Хутаг суусан адуу

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 12 -нд

Хуучнаар Халхын Засагт Хан аймгийн ар таван Хотгойдын хошууны нэг болох Ахай бэйлийн хошууны нутаг орчмоор нутаглах ах дүү хоёр эрдэмт уяачид байж. Нэгэн сайн морийг харь хошуунаас дүү нь худалдан авчирч уяхаар болжээ. Тэгтэл морь сунгаанд сайхан давхидаг боловч их наадам юм уу овоо тахилга мэтийн наадамд ер ахиж өгөхгүй байж. Тэгэхлээр нь дүү ахдаа үзүүлжээ. Ах нь өнөөх морийг хараад “хутаг суусан морь байна. Чи наад мориныхоо үүдэн шүдийг нь татаад үз. Сэтэрсэн л байгаа” гэхэд үзэхэд тийм байсан бөгөөд улам лавлан асуухад “энэ морийг нь эзэн хүн тааруухан айлын гэрийн буурь голомтны үнс гишгүүлсэн  юм байна”  гэсэн гэдэг
Домгийн тухай тэмдэглэх нь: Эл хууч ярианы эзэн баатар нь Барав хиа гэж хүн болов уу хэмээн тааварлаж байна. Барав хиа гэж эрдэмт их уяачийн тухай бидний ахмад үеийнхэн ярьдаг байсан хэдий ч түүхийн үүднээс судлах нь зүйтэй байхаа. Барав хиаг  Ахай бэйлийн хошуу буюу одоогийн Хөвсгөлийн хүн гэлцдэг.  Дээрх домогт Ахай бэйлийн гэж баттай хэлж байгаагийн үндэслэл гэвэл монгол нутагт түгээмэл байдаг хурдан хурц хүлэг морьдын тухай домог хууч ярианд тохиолдол болгон өөр нэгэн ижил хувилбар  бараг байхгүй байгаа юм. Гэсэн хэдий ч хууч яриа нь цагийн саатанд хуучран домгийн шинж чанартай болох нь байдаг зүйл юм.Домгийн утга агуулга нь энэ цагийн уяачдад хурдан хурц хүлэг морьд ямар эмзэг мэдрэмтгий байдаг гэдгийг сургамжилсан байна. Миний бие нас их бага байхдаа эл домгуудыг тэмдэглэн авсан бөгөөд  домгийн түүхэн үндэсийг ахмад үеийнхнээс тодруулах  санааг өвөрлөж явдаг юм. 

"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна