“Гологдсон” “Дэрэнгийн хар азарга”

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 03 -нд

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Цэндийн Чимэддорж  агсан дөч гаруй жил шүлэгтэй нөхөрлөж, яруу найргийг шимтэн уншигчдаасаа “Дэрэнгийн хар азарга” хэмээн хайрлагдсан агуу нэгэн байлаа. Түүний “Дэрэнгийн хар азарга” шүлгэнд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, “Баян Монгол” жааз найрал хөгжмийн удирдаач Б.Ганбат ая хийснээр олны аялах дуртай нэгэн хит мэндэлсэн түүхтэй. Нэгэн удаа монголын радиогийн байранд Чимэддорж найрагч түүнтэй таараад хамтран ажиллах санал тавьжээ. Ганбат хөгжмийн зохиолчийн хувьд Дундговь аймгийн Дэрэнгийн уугуул нэгэн. Тиймдээ уухайн тас зөвшөөрсөн ч өнөө уран бүтээлийн тохироо нь бүрдэхгүй байсан уу гурван жилийг өнгөрөөсөн гэдэг. Санал төвьсан найрагч маань итгэл алдрах тийшээ болохын даваан дээр “Дэрэнгийн хар азарга” аятай болох нь тэр. Ганбатын хувьд ийнхүү удсан нь учиртай гэх юм билээ. Түүний аав Бадамдорж уртын дуу тун сайхан дуулдаг нэгэн байсан бөгөөд уран бүтээлч хүү нь аавынхаа гэгээн дурсгалд зориулан часхийсэн бүтээл гаргах гэхдээ ийнхүү гурван жилийг өнгөрөөчихжээ. Ингээд Ганбат шинэхэн уран бүтээлээ дуулуулах дуучны эрэлд гарч “Хурд”-ын Төмөрцог дээр очжээ. Тэрээр тун ч анхааралтай сонсож үзээд “Ганбаа ах аа энэ миний дуу биш байна” гэх нь тэр. Дахиад эрэлд гарч “Хар сарнай”-н Амрааг сонголоо. Хэдийгээр Амраа зөвшөөрсөн ажлын зав гарахгүй явсаар  гадаад явчих нь тэр. Ингээд гурав дахь уран бүтээлч дээрээ очсон нь Чингисийн Жагаа гавьяат байлаа. Тэрээр  саналыг дуртайяа хүлээн авсан ч олныг хүртээл болох хүртэл дахин нэг жилийг өнгөрөөжээ. Ийнхүү хөгжмийн зохиолч Ганбатад “Дэрэнгийн хар азарга” шүлэг очсоноос дөрвөн жилийн дараа  дуу болон олны хүртээл болж байсан түүхтэй юм билээ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна