Баянцагаан угшил

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 02 -нд

Өнөөгийн Төв аймгийн Баянцагаан сумын нутаг бол угтаа Сэцэнхан аймгийн Боржигон хошууны баруун хойд зах юм. Аймгийн хамгийн зах нутаг учраас төв хошуудад өрнөж буй элдэв үйл явдлаас тасархай, Түшээт хан, Шавийн нутагт болж буй үйл явдлаас ч мөн л хөндий ажин түжин байдал ноёрхож байжээ. Энэчлэн олон зууны турш Богдын шавийн адуутай зах залгаа орших Баянцагааны адуу даншгийн наадамд төдийлөн анхаарал татахгүй байсаар энэ зууны эхийг хүрсэн байна.
Харин өнгөрсөн зууны сүүлээс байдал өөрчлөгдөв. Зориуд хурдан удмын адуу үүсгэн бүрдүүлэхээр хөөцөлдсөн хошуу ноён Сэцэнбэйл Цэрэнсандивын үйл ажиллагаа зах хязгаар ч гэлээ энэ нутагт ямар нэг хэмжээгээр хүрч, даншгийн наадамд дандаа очиж уралддаг хаяа залгаа шавийн уяачдын үлгэр жишээ ч бас нөлөөлж, үүний дээр эл хошууны ихэс дээдэс наймдугаар Богд Жавзандамба хутагтыг Монголд залж авчрахад явалцаж байсны учир Дээрхийн гэгээнтэн энэ нутагт байн байн залран очих дуртай, тэр бүрийд наадам хийж байсан нь бүр ч хүчтэй түлхэц болов. Үүний улмаас эрчүүд нь морь уях ажилд сүрхий гаршиж, морьд нь ч хошууны болон бусад наадмуудад овоо давхиж эхэлжээ. Эдгээр морьдын дотроос Баастын ногоон гэдэг азарга бол Баянцагааны адуунаас төрсөн нутгийн унага бөгөөд үүнийг эзэн нь Сэцэн ван Цэрэнсандивт өргөсөн ажээ. Энэ үеэс хурдан морь уях бүх нийтийн сэтгэл зүй бүрэлдэж, хурдан удам угшлын адуу өсгөн үржүүлэх эрмэлзлэл ч буй болж Өлзий өвгөн, Нэрэнжимээ, “аягач” гэлэн хэмээх Гомбосүрэн нарын зэрэг хүмүүс уяаны эрдэмд муугүй суралцсан байна.
Баянцагааны хурдан угшлын адууг үндсэн гурван уг сурвалжаас үүсэн бүрэлдсэн гэж үзэж болно.
Дээрх хар ногоон азарганы үр төл нь овоо хурдалж байсны дотроос 1920-иод оны сүүлчээр яахын аргагүй энэ угшлын хоёр сайн азарга гарчээ.
Энэ нь Өлзий өвгөний хул, Нэрэнжимээгийн “Төмөр шилбүүр” хоёр юм. Өлзий өвгөний хул нь том биетэй, амгалан зантай азарга байсан, бидэнд олдож буй бүрэн бус мэдээгээр зөвхөн улсын наадамд 1929 онд түрүүлж, 1931 онд аман хүзүүдэж, 1933 онд тавд давхиж, 1934 онд аман хүзүүдсэн байдаг. Нэрэнжимээгийн “Төмөр шилбүүр” нь жижгэвтэр биетэй, хөлийн хурд ихтэй, уралдаж яваа азаргануудыг туучин гарч ирж түрүүлдэг учраас энэ нэр олсон, харамсалтай нь улсын наадамд нэг ч удаа ирж уралдаагүй, орон нутгийн наадамд олон түрүүлсэн азарга байв.
Энэ хоёр азарганы дээд угшил нь нэг боловч хашир уяачид эдгээрийн эр, охин угшлыг цус холилгүй байсаар хооронд нь ихэд холдуулж, Баянцагаан угшлын хурдан адууны хоёр өөр уг сурвалж болгож чаджээ.
Үүнд Сэцэнбэйл Цэрэнсандив, Ононмөр хаван нарын хөдөлмөрөөр хошууны зүүн бус нутагт буй болсон угшлын адуу ихээхэн тулгуур болсон нь мэдээж билээ. Чухам тэр угшлын олон хээр алаг гүүг зориуд авчирч хураалгаад хэд хэдэн хурдан алаг азарга гарч байсныг дээрх хоёр уяач нотлон ярьдаг. Өлзий өвгөний хул азарганы үр төл нь Баянцагаандаа хүчтэй тархсаны хамгийн тодорхой жишээ нь Баярын саарлууд юм. Мөн баруун урагшаа буюу Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт, Сайнцагаан, Адаацаг, Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумдад тархсан байна.
Нэрэнжимээгийн “Төмөр шилбүүр”-ийн үр төл нь Дундговийн Цагаандэлгэр болон тэр зүгийн боржигин сумдад их тархсан. Цагаандэлгэрийн уяач Дашдоо гэлэнгийнд уул азарганы адуу очсон бөгөөд хожуу сүүл үед тэднийхнээс улс, аймаг, сумын наадамд айрагдаж түрүүлсэн олон хурдан морьд бол цөм “Төмөр шилбүүр”-ийн үрс, үрийн үрс юм.
Баянцагааны хурдан угшлын адууны гуравдахь буюу хамгийн хүчтэй уг сурвалж нь “Галшар” адуу мөн.
Баянцагааны “Өвгөн лам” хэмээх Цэгмид гэдэг хүн 1927,1928 оны үед Өлзий өвгөнийг дагуулан Галшар нутгийг хүрч Дагмид-Очир мээрэнгийнхээс оодон сүүлтэй хөхөрсөн хонгор халзан үрээ худалдан авсныг дээр дурдсан билээ. Энэ нь Баянцагааны Өвгөний Батбуянгийн хонгор халзан гэдэг улсын наадам 2 түрүүлж, 2 айрагдсан алдарт азарга болсон юм.
Энэ бол “Галшар” адууны гал үр бөгөөд тэндээс гадагш нь азарган үрээ гаргаж эхэлсэн яг тэр цаг үед “жинхэнэ ундаргаас хутгаж авсан” азтай хэрэг байлаа. Дөнгөж эхлэл төдий байсан нутгийн угшлыг ийнхүү “Галшар” адуугаар сэлбээгүй бол Баянцагааны хурдан угшил бие даан гарч ирж чадахгүй тэгсгээд мөхөх ч байсан байж мэднэ. Өөрөөр хэлбэл Нэрэнжимээгийн “Төмөр шилбүүр” Өлзий өвгөний хул хоёрын эх тал, Батбуянгийн хонгор халзангийн эцэг тал нийлэн “Баянцагаан” адуу хүчирхэгжсэн гэж үзэж болно.
Батбуян гуайнд их хонгор халзан азарганы нь анхны төл бас нэгэн хонгор халзан азарга байсан. Энэ хоёрыг “Их зэгэл”, “Бага зэгэл” гэж нэрлэдэг байв. Их бага хоёр зэгэлийн үр хар, хүрэн, зээрд, бэдэртэй хул азарганууд байсан бөгөөд тэдний эр үр бүгд нь хурдалж өөрийн сумын нутгаар тархсан төдийгүй, эдний адууны удмын азарга, морьд, гүү байдас  40-50-иад онд Төв аймгийн өмнөд, Дундговь аймгийн умард сумдаар ихэд тарж “Баянцагаан” угшлын адууны тархацын хүрээг нэлээн тэлсэн байна. “Баянцагаан” угшлын үндсийг тавьсан нэрт уяачдыг дээр цухас дурдсан бөгөөд тэдний залгамж үеийн зонхилох уяачид нь Дондог /маарамба/-ийн Баяр, Мөрийн Гомбодорж, Дэлгэрийн Ганжуур, Падын Дашням, Сэрээнямын Банзрагч, Мөнхийн Данзанням, Мөрийн Тожил, Ганжуурын Сундуй нарын зэрэг хүмүүс юм.
“Баянцагаан” угшлын хурдан морьд өнгөрсөн далан жилийн дотор улсын их баяр наадмын 51 түрүү, 220 айргийг авч, чансаа нь 823 хүрчээ. Энд зарим тоон үзүүлэлтээр “Галшар” удмыг даван гарч байгаа мэт харагдавч өөр нэг чухал үзүүлэлтээр түүнд хүрэхгүй байгаа юм.
  Үүнийг одоо нарийвчлан үзье. Галшарын уяачид 1925,1930,1946,1951,1956,1961,1971,1991 онуудад улсын наадамд нэлээд өргөн ирж уралджээ. Эдгээр жилийн у?сын наадмын хурдан морины уралдаан нь үнэн хэрэгтээ “Галшар”, “Баянцагаан”-ы морьдын халз уралдаан болж байжээ. Энэ чухал уралдааны чансааны үзүүлэлтүүдийг авч үзвэл: 1925 онд 30:5,1930 онд 43:10, 1936 онд 34:29, 1938 онд 32:23, 1946 онд 38:16, 1951 онд 48:10, 1956 онд 19:5, 1961 онд 16:11, 1971 онд 18:8, 1991 онд 5:4 байгаа юм. Үүнээс үзэхэд “Баянцагаан” угшлын морьд “Галшар” удмын морьдоос 1-33 онооны чансаагаар дутуу байна. Харин эдгээр онуудын дараа жил буюу Галшарын уяачид ирээгүй жилд Баянцагааны морьдын уралдааны дүнгийн чансаа огцом өссөн байдаг. Энэ нь энэ угшил Галшараас бусад удам, угшлыг илт давамгайлж байсны гэрч мөн.
Ер нь “Баянцагаан” угшил нь хурдны амжилтын үзүүлэлтээр ч, тархацын хүрээгээр ч, оршин тогтносон  хугацаагаар ч “Галшар” удмаас дутуу, “Баянцагаан” адуу нь бие даасан удмын хэмжээнд хараахан хүрээгүй, хүчтэй угшлын хэмжээнд үлдсэн гэдэг дүгнэлт аяндаа гардаг юм. Энэ нь доорх хэдэн шалтгаанаар тайлбарлагдана.
Нэгдүгээрт, юуны өмнө энэ угшлын үндсийг тавигчид “Цэгмид, Өлзий өвгөн, Нэрэнжимээ гэх мэт/ Хардэл бэйс шиг том зорилтыг өмнөө тавиагүй зөвхөн хувь хувийнхаа цөөн хэдэн адууны л чанарыг сайжруулах төдий бодолтой байсан учраас бүс нутгийг бүхэлд нь хамарсан үржлийн бодлоготой далайцтай ажлыг урт удаан хугацаанд зохион байгуулаагүй учир үржүүлэх, тархаах зэрэг ажлууд цөм урсгалаараа явагдсан ажээ.
Хоёрдугаарт, Төв халх буюу Түшээт хан аймаг, Их шавийн уяачдын дунд 1900-гаад оноос хэвшин тогтсон нэгэн буруу ойлголт Төв аймгийн уяачдад одоо хүртэл уламжлагдан үлдсэн явдал энэ угшлын хөгжил тархалтад муу нөлөө үзүүлсэн юм. 19-р зууны хориод оны дунд үеэс эхлэн 20-р зууныг бараг гартал даншгийн наадмын их насны морьдын түрүүг ихэвчлэн Сэцэн хан уяачид авсан тэр үед гуравхан насны морь уралддаг байснаас их насны уралдаанд түрүүлсэн морийг бүх нийтээр ихээхэн хүндэтгэн үзэж бөйв. Үнэхээр даншгийн наадмын нэгэн гол зүйл нь морины уралдаан, тэр дундаас түрүүлсэн их морь түмний анхаарлын төвд байх нь зүйн хэрэг байв. Гэтэл 1899 оноос эзарга уралдаж эхлэнгүүт Сэцэн ханы хашир уяачид түүнд гол анхаарлаа хандуулснаар тэд хурдан хурц нь багаасаа тодорсон үрээдээр бараг цөмөөрөнгөөр нь азарга тавих болсноор их морины уралдаанд Шавь, Түшээт ханы морьд голдуу түрүүлдэг болжээ. Урьд нь олон жил наадмыг түрүүг зүүн тийш нь алдаж явсан төв халхын уяачид үүнд сэтгэл ханаж, “наадмын гол нь их морь” гэдэг бодлоор өөрсдийгөө хуурах болсон юм. Ийм учраас хурдан нь тодорсон үрээдээ бараг цөмийг нь агталж морь болгон уралдаж байв. Энэ нь яваандаа хурдан угшлын адуу өсгөж үржүүлэхэд сөрөг нөлөө үзүүлсэн ба ийм бодол төв, баруун аймгуудын уяачдын дотор одоо хүртэл амь бөхтэй оршсоор байгаа билээ. Жишээ нь Ц. Батбуян гуайнд Их, бага зэгэл, Бэдэрт хул, хар, хүрэн зээрд азаргануудаас гадна Чөтгөр зээрд, Үүт ухаа, Монхор хонгор, Бэдэрт саарал, Гүзээ хонгор зэрэг арваад хурдан сайн их насны морьд байлаа. Хэрэв эдгээрийг бүгдийг нь азарга байлгасан бол энэ угшлын хөгжилд жинтэй хувь нэмэр болох байсан нь мэдээж билээ.
Гуравдугаарт, удмын сангийн давуу талыг сайн уламжлан дамжуулдаг онцлогтой энэ цөм сүргийн тоо харьцангуй цөөн байсан нь уул угшлын хөгжил тархацанд нөлөөлсөн нь гарцаагүй юм. Батбуян, Өлзий өвгөн, Нэрэнжимээ нарын адуу бүгдээрээ нийлээд ч мянга хүрэхгүй тоотой байсан байна. Хэрэв тэд Хардэл бэйсийнх шиг түм шахам адуутай байсансан бол үр дүн нь бас арай өөр байх байсан.
Дөрөвдүгээрт, энэ угшлыг дөнгөж бүрэлдэж эхлэж байх үед буюу 1930-аад оны эхээр, ид цэцэглэн хөгжиж байсан 1950-аад оны сүүлчээр хамтралын болон нэгдэлжих хөдөлгөөн Монгол орон даяар өрнөж, ардын аж ахуйтны мал хөрөнгийг нийгэмчилж, өмч эзэн хоёрыг холдуулсан нь Баянцагаан адууны хувь заяанд хүчтэй цохилт болсон юм.
Монголын хурдан морины уралдааны түүхэнд Баянцагаан угшлын дараа түрэн гарч ирсэн шилдэг залуу удам нь Төв аймгийн Жаргалант адуу юм.
“Баянцагаан” угшилтай нутаг залгаа оршдог Их шавийн хурдан адууны угшлыг энд цухас дурдах боловч тэмдэглэх нь зүйтэй. 1910-1920-иод оны үед одоогийн Төв аймгийн Баян, Авдарбаян, Сэргэлэн сумын нутагт үүсэн бүрэлдсэн энэ жижиг боловч хүчтэй угшлыг ар халхын зартай баян Наваанмөрийн Пад “Галшар”, “Боржигон”, “Баянцагаан” болон нутгийн адуунууд дундаас өөрийн оюун ухаан, хөрөнгө чинээ, хөдөлмөр зүтгэлийн үр дүнд гаргаж авсан гэж үзэж болно.
Энэ үеийн наадмын цуваа бүрэн олддоггүй боловч биднийг хүртэл уламжлан ирсэн бичгийн мэдээгээр энэ хүн зөвхөн улсын их наадмаас таван түрүү, зургаан айраг авсан байна. Түүний их бага хоёр хүрэн азарга нь төв халхын нэрт хурдан хүлгүүд бөгөөд тэдний үр төлөөс Санжаабүрэнгийн цавьдар азарга улсын наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан юм. Түүний үр Шийтэрийн зээрд азарга улсын наадамд долоо уралдахдаа дөрөв түрүүлж, гурван удаа аман хүзүүнд давхисан байна. Энэ бол азарганы хувьд Монголын хурдан морины уралдааны түүхэн дэх дууд амжилт гэдгийг дээр дурдсан.
Их шавийн угшлаас Шооногойн буурал хээр, Зайсан ламын хээр, Сүрэн хиагийн хээр, Сүрэнжавын халзан зэрэг морьд, Мөрийн Чулууны хээр азарга зэрэг зартай хурдангууд төржээ. Хорьдугаар зууны 1960-1970 оны үеэс бүдгэрч ирсэн энэ угшлын сүүлчийн хурдан морьд нь Балжингийн Алтангэрэлийн ухаа азарга, ухаа морьд юм. Энэ азарга морьд 1964,1965 оны улсын наадамд айрагдацгааж байлаа.
Одоо Пад уяачийн зээ хүү Батсайхан, Мэндсайхан нар өвөг эцгийн үйлсийг үргэлжлүүлэн хурдан морь уяж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна