Улсын начин цолоо удаа дараа баталсан хүчит бөхчүүд

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 16 -нд

1. Шүүгч Шаравын Ванчин: Улсад дөрвөн удаа шөвгөрсөн МУ-ын өсөх идэр, улам нэмэх, үнэн хүчит начин Шаравын Ванчин 1925 онд алдарт бөхчүүдийн нутаг Хөвсгөл аймгийн  Цагаан-Үүр суманд төржээ. Түүний эцэг бага байхад нь хилс хэргээр эсэргүү гэгдэн хэлмэгдсэн аж. Ш.Ванчин 1949 онд цэргийн алба хааж байхдаа улсын начин цол хүртээд, Их сургуулийн хуулийн ангид суралцан хуульч болж бүх насаараа “шүүхийн хар” гэгдэж явсан ахмад сайн хуульчдын нэг байсан гэдэг. 1956 онд хоёр дахь удаагаа шөвгөрч начин цолоо батлаад, зургаагийн даваанд улсын арслан Г.Цоодолд унажээ.Гурван жил завсарлаад 1959 оны наадамд гурав дахиа шөвгөрсөн бөгөөд 1960 онд мөн тав давж, дөрөв шөвгөрсөн тухайн үед улсын начин цолтнуудаас хэний ч тогтоогоогүй байсан дээд амжилтыг тогтоосон ховорхон хүчтэнүүдийн нэг болсон юм. Олон жилийн турш амжилттай сайн барилдаж байсан тэрээр дөрөв, тавын даваанд голдуу тухайн үеийн хамгийн хүчтэй бөхчүүдэд  өвдөг шороодож байсан байдаг. Тухайлбал, 1961 онд тавд улсын арслан Б.Жамъяндоржид, 1964 онд Даян аварга С.Цэрэнд, 1965 онд дөрөвт Дархан аварга Х.Баянмөнхөд, 1971 онд Дархан аварга Д.Дамдинд тус тус унаж байжээ. Тэрээр нэлээд өндөр, хүрэн бор царайтай, хав барьцнаас гар ачих, тонгорох, суйлах зэрэг мэхүүдтэй бөх байсан.
2. Өвөрхангайн Тарагтын Н.Пансан: Хувьсгал ялснаас хойш төрөн гарсан улсын начин цолтнуудын хамгийн анхных гэж хэлж болох Навааны Пансан 1900 онд Сайн ноён хан аймаг, одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд төржээ. Тэрээр 1924 онд 674 хүчтэн зодоглосон цэргийн наадамд Арвайхээрийн Ц.Банди арслангаар тав давж, улсын начин цол хүртсэн гэдэг. Ардын хувьсгалын эхний жилүүдэд зохиогдож байсан цэргийн наадам бол одоогийн улсын наадам бөгөөд 1925 оноос улсын наадам гэж нэрлэгдэх болжээ. 1926 онд начин цолтой зодоглосон Пансан 640 бөхөөс тавын даваанд Жамба гэгч бөхийг даван начин цолоо батлаад, зургаагийн даваанд улсын заан Н.Думаад унасан байдаг. 1931 онд тав, зургаа давсан бөхчүүдийн дотор Өвөрхангайн Н.Пансан начин гэж орсноос үзэхэд тэр дор хаяж гурван удаа шөвгөрсөн бөх юм. Түүний түүх намтар маш муу судлагдсан байдаг. Тухайн цаг үедээ нэлээд чинээлэг нэгэн байсан бөгөөд тэртээ 30-аад онд нударган гэгдэн хэлмэгдсэний улмаас түүх намтар нь дахин сөхөгдөхгүй болтлоо бүдгэрсэн байж болох юм.
3. Санжидын Жамба:  Алдарт аварга Х.Буянтогтохын төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт 1918 онд төрсөн Санжидын Жамба нь улсад гурван удаа шөвгөрсөн манай шилдэг начингуудын нэг юм. 22 настай С.Жамба 1940 онд нутгийн наадамчдаа даган Улаанбаатарт ирж улсын наадамд анх удаагаа зодоглож, газар газрын олон сайхан бөхчүүдтэй гар зөрүүлэн хүчийг үзэхдээ шууд тав даван шөвгөрч, улсын начин цол хүртжээ. 1946 онд 71 настай Их монгол хэмээх даншгийн аварга  Х.Шаравжамц, Босоо хэмээх Г.Самдан аварга, Даян аварга, Буур хэмээх Н.Жамъян, залуу Аварга Түвдэндорж нарын үе үеийн шилдэг 1024 бөх барилджээ. Тэрээр энэ наадмын гурвын даваанд 1936 оны түрүү бөх, улсын арслан Т.Балсанг, дөрөвт 1937 оны түрүү бөх, улсын арслан Ш.Гилэгийг, тавд 1938 оны түрүү бөх, улсын арслан Б.Төрбат нарыг дараалан давж начин цолоо баталсан байна. 1951 онд гурав дахь удаагаа начин цолоо баталж, тав давжээ. Ийнхүү С.Жамба начин нь улсын наадамд ердөө таван удаа зодоглохдоо гурван удаа 5, нэг удаа 4 давсан бөгөөд Ц.Чимэд-Очир аваргад хоёр удаа унаагүй бол заан цолонд хүрчих хэмжээний бөх байсан байна.
4. Үнэн хүчит начин Ц.Гочоодорж: МУ-ын хурц шаламгай, үнэн хүчит начин Ц.Гочоодорж 1929 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн. 1953 онд тав давж улсын начин цолыг ид залуу 24 насандаа хүртсэн Ц.Гочоодорж зургаагийн даваанд хурц арслан Ц.Бадамсэрээжидэд өвдөг шороодсон бол 1954 онд тав давж хоёр дахиа улсад шөвгөрчээ. 1955 онд зодоглоогүй ч дараа жил нь гурав дахь удаагаа шөвгөрч, сайн бөх болохоо харуулсан байдаг. Тэрээр энэ наадмын гуравт Увс аймгийн харьяат Ёндонг, дөрөвт улсын начин Найданг, тавд улсын начин Хөхөөг өвдөг шороодуулаад Хөвсгөл аймгийн харьяат, хурц арслан Ц.Бадамсэрээжидэд хоёр дахь удаагаа зургаагийн даваанд унажээ. Нуруугаар намхан, жижиг боловч цээж, мөр өргөн томтой, хоёр шуундаа их бяртай, өмсөх, зайлж тонгорох, гар дунгуй мэхийг сайн хийдэг байсан тухай нь начин Нагнайдорж дурссан байдаг.
5. Анчин А.Нагнайдорж: Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1933 онд төрсөн Адилбишийн Нагнайдорж тус сумаас төрсөн гурван хүчтэн /улсын арслан Чимид, улсын начин Ц.Гочоодорж/-ий нэг юм. 1954,1955,1956 онд улсын наадамд зодоглож цолонд хүрч чадаагүй ч 24 настай А.Нагнайдорж 1957 оны наадамд тав давж, улсын цолтны эгнээнд багтсан байдаг. Тэрээр улсын арслан Ж.Чойжилсүрэнг залуу бөх байхад нь давж начны босгоор алхсан юм. 1958 онд улсын наадамд ирэлгүй гурван сумын наадамд түрүүлж, сумын наадмын түрүүг түүх их аянаа эхэлсэн байна. Тэрээр барилдаж байсан он жилүүддээ өөрийн суманд 21, бусад сумын наадамд 5-6 түрүүг авсан байдаг. Нэг ёсондоо сумын наадамд түрүүлсэн амжилтаараа үнэмлэхүй дээд амжилт тогтоосон бөх юм. 1959 онд улсад зодоглон начин цолоо батлан “бат хүчит” цолыг хүртсэн бөгөөд 1960 онд тав давж гурав дахь удаагаа шөвгөрөөд “өсөх идэр” чимэг авчээ. 1983 онд 50 настай А.Нагнайдорж хамгийн сүүлчийн удаагаа улсад барилдаж гурав даваад, дөрөвт Дархан аварга Ж.Мөнхбатад өвдөг шороодсон. Улсын наадамд 12 удаа зодоглохдоо Аварга Ч.Бээжин, Ж.Мөнхбат, Арслан Г.Дэмүүл, Л.Сосорбарам нарын 3 аварга, 4 арслан, 4 заан, нэг начинд унаснаас харахад аргагүй сайн бөх байсныг гэрчилдэг. Нуруугаар дунд зэрэг буюу 175 см өндөр, 100 орчим кг жинтэй, хүрлийсэн царай, яралзсан цагаан шүдтэй, бүдүүн булчинлаг шилбэтэй нэгэн байжээ. Бүдүүн булчинлаг хөлөөрөө хөл мэх сайн хийдэг байсан тул тухайн үеийн бөхчүүдийн дунд “төмөр хөлт” хэмээх хочийг авсан гэдэг. А.Нагнайдорж начин шаггүй анчин бөгөөд чонын авд бүр ч одтой, зарим үед сум, багийнхаа чонын арьсны төлөвлөгөөг ганцаараа биелүүлж явсан удаатай.

Д.Энхтуяа

 

 

 

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна