Яруу найрагч Н.Баянмөнх: Надад адууны буян хишиг, хөрөнгө нь байгаа л бол хурдална гэж боддог

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 12 -нд

-Уран бүтээлийн олз омог арвин байна уу? 
-Тийм ээ. Монголчууд ярьдаг шүү дээ. Газар дэлхийн эзэн могой жил гарсан болохоор байгалиа шүтэж амьдардаг бидний хувьд ээлтэй  жил гарлаа хэмээн бэлгэшээж байна. монгол түмэнд ээлтэй сайхан жил болох байхаа. Өнгөрсөн луу жил миний ажил амьдрал болоод уран бүтээлийн хувьд өрнүүн сайхан жил боллоо. Эндээс  онцлоход “Говь шанхын нутаг” ном, CD, DVD бүхий бүтээлээ  олны хүртээл болгоод байна. Өнгөрсөн жилийн шилдэг найман номын нэгээр шалгарсан энэ бүтээл маань Монголдоо төдийгүй Өвөрмонгол, Тува, Буриад, Шинжааны уншигчдын хүртээл болсонд үнэхээр их баяртай байгаа. Америк, Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууд, гадныхан  гээд дэлхийн өнцөг булан бүрээс захиалан авах гэсэн хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь уран бүтээлч надад урам зориг нэмж байгаа. Энд сонирхуулахад гадныхан энэ номны хэддүгээр хэвлэлт вэ гэж асуудаг юм байна. Анхны хэвлэлт нь илүү үнэ цэнэтэй байдаг болохоор үүнд их ач холбогдол өгөх юм. Сүүлд Америкаас пивоны үйлдвэрийн эзэн Америк хүн анхны хэвлэлтээс нь гурвыг захиалж авсан.
-Их олон зүйлийг багтаасан болохоор их хугацаа орсон байх даа?
-Тийм ээ. 2011 оноос хойш хийсэн миний бүтээлүүд орж байгаа. Ерөнхий төлөвлөгөөгөө гаргаад номондоо ажилласан хугацаа жил, хоёр сар орчим болсон. Зөвхөн эх бэлтгэлд зургаан сар, хэвлэлтэнд хоёр сар гаруй хугацааг зарцууллаа. Миний бүх бүтээлүүдэд монголын уран бичлэгийн холбооны тэргүүн Баатарчулуун ах маань гларап хийсэн. Монгол бичгээр хөрвүүлнэ гэдэг тун амаргүй байлаа. Манай дүрмээр бичсэн зүйлийг өвөрмонголчууд буруу биччихсэн байна гээд байдаг. Өвөрмонголд бичсэн зүйлүүдийг манай эрдэмтэд дүрмийн бус байна гээд байдаг. Нэгэнт монгол туургатнуудадаа зориулан бүтээж байгаа болохоор монгол бичгийн бүтэн баг энд ажилласан. Би өөрөө “Гурван эрдэнэ” дээд сургуульд тэнхимийн эрхлэгчийн алба хашдаг. Тэгэхээр монгол бичгийн мэргэжилтнүүд бэлэн байна гэсэн үг. Нөгөө талаар миний ээж Монгол улсын гавьяат багш Бадамгарав гэж хүн бий. Ээж маань энд хамгийн гол ачааг үүрч, гардан хийж хүүдээ тусаллаа. Мөн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн Отгонбаатар, Өвөрмонголын багшийн сургуулийн эрдэмтэд гээд олон хүний хүч хөдөлмөрөөр их ажлын ард гарлаа. зөвлөсөн.
-Тэнхимийн эрхлэгчийн алба хашдаг гэлээ.  Тэнхимээрээ урлагийн амтанд орчихсон хүмүүс байдаг байх даа?
-Магадгүй шүү. Манай сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ангид уран зохиолыг шимтэн сонсдог, шүлэг зохиол бичдэг авьяаслаг оюутнууд олон бий. Багш нар гэдэг мэргэжлийн судлаачид болчихсон байдаг шүү дээ. Тэр утгаараа шинээр мэндэлж байгаа уран бүтээлийн маань анхны сонсогчид болж, санаа оноогоо хэлнэ. Өөрөөр хэлбэл нээлттэй сайхан ярьдаг, зөвлөдөг багтай болсон гэх үү дээ.
-Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Хүмүүс шүүмжлүүлэх дуртай л гэж ярьдаг Дорно, өрнийн нийгмийн хөгжил, харилцааны бүтээлүүдийг уншаад байхад шүүмжлүүлэх дуртай хүн байдаггүй юм байна лээ. Би ч бас тиймэрхүү талдаа. Миний хийсэн юм надад л сайхан санагдаж байвал хэдийгээр шүүмжлэлийг хүлээж авч байгаа мэт боловч дотроо өөрөөр бодох нь бий. Мэдээж дуугүй өнгөрөхгүй л дээ. Нөгөө бүтээлээ тайлбарлана. Нэг удаа миний “Зүүдэнд ирсэн Урангоо” дууны  шүлгийг нэг эрдэмтэн ТВ-гээр шүүмжлэн ярьж байнаа.
...Зүлэг ногоорох судгаар нь
Цасны шар ус гүйгээд...гэж шүлгийг мөртүүдийг онцлон дурдаад энэ Баянмөнх арай л тэнэг байх гээгүй санагдана. Зүлэг нов ногоон болчихсон байхад цасны шар ус гүйнэ гэж юу байсан юм гэсэн. Манай Дундговийн Хошуут суманд Өвөлжөө хошуу гэж сайхан хяр байдаг юм. Байгалийн баялаг сайтай, ан гөрөөтэй тэр хярд цас ханзрахад цасны доороос зүлэг ногоорчихсон байдаг. Тэр ногоорчихсон зүлгэн дээгүүр цас ханзрангуут шар ус гүйдэг юм. Тэр усыг  малд маш сайн хэмээн миний ухаан орохын цагаас л нутгийнхан ярьдаг байлаа. Үнэндээ манай говийнхны хувьд зүлэг ногоорох судгаар цасны шар ус гүйгээд гэдэг хамгийн гоё дүрслэл байхад Улаанбаатар суугаа эрдэмтэн ойлгохгүй байна шүү дээ. Мэдээж зарим нэг алдаатай зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ аливаа зүйлийг хийх хэцүү, шүүмжлэх  шиг амархан юм байхгүй. Хийдэггүй хүмүүс л хийдэг хүмүүсийн зовлонг мэддэггүй учраас шүүмжлэмтгий байдаг юм болов уу.
-Таны шүлэг “Аархал”дуу бас л “гайхуулж” байна даа? Шүлэг төрсөн түүхээс бидэнд ярьж өгөөч?
-Миний олон сайхан найзуудын нэг нь Увс аймгийн уяач Лхагвасүрэн байгаа юм. Бид одоогоос арваад жилийн өмнө хурдан мориор холбогдон танилцаж байлаа. Манай найз чинь оготны нүхээр ч  ороод гарах их сэргэлэн, хийморьтой эр дээ. Бодож сэтгэж байгаа нь хүртэл гурван нүүдлийн цаадахыг л харна шүү дээ. Өнөө шүлгэнд гарч байгаачлан:
..Гулууз гулууз мөнгийг богцон дотроо харшуулаад
Гурван үеийн буяныг арвижуулж ирсэн омог байна...Хуучин цагт гулууз гулууз мөнгийг сүхээр цавчаад л энэ хэсгийг нь май, энүүгээр авъя гээд наймаа хийдэг байсан гэдэг. Бас мөнгөн ембүүг ханцуй дотроо наймаалцдаг ч юм уу. Энэ бол өнөө бидний цагт байхгүй болсон зүйл. Харин үүнийг бид урлагаар дамжуулан үлдээх боломжтой. За бас энд Монголын хурдны өлгий нутаг Говьшанх, Сүхбаатар, Тэс гээд дуулаад байх нэг хэрэг. Тэгвэл өнөөдөр ихэнх сайн уяачдын шон дээр тэр л гайхагдсан  шигшмэл хурдан хүлгүүд цуглачихсан байх нь бий шүү дээ. Манай найзын хувьд ч ялгаагүй. Тийм учраас:
...Тэсийн гол Галшарын тэнгэрлиг хүлгүүд уяан дээр минь байна
   Алтан Дарьганга Говьшанхын аргамагийн тоос дээлэнд минь байна гэж бичсэн юм. Би багадаа унаач хүү явлаа. Миний өвөө Авирмэд гэж хурдан бор морьдтой уяач хүн бий. Өвөөгийнхөө уясан хурдан боруудаас нь унаад наадамд явна даа. Одоо шиг машин тэргэнд сууж явахгүй. Морио хөтлөөд л өдрийн халуун, замын уртад үүрэглээд л явна. Сэрүү орохын үест буудаллах болоход хүүхдүүд унт л гэнэ. Тэгэхэд өвөө маань салхины дээд талд эмээл, гөлмөө тойруулж тавьчихаад морины нэмнээ дэвсэж өгөөд, дээлээрээ хучдагсан. Доороос морины хөлс хамар цоргин, дээлнээс ч ялгаагүй хэзээний  танил адууны үнэр ханхийнэ. Тэр л танил амьдрал надад “...Алтан Дарьганга, Говьшанхын аргамагийн тоос дээлэнд минь байна” гэсэн шүлгийн мөртүүдийг төрүүлсэн юм даа.
-Төрмандахаар дуулуулах санал хэний санаа байсан бэ?
-Дуучин Төрмандахын СУИС-ийн ангийн анд А. Анхбаяр “Аархал” дууны аяыг бичсэн юм. Анхаа СУИС-д ороогүй байхдаа “Аяа би ээжийгээ уйлуулж, дуулуулж өслөө” гэдэг дууны аялгууг бичсэн авьяастай залуу байгаа юм. Бид хаа нэг таарахаар “Баянаа ахаа гоё шүлэг өгвөл гоё дуу хийнэ ш дээ” л гэнэ. Бид хамтдаа хоёр гурван ч дуу хийсэн. Ингээд дуу бэлэн болчихлоо. Хоёулаа хэнээр дуулуулах уу гэж ярьж суутал Анхаа Төрмандах л чадна гэж байна. Яагаад гэвэл тэр бол иртэй дуучин. Үнэхээр омогтой, хоолойны чадалтай, тэсрэлттэй, түүнийгээ эмоцитэй гаргаж чадах хүн” гэлээ. Ер нь уран бүтээлийнхээ хувь заяаг бодож, дуучны чадварыг үнэлж өгдөг болохоор би ч зөвшөөрсөнөөр олны хүртээл болох эхлэл тавигдсан юм даа. Энэ дууны клипэнд Лхагваа найз маань хүүхэдтэйгээ тоглосон. Бид  зураг авалтаа  түүний адуун  дээр, бас Болдоо найзындаа очиж авсан. Миний хамгийн сайхан бүтээлүүдийн нэг болсон гэж боддог.
-Найз чинь үнэхээр их баярласан байх даа?
-Тэгэлгүй яахав. Найз одоо ч нисээтэй явна. Хэзээ бууж ирэхийг мэдэхгүй. /инээв/
-Уран бүтээлч бүр төрсөн нутгийнхаа сайхныг бүтээлдээ багтаахыг хүсдэг. Та тэр мөрөөдлөө биелүүлчихсэн үү?
-Тэгж болно шүү. Манай сум чинь урагшаагаа урсдаг  Лусын, хойшоо урсдаг Далын гэх хоёр булагтай. Би энэ Лусын булаг дээр тоглож өссөн хүн. Хожмоо энэ тухайгаа: 
..Бүжин хонгор салхи нь
Цэцгийн элгэнд зүүрмэглээд
Бүүвэй намуухан ганхаанд нь
Үнэгчилж амардаг замбуу
Лусын цэнхэр булгаас
Амгалан цэнхэр гөрөөс умдаалж
Луу  ичдэг усанд нь мөнхийн хутаг оршино...хэмээн шүлэглэсэн.  Энэ бүтээлд маань манайхан их хайртай. Найман настай багачуудаас эхлээд наян настай буурлууд ч аялж байгаа сонсоход сайхан санагддаг. 
-Морин хуур наадмын шагналт “Хулдын цэнхэр уулс” дууны шүлэг ч таны бүтээл биз дээ?
-Тийм ээ. Манай сумын баруун талаар зээглэн оршдог Хулдын цэнхэр уулс бий. Монголын түүхийн нэгээхэн хэсгийг өгүүлэх энэ нутаг тэртээ цагт их хулантай байж л дээ.  Манай Дундговь чинь адуугаараа алдартай нутаг. Адуугаар алдартай юм чинь мэдээж сайхан айрагтай байж таараа. Өгэдэй хаан намартаа дэлгэрхангайн урд талд Хулдын баруун талаар нутагладаг байж. Мэдээж өнөө ингэний цэнхэр гэж ярьдаг ингэний архи, монгол архи уудаг л байсан бизээ. Тэнд бас цэргээ засаж, намартаа хулангийн ан хийдэг байж. Энэ тухай нь
...Өгөдэй мэргэн хааны гөрөөлж явсан хангай
Өнө эртний түүхтэй өндөр тэнгэрийн орон
Хулан уулын нутгаа Хулдын тэнгэр уулсаа... гэж шүлэг бичиж, УГЗ, “Морин хуур” наадмын гурван удаагийн тэргүүн байрын шагналт, Монголын зохиолчдын холбооны тэргүүн Бямбабаяр ах аялгуу хийсэн юм. Өнгөрсөн жилийн “Морин хуур”-т Төрмандах дуулж, 4-р байранд орсон байгаа.
-Нутагтаа очихоор Баянмөнхийн автортой дуунуудаас дуулах хүсэлт их ирэх үү?
-Тэр мэдээж. Манай Дундговийнхон чинь найранд гурван дуутай улс. Тэр утгаараа би бас дуулнаа. Гэхдээ өөрийнхөө шүлгийг бүтнээр нь цээжилдэггүй юм билээ. Хааяа энд тэнд нь оруулна дуулахаар хүмүүс засаад л дуулчихна гээч.
-Хүүхэд насныхаа сайхан дурсамжаар яриагаа үргэлжлүүлбэл ямар байна?  Шүлэг тэрлэн хоносон жаргалтай мөчүүд олон байгаа болов уу?
-Сайхан байлгүй яахав. Хүний амьдралын баяр жаргалтай мөчүүдийн нэг хүүхэд насанд хөвөрдөг шүү дээ. Манай ээж Дундговийн Хулд сумын сургуульд 19 жил захирал хийсэн хүн. Намайг дөрөвдүгээр ангид ээжийн санаачлагаар “Мөнгөн үзэг” яруу найргийн наадмыг анх зохион байгуулж байлаа. Тэр уралдааныг ээж зохион байгуулсан учраас би түрүүлж байгаагүй л дээ. Гэхдээ хамгийн олон түрүүлсэн нь би байдаг юм. Ер манай сургуулийн хүүхдүүд их идэвхитэй оролцдог байлаа.  Уржнан сургуулийн ойгоор тэр уралдааны эхний байранд орж байсан шүлгүүдийг эмхэтгэн “Мөнгөн үзэг” номыг хэвлүүлсэн нь  хүмүүст их таалагдсан. Зарим нь тэр үед ямар шүлгээр оролцож байснаа ч мартчихсан байна лээ. Эндээс их олон яруу найрагчид төрсөн. Миний найз Пэрэнлэйн Нямлхагва мөн л эндээс гараагаа эхэлж байлаа. Бид чинь чи түрүүлэх үү, би түрүүлэх үү гээд ана мана үздэг улсууд явлаа шүү дээ. Одоо ч энэ наадам маань жил бүр явагдаж байгааг дуулаад үнэхээр их баярладаг.
-Харин аав тань ямар ажил хийдэг хүн байсан бэ?
-Миний аав Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хүн. Одоо байсан бол жар гарч яваа л хүн байх байлаа. Үеийнхэн нь аавыг Бадмаанямбуу гэдэг ч Нямуу болчихсон юм. Цэрэгт очоод хүснэгтэд нэрийг нь бичих гэтэл уртдаад байхаар нь Нямбуу болгочихсон юм билээ.  Манайхан дотор аавыг дуулж байхыг харсан хүн ерөөсөө байхгүй. Дуу аялж ч  байгаагүй хүн байлаа. Гэтэл хүү нь оюутан болоод, миний шүлгээр хийсэн дуунууд гарч  эхлэхэд дуунд хачин дуртай болсон. Тэр л дуучид, зохиолчид, дууны нэрийг андахаа байсан гээч. Шинэ уран бүтээлийг маань тэсэн ядан хүлээж суудаг болчихсон байж билээ.
-Тэгвэл ээжийнхээ мэргэжлийг өвлөн багш болсон байх нь ээ?
-Багш болохгүй гэж боддог байлаа ш дээ. Энэ тухай ярихын тулд хөөрхөн оршил ярих болох нь ээ. Долоо төгсдөг жилээ “Найрамдал” зусланд амарсан юм. Тэнд байхдаа анхны уран бүтээл болох “Миний зуслан” шүлгээ бичиж, Мандалговь хотын хоёрдугаар сургуулийн  сурагч Батчимэг гэж охин аяыг нь хийж, түрүүлсэн юм. Болоогүй намар нь дуу зохиогч хүүхдийн улсын уралдаанд бид гуравдугаар байранд орчихлоо. Тэр үед Монголын үндэсний радиогийн сурвалжлагч надаас ярилцлага авсан юм. Тухайн үед жаахан хүү миний  хамгийн сайн мэддэг зүйл  хурдан морь л байлаа шүү дээ. Тийм болохоор уяач өвөөгийнхөө тухай, унаж хурдлуулдаг хурдан морьдынхоо тухай, нагац ах нарынхаа тухай л ярилаа. Тэгсэн том болоод ямар мэргэжилтэй болох уу? гэж асууж байна. Ямар ч эргэлзээгүй адуучин л гэсэн.  Тэгсэн сурвалжлагч гайхсан янзтай харснаа хэд сурдаг вэ гэж асууж байна. Онц сурдаг л гэлээ. Угаасаа л сургуулиа төгсөөд адуучин л болно гээд бодчихсон байсан юм.  Энэ нэвтрүүлэг радиогоор олон ч удаа явсан.  Энэ тухай дуулаад өвөө маань хөл нь газар хүрэхгүй баярлаж билээ. Мотоцикль авч өгнө, гэр барьж өгнө. Бараг л адууныхаа талыг өгнө гээд би чинь бяцхан хөрөнгөтөн болохоо дөхсөн. Тэгсэн багш маань “Баянмөнхөө малчин болоход оройтохгүй. Ямар ч байсан аравдугаар ангиа төгсөөд ав, чамд хэрэг болно” гэж  зөвлөсөн. Би за л гэсэн. Энэ хооронд сайхан уяач болно л гэж бодоод байгаа.  Гэхдээ хүний хувь тавилан гэдэг сонин шүү. Аравдугаар ангидаа нутгийнхаа  Жагар гэж өвгөн ламаар түвд хэл заалгаж, амтанд нь ордог юм байна. Яг тэр үед Дорно дахины гүн ухааны сургууль үүд хаалгаа нээж байгаа, дунд сургуулиа онц төгссөн хүүхдүүдийг урилгаар оруулж байгаа тухай дуулсан юм. Ингээд ангийнхаа Одсүрэнгийн хамтаар оюутан болж, Дорно дахины гүн ухаан судлаач, багш мэргэжлээр төгсөж байлаа. Бидний дөрөвдүгээр курсэд байхад компьютер их ховор. Ямартаа  дипломын ажлаа  “Гурван эрдэм” сургуулийн захирал Жачин багшийн компьютерийг гуйж шивдэг байхав. Тэгэхэд багш хааяа уншаад зөвлөгөө өгнө, тусална. Улмаар сургуульдаа ажиллах санал тавьж, санамсаргүй багш болоод хэдийнэ 15 жил өнгөрсөн байна.
-Ингээд адуучин болох мөрөөдлөө орхисон байх нь ээ.  Ер нь унаач хүү байхдаа ямар ямар амжилт гаргаж байв?
-Тухайн үед мөрөөдлөө орхисон ч одоо  адуу мал уяад явж байгаа болохоор сэтгэл өег байдаг юмаа. Анх зургаан настайдаа хурдан морь унаж эхэлсэн гэж ярьсан даа. Одоо бодоход их л жоохон санагддаг. Миний охин одоо зургаан настай. Би охиноо морь тарлуулах ч үгүй л байгаа байхгүй юу.  Тэгэхэд аймгийн наадамд 200 гаруй морь уралдсан гэдэг байхаа. Би их насны морь унаж, 18-аар ирж байсан юм. Тэгсэн манай уяаны Отгон гээд ахын хурдан зээрд дааганы хүүхэд нь томдоод доголгочихоод болдоггүй. Отгон ах намайг харснаа “яасан сэргэлэн хөөрхөн хүү вэ. Ахынхаа даагыг уначих” гэнэ.  Хажууд сонсож байсан өвөө уна л гэнэ. Хүүхдүүд бидэнд үгүй гэж хэлэх том толгой хаа байх билээ. Ингээд уналаа даа. Их хурдан даага байсан. Гараанаас гарсан цагаасаа хурдалсаар туган дээр ирээд нэг дааганд дайруулаад аман хүзүүдсэн. Хэрвээ би хашир сайн хүүхэд байсан бол түрүүлэх байсан юм. Ингэж л анхны гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш айрагдаж түрүүлээгүй наадам гэж байгаагүй. Сайн морины хүчээр сайн давхиад л ирдэг байсан байгаа юм. Морь сайн байвал ямар ч хүүхэд сайн унадаг гэж би боддог юм. Бариан дээр үнэхээр морийг сугалж оруулдаг хүүхэд  гэж бий. Энэ бол чадвар. Бусдаар ихэнх нь уяач, морь хоёроос шалтгаалдаг юм. Миний хувьд гэхдээ хоёр гурван удаа их муу унасан явдал бий.
-Өвөөгөөсөө зэм хүртсэн байх даа?
-Тэгэлгүй яахав. Гурван ч удаа алдаа гаргасан юм бий. Бор азарга их хурдан байсан тэр жил гуравлуулчихаж билээ. Тэр үед Энэбишийн зээрд гэж их хурдан адууг манай ангийн Хоролсүрэн унадаг байлаа. Бас Содномпил гуайн хурдан хүрэн азарганы төл хурдан хүрэн улсын Алдарт уяач Энэбиш гуайн азарганы ар дээр л явна. Сунгаан дээр манай хоёр л толгой цохьдог байлаа. Ингээд наадмын өглөө барианаас гарч явтал хоёр азарга хажуугаар яваад өглөө. Тэрхэн үед энэ хоёрыг дагах уу, ингээд яваад байх уу. Өвөө, ах хоёр хүрэн азарганы ар дээр явж байгаад тугны хажуугаар дайраад л ороод ирээрэй  гэж хэлсэн дээ гэж бодлоо. Тэгсэн нэг хартал бариа ойртоод, өнөө хоёр чинь барианы наахна явж байна. Нөгөө хоёрын араас дөнгөж тарлаж байгаа адуу шиг очоод, туган дээр зэрэгцэж ороод гуравлачихсан  юм.
-Тэгвэл хоёр дахь нь?
-Өвөөгийн хурдан хар морь байлаа. Хар морийг их сайн байхад Энэбиш гуайн гүзээ хар, Дэлэг гуайн саарал бас их хурдан байсан. Тэр үед өвөө наад гурав чинь гараад явна. Салхилуулж явж болохгүй, ар дээр нь дарж явж байгаад дайрахад дийлнэ гэж надад хэлсэн. Үнэхээр л гурвуулаа бараа сураггүй тасраад л явж байгаа юм чинь. Тэгсэн чинь учраа мэдэхгүй өнөө жоохон хүүхдүүд чинь зүүн тийшээ эргэж хадуураад. Бараг 3,4 км явж байтал эмнэлгийн машин бид нарыг буцаасан юм. Гэтэл эргэж ороод уралдаж байгаа морьдын урдуур нь яваад баруун тийшээ дахиад хадуурч гурав, дөрвөн км явж байгаад дахин эргүүлж үндсэн газраа ирсэн. 10 гаруй км илүү явсан байгаа юм чинь. Сумын морины бай Хүрээ хонд  ойртоход Дэлэг гуайн саарал сажилсан. Харж байтал  сажилсаар яваад унаад өгсөн.  Яг бариан дээр Энэбишийн гүзээ хээр сажилж байж тавлаад, би шогшиж байж зургаалсан юм. Мэдээж морь муу унасан болохоор зөндөө загнуулсан. Одоо ч ахмад уяачид ярьдаг юм, нээрээ балласан шүү гэж.
-Өвөөгийн хурдан бор морьдын удмаар наадаж байна уу?
- ...Их бага хурдан бор морьдууд
Ижилгүй төрсөн хурдан ажнай хүлгүүд
Хурдан морьтын унаган адуу
Хуй салхи шиг түмний эхүүд ээ...  гэдэг чинь манай өвөөгийн хурдан хүлгүүд байгаа юм. Өвөө маань айл гэр болоод их, бага хоёр хурдан бор морио уяж эхэлсэн гэдэг юм. Өвөө маань уургын бор мориороо морь тавьдаг. Тэр үед мотоцикль байх биш. Хоёр хурдан бороо тавиад уургын бор мориороо гучаад км газар явуулаад эргүүлэхэд хурдан боруудтайгаа зэрэг ирдэг байсан. Мотоцикль шиг адуу байсан  байгаа биз. Одоо бодохнээ уяж хурдлуулсан хоёр бор морь нь гайхалтай биш тавиад хамт ирж байгаа нь гайхамшигтай санагддаг юм. Тийм ч болохоор өвөөг хурдан морьт гэх болсон билээ. Энэ тухай манай Дундговь, Хулдынхан одоо ч ярьдаг.  Тэрнээс гадна май бор, Хатантөмөрийн бор гээд олон сайхан хурдан бор морьд манай байлаа. Сүүлд Баянцагаан гаралтай бор азарга авсныг нь би унаж олон ч айраг түрүү хүртсэн. Миний нагац ах аймгийн Алдарт уяач Гантөмөр Дундговь аймгийн Хулд сумын харьяат хүн. Одоо Цэцийн наад талдаа нутаглаж байна. Түүний хүү нь Гончиг  бас удам залгасан уяач хүн. Эд маань манай ах дүү нарын хурдан морьдын уяач сойлгыг тааруулдаг юм. Ийнхүү өвөг дээдсийнхээ өдий зэрэгтэй аваад ирсэн адуугаа  сайжруулж, өөрийн унаган адуугаараа наадаж байгаадаа удмаараа бахархдаг. Мэдээж  энэ сайхан буянг өсгөж үржүүлэн, сайжруулах ажил бидний үед ирээд байгаа билээ. Тийм учраас  Увсын Тэс, Хэнтий, Галшар, Дарьгангаас нэлээд адуу авсан. Ер нь чөлөөт цагаараа адууны ажил бас их хийж байна.
-Адуугаа яаж шинжиж байна. Өвөөгөөсөө тусламж авдаг уу?
-Би өөрөө л сонголтоо хийдэг.  Адууны захад ухаан орсон  надад туршлага багагүй гэж боддог. Аравдугаар анги төгстлөө туслах уяач байлаа. Анх зургаадугаар ангидаа анх удаа гал ахалж наадамлаад айраг түрүүтэй баян хүн буцаж явлаа. Тэр жил манай өвөөгийн уяаныхан их хурдтай байсан жил. Их олон даагатай, дааганууд нь бүгд хурдан байсан. Томчууд Дэлгэрхангай сум руу наадахаар явж, би үеэл дүү Ариунболдтойгоо Өлзийт сумын наадамд явж байлаа. Тэгээд даагаа түрүүлгэж, үрээгээ дөрөвт, их морио наймд оруулж байсан. Адуу хүний хийморь дагаж хурдалдаг юм шүү дээ. Үнэхээр хурдан адуу хүнд очоод давхихгүй байх нь бий. Эзнээ солиод давхидаг морь байдаг даа. Тийм болохоор хэрвээ надад адууны буян хишиг, хөрөнгө нь байгаа бол хурдална л гэж боддог. Тийм учраас өөрөө сонгож авах их дуртай. Аливаа зүйлийг заавал язгуур татдаг гэдэг дээ. Хүн адуу хоёр язгуур татдаг гэлцдэг. Мэдээж адуу угшилгүй бол явахгүй. Тэрэн шиг миний дээд өвөгт адууны сайн угшил үгүй бол надад хуримтлагдахгүй. Би бодоод байгаа юм. Нэг хятад ирээд өндөр үнээр адуу худалдаж аваад сайн уяачаар уяулаад мордууллаа гэхэд миний уясан адууны хойно л ирнэ гэж боддог. Морь бол тийм мөн чанартай. Заавал тэр айлын язгуурыг татаж хурдалдаг юм.
-Өвөөтэйгээ үзсэн хамгийн гоё наадмынхаа тухай ярьж өгөөч?
-Мэдээж өвөөтэйгээ наадсан бүхэн хамгийн сайхан байлгүй яахав. Өвөө маань 86-тай ануухан буурай бий. Бид одоо ч хамтдаа нааддаг. Энэ могой жил гарсаар шинийн гурванд нутгийн дүүгийн  алдарт уяачийн мялаалга наадамд миний азарга тавласан. Бас “Таван толгой транс”-ын наадамд дахин айргийн таваар ирлээ. Могой жилийн наадам сайхан эхэлж байна. Энэ бүхэнд өвөө маань хамт явдаг юм. Ямар их түшигтэй гэж санана.
-Өнгөрсөн жил морьд хурдан байв уу?
-Хурдан байлаа. Түрүү жил 4 түрүү, 4 айраг хүртсэн.Энэ жилээс арай өндөр довд хүч үзнэ гэж бодож байгаа. Сая Дүнжингаравт дүү маань морьдоо тавъя л гээд байсан. Энэ жил цас их байгаа болохоор хаширлаад зөвшөөрөөгүй. Говьд байгаа адуу  их цасанд уралдахад амаргүй л дээ.  Ядаж Өлзийт хороололд авчирч дасгаж байгаад уралдуулна гэж бодож байгаа. Морины ажлыг сэтгэлийн хөдөлгөөнөөр хийж болохгүй. Энэ бүхнийг алхам тутамдаа л суралцаад л явна.
-Дуучин Энхмэнд ч морины хорхойтон болоод авсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Манай эхнэрийн дээд үе нь бас л хурдтай улс.  Намайг моринд явахад дандаа л хамт явдаг юм. Манай хүн их уярамтгай. Морь эргэхээр уйлна, морь барианд орохоор уйлна. Ямар сайндаа л “би олон удаа морь дагавал их зовноо” гэдэг юм. Ер нь эмэгтэй хүн гэлтгүй морь эргэхэд, зул задрахад, өөрийн уяаны морь түрүүлж байгаа харахад, түрүүлээд ороод ирэхэд хоолой нь зангирдаггүй хүн байдаггүй шүү дээ.
-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Сайхан яриа дэлгэсэн танд баярлалаа.
-Баярлалаа. Энд тэмдэглэхэд манай аймгийн Хулд сумынхан наадмыг хамгийн сайхан зохион байгуулдаг улс. Хулдын зүүн урд талд наадмын толгой гэж бий. Жижигхэн хөөрхөн дэллэчихсэн хадтай тэр толгой дээрээ суугаад тун ч дэгтэй үздэгсэн.  Сүүлийн үед залуус моринд  олноороо орж байгааг хараад баярлаж сууна. Уяачдаараа, удамт хурдан хүлгүүдээрээ Хулдынхан ойрын хэдэн жилдээ улс даяараа нэр цуугаа удахгүй гаргах байхаа. “Тод магнай” сэтгүүлийнхээ хуудсаар дамжуулан нутгийнхандаа элгээрээ энх амгалан,төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй  ерөөлийг өргөн дэвшүүлж байгааг минь дамжуулаарай.  

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна