Улсын харцага цолоо нэхэн авч чадаагүй бөхчүүд

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 27 -нд

1. Хотонтын “Ул” Ц.Лхагва: Улсынхаа баяр наадамд хожуу 30 настайгаасаа барилдаж эхэлсэн Ц.Лхагва нь 1916 онд Архангай аймгийн Хотонт суманд төржээ. Тэр улсын наадамд 6 удаа барилдахдаа нэг удаа 6, гурван удаа 5, нэг удаа 4 давж өндөр амжилт гаргасан бөх байжээ. 1951оны наадмаар тав давж начин цолоо батлаад зургаагийн даваанд циркийн хэмээх Доржид өвдөг шорооджээ. Барилдах явцдаа тавхайлдаж татаад Доржийн гутлын улыг ханзалснаас хойш үеийн бөхчүүд нь түүнийг “ул” Лхагва гэж дууддаг болсон гэдэг. 1952 онд дөрөв даваад, тавын даваанд циркийн залуу бөх Д. Дамдиныг амлан авч улсын начны босго алхуулсан нь ирээдүйн дархан аварга Дарийн Дамдин байжээ.
2. Даншгийн начны хүү Л.Дашдаваа: Даншиг наадамд Буянтогтох аваргыг өвдөг шороодуулж  байсан даншгийн начин Лувсандоржийн хүү юм. Улсын наадамд 1961 онд анх зодоглож, хүчит арслан Ш.Батсуурьд өвдөг шорооджээ. 1963 оны наадмын тавын даваанд залуу арслан Ж.Чойжилсүрэнд амлагдаж унасан ч наадмын дараа болсон спартакиадад 29 бөхөөс 24 давж начин болсон юм. Хэрэв спартакиадад 25 давсан бол заан цол олгох байсан ба хожим Улсын баяр наадамд хоёр удаа 6 давж, заан цолны хаалгыг гурвантаа татаад буцсан хүчит бөх ажээ.
3. Хашаатын Д.Найдан: Найдан 1926 онд Архангай аймгийн Хашаат суманд төржээ. Ээжийнхээ гар дээр өсөж хүмүүжсэн Найдан 11 настайдаа жинчин болж, нас бие гүйцсэн эрийг дагаж аян жинд явсаар бяр тэнхээ нь нэмэгдсээр байсан тул 16 настайгаасаа бөхийн аманд гарах болжээ. 1947-1957 оны хооронд барилдахдаа хоёр удаа тав, нэг удаа зургаа, хоёр удаа дөрөв давсан чансаатай бөх юм. 1954 онд зургаа даваад, зааны даваанд Ш.Батсуурь аваргад унажээ. Тэрээр хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулж байжээ.
4. Гүсэмийн Дамдиндорж: Түүний барилдааны түүх Улсын наадамд анх удаа барилдаж, шууд зургаа давснаар эхэлдэг. Улсад нэг удаа 6, хоёр удаа 5 давсан Дамдиндоржийн түүх намтар, бөхийн намтар муу судлагдсан байдаг байна.
5. Эрдэнэмандалын О.Лувсандондов:  Тэрээр 1929 онд Архангайн Эрдэнэмандал суманд төржээ. Дөрөвдүгээр анги төгсөж, 15 настайгаасаа багшилсан тэрээр цэрэгт татагдан очиж, 1950-иад оноос хойш улсын наадамд барилдах болжээ. 1951 онд 1024 бөх зодоглож, начны даваанд тулж ирэхэд, аварга, арслан, заан, начин цолтой бөхчүүдийн хэн нь ч түүнийг амлаж зүрхлээгүй тул Булганы харьяат Н.Чүлтэмтэй тунаж барилдан даваад улсын начны болзол хангасан юм. Ийнхүү 22 насандаа начин болсон тэрээр зургаа давж зааны даваанд өвдөг шороодсон байдаг. Лувсандондов 180 см өндөр, 90 кг жинтэй, тухайн цаг үедээ том хүн байсан бөгөөд цэрвүү барьцнаас хавсрах, хий мурих, мэхийг сайн хийдэг бөх байсан гэдэг.
6. Тэрэг өргөдөг Ч.Лундаа: 1969 оны Улсын наадамд начин Т.Артагаар тав, улсын аварга Ч.Бээжингээр зургаа давж улсын начин болсон Ч.Лундаа анх чөлөөт бөхөөр барилддаг, чөлөөтийн улсын аварга, спортын мастер байв. Тэрээр “Газ-51”-ээ шаварт  суулгасан машиныг ганцаараа хөшүүрэгдэн гаргаж өгсөн бяртай нэгэн байжээ. Жолооч залуу өөрөөс нь асууж чадалгүй “энэ танай Булганы тэмээ өргөдөл үү” гэж аргал түүж явсан хоёр бүсгүйгээс асуухад “Биш ээ биш, Булганы тэрэг өргөдөг” гэж алмайрсан жолоочийг цаашлуулж байсан гэдэг. Тэрээр 1945 онд Булган аймгийн Бугат суманд төржээ.
7. П.Сундуй: 1944 оны улсын наадамд зургаа давж “өсөх идэр” начин цол хүртсэн Пэрэнлэй овогт Сундуй нь 1920 оны үед Төв аймгийн Баянцагаан суманд төржээ. Энэ бөхийн талаар үүнээс өөр мэдээлэл байдаггүй юм байна.
8. Д.Содов: Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт 1900 оны орчим төрсөн Дэлэгийн Содов 1930 оны наадмаар 1000 гаруй бөх зодоглоход улсын начин цолтой барилдан зургаа давсан гэдгээс өөр энэ хүний талаарх материал байдаггүй аж.
9. Завханы Арилдий: Арилдий 1906 онд Завхан аймгийн Жаргалант суманд төржээ. Тэрээр 1933 оны барилдаанд улсын начин цолтой зодоглосныг бодоход үүнээс өмнө хорин хэдэн настайдаа улсын цол авсан бололтой. 1933 онд ерөнхий сургуулийн бөх хэмээгдэн барилдсанаас Дотоод явдлын яамны цэрэгт алба хааж байсан гэж ойлгогдож байгаа юм. 1927-1945 хүртэлх /1933 оноос бусад/ оны улсын наадмын мэдээ хагас дутуу байдаг учир энэ үед улсын начин Арилдий хэрхэн барилдсан, ямар цол авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд улсын начин, эсвэл заан эсэхийг нь нарийн хэлж болохгүй байгаа юм.
10. Өмнөдэлгэрийн А.Цогоо: Б.Бат-Эрдэнэ Аваргын өлгий нутаг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1920-иод оны үед төрсөн Аюуш овогтой Цогоо нь АХ-ын 22 жилийн ойн баяр наадамд орон нутгаасаа хос морь хөлөглөн ирж барилдан шууд 6 давж улсын начин цол хүртсэн ахмад бөх юм. 300 гаруй км замыг хос мориор туулан ирж барилдсан тэрээр тавын даваанд Архангай аймгийн харьяат улсын арслан Төрбатад амлуулан давж, зургаад өмнөх жил нь улсад түрүүлсэн шинэ арслан Ө.Чүлтэмсүрэнд мөн амлагджээ. Олон хувилбартай уран мэхтэй Ө.Чүлтэмсүрэнд хөлөө алдсан ч дагуулж гуядан арсланг өвдөг шороодуулсан гэдэг. Тэрээр улсынхаа наадамд дөрөвхөн удаа зодоглосон бөгөөд нэлээд өндөр нуруутай, шөрмөслөг, гэдэсгүй нарийвтар бөх байжээ.
11. “Шигшээ” Ш.Галсан: Улсын наадмын маргааш нь болдог шигшээ 64 бөхийн барилдаанд амжилттай барилдах хоёр, гурван удаа түрүүлсэн учир наадамчин түмнээсээ “Шигшээ” нэр хүртсэн Ш.Галсан начин 1920 онд Түшээт хан аймгийн Далай гүний хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд суманд төржээ. Шигшээ барилдаанд хоёр жил дараалан түрүүлээд байсан. Ш.Галсан 1949 онд улсын наадмаар 6 давж начин болсон бөгөөд 1947,1948 онд Өвөрхангай аймгийнхаа наадамд С.Самданжигмэд арслан, Г.Цоодол арслан нарыг давж түрүүлсэн байдаг. Тэрээр залуудаа нас барсан учраас түүний барилдааны түүх 30 настайд нь өндөрлөсөн юм. Түүний талаар Дэрэн бор хэмээх С.Самданжигмэд  арслан “Шигшээ” Ш.Галсан тун сайн бөх байсан. Батсуурь аваргыг хүнд бараг унадаггүй байсан ид сайхан үед нь хоёр ч удаа хаяж байсан. Батсуурийг унагасан нэг барилдааныг нь би харсан юм. Аваргыг гүйхэд нь дагуулж давхар ачаад их чанга унагаж билээ. Миний айдаг бөхчүүлийн нэг яах аргагүй Галсан. Жижиг наадамд хэнбугайг ч хаядаг мөртлөө улсын наадамд начингаас хэтрээгүй азгүй хүн юмуу даа” гэж дурссан байдаг. Ш.Галсан начин дархан ташаатай, ачих, дэгээдэх, барьцгүй цохих, дагуулж гуядах зэрэг олон сайхан мэхийг даацтай хийдэг, хурдан шалмаг барилддаг өндөр нуруутай, галбир сайхантай, тэвхийсэн хүрэн бор хүн байсан гэдэг.
12.  Циркчин Ё.Дорж: Монгол улсын гавьяат жүжигчин, өсөх идэр начин Ёндонгийн Дорж 1921 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төржээ. Тэрээр улсын циркийн манежнаа хүч тамирын хүнд үзүүлбэр үзүүлдэг сайн жүжигчин төдийгүй монгол бөхийн дэвжээнд начин хэмээн цоллуулсан хүчит бөх байлаа. Ё.Дорж 1950-иад онд үнэхээр одтой сайхан барилдаж, олон түмнээрээ хүндлүүлж явсан ахмад бөхчүүдийн нэг юм. 1951 онд АХ-ын 30 жилийн ойгоор 30 настайдаа 1024 бөх барилдсанаас 6 даван өсөх идэр начны болзол хангажээ.
13. Зааны болзол хангасан М.Сэдхүү: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын “Бөмбөн элс” хэмээх газар 1921 онд Сэдхүү төржээ. “Бөмбөн элснийхэн” хэзээнээсээ хойш бөх, морь сайтай гэдэг. Энэхүү элсний нутгаас улсын  цолтой гурван бөх /Г.Дайнаа, М. Сэдхүү, М.Дармаабазар/ төрөн гарсан бөгөөд ихэнх бөхчүүд ах дүүсээрээ байх нь сонин. Ардын хувьсгалын түүхт 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн 1951 оны наадамд М.Сэдхүү Завхан нутгаасаа ирж зодоглон шууд зургаа давж улсын начин цол хүртсэн юм. Ардын хувьсгалын 25, 40, 50, 60 жилийн ойн адилаар 30 жилийн ойгоор зургаа давсан бөхөд улсын заан цол олгосон бол М.Сэдхүү улсын зааны болзол хангасан хүн юм. Үүнээс хойш ус нутаг холын улмаас дахин улсад ирж барилдахгүй орон нутагтаа байсаар 1987 онд 66 настайдаа ертөнцийн мөнх усыг үзүүлсэн байна. М.Сэдхүү нь нутаг орондоо суугаа хамгийн анхны улсын цолтой бөхийн хувьд үе үеийн хүүхэд багачуудыг олон жилийн турш барилдуулан нэг ёсны бөхийн дугуйлан ажиллуулж байжээ. М.Сэдхүү начин маш гоё гараа дэвээтэй, 190 орчим см өндөртэй, 100 кг орчим жинтэй булчинлаг шөрмөслөг биетэй, тасам нарийн бэлхүүстэй тун ч сайхан бөх байсан бөгөөд гол төлөв шуудагны барьц аван барилддаг, давуулж гуядах дархан мэхтэй, архи дарс уудаггүй жинхэнэ монгол эр хүн байжээ.
14. Сугалааны жилийн харцага С.Баасан: Монгол бөхийн олон мянган жилийн түүхэн уламжлалд эр шинэчлэл хийх нэрийдлээр улсын наадмын бөхийг сугалаагаар барилдуулсан, бөхийг залуусгүйгээр барилдуулж, давсан бөхийн гарыг тэр яллаа хэмээн шүүгчээр өргүүлдэг гажуудал гэмээр зүйл нэвтэрч байсан үед буюу 1955 оны улсын наадамд зургаа давж их шөвгийн дөрөвт үлдэж улсын начин цол хүртсэн Баасан нь 1925 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төржээ. Сум орондоо үнэхээр олон жилийн турш босоо явсан тул сумын наадмын дэвжээнээс олгодог заан цолоороо олонд алдаршсан хүчтэн юм.С.Баасан улсад ердөө хоёр удаа л ирж барилдсан бөгөөд эхнийх нь дээр дурдсан 1955 оных юм. Гурвын даваанд сугалаагаар таарсан Төв аймгийн Дорж, дөрөвт барилгын 2-р баазын Загд, тавд улсын арслан Д.Самбуу, зургаад энэ наадамд мөн тав давж улсын начны болзол хангаад байсан өөрийн аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Г.Бат-эрдэнэ нарыг тус тус өвдөг шороодуулжээ.
15. “Ганган цагаан” А.Жамъян: Аюушийн Жамъян начин 1924 онд Завхан аймгийн Цагаанхайрхан суманд нүүдлийн үед хорвоод мэндэлжээ. Эцэг Б.Аюуш нь орон нутгийн овоо тахилга, сум хошууны наадамд олонтаа түрүүлсэн бөх бөгөөд наадамд явахдаа мөрийд нь даага авна гэж хэлээд ногт ганзагалж очоод л даагыг нь хөтлөөд ирдэг байсан гэдэг. Тэр цэргийн албаа Сүхбаатар жанжны хүү, хурандаа С.Галсан даргатай офицерийн сургуулийн 9-р морьт хороонд хаажээ. 1957 оны улсын наадамд улсын арслан С.Самданжигмэдээр зургаа давж улсын начин цол хүртжээ. Начин болсон наадмынхаа долоогийн даваанд дархан аварга Ш.Батсуурьт өвдөг шороодсон байна. Харин энэ наадмын дараахан болсон Налайхын наадам дээр Ш.Батсуурь аваргатай дахин таарч барилдан давахдаа чулуун дээр унаганаас болоод “цаашид хүн гэмтээж мэднэ” гээд төдийлөн барилдаагүй аж. А.Жамъян начин нь өндөр сайхан нуруутай, цайвар цагаан царайтай, их гоё галбиртай бөх байсан тул “ганган цагаан ” гэж алдаршин, сайхан бөх хэмээгдэж байсан залуу аварга Ж.Цэвээнравдан хоёрыг гадаадын зочон төлөөлөгч ирэх болгонд заавал барилдуулдаг байсан гэдэг.
16. Гурван аваргатай тулсан Ш.Доржтовуу: Монгол улсын өсөх идэр начин Шар овогтой Доржтовуу 1930 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төржээ.Доржтовуу начингийн бөх болох жинхэнэ эх суурь нь цэрэгт алба хааж асан гурван жилд бүрэн тавигдсан гэдэг. Эцэг нь шар торгон далбаа бүхий зодгийг атан тэмээгээр худалдан авч өгсөн бөгөөд аймгийн наадамдаа түрүүлэн арслан цол авсан тэрээр “Эрдэнэдалайн шар зодогт” хэмээх нэрийг наадамчин олноос хүртжээ. Улсын наадмын дөрвийн даваанд улсын заан Л.Нямжавыг, тавд даян аварга Ц.Чимэд-Очирыг, зургаад их аварга Б.Түвдэндорж нарыг өвдөг шороодуулаад, долоод гарлаа, давлаа хэмээх Д.Дамдин аваргад өвдөг шороодсон. Бөхгүй газар хэмээх Дундговь аймгийн арслан Ш.Доржтовуу энэ наадмаар улсын гурван аваргатай гар зөрүүлэн барилдаж, хоёрыг нь өвдөглүүлээд гурав дахид нь арга буюу тахимаа өгсөн нь монгол бөхийн түүхнээ үлдсэн ховор тохиолдлуудын нэг болсон юм. Их аварга Б.Түвдэндорж, даян аварга Ц.Чимэд-Очир хоёр Ш.Доржтовууд дараалан уначихаад бие биетэйгээ хөөрөлдөж суухдаа их аварга нь даян аваргадаа “Чи бид хоёр хувь хувиа нэг муу юм дөнгөөд байдаг сан. Одоо хоёулаа элбээд ч дийлэхгүй болоо шив дээ” гэж байсан гэдэг.  Гэхдээ энэ үед хоёр аварга маань тийм ч их харьчихаагүй байсан аж. Ш.Доржтовуу начин нь бариа зөрөөн дээр гуд татдаг, суйлдаг, сайхан тонгордог, ер нь дөрвөн тал тэгш барилдаантай, бие арал томтой, адууных шиг том цагаан шүдтэй, нүд, хөмсөг болсон тун ч сайхан эр байсан байна.
17. Авидын Дашзэгвэ: 1959 оны наадмаар шууд зургаа давж улсын өсөх идэр начин цол хүртсэн Авидын Дашзэгвэ 1933 онд Хөвсгөл аймгийн Чандмань-Өлзийт суманд төрсөн ажээ. Энэ бөхийн түүх намтар төдийлөн тодорхой бус байдаг ба ямартаа ч 1959 онд 26 настайдаа улсын наадамд хүчийг үзэн, өмсдөг хэмээх Ц.Дамдиндорж зааныг улсын начин цолтой байхад нь хаяж начны болзол хангасан байна. Зургаад хөвсгөл аймгийн  харьяат улсын арслан Ө.Чүлтэмсүрэнг давж, зааны даваанд мөн аймгийн харьяат хурц арслан Ц.Бадамсэрээжидэд унасан байдаг. Ийнхүү А.Дашзэгвийг 5-7-гийн даваанд дан нутаг орных нь нэртэй бөхчүүд амлан аваад байсан нь сонин тохиолдол бөгөөд лав л түүнийг дэмжиж цолонд хүргэх гэсэн санаа биш бололтой. Яагаад гэвэл тавын даваанд  нутгийн нь ахмад цолтой хүн амлан авч дэмжлэг үзүүлж болох талтай бол зургаагийн даваанд ингэхгүй нь мэдээж. Хэрэв түүнийг заан цолонд зүтгүүлсэн бол долоод өөрийн нь нутгийн хүн амлаж авч хаяхгүй байсан биз ээ.
18. “Морьт”хэмээх О.Пүрэв: нь ханхар өргөн цээжин дээрээ давхиж яваа сайхан морины дүрсийг маш тодоор шивүүлсэн, ааг бяр нь багтаж ядаж яваа болов уу гэмээр сүрлэг өндөр цагаан бөх байсан аж. Хүн хүнээс онцгой хүлэг морины зургийг цээжин биеэ дүүртэл шивүүлсэн түүнийг бөхчүүд, бөх сонирхогчид “морьт” Пүрэв гэдэг байлаа. Тэрээр 1942 онд Өвөрмонголын баруун Сөнөдийн хошууны Улаанхудаг гэдэг газар төрсөн боловч 1945 оны чөлөөлөх дайны үеэр гурван настай байхдаа хил даван Дорноговиор дамжин Өмнөговийн хүрмэн суманд ирж суурьшсан хүн юм. 1971 оны наадмын дөрвийн даваанд баазад хамт жолооч хийдэг, сайн найз Д.Долгорсүрэн /заан/ давж, тавын даваанд “энэ хөл муутай гүзээнүүдийн хэн нь ч авсан яадаг юм” гэж хэлснийг нь сонссон Л.Сосорбарам арслан түүнийг “хүртэж” эгэм тахим мэхээ хийж дайрчихаад яваад өгчээ. Ингэж тэрээр амнаасаа болж начин болох боломжоо алджээ. Дараа жил нь О.Пүрэв бас л гялалзтал сайхан барилдсаар дөрөв давчихаад дотнын найз ч.Өвгөнхүүдээ амлагдан алдарт ачих мэхэнд нь өвдөг шороодсон юм. 1974 онд аатай, амтай О.Пүрэвийг нутгийн арслан Г.Дэмүүл нь тавд амлан авч, давдаггүй байсан начны даваагаар нь давуулж өгчээ. Зургаагийн даваанд даян аварга С.Цэрэн амлахад нь хонгодож даваад зааны босгод шууд тулж оччихжээ. Долоогийн давааны ам авах арай болоогүй байж байтал Ж.Мөнхбат аварга ирээд О.Пүрэвт “чамайг Дамдин аварга авна. Чи битгий барилдаарай ” гэж гуйжээ. Ингээд Д.Дамдин аваргатай өртөл “чамд Мөнхбат юм хэлсэн үү” гээд байхаар нь буугаад өгчихсөн ажээ. Тэгээд Ж.Мөнхбат аварга наймын даваанд Д.Дамдин аваргаар өөрийгөө авахуулж даваад, Х.Баянмөнхийг унагаж зургаа дахь түрүүгээ авсан юм. Энэ бол О.Пүрэвт улсын заан болчих цорын ганц боломж нь байсан билээ. Улсын начин О.Пүрэв цэрвүү барьцнаас гол мэхүүдээ хийдэг, гуд татах,хонгодох, дагуулж гуядах, гар ачих мэхүүдийг сурмаг хийдэг эртэй бяртай бөх. Аатай амтай, бяртай эртэй өсөх идэр начин О.Пүрэв 2004 онд нөхөн олгосон улсын харцага бол авахаасаа өмнөхөн ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.  

“Тод магнай” сэтгүүлээс 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна