МУ-ын начин агсан Ж.Чулуун: Цолны хишиг бол бууж өгөлгүй шударга барилдсаны үнэлгээ

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 18 -нд

Энэ удаагийн “Монгол бардамнал” буландаа Монгол улсын начин, Ерөнхийлөгчийн бөх Ж.Чулуун агсны ярилцлагыг хүргэж байна. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө манай “Гарьд магнай” булангийн зочноор уригдан сонирхолтой яриа өрнүүлсэн нь өдгөө түүхийн хуудсанд дурайн үлдсэн байх ажээ. Түүний нагац ах агуу Гомбо гэж нэлээд том биетэй, барилддаг хүн байсан гэдэг. Тиймдээ ч бөхийн удмаа даган хорхойсох болсон тэрээр 3,4-р ангиасаа л барилдаж эхэлсэн юм билээ.
-Дээхэн үед ХААИС-аас сайн бөхчүүл төрдөг байсан гэдэг. Та ч тэдний нэг шүү дээ?
-Миний ХААИС-д орсон түүх их сонин. 1973 онд манай Сүхбаатар аймагт ХААИС-ийг сурталчлах өдөрлөг болж улсын арслан Хайдав гуай тэргүүтэй хэсэг хүмүүс ирдэг юм байна. Өдөрлөгийн үеэр барилдаан болж, миний барилдааныг харсан тэр үеийн ХААИС-ийн захирал Жамъянжав гэж хүн “Чулууныг сургуульдаа авна” гээд надад урилга өгсөн юм. Ер нь Жамъянжав захирал ХААИС-д нэлээн олон бөх цуглуулсан даа. Өөрөө бөхөд их дуртай, энд тэнд явж байхдаа барилддаг хүүхдүүдийг цуглуулдаг байсан. Бөхөд элэгтэй сургууль байсан болохоор ч тэр үү, ХААИС-ийн үндэсний бөхийн баг их сайн байлаа. Биднийг оюутан байхад улсын арслан Сосорбарам багш дагуулаад Өмнөговь, Дундговь аймагт очиж барилдан аймгийн арслангуудтай гайгүй л үзчихдэг байсан. Улсын арслан Чойжилсүрэн, Хайдав арслан, Мөнгөн арслан, Амгаа заан, Мягмар заан, Ишгэн заан, Дүвчин заан, Сэрээтэр харцага гээд улсын цолтой олон бөхчүүд төрсөн сургууль. Аймгийн цолтой гэхэд аймгийн арслан Сэр-Од, Дашдамба гээд бүр олон байсан даа.
-Хичээл сургууль, бэлтгэлээ яаж зохицуулдаг байв даа. Ингэхэд ХААИС-ийг ямар мэргэжлээр төгссөн юм бэ?
- Би ХААИС-ийг мал зүйч мэргэжлээр төгссөн. Тэр үед самбо, жудогийн 2-р шигшээ баг гэж байсан юм. Тэгээд хичээл, сургуулийнхаа үндэсний бөхийн бэлтгэлийн хажуугаар 2-р шигшээ багийнхаа бэлтгэлд явна. Залуу байсан болохоор ямар ч байсан зохицуулаад аль алинд нь явдаг байсан даа. Энэ сургуулиас л миний барилдах суурь тавигдаж, цаашлаад улсын цолонд хүртлээ өссөн гэж боддог юм.
-Улсын наадамд хэдийнээс зодоглосон бэ?
-1973 оноос улсын наадамд зодоглосон. Тэр наадамд хоёр давчихаад, гурвын даваанд Галдандагва начинд өвдөг шороодсон санагдана. 1976 онд хоёр даваад, бас гурвын даваанд Ванчигцэрэн начинд унасан. 1978 онд Сосорбарам багшаар тав давж начин болсон.
-Мэдээж энэ барилдаан өөрийн шавиа улсын цолны босгоор алхуулсан, дэмжсэн барилдаан байсан болов уу?
-Тийм л дээ. Дөрөв давангуут багш маань намайг дэмжиж тавын даваанд амласан. Тэгээд “Сайн бөх болоорой” гээд элэг бүсээ тайлж билээ.
-Л.Сосорбарам арслан сайн бөхөөс гадна жинхэнэ монгол эр хүний үлгэр жишээ гэж хүмүүс ярьдаг. Тэгэхээр багшаасаа барилдах арга ухаан, мэхээс гадна тэр сайхан зан чанарыг нь ч өвлөв үү?
-Миний үндэсний бөхийн анхны багш бол улсын начин Дашдаваа гэж хүн байгаа. Дараа нь ХААИС-д ирээд улсын арслан Сосорбарамын шавь болсон. Дашдаваа багш, Сосорбарам багш хоёр их дөлгөөхөн, уур багатай улсууд. Ер нь би энэ хоёр багшийгаа уурлаж байхыг нь нэг ч удаа харж байгаагүй. Жинхэнэ монгол эр хүн гэж хэнийг хэлэх вэ гэвэл энэ хоёр багш маань л байгаа юм. Хүнд худлаа хэлэхгүй, илүү дутуу зангүй тийм л хүмүүс. Ийм сайхан хүмүүсийн шавь тэдэн шиг байдаггүй юмаа гэхэд айхтар хэг ёг гэсэн зангүй байх гэж боддог.
-Бөх удам дамждаг гэдэг. Таны удамд ноцолддог хүн байв уу?
-Манай ээжийн ах агуу Гомбо гэдэг нэлээд том биетэй, барилддаг хүн байсан юм билээ. Миний хувьд 3,4-р ангиасаа үндэсний бөхийн секцэнд явж эхэлсэн. 1967 онд Сүхбаатар аймгийн Түмэнцогтын 8-р ангид сурч байхад улсын начин Дашдаваа, Моломсамбуу гээд залуу бөхчүүд ирж барилдахыг хараад барилдах сонирхол улам нэмэгдсэн. 1969 оноос Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгаасаа шалгаран оролцож, 1972 онд идэрчүүдийн аварга болсон. 1973 онд идэрчүүдэд мөнгөн медаль авч, 1976 онд залуучуудын улсын аварга болж байлаа. 1977 онд залуучуудын аваргад улсын заан Р.Давааням түрүүлж, би хоёрт, Батбаяр начин гуравт орж байсан юм.
-Алдарт Буянтогтох аваргын нутгаас төрсөн улсын цолтой хэдэн бөх байдаг вэ?
-Дээр үед Сэцэн хаан аймаг гэж байад Сүхбаатараас улсын цолтой олон бөх төрж байсан юм билээ. Манай аймгаас улсын цолтой тав зургаан хүн байдаг. Хамгийн анхных нь Сүхбаатар сумын харьяат улсын начин Хайдав гэж настайвтар хүн бий. Би тэр хүнтэй уулзаж учирч бөхийн тухай сонсож байсан. Хуучнаар Баянтүрүү сум одоогийн Мөнххаан суманд аймгийн заан Данзандаржаа гэж хүн байсан. Миний араас Анхбаяр начин, Магалжав харцага гээд улсын цолтой бөхчүүд трөсөн. Бас улсын цолд хүрчих хэмжээний сайн барилдаж байгаа аймгийн арслангууд ч бий. Би одоо БХИС-д биеийн тамирын багшаар ажилладаг. Сургуульдаа үндэсний бөхийн секц хичээллүүлдэг юм. Сүүлийн үед манай сургуульд үндэсний бөхөөр цаашаа явчихаар сайн хүүхдүүд их орж ирж байгаа. Аймгийн арслан Ө.Бат-Орших миний секцнээс гарсан хүүхэд байгаа юм.
-Улсын начин цолоо хоёр удаа баталсан эрэмбээрээ “Гарьд магнай” буланд зочноор оролцож байгаа. Цолоо баталсан тэр барилдаануудыг эргээд дурсвал?
-1978 онд начин болж, 1979 онд ХААИС-ийг төгсөөд Сүхбаатар аймагтаа очсон. Тэндээсээ 1982 онд Улаанбаатар хотод ирж улсын аварга шалгаруулах тэмцээнд армийн нэрийн өмнөөс барилдаж, дараа нь ОУ-ын тэмцээнд орсон. Тэгээд офицер болсон юм. 1985 онд начин цолоо баталсны дараа Барилгын цэргийн Мөнхөө хурандаа, Жаргал генерал хоёр “Барилгачин” клуб гэж байгуулагдахад тэнд тамирчнаар орсон. Энэ клубт гарьд Баяраа, харцага Нармандах, начин Даваадалай, Батхуяг, Ганболд нар орсон. Тухайн үедээ Баяраа Батхуяг бид хэд улсын аваргаас нэг алт, хоёр мөнгө авч байсан. Сүүлд нь барилгачин клуб тараад 1994 онд Батлан хамгаалах сургуульд багшаар ирсэн. Эхний удаа 1985 онд Мягмар заанаар, 1990 онд Бадарч харцагаар гурав дахиа тав давж начин цолоо баталсан.
- Хэдэн жил бөхийн дэвээжээнээ зодоглож байна вэ?
- Би 16-тайгаасаа эхэлж барилдсан. Тэгээд бодохоор 30 гаран жил бөхийн дэвжээндээ зодог шуудгаа өмсөн гарсан байх юм. Одоо бодоход энэ хугацаанд ихэнх бөхчүүлтэй барилдсан байна. Харин сүүлийн үеийн залуучуудтай барилдаж үзээгүй.
- Таны барилдаж байсан үеийг одооныхтой харьцуулахад хэр ялгаатай санагддаг вэ?
-Бидний үед залуучуудын барилдаан гэж болдоггүй байсан. Бөхчүүд ч цөөхөн байсан. Тэгэхдээ долоо хоногтоо Спортын төв ордон, Хоршоололд хоёр гурван барилдаан болно. Одооны хүүхдүүдийн барилдааныг ажиглаж байхад биднийг бодвол нэлээн чангарсан эрчимтэй бэлтгэлтэй, сайн болсон шиг санагддаг. Байнгын бэлтгэл сургуулилттай, бөхийн сургуулийн оюутнууд их болсон байна шүү дээ. Тийм учраас үндэсний бөхийн барилдаан мэргэжлийн тал руугаа орчихсон. Өнөөдөр би барилдаж сурах уу, эсвэл наймаа хийх үү гэхэд бөхийг л сонгож байна. Барилдаан ч их болдог болж. Нэг хоёрын давааны барилдаан нь хүртэл сайн байна. Бидний үед 256 бөх барилдуулахад тоо хүрэхгүй нэг, хоёрын даваанд баахан цэргүүд ачиж авчраад барилдуулчихдаг байсан болохоор эхний даваанууд их амар байдаг байсан. Одоо тиймгүй болсон байна шүү дээ. Ер нь өмнөхөө бодвол барилдааны чанар сайжирсан гэж болно.
- Ахмад бөхчүүд ёс жудгийн талаар их ярьдаг. Харин та энэ талаар юу яриах вэ?
- Ёс жудгийн талаар яриад байх айхтар дутагдал байхгүй л дээ. Харин амжилтаар нь эрэмбэлэх тал дээр би эсрэг байр суурьтай байдаг. Амжилтаар нь эрэмбэлснээр яваандаа залуу үе ахмад бөхчүүлээ хүндлэхгүй болж магадгүй. Тиймээс эрэмбэ хуучнаараа байвал дээр юм болов уу гэж боддог. Нөгөө талаар эрэмбэлэх нь зөв ч юм шиг. Уламжлалаа бодохоор буруу ч юм шиг санагддаг. Дөрвьөн уулын тахилга барилдаанаар цол өгье гэж яригдаж байна. Үүнийг уламжлалаа бодоод наадмаар л өгсөн нь зөв.
- Үндэсний бөхийн холбооны явуулж байгаа үйл ажиллагааг сайшаасан хэсэг байхад шүүмжлэлтэй хандах ньч байдаг.
- Анх намайг улсын цол авч байхад аав, ээж хоёр маань л баярлаж сүйд болсноос сум, орон нутаг айхтар сүртэй угтаж авсныг би санадаггүй юм. Гэтэл одоо бөхчүүдийг нутаг орон, олон түмэн яаж хүлээж авч байгаа билээ. Бөх хүний алдар нэр ингэж өссөн нь Үндэсний бөхийн холбооны явуулж буй үйл ажиллагаатай холбоотой. Үндэсний бөхийн холбоо байгуулагдаад 10 гаруй жил боллоо. Аль болох үндэсний бөхийг зөв горимд нь оруулах гээд явж байна. Зарим нь ч зөв ч байдаг байх, зарим нь өрөөсгөл зүйл ч байдаг л байх. Гэхдээ өнөөдөр үндэсний бөх хөгжингүй боловсронгуй болсон байна. Миний бодлоор үндэсний бөхийн холбооны үйл ажиллагаанд нэг авууштай юм нь 45-аас дээш насны бөхчүүдэд цолны хишиг гэж олгох болсон явдал. Үүнийг залуучууд мэдмээр байгаа юм. Одоо барилдаж байгаа залуучууд аль болох олон шөвьгөрч цолоо ахиулаад байвал цолны хишиг төдий чинээ нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, шөвгөрсний тоогоор мөнгө нь ахиу ирдэг байхгүй юу. Энэ нь нэг ёсны нас ахиад ирэхийн цагт тэтгэвэр болж байгаа юм. Нөгөө талаар бууж өгөлгүй шударга барилдасны хишиг гэж би ойлгож байгаа. Цолны хишгийг улиралд нэг удаа өгдөг. Би улсад гурван удаа шөвгөрсний хишиг авдаг. Саяхнаас цолны хишгийг нэмсэн байна лээ.
- Нутагтаа очиж наадаж байна уу уу?
- Тиймээ. Нас дээр гарчихсан болохоор нутаг их санагдана. Бөхөө дээдэлдэг нутгийн олон маань намайг сайхан хүндэлж угтдаг юм. Нутаг гэдэг чинь хүнд нэг л олддог болохоор нутгаа л гэж явна шүү дээ.

Д.Энхтуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна