Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах талаар хэн юу ярив

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 08 -нд

Сүүлийн үед хурцаар яригдаж байгаа унаач хүүхдийн асуудлаар УИХ-ын гишүүн, соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Жавзанхүү, Хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбооны ерөнхийлөгч Чулуунбаатар, Монголын Морин спорт уяачдын холбооны ажлын албаны дарга Я.Болдбаатар, Монголын Морин спорт уяачдын холбооны зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай, Био анагаах судлаач, морь сонирхогч Г.Дүүрэнбилэг, МУ-ын Манлай уяач Ц.Цэнд-Аюуш нарын хүмүүс “Монгол ТВ”-ийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өрнүүлсэн юм. 
Хөтлөгч: Морь унаач хүүхдүүдийн цалин хөлс, нийгмйн асуудалд уяач нар хэр зэрэг анхаарал хандуулж ажилладаг вэ?
МУ-ын Манлай уяач Цэнд-Аюуш
: Унаач хүүхэд цалин авдаг болоод олон жил болж байна. Урьд өмнөхтэй адил хичээлийн хэрэглэл, хуцас авч өгдөг ойлголт одоо байхгүй. Унаач хүүхдийнхээ хөдөлмөрйг бид үнэлдэг. Морио унуулж байгаа морины эзэн цалин хөлсийг нь өгдөг. Манай уяаны тухайд гэхэд шинээр унаж сурч байгаа хүүхэд 100 мянган төгрөгийн цалин тогтмол авдаг. Дээшлээд унаад ирэхээрээ 200 мянган төгрөгийн цалин авдаг.  Манай галд 8-10 хүүхэд,  зундаа 12 хүүхэд морь унана. Тогтмол авдаг цалингаас гадна “Улсын баяр наадмын тухай” хуулинд заасны дагуу бай шагналын 20 хувийг бас авна. Мэдээж унаач хүүхдийнхээ ар гэрт тусладаг.
Хөтлөгч: Жилд 40 орчим мянган хүүхэд морь унаж байна. Монголд 60 мянга орчим уяач байна гэсэн судалгаа бий. Хүүхдүүдийн нийгмйн асуудал, аюулгүй байдлын талаар ММСУХ-ны байр суурийг  сонирхмоор байна?
ММСУХ-ны ажлын албаны дарга Я.Болдбаатар:
Тухайн жилд ММСУХ нь МУ-ын Засгийн газрын тогтоолтой хавар, зуны бүсийн уралдааныг зохион байгуулдаг. Гурван жилд нэг удаа “Их хурд” уралдааныг мөн зохион байгуулдаг. Тухайн жилд аймг, сумдын засаг даргын захирамжаар аймаг суманд хавар, зуны уралдаанууд болдог. Улсын наадам буюу төрийн наадмыг МУ-ын төр өөрөө зохион байгуулдаг. ММСУХ тэр зохион байгуулалтанд оролцдоггүй. Энэ наадамд ММСУХ албан ёсоор уяачдаа бүртгэж байгаа. Энэ бүртгэл судалгааны хүрээнд  МУ-ын хэмжээнд 60-70 мянган уяач байна гэсэн тоо байдаг. МУ-ын 21 аймаг, 330-н хэдэн суманд болж байгаа улсын баяр наадам, хавар зуны бүсийн уралдаанууд дээр 40 орчим мянган хүүхэд морь унаж байна гэсэн тооцоо судалгааг гаргасан байна.  Олон нийтэд ийм хоёр ойлголт явдаг. Бүсийн уралдаан гэдэг бол зөвхөн хурдан морины уралдааныг хэлж байгаа, харин улсын баяр наадмаар эрийн гурван наадмын төрөл бүгд оролцоно. Сүүлийн 5 жил би энэ албыг хашиж байна. ММСУХ бооцоот уралдааныг явуулдаггүй, татгалздаг. Харин бусад захирамж, шийдвэртэй хавар, зуны бүсийн уралдааныг зохион байгуулан явуулдаг. Намрын дунд сарын 17-ноос дараа хаврын шинийн 3 хүртэлх хугацаанд морь уралдуулахыг хориглосон байдаг. Цагаан сар болоод шинийн 3-наас хойш уралдаанууд явагддаг. Сүүлийн 3 жил “Дүнжингарав” гэж МУ-ын Засгийн газрын тогтоолтой уралдаан болохоос өмнөх долоо хоногоос дараа долоо хоногийн хооронд аймаг, сумдын уралдаанууд болоод байгаа. Энэ хаврын уралдаанууд дээр хүүхдийн эрх зөрчигдөж байна, зам халтиргаатай байна, хүүхэд мориноос унаж байна гэсэн асуудал сүүлийн үед яригдаад эхэллээ. ММСУХ зохион байгуулж байгаа уралдаанууд дээрээ хүүхдийн эрхийг зөрчихгүй гэдэг үзэл баримтлалыг номер нэг болгон ажилладаг. Тэр уралдаж байгаа замыг хуссан, цэвэрлэж чөлөөлсөн, стандарт тогтоосон байх ёстой. Дээрээс нь МУ-ын Засгийн газраас баталж өгсөн стандартын хамгаалалтын хувцсыг өмсүүлэх ёстой. Манай ММСУХ “Хүүхдийн төлөө” газартай хамтран хүүхдийн хамгаалалтын хувцасны стандартыг батлуулаад, өмсүүлж байгаа. Хаана хүүхдийн эрх зөрчигдөж байна вэ гэхээр зохион байгуулалтгүй уралдаанууд дээр, аймаг, сумын сайн дурын уралдаанууд дээр, тухайн аймаг, сумын Засаг даргын шийдвэр захирамжгүй, хүмүүсийн өөрсдөө санаачлан хийж байгаа уралдаанууд дээр хүүхдийн эрхийг зөрчих асуудал гарч байна.
Хөтлөгч: Би нэг зүйлийг хэлэх гээд байна. Манлай уяач өөрийнхөө хэмжээнд унаач хүүхдийг 100-200 мянган төгрөгөөр цалинжуулдаг гэлээ. МУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140,400 төгрөгт хүрэхгүй байгаа юм биш үү. Морь унана гэдэг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт орох уу, үгүй юу?
ММСУХ-ны ажлын албаны дарга Я.Болдбаатар:
Манлай уяач морь унаж сурч байгаа хүүхэд 100 мянга гээд хэлсэн. Тэр бол уралдаанд оролцохгүй, дадлага хийж байгаа, сургаж байгаа хүүхэд. Яг уралдаанд оролцдог хүүхэд өөр цалинтай, дээрээс нь бай шагналынхаа 20%-ийг авна. Бусад сайн дурын урамшил шагналууд бас байна. Монголын хурдан морины ертөнцөд байгаа олон хүн унаач хүүхдүүдээ морь унуулж байгаад цаашдаа сургууль соёлд оруулж, ажилтай болгоод явж байгаа олон жишээ бий. Бас нөгөө талаар хурдан морь унаач хүүхдээ төдийлөн анхаарч чадахгүй уяач ч бий. Энэ бол амьдрал сайнтай, муутай байдаг учраас тэр.
Хөтлөгч: Морь унана гэдэг бол хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт орох уу, үгүй юу?
Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Жавзанхүү:
Хүүхдийн төлөө үндэсний газрын зүгээс энэ удаагийн “Нүүдэл, шийдэл” ярилцлагын хүрээнд их олон талын төлөөллийг урьж оролцуулан, бидний санаа оноо, байр суурийг олон нийтэд хүргэж байгаа та бүгдэд талархаж байна. Хурдан мориын уралдааны хүрээнд хүүхдийн эрх зөрчигдөж байна уу гэж асуулаа. Хүүхдийн төлөө үндэсний газар хурдан морины уралдаан гэдэг юу юм бэ, ер нь хүүхдүүд ямар харилцаанд оролцоод байна вэ гэдгийг илүү их харж байгаа юм. Уралдаан зөвхөн 1-2 өдөр болдог юм уу, эсвэл бүтэн жилийн процесс болчихоод байгаа юм уу гээд. Хүүхдийн төлөө үндэсний газрын 7 хоногийн өмнө нөхцөл байдлын үнэлгээ хийгээд гаргасан дүгнэлтэн дээр тулгуурлаад “хурдан морь унах буюу морины ажилд оролцож байгаа хүүхэд бол хүнд тэвчишгүй хэлбэрийн, бүр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх нөхцөл байдал үүсчихжээ” гэж харж байгаа. Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 182-р конвенцийн дагуу, хуучин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын гаргасан хүүхэд ажиллуулахыг хориглосон “Хүүхдийн хүнд, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийн жагсаалтанд бол одоохондоо ороогүй байгаа. Гэхдээ бид нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байна, хөдөлмөрийн мөлжлөгө тал руугаа явж байна. Энийг яагаад ингэж хэлж байна вэ гэхээр Хурдан морь унах нэрийдлээр амьжиргааны түвшин доогуур буюу орлого багатай, эсвэл өрхийн орлогоо ямар нэгэн байдлаар нэмэгдүүлье гэсэн эцэг эхчүүд хүүхдээ морь унах насны хүүхдүүдээ морь унуулахаар уяач руу эзэн рүү ийш, тийш нь явуулдаг. Эзэнтэй ямар нэгэн байдлаар тохироо хийгээд хүүхдээ өгдөг. Тохироо хийхдээ дэнчин тавьж, 600 мянгаас сая гаруй төгрөгөөр хүүхдээ өгөөд, сар бүр тогтмол цалин амладаг. Дээрээс нь уралдааны бай шагнал гэж дээрээс нь юм ороод ирэхээр энэ бол хүүхдийг хичээлээс нь илүү татах сонирхлыг нь өдөөчихөж байгаа юм. Тухайн өрх, эцэг эх өрхийн орлогоо нэмэгдүүлэх нөхцөл боломж болгож харах нөхцөл байдлыг үүсгээд байна. Энэ олон биш байж болно, энэ уяач /Цэнд-Аюуш руу зааж/-д байхгүй байж болно. Гэтэл тодорхой хэмжээгээр бидний амьдралд үүсчихсэн, нийтлэг болчихсон байна. Энэ бараг бүх л аймгаас Улаанбаатар руу хүүхдээ ингэж өгөөд явуулчихсан эцэг эх орон нутгуудад сууж байна. Дээрээс нь хүүхдээ явуулчихаад хэсэг байж байгаад чадахаа байгаад араас нь шилжиж ирж байгаа өрхүүд байна. Тэгэхээр хурдан морь унуулах нэрийдлээр хурдан морины ажилд хүүхдээ явуулж байгаа өрхүүд ийм хандлага үүсгэж болохгүй. Ийм өрхүүдийг орон нутгийн захиргаанаас арай өөр өнцгөөс нь харах ёстой. Үнэхээр өрхийн орлого бага байгаа бол тэр айлын орлогыг нэмэгдүүлэх өөр арга хэмжээ авах ёстой. Энэ үзэгдэл хүүхдийн эрхийг зөрчиж байна. Эцэг эх, уяач эзэнтэй дэнчин тавьж хүүхдээ яагаад өгөөд явуулж байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Хэрэв эцэг эх зөвшөөрөхгүй бол уяач эзэн тэр хүүхдийг авч явж чадахгүй ш дээ. Нөгөө талаас дотуур байранд амьдардаг, халамжийн төвүүдэд байрладаг хүүхдүүдийг илүү их сонирхдог юм байна. Биеэр бага байна уу, сэргэлэн цовоо байна уу, эрүүл байна уу, ар гэрт нь ээж аав хайхрах эзэн байна уу, харуулдах хүн хар хэн байна, байгууллага юу байна гэж их л хяналттай хардаг. Энэ өөрөө дахиад л хүүхдийн эрхийг зөрчиж байна. Энэ хүрээнд нэг биш хүүхдүүд морины ажил руу явсан байна. Халамжийн байр, дотуур байр, эсвэл айлын хашаанд жижиг гэртэй амьдардаг хүүхдүүдийг нэг бус удаагийн уралдаанд авч явах сонирхол байдаг юм байна.
Хөтлөгч: Манлай уяачаас сонирхоё л доо. Үнэхээр тийм уяач нар байна уу?
МУ-ын Манлай уяач Ц.Цэнд-Аюуш:
Би мэдэхгүй байна. Үнэхээр хүүхдээ 600 мянгаас сая төгрөгний  барьцаа аваад явуулж байгааг би мэдэхгүй. Хүүхэд өөрөө дургүй байхад бид хэзээ ч морь унуулдаггүй. Хүүхэд өөрөө хүлээн зөвшөөрч байж унана уу гэхээс эцэг эхэд нь мөнгө өгч унуулдагийг би ёстой мэдэхгүй.
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга Жавзанхүү: Уучлаарай би хариултаа гүйцээчихье. Энэ өгч байгаа мэдээллийг Хүүхдийн төлөө үндэсний газар долоо хоногийн өмнө 80 шахуу хүүхэдтэй хийсэн хэлэлцүүлгийн хүрээнд гаргаж ирсэн дүгнэлт үндэслэл дээр баримтуудыг хэлж байгаа юм. Нөгөө талаар хүүхдийн эрхийг зөрчиж байгаа хамгийн гол ноцтой юм бол хүүхдийн сурч, хөгжих, боловсрох эрх зөрчигдөж байна. Хурдан морины хүүхэд чөлөө авахад 2-14 хоногоор авдаг, уралдаан болдоггүй сар гэж бараг байхгүй гэж байгаа юм. Нөгөө талаас эрүүл мэндийнх нь хувьд маш их асуудал үүсч байна. Хурдан морины хүүхэд өөрөө хөнгөн шингэн, биеэр жижиг бага байх ёстой юм байна. Тэгэхээр тэр хүүхэд ямар нэгэн байдлаар хоол ундны дэглэмд ордог. Ялангуяа уралдааны өмнөх, уралдаан дөхсөн, уралдааны өдрүүдэд тодорхой дэглэмд орчихдог. Ялангуяа уралдааны өдрүүдэд хоол унд идэхгүй, ихдээ л гурван балга ус, жижигхэн ам хөдөлгөх дайны юм иддэг гэж байгаа юм. Энэ бол хүүхдүүдийн өгч байгаа мэдээлэл. Иймээс хурдан морины уралдаан болон уралдааны өмнөх бэлтгэл ажилтай холбогдуулан хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байна гэж Хүүхдийн төлөө үндэсний газар үзэж байгаа юм.
Хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбооны ерөнхийлөгч Чулуунбаатар: Манай хүүхдийн төлөө газар маш сайхан судалгаа хийж хурдан морины хүүхдийн эрүүл мэндийн талаар их ахиц гаргасан байна. Жавзанхүү даргын хэлж байгаа бол үнэн. Би нэмж юу хэлэх гэж байна вэ гэхээр хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа юм. Зөвхөн хурдан морийг унаад 30 км газар давхид ирэх асуудал ярьж байгаа юм биш. Морь унаач хүүхэд морь уяаны бүх л ажилд оролцдог. Насанд хүрсэн хүн 100 мянган төгрөгөөр ийм ажил хийхгүй. Улсын баяр наадамд гэхэд нэг хүүхэд нэг насны морь унаж ирээд хоолоо идээд байж байна уу гэвэл үгүй. Доод тал нь 2, бүр 3, 4, 5 насны морь унадаг. Буугаад ирэхэд нь гайгүй уяач бол нэг тэвэрч үнсээд хүйтэн юм залгиулаад эргээд дараагийн моринд мордуулаад явуулж байгаа. Ингэхээр хүүхдийн хөдөлмөрийн хөлс хуулинд заасан хөдөлмөрийн хөлснөөс доогуур байгаа нь нэг асуудал. Хоёрдугаарт хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа хэлбэр. Бас нэг асуудал бол сүүлийн 3 жилд 800-гаад хүүхэд  мориноос болж бэртэн, гэмтэл согогийн эмнэлэгт хүргүүлсэн байна. Хаврын их жавар дундуур хурдан морь унаснаас болж ангинатай болж байна. Хамар ам хөлдөх, хацар хайрагдах, унаад гар булгарах асуудал бол ердийн асуудал болсон. Тэгэхээр энэ асуудалд хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж үзэхээс өөр аргагүй.
Морь сонирхогч Г.Дүүрэнбилэг: Нийгэмд иймэрхүү буруу ойлголт яваад байгаа юм. Хүүхэд уралдаад орж ирэхэд балга ус өгөөд дахиад явуулдаг,  ядуу айлын хүүхдүүдийг хамж морь унуулдаг гэж. Энд том уламжлал явж байгаа юм. Морь унах дургүй хүүхэд хэзээ ч морийг давхиулж чадахгүй. Тийм хүүхдээр уяачид морио унуулахгүй. Тэгэхээр асрамжийн газрын хүүхдэд мөнгө амлаад ч юм уу, эцэг эхэд нь мөнгө өгөөд  морь унууллаа ч хүүхэд дургүй бол морь явахгүй. Нөгөө талаар нийгэмд бас нэг сөрөг хандлага байна. Морь уядаг баячууд, ядуучуудын хүүхдээр морио унуулдаг гэж. МУ нийтдээ 60-70 мянган уяачтай, давхардсан тоогоор 100 гаруй мянган морь уралдаж, 40 мянган хүүхэд жилдээ морь унадаг. Тэгвэл баян гээд байгаа хүмүүс энэ 60 мянган уяачдын хэдэн хувийг эзлэх вэ? Асрамжийн газрын эсвэл ядуу айлын хүүхдүүд 40 мянган унаачийн хэдэн хувийг эзлэх вэ гэж бодох хэрэгтэй. Үнэхээр асрамжийн газрын хүүхдүүдийг унуулж байгаа нь үнэн юм уу, байгаа бол гаргаад ир л дээ. 
Хөтлөгч: Бид Хан-Уул дүүргийн 14-р хороо буюу Өлзийт хороололд очиж “Гэрэлт ирээдүй”  асрамжийн газрын хүүхдүүд болон уяач нарынд байгаа унаач хүүхдүүдтэй уулзсан. “Гэрэлт ирээдүй” асрамжийн газарт бүтэн болон хагас өнчин хүүхдүүд байдаг юм билээ. Ингээд бичлэгээ үзье. /Бичлэг үзүүлэв/
Асрамжийн газрын 1-р хүүхэд:
Долоон настайгаасаа эхэлж морь унасан. 300 мянган төгрөгийн цалин өгдөг.
Асрамжийн газрын 2-р хүүхэд: Бараг 2 настайгаасаа морь унаж сурсан. Цалин 150 мянган төгрөг авдаг.
Өлзийт хорооллын 3-р хүүхэд: Манай ангийн Ганаа мориноос чирэгдээд, шөрмөс нь татаад эмнэлэгт хэвтэж байсан.
Өлзийт хорооллын 4-р хүүхэд: Хурдан морь унаж уралдаанд ороход даатгалд хамаарагддаг. Улс бүсийн наадмуудад ороход дандаа даатгалд бүртгүүлж байсан. Зарим аймаг, сумдад очиж уралдахад замаа хусаагүй байдаг, зам халтиргаатай байвал морь бүдрэнэ, ойчино. Тэрнээс болж аваарт ордог.
ХУД-ын 14-р хорооны их эмч Сайханцэцэг: Манай Өлзийт хороолол хурдан морь унадаг хүүхдүүд ихтэй. Бэртэл гэмтэл ихтэй. Энэ хүүхдүүдийн цаадах нийгмийн асуудлыг хөндөх хэрэгтэй. Цаад боссууд нь дарамталдаг, уяач нар нь зоддог ч гэдэг юм уу. Толгой, духаа цөмөлчихсөн, гар хуруу нь хөлдчихсөн хүүхдүүд орж ирэх нь бий. 
ХУД-ын 14-р хорооны засаг дарга Батсуурь: Манай хороо Монголын морин спортын гол хүмүүсийн төвлөрөл болсон хороо л доо. Ер нь унаач хүүхдүүдийн асуудлыг хамгийн нэгдүгээрт тавихаас өөр арга байхгүй. Унаач хүүхдүүдийн даатгалыг нь нэмэх, хангалттай даатгалд хамруулах хэрэгтэй гэж би боддог. Яагаад гэвэл хүүхдийн эрүүл мэнд хамгийн чухал. Хүүхэд цаашаа өсөж торних ёстой. Би хүнд хэцүү дарамтанд байгаа учраас юм ярьж чадахгүй байна гэдэг дээр би санал нийлэхгүй. Хүүхэд гэнэн цайлган, сайхан амьтан, тийм учраас хүүхэд юмыг хадгалж нууж чадахгүй шууд хэлнэ. Хөндлөнгийн хүний дарамтанд хүүхэд үг хэлж чадахгүй хэцүү байдалд байгаа гэдэг дээр би санал нийлэхгүй байна. Харин өөрийн дуртай зүйлээ хийж чадахгүй болчихвий, дахиад морь унаж чадахгүй болчихвий, өөрийнхөө эрх ашгийг хадгалаад байх үүднээс томчуудын хэлж өгсөн юмыг ярьж байж магадгүй.
Хөтлөгч: Манай сэтгүүлчийн асуултанд хүүхдүүд сайн хариулж өгөхгүй, бүгд нэг ижил зүйлийг давтан яриад байсан. Тэгэхээр магадгүй уяач нар очиж үг зааж өгсөн байхыг үгүйсгэхгүй гэж манай сэтгүүлч хэлж байсан. Тэгэхээр эндээс харахад асрамжийн газраас морь унадаг хүүхдүүд бол байна.
МУ-ын Манлай уяач Ц.Цэнд-Аюуш:
Би Өлзийт хороололд асрамжийн газар байдгийг одоо л мэдлээ.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Өнөөдөр унаач хүүхдүүдийн асуудлаар ярих болсныг цаг үе шаардаж байна. Морин уралдаан маань уламжлал дээр суурилагдсан. Яагаад өнөөдөр уяачид, морины эзэд өөрсдийн хүүхдээр унуулдаггүй юм бэ. Тэдний хүүхдүүд их дээд сургуульд сураад сайхан явж байна. Дүүрэнбилэг гэж энэ залуугийн хэлж байгаатай би санал нийлэхгүй байна. Нийгмийн эмзэг давхаргын хүмүүс л энд өртөж байна. Хөдөө орон нутагт мал дээр өссөн хүмүүс зуд турханаас болоод малгүй болж малаасаа холдож байна. Амьдралынхаа нөхцөл бололцооноосоо хамаарч хүүхдүүдээ морь унуулах, мөнгө олох шаардлага бий болсон байх гэж бодож байна. Энэ байдлыг уяач эзэд хүлээн зөвшөөрчихсөн байна. Уяачдад таатай орчин бий болчихсон, хүүхдүүд өөрсөддөө тулгарсан асуудлаа яръя хэлье гэхээр магадгүй дараа нь морь унуулахгүй, авч байгаа цалин нь олгогдохгүй болчихвий гэж эмээж байгаа. Манлай уяач маань 100-200 мянган төгрөг өгдөг гэж байна. Ингэж цалин өгдөггүй хүмүүс бас байгаа, бүр их мөнгө өгдөг нь ч байгаа. Өнөөдөр унаач хүүхдүүдийн сурч боловсрох, эрүүл мэндийн баталгаа байхгүй болчихоод байгаа байхгүй юу. Сургууль завсардалт ч энд явагдаж байгаа. Уяачид угшил сайтай морьдоо магтдаг мөртлөө унаач хүүхдээ магтаж алдаршуулж хүмүүст таниулж байгаа хүн байхгүй. Хэдэн жилийн өмнө Хэнтий аймгийн нэг хүн надад хандаж байсан. Гурван хүүтэй тэр хүн Өлзийт хороололд морь унуулдаг байгаад хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод нутаг руугаа аваад буцаж байна гэсэн. Тэр яасан гэхээр түрүүн Жавзанхүү дарга хэллээ. Хүүхдүүдийг жин багатай байлгах сонирхол байдаг юм байна. Тэрнээсээ үүдээд хүүхдүүдэд тариа тарьдаг ч тохиолдол гарч байсан. Энэ мэт ноцтой зүйлүүд олон байдаг юм байна лээ. Тэгэхээр морио өндөр үнэтэй даатгуулдаг хэрнээ хүүхдээ бага үнээр даатгуулдаг. Мориндоо сайн чанарын тэжээл дусал, эм тариа тарьдаг хэрнээ хүүхдийн эрүүл мэндэд анхаардаггүй. Түвдээс Богд хааныг залж ирж байх үед тэр хүн хүүхдийг аваар осолгүй байлгах үүднээс тарни хэлж байсан түүхтэй юм билээ. Гэтэл өнөөдөр төр нь хүүхдүүддээ анхаарал тавихгүй байна. Хуулиас давсан дүрэм журам үйлчлдэг. Түрүүн уяачдын холбооны хүн зам цэвэрлэдэг гэж ярьж байсан. Бодит байдал дээр тийм биш. Стандартын хувцас  нь гэхэд каска малгай нь харин ч унахаар толгой руу нь шаахаар. Тэр дүрмэндээ оруулснаар 7 настай хүүхдэд хэтэрхий ахадсан үүрэг оногдуулсан байна. Юу вэ гэхээр уралдааны явцад олом жирэм нь тасрах юм бол уяачдын комисстоо яаралтай хандана гэсэн байгаа. Морь унаад давхиж байгаа хүүхэд тэгж амжих уу. Энэ мэтчилэн зүйлүүд байдаг юм байна. Тэгэхээр хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт энэ орж байна.
Морин спорт уяачдын холбооны зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай: Би одоо 70 хүрч байна. Долоон настайгаасаа хурдны морь унасан. Одоо хүртэл төрд алба хааж явна. ММСУХ-нд ч байсан. Морины уралдаан гэдэг монголын нийгмийн нэг үзэгдэл л дээ. Хүй нэгдлийн үед ч, манжийн үед ч, социализмын үед ч, ардчилал зах зээлийн үед ч байсаар л байна. Монгол гэдэг соёл иргэншил байгаа үед хэзээ ч арилахгүй байгаа юм. Хуучин ямар ч заавар дүрэм, хууль эрх зүйн орчин байгаагүй. 2003 онд Ерөнхийлөгч Багабанди үндэсний баяр наадмын тухай хууль санаачлан гарсан. Үүнийг дагасан Засгийн газрын журам гарч, 1995 онд ММСУХ байгуулагдаж, холбооны дүрмийг батлан, холбооныхоо их хурлаар хурдан морины уралдаан дүрэм баталж, ямар нэгэн хууль зүйн эрхийн орчныг бүрдүүлэх анхны алхам л даа. 2003 онд хууль гарснаас хойш 10 жил болж. Анх гаргасан хуулиа өшөө нарийвчлах хэрэгтэй болж байна. Нийгмийн харилцааг зохицуулахад ёс заншил төдий хүрэлцэхгүй болоод хууль гарсан, одоо энэ маань өргөжөөд хөгжөөд ирж байгаан хэрээр хуулиа бүр нарийвчилж хүүхдийнхээ эрхийн асуудлыг улам нарийн авч үзэх хэрэгтэй. Ийм ч шаардлагатй болж бйна. Энэ дотроо янз янзын өнцгүүд гарч байна, хүүхдийн тэвчишгүй хэлбэр гээд л. Нөгөө өнцгөөс харвал Монгол хүүхэд морь унахгүйгээр өсөхөөр монгол хүн болж чадахгүй. Морь унаж өсөөгүй монгол хүүхдийг монгол хүн гэж хэлэхэд хэцүү. Манай нийгэм нүүдлийн соёл иргэншлээс суурьшлын соёл иргэншл рүү шилжиж байгаа нөхцөлд ийм хүмүүс олноор бий болж байна. Монголын хурдан морины уралдааныг чинь хүн төрлөхтний соёлын нэг хэсэг гээд Юнеско бүртгээд авчихсан. Бид энийгээ эсэргүүцэж, гадаадаас ирсэн хүн шиг айхтар айхтар юм яриад байх хэрэггүй. Энэ соёл уламжлалаа хөгжүүлнэ гээд хүүхдийн амь насаар тоглоод байх ёсгүй. Энэ хоёрын хооронд зөвийг нь олж тогтох ёстой юм л даа. 
УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл: УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг хурдан морины хүүхдийн асуудлыг судлаж, хүний эрхийн үндэсний комисс дээр биднийг хүлээн авч тайлан сонсгосон. Энэ тайланг сонсож байхад хүүхдийн гэмтэл сүүлийн жилүүдэд ихээр өсч байгаа. Энэ гэмтлийн өсөлтийн шалтгааныг судалж үзэхэд өвлийн уралдаануудад хүүхдийн гэмтэл өндөр байдаг. Харин улсын баяр наадмаар бэртэл гэмтэл бараг байдаггүй. Зохион байгуулалт өндөртэй, захирамжтай уралдаануудад бэртэл гэмтэл бараг гардаггүй. Харин зохион байгуулалт, бэлтгэл муутай төрөөс гардаг хамгаалалтгүй, зам нь хөлдүү мөстэй уралдаанд хүүхдийн гэмтэл илүү өндөр байгаа статистик судалгаа гарсан байна лээ. УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Соёл, спорт, аялал жуулчлалын яам нэг шийдэл гаргаж,  хуулийн төслийг өргөн бариач ээ, энэ зохицуулалтгүй юмыг зохицуулалттай болгооч ээ” гэсэн даалгавар өгсөн. Бидний хувьд гэвэл хурдан морь бол соёл, аялал жуулчлалын маш том бүтээгдэхүүн, нөгөө талаасаа спортын том төрөл. Энэ спорт, соёл, аялал жуулчлал талаасаа бодоход бид нар зуны наадмын тэр брэнд болсон уламжлалт соёлоо авч үлдэх  ёстой. Нөгөө талаасаа хүүхдийн суралцах эрх, эрүүл мэндийн талаас аваад үзвэл хичээли йн цагаар хурдан морь унуулж, уралдуулах нь хүүхдийн суралцах эрхэнд маш том нөлөөлдөг юм байна гэдгийг авч үзэхээс өөр арга байхгүй.  Би Өлзийт хорооллоос сонгогдсон УИХ-ын гишүүн. Өлзийт хороололын иргэд УИХ-ын гишүүний хувьд хичээлийн үеэр хүүхдийг морь унуулдагийг хязгаарлаж өгөөч ээ. Тэгэхгүй бол энэ хүүхдүүд хичээлдээ явахгүй байна, сургууль завсардалт дэндлээ. Хичээлээсээ нэг хоцроод ирчихээрээ морин дээр л очихыг хүсэхээс биш хичээлдээ явахыг хүсдэггүй юм гэдэг гомдлыг гаргаж байгаа. Хүүхдийн суралцах эрх, эрүүл мэндэд харш байгаа учраас бид өвлийн уралдааныг авч үзэх шаардлагатай байгаа юм. Нөгөө талаас бооцоот уралдаанд  хүүхэд морь унах ёстой юу гэдэг асуудлыг бид эргэж ярих шаардлагатай. Яагаад гэвэл олон улсын хэмжээнд бооцоот уралдаан гэдэг бол нэлээд улайрсан уралдаан байдаг учраас зам харгуйгаа аль болохоор бие биедээ тавьж өгөхгүй байхаас эхлээд нэлээд харгисдуу шинжтэй уралдаан болох шинжтэЙ байдаг юм байна л даа. Олон улсын хэмжээнд бооцоот уралдаануудыг дандаа насанд хүрсэн жоки буюу мэргэжлийн унаачид морь унаж уралддаг юм байна. Тийм тэмцээнүүдэд хүүхэд орох нь маш их аюултай гэж хүмүүс хэлээд байгаа. Бооцоот уралдаан, тойруулгын уралдаан, олон үйлдэлт уралдаан, улсын хамгаалалтгүй зохион байгуулж байгаа уралдаануудад хүүхэд орох нь зохимгүй юмаа гэж үзэж байна. Харин нөгөө гэр бүлийнхээ хэмжээнд, орон нутаг, ахан дүүсийнхээ хэмжээнд нутгийн зон олноор нийлсэн ургийн баяр мэтийн цөөн морь уралддаг, 5-8 км дотор орон нутгийнхаа хөндийд хийдэг жижиг уралдаандад нутгийн иргэд өөрсдйн морийг өөрсдийн хүүхдээр унуулдаг уламжлалыг бас алдаж болохгүй гэсэн захиас даалгавар ирж байгаа. Тэгэхээр бид нэг талаасаа уламжлалаа авч үлдэх, нөгөө талаас томоохон мөнгө орж ирж байгаа, ялангуяа бай шагнал өндөртэй бооцоот уралдаануудад хэнийг оролцуулах вэ гэдгээ нарийн сайн зохицуулахгүй бол бүх л уралдаанд үргэлж хүүхэд унаж байх ёстой гэсэн хадмал ойлголтоосоо хөндийрөх шаардлагатай болсон. 
Морин спорт уяачдын холбооны зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай: Мөрийтэй тоглоом манайд байхгүй. Мөрийтэй тоглоом гэдэг юм хуулинд хориотой. Дамын наймаа гэдэг ойлголтыг хуулиндаа зохицуулалт хийж авсан шүү дээ. Тэрэн шиг мөрийтэй тоглоом гэдэг ойлголтыг хуулиас аваагүй байхад мөрийтэй уралдааныг бүрэн хаах хэрэгтэй.
ММСУХ-ны ажлын албаны дарга Я.Болдбаатар: Хоёр зүйлийг нэмж хэлэх нь зүйтэй байх. Нийгэмд бас нэг ийм буруу ойлголт байна. Энэ юу гэхээр хурдан морийг олон сая төгрөгөөр даатгачихаад, унаач хүүхдийг 100 мянган төгрөгөөр даатгуулдаг гэж. Монголд өнөөдөр хурдан морийг даатгадаг даатгалын компани байхгүй, уяачид хурдан морио даатгуулдаггүй. Үүнээс гадна олон зүйлийг ярилаа, болох, болохгүй гээд л. Энд шийдвэр гаргах түвшний хүмүүс ч байна. Би цаашдаа унаач хүүхдийн асуудлыг яаж сайжруулах вэ гэдэг дээр илүүтэй яримаар санагдаж байна. Даатгалыг ММСУХ, Засгийн газрын тогтоол шийдвэртэй уралдааны зохион байгуулалтанд оролцож хүүхдүүдэд хийж байгаа. Давхардсан тоогоор 700-900 хүүхдийн даатгалын мөнгийг ММСУХ-ноос төлөөд 100% даатгуулчихдаг. Энэ даатгал нь зөвхөн нэг удаагийн уралдаанд биш бүтэн жилийн уралдаанд хүчинтэй. Зөвхөн морь унах ч биш ахуйн осол бэртэл ч ордог. Одоо нэг хүүхдийг сая төгрөгөөр даатгуулж байгааг бага байна гэж үзэж байна. Энийг өшөө цааш нь яаж даатгах юм бэ. Нөгөө талаар стандартын хамгаалах хувцас хэрэглэлийн стандартыг Засгийн газар батлаад өгчихсөн. Энийг хэрэглэх асуудлыг уяачид хүүхдүүд морины эздэд яаж ойлгуулах вэ гэдэг гарц, эрх зүйн зохицуулалт бидэнд хэрэгтэй байна. Яагаад гэхээр тэр хувцас сая төгрөгний үнэтэй байж болно. Сая төгрөгийн үнэтэй тэр хувцсыг авахуулж өмсөөд хүүхэд аюулгүй уралдах уу? Хамгаалах хувцасгүй уралдаж байгаад хүүхэд унаад ямар нэгэн эрсдэлд орвол тэрнээс ч илүү мөнгө, 10, 20 сая төгрөг эмчилгээнд зарцуулна, магадгүй хүний хүүхдийг унагаж амь насыг нь бүрэлгэчихээд насаараа  сэтгэлийн шархтай явах болно. Энэ ойлголтыг хүн чанарынх нь үүднээс уяач, унаач хүмүүстээ ойлгуулаад, хамгаалалтын хэрэгсэл гэдэг чинь ийм хэрэгтэй гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах хэрэгтэй юм. Европод гэхэд морин уралдаан үүсээд 300 жил болж байгаа юм байна. Тэр бол уралддаг харайдаг үсэрдэг бүх төрөл байх ба том хүн унадаг. Энд ямар нэгэн бэртэл гэмтлээс стандартын хамгаалалтын хувцас л хамгаалдаг юм байна. Тэрнээс хууль дүрэм хүний бие махбодийг хамгаалдаггүй юм байна. ММСУХ нь “Азийн холбоо”, “Дэлхийн морин спортын холбоо”-нд элссэн. Энэ шугамаараа яваад судлаад ирсэн байгаа. Олон нийтэд даатгал, зам ямар чухал гэдгийг ойлгуулмаар байна.
Хөтлөгч: Үзэгчдээс нэлээд асуулт ирсэн байна. Уяачаасаа илүү хүүхдүүд их хөдөлмөрлөдөг. Гэтэл хүүхдүүдийн бөөр их мууддаг. Хүүхдийг 5000 төгрөгөөр даатгадаг гэсэн зүйлүүдийг хүмүүс хэлсэн байна.
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга Жавзанхүү: 5000 төгрөг бол даатгалын дүн биш, даатгалынх нь хураамж 5000-12,000 төгрөг.
Хөтлөгч: Үзэгчдээс ирсэн бас нэг асуулт байна. Уяач нар асрамжийн газрын хүүхдүүдийг цагдаа харгалзагч нартай хуйвалдаж зөвшөөрөлгүй авч морь унуулдаг. Асрамжийн газарт байгаа хүүхдэд янз бүрийн юм идүүлж уулган, өсөлтийг нь зогсоох юм хэрэглэдэг гэж Өлзийт хорооллоос хүн холбогдож ярьсан байна.
ММСУХ-ны зөвлөх А.Баярмагнай:
Таны саяын хэлээд байгаа юм байлаа гэхдээ маш бага. Ингээд телевизээр ярьчихаар монголын морь уяж байгаа 60 мянган уяач, 4000 хүүхдийг бүгдийг тарьдаг, бүгдийг нь асрамжаас зөвшөөрөлгүй авдаг юм шиг буруу ойлголт нийгэмд төрүүлнэ. Сүүлийн үед уяачдын эгнээ их өргөжөөд, мал аж ахуйн соёлоос хол хөндий өссөн, хотын хүүхдүүд бизнес хийж мөнгөтэй болохоороо хурдан морийг нэр төрийн бизнес гэж санаад байна. Олон түмний дургүйцэл эсэргүүцэл чинь гол нь тэрнээс болж байгаа. Тэрнээс биш үндэснийхээ уламжлалт спортоор хүүхэд өөрөө морь унах гэж сонирхож унаж байгааг бол тэгж ойлгож болохгүй, ялгаа заагтай ойлгох хэрэгтэй. Хүнээр морь уяулж байгаа хүн өөрийнхөө хүүхдээр унуулахгүй, хүний хүүхдээр л унуулна. Морины эзэн буюу уяулдаг хүн, уяач хүн хоёрыг заагтай ойлгох хэрэгтэй. Шинэ гарах гэж байгаа хуулиндаа үүний заагийг нарийн тогтоож ялгаж өгмөөр байгаа юм.
Хөтлөгч: Хурдан морь унаач хүүхдэд цол өгдөг үү? Уяачид нь бай шагнал цол хэргэм авдаг. Бөхчүүд, харваачид цол авдаг. Хурдан морь нь хүртэл түмний эх гэх мэт цолтой байдаг. Тэрэнтэй адил тэр морийг давхиулсан хүүхдэд цол өгдөг үү? Би Ланд-200 машины байтай уралдаан гэж сонсож л байсан Бай шагналын 20%-ийг өгдөг журамтай юм бол тэр хүүхэд 100 сая төгрөгийг нь авч чадсан уу?
ММСУХ-ны ажлын албаны дарга Я.Болдбаатар:
Хүүхдийн цолны тухайд хэлэхэд ММСУХ, Биеийн тамир спортын газартай хамтраад хурдан морь унаач хүүхдийг цол зэрэгт хамруулдаг. Одоогийн байдлаар спортын мастер хүүхэд нэг, дэд мастер 11 хүүхэд байгаа. Улсад хоёр удаа шилдэг хүүхэд болох юм бол дэд мастер, 3 удаа улсад шалгарвал мастер болдог. Рейтингийн зөвлөлөөс оноог нь дүгнээд жил бүр ММСУХ-ны шилдэг 9 унаач хүүхдийг шалгаруулдаг. Төрийн бус байгууллагын хэмжээнд бидний хийж байгаа энэ ажил. Гэхдээ хаана ч хэн ч хийгээгүй байхад уяачдын дундаас үүнийг санаачлаад хүүхдүүдийг урамшуулах, цол зэрэгтэй болгох ажлыг хийсэн. Эхний хүүхдүүд нь том болоод сургууль соёл гээд явсан. Хэдийгээр морь унахаа больсон ч мастераа, дэд мастераа гэж дуудуулаад явж байгаа.
УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл: Яг наадмын зохицуулалттай морь унаж байгаа хүүхдийн тухайд баяр наадмын тухай хууль л байгаа. Баяр наадмын тухай хуулиндаа үндэслээд Монгол улсын стандарт гарсан. Монгол улсын стандартаар батлагдсан хамгаалах хувцсыг өмсүүлж байгаа гэж сая уяач нар ярьж байна. Тэгэхээр тэр стандартын хувцас нь зуны малгай, зуны цээживч, зуны эмээл гээд бүх хувцас хэрэглэлд нь зунд зорулагдсан байдаг. Энэ хувцас хэрэглэлийг өвлийн уралдаанд өмсөх боломжгүй. Тэр зуны каскийг өвлийн уралдаанд өмсөхөөр дух, чих нь хөлдчих гээд байдаг. Өвлийн хмгаалалтын хувцас хэрэглэл гэж стандартад байхгүй. Яагаад гэхээр хууль эрх зүйд өвлийн уралдаан хийнэ гэсэн заалт байхгүй. Тэгэхээр хүйтний улиралд хүүхдийг морь унуулаад байгаа, ялангуяа хичээл сургууль хичээллэдэг үеэр морь уралдуулаад байгааг бид зайлшгүй зохицуулах ёстой.
Хөтлөгч: Шинэ хууль гарахаар болов уу. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай олон хуулиуд байдаг. Тэрэн дээрээ суурилуулж гаргах юм уу?
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
Шинэ хууль эрх зүйн орчин бий болгох шаардлагатай. Шинэ хууль гаргана гэсэн үг. Стандартын хувцсыг үнэхээр яаж туршсан юм бэ, хурдан давхиж байхад унагаж үзээд туршсан юм уу. Бид эцсийн дүндээ хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой. Хүүхэд нь морь унах сонрхолтой байг, эцэг эх нь өөрийн амьдралын бололцоо муугаас хүүхдээ морь унууллаа. Эргээд тэр хүүхдийн амьдрал яаж харагдах юм бэ, амьдралын баталгаа нь юунд байгаа юм. Тэр насаараа морь унахгүй, сургуулиас завсардчихаар бичиг үсэг боловсролгүй насны эцэст яах вэ гэх мэтчилэн асуудлууд байгаа. Хүүхдээ бид хамгаалах гэж оролдож байна, телевиз үзэж байгаа уяачид маань битгий гомдоорой. Бодит үнэнтэй нүүр тулах цаг болсон гэдгийг хэлмээр байна.
Хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбооны ерөнхийлөгч Чулуунбаатар: Тэгэхээр Баярмагнай гуайн ярьж байгаа яриатай би зарим тал дээрээ санаа нийлж байна. Монгол уламжлал, монголын соёлыг үзэхээ болиод морь уралдуулахаа байчихъя гэж болохгүй. Моринд орж байгаа хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүсийн асуудал бас сонин биш, хэн ч морь сонирхож болно. Хамгийн гол асуудал уламжлалт шинж чанараа алдчихсан байна шүү дээ. Бид чинь зуны дэлгэр цагт морио уралдуулдаг байсан. Асар их мөрий бооцоогоор биш, хүүхдүүдээ унуулаад. Би ч бас багадаа хурдан морь унаж л байсан хүн. Энийгээ алдаад одоо өвөл зунгүй, бараг өглөө оройгүй хурдан морь уралдуулдаг боллоо. Дээр нь уралдаан маань уламжлалт цэнгэл наадам гэхээсээ илүү, асар их мөрий бооцоо, баярхал хийрхлийн үзүүлэлт болсон гэдгийг Баярмагнай гуай ч бас хүлээх шиг боллоо. Тэгэхээр энийг зогсооё гэдэг асуудлыг бид яриад байгаа юм. Хоёрдугаарт каскатай байна уу каскагүй байна уу, Дорж байна уу хэн нь сонин биш. Эцсийн эцэст Монгол хүүхдийн амь гэдэг нь чухал. Өөр ямар ч жижиг сажиг юман дээр маргаад бид нар хэрэг алга. 20 хүүхэд гэдэг тоо над дээр байдаг. Биш гэж зарим нь маргасан. 20 биш бол сайн л биз дээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2 хүүхэд өнгөрлөө. Даатгалын тухай ярьж байна, хамгийн гол нь хүүхдийн эрх хамгаалдаг хүний хувьд даатгалаас гадна хүүхдийн амийг яаж хмгаалах вэ гэдэг асуудал байгаа юм. Тэрбум төгрөгийн даатгал өглөө гэхэд үрээ алдсан ижийгийн сэтгэлийг тэр тэрбум төгрөгөөр нөхөж чадах юм уу, чадахгүй ш дээ. Тэгэхээр энэ хүний амиар нааддаг энэ наадмыг л зогсооё гэж байгаа юм. Тэрнээс биш хурдан морь унах, уралдах өөр хэрэг. Уламжлалт цэгцтэй хууль тогтоомжийн хүрээнд цэгцтэй наадмаа явуулах юм бол энийг явуулъя. Энийг манай сайд ч бас хэлж л байх шг байна. Ямарич байлаа гэсэн өвлийн улиралд морь уралдахаа болъё. Дээр нь энэ монгол улсын эдийн засагт маш том хохирол үзүүлж байгаа юм. Хавар цас хайлаагүй байхад морь уралдуулдаг, зунжин, хаваржин, намаржинга морь уралдуулж давхиж давхичихаад өвөл хаврынхаа бэлтгэлийг хийж, хадлан өвсөө бэлдээгүй цагийн хатуутай золгочихоод ард түмэн минь бид сүйд боллоо. Малчин ардаа хараарай, өвс бордоо хэрэгтэй гээд Засаг төрөөс мөнгө нэхээд суучихдаг, татвар төлөгчдийн мөнгийг өгдөг энэ замбараагүй байдлыг нь арилгая гээд байгаа болохоос биш, морин спортыг улмжлалыг, морийг ад үзээд байгаа хүн ерөөсөө байхгүй.
Хөтлөгч: Тэгэхээр үлдсэн хоёр зочин бас товчхон санаагаа хэлэх үү?
Био анагаах судлаач, морь сонирхогч Г.Дүүрэнбилэг: Морин уралдааны үед хүүхэд эндэж гэмтэж байгаа бол үнэхээр харамсалтай хэрэг. Тэгэхдээ уламжлал руугаа битгий дайраасай, битгий доромжлоосой гэж үзэгчдээсээ хүсмээр байна. Нөгөө талаар хичнээн хууль гаргалаа ч гэсэн уралдаан болдогоороо болно, хүүхэд унадагаараа унана. Тэгэхээр яах вэ? Хүүхэд ихэвчлэн гараан дээр их унадаг. Тэгэхээр тэр гараа руу нь яаж аятайхан оруулах вэ, энийг яаж боловсронгуй болгох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Дараа нь тэр машины асуудал байна. Маш олон машин дагадаг. Машинууд дагаж хашиж явахгүй бол морьдууд агсамнана, хүүхдүүд нэгнийхээ урд орох гэж давхина, тэгэхээр машинаар хашиж явах зайлшгүй шаардлага гардаг. Тэгэхээр машин унаагаар хашихгүйгээр яаж зохицуулах вэ гэдэг зохицуулалтыг хийж, аль болох хүүхдийнхээ амь насыг хамгаалах талын асуудлыг илүү ярих хэрэгтэй.
МУ-ын Манлай уяач Ц.Цэнд-Аюуш: Хамгаалах хэрэгслэлийн асуудлыг би 100% дэмждэг. Морио унаад явж байхдаа, морины ажил хийж байхдаа каскаа өмсөж эхнээс нь дасгаж бай гэж хэлдэг. Сүүлийн ед Дүнжингараваас хойш телевизийн суваг солих болгонд хурдан морь унаач хүүхэд бэртэж гэмтсэн, унаач хүүхэд үхлээ гэсэн мэдээ гараад л байна. Баячууд уралдаж байна, баячуудын зугаа цэнгэл гэж яриад байна энийгээ ялгаж салгах хэрэгтэй. Монголын бүх уяачид чинь баян юм уу. Зөвхөн баячуудын хооронд болж байгаа уралдаан биш, энэ чинь монгол түмний баяр. Энд хүүхдүүд мориноос унаж байгааг би унаагүй гэж хэлэхгүй. Хүүхдүүд хамгаалах хэрэгсэл өмсөөгүй байгаа бол тэр буруу, тэрийг өмсгөх ёстой гэж үзэж байгаа. Хүүхдийн эрхийг хамгаалах асуудал ярьж байгаа бол зөвхөн унаач хүүхдүүд биш монголдын нийт хүүхдүүдийн хувьд ярих ёстой. Хүүхдийн тухай асуудалд өөр сэдэв байхгүй байгаа ш дээ. Хогийн цэг дээр бужигнаж байгаа түм буман хүүхдүүд байна, тэдний эрх ч гэсэн зөрчигдөж байна. Ил тод үнэн бодит байдлыг та нар ярих ёстой болохоос биш, ганцхан хурдан морины хүүхдийг мөлжиж байна, шулж байна гэж ярьж болохгүй, энэ бол алдас.
Хөтлөгч. За Цэнд-Аюуш гуай манай нэвтрүүлгийн цаг дуусч байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

 “Монгол ТВ”-ийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна