бодлого байсан бололтой. Үүнд: Оонон харын, хулан хонгорын, тонж ногооны гэх мэтээр нэрлэсэн нь өнөөг хүртэл ач холбогдлоо алдаагүй байгаа нь угшлын хадгалж ирсэн гол нууц нь байж болох юм. Сүүлийн үед уяачид маань адууных бус, эзний нэрээр нэршүүлэх хандлага ноёрхох болсон нь адууны угшлыг замхруулах нэг алхам гэлтэй билээ. Монголчууд буюу манай малчид монголд байгаа адууны үүлдэр угсааг монгол адуу, тоомсог адуу, эрлийз адуу гэж гурван янзаар ойлгож ирсэн, одоо ч ийм л ойлголттой явдаг. Монгол гүүг тоомсог азарганд хураалгаж гарсан төлийг эрлийз адуу гэсэн нь их тохиромжтой нэршил болсон санагддаг. Манай улс өнгөрсөн зууны дундуур "Жаргалантын морин заводод" цэргийн зориулалтаар том биетэй, бас тэсвэр хатуужил сайтай адуу бий болгох алхам хийх оролдлого хийгээд хаяжээ. Үүнээс улбаалан тухайн бүс нутагт монгол адуунаас өөр шинэ адууны цөм нэг хэсэгтээ байсан нь сүүлдээ Жаргалант адуу гэж нэрлэгдэх болжээ. Баруун, зүүн аймгаас гүү авчирч тоомсог азарганд хураалгаж байсан боловч галшар, тахийн угшилтай гүүнээс л хурдан адуу төрсөн байна. Тэгэхээр тойруулга адуу болон жаргалант адууны цус сайжруулагчаар мөн л галшар адуу байсан гэдэг нь аман яриа болон албан бүртгэлийн аль алинаар нотлогддог.
Улс орны гадаад харилцаа хөгжиж, хөрөнгө чинээтэй цөөн хүмүүс өндөр үнэтэй Араб үүлдрийн адуу оруулж ирж уралдуулах боллоо. Гадаад үүлдрийн энэ адуу эдэлгээ үзэж, эр суусан малчин айлын монгол адуу болтол нэлээд хугацаа хэрэгтэй байх. Гэхдээ монгол адууны ямар угшлын гүүг хураалгахаас эхлээд маш олон асуудлаас хамаарч цаашдын хувь заяа нь тодорхойлогдоно биз.
Ер нь өвгөд дээдсийн буй болгосон монгол хурдан адуугаа цэврээр нь үржүүлж, хурдан удам, угшлын адууг дариухан буй болгох түүхэн захиалга бидэнд ноогдож байх шиг санагддаг.
Дүгнэлт: Хурдан удмын сүрэг буй болгох нь эрдэмтэн хүний оюуны томоохон бүтээл болох нь монголчуудын бодит амьдрал дээр ч хүртэл нотлогдож байна. Харин хурдны угшил бий болгодог ардын уламжлалт аргын нууц тайлагдаагүй байгаа юм биш үү.


Намсрайцэрэнгийн Санжаадорж   

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна