Монгол улсын Манлай уяач агсан Д.Оюунбилэг: Эр хүний нулимс ийм л үед захирагддаггүй юм билээ

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 25 -нд

Монгол түмний үндэсний их өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, уясан хурдан хүлгэдээ төрийнхөө их баяр наадамд олонтаа түрүүлж, айрагдуулан, наадамчин олны сэтгэлд баяр бахдал, омогшлыг мэдрүүлсэн нэгэн бол Монгол улсын Манлай уяач Дондогийн Оюунбилэг байлаа. “Тод магнай” сэтгүүл маань анхны дугаараа өлгийдөн авснаас зургаан сарын дараа аймгийн Алдарт уяач /тухайн үедээ тийм цолтой байсан/ зочноор уригдан  “өвөөгөө баярлуулах гэсээр моринд орчихсон” хэмээн элдэв чимэг хачиргүй, эгэлхэн тэгсэн хэрнээ чин сэтгэлийн яриа дэлгэсэн нь 2010 оны зун байлаа.  Түүнээс хойш хэдийнэ гурван жил өнгөрсөн байх ажээ. Харин өнөөдөр Манлай бидний дунд алга. Гэхдээ тэр жилийн чин сэтгэлийн халуун дотно ярилцлага сэтгүүлийн маань хуудаснаа ийнхүү тодоос тод дурайн үлджээ.

-АХ-ын 89, Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ойн баяр наадмуудад хамгийн одтой наадсан таныг “Тод магнайн зочин”-ны хоймортоо урьж байна.
-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
-Буруу тооцоолоогүй бол та чинь улс бүсийн наадмаас 20 айраг түрүү авчихсан байхаа?
-Сая “Их хурд”-д айрагддаг халтар морийг оролцуулбал 20 л доо. Гэхдээ “Их хурд”-аас хоёр хоногийн өмнө зарагдчихсан шүү дээ.
-Энэ амжилт хэдэн жилийн хөдөлмөрийн үр дүн бэ?
-За бодъё. Манай ээжийн аав морь сайн уядаг, мундаг уяач байсан юм. Яг үнэндээ өвөөгөө баярлуулъя гэсэн бодол маань намайг моринд оруулсан юм шүү дээ. Багадаа зуныхаа амралтаар өвөөгийндөө очиж морь уядаг байлаа. Манай өвөө чинь 80 гартлаа  морь уясан хүн. Нас нь өндөр болчихсон хэр нь хорхойсоод байдаг. Аав болохоор улсын ажил гээд амжихгүй. Түүнийг нь би анзаараад л 4-5 дугаар ангиасаа эхлээд өвөөгөөрөө заалгаж нэг хэсэг морь уясан. Дараа нь оюутан болоод хотын бүсгүйтэй гэр бүл болсны дараа өвөө маань бурхан болоод нэг хэсэг морь малнаас хөндийрсөн л дөө. 1989 онд байхаа, хавар Төв аймагт очлоо. Наадам дөхөөд хүмүүс морио бариад уячихсан, өвөө маань бодогдоод өөрийн эрхгүй нулимс унагаж билээ. Тэгээд л морь уяхаар шийдсэн дээ. Тэгэхээр сүүлийн 21 жил морь уяж байгаа юм байна.
-Тэгвэл анхны айраг түрүү нь хэзээ байсан бэ?
-Өө 4-5 жил бие дааж морь уяад овооны наадмаас эхлээд сум, аймаг гээд бүх наадамд очиж уралдсан. Нэг ч айраг, түрүү аваагүй. Сэргэлэн сумын Манлай уяач Дамдин гуай манай ээжийн хамаатан юм байгаа юм. Тэр хүнд шавь орж хоёр жил дагалаа. Улсын наадамд оролцож үзлээ. Морьд маань 30-40 хооронд л давхиж байна. Тэгэхээр нь сумандаа уралдтал нэг жил гурван түрүү, хоёр айраг авдаг юм. Нэг зээрд морь маань гурван наадамд түрүүлээд, их насны морь маань сумандаа  бас нэг уулын тахилга наадамд аман хүзүүдэж байсан.
-Өвөөгийнхөө унаган адуугаар л наадаад байсан хэрэг үү?
-Аан тийм. Өвөөгийн адуунаас гадна манай аав сумын морины комиссын даргаар 30 жил ажилласан. Баян сумын хурдтай угшил болгоноос цуглуулсан хүн байсан л даа. Тэгэхээр хоёр талын адуугаар уралддаг байсан гэж ойлгож болно. Гэхдээ тийм олон биш шүү дээ. Социализмын үед юм чинь 20-30 адуунаас л арай гайгүй гэснийг нь шилж уралдана шүү дээ.
-Сум аймгаас хальж улсын наадамд уралдсан нь хэзээ вэ?
-1997, 1998 оноос л улсын наадамд уралдах болж адуу 30-40-өөр давхидаг. Нэг сайн урагшлахгүй л байлаа. Тэгсэн нэг өдөр Д.Онон ах “ нутгийн дүү олон жил морь уялаа, ах дээрээ нэг оч. Ах нь ганц нэг юм хэлж өгье” гэсэн.  Онон ахынхтай хоёр жил айлсаж морьдоо сунгасан. Тэгээд л хаана алддагаа олж мэдсэн дээ. Би өмнө нь мориныхоо бярыг үзүүр дээр нь тогтоож чаддаггүй байсан юм. Онон ах ганц намайг ч биш маш олон хүнийг ингэж уяаны эрдэмд сургаж байгаа үнэхээр энэ цагийн уяаны эрдмийг тодорхойлж байгаа хүн шүү. Тэгээд л ер нь амжилт гаргаж эхэлсэн дээ.

Сүүлийн гурван жил амжилттай наадахын тулд амьдралынхаа 20 гаруй жилийг моринд зориулсан

-Тэгвэл улсын баяр наадмаас айраг түрүү авсан нь хэзээ вэ?
-Баасанбазарын Сувдан зээрд хязааландаа Хөвсгөлд болсон  “Хотгойдын хурд”-д айрагдсан. Тэр бол миний том наадмын анхны айраг. Дараа нь Батжаргалын халтар морь Заамарын даншигт гуравт хурдалж, Цогтсайханы хамар цагаан хул морь дөрөвт  хурдалж нэг дор хоёр айраг хүртсэн.
-Уяачдын ярьдгаар Сувдан зээрд таны өмийг нээжээ дээ?
-Тэгсэн. Олон жилийн турш наадмаас наадмын хооронд алдаа оноогоо цэгцэлж, юун дээр алдав онов гэж дэнсэлж явсаар алдах нь багасаад л амжилт  гаргаж байгаа байх даа. Өнгөрсөн жил гэхэд л би улс бүсийн наадмаас хоёр түрүү, таван айраг авсан. Энэ жил гэхэд одоогийн байдлаар /бүсийн уралдаануудаас өмнө /хоёр түрүү, гур?ан айраг авчихаад байна.
-Уяачийн жаргал, ид хавыг бахдсан үе нь хэзээ байсан бэ?
-Уяач хүнд баяр олон л доо. Гэхдээ Заамарын даншигт өөрийн дүү Батжаргалын халтар морийг гуравт давхиулахад л хамгийн сайхан байсан даа. Нутгийнхаа унаган адууг өөрөө гардаж уяад халхын томчуудтай уралдаж гуравт хурдлуулахад үнэхээр бахдамаар санагдаж билээ. Мөн сая хэдхэн хоногийн өмнө төрийн наадамд азарга түрүүлгэхэд үнэхээр сайхан байсан. Өөрийн эрхгүй нулимс унагасан даа. Эр хүний баярын нулимс тийм үед л өөрт захирагддаггүй юм билээ. Нэг нууц хэлье. Би алдарт Шийтэрийн зээрдийн нутгийн  хүү. Миний нутаг бол цуут уяачдын өлгий, эртнээсээ хурдтай хэмээн яригдаж ирсэн сайхан нутаг. Тэр утгаараа улсын наадамд ирэхээс өмнө багадаа тоглож өссөн шүтдэг хайрхан болгон дээрээ гарч залбираад ирсэн. Нутгийн минь уул ус намайг ивээж ийм сайхан бахтай наадлаа гэж бодож байна. /уртаар санаа алдав/  Зууны манлай хурдан хүлэг Шийтэрийн зээрдээс хойш манай нутгийн нэртэй азарга улсын наадамд түрүүлээгүй. Энэ жил түрүүллээ. 1946, 1948 оны наадмуудад “Хөндлөн” хэмээх Дугарсүрэн  гуайн хар морь улсын наадамд түрүүлж байсан. Түүнээс хойш манай нутгийн их морь түрүүлээгүй байсан санагдана. Тэгэхээр ах нь 60-аад жилийн дараа нутгийнхаа унаган морийг шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд түрүүлгэлээ. Үүнээс сайхан баяр бахдал уяач хүнд юу байхав дээ.
-Гурван жилийн дотор Тод манлай уяачийн болзол хангачихсан байна. Тэр бүр давтагдаад байх амжилт биш шүү?
-Нэг юм ярьчих уу.
 -Тэгэлгүй яахав?
-Дээхэн үед язгууртан гаралтай нэг хүн өөрийнхөө баримлыг хийлгэхээр болоод үнэ мөнгөө тохирч л дээ. Барималч хэлсэн хугацаанаасаа өмнө үнэхээр гайхалтай бүтээл урлаж гэнэ. Тэгсэн нөгөө захиалагч нөхөр “чи их богинохон хугацаанд хийлээ. Чамд амласан мөнгөө бүгдийг нь өгөхгүй” гэж л дээ. Барималч хариуд нь “Би ийм болохын тулд 25 жилээ зориулсан шүү дээ” гэж хариулсан байдаг юм. Түүн шиг би сүүлийн гурван жил амжилттай наадахын тулд амьдралынхаа 20 гаруй жилийг моринд зориулсан хүн.  Бүр гэрээсээ оргож хүртэл  явлаа шүү дээ. /инээв/
-Яагаад тэр вэ?
-Би чинь дээд боловсролтой инженер хүн. Морь уях гэхдээ мэргэжлээ солиод хөдөлмөрийн багш боллоо. Зуны гурван сар амардаг болохоор нь тэр шүү дээ. Хүмүүс зэмлэж л байсан. Бас л болдоггүй ээ. Тэгэхээр нь бүр болиод дархан болсон. Хүмүүс намайг “дархан” Оюунбилэг л гэдэг юм. Нэг хэсэг овоо амжилттай явлаа, дарханы газар маань жижиг үйлдвэр болон өргөжиж бизнес маань ч урагштай байлаа. Гэхдээ л хоёуланг нь зэрэгцүүлнэ гэж худлаа юм билээ. Аль нэгийг нь сонгох хэрэгтэй болж, адуугаа сонгосон. Гэрээсээ оргосон тухайд гэвэл  наадамд явах гээд л. Хэнтий аймагт болсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн наадамд явах гэтэл эхнэр төрөөд удаагүй бага хүү маань нялх. Тэрний өмнө би сумынхаа наадамд уралдах гээд сар явчихаад ирсэн байсан юм л даа. Тэгсэн эхнэр  “чамайг байхгүй бол би барахгүй. Би сая арай л гэж тэвчлээ” гэж байна. Хүмүүс наадам гээд л яваад байдаг. Явмаар санагдаад болдоггүй ээ, эхнэрт хэлэхээр явуулахгүй нь тодорхой гэж бодоод оргоод алга болсон. /инээв/ Сар гаруйн дараа ирсэн эхнэр маань “би чамайг хорьж дийлэхгүй юм байна. Дахиж битгий оргоорой” гэсэн. Тэрнээс хойш нэг ч удаа хориогүй. Өөрөө хотын унаган хүүхэд болохоор морь мал сонирхохгүй л дээ. Гэхдээ миний ажлаар бахархдаг.
-Хөвгүүд чинь яахав?
-Уяачийн хөдөлмөр ямар хүндийг мэддэг болохоор би өөрөө дөхүүлдэггүй юм. Тэгээд ч манай хоёр гадаадад сурдаг.
-Оюунбилэг уяач өөрийн хийцийн эмээл хазаар, эдлэлээр гангарах уу?
-Загасчны морь усгүй гэж үнэн юм билээ. Хүнд л хийж өгөөд байснаас өөртөө хийж байгаагүй юм билээ. 
-Уг нь өнгөрсөн жил та чинь Манлай уяачид тодорхойлогдож байсан биз дээ?
-Уг нь тэгсэн л дээ. Манай хэд амжилтаа уяач дээрээ тооцуулна гээд намайг МУ-ын Манлай уяачид тодорхойлсон ч 2007 оны нэмэлт өөрчлөлтөөс болоод өгөөгүй. Тэр тодотголоор бүртгэлд бүртгүүлсэн хүнд л цолыг нь өгнө гээд заачихсан юм билээ. Өмнө нь бол уяач эзэн хоёр хэнийхээ нэр дээр тооцуулах нь өөрсдийнх нь мэдлийн хэрэг байсан ш дээ.

Хурдан нь нэгэнт тодорхой болчихсон адуу уях цаанаа л амтгүй

-Од хийморь нь гийсэн “Агт-Эрдэнэ”-ийнхэн хэрхэн нэгдсэн юм бэ?
-Гал байгуулъя энэ тэр гэж яриад энд тэндээс цугларчихсан юм биш л дээ. Ёстой нөгөө ах дүү, нутаг нуга гэж яваад л сэтгэл зүрхээрээ нийлсэн хүмүүс. Баасанбазар анх морь сонирхож эхэлж байхдаа надаас нэг азарга аваад надаар уяулдаг болсон юм. Харин Дэлгэрдалайгийн хувьд манай туслах уяачтай ах дүүсийн холбоотой. Манай туслах уяачийн түүх бас их хөөрхөн ш дээ. Нэгдүгээр ангид байхдаа хурдан морь унана гээд над дээр ирдэг байхгүй юу. Тэгсэн хурдан байтугай унаа морь ч унаж үзээгүй нөхөр худлаа яриад хүрээд ирсэн байдаг байгаа. Нэгэнт айлын хүүхэд аваад ирсэн юм чинь сургаад дараа жил унуулахаар болж байтал манай хүү мориноосоо унаж нөгөөх маань морийг нь унаад сунгаанд түрүүлчихлээ. Тэгээд л тэрнээс хойш жил бүрийн зуны амралтаараа ирж морь унана. Яваандаа моринд хүнддээд туслах уяач хийдэг болсон. Тэгж явсаар дунд сургуулиа төгсөх болохоор нь за одоо ч сургууль соёл гээд ирэхгүй биз дээ гэж бодож байтал эмээлээ барьчихсан мотоциклийн ард сундалчихсан хүрээд ирсэн. Түүнээс хойш надтай морь уяад л явж байна. Одоо эхнэр хоёр хүүхэдтэй. Миний хамаг ажлыг нугалж өгдөг хүн. Дэлгэрдалай дүүгээ бараадаж ирээд л манайхантай нэгдсэн байх. Тань дээр ирлээ шүү энэ тэр гэж надад юм яриагүй. Жижиг наадамд хоёр айрагдсан удам сайтай гээд халтар хязаалан азарга аваад ирсэн. Би харж байгаад “Миний дүү ийм нарийнхан азарга гэж байдаггүй юм. Наадахыгаа хөнгөлчих”гээд хөнгөлүүлчихсэн. Тэгээд л тэр сайхан хурдан буянгаа надаар уяулах болсон. Манай галын бусад гишүүдийн хувьд Мөнхцог, Цогтсайхан нар манай сумынх. Я.Батсуурь гишүүн бид хоёр бол дээр үеийн найзууд. Манай гал хурд нь танигдсан адууг үнэ цохиж авахаас илүүтэй битүү адуугаар нааддаг. Миний хувьд бусдын адил ийш тийш явж адуу мал үздэггүй.

Галынхныхаа авчирсан битүү адуунуудыг л уядаг

-Таны хэлсэнчлэн Сувдан зээрдээс бусад нь хурд нь танигдаагүй битүү адуунууд юм байна шүү дээ?
-Дорноговийн Адъяасүрэнгийн хоёр даншигт түрүүлсэн хонгор морийг манай Цогтсайхан авсан. Өнөөдрийн тухайд би хонгор морийг санаснаараа сайн давхиулж чадаагүй л байна. Сувдан энэ хоёроос бусад нь битүү голдуу ирсэн адуунууд.
-Би андуураагүй бол та чинь тэргэний морийг хүртэл давхиулсан гэдэг байхаа?
-Хурдан гэдэг нь нэгэнт тодорхой болчихсон адуу уях надад тийм амттай санагддаггүй юм. Би уясан гэж хэлэхэд ч жаахан тиймхэн санагдаад байдаг юм. Өөрийн чинь яриад байгаа Цогтсайханы  Бундуут зээрд л юм шиг байна. “МТТ” компанийн Тэрбишийн хашаанд тэргэнд хөллөж байсан адуу л даа. Мориныхон Дугараа гэж дууддаг Алдарт уяач Бат-Өлзий надад “би уяад сайн амжилт гаргасангүй. Уг нь хурдан удамтай морь байгаа юм” гэж хэлсэн юм. Харсан үнэхээр сайхан адуу байсан шүү. Эзэн нь “Хөл муутай юм, амжилт гаргахгүй байхаа” гэсэн ч авахаар шийдээд Хоргой Батсүх гуайгаар хатгуулаад л давхиулсан. Өвөл 2-3 айрагдаад, сая аймагтаа аман хүзүүнд давхисан.
-Хөлний бэртэл нь гайгүй байсан юм уу? Хурдан морины хөл хамгийн чухал нь шүү дээ?
-Тулгуур эрхтний бэртэнг биш хөнгөн гэмтэл бол гайгүй л дээ.  Цогтсайханы  Бундуут зээрд морины тухайд бол зөөлөн эдийн гэмтэл байсан юм.

Сувдан Баасанбазар бид хоёрын гэхээсээ илүү Монголын ард түмний хүлэг болсон

-Танд амжилтын эхлэлийг тавьсан Сувдан зээрд азарга тухайн үедээ үнэтэй адуугаар нэрлэгдэж байлаа. 33 саяар авсан гэдэг бил үү?
-Манай  Баасанбазар моринд үнэхээр хорхойтой хүн л дээ. Тэр үед өвөл, зунгүй явдаг ч морьд маань тийм сайн давхидаггүй  байсан. Тэгсэн нэг өдөр Баасанбазар  надаас “Ямар морь улсад баараггүй айрагдах вэ” гэж асуудаг юм байна. Тэгэхээр нь “наадмын өмнөх томоохон сунгаануудад сайн байгаа адуу л айрагдана даа. Тэндээс тодордог юм” гээд санаандгүй хэлчихгүй юу. Тэгж хэлснээ ч мартчихаж. Би дандаа Баасанбазарын машинтай уралдаан дагадаг юм. Тэгсэн наадмын өмнөх хоёр сунгаанд Сувдан  зээрд түрүүлчихлээ. “Энэ адуу энэ жил улсад орох нь тодорхой боллоо” гээд бас ам алдчихаж. Тэгсэн дараа нь би морины ажил хийгээд завгүй байсан манай хүн “би авчих уу. Хэд гэхэв. 50 сая гэвэл болох уу” гээд байсан. “Үгүй чи чинь юу яриад байгаа юм, ямар адуу тийм үнэтэй байдаг юм” гэтэл “тэгвэл 30 сая гэчих үү” гэж байна. Тухайн үед адуу арван хэдэн сая л гэдэг байсан ш дээ. Тоглож байна л гэж бодож байсан болохоор юм хэлсэнгүй. Манай хүн ч яваад өглөө. Тэгсэн мань хүн намайг дуугарахгүй болохоор зөвшөөрч байна гэж бодоод “30 саяар авъя” гэсэн юм билээ. Нөгөө айл нь манайх зургаан хүүхэдтэй. Хүүхдүүдийг маань 500.000-гаар мялаагаад ав гээд нийтдээ 33 саяар аваад ирсэн байсан.
-Тэгэхээр нь та яасан?
-Авч ирээд таны нэр дээр уралдуулъя гэхээр нь би зөвшөөрөөгүй.
-Яагаад?
-Яахав. Цэрэндэжид гуай уясан гэдгийг хүн болгон мэдэж байхад муухай ш дээ. Хүнд жудаг гэж байх ёстой. Бусдын гавьяаг өөр дээрээ цоллуулж чадахгүй юм билээ.
-Тэр наадам Сувдан зээрдийнх болсон байхаа?
-Тэгсэн. Улсын наадамд түрүүлснийх нь дараа  аваад  ирэхээр нь хэд хоногийн ажил хийгээд Хөвсгөлийн бүсэд уралдсан. Тэнд айрагдсан даа.
-Энэ жил яасан юм бэ?
-Уг нь хурдан байсан. Сунгаануудад 3, 4-өөс ухраагүй. Тэр жил Хөвсгөлийн  наадмаас буцаж яваад хөлөндөө бага зэргийн бэртэл авчихсан юм. Тэр нь жаахан сэдрэх гээд болдоггүй. Долоохон настай  ийм сайхан хурдан буянг гамнахгүй бол болохгүй ш дээ. Тэгээд Сувдан Баасанбазар бид хоёрын гэхээсээ илүү Монголын ард түмний хүлэг болсон. Түмний хайртай хүлгийг хайрлахгүй бол болохгүй. Сувданг олон наадам хүлээж байгаа.
-Баасанбазарыг сайн адуу олонтой гэж ярьдаг юм билээ?
-Баасанбазарын Тогоруу саарал гэж азарга байна. Манлай уяач Гарамжав гуайн хүү Ганболд бид их сайн найзууд л даа. Найзынхаа дурсгалд зориулсан наадмыг бид хийдэг юм. Тэр наадам дээр нэг жижиг биетэй хязаалан үрээ дуудлага худалдаагаар зарлаа. Эзэн нь тогоруу цустай юм шүү гэхээр нь манай Баасанбазар авсан юм. Тэр жилийнхээ өвөл нэг сайн явж өгөөгүй. Зун нь Төв аймгийн наадамд 14-т давхихаар нь би үндсэн бяр муутай байгалиар нь таргалуулъя гээд тавьчихсан. Тэр өвлөө Багануур, Багахангайн наадмуудад түрүүлж, Дүнжингаравт зургаалаад, хэд хэдэн жижиг уралдаанд айрагдсан. Өнгөрсөн жил улс бүсийн наадмуудад арав гаргаж давхиад намар нь хэд хэд айрагдсан. Энэ жилийн хувьд Дүнжингаравт долоолж, далангийн уралдаанд түрүүлж, Баянцогтын сарлагийн бригадын уралдаанд түрүүлээд, Дорноговийн наадамд гуравласан. Сая улсын наадмаар зургаад явж байгаад хадуурчихсан. Уг нь их хурдан буян л даа.
-Сая Их хурдад түрүүлдэг Баасанбазарын “Дөлгөөн хонгор”, Баянжаргалын халтар хоёр нэг эхтэй гэдэг үнэн үү?
-Тийм. Батжаргал ах нь манай дүүд  эх гүүг нь бэлгэнд өгсөн юм. Түүнийг нь Баян сумын хар Мөнхөөгийн Ам цагаан гэдэг хар азарганы төл хураагаад /миний өөрийн азарга л даа/ гарсан унага. Удам сайтай учраас давхих нь тодорхой гээд шүдлэн цагаас нь уяад Архангайн Тоглохын талд болсон бүсийн уралдаан, улсын наадамд мордуулсан 40 гаргаад л давхисан. Соёолондоо аймгийн 85 жилийн ойд айрагдаад, Заамарын наадамд 11-р, Багануурын уурхайн 30 жилийн ойд гуравлаад, олимпийн аваргын наадам болон Баян сумын хийдийн нээлтийн уралдаанд аман хүзүүдсэн. Хавчигтаа өнжөөд, энэ жил Борнуурын хаврын наадамд тавлаад, Заамарт болсон суварганы нээлтийн уралдаанд гуравлаад, Төв аймгийн наадамд түрүүлээд сая Их хурдад түрүүлж байгаа нь тэр.
-Сүүлийн жилүүдэд шинэ Монгол адуу буюу эрлийзүүд үнэхээр дийлж уралдаж байна. Та Монгол голдуу адуугаар амжилттай уралдаж байгаа цөөн уяачийн нэг?
-Бага насанд Монгол адуугаар наадах хүнд болж байна л даа. Тиймээс одооноос ганц нэг даага  шүдлэн сургаад оролдож л байна.
- Амжилт арвин хурдаг буянгуудын чинь үр төлөөс авъя, танаар морио уяулъя гэдэг санал цөөнгүй ирнэ биз?
-Адуу мал үзье гэсэн  хүмүүс мэр сэр ирнээ. Морь мал уяулъя гэдгээ хүн амьтнаар дамжуулж хэлж байсаан байсан. Одоогийн уяж байгаа адуунууд маань хангалттай олон учраас нэмэх хүсэл байдаггүй. Энэ жил гэхэд л зургаан насанд 70-аад адуу уялаа ш дээ. Ачааллаа дийлэхгүй талдаа болж байхад ахиад нэмнэ гэвэл хэцүү л дээ. 
-Илэн далангүй ярилцсан танд  баярлалаа
-Та бүхний ажилд амжилт хүсье.

Монгол улсын Манлай уяач Д.Оюунбилэг агсаны ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсөдөд нь нийт уншигчид, морь сонирхогчдынхоо өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна.

                                                                                                                         Ум сайн амгалан болтугай

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна