Аймгийн Алдарт уяач Ш.Пүрэвжав: Адууны удам угшлыг худлаа хэлэх хамгийн том нүгэл

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 28 -нд

-Өнөтэй сайхан өвөлжиж байна уу. Сүүлийн жилүүдэд “Бураа” Пүрэвжав гэх овогтой олон хурдан хүлгүүд улс бүсийн наадмаас айраг түрүү алдахаа больжээ. Ийм сайхан хийморьтой буурлыг уншигчидтайгаа уулзуулж байгаадаа баяртай байна.
-Сайхан өвөлжиж байнаа.Та бүхэн өнөтэй сайхан өвөлжиж байна уу. “Тод магнай” сэтгүүлийг уншдаг ахан, дүүсийнхээ амар амгаланг айлтгаж байгааг минь уламжилна уу. За  миний аав Бураа Шарав гэж хүн байсан. Ард түмэн л аавын минь тэр нэрийг надад өгөөд Бураа Пүрэвжав гэх болсон. Энэ нэрийг маань хурдан морины хүрээнийхэн бараг л халх даяар мэддэнэ дээ. Ах нь хувьдаа эцгийнхээ сайн нэрийг ингэж дуурсгаж яваадаа баяртай л явдаг юм. Энэ улс, бүсийн наадамд гайгүй хурдлаад байгаа адуунуудын намтрыг  хөөгөөд үзвэл миний нэртэй болж байгаа юм. Эцэг  эхийнх нь аль нэгийг найз нөхөд, амьтан ах дүүсдээ өгсөн тийм л адуунуудын төлүүд  хурдалж байна. Зарим нь яахав миний өөрийн унаган адуунууд байгаа. Ах нь өөрийн гар дээр гарсан унагыг л өөрийн унаган адуу гэж ярьдаг.
-1999 оноос эхлээд таны нэртэй хурдан морьд улсын наадамд айрагдаж эхэлсэн санагдаж байна?
Ахынх нь адуунаас хамгийн анх 1999 онд Кредит банкны Доржпүрэв гэдэг хүний нэр дээр хүрэн хязаалан аман хүзүүдсэн. Мөн тэр жилийн улсын наадамд Намжилдорж гэдэг хүн адилхан насны хул үрээ авч очин айргийн таваар оруулсан. Түүний дараагаар 2000 онд Дарамренчингийн алаг азарга улсын наадамд соёолон аман хүзүүдэж хойтон жил нь хавчиг азарга түрүүлсэн. Алаг азарганы эцгийг  хүргэн Лхагваадаа өгсөн юм. Эх тал нь манай Мөнххааны “баадуу” адуу. 2005 онд Т.Энхбат гэдэг хүнд унаган Наран шарга азаргаа өгсөн. Тод манлай Ц.Дуламсүрэн уяж гайгүй хэдэн бүсэд оруулсан дуулдсан. Өвөрхангайн Д.Ганбат гэдэг залуу манай дунд хүү Нүрзэдээс босоо дэлтийг авсан. Яахав сайн уяач, сайн аавын хүүгийн аз таараад хурдан хүлгүүд  заяасан нь төрийн наадамд нэр сүрийг маань гаргаад явж байгаад түмэн олон, аав ээжийн минь л хайр ивээл гэж дотроо бэлгэшээж явдаг даа.
-Босоо дэлт хүрэнээс хойш бас л олон адуу орсон доо?
-Босоо дэлт маань улсын наадамд нэг айрагдаж, нэг аман хүзүүдсэн. Их хурд уралдаанд бас айрагдсан. Адуунд үнэнхүү дуртай болоод уяж чаддаг хүнд очсон болохоор өгсөн авсандаа өлзийтэй сайхан л хурдалж нэр гаргасандаа хөөрхий. Босоо дэлтээс хойш  Б.Эрдэнэгэрэл гэж залууд  хонгор соёолон өгсөн. Тэр маань 2007 оны улсын наадамд түрүүлж тэр жилээ хоёр бүсийн наадамд айрагдсан дуулдсан. МУАУяач Галын Баттөмөрт халиун алаг морь очиж 2008 онд улсад айрагдсан. Өнгөрсөн жил улсад соёолон морь аман хүзүүнд орлоо гэж дуулдсан. Хэнтийн зүүн бүсэд найздаа өгсөн азарганы маань төл азарга аман хүзүүдлээ гэж байсан. Мөн манай том хүү өгсөн юм гэнэ лээ. Эрдэнэтийн даншигт соёолон үрээ аман хүзүүдсэн. Дунд хүү Нүрзэд доогуур нэг үрээ гарсан юм гэсэн. Тэр нь бас гайгүй л давхиж байгаа дуулдсан, телевизээр гарч л байна лээ.
 Ах нь хуучны хүн ч гэдэг юм уу, хэнэггүй хүн ч гэдэг юм уу ер нь нарийн хөөгөөд асууж, сураглаад байдаггүй л дээ.Яахав “таны өгсөн адуу болон түүний үр төл тэр наадамд, тэгж хурдаллаа” гээд зарим нэг нь дуулгаж байхад баярлаад л сууж байдаг даа.
Авсан адуугаа тэгж давхилаа гээд эзэнд нь дуулгачихаж байвал хурд төрдөг юм
-Бураа гэж хүний  халх даяар алдартай адууны  удам угшлыг манай уншигчид их сонирхож байгаа байх. Энэ бол зайлшгүй асуух ёстой асуулт гэж бодож байна ?
-За дүү хүүд баярлалаа.Ард түмэн ахыг нь хүндэлж байдагт их баярлаж явдаг. Дээхнэ үед Бүрэнгийн уурхайд морин толгой Дугарсүрэн гэж хүн байсан юм. Намайг Бураа Пүрэвжав гэдэг шиг тэрээр моринд их дуртай, хүнээс хурдан адуу их авдаг, нөгөөдүүл нь ер явдаггүй. Таван цаасаа өгөөд аваад л байдаг тийм хүн байсан. Тэгээд яаж хурдан адуутай болох вэ гэж бодсоор сүүлдээ морин толгой гэдэг хочтой болсон түүхтэй. Тэр хүн надад нэг хэнз хонгор даага өгсөн юм. Манай адууны эцэг тал бол тэр хонгор дааганы л үр удам даа. Хөөрхий  халхад алдартай адуу байж дээ л гэж боддог. Түүнээс гадна Сүхбаатар сумын яриа хэмээх Мөнхийн адуу, Баадуу Доржийн алаг адуу, Дорноговийн банди адуу, Хэнтийн Галшарын шилбэ хар гээд хурдан азарга байсан тэдгээрийн удам угшлын адуунуудаар цус сэлбэж байна. Манай адууны хүрэн тал нь Далайвангийн хошууны цоохор хонгорууд гэж хурдан адуунууд байсан тэдгээрийн удам.
-Адууныхаа цусыг яаж сэлбэж байна?
-Өө яахав дээ ойролцоох нутгаас л энэ нэг  төл хаяж магадгүй дээ гэсэн үрээнүүд авч азарга тавьж байна. Манай хөгшний ах Миеэгомбо гэдэг хүнээс нэг хөлгүй азарга аваад өөрийн унаган гүүнүүдээ хураалгасан нь Наран шаргын удмын хэд хэд сайхан адуунууд гарсан.
-Танаас адуу авъя гэсэн хүмүүс их ирнэ биз?
-Ирнээ ирнэ. Пүүжээ ах нь адуунд үнэнхүү дуртай бас дээрээс нь уяж чаддаг хүнээс нэг их харамлаад байдаггүй. Сайн уядаг хүнд сайн адуугаа өгөх сайхан. Хотоос хүмүүс их л ирж адуу авсан, тэд маань бүгд л сайхан уралдаж байна гэж дуулддаг. Хүнээс авсан адуугаа тэгж хурдаллаа шүү гээд эргээд эзэнд нь дуулгаж байвал хурд төрж байдаг юм гэнэ лээ. Харин сүүлийн үед зарим хүмүүс ахынх нь нэрийг барьж Бураа Пүрэвжавын унаган адуу гэж худал хэлэн баруун хойшоо Архангай, Өвөрхангайгаар ганц нэг адуу гаргасан дуулдаад байгаа юм. Адууны удам угшлыг худлаа хэлнэ гэдэг хамгийн том нүгэл. Түмэн олон ах дүүс минь битгий тэгж байгаарай л гэж хэлмээр байна. Гэхдээ бүх хүн биш л дээ зарим нь л тэгж худлаа хэлээд байх шиг байгаа юм.
-Аав тань морь уядаг хүн байв уу?
-Манай аав албаны ажил хийдэг хүн байсан. Амьдралынхаа туршид хоёрхон удаа л морь уясан байдаг юм. Хэнтий аймгийн наадамд нэг соёолон уяж айргийн гурваар хурдлуулж, дараагаар нь тэр жилээ Далайвангийн Гэсэрийн наадам гэж Мөнххаан суманд болоход соёолонгоо дахиад гуравт оруулсан гэдэг. Тэгээд “би ер нь морь олигтой уяж чадахгүй юм байна, амьтан тамлаад яахав” гээд дахиж морины сүүл боогоогүй дээ.
-Таны хувьд хэзээнээс морь уяж эхэлсэн бэ?
-1966 оноос засгийн адуу маллаж эхлээд 1967 онд анх морь уяж Мөнххаан сумынхаа наадамд аавынхаа зэхэж өгсөн хүрэн азаргыг айргийн таваар оруулж, хүрэн даага түрүүлгэж байсан. Хүрэн азарга, хүрэн даага хоёроо цэрэгт явтлаа уяж, хүрэн даагаа хязаалан болтол нь гурван жил сумандаа түрүүлгэсэн. Тэгээд л армид татагдаад явсан даа.
-Цэргээс ирээд л мориндоо орсон уу ?
-Өө тэгсэн. Цэргээс  халагдаж ирээд их морь, азарга энэ тэр түрүүлгэж л байсан. 1989 оны үе билүү дээ сумынхаа наадмын гурван түрүүг хоёр жил дараалан хүртэж явлаа. Тэр үед  дотроо их л хөөрч, их том уяач болсон юм шиг санагдаж байлаа. /инээв/ Тэр цагаас хойш 2003 оныг хүртэл өөрийн гараар морь уяж түүнээс хойш гурван хүү маань л уяж байна даа. Таван хошуу мал гэдэг бүгдээрээ л сайхан. Тэр дундаас адуу гэдэгт онцгой дурлаж, хийморьт нь сүсэглэсээр өдий хүрч байна даа. Үндсэндээ 40-өөд жил морины сүүл боосон байна. 
-Өөрийн цогцлоон бий болгосон унаган хүлгүүдээрээ амжилттай наадна гэдэг уяач хүний том бахархал байдаг. 40-н жилийн хугацаанд хtчнээн айраг түрүү хүртсэн байна вэ ?
-Тэгэлгүй яахав. Пүүжээ ах нь гадагшаа гарч уралдаж үзээгүй шахуу хүн дээ. Өвгөн ноёны зүүн бүсэд хүүгийнхээ нэг азаргыг уяж очоод айрагдуулсан, Хэнтийн босоо Самдангийн уралдаанд хүний өөрийн хэдэн морьтой очиж гурван түрүү, дөрвөн айраг авсан. 2006 онд хоёр хүү маань хойшоо гурван түмэн малын наадамд азарга, их морь хоёртой очсон нь хоёулаа аман хүзүүдсэн. Ахынх нь гадагшаа гарч уралдсан наадам энэ гурав л байгаа юм. Морь уяж байгаа Монгол хүний хувьд их л сайхан амжилт санагддаг. Аймаг орон нутагтаа бол 60 гаран түрүү,70 гаран айраг авсан байх аа. Нарийн тооцож үзээгүй юм байна. Жижиг наадмуудад бол овоо тооны юм байгаа. Ахынх нь энэ бүх амжилтыг минь үнэлж 2000 онд  аймгийн Алдарт уяач цол олгосон.
-Улсынхаа наадамд морь уралдуулж байгаагүй юм уу?
-Төр улсынхаа наадамд очиж хойно өмнө давхих нь хамаагүй халхын хурдуудтай  уралдаж үзэхсэн гэсэн бодол байлгүй л яахав. Гэхдээ ган гачиг гэдэг ч юм уу, өөрийгөө жаахан мөхөс боддог ч юм уу очиж уралдаж үзээгүй л байна. Гурван хүү маань очиж алтан тууртынхаа тоосыг өргөх байлгүй дээ. Хэдийгээр улсад очиж уралдаагүй ч дөчөөд жил адууны төлөө зүтгэснийх  халхын сайхан хурдан буянгуудтай хурд хувааж уралдах тавилантай адуу өсгөж дээ л гэж бодож, бэлгэшээж явдаг даа. Яахав хөөрхий амьд сэрүүн цагтаа төрийнхөө наадамд оролцож тэр өндөр довонд нэг адуу тавд багтаах хувь заяа байвал тэр нь тохиох биз дээ.
-Таныг залуудаа зүүн гурван аймаг нийлсэн том наадмын азарганы түрүүг авна гэж амлаад хэлсэндээ хүрч байсан гэж ярьдаг?
-Залуу ч байж дээ. Ер нь сайн адууг сайн уях л хамгийн том бахархал. Төрийн наадам байна уу, сумын наадам байна уу хамаагүй. Пүүжээ ах нь нэг хурдан халиун азаргатай байсан юм. Халиун азарганыхаа аавыг 1978 онд хязаалан үрээ суманд түрүүлгэсэн. Тэгэхэд л сайн адууг сайн уясан юм болов уу даа гэж бодож байсан. Тэр наадамд хүрэн шүдлэн үрээ маань бас түрүүлсэн. Шүдлэн үрээ маань түрүүлдэг л адууны дайтай түрүүлсэн. Халиун азаргаа зургаан настайд нь зүүн гурван аймгийнхан нийлсэн нэг наадамд гуравт оруулчихаад цоллуулах гээд очтол хоёр багийн дарга нь өөр нэг даргадуухан хүний халиун азарганд пайзыг нь өгчихсөн хүүхэд маань нүдэндээ нулимстай зогсож байна. Тийм юм харсан эр хүний дотор жаахан юм бодогдоод нөгөө пайз булаасан хоёр даргад хандаад “Ард түмэн минь зөвөөр ойлгоорой. Зүүн гурван аймагт долоон настай азарга уядаггүй юм. Ирэх жил би халиун азаргаа уяна. Харин та хоёрын нүдийг тэвхдэж өгөөд гаргана. Зүсийг нь сайн харж аваарай” гээд асарын өмнө нэг ам гарчихсан юм аа. Тэр наадам одоо хүртэл санаанаас гардаггүй юм.
-Их л том ам гарч дээ. Дараа жил ч боллоо доо?
-Тэгж хэлчихээд халиун азаргаа яаж уях ухаанаа олохгүй байсан. Яаж түрүүлгэх вэ? гэж бүтэн жил бодож явсан. Тэгээд хойтон жил нь ч болж наадам ч болсон. Халиун азарга маань ч амалсан ёсоор түрүүлсэн. Түрүүлж ирчихээд хөлсийг нь хусч, асар гурав тойруулсны дараа манай хүргэн Лхагваагийн шарга азарга аман хүзүүнд  орж ирсэн. Тэр шарга азарга өмнөх азарга нь асар гурав тойрчихоод байхад орж ирэхээр азарга биш байсан л даа. Арын азарганууд нь ч гэсэн халхын сайхан хурдууд байсан. Тэр үед  морийг ер нь уяж болох юм байна гэж бодож байсан шүү. Яг үнэндээ ямар юмных нь уяач байхав дээ залуу насны л ааг байсан байх. /инээв/ Одоо хүүхдүүддээ уяач хүн тэгж болохгүй шүү л гэж захиж суудаг даа.
-Халиун азаргаа мордуулчихаад юу бодож байв даа?
-Залуу насны цог жавхаа ч байдаг юм уу азарга маань ер нь болох байх л гэж дотроо бодож байсан. Тэгэхдээ адуу нь өөрөө хурдан ч гэлээ жаахан хүүхдээр унуулаад явуулдаг, үлий нүх хэр байгаа бол, хаана яаж эргэдэг бол гээд янз янзын л юм бодогдоно. Ер нь уяач хүн уясан адуугаа баримжаатай байхад түрүүлнэ дээ гэж санахад түрүүлнэ дээ. За даа тав багцаагаар орох байх гэж бодоход нэг хоёроос илүү адуугаар зөрүүлэхгүй. Уясан адуугаа яаж давхихыг эзэн нь л мэднэ шүү дээ.
-Халиун азарга өөр ямар амжилт үзүүлж байв?
-1993 онд сумынхаа 70 жилийн ойд түрүүлсэн. Халиун азарга маань жаахан таваг муутай адуу байсан болохоор нэг хоёр жил өнжөөж байж хааяа л нэг уядаг байсан. 70 жилийн ойгоор түрүүлэхэд нь аймгийн наадамд түрүүлсэн азарга аман хүзүүдэж, аман хүзүүдсэн азарга нь гуравт орж байсан. Нэрэлхэлгүй хэлэхэд 500 метр хэртэй л ирсэн дээ. Энд нэг түүх ярихад 1983 онд сумынхаа 60 жилийн ойгоор халиун азарганыхаа аав хонгор азаргыг аман хүзүүдүүлж, 70 жилээр хонгор азарганыхаа хүүхэд халиун азаргаа түрүүлгэж, 2003 онд 80 жилээр наран шарга азаргаа аман хүзүүдүүлж, бас нэг хул азарга айрагдуулж байсан. Тэгэхээр ах нь  Далай вангийн хошуунд  30 жил  азарганы нэгэн түүхийг үлдээсэн юм болов уу гэж боддог. Одоо 40 жил нь удахгүй болно. Гурван хүү маань тэр түүхийг цааш нь үргэлжлүүлэх үгүйг одоохондоо мэдэхгүй байна. Уг нь энэ энийг оруулна гэсэн  тооцоотойгоор азарга тавьдаг юм билүү гэж энэ хэддээ хэлдэг. Гэхдээ морь гэдэг хэцүү л дээ тэр бүр санаснаар болоод байдаггүй. Миний хувьд тэр 30 жил л санаагаар болсон юм.
-Уяач бүр өөр өөрийн уяаны онцлогтой байдаг.Таны уяаны онцлог?
-Уяаны онцлог гээд байх юу байхав дээ. Ер нь дөрвөн улирал өөрөө эдэлсэн морио уяхад үнэхээр сайхан. Миний бодлоор морь уях хамгийн гол зүйл нь хөлс. Хөлс сайхан зөв байгаад зөв онгойчихсон морио наадамд мордуулах ч бас л сайхан шүү. Амьдрал дээр морины хоолыг бараг л хасч үзээгүй дээ. Зарим хүмүүс хоолыг нь бүтэн өгнө, хагас өгнө л гэж байгаа байдаг юм. Орчин үед өөр болсон байх л даа. Зөв уяатай морь багцаатай хоолоо ер нь л өөрөө иднэ дээ. Уяа нь сайхан таарсан адуу босоогоороо бараг унтдаггүй, дөрвөн хөл нь тэрийгээд хүн яаж унтдаг уу яг л тэгж унтана. Очоод хатгахад бараг сэрэхгүй. Тэгж унтаж байгаа морь ч үзүүрийн гурван адууны л нэг байна даа. Өнгийг нь буцаалгүй сувдан хөлсөн дээр  морийг мордуулах л сайхан давхидаг юм шиг харагддаг. Уяаны эрдмийг хүн бүрэн сурна гэж байдаггүй. Хамгийн гол нь залхуугүй л байх хэрэгтэй.
-Орчин үеийн уяаны арга барилын хувьд ямар бодолтой явдаг вэ?
-За яахав дээ, эцэг өвгөдөөс уламжлагдаж ирсэн энэ сайхан морин уралдаан маань цаг үеэ дагаад сайхан л хөгжиж байна. Үүнийг дагаад уяачдын маань ч арга барил өөр болж байгаа байх. Пүүжээ ах нь морь мал тэжээх нарийн арга барилыг үнэндээ мэдэхгүй. Морь тэжээж уралдаж үзээгүй. Энэ жил л харин хэдэн хүүхдүүд морь тэжээнэ гээд бэлдээд байх шиг байна. Ноднин сумын наадамд хонгор азарга маань үзүүр дээр уралдаж байгаад л зургаагаар орж харагдана лээ. Тэгсэн өмнөх таван азарга нь дандаа л тэжээлтэй адуунууд юм гэсэн. Тэгэхээр цагаан өвсний адуу тамир жаахан дутсан юм болов уу даа гэж бодоод үлдсэн. Энэ бүхнийг буруутгаад байх зүйл байхгүй л дээ. Цаг үеийн л хувьсал шүү дээ.
-Та өнгө, нутаг харж уралдаад байна гэж ярьж байсан ?
-Тиймээ. Орчин үеийн морин уралдааны тал дээр жаахан дутагдалтай хэдэн зүйл байна. Тухайлбал ямар нэг наадам өнгө, нутаг харж уралдах газрынхаа тавиланг их холоос тавьж байна. Уг нь ММСУХ-ноос гаргасан дүрэм журам байдаг юм гэнэ лээ. Дүрэмтэй юмыг ном журмаар нь л хийх хэрэгтэй.  Тэгэхгүйгээр тухайн наадмыг зохион байгуулж байгаа хүмүүс  холоос морь ирэхээр тавилангаа холдуулчихдаг. Энэ нь уралдаж байгаа мориндоо ч холоос ирж байгаа уяачдадаа ч маш их сөрөг нөлөөтэй. Мөн морь хоёр талдаа уралдаж байна. Уг нь тэд чинь хөөрхий уралдах ёстой зайндаа л уралдах ёстой биз дээ. Тэгэхгүй хоёр тийшээ уралдсанаас болоод сайхан сайхан хурдан буянгууд хөлгүй болох, эндэх харамсалтай зүйлүүд их гарч байна. Бас нэг зүйл бол аймаг сумын наадмыг дуртай үедээ, дуртай цагтаа хийгээд байгаа нь маш буруу. Ямар нэгэн тэмдэглэлт ойгүй л бол улсын баяртайгаа хамт яг тэр уур амьсгалынх нь үед хийх нь зүгээр болов уу. Пүрэвжав аймагт уралдах юм гэнэ гээд сумынхаа наадмыг өмнө нь хийгээд, улсад очиж уралдах гэнэ гээд аймгийнхаа наадмыг уур амьсгалын дараа хийх нь буруу юм шиг санагддаг. Та бүхэн ахынхаа энэ хэдэн захиасыг цааш нь холбогдох хүмүүст нь хүргэж өгөхийг бодоорой.
-Шинэ цагийн Монгол адуу гэх нэр гарч ирээд багагүй хугацаа өнгөрч байна. Таны адуунд эрлийз хүрэн азарга харагдсан. Энэ талын үржүүлэг хийж байна уу?
-Эрлийзжүүлээд байгаа юм байхгүй л дээ. Манай дунд  хүүд Галын Баттөмөр сайхан санааны үүднээс нэг эрлийз хүрэн азарга өгсөн юм. Хэдэн жилийн өмнөөс шинэ Монгол адуу гэсэн нэр гарч ирээд байх болж. Тэгээд  дунд хүү л тиймэрхүү талтай болгодог юм уу гэсэн бодолтой байгаа юм шиг байна. Ер нь яахав дээ түмэн ах дүүс  дээр дооргүй л тиймэрхүү маягтай болж. Миний хувьд хүүгийнхээ урмыг бодоод  цөөхөн хэдэн гүү хураалгаад байгаа. Ер нь  хэдэн хүүхдүүддээ жинхэнэ Чингисийн Монгол адууг, өөрсдийн өсгөж үржүүлсэн  Бураа Пүрэвжавын гэдэг хүний адууг унаган төрхөөр нь л хадгалж яваарай гэж захидаг. Зөвхөн гурван хүүдээ ч гэх юмгүй адуу өсгөж үржүүлж байгаа залуучууд болоод том том уяачид хэн нь ч бай Монгол хүн, монгол адуу гэдгээ л хадгалж яваарай гэж гуймаар байна даа.
-Гурван хүү тань  хэр уяач болж байна?
-Хүүхдүүд маань эхээс төрсөн цагаасаа хойш л миний гар дээр байлаа. Ер нь адуунд аятайхан, дөртэй. Ганц онцлог нь гурван хүү маань зөвхөн мориныхоо төлөө зүтгэдэг. Залуу улсууд морины  төлөө зүтгэж чадаж байж л морь уяна.
-Ахмад уяачийн хувьд залуу хойч үедээ сургамж үгээ хайрлана уу?
-Моринд зүрх сэтгэлээ зориулж яваа залуу улсуудын хувьд  муу адуу гэж байх биш сайн адууг нойр хоолоо хасахгүй сайн л уях нь чухал. Хүний сайхан хурдан буяныг хайрлаж сур. Сайн адууг зарим хүн уяаг нь алдаад жаахан муухан уядаг. Хүн морио сайн давхиулж байвал хүний өөрийн хамаагүй төдий чинээ баярлаж, морийг нь хайрлаж, уяачийг нь хүндэлж тэр хүнтэйгээ сайхан нөхөрлөж байх нь хүүхдүүдээс маань өөрцгүй залуучуудад ч хэрэгтэй зүйл гэж боддог. Жинхэнэ хурдан адууг дөрвөн улирал эдэл, өдөр бүр хайрла.
-Бид хоёрын яриа энэ хүрээд өндөрлөж байна ?
-Ирж буй 17-р жарны цагаагчин туулай жилдээ хотол олон маань элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, сар шинийн мэндийг хүргэж байна.
Илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Монгол Улсын Алдарт уяач болох болтугай.

"Тод магнай" сэтгүүл дугаар №12

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна