Аймгийн Алдарт уяач Буянтогтох: Өнчин унагаа омруундаа хийгээд, ижил рүүгээ түрээд явахыг хараад нулимсаа барьж дийлээгүй

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 05 -нд

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргасанд баярлалаа. Таныг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа нутгийнхаа адууны цусыг сайжруулах ажлыг сайн хийсэн гэх юм билээ. Тэр үеийн тухай дурсвал ямар байна?
-Баярлалаа. Монгол Улсын 33 говийн нэг, алдарт Галбын говь ай даа, сайхан нутаг шүү. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Галбын гурван хийд энд л бий. Энэ ариун дагшин нутагт “Галын хөгжил” гэж нэгдэл байлаа. МУ-ын 255 нэгдлээс орлогоороо зарлагаа нөхөж чаддаг тавхан нэгдлийн нэг нь байсан. Тухайн үеийн нэг дутагдалтай нь хурдан морины удам угшлыг хадгалах, үүлдэр угсааг сайжруулах, уяачдын хөдөлмөрийг үнэлэх, тэдний чадварыг сайжруулах тал дээр тун ч хойрго байсан. Ханбогд суманд арваадхан азарга, 5-6 морь уралдаж байсан үе бий. Энэ үед морь хасдаггүй, адуу бутраадаггүй үрээгээр л азарга тавьдаг байсан болохоос биш, хийц хэлбэр сайтай, хурдны удам угшилтай, эмнэг догшин хангал адуугаар азарга тавьж байсангүй. Үнэндээ хурдан морь тэр дундаас л төрдөг учиртай юм шүү дээ. Өөрөөр хэлбэл адууны тоо толгой өсөөд л улсын төлөвлөгөө биелээд байснаас биш хурдан адуутай болох асуудал орхигдсон байсан. Би төрийн албанд 32 жил ажилласан, төрийн албан хаагч явсан хүн л дээ. Одоогоос 20 жилийн өмнө буюу 1993 онд Ханбогд сумын Засаг дарга болоод жил бүр сумын наадмыг хийдэг болгосон. 1993 оноос хойш дөрвөн жил харж байхад Ханбогд сумын морьд айрагдаж, түрүүлж  байсан удаагүй. 1997 оны сумын наадам гэхэд Манлай сумын 10 соёолон дараагаар ирж байхад 11-д нь манай сумын нэг соёолон барианы цагаан зурхайд шогшоод ирж байлаа. Тэгэхэд Манлайнхан эрт дээр үеэсээ л  адуундаа их анхаарч ирсэн байгаа юм. Нэрт уяач Занданбал агсан энд онцгой үүрэг гүйцэтгэсний ачаар, өнөөдөр ч Манлай сумын адуу галтай цогтой хурдалсаар л байна. Манлайн уяачид наадмын байг хамчихдаг байсан болохоор өөрийн эрхгүй нэгийг боддог юм билээ. Тэгээд 1997 онд сумынхаа уяачдын холбоог байгуулж, долоон уяачтайгаа хэдэн хурга төлөг чиргүүлтэй ЗИЛ-130 дээр ачаад, Төв аймгийн Баянбараат, Баянчандмань, Сэргэлэн рүү гарсан. Дөрвөн сумын залгаа дээр буудаллаж, нутгийн томчууд болох МУ-ын Алдарт уяач Гийнаа  нарын уяачидтай уулзлаа. Морины хорхойтой эрчүүд цугласан болохоор  дорхноо л учраа олсон гэх үү дээ. Нутгийн  хурдан удмын 37 азарганаас манай уяачид шинжиж байгаад 17 үрээг  нь авсан. Манай нутгийн хонь хаана ч гологдохгүй л дээ. Тийм болохоор тэд “Таван хурга л өгчих, тэгээд сэтгэлд багтсан үрээгээ ав” гэж байсан. Ингэж  өнөө 17 үрээгээ нутагтаа авчирч азарга тавьж байлаа.
-Энэ ажлаа мэдээж үргэлжлүүлсэн биз дээ?
-Тэгэлгүй яахав. Түүнээс хоёр жилийн дараа ММСУХ-ны тэргүүн, Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Буяндэлгэрийг хэрэг болгон зорьж 10 уяачтайгаа уулзлаа. Буяндэлгэр гуайг морины хорхойтнууд алдарт Гуулин, Жинст хонгор азаргаар нь андахгүй л дээ. Улаанбаатар хотод болсон тэр уулзалтад Тод манлай уяач Даваахүү гуай, морин тойруулгын Батчулуун Манлай,  АЖ Долгорын нөхөр Сайнцог хурандаа, Монголд анх удаа хурдан азаргыг үнэлж авч байсан бор азарганы эзэн Содномцог нарын уяачидтай уулзлаа. Санаа бодлоо хэлбэл Хэнтий яв гэж зүг чиг гаргаж өгсөн юм. Тэдний зөвлөснөөр илүү нугаламтай 70 орчим төлгөө ачаад, дахиад Хэнтий аймгийн Баянхутаг сумыг зорьсон. Тэнд МУ-ын алдарт уяач, одоо энэ Толин хул уртын Дамдинжав гуайтай уулзан долоо хонож, нутгийн уяачидтай уулзан, Хэрлэн гол, Хэнтий аймгийн хурдан хүлгэдээс 18 агт авчирсан. Тэгж явахдаа би өөрийн хурдан саарал азаргаа авсан юм. Энэ жил 19-тэй. 14, 15 хүртлээ давхисан буянтай амьтан бий. 1999 онд Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумдын зааг дээрээс Далхаагийн Мөнхбаяр гэж залуу уяачаас таван настай соёолон үрээ анх авч байлаа. Надад ирээд хоёр жилийн дараанаас эхлээд сумын өвлийн наадмуудад гурван жил дараалан түрүү магнайд, таван жил сумын наадамд айрагдсан. Орон нутгийн найман медальтай. Гэхдээ аймгийн наадамд уягдаж үзээгүй л дээ. Бас “Говьшанхын хурд-2” наадамд  17-оор ирж байсан. Энэ нь Өмнөговь аймгийнхаа азарганууд дотроо хоёрт ирсэн гэсэн үг л дээ. Мандал-Овоогийн Батчулууны хүрэн азарга долоод ирж байсан байхаа. Тэгэхэд миний азарга 17-оор ирж байсан.
-Саарал азарга “Засаг ноёны саарал” дуунд мөнхөрсөн байдаг даа?
-Тийм ээ “Засаг ноёны саарал” гэж сайхан дуутай болсон. Залуу уран бүтээлч Санжмятавын Эрдэнэжаргалын ая, үг байгаа юм. Түүний хүү Содоо миний саарал азаргыг найман жил орчим уяж хурдлуулсан. Миний саарал азарга барихад нэлээн ороо, бас  долгион зантай. Сул гүйсэн ирийг нь дарах гэж мордуулсан моринд сайн Гантулгын Бум-Эрдэнэ гэж залууг булгиж чулуудаад гарыг нь хугалж байсан удаатай. Тэгсэн атлаа хүүхдээ ганц удаа ч булгиж үзээгүй. Анхны хөлсөөр л номхорчихдог.  Тийм болохоор  нь би дууныхаа клипний ард “Хүний ухаантай саарал азарга, Хүлгийн дээд эцэг адуу, Өнчин нялх унагаа омруундаа түрж хайрласан, Анхны хөлсөөр номхрох нь аргамагийн шинжийг хадгалсан” гэж өөрийн шүлгийн мөртүүдээс оруулсан. 2010 онд энэ дуу бүтэж, сүүлд нь клипийг нь хийсэн юм.
-Саарал азарганы үр төлүүд хурдан байна уу?
-Миний саарал азарга чинь унаач хүүхдээ их ээлтэй, бас их ухаантай. Үүнийгээ олон удаа харуулсан даа. Сүүлд түрүүлдэг өвлийн наадамд 40 гаруй хурдан азарганууд  мордсон юм. Аймаг сумын наадамд орж байсан хурдууд ирсэн байхад ганцаархнаа л юм шиг гурван жил дараалан түрүүлсэн юм шүү дээ. Тэр өвлийн наадамд гарааны зурхай руу гарч яваад үлийд бүдрээд, хүүхэд морьтойгоо цуг ойчоод босохдоо жолоогоо алдчихсан. Би ч хүний хүүхэд яанаа  л гэж бодсон. Машинаар хойноос нь элдэж болохгүй болохоор жаахан захлаад л хойноос нь гарлаа. Тэгсэн 200 метр давхиад жолоогоо хараад л яг зогсчихсон. Өөр адуу бол ирээ дуустал давхих, хүүхдээ унагах, жолооноосоо үргэж үсэрч булгих гээд бурхан минь юу ч болж болох байлаа. Тэгээд зогсоход нь хүүхэд ч тонгойгоод жолоогоо авсан. Ингээд буцаад давхиж, түрүүлж байлаа. Тэр үед илүү их хайрлах сэтгэл төрж билээ. Наадамд л давхиж байх азарга гэж би бахархдаг юм.  
Хурдан азарга чинь төл багатай, эсвэл гарсан төл нь хурдлахгүй байх нь олонтаа. Харин саарал азарга олон хурдан төлтэй. Хоёр дахь жилээ сумын наадамд түрүүлэхэд, төл нь соёолон насанд түрүүлж байлаа. Долоо, найман төл нь айраг, түрүү авсан. Би азаргандаа 4-5 гүү хураалгадаг юм. Тэр түрүүлдэг саарал соёолон нь Ханбогд сумын Алдарт уяач Түнтүүшийн Түвшинбалын үрээ байгаа юм. Ханбогдын наадамд түрүүлчихээд,  дөрөв хоногийн дараа Баян-Овоо сумын наадамд очиж түрүүлж байлаа.
-Дууны клипний ард явж байгаа шүлгийн мөртүүдээс “Өнчин нялх унагаа омруундаа түрж хайрласан” гэсэн мөр ямар учиртай юм бэ?
-Миний саарал их ухаантай гэж хэлсэн дээ. 2001 он байхаа. Манай Ханбогдод зуд болж, манай адуу Өмнөговь аймгийн Булган сумаас хойш 25 км газарт оторлосон юм. Өөрөөр хэлбэл манай сумаас 370-аад км хол газар оторлож нүүсэн гэсэн үг л дээ. Зуд турхан, отор нүүдэл гээд адуунаасаа төл авч чадахгүй, хэдэн жил болчихсон байсан юм. Гэтэл саарал азарганы ууган төл гарч хүүхэд хөгшидгүй л баяр хөөр болцгоож билээ. Тэгээд Булганд хоёр жил оторлоод, урин орохоор нь Ханбогд руугаа буцаад нүүх боллоо. Зуднаар эх нь үхчихсэн болохоор өнчин унагаа харахаар л өр өвдөөд байдаг. Тэгтэл саарал азаргатай адуу хойшоо бэлчлээ. Бид ч хэцүүднэ гээд унагаа аваад хоцорлоо. Ингээд хөдлөх болоод хойшоо бэлчсэн адуугаа хүнээр хураалгаад ирж байтал саарал азарга нөгөө унаганаас 300 м орчим зайнаас хангинатал янцгаан, дэлээ намируулаад, өнчин унага тавьсан адуу руу нь харвачихлаа. Учрыг нь олж ядан зогстол өнчин унагаа омруундаа хийгээд, буцаад ижил рүүгээ түрээд явахыг хараад манайхан нулимсаа барьж дийлээгүй. Гэтэл хүн муутай эцгүүд үр хүүхдээ  жишим ч үгүй хаяад явчихдаг биз дээ. Тийм болохоор дууныхаа клипт “Өнчин нялх унагаа омруундаа түрж хайрласан, Хүний ухаантай саарал азарга, хүлгийн дээд эцэг адуу” гэж оруулсан нь ийм учиртай юм даа. Энд сонирхуулахад, миний саарал азарганы даага энэ жил түрүүлсэн байгаа. МУ-ын Манлай уяач дааган Ганаагаас 1999 онд нэг шүдлэн байдас авсан юм. Сайн азарга сайн гүүтэй нийлэхээр сайн төл гардаг юм билээ. Миний саарал азарга өөрөө уягдахаа байсан ч төлүүд нь намайг олон удаа айраг уулгаж байна даа.
-Энэ жил төрийн наадамд Цогтцэцийн уугуул хоёр уяачийн морь түрүүлж, айрагдлаа. Үүнийг нутгийн олон ихэд бэлгэшээж буй нь уулзсан хүн бүрийн амнаас сонстож байсан?
-Тийм шүү. Бидний өвөг дээдэс амны билгээс ашдын билэг гэж эртнээсээ сургаж өнөөг хүрсэн. Өнөөдөр манай Ханбогдынхон бүгд л сайхан амьдарч байна шүү. Энэ нь нутгийн эзэн болсон бидний хичээл зүтгэлтэй холбоотой. Мэдээж Оюутолгойг дагаад төрийн бодлогоор хөгжинө л дөө, гарцаагүй. V ноён хутагт Данзанравжаа хэлсэн байдаг шүү дээ. “Ханбогд гайхамшигтай уул. Цагаан тэмээ унасан ногоон торгон дээлтэй, баруун гартаа лимбэ үлээсэн бүсгүй эзэнтэй. Тэмээний хүзүүнээс хонх, урд бөхнөөс нь хурганы уут зүүсэн, хурганы уутны амсраас аргалын хурганы толгой цухуйсан тийм үзэсгэлэнтэй эмэгтэй эзэн буюу эм лустай юм байна. Тийм учраас энэ нутгийн хүмүүс, хол ойроос ирэгсдэд лус нь ээжийн сэтгэлээр хандаж, сайн сайхнаа харамгүй өгч, илч энергиэ түгээнэ. Цээртэй үг хэлдэггүй, муу муухай юм боддоггүй газар байна. Энд ирсэн хүн санаснаа аваад буцах увдистай. Тиймээс энд зөвхөн сайн л юм бодох хэрэгтэй” гэж ярьсан байдаг юм билээ. Галав юүлээд ертөнц шилгээх бэрх цагт ч хэдэн хүнээ аваад үлдчих уул юм. Энэ бол эрдэнэсээр бүтсэн ертөнцийн хүй болсон газар гэж хэлээд “Аврал одноос самбуу ба” буюу “Гайхамшигт галба” гэдэг 10 бадаг магтаалыг Ханбогд ууланд зориулж хэлсэн билээ. Үүнээс сонирхуулвал:

...Гурвалжин үүдтэй говь нь
Гурван цадигийн дохиотой
Говь нутгийн шидтэнээр
Гурван биеийг бүтээлтэй
Уяхан дуутай шувуу нь
Уянгатай сайхнаар донгодох нь
Утгыг санасан сэтгэлийг
Улам улмаар хөгжөөмөөр
Бишүү гарвын нумандаа
Билгийн сумаа онилвол
Бядан ирэх дайсны
Биеийг барьж намналтай
Хамаг бурхдын адисласан
Хандын энэ орондоо
Ханашгүй Ханбогдыгоо
Хагацашгүй шүтье” гэж магтаад өдөрт гурав уншиж байгаарай, адгуус, бирд, тамын гурван муу заяанд автагдахгүй шүү хэлсэн байгаа юм. Тэнгэр, асар, хүн нь гурван сайн заяа, энэ гурвыг нийлүүлээд Ум ма ни бад мэ хум гэх маанийн зургаан үсэг болдог гэж ярьдаг даа. Үүнээс үүдээд ярихад Гэсэр гэлэнгийн хурдан хулын угшилтай Шанхын уяачид Ханбогдын наадамд ирэхдээ “Ханбогд уулын оройг хар. Үлэмжийн чанарыг дуулчихаад ирэхэд эндээс айраггүй буцна гэж байхгүй” гэж ярьдаг байсан гэдэг. Ингэж Цэцийн уяачид дээр үеэсээ манай сумыг Галба байхаас нь ирж сайхан нааддаг байсан байгаа юм. Тийм болохоор Ханбогд, “Үлэмжийн чанар” хоёр бол салшгүй холбоотой. Бид энэ сайхан дагшин газартаа “Энэ замбуутивийн амьтай бодьгал бүхэнд амар амгалан, аз жаргалыг хайрлах” Дэмчог бурхнаа заллаа. Энд зориуд тэмдэглэхэд монголчууд минь Дэмчогийн хийд, Ханбогд уул, буян хишгийн Баяжихын агуйдаа ороод мөргөчихсөн байхад хаана ч алзахгүй шүү гэж хэлмээр байна.
-Ханбогд сумынхаа уяачдын холбооны талаар ярьж өгөөч?
-Манай холбоо чинь 1997 онд байгуулагдаж байсан гэж дээр хэлсэн.  Тухайн үед нутгийн адууныхаа цусыг сайжруулахын тулд яаж ажиллаж байснаа ярьчихсан шүү дээ. Ер нь тэрнээс хойш манайхан гаднаас адуу зөөдөг болсон. Одоо Ханбогд суманд цэвэр цусны араб азарга, араб угшлын адуу олон болсон байна. Сумандаа айраг түрүү алдахаа байсан шүү. Болоогүй аймагт очиж уралдан, айраг түрүү ч авдаг боллоо. Өнгөрсөн 2012 онд Ханбогд сумын Амарбаясгалан, Нэхийт хоёр аймгийн Алдарт уяач, аймгийн Аварга уяач цол хүртлээ. Тэрний урд жил Гантөмөр бас аймгийн Аварга уяач болж байлаа. Өнөөдөр Өмнөговь аймгийн адууг сайжруулахад УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд, “Ажнай” корпорацийн Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ гэдэг хүний оруулсан хувь нэмэр үнэхээр их. Бас говийн бахархал болсон тэмээн сүргийг өсгөж үржүүлэхэд асар их хувь нэмэр оруулж байгаа хүн дээ.
Энд бас УИХ-ын гишүүн асан, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Хоохорын Бадамсүрэн гуайг дурдах байна. Манай аймгийн адууг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн байгаа юм. Мөн Өмнөговь аймагт хамгийн анх цэвэр цусны араб адууны мөрийг гаргасан хүн бол Бадамсүрэн гавьяат. Түүний хурдан азарганы төлүүд манай олон уяачид бий. Дэлхийд нэртэй азарганы үр төлөөр өнөөдөр Галбын говьчууд наадаж байна.
-Өнөө Төв, Хэнтийгээс авчирсан адуунуудын үр төл яаж давхиж байна вэ?
-Тэр адуунуудын ачаар л өнөөдөр Ханбогд сумынхан сайхан адуутай болоод байна. Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын азаргагүй айл байхаа больсон. Анх 1999 онд Хэнтийгээс авчирсан хэдээс Цэдэнгомбын Түмэнжаргал гэж залуу нэг шүдлэн үрээ авсан юм. Түүнд очоод арваадхан хоногийн дараа болсон сумын наадамд түрүүлж байлаа. Бас миний саарал азарга, Эрхэмийн цэгээн, Эрдэнэбилгийн ухаа гээд олон хурдан азаргыг нэрлэх байна. Толин хулын ганц төрсөн дүү загал азаргыг Хэнтий аймгийн Баянхутаг сумын мянгат малчин Лувсанбаяраас авч сумандаа аваачиж байлаа. Ханбогд сумын уяачдын холбооны тэргүүн Энхжаргалын хурдан бор, хурдан саарал нь загал азарганы төлүүд байгаа юм. Хэнтийн Уртын Дамдинжав гуайн хурдан шарга азаргыг манай Төмөрмөнх уяач авч, одоо төлүүд  нь Ханбогд суманд хурдан байгаа. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Сайрын Чулуунбаатар гэж өвгөн уяачийн “Сангийн хээр” нь одоо сумын уяачдын холбооны нэр дээр давхиж байгаа. Төв аймгаас ирсэн адуунууд зуд турханд үрэгдээд Сангийн хээр л үлдсэн. Ер нь Хэнтий, Төв аймгаас авчирсан адуунууд Ханбогд сумын хурдан морины хөгжилд маш их ач холбогдолтой үйл явдал болсон гэж боддог. Тэр жил аймгийн Засаг дарга Эрдэнэбат Өмнөговийнхоо наадмыг нээж үг хэлэхдээ “Ханбогд сумын Засаг дарга Буянтогтох тэргүүтэй уяачид наран ургах зүгээс ирж, аймгийнхаа наадамд хурдан адуугаа түрүүлгэж байна” гэж билээ.  Өнөө сумын маань айраг түрүүг түүчихдэг байсан Манлайнхан манайхыг зорьж ирэх нь ч цөөрсөн. Би Манлайг муудсан гэж байгаа юм биш шүү. Тэдний адуу сайн хэвээрээ. Харин адуу бол урьдныхтай харьцуулшгүй сайжирсан гэж хэлэх гээд байгаа юм. Энэ бол Ханбогд сумын уяачдын шаргуу хөдөлмөрийн үр дүн.  Одоо цөөхөн хэдэн жилийн дараа Галба угшил гэж шинэ угшил гарч ирэх болов уу.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе? 
-“Тод магнай” сэтгүүлийнхэндээ баярлалаа.  Санаа зөв бол заяа зөв гэж. Дандаа сайн сайхан өөд хүсэн тэмүүлж, сайхан сэтгэлийн угаар сэтгэл тэнэгэр ажиллаж, амьдарч байгаа галбачуудадаа сар шинийн мэндийг дэвшүүлье.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна