МУ-ын Манлай уяач Ц.Доржсүрэн: Морь будилдаггүй байсан бол миний хээр 10 жил дараалан цулбуур өргүүлэх байсан
ТЭР ОЛОН ДУНДААС ХЭЭР МОРЬ МААНЬ ШУУД Л НҮДЭНД ТУССАН
-Даян түмний эх алдарт хээрийн эзэнтэй хууч хөөрөх болсондоо баяртай байна. Манлай хаагуур нутаглаж байгаа вэ?
-Миний бие ч гэсэн уяачид хурдан морины тухай тогтмол хүргэж байдаг “Тод магнай” сэтгүүлд ярилцлага өгөх болсондоо баяртай байна. Партизаны сангийн аж ахуй хавиараа л нутаглаж байгаа. Манай тэр хавийнхан нэгэн үе халхын наадмын дэвжээнд шуугиулж явсан хүмүүс. Сүүлийн үед л нам жимхэн байгаа болохоос биш.
-Санал нэг байна. Тэдгээр цуут хүлгийн нэг нь таны хээр морь. Хээр морь Доржсүрэн уяач хоёр хэрхэн биенээ олсон нь өнөөдөр сонин түүх болно байх?
-Би хээр морио 1989 онд хавчиг соёолон үрээ авч байсан юм. Хавар нь олж харчихаад хорхойссоор байж намар нь өөрийн болгож байлаа. Авсан нь бас их түүхтэй. Тэр жил би адууныхаа цусыг сайжруулахаар Жаргалантын морин заводоос ганц үрээ олоод авчих санаатай явж байгаад замдаа хээр морио олж харсан юм. Идээшилж байсан тэр олон адуун дундаас шууд л нүдэнд туссан. Тэгээд л эзнийх нь эрэлд мордож, найзуудадаа “энэ морийг авмаар байна. Эзэн нь хэн гэж хүн байна. Мэдээд өгөөч” гэсэн. Тэгсэн Жаргалантын сангийн аж ахуйн Дэмбэрэлнямбуу гэж миний үеийн залуу болж таарлаа.
-Таны саналыг тэр дор нь ч хүлээж аваагүй юмаа даа янз нь?
-Тэгсэн. Сургийг нь гаргаад хүмүүсээр хэлүүлтэл “зарахгүй” гээд халгаахгүй байсан. Тэгэхээр нь намар нь өөрөө явж очоод “хол газраас зорьж ирлээ” гээд гуйсан чинь зөвшөөрөөд 10,000 төгрөг өгөөд ав гэсэн.
-1989 оны 10,000 төгрөг ч бас л өндөр өртөг шүү?
-Өө тэгэлгүй яахав. Сарын цалин гээд 700 төгрөг авдаг байсан үе. Гэхдээ эр хүн хэлсэн, зорьсондоо байх ёстой шүү дээ. Тэгээд зарж болохоор юмнуудаа зараад, дээрээс нь найз нөхөд тусалж дэмжээд хээр морио авч байсан. Хүний хурдан сайхан буян авч байж гэж бодоод үнийг нь татъя ч гэж бодоогүй. Тэр ч бүү хэл хазааранд нь 4000 төгрөгийн үнэтэй хурдан үрээ өгч байсан юмдаг.
-Ойр тойрныхон чинь багагүй зэмлээ байлгүй. Гэрийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ?
-Олон хүнд загнуулсан. Манай гэр бүлийн хүн морь мал гэдэггүй байсан ч дургүйцээгүй ээ хөөрхий. Өөрөө мэдэж байгаа байлгүй дээ гэж бодоо биз. Сүүлдээ хээр морь хурдлаад адуунд их дуртай болсон.
-Ингэхэд хээр морины юу нь таныг тэгтлээ татсан юм бэ? Өөрөөр хэлбэл хурдан адууны ямар ямар шинж байсан бэ?
-Аав маань олон жил засаг адуу малласан болохоор би 12 настайгаасаа хойш адуу манасан. Олон жил адуу малласан хүн бас нэг багцаатай болдог юм билээ. Хээр морио анх хараад хавчиг соёолон гэж мэдээгүй, бүдүүн адуу байна л гэж бодсон. Их сайхан томируун биетэй. Ямар ч байсан хээр морийг харчихаад өөр ямар ч адуу харах сонирхолгүй болж, энийг л авах ёстой юм байна гэж бодсон. Надад энэ хээрээс өмнө их, бага хоёр хээр морь байсан юм. Нутаг орныхоо наадамд айрагдахгүй байна гэж байхгүй. Тийм болохоор хээр морийг аваад очиход нутгийн өвгөчүүл “чи өөрөө ийм хурдан морьдтой байж. Энийг хаана уралдуулна гэж авч байгаа юм” гэж зэмлэж байсан. Бас зарим морь мэддэг айхтар хөгшчүүл нь “за чи ганц хурдан морь авчирч” гэж байсан. Гэтэл над дээр ирсэн зунаа хээр морь муу давхиж, хүмүүс намайг “толгой нь эргэсэн хамуурсан амьтан” гээд буруутгаж байснаа, Монголын Нууц Товчооны 750 жилийн ойд айрагдсанаас хойш юм хэлэхээ больсон.
МИНИЙ ХЭЭРИЙН АМЖИЛТЫГ ЭВДЭХ АДУУ ДАХИН ТӨРӨХГҮЙ
-Тань дээр ирэхээс өмнө бага гурван насандаа ямар амжилт үзүүлсэн байсан юм бэ?
-Над дээр ирэхээсээ өмнө шүдлэнгээсээ хойш сумынхаа наадамд дандаа түрүүлж байсан гэсэн. Даваахүү ах хээр морийг харчихаад “авъя” гэж бодож явтал нь би авчихсан юм билээ. Намайг авснаас 10 хоногийн дараа “авъя” гэж очсон байсан. Тэгэхээр би өөрийгөө их азтай гэж боддог юм. Тухайн үед морин тойруулгын Буган нэртэй хул морь их хурдан байсан. Хул морины эзнээр дамжуулж “10 мянгын хээр морьтой чинь нэг уралдъя” гэсэн санал тавьсан байсан.
-Та тэр саналыг нь хүлээж авсан уу?
-Тэр жилийн наадмаар Буган хул зургаад, миний хээр 300 гаргаад давхисан болохоор дахин уралдъя гэж санал тавиагүй.
-Хээр морь ямархуу уяатай адуу вэ?
-Их хатуу уяатай. Бүтэн сар уяхад уяа нь сайн эвлэдэггүй, хэр барагтай нимгэрэхгүй шүү. Ер нь бүтэн жилийн уяатай. 1990 онд долоотойд нь улсад уралдуулахад 320 хавиар давхисан. Тэр үеийн улсын наадам одоог бодвол өтгөн морддог байж дээ. Нэг насанд 600-700 адуу уралдана. Заримдаа 800 ч хүрдэг байсан байх. Улсын наадмын дараа Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадам болж, их морины уралдаанд давхисан шүү дээ. Хээр морь эхний уралдаанд гурваар давхитал “морь будилсан” гээд дахихад тугтай машины урд гараад тасарчихсан. Хүүхэд нь амыг нь дийлдэггүй. Барианд орохын өмнөхөн хүүхдийнх нь цанх татаад амыг нь тавьчихсан чинь уул руу гараад явчихсан. Хээр морь их хатуу явдалтай адуу. Тэгэхэд адуу ачна гэж мэдэхгүй хөлөөр нь аваад явдаг. Олон хоног зайдан морь унах бас хэцүү шүү дээ. Тэр үед хээр морийг миний том хүү долоотой унаж байсан юм.
-Морь будлих хэцүү шүү?
-Хэлээд юу гэхэв. Дахихаар боллоо гэхэд нь “Ийм том наадамд айраг алдлаа” гээд би жаахан дурамжхан байсан. Тэгсэн манай нутгийн айхтар өвгөчүүл “гайгүй зүгээр” гээд дахиж мордуулсан юм. Тэр үед хүүхдийн бие өвдөөгүй байсан бол хээр морь түрүүлсэн л дээ. Дараа жил нь 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор бас их хурдан байсан. Энэ жил улсад “баараггүй орно доо” гэж бодож байлаа. Сунгаанд ч гэсэн улсад орж байсан сайн морьдоос нэг километр хэртэй тасарч түрүүлж байсан юм чинь тэгж бодохоос аргагүй л дээ. Гэтэл улсын наадмын морь будлиад бас ахиад дахисан. Уг нь хээр морь сүүлийн моринд үлдэн хойноос уралдсан ч түрүүчийн морьдтой хутгалдаад, бас айрагдаж чадаагүй.
-Гэхдээ 1992 оны наадамд мөн чиг урамтай сайхан түрүүлж, хурдан ажнай гэдгээ халх даяар хүлээн зөвшөөрүүлсэн шүү дээ?
-Тэгсэн. 1992 оны Ардын хувьсгалын 71 жилийн ойн баяр наадамд миний хээр морь түрүүлж, Аюуш агсны хээр аман хүзүүдэж байсан. Миний хээр хол тасарч түрүүлэн, наадамчин олныг шуугиулж байлаа. Тэрний дараа жил аман хүзүүдэж /1993 онд/, 1994 онд айргийн таваар, 1995 онд айргийн дөрвөөр давхиад, 1996 онд түрүүлсэн. Ийнхүү таван жил завсаргүй төрийн наадамд түрүүлж айрагдсан хүлэг байгаа юм даа, миний хээр морь. Миний хээрийн энэ амжилт өнөөдрийг хүртэл эвдэгдээгүй. Эвдэгдэх ч үгүй байх гэж боддог. Монголын хурдан морины түүхэнд гарцаагүй бичигдэх хурдан буян байсан.
-Мөн бүсийн наадмуудад хэд хэд орсон байхаа?
-1995 онд улсын наадамд дөрвөлчихөөд Өндөргэгээн Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ойн даншиг наадамд таваар давхисан. Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд болсон шүү дээ. Тэр өвлийнхөө цагаан сараар Дэлгэрхаанд гурвалсан. 600 гаруй их морь, 500 гаруй азарга уралдсан анхны өвлийн уралдаан шүү дээ.
ЗАЛУУ НАСНЫ ААГ ОМГОО Л ДАРЖ ЧАДДАГГҮЙ БАЙСАН ҮЕ БИЙ
-Уяачийн урмыг хугалж, адууны ирийг мохоосон наадам будлиантдаг үед хээр морь ид уралддаг байсан нь харамсалтай. Морь будлиантаагүй бол ч гэж бодогддог уу?
-Бодогдолгүй яахав. Миний хээр шиг хурдан морь тийм олон төрөхгүй. Тэр утгаараа харамсах сэтгэл төрдөг болохоос биш, өөрийнхөө алдар нэрийн тухайд харамсаж байгаагүй. 1997, 1998 онд морь далан тойрч уралдуулсан шүү дээ. Тэгэхэд бас л будлиад айрагдаж чадаагүй. 1998 оны наадмын үеэр “морь будиллаа” гэж дуулангуутаа Айдасын даваан дээрээс тосч аваад, Их хурдад бэлтгэсэн. Олон удаа морь будлиахаар сүүлдээ зүрхшээгээд уралдмааргүй хүртэл санагддаг юм билээ шүү.
-Тэгэхээс ч аргагүй юм даа. Гэсэн хэдий ч тэр жил Манлайн тооцоо зөв байж, хээр морь шигшмэл морьдын уралдаанд айргийн гуравт хурдалсан байхаа?
-Тиймээ, Хархоринд болсон анхны “Их хурд”-д хээр морио ачиж очсон. Газар газраас ирсэн халхын цуут хурдууд чуулсан тэр уралдаанд хээр морь маань гурваар давхисан. 2000 оны наадамд уралдаагүй, 2001 онд айрагдсан ч бас л будилсан гээд хасчихсан. Тэр үеийн хүмүүс мэдэж л байгаа. Айрагдчихаад хасуулсан гэдгийг нь. Тэгэхэд үнэхээр харамссан. Ер нь морь будилдаггүй байсан бол миний хээр 10 жил төрийн наадамдаа цулбуур өргүүлэх байсан.
-Даян түмний эх хээр хэд хүртлээ уралдсан юм бэ?
-18 хүрээд зодог тайлсан. Морь ч будлиад сайхан наадам болохгүй болохоор нь 2001 онд зодог тайлуулсан. Миний хээр монгол наадам будлиантсан тэр он жилүүдэд хүлгийн шандсаар төрийнхөө баяр наадамд хоёр түрүүлж, зургаа айрагдсан цуут хүлэг. Үнэхээр агуу амьтан байсан. Цөөн ч бай олон ч бай цээжинд л эргэнэ. Тэгээд жаахан явж байгаад тасарчихдаг. Морьтой зууралдана гэж байхгүй. Газар нь хол ойр хамаагүй, моринд дийлэгдлээ гэж айхгүй, дийллээ гэж нэг цочроод байхгүй их тайван эрдүү адуу байсан.
-Таныг хээр морио ид хурдан байхад ганцааранг нь сунгадаг байсан гэдэг юм билээ. Тэр ямар учиртай байсан юм бэ?
-Эхний хоёр сунгааг нь олон морьтой хийчихээд их сунгааг нь ганцаарчилж хийдэг байсан. Яагаад гэхээр их сунгааны урд бүх юмыг нь тааруулчихсан байдаг болохоор олон морьтой уралдуулж бярыг нь барахгүй гэсэн санаа л даа.
-Партизан зүгийнхэн адууг эрт тэжээсэн гэдэг. Та хээр морио тэжээдэг байсан уу?
-Тэжээнэ, өвөлдөө тэжээхгүй бол болохгүй. Гэхдээ одоогийнх шиг хамаагүй өгөхгүй. Өглөө хоёр, оройд хоёр шанагыг л өгнө. Тэжээлгүй адуу өвлийн эдэлгээ, тэр олон хоногийн уяаг даахгүй шүү дээ.
-Манлай хээр мориороо нэлээд бардамнадаг байсан дуулддаг?
-/инээв/ Аархдаг байсаан байсан. Нуугаад яахав. Залуу насны ааг омгоо л дарж чаддаггүй байсан юмуу даа янз нь. Хээр морьтойгоо явж байхад наадам багадах шиг л санагддаг байсан шүү. /инээв/ Түүнээсээ болоод “би хээр морьтойгоо ирсэн байхад та нар яах гэж ирсэн юм бэ” гэж хэлж байсан удаатай. Одоо эргээд бодохоор санаа зовох шиг болдог шүү. Нэг удаа Даваахүү ахтай хамт явж морь шинжлээ. Тэгээд харж байгаад “наадахаараа яах юм бэ” гэтэл “үгүй Доржоо чи битгий ингэж бай. Чиний хээр морь 100 жилд ганц тохиох ажнай. Чи хээр морь шигээ морь олно гэвэл худлаа” гэж билээ. Тэр үнэн юм билээ. Энд тэнд явж адуу харах л юм. Миний хээр шиг адуу үнэхээр байхгүй юм билээ. Миний хээр морийг халхын цуутай уяачид харчихаад ганц өө хэлж үзээгүй юм шүү дээ. Ид хурдан байхад хүмүүс их ирж хардаг байсан. Ононгийн Аварга хээрийг даалуу адуу гэдэг ч яг нарийндаа олон шинж дутуу юм билээ. Уяач нь сайныхаа хүчээр амжилт гаргасан байх.
ГОЛОГДСОН ХҮРЭН АЗАРГАА АЙРАГДАХАД ӨӨРИЙН ЭРХГҮЙ НУЛИМС УНАГАСАН
-Хамгийн их омогшуулж байсан наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-1992 онд анх түрүүлэхэд нь би тэртэй тэргүй түрүүлнэ гэж бодож байсан. Яагаад гэхээр морь маань нутагшчихсан байсан. Жаргалант хавь чинь их зөөлөн хөрстэй болохоор хээр морь анх ирчихээд жаахан чулуун дээр л суун тусаад байдаг байсан. Харин тэр жилээс туурай нь бэхжээд ямар ч чулуун дээр гал маналзтал давхидаг болчихсон юм. Уяа нь жигдэрчихсэн, газар усандаа дасчихсан, эзэн нь уяаг нь олчихсон болохоор түрүүлнэ гэдэгт нь итгэлтэй өөрийгөө бэлтгэчихсэн байсан. Тэр утгаараа хүмүүс шиг догдолж хөөрөөгүй байх. Би өөрийгөө морио мэдэрдэг байсан гэж боддог. Өнөөдөр түрүүлнэ гэхэд түрүүлж л байдаг. За арай дутуудуулчихав уу гэхэд айрагдаж л байдаг байсан. 1996 онд Дэлгэрхаанд уралдахынх урд шөнө хөгцтэй өвс өгснөөс болоод гэдэс нь гүйлгээд баараггүй түрүүлэх байсан ч айрагдсан. Тэр жил Манлай уяач цол анх бий болж, би ганц айраг авчихвал хүрчих гээд байсан юм. Хээр мориныхоо буянаар МУ-ын Алдарт уяач цолыг давуулан биелүүлчихээд байсан хэрэг л дээ. Тэгсэн хавар нь Даваахүү ах, талийгч Пунцагбалжир агсан хоёр манайд ирлээ. Надад Жаргалант угшилтай хурдан хүрэн азарга байсан юм. Түүнийгээ тэр хоёроор шинжүүллээ. Тэгсэн Даваахүү ах “за Доржоо чиний хүрэн азарга яах вэ улсад 10 дотор давхина. Тэрнээс айрагдана гэж гонж” гэж байна. Тэгэхээр би дотроо “хээр морь маань ч баараггүй айрагдана. Харин хүрэн азаргаа оруулчих юмсан” гэж. Амьхандаа шарлахаж байгаа юмуу даа. /инээв/
-Заримдаа ийм цагаан атаархал хүнийг хөглөж ирлэдэг?
-Тэгсээн. Тэр жил хүрэн азарга маань долоо хүрч байсан юм. Цэмцгэр сайхан амьтан л даа. Даваахүү ахын тэр үг намайг их эрчилсэн. Тэр үед Партизаны хар Лхүндэвийн хул гэж АХ-ын 70 жилийн ойгоор гурвалж, улсад нэг түрүүлсэн сайхан азарга байсан. Тэр хул азаргатай хүрэн азаргаа сунгаж үзтэл замбараагүй хол хаячихаж байна. Тэгэхээр нь болох л юм байна даа гэж бодоод улсад аваад очлоо. Азарга мордуулчихаад цагаан хоолойгоор чагнаж байсан чинь зарлагдсаар байгаад хүрэн азарга маань таваар орчихдог юм. Тэгэхэд л үнэхээр их баярлаж, нулимс унагасан даа. Хээр морио мордуулахдаа түрүүлнэ гэдгийг нь мэддэг болохоор тэгтлээ догдолж уйлж байгаагүй. Хүрэн азарганы тухайд айрагт орохгүй гэж байхад нь хичээж оролдсоор санасандаа хүрсэндээ тэгтлээ их баярласан хэрэг.
-Хүрэн азарга айрагдсаны дараа Даваахүү Тод манлайтай уулзсан уу?
-Уулзсан. “За миний дүү одоо л ёстой Манлай уяачийн болзол хангалаа даа. Сайн байна” гэхээр нь миний сагсуу хөдлөөд “Би ч уяаны ажлаа хийдгээрээ хийлээ. Нөгөө муу гологдсон хүрэн азарга маань айрагдлаа даа” гэж онгиртол “харин тиймээ” гээд тэвэрч аваад үнсэж билээ. Эргээд бодоход Даваахүү ах намайг хурцалж байсан юм билээ. Энэний хорыг малтвал юм хийнэ гэж бодсон юм байх. /инээв/ Даваахүү ах бол азарганы уяаг жинхэнэ тааруулдаг хүн шүү дээ. Ямар сайндаа “азарган Даваахүү” гэгддэг байхав. Тэр жил ч гэсэн азарга түрүүлгэж, бас 2, 3-аар оруулсан байх шүү. Хүрэн азарганыхаа буянаар би 1997 онд хоёр дахь ээлжийн Манлай уяачдын нэг болж, Борнуурын Сэдэдийн Жамбал гэж өвгөнтэй хамт МУ-ын 13, 14 дэх Манлай уяачид болж байлаа.
-Саваагүй асуулт байж мэднэ. Хээр моринд нүд унагаж, үнэ хаяж байсан хүн бий юу?
-Байхгүй. Пунцагаа ах л яриан дундуураа хавчуулаад “Манай Доржоо ч ямар хээр морио зарах юм биш, 10 саяар өгнө гэвэл ч ах нь авна” гэж байсан. Миний ганц хуурай ах болохоор улаан цагаан авъя гэж хэлж зүрхлээгүй байх л даа.
-Даян хээртэй цус нэгтэй адуунуудаас давхиж амжилт гаргасан тохиол бий болов уу?
-Байхгүй. Жаргалантын морин заводын угшилтай адуу шүү дээ. Тэр үед цаг хатуу байсан үе. Адуу гаргах юм бол шоронд ордог байлаа. Хээр морийг авахдаа морин заводынх гэдгийг мэдээгүй, хожим мэдсэн. Морин завод хоёр адуучинтай. Хоёулаа миний найз нар. Хурдлаад эхлэхээр нь эх эцгийг нь хайсан ч алинаас гарсан нь мэдэгдээгүй.
ЗАЛУУЧУУДТАЙГАА НИЙЛЭЭД ПАРТИЗАНЫ АДУУГАА САЙЖРУУЛНА
-Та ер нь Жаргалант угшлын адуугаар наадаж цолонд хүрсэн хүн юмаа даа?
-Тэгж хэлж болноо. Хүрэн азарга, хээр морь хоёр Жаргалант угшилтай адуу. 1994 оны улсын наадамд хол түрүүлсэн хээр даага бас Жаргалант угшилтай. Лхаажав гэж Жаргалантын засаг адуу хариулдаг байсан хүнээс бэлгэнд ирсэн үрээ байгаа юм. 1997 оны наадамд Батсүмбэрийн сангийн аж ахуйн Цоггэрэл гэж найзаасаа авсан хул соёолонгоо түрүүлгэж, Өвгөн ноёны даншигт айрагдуулсан. Би энэ дөрвөн адуугаар МУ-ын Манлай уяач цолонд хүрсэн дээ. Ах нь улсын наадмаас дөрвөн түрүү хүртсэн хүн.
-Хээр морь хэд хүрсэн бэ?
-18-тайдаа зодог тайлж, 19 хүрээд өнгөрсөн. Өвчин тусаагүй, тарган цатгалан сайхнаараа байж байгаад нэг л өглөө гэнэт өнгөрчихсөн. Насных нь тоо гүйцсэн юм байлгүй дээ. Би уг нь хүний өөрийн олон адуу босгосон доо. Хээр морио л яаж ч чадаагүй. Босгохын ч завдал болоогүй дээ. Задлаад үзсэн юу ч байгаагүй. Их сонин шүү. Тэгээд л халх даяар гайхагдсан хурдан хүлгийнхээ дэл сүүлийг нь авч хадгалан ёсыг гүйцээсэн.
-Хэдий сайн адуу таарсан ч муу уяач түүнийг ирлэж чадахгүй. Тэгэхээр Манлай уяач өөрийгөө тоодог байлгүй. Ер нь таныг уяачийн эрдэмд хөтөлж дэмнэсэн хүн хэн бэ?
-Миний аав. Би дээр ярьсан даа. Аав маань олон жил нэгдлийн адуу малласан гэж. Би эцэг эхээс долуулаа. Хоёр ах, дөрвөн дүүтэй. Манайхан надаас бусад нь адуу малнаас хөндий, би дуртай болохоороо аавдаа тусалж адуу манадаг байсан юм. Миний аав 1968-1974 он хүртэл адуу малласан. Тэр үеийнхэн их шударга байж дээ. Их сайхан адуу байсан хэр нь ганцыг ч авч үлдээгүй. Жороо морь ч хүртэл байсан шүү. Аав маань аливаад шуналгүй эгэл даруу ёстой нөгөө гүндүүгүй эр байсан даа. Морь уядаг байсан хэдий ч улсад морь айрагдуулж байгаагүй ээ.
-Ингэхэд Манлай маань аль нутгийн хүн бэ?
-Би хотод төрж өссөн. Аав ээж хоёр маань Завхан аймгийн Алдархаан сумын уугуул хүмүүс. Алдархаан сум дээр үед хурдтай байсан гэлцдэг. Аав маань нутгийн унаган адуутай байсан юмдаг.
-Тэгвэл та чинь нийслэл хүү юм байна шүү дээ?
-Аав 1954 онд хотод орж ирээд, би 1957 онд төрсөн. Би чинь хотод төрж, Чингэлтэй, 7 буудал орчмоор лааз өшиглөж өссөн хүүхэд шүү дээ. Хөлбөмбөг болон гүйлтийн гуравдугаар зэрэгтэй. Юм юманд хүрсэн хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Гэхдээ мориноос илүү дуртай байгаагүй. Өвөл сургууль амрав уу үгүй юу тэмцээнээ хаяад адуу руугаа явчихдагсан. Түүнээсээ болоод багш нартаа зэргээ ахиулсангүй гээд зөндөө загнуулдаг байлаа. Тэгж явсаар 8-р ангиа төгсөөд хөдөө мал дээр гарч малчин болсон.
-Нэгэн үе халхын наадмыг шуугиулж байсан Партизаныхан яагаад нам жимхэн болчихов оо?
-Манай Партизаны сангийн аж ахуй 1977 онд байгуулагдаж, 30 жилийн дотор 15-н түрүү, 180 гаруй айраг улсын наадмаас авсан байдаг юм. Тэрхүү хурд саарсан нь олон нөхцөл шалтгаантай байх. Гэхдээ бид энэхүү байдалдаа үнэлэлт дүгнэлт хийгээд холбоо байгуулж, уяачдынхаа идэвх зүтгэлийг сэргээхээр хүсэл зорилгоо нэгтгээд байна. Би их олон жилийн өмнөөс Партизандаа уяачдын холбоо байгуулъя гэж ярьж байсан. Гэтэл холбоог маань удирдаад аваад явчих тэргүүн олдохгүй байсаар саяхан санасандаа хүрлээ. Төрийн наадмын түрүү Түвдэнгийн алаг чинь манай Партизаны унаган адуу. Гүнтийн ногоон авмал адуу. 1980-н хэдэн оны улсын наадмын айраг түрүүг морин тойруулга, манай Партизан хоёрын морьд л авдаг байлаа. Арваадыг нь тойруулгын морьд 7-8-ыг нь манайх, үлдснийг нь Төв аймгийн ойрын сумд хуваадаг тийм л байлаа шүү дээ. Одоо тэрийгээ сайхан сэргээх зорилго тавиад уяачдын холбоогоо байгуулсан. Залуучуудтайгаа нийлж олон жилийнхээ хүслийг биелүүлж байна. Залуучуудаа зааж зөвлөөд энд тэндээс гайгүй адуу авчраад үржүүлээд, унаган хурдтайгаа нийлүүлж цусыг нь сэлбэвэл гайгүй юм гарах байхаа гэж бодож байна. Ирэх жил биш юмаа гэхэд тэрний дараа жил улсын наадамд гараад ирэх байхаа.
-Тэр ерөөл бат сайхан орших болтугай. Төрийн наадамд цулбуур өргүүлэх баярт мөчид дахин уулзъя. Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна