МУ-ын Манлай уяач Д.Бат-Эрдэнэ: Монгол хүн бүр үүх түүх, өв соёлоо мэддэг дээдэлдэг байх нь тусгаар тогтнолын баталгаа юм

Тэлмэн
2013 оны 3-р сарын 15 -нд

Мөргөдөг тэнгэрээ шүтэн хувь заяагаа даатгадаг
Мөнгөн сарны тойргоор цаг хугацаагаа хэмждэг
Мөчид ухварыг огоорон бие биенээ хүндэлдэг
Монгол түмний минь сар шинийн баяр ирлээ.

 Хөх тэнгэрийн хүчтэн луу хөрстийн  лус могойд халаагаа өгч буй энэ цаг дор сэтгүүлийнхээ зочны хойморт УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, МУ-ын Манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийг урьж хууч дэлгэлээ. Барагтай бол хэвлэлд ам нээж яриа өрнүүлээд байдаггүй энэ эрхэм “Тод магнай” сэтгүүлийн маань урилгыг уриалгахан хүлээн авч, сар шинийн босгон дээр хүлэг морин шүтээнтэй хөх монголын хийморилог ард түмэндээ сайны ерөөл өргөснийг дамжуулж байгаадаа баяртай байна. Та бүхэн таалан болгооно уу?
-Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гаргасан танд нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье?
-За амар сайн байна уу? Дэлхий нийтийн даяаршлаас монголчууд бидний авч үлдэх ёстой  зүйл бол үндэсний өв соёл. Тэр дундаа эрийн гурван наадам. Тухайн үндэстний өв соёл, үүх түүх гэдэг бол тусгаар тогтнолынх нь баталгаа байдаг. Тиймээс үндэсний өв соёлын нэгээхэн хэсэг болсон хурдан морины талаар бичдэг танай сэтгүүлд би ярилцлага өгөхдөө дуртай байгаа. Морин эрдэнэтэй нөхөрлөсөн Монгол эр хүний хувьд, Монголын хурдан морины төлөө, уяачдын төлөө гэсэн бүхэнд бололцооныхоо хэрээр оролцохыг хичээдэг.
-Баярлалаа. Шинэ жилийн босгон дээр ярилцаж байгаагийн хувьд улиран одож буй луу жилийг та хувьдаа хэрхэн дүгнэж буйг эхлээд сонирхмоор байна?
-Улиран одож буй луу жил нийт монголчуудын хувьд, бас миний хувьд хийморьтой сайхан жил байлаа. Магадгүй миний амьдралын хамгийн их баяр жаргалтай жилүүдийн нэг байсан байх. Монголчуудын маань хүсэн хүлээдэг төрийн их баяр наадамдаа сүргийн манлай азаргаа түрүүлгэлээ. Энэ бол монгол эр хүний хувьд, морио дээдэлдэг Бат-Эрдэнийн хувьд магнай тэнийм том баяр байсан.
-“Улс халзан” азарга хоёр жил дараалж төрийнхөө их баяр наадамд алтан жолоо өргүүлж, түмэн эхээр цоллуулж буй хүлэг?
-Тиймээ. Улс халзан бол монгол түмнээ цэнгүүлсэн үнэхээрийн хурдан буян. Халзан азарганыхаа буянаар анх удаа төв цэнгэлдэхэд орж нутаг усаа дуудуулан цоллууллаа.
- Андуураагүй бол нэлээд эрт улсад морь айрагдуулсан санагдах юм?
-Би морь түрүүлгэж байж төв цэнгэлдэхэд орно гэж өөртөө амлачихсан байсан юм. Тэгээд анх Хулан хээрийгээ айрагдахад хүүдээ хөтлүүлээд оруулсан. Дараа нь хэд хэдэн удаа  морь айрагдахад манай хүү, миний дүү хоёр хөтөлж цоллуулсан. Харин өнгөрсөн жил  халзан азарганыхаа буянаар төв цэнгэлдэхдээ орсон доо. Халзан азарга маань цаашдаа олон жил моринд хайртай монгол түмнээ баярлуулах байхаа.
-Та халзан азарганыхаа ямар шинжүүдийг нь онцгойлдог вэ?
-Хурдан хүлгийг шинжих олон шинж байдаг ч нэг дор бүгд цогцолно гэж байдаггүй. Хамгийн гол нь биеийн ерөнхий тэнцэл зохилдолгоо байдаг гэдэг. Тэрхүү шинжийг агуулсан манай Улс халзан маань хандгай, арслан шинжтэй, цуцаа багатай, үзүүртээ илүүрхдэг давуу талтай адуу.
 -Улс халзан энэ жил хэдтэй вэ?
-Ногооны естэй.
-Сайхан сэтгэлийн үзүүрт тос болж ирсэн бэлэгний адуу хурдлах сайхан биз?
-Тэгэлгүй яахав. Хурдтай хийморьтой дүү маань надад бэлэглэсэн юм. Манай Нараа чинь халхын хийморьтой эрчүүдийн нэг шүү дээ. Монгол төрийн наадамд зургаан удаа азарга түрүүлгэнэ гэдэг бас л ховорхон завшаан. Би ер нь бодоод байсан дандаа азаргаар нааддаг хийморьтой эрчүүдтэй илүү нөхөрлөдөг юм билээ. Манай Их ах байна. 
-Монгол төрийн наадамд 15 удаа азарга түрүүлгэсэн Даваахүү Тод манлайгаар бахархахаас өөр аргагүй юм даа?
-Нэг үе манай наадмыг үзсэн гадныхан “түрүүлсэн бөхөө Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг юм байна, Түрүүлсэн морио Даваахүүгийнх гэдэг юм байна” гэж ярьж байсан гэдэг. Энэ жилээс Даваахүү ахын маань унаган адуу хурдалж, хоёр ч үрээ төрийн наадамд айрагдлаа шүү дээ. Ирэх наадмаар бид их баярлах байхаа.
-Та ч гэсэн Их ахаасаа дутахааргүй олон сайхан хурдан азаргатай хүн. Тугал ухаа, Хулан хээр, Шөвгөр хонгор, Улс халзан гээд?
-Сүргийн манлай азарга гэдэг цаанаа л сүрлэг сайхан амьтан шүү дээ. Хүн өөрийнхөө эрхэмлэдэг хүндэлдэг хүмүүсийг өөрийн мэдэлгүй дуурайдаг юм билээ. Даваахүү ах маань дандаа азарга, их насны морь ярьдаг. Бага насны үрээнүүдийг болохоор тэгтлээ шимтэхгүй “азарга, их морь хоёр чинь арван жилийн унага шүү дээ” гэж хэлдэг. Би ч гэсэн ахыгаа дуурайгаад дээд нас тэр дундаа азарга, их мориор наадах дуртай.
-Таны нэртэй ямар ямар морьд байсан бэ?
-Согоо хээр, Арвай хээр, Өлгөр хүрэн, Шөвгөр хүрэн, Том зээрд, Жанжин бор зэрэг олон буянууд байнаа.
-Нэгэн үе адуу нэлээд цуглуулсан биз?
-Тэгсээн. Нэг хэсэг хурдан л гэвэл авсаар байгаад 300-400 хүрчихсэн байсан шүү.
-Анхны айргаа азаргаар хүртэж байсан байх аа?
-Шөвгөр хонгор азаргаа анхны Говьшанхын хурдад айрагдуулж, том наадмын өм нээгдэж байсан. Хонгор азаргыг маань Даваахүү ах таньж олж өгсөн юм.
-Даваахүү Тод манлайтай хэдий үеэс нөхөрлөх болсон юм бэ?
-Монголчууд бид бусдад хэлдэггүй ч гэсэн түрүүлж байгаа морийг хараад өөрийн эрхгүй огшиж, сэтгэл нь хөдөлдөг яс, цусандаа адуутай ард түмэн шүү дээ. Тэр утгаараа би өмнө нь Даваахүү ахыг их хүндэлж шүтэж явдаг байсан. Тэгээд 1998 онд “Говьшанхын хурд” төсөл судалгааны ажлыг хийж байхдаа “Монгол базальт” компанийн захирал Ариунболд найзаараа дамжуулаад Даваахүү ахтай “Улаанбаатар”  зочид буудалд анх уулзаж, ах дүү, багш шавь бололцсон юм. Тэгэхэд Даваахүү ах “уралдаан наадам ивээн тэтгэдэг моринд дуртай сайн хүү байна гэж сонсоод танилцах юмсан гэж бодоод л явсан юм. Хамгийн гол нь чи манайхны шүтээн “Ажнай” хүрэн азаргаар маань компаниа нэрлэсэн байсан” гээд ихэд бэлгэшээж байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Их ахтайгаа 15 жил нөхөрлөж байна даа. Нэг ч наадмаар тусдаа байсангүй дээ.
-Шөвгөр хонгороо авсан түүхээ хуучлаач?
-Залуу ч байж дээ. Тэр уулзалтан дээрээ би Даваахүү ахад “өвөөгийнхөө дурсгалд зориулаад “Говьшанхын хурд” гэдэг том наадам зохион байгуулах гэж байгаа. Нутгийн дэвжээн дээр азарга түрүүлгэчихмээр байна. Та нэг түрүүлэх азарга олж өгөөч” гэж хэлсэн юм.Тэгсэн Даваахүү ах “миний хүү наадам хийнэ гэж зорьж байгаа чинь сайхан байна. Гэхдээ шууд түрүүлэх азарга гэвэл хэцүү дээ” гэсэн ч хуучны Сэцэнхан аймаг буюу одоогийн Хэнтий, Сүхбаатар, Дорнодоор хоёр сар шахуу явж байж Дорнодын Гансэлэм гэдэг залуугаас хонгор азаргыг маань авч өгсөн.
-Та бол Шөвгөр хонгороо түрүүлчихнэ л гэж бодож байв уу?
-Даваахүү ах азарга мордохын өглөө “хонгор азарга чинь Жамбагын хүрэн азаргатай л уралдах юм шиг байна. Тэгэхдээ хүрэн азарга дундаас хойш урагшаа явчихвал хоёулаа арай барахгүй байхаа” гэсэн. Тэгээд бид хамтдаа азарга дагалаа. Бариа руу орохоос таван километр дутуу байхад Их ах Манлай уяачийнхаа гоё малгайг гартаа барьчихсан “за яаж байна хө, нөгөө хүрэн азарга харагдана уу” гэж асууж байна. Харсан алга. Ахиад 1-2 километр яваад хүрэн азарга харагдана уу гэхээр нь харсан чинь хойд талаар нь гараад ирсэн. Гэтэл Даваахүү ах “за тэгвэл одоо яараад яахав хонгор азаргаа жаахан татуулаад оруулчихъя даа” гэж билээ. Тэгээд нээрэн ахын маань хэлсэнчлэн Жамбага ахын хүрэн азарга түрүүлж, миний Шөвгөр хонгор азарга гуравласан даа.
-Нутгийн дэвжээн дээр азарга айрагдуулах бас л бахтай биз. Тэр үеийнхээ сэтгэгдлээс хуваалцаач?
-Монголын нууц товчоо шиг л байсан.
-Ойлгосонгүй?
-Чи Монголын нууц товчоог юу гэж ойлгодог вэ?
-Монголын түүхийн гол сурвалж бичиг гэж л боддог.
-Би хоёр жилийн өмнө Монголын Үндэсний телевизтэй хамтраад “Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ” гэдэг танин мэдэхүйн нэвтрүүлэг хийж байсан. Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн монгол хүн бүр үүх түүх, өв соёлоо мэддэг дээдэлдэг байх учиртай. Энэ бол манай улсын тусгаар тогтнолын том бэлгэ тэмдэг баталгаа юм. Би хувьдаа “Монголын нууц товчоо” гэдгийг монгол түмний омогшил бахархал гэж боддог. Уралдаж буй морио хараад өөрийн эрхгүй самсаа нь шархирч сэтгэл нь догдолж, монгол хүн болж төрснөөрөө бахархаж байгаа нь Монголын нууц товчоо юм.
-Таныг ийм үндсэрхэг хүн гэж бодсонгүй?
-Монголчууд үндсэрхэг байх ёстой. Бид үндсэрхэг байлаа гээд хэнд ч муу юм хийж чадахгүй. Харин Хятадууд, Оросууд үндсэрхэг үзэл гаргавал аюултай байж мэднэ. Бидэн шиг хүн ам цөөнтэй хөгжиж буй орны хувьд үндсэрхэг үзэл аль ч талаасаа давуу байдлыг бий болгодог.
-Магадгүй таны энэ үзэл говь шанхын хурдыг сэргээх үндэс болсон байх. Өмнийн говьчууд төрийн наадмаас хоёр түрүү, нэг айраг хүртэн алдраа мандуулж буй нь таны санаачлан зохион байгуулдаг “Говьшанхын хурд” бүсийн наадамтай салшгүй холбоотой?
-Монгол наадам болж байгаа газар бүхэн монголын тусгаар тогтнол дархлагдаж байгаа гэж боддог. Би чинь өвөө эмээгийн хүүхэд шүү дээ. Өвөө эмээгийнхээ өвөрт ээлжилж унтан, хурдан хүлгийн тухай үлгэр домог мэт сайхан түүхийг сонсож хүн болсон. Манайхан аймгийнхаа наадамд гурав түрүүлсэн хурдан бор морьтой. Миний ээж, Чулуунбаатар ах хоёр маань хурдан морь унаж, аймгийнхаа наадамд олон түрүүлгэж айрагдуулж байсан гэдэг. Би тэднийхээ үргэлжлэл юм даа. 
-Харин та хурдан морь унадаг байсан уу?
-Хэдийгээр би бусад хүүхдүүд шиг морь унаж, хурга ишиг хариулж өсөөгүй ч морь гэдэг хийморилог амьтны тухай цаг үргэлж сонсож, дуулж түүгээр бахархаж өссөн. Монгол хүн болгоны мах цусанд байдаг адуутай холбоотой тэр мэдрэмжийг өвөө маань сэдрээж өгсөн байх л даа.
-Өвөөгийн ярьдаг үлгэр туульс цээжний мухарт хадгалаастай байдаг байжээ дээ?
-1980-аад оны эхээр намайг оюутан байхад өвөө маань бурхан болж, үе дамжсан эмээлээ надад үлдээсэн юм. Тухайн үедээ хүүхэд байсан болохоор үнэ цэнийг нь тэгтлээ мэдрээгүй ч хожим эргээд бодохоор Монголын их өв хурдан морины соёлыг авч яваарай гэсэн өвөөгийн маань захиас байсан юм билээ. Түүнийг нь үеийн үед үр хүүхэддээ хэлж захиж явах ёстойгоо ойлгож компаниа ч гэсэн “Ажнай” хэмээн нэрлэсэн нь одоо бараг миний овог болчихож дээ. Ийм том гэрээс үлдээсэн өвөөгийнхөө ачийг нь хариулах юмсан гэсэн бодол цээжний мухарт цаг  үргэлж хадгалаастай л явдаг байлаа. Тэгээд анхны “Их хурд”-ын ивээн тэтгэгчээр оролцож байхдаа “яагаад нутагтаа ийм том уралдаан хийж болохгүй гэж” гэсэн бодол төрж дараа жил нь буюу 1999 онд анхны бүсийн уралдааныг зохион байгуулсан.
-Аливаа юмны анхдагч байх хэцүү шүү дээ. Тухайн үед бэрхшээл тохиолдож л байсан байлгүй?
-Хүндрэлтэй бэрхшээлтэй асуудал тулгаралгүй яахав. Одоо эргээд харахад яаж хийж чадсан юм болоо гэж бодогддог шүү./инээв/ Цогтцэций сумынхаа хойно юу ч үгүй нүцгэн тал дээр бүхэл бүтэн суурин байгуулж байж наадмаа зохион байгуулж байсан. Сумдыг цахилгаанаар хангадаг байсан 100 кВт-ын дизель станц хоёрыг тавьж байгаад, 25 шонгийн мод босгож гэрэлтэй болгож байгаад л л бүхнийг цогцлоож байлаа. Хөдөө гэхэд зочид буудал, ресторан гээд байхгүй юм байгаагүй. Төлөөлөгчдийг хүлээж авах зорилгоор 15 гэр бариулж, урлагийн тоглолт хийх талбай, бөх барилдах талбай гээд л бүхнийг өөрсдөө бий болгосон. Одоо БХБЯаманд газрын дарга хийж байгаа Цэдэнсамба гэдэг хүн тухайн үед Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Мөн манай Цогтцэций сумын засаг даргаар Бадарч гэдэг хүн ажиллаж байсан. Эдгээр орон нутгийн удирдлагууд болон Гаваа генерал ах, Хүүбаатар гуай зэрэг нутгийн ахмадууд бидний ажилд маш их тусалж дэмжсэний үр дүнд бид хамтдаа ард нь гарч чадсан юм шүү дээ. Бүтээн байгуулалтын ажлаас гадна олныг хамруулахын тулд бай шагнал нь өндөр байх хэрэгтэй хэмээн үзэж бараг анх удаа УАЗ-469 машинаар байлж байлаа, үүнд Бадмаа ах идэвхтэй оролцсондоо.
-Та бүхний хичээл зүтгэлийн хүчээр газар газрын хурдан хүлэг, эрдэмт уяачид чуулсан гэдэг шүү дээ?
-Тэгсээн. Арван хэдэн аймгийн уяачид ирсэн байсан. Лав л миний мэдэхийн одоогийн Тод манлай уяачид бүгдээрээ ирсэн. Бөх гэхэд л Бат-Эрдэнэ, Сүхбат гээд тухайн үедээ ид шуугиулж явсан хүчтэнүүд очсон байсан. Үзүүр түрүүний барилдаан 2 цаг 30 минут үргэлжилж сүүлдээ машины гэрэл тойруулж тусгаж байгаад бужигнаан дунд барилдаан өндөрлөж байсан юмдаг. Ийнхүү газар газрын хурд чуулж, хүчтэнүүд зодоглосон тэр сайхан наадмын дараа газар нутаг лус савдаг маань баярлаж, хүн ардын маань хийморь сэргэсэн гэж нутгийнхан ярихыг сонсох сайхан байдаг юм. Тэр цагаас хойш нутгийнхан маань адуугаа сайжруулах, угшлыг бэхжүүлэх тал дээр дор бүрнээ анхаарсаны үр шим өнгөрсөн жил төрийн наадмын хоёр түрүү, нэг айргийн амжилтаас харагдлаа шүү дээ. Хэдийгээр говьшанхын унаган адуунууд биш ч гэлээ энэ нутгийн хөвгүүдийн нэртэй адуу хурдална гэдэг нь говийн адуу сайжрахын эхлэл юм. Анх бүсийн уралдаан зохион байгуулахад санхүү хөрөнгө мөнгө, зохион байгуулалттай холбоотой бэрхшээлээс гадна хүмүүсийн говийн талаарх ерөнхий ойлголт байсан. Говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төрсөн нь дээр  гэсэн хэлц үг хүртэл гарчихсан, “Говийн ганц айл” нэвтрүүлэг ид хит болж байсан үе шүү дээ. Тийм үед говь руу ирж уралдаач гэж урих яг үнэндээ эр зоригийн асуудал байсан. Хамтран ивээн тэтгэх компанийн тухай яриад ч нэмэргүй, бүхнийг би өөрөө хариуцаж байсан бол “Говьшанхын хурд-4” уралдааны соёолонгийн бай шагналыг нутгийн дүү нар даасан шүү дээ. Энэ мэтчилэн олон дэвшил гарсан.
-“Говьшанхын хурд” гэдэг нэрийг та өөрөө өгсөн үү?
-Бид нэлээд ярилцсан. Газар орныхоо нэрийг оруулаад Шанхайн гэхээр хятад үг болчих гээд, Шанх гэхээр Өвөрхангай аймгийн нутагт байдаг хийдийн нэр  болчих гээд тэгээд бодож бодож  “Говьшанхын” гэх нь зүйтэй юм байна гэдэг шийдэлд хүрсэн. Одоо бурхан болчихсон Цэгмид доктортой хамтраад 1998 оноос эхлэн “Говьшанхын хурд” гэдэг судалгааны ажлыг эхлүүлсэн юм. Энэ төслийн хүрээнд Цэгмид доктор Өмнөговь аймаг руу зургаан удаа явж Говьшанхын хурдны цөм болсон Манлай, Цогтцэций, Ханбогд сумын хойд хэсэг, Цогт-Овоо, Баян-Овоо сумдын нутгаар аялж, уяачидтай уулзаж ярилцан манай нутгийн хурдан морь түүнийг уях сойх соёлын талаар судалж 1999 онд “Говьшанхын хурд” нэртэй ном гаргасан. Тэр номыг харж байхад нутгийн буурлуудын маань мөрөөдөл нь Говьшанхын хурдаа сэргээн сайжруулах гэдгийг анзаарч, төслийн үргэлжлэл болгон бүсийн наадмаа зохион байгуулах болсон юм. 19-р зууны эхээр гадныхан монголоос тэр дундаа манай говиос морь авдаг байж, мөн Хэнтийн Галшараас ирж гүү авч байсныг нутгийнхан ярьдаг юм. 
Говьшанхын хурдаа сэргээхийн тулд уралдаан зохион байгуулж, басхүү газар усаа аргадан сүм хийдээ сэргээх гээд тал бүрийн л ажил хийж байгаа юмаа даа. Дэмчигийн хийдийг сэргээсэн нь Өмнөговийн уяачдын хийморийг сэргээсэн хэмээн ярих хүнтэй таарч байлаа?
-Хүмүүс намайг “Ажнай”-н Бат-Эрдэнэ, бизнесмен, улс төрч гээд янз янзаар л хардаг байх. Харин би хувь хүнийхээ тухайд Монгол хүний хийж чадахгүй орхигдуулаад байгаа юм уу, гадныхан биднээс түрүүлж хийгээд байгаа зүйлийг л хийхийг хичээдэг, монголчууд өөрсдөө чадаж байгаа ажил төрөл рүү нь ордоггүй. Оюутолгойн орд бол зэс алтны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх хэмжээний төсөл. Гэтэл тус компанийн удирдлагууд монголын төлөө юу хийж байна. Сайн муугаар бичүүлэхгүйн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээр  хэрэгтэй хэрэггүй зар л явуулж байгааг эс тооцвол монгол улсын төлөө, үндэсний өв соёлыг нь хамгаалах тал дээр хийсэн зүйл байхгүй шүү дээ. Оюутолгойн орд газартай маш ойрхон Дэмчигийн хийд байдаг. Ороо бусгаа цагийн аясаар монгол түмний оюуны их сор болсон тэрхүү ариун дагшин хийд устаж үгүй болсон ч түмэн олны сүсэг бишрэл буураагүй. Тиймээс хамгийн анх есөн суварганы гурвыг нь хийлгэсэн юм. Дараа нь бүхэлд нь сэргээх хэрэгтэй гэдэг асуудал яригдаж Оюутолгой төслийнхөн хийчих болов уу гэж хүлээж байсан ч хийгээгүй. Тэгэхээр нь Буянтогтох гэж Ханбогд сумын засаг даргаар 16 жил ажилласан, нутаг орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй ахтайгаа хамтарч анхных нь байсан болов уу гэсэн зургаар хийдийг дахин барьсан. Монголын түүх үнэт бүтээл гэдгээр нь анхны зуух халаалтын систем, хуучин хаалга зэргийг нь тэр хэвээр нь хадгалж вакуум хаалтаар хамгаалсан. Мөн гол бурхдуудыг нь залсан. Дэмчигийн хийдийн гол бурхан бол дээд амгалан буюу Дэмчог бурхан юм. Дэмчог бурхны гол сургаал нь өөртөө байгаадаа сэтгэл хангалуун байх нь дээдийн амар амгалан хэмээн сургадаг юм. Өнөөгийн нийгэмд Дэмчог бурхны тэрхүү сургаал монгол түмэнд минь тус нэмрээ өгөх нь дамжиггүй .Уг хийдийг үүсгэн байгуулагч говийн догшин хутагт Данзанравжаа нэгэнтээ “Дэмчигийн хийд, Хамрын хийд хоёрын хоорондох нутаг бол цаашдаа Монголын том үүц болно” гэж хэлж байсан нь эдүгээ биеллээ олж байна шүү дээ.
-Дэмчигийн хийдийг дэлхийн энергийн төв гэдэг. Та ямар нэг байдлаар түүнийг нь мэдэрч байв уу?
-Энерги байдаг гэдэгт нь эргэлзэж байсан удаагүй. Тийм болоод ч тэрүү очихоор цаанаа л нэг өөр гоё байдаг юм. Дэмчигийн хийдийг энергийн төв гэдгээс гадна хүсэл биелүүлдэг гэж ярьдаг шүү дээ. Би өөрийн мэдэх нэг явдлыг яръя л даа. Хариуцлагатай алба хашдаг хоёр залуу надтай хамт Дэмчигийн хийд явсан юм. Хоёулаа хүүтэй болох хүсэлтэй. Тэгсэн дараа жил хоёулаа хүүтэй болчихсон байсан.
-Луу жилд төрийнхөө их баяр наадамд цулбуур өргүүлсэн хурдан хүлгийн эзэд Цогтцэций сумын хөвгүүд. Танай нутгаас тодорсон гэгээнтэн Дамдин Янсан бурхны сахиустай байсан гэдэг. Энэ бүхэн хоорондоо холбоотой юм шиг танд санагддаг уу?
-Энэ хорвоод учир зохилдолгоогүй юм гэж нэгээхэн ч үгүй. “Говьшанхын хурд-1” наадам 1999 онд болсон.  Их хувилгаан, соён гэгээрүүлэгч, түүхч, эрдэмтэн Баригри Ёнден, Дамцагдорж гэгээнтний IV дүр 2000 онд төрсөн байдаг юм. Дамдин Янсан бурхны сахиусан шүтээнтэй Гэгээнтнийг  IX Богд, Далай багш нарын айлдвараар тодруулж, хутагтад өргөмжилсөн. Эдүгээ Гэгээнтэн маань Энэтхэг улсад ном эрдэмд суралцаж байгаа. Гэгээнтэн тодруулах болон тодорсон цагаас эхлээд Дундговь аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүн Ганхүү гол санаачилга ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Бид хамтран гэгээнтэндээ зориулж номын өргөө барих зэрэг ажлуудыг хийхээр зэхэж байгаа. Тэр болгоныг тоочоод байх боломжгүй ч үндэсний их соёл, эрийн гурван наадам тэр дундаа хурдан морьтой холбоотой аливаа үйл хэргийг өөрийнхөө хэмжээнд дэмжихийг хичээдэг. Жишээлбэл аймгийнхаа төвд халхын манлай таван азарганы хөшөөтэй усан оргилуур байгуулсан. Мөн Монгол улсын хэмжээнд хурдан морь түүнтэй холбоотой өв соёлын нэгээхэн хэсэг болсон гийнгооны тэмцээнийг зохион байгуулахаар зэхэж байна.
-Танай нутагт л гэхэд зээ татна гэж нэг сайхан уламжлал байна?
-Манай нутаг хурдан морь уяж сойх, түүнтэй холбоотой олон чухал ёс заншлууд бий. Тэдгээрийн нэг нь зээ татах. Хурдан морины хийморийг сэргээж, унаач хүүхдийн урмыг тэтгэдэг гэж нутгийнхан ярьдаг. Мөн түүнчлэн морьдоо гаргахдаа уртын дуугаар шуранхайлдаг. Нас болгон өөр өөр дуутай. Энэ бүхнийг залуус хойчдоо өвлүүлэн үлдээх бидний үүрэг юм даа.
-Гэвч Манлай адуугаа чанаржуулах зэргээр нутгийн хүүгийн үүргээ хязгаарладаггүй юм шигээ. Тэмээ хамгаалах сангийн тэргүүний албаа хашиж байгаа юу?
-Хэвээрээ. Дэлхийн хоёр бөхтэй тэмээний 30 гаруй хувь нь Монголд, Монголын нийт тэмээний 40 гаруй хувь нь Өмнөговь аймагт байдаг. Тэгэхээр Өмнөговьчуудын хувьд тэмээгээ хайрлаж хамгаалах нь үүрэг юм. Манай говийнхон чинь хамгийн хөөрхөн гэснээ ботготойгоо, хамгийн дөлгөөн, сайхан, тэвчээртэй хүнээ тэмээтэйгээ зүйрлэдэг ард түмэн. Өөрөөр хэлбэл говьчуудын бахархал нь галбын говийн, ханын хэцийн тэмээ нь. Зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй нийгэм эдийн засгийн байдал хүнд байсан үед тэмээний тоо толгой цөөрсөн. Энэ үед манай нутгийн багш нар, ахмадууд маань “Бат-Эрдэнээ тэмээ ховордоод байна” гэдэг асуудлыг ярьдаг байсан. Говьчуудын амьжиргааны эх үүсвэр болсон хоёр бөхт тэмээгээ хамгаалахын тулд төрийн бодлогыг хүлээж суух аргагүй болж тэмээний ноосыг үнэтэй болгох, тэмээгээ өсгөсөн малчдаа урамшуулах гээд өөрийн боломжийн хэмжээнд эдийн засгийн хөшүүргийг хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгсөн. Мөн тэмээний гол түүхий эд болсон хоормогны үнэ цэнэ ач холбогдлыг таниулах ажлыг зохион байгуулж 2005 оноос хоормогны баярыг хийх болсон.
-Хоормогны баяраа?
-Тиймээ, малчдынхаа ирэх очих зардлыг дааж авчраад “Скай” худалдааны төвд хоормогны баярыг хийсэн. Түүний үр шимээр нэг литр нь 400-500 төгрөг байсан хоормог 1000 төгрөг болтлоо өсч байлаа. Тэр бүү хэл би өөрөө УИХ-ын гишүүн байхдаа гишүүддээ  агаарын бохирдол, архины хордлогыг тайлдаг хамгийн сайн идээ чинь энэ хоормог гээд сурталчилж явсан удаатай. /инээв/ Үнэхээр ч ингэний хоормогны найрлаганд эхийн сүүнд байдаг чухал амин дэмүүд байдаг юм шүү дээ. Ийнхүү тэмээнээс гардаг ноос, хоормог зэрэг бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдээд ирэхээр малчид маань тэмээгээ хүнсэнд хэрэглэх биш, ашиг шимийг нь нэмэгдүүлэх тал дээр илүүтэй анхаарах болж, түүнийгээ дагаад тоо толгой нь өсөхөд нөлөөлсөн байхаа. Саяхан Ханбогд сум гэхэд хоёр түмэн тэмээний баяраа тэмдэглэлээ.
-ММСУХ-ны Ерөнхийлөгчөөр хамгийн олон жил ажилласан нь та. Монголын хамгийн хүчирхэг төрийн бус байгууллагыг удирдсан найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа тоймлооч? 
-Монгол эрчүүдийн хийморь, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон энэ сайхан байгууллагыг 2000-2008 оны хооронд А.Баярмагнай ахтайгаа хамтран удирдахдаа морь гэдэг амьтан ямар агуу болохыг илүүтэй мэдэрсэн. Монголчууд бид үндэсний бөхөө дээдэлдэг  ч гэсэн морин дээрх шигээ эвлэлдэж чаддаггүй. Жишээлбэл Баянмөнх Аварга монгол түмний хайртай  бөх ч гэлээ Төв аймгийнхан жаазандаа Мөнхбат аваргын зургийг л хийнэ. Увсынхан Мөнхбат аваргын барилдааныг харах дуртай ч Баянмөнх аваргаа илүүд үзнэ шүү дээ. Гэтэл Ононгийн Аварга хээр морины зураг захын айлын жаазанд байж байдаг. Өөрөөр хэлбэл морь монголчуудыг шашин шүтлэг, нийгмийн гарвал, нутаг ус хамааралгүй нэгтгэж чаддаг. Тийм ч учраас мориор дамжиж нөхөрлөсөн улсын нөхөрлөл илүү бат бөх байдаг. ММСУХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ММСУХ-ны дүрэмд өөрчлөлт оруулж “ММСУХ-ны тэргүүн нь нэг удаа улиран сонгогдож болно” гэсэн заалтыг суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл бусад холбоод шиг нэг хүн эзэн суучихаад өөрийн дураар аашлах боломжгүй болгосон. Мөн баяр наадмын тухай хуультай болж, уяачид алдар цолоо төрийнхөө тэргүүнээс гардан авдаг болсон. Өөрөөр хэлбэл уяачийн хөдөлмөрийг төр засгийн хэмжээнд үнэлдэг болсон. Уяачдын хөдөлмөрийг үнэлүүлэх зорилтын хүрээнд “Мөнгөн гэрэгэ”, “Молор эрдэнэ” одонг бий болгосон. Бидний баримталж байсан өөр нэгэн бодлого бол монгол адууны үнийг өсгөх явдал байсан. Зарим нэгэн хүмүүс хэл мэдэхгүй адгуусыг хэтэрхий үнэтэй болголоо гэж шүүмжилдэг ч би эсрэг байр суурьтай байдаг. Харин ч бүр илүү өсгөх ёстой. Гадны машиныг тэрнээс хэд дахин үнэтэй авч болоод байгаа хэр нь яагаад монгол адуу, үндэсний бахархлаа тэр хэмжээнд үнэлж болохгүй байгаа юм. Машин авсан мөнгө гадагшаа гарч байгаа бол адуу авсан мөнгө дотооддоо үлдэж байгаа. Энэ мэтчилэн үндэсний агуулгатай аливаа зүйл дээр сайн талыг нь илүүтэй олж харахыг эрмэлзэх хэрэгтэй. Монгол наадам чинь явж явж тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал болдог шүү дээ.Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд хийсэн өөр нэгэн ажил бол хаврын уралдаануудыг тогтмолжуулсан явдал. Анхны “Дүнжингаравын хурд” уралдааныг зохион байгуулахдаа холбооны бүх тэргүүлэгчид оролцох уриалгыг дэвшүүлж, бүгдээрээ гараан дээр морь бариад зогсож байлаа. Анхны уралдаан алдаа мадагтай болбол уяачдын идэвхи  оролцоо муудна шүү дээ. Тэр утгаараа бид дор бүрнээ хариуцлага үүрч байсан. Одоо бол “Дүнжингаравын хурд” уралдаан уяачдын хүсэн хүлээдэг сайхан наадам болж.
-Зөвхөн хаврын гэлтгүй бүсийн уралдаанууд таны  үед тогтмолжсон байх шүү?
-Урьд нь бүсийн наадам хийх тогтсон газар товлосон хугацаагүй байснаа больж, зүүн, баруун, хангайн, говийн гэсэн бүсүүдэд хувааж тогтмол зохион байгуулагдахаар болгосон. Мөн монгол адууныхаа чанарыг сайжруулах тал дээр нэлээд анхаарсны үр дүнд тодорхой үр дүнгүүд гарсан. Энэ байдал даамжирч нэг хэсэг эрлийз морьд давамгайлах хандлагатай болсон нь жирийн уяачдын идэвхийг бууруулж, уралдах морьдын тоо цөөрч эхэлсэн. Тиймээс холбооны зүгээс ялгаж зааглах бодлого баримталж байж хөдөөгийн ард түмнийхээ идэвхийг сэргээсэн.
-Одоо хүндэт Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юу? Холбооны үйл ажиллагаанд оролцож чадаж байгаа юу?
-Өмнө нь ММСУХ-ны тэргүүнээр ажиллаж байсан Буяндэлгэр ах бид хоёрыг хүндэт Ерөнхийлөгчөөр сонгосон. Ажлын ачааллаас болоод хурал цуглаанд нь тэр болгон оролцож амжихгүй ч нарийн бичгийн дарга Сэргэлэн, тэргүүн Энхболд нартайгаа холбогдон аль болохоор оролцохыг хичээдэг.
-Та хаа явсан газраа эрчүүд командлах ёстой хүн юмаа даа. Батлан хамгаалах яамны сайдын алба хариуцлага өндөртэй биз?
-Өндөр байлгүй яахав. Үг хэлнээсээ эхлээд цэгнэх дүгнэх юм ихтэй. Монголынхоо хамгийн хийморилог салбарыг удирдаж яваадаа сэтгэл хангалуун байдаг. Батлан хамгаалах яам бол Чингис хааны цэргийн гал голомтыг сахиж, түүхийг үргэлжлүүлж байгаа маш ариун нандин салбар. Мориныхон нам улс төрийн үзэл баримтлал хамаарахгүйгээр нэгдэж чаддаг шиг цэрэг армийнхан мөн нам улс төрийн үзэл бодлоос ангид байж өргөсөн тангаргаа биелүүлдэг хүмүүс. Дандаа ийм сайхан хүмүүстэй ажиллана гэдэг нэг талаараа бас завшаан шүү. Батлан хамгаалах яамны сайдын ажлаа аваад Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг төрийн есөн хөлт цагаан сүлдийг залдаг есөн шарга морин дээрээ очиж байлаа. Тэгээд төрийн нэртэй адууны тамга ч гэсэн бэлгэдэлтэй байх ёстой хэмээн үзэж таван хошуу хэлбэртэй байсныг нь Чингис хааны сэрээ тамгаар өөрчилсөн. Түүнчлэн монгол адууны генийг хадгалсан төрийн торгон сүрэг бүрдүүлэхээр төлөвлөж байгаа.
-Чихэнд чимэгтэй мэдээ байна. Энэ ажлыг хэзээнээс эхлүүлэх бодолтой байгаа вэ?
-Ер нь удахгүй эхлүүлье гэж бодож байгаа. Монгол улсын Тод магнай, Манлай, Алдарт уяачид цөм дэмжиж хурдаасаа өгч байна. Гол нь хэрэгжүүлэх арга механизмаа боловсруулж, ярьж тохирох хэрэгтэй байгаа юм. Монгол адууны гайхамшигт чанарыг таниулах тал дээр өөр нэг зүйл хийхээр мөн төлөвлөж байна.
-Нууцад хамааралгүй бол хэлж болох уу?
-“Хааны эрэлд” гээд олон улсын цэргийн үйл ажиллагааг Монголд зохион байгуулдаг. Би хаалтын үйл ажиллагаан дээр Америкийн тэнгисийн явган цэргийн командлагчид морь бэлэглэсэн юм. Тэгэхдээ “Дэлхийн ихэнхийг хураасан Чингис хааны алтан туурайтай энэ сайхан хүлгээс танд бэлэглэе” гэж хэлэхэд маш их баярласан. Түүнээс улбаалан өнөөдрийг хүртэл оньсого хэвээр байгаа Чингис хааны цэргийн тактик, монгол морины гайхамшигийг таниулсан сургалтыг яагаад зохион байгуулж болохгүй гэж бодсон. Гадны цэргийн генералууд монгол цэргийн түүхэн урлагийг  монгол түүхчдээр яриулаад, хааны цэргүүд хэрхэн морь унаж, хэрхэн хоол ундаа иддэг байсныг бодитоор үзэж сургуулилаад түүгээрээ шалгалт  өгч  сертификат авдаг байг л дээ. Чингис хааны  цэргийн академийг төгссөн гэдэг нь тэдний хувьд нэр төрийн хэрэг байхуйц өндөр зохион байгуулалт нэр хүндтэй байлгаж яагаад болохгүй гэж.
 -Таны ярианаас Монголыг илэрхийлж болохуйц  бүхнийгээ өнгөлж тордон усалж байх ёстой юм байна гэдгийг  ухаарлаа?
-Үндэсний өв соёл, үүх түүхээ дээдэлж яв л гэсэн үг л дээ. Дээр ярьсан монголын хурдан морийг хөгжүүлэхэд үнэмлэхүй амжилт гаргасан зүтгэлтэнд олгодог “Молор эрдэнэ” одонгийн хамгийн анхныхыг Галшар угшлыг адууг бий болгосон Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавт нэхэн олгосон. Харин хоёр дахийг нь ММСУХ-ны тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар надад олгосон юм. Эхэндээ ч жаахан санаа зовж л байлаа. Гэтэл нутаг орныхон маань надад хэлэлгүйгээр миний одонг угаах гээд сайхан наадам зохион байгуулсан. Би гэдэг бусдад өгч л байснаас авч байсан удаагүй юм билээ. Анх удаа хүмүүс надад зориулаад тийм сайхан арга хэмжээ зохион байгуулахад үнэхээр их баярлаж улам ихийг бүтээх урмаар хөглөгдсөн. Нутгийхандаа их баярласан шүү. Тэр үед манай нутгийн нэг буурал “манай Бат-Эрдэнийн удмынхан найр наадам их хийж, нутаг ус, хүн ардаа баярлуулдаг сайхан хүмүүс байгаа юм” гэж хэлсэн. Нээрэн ч хүмүүс найр наадам гэхээр зугаа цэнгэл талаас нь хараад байдаг болохоос биш үндэсний соёл, уул ус, хүн ардаа баярлуулж байгаа буян гэж боддоггүй юм билээ л дээ. Найр наадмын дэг жаяг гээд өв уламжлалын олон элементүүд тэнд явж л байдаг. Наад зах нь уртын дуу шуранхайлна, морин хуур эгшиглэнэ. Би “Говьшанхын хурд” наадам хийхдээ нутгийнхаа ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, аманд нь аялагдсан сайхан дуу зохиохыг хүссэн. 1999 онд “Говьшанхын хурд” гэдэг дууг зохиолгож, Гавьяат жүжигчин Эрдэнбатаар дуулуулж, наадмын талбай дээр 17 удаа дахиулж байлаа. Дараа нь нутгийн дүү Баянмөнх гэдэг залууд захиалж “Говьшанхын нутаг” гэж дууны шүлэг бичүүлж, Сэр-Од Гавьяат аяыг нь хийсэн. Одоо говьчуудын аялах дуртай дууны нэг. Энэ сайхан дууг Батсайхан маань дуулж, манай нутгийн залуус клипэнд тоглосон.
-Бидний яриа өндөрлөх тийшээ хандаж байна. Анх Даваахүү Тод манлайтай уулзаад шууд түрүүлэх азарга асууж байсан гэсэн. Одоо тийм хүсэлт тавьж байгаа юу?
-Үгүй дээ. Тэгэхдээ монгол хүн бүхний хүсэл уясан морио түрүүлгэж айрагдуулах шүү дээ. 500 морь мордоход бүгд л айрагдаж, түрүүлгэхийг хүсдэг. Би ч ялгаагүй дотроо горьдоод л мордуулна. Тэр үеийнхээс ялгаатай нь зорилго болгож улайрахгүй. Одоо бол Даваахүү ахын хэлдгийг л хэлнэ шүү дээ. /инээв/.
-Ингэхэд та чинь хэдэн оны Алдарт уяач билээ?
-Эртнийх ээ. Буяндэлгэр ахаас авч байсан гэхээр 2000 он юмуу даа. Анхны Говьшанхын дараа л авч байсан юмдаг. Харин Манлай уяач цолоо хоёр жилийн өмнө авсан.  
-Бидний урилгыг авч илэн далангүй яриа өрнүүлсэн танд баярлалаа. Сэтгүүлийн хуудсаар дамжуулан Монголынхоо ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна.
-Баярлалаа. Он солигдохын өмнө хамгийн хийморилог үндэсний сэтгүүлд ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Ирж буй усан могой жил нийт монголчуудын хувьд аз хийморьтой байж, монгол түмэн маань эв найрамдалтай байж, бие биенээ өөрөөсөө илүү хайрлахыг хүсэн ерөөе. Энэ бол бидний оршин тогтнох, хөгжих дэвжих амин сүнс  гэж хэлмээр байна даа. Монголчууд бид азтай хүмүүс шүү.
Баярлалаа.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна