СТА, дуучин Д.Жавхаасайхан: Хүүхэд байхдаа сайхан морийг үнэ хайрлалгүй авдаг байлаа

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 29 -нд

-Шинэ уран бүтээлийн ажилдаа орсон дуулдсан. Сонин ихтэй байгаа юм байна даа?
-Тийм ээ, шинэ уран бүтээлийн ажилдаа орчихоод зав муутай л явна. Сүүлд хоёр жилийн өмнө “Эр бор харцага” дууныхаа клипийг хийлгэснээс хойш хэсэг завсарлага авсан гэх үү дээ. Хүүхдүүд маань бага болохоор эхнэртээ туслах хэрэгтэй байсан. Миний эхнэр бас урлагийн хүн. Тэр утгаараа бид хамтран ардын харилцаа дуугаар цомог гаргахаар ажилдаа орсон байгаа. Миний хувьд “Эрдэнэ засгийн унага” дууныхаа клипийн зургийг амралтын өдрүүдээр Төв аймаг явж авахуулаад ирлээ. Ийм л сонинтой явна даа.
-Дан уртын дуунаас бүтсэн тоглолтын тухай бодож байв уу?
-Мэдээж уран бүтээлч бүр л бие даасан тоглолтоо хийхийг хүсдэг. Өвөг дээдсээс уламжлан ирсэн уртын дуугаараа тоглолт хийх бодол надад ч бий. Гэхдээ энэ амаргүй л дээ. Өнөө хувьсгалын тохироо гэдэг шиг цаг хугацааны асуудал бас байна. Өнөөдөр дан уртын дуугаар тоглолт хийнэ гэвэл ойлгож хүлээн авах, үзэх хүмүүс хэр олон байгаа билээ. Гэхдээ тэр бүхнээс зүрхшээгээд яах билээ. Нэг үеэ бодвол сонсдог бас үнэлдэг болж байгаа нь сайшаалтай юм шүү. Энд бидний хувьд ч уран бүтээлч  сэтгэлгээ их хэрэгтэй байна. Өнөө л хуучны морин хууртай, нэг голын зах дээр дуулах биш орчин цагийн өнгө аясыг тусган хослуулах хэрэгтэй болсон гэж боддог. Этнек урсгал гэж яриад байгаа даа. Үүний эхлэлийг манай “Шуранхай” хамтлагийн бүсгүйчүүд зоригтой эхлүүлсэн. Миний “Эр бор харцага” ч сэтгэл зүрхээ зориулж хийсэн бүтээл. Тиймдээ ч олон хүнээс өндөр үнэлгээ авсан нь надад урам зориг нэмж байгаа. Өнөөдөр уртын дуучид  маань төр засгаас дэмжихгүй байна, мөнгө өгөхгүй байна гээд л ярьдаг. Үүнтэй би санал нийлдэггүй юм. Хэрвээ уртын дуучид уран бүтээлээ сайн хийгээд байвал мэдээж ард түмэн сонсдог, дараа дараагийнхыг нь хүсэн хүлээдэг болно. Төр засаг ч дэмжинэ гэж боддог юм.  Цаашлаад гадны хөгжмийн ертөнцөд Монгол уртын дуу нэрээ гаргаж яагаад болохгүй гэж. Гол нь тэр боломжийг л эрж хайх хэрэгтэй. Өнөөдөр дэлхий ертөнц даяаршаад бүх зүйл нээлттэй сайхан болчихлоо. Тэр “Ганнам стайл”-ыг хар л даа. Нүд ирмэхийн зуурт л  хил хязгаар ялгалгүй байлдан дагуулж амжлаа.
-Үүрээ та хоёрын анхны хамтарсан цомог хэзээ бэлэн болох вэ?
-Анхны цомог маань цагаан сарын дараа бэлэн болно. Урлагийн гэр бүл гэдэг утгаараа давуу талаа ашиглаж байгаа гэх үү дээ. /инээв/
-Уртын дууны зохиолч гэж яагаад байдаггүй юм бол гэж хааяа бодогддог юм? Энэ тухай та юу гэж боддог вэ?
-Одоо ч нийгэм өөр болчихлоо. Мэдээж машин унаж давхиад уртын дуу зохиох нь хаашаа юм. Минийхээр уртын дууг дуулдаг хүн л зохиож чадна гэж боддог юм. Уртын дууны яруу найраг, ая дан тэр чигээрээ л гайхамшиг шүү дээ. Энэ олон зууны туршид үнэ цэнэтэй хэвээр байна гэдэг агуу агуу. Харж байхнээ нийтийн дуу гэхэд хэсэг хит болж байгаад л мартагдчихдаг. Аялгуу нь дэндүү эрлийзчихсэн юм шиг байгаа юм. Өнөө пентатоник аялгуу байхгүй болчихсон.  Магадгүй энэ нь цаг үетэйгээ холбоотой байх л даа. Би өөрөө урлаг судлаач биш болохоор нарийн нандин зүйлийг хэлж мэдэхгүй юм.
-Магадгүй уртын дуучин болох эхлэл өссөн орчинтой холбоотой болов гэж таамаглаж байна?
-Тийм ээ. Би чинь Өвөрхангайн Хархоринд эмээ, өвөөгийн гар дээр өссөн хүн. Аав ээж маань аймгийн төвд ажилладаг байсан юм. Миний аав Дэлгэрсайхан  урлагийн их авьяастай, гитар гоё тоглодог хүн байсан. Хуулийн хүн л дээ. Харин ээж Мягмарсүрэн насаараа Хархорины холбоонд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Бид эцэг эхээсээ тавуулаа. Одоо эмээ маань 98 настай ануухан буурай ээжтэй маань хамт хөдөө амьдарч байгаа. Багадаа өвөө эмээдээ тусалж, мал хуйдаа явна, гүү татна, бас хурдан морь унана гээд л мундахгүй ажилтай хүү явлаа. Сумын наадамд олон ч удаа уралдаж байлаа. Би чинь гайгүй гийнгоолдогт орноо, бас.

Багадаа айлын уургын морь авч их уядаг байлаа
-Тэгвэл сумын наадам хүүхэд насны дурсамжинд тод үлдсэн байх нь дээ?
-Тэгэлгүй яахав. Хамгийн сайхан наадам сумын наадам юм л шиг санагддаг. Сумынхан бие биенээ бүгд л  таних болохоор илүү халуун дотно болдог юм. Одоо ч сумынхаа наадмыг үзэх гэж яардаг. Тэгээд ч морь мал уядаг болохоор наадам дөхвөл сэтгэл гэгэлзээд өөрийн эрхгүй нутгийн зүг гараад л давхина даа. Гэхдээ морь уяагүй наадамд очихоор нэг л сонирхолгүй байдаг юм. Өөрөө уяад очиход цаанаа урамтай.  Хавар морины анхны хөдөлгөөнүүд эхлэхтэй зэрэгцээд л явах тухай бодож эхэлдэг. За тэгээд морь чинь түрүүлж, айрагдаж байна гэж дуулбал нойр хүрэхээ байчихдаг. Одоо ч сайхан болж. Өдөр бүр уяачтайгаа холбогдоод мэдээлэл авчихдаг юм. Ер нь нутгийнхаа уяач нартай байнга холбоотой байдаг. Нэг хэсэг завсарласан чинь “адуу мал руу ирэхгүй байна“ гээд л үг хаяж, гомдоллоод сүйд болсон. Эдэнтэйгээ нийлж байгаад гал байгуулъя гэж бодож байгаа.
-Өвөө тань морь уядаг байсан юм уу? Яагаад моринд орчихсон юм бэ?
-Өвөө морь уяхгүй ээ. Манай удамд аймгийн Алдарт уяач хар Цэрэндорж гэж уяач байлаа. Манай Өвөрхангайнхан андахгүй дээ. Энэ ахаасаа их юм сурсан. Одоо ахын маань хүүхдүүд бүгдээрээ морь уяж байна. Ер нь тэгээд Монгол эр хүн бүрийн сэтгэл зүрхэнд морь илүү ойр байдаг юм шиг байгаа юм. Хүүхэд байхын л морины хорхойтой нөхөр явлаа. Одоо бодохнээ бас л “том эр” байсан шиг байгаа юм. Сайхан морийг үнэлж их авна. 97,98 онд 9 адуугаар морь авч унаж явлаа. Ер нь сайхан мориор зөндөө гоёсон л гэж боддог. Нутгийнхан  ч тэгж ярьдаг юм. Бас бөх эмээл, найдвартай дөрөөн сур, холбоос, сайн уурга хуйваар гоёно. Одоо ч хөдөө сайхан мориор гангардаг хүн байхаа больж. Дандаа л хятад мотоцикль эсвэл машин унадаг болж. Наадмаар дэлийг засаад сайхан морь уначихсан хүн ч харагдахгүй юм гээч. Гайгүй юмуу гээд харахаар хүлхийсэн том гүзээтэй байх жишээний. Морь өнгөрөөж унана, хагсрааж унана гэж байхгүй болсон юм шиг байна лээ.
-Дуулах авьяас гэнэт тодроогүй бол уяач болсон байх нь ээ?
-Тийм байх шүү. Нэг удаа ярилцлага өгч байтал сэтгүүлч хэрвээ дуучин болоогүй бол ямар мэргэжилтэй хүн болох байсан бэ гэж асуусан юм. Тэгэхэд нь би тоглоом шоглоомоор Тод манлай уяач хавьцаа болсон байх шүү гэж хариулж билээ.
-Хэзээнээс бие даан морь уях болсон юм бэ?
-Багадаа айлын уургын морь авч их уядаг байлаа. Хүзүү Дагва, Өндөр Дөш Даваагийнх гээд л хүмүүсийн уургын морь их авсаан. Тэгэхэд уургын морь их хурдан гэж хашир уяачид ярьдаг байсан юм. Тэр ч үнэн байх шүү. Тэгэхэд өсгий цагаан хүрэн азарга, хоёр буурал маань их сайн давхидаг байлаа. Хүрэн азарга өвлийн уралдаан, жижиг наадмуудад олон удаа айрагдаж байсан. Ер нь их эрт биеэ даасан хүүхэд байж дээ. Одоо тэр үе шиг хүүхэд наймаа яриад байвал  хулгайд хардагдаж мэдэх байх шүү. Тэгтэл нэг л өдөр багын дуулах авьяас маань тодорч хот явсан. СУИС-д сурч байх хугацаандаа морь малнаасаа нэлээн хөндийрсөн л дөө. Харин ноднингоос мориндоо эргээд орсон байгаа. Сүхбаатарын Асгатаас нэг цавьдар морь ах маань бэлэглэсэн. Бас Төв аймгийн Мөнгөнморьтоос хонгор морь авсан. Өнгөрсөн жил манай аймгийн шигшмэл морьдын уралдаанд айрагдсан. Бэлэгний морьд ч нэлээн бий. Энэ жил цуглуулнаа. Тэгээд хойтонгоос аймагтаа уралдана гэж бодоод л байна. Манай Өвөрхангайд төвийн бүсийн уралдаан болно. Тэрэнд уралдана даа.
Эхнэр маань  Мөнгөнморьтоос өөртөө нэг хонгор морь авсан нь их хурдан байгаа
-Морь худалдаж авахдаа өөрөө шинждэг үү?
-Тэгэлгүй яахав. Би морины ясыг нь хамгийн түрүүнд хардаг. Ер нь тэгээд болж өгвөл битүү морь  авахыг боддог. Одоо морьд маань Өвөрхангайн Хархоринд байна. Түрүүн ярьсан аймгийн Алдарт уяач Цэрэндорж ахын маань хүү Хийморсан уяж байгаа. Арын ажлын голыг нугалдаг хүн дээ. Гэхдээ энэ жил манай нутаг руу зуд болоод цасанд боогдчихсон хэцүү л байна. Энд сонирхуулахад түрүү жил өвлийн бооцоот уралдаанд миний морь түрүүлж, хадагны уралдаан зохион байгуулах үүрэг авсан юм.  Уг нь энэ шинийн таванд зохион байгуулахаар төлөвлөж 4 сард цас ханзрахаар хийхээр хойшлуулчихаад л байна.
-Өмнө нь уралдаан зохион байгуулж байсан юм биш биз дээ?
-Тийм шүү.  1997 онд  өвлийн уралдаанд азаргаа түрүүлгэчихээд, хадаг авч байлаа. Тэгээд хойтон өвөл  зуд болоод зун нь зохион байгуулж байлаа. Тэгэхээр уралдаан зохион байгуулах туршлага байгаа биз. /инээв/ Хүүхэд зохион байгуулж байна гэж гололгүй олон уяачид ирж оролцсонд үнэхээр их баярласан. Зуу гаруй азарга мордсон, сайхан уралдаан болсон.  Бай шагналаа өөрөө л зохицуулж байлаа. Хүүхэд байсан болохоор айхтар бай зэхээгүй ээ. Айргийн таван мориндоо хивс, медаль, өргөмжлөл, дараагийнхад нь халуун сав гэхчилэн  өөртөө л тохирсон шагнал бэлдсэн. Багадаа бас их салхитай, хийморьтой явж гэж одоо боддог юм. Энэ тухайгаа ярихаар зарим нь”сайхан залж байна даа” гэсэн харцаар хардаг юм. Тэгснээ том харж морь унаж чаддаг байсан юм уу гэж асууна гээч.
-Одоо уяаны ажилд хэр оролцож байна вэ?
-Дуртай болохоор ямар ч их ажилтай байсан цаг гаргаад л нутагтаа очдог юм. Өнгөрсөн зун өөрөө гардан морьдоо уясан. Морьдоо хараад бараг ярина гээч. Уяачийн ажил амаргүй шүү дээ. Өглөөний нартай уралдан, үдшийн бүрийд л дундарна. Уясан морьдоо уралдахын өмнө хараад явж байх сайхан шүү. Минийхээр хөл сэлгэхгүй яг дөрвөн хөл дээрээ зогсож байвал илүү давхиад байх шиг байгаа юм. Морь сэрвэлзээд л хүүхэд дуугарсан хараад л, ойр ойрхон баагаад байвал  амжилт муутай байдаг. Гэхдээ заримдаа би тоож уямааргүй морьд сайн давхиад байх юм. Аргагүй л цаг өөр болсон бололтой. Зарим хүмүүс мал зовоолоо гэж ярьдаг. Үүнтэй би санал нийлдэггүй. Мориор дамжсан үндэсний их өв соёл энд явж байгаа юм. Хааяа адуу үхрээ ч ялгахгүй байж жигтэйхэн том уяачид болчихсон нөхдийг хараад инээд хүрдэг. Малын захад өсөөгүй хүн өөр л юм ярьдаг. Сайхан аман хүзүүтэй морь шүү л гэнэ. Өнөө морийг нь харахад аман хүзүү нь хаанаа ч байгаа юм гэмээр.  Одоо морины уяа ч өөр болж дээ. Миний багад байгалийн өвсөөр л уяна. Хашаатай туранхай моринд гүүний саам л өгдөг байж. Гэтэл одоо тэжээл өгөхгүй бол дийлэхээ больсон байна.   
Би монгол адууг цэврээрээ байсан нь дээр гэж боддог. Үнэхээр цэвэр цусны араб ч юмуу англи адууг хөлийн хурдаар гүйцэхгүй байж болно. Гэсэн ч монгол адуу уналга эдэлгээнд тэсвэртэй, бас их зоригтой гээд энэ газар орондоо зохицсон давуу талтай.
-Эхнэрийг тань “Шуранхай”-н Үүрээ гэдгийг хүмүүс андахгүй.  Эхнэрээ бас моринд урвуулчихсан уу?
-Манай хүн морь бараг мэдэхгүй, говийн хүн. Тэмээгээ л их сайн мэднэ. Харин би тэмээ сайн мэдэхгүй, хангайн хүн. Гэхдээ эхнэр маань намайг дагаж явсаар моринд  дуртай болчихсон шүү. Ноднин Төв аймгийн Мөнгөнморьтоос  нэг хонгор морь өөрөө авна гэж байгаад авсан. Би шинжиж өгсөн юм. Хонгор морь нь өнгөрдөг зун Өвөрхангай аймгийн Хужиртад болсон хангайн бүсийн шилмэл морьдын уралдаанд 200-гаад мориноос айргийн таваар ирсэн. Бас охинд маань зүсэлсэн нэг даага бий. Бас л  2012 онд сайн уралдсан.
-Хүүгийн тань нэр дээр бас адуу байдаг уу?
-Одоогоор алга байна. Хавраас зүсэлнэ дээ.
-Ингэхэд гэнэт тодорсон дуулах авьяасынхаа тухай яриач?
-Хүүхэд байхдаа л дуулдаг байсан юм. Өсвөрийн уртын дуучдын анхдугаар уралдаанд аймгаасаа шалгаран орж явлаа. “Нарийн сайхан хээр”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Эр бор харцага”-ыг радиогоор  их сонсоно. Кассет бас их сонсдог байсан. Толгой ч сийрэг байж, дор нь дор нь л сурчихдаг байсан. Нөгөө талаараа ахуйдаа байгаа гэдэг утгаараа  их амархан наалддаг юм шиг байгаа юм. Түүнээс хойш хөдөө гараад хэсэг хаячихсан юм. Тэгсэн нэг удаа ах маань ажлынхантайгаа нутагтаа ирж амардаг байгаа. Миний төрсөн ах чинь Монгол улсын морины хуурын чуулгын удирдаач, морины хуурч, СТА Түвшинсайхан байгаа юм.  Ах маань ерээд оны сүүлээр “Чилүгэн” морин  хуурын дөрвөлтэйгээ бас  АЖ Батчулуун багштай хамт ирлээ. Тэгэхэд манайх Хархориноос урагшаа Сарын голд отроор буучихсан байж таарсан. Мэдээж холын зочид ирсэн болохоор айраг цагаа бэлдэх, хонь гаргах гээд хөөрхөн ажилд дарагдах нь тэр. Тэгээд орой нар жаргахын хэрд голын эрэг дээр бяцхан  найр хийдэг юм. Тэгсэн Батчулуун багш дуулдаг хүн байхгүй юу гэвэл ах “манай дүү жоохон аялдаг” гэлээ. Ямар дуу дуулсанаа тод санадаггүй юмаа. Морин хууртай “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулсан юм шиг байгаа юм. Батчулуун багш сонссоноо “ийм авьяастай сайхан дуулдаг хүүхдийг хөдөө байлгалаа, хот руу явуул” гэж ахыг загнасан. Тэр чинь 8 сар шүү дээ. Ингээд л хормын дотор хувь тавилан өөрөөр эргэсэн гэх үү дээ. Тэр жилээ хотод ирж уртын дууны сургалтанд суугаад 2001 онд СИУС-ийн уртын дууны ангид элсэн орсон. Энд өссөн орчин их нөлөөлсөн гэж боддог. Өнөөдөр 4 хананы дунд төрж өссөн хүүхдүүд  СУИС-д орж байна л даа. Харж байхнээ тэдэнд байгалийн нэг юм дутаад байх шиг санагддаг. Уртын дууны цохилго, шигшлэг, шуранхайг яг үнэндээ  заах техник гэж байдаггүй. Нэг л өдөр хүнд цаанаасаа ороод ирдэг юм. Тэр дундаа уртын дууны цохилго нэг л өдөр орж ирдэг. 
-Хотын их нүргээнд дасах  амаргүй байсан болов уу?
-Мэдээж хэцүү байлгүй яахав. Намар байсныг хэлэх үү. Уруул чимчигнүүлсэн айраг бодогдоод гэртээ харихын түүс болдог байлаа. Тав дахийн орой шуудангийн машинд суугаад гэрээдээ харина. Аймгийн төвд гэртээ очоод планет 5-аа унаад л хөдөө гэр рүүгээ давхичихдаг байлаа. Хэсэг хугацааны дараа хотжсон уу, төлөвшсөн юм уу долоо хоног бүр явахаа больсон. Ингээд 2006 онд сургуулиа төгсөөд, гадагшаа мэргэжлээрээ ажиллах болж хөдөөнөөс нэлээн холдсон.
-Одоо нутагтаа очихоор “хүсэлтийн хариу”-д дарагддаг байх даа?
-Хүүхэд байхад байсан хөгшчүүл маань өдрөөс өдөрт цөөрсөөр л байна. Байгаа хэд нь Монгол улсын гавьяат ирсэн юм шиг хөл хөөрцөг болно гээч. Орохгүй нэг хоёр хоночихвол айлгаж давхиж ирнэ. Сайхан л даа, нутагтаа очих.
-Удамд тань дуулдаг хүмүүс байв уу?
-Байхгүй ээ. Дээр хэлсэн дээ. Аав маань урлагийн авьяастай хүн байсан гэж. Ах дүү бид таваас эр хүний үзэх ёстойг би л үзсэн гэж боддог. Аав ээж маань намайг багад хөдөө гаргачихсан. Эмээ өвөөдөө туслахын сацуу амьдралын ухаанд суралцсан юм болов уу. Эр хүн бүрийн бахархал цэргийн алба хааж, эх орноо хамгаалах байдаг шүү дээ. Би чинь хүндэт харуулын ротод нэг жил цэргийн алба хаасан. Үүндээ их бахархдаг. Төрийн 9 хөлт цагаан тугийн нэгийг шарга морьтой төрийн ёслолоор залж явлаа. Цэнгэлдэх рүү шарга морьтой тугаа бариад ороход цаанаа л гоё. Хийморь сэргээд л явчихдаг юм. Бид наадмын өдрүүдэд шөнө нь тугаа манаж хононо. Өнөө завшааныг ашиглаад гэдэг шиг бүх тугнаасаа тухтай гэгч нь адис авдагсан. Тугны үснээс зөөлхөн атгаад шувтрахад хоёр гурван ширхэг үс баригдана. Тэрийгээ жижигхэн цаасанд боогоод халагдатлаа хармаалж яваад гэрийнхээ даллагын уутанд хийж, одоо ч хадгалж байгаа.
За тэгээд гадны элчин, төрийн тэргүүдийг Буянт –Ухаа, Засгийн газрын ордонд ирэхэд харуулд зогсож байлаа. Зориг агсны оршуулганд ч манайхан явж байсан.
-Уртын дууны анги төгссөн нийтийн дууны дуучид олон байдаг.  Нийтийн дуу дуулах тухай бодож байв уу?
-Тийм заримдаг нар зөндөө л байна даа. Харыг харж харваж, шарыг харж шарвана гэдэг шиг. Тийм бодол төрөөд нэг хэсэг халтирахаа шахсан л даа. Яг тэр үед гадагшаа явж таараад, уртын дуундаа үнэнч байхаар шийдсэн.
-Уяа сойлго тааруулдагийн хэрэг юу билээ. Морины дуу дуулахгүй юм уу?
-Морины дуу дуулах хүсэл төрдөггүй. Монголоор дүүрэн эдийн засагч, хуульч байна гэдэг шиг монголоор дүүрэн морины дуу байна. Би илүү биз дээ. 
-Бидний урилгыг хүлээн авч сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. 

 П.Ундраа

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна