Д.Пүрэв: Хүүхдүүдээ боловсролтой болгохсон гэж зүтгэж байснаас ирээдүйд компанийн эзэд болгоно гэж төсөөлөөгүй

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 24 -нд

Монголын хамгийн үнэтэй машин, хурдан хүлгүүдийн сорны цуглуулга хийж чадсан “Шунхлай”-гаар овоглодог УИХ-ын гишүүн Г.Батхүү, дүү П.Батсайхан, П.Бат-Эрдэнэ нар Өвөрмонголын Шилийн гол, Шинжаан, ОХУ, Арабаас хүртэл шилмэл хурдан хүлгүүд авчирч угшлаа сайжруулж явсан нь саяхан. Тухайн үед хэдэн жилийн дараа "Шунхлай" гэгдэх угшлын адуу гүйцэгдэхгүй гэж хүмүүс  ярьцгааж байлаа. Энэ удаад УИХ-ын гишүүн Г.Батхүү, АПУ-гийн П.Батсайхан, П.Бат-Эрдэнэ нарын аав Д.Пүрэв гуайтай уулзаж ярилцсанаа толилуулъя.
-Таны хөвгүүд бүгд морины хорхойтой. Та хурдан моринд уруу татаа юу?
-Би бол малчны гэрт төрж, малын хажууд өссөн хүн. Манай хүүхдүүд мал дээр өсөөгүй ээ. Сургууль соёл, эрдмийн мөр хөөгөөд зуны амралтаараа л хөдөө гардаг байлаа. Гэхдээ Батхүү, Батсайхан бага наснаасаа моринд их дуртай байсан. Наадам ойртохоор уяа хэсч, морь харж гүйгээд найз нөхөдтэйгээ уралдаад л явдаг. Манай хэд морь унаж уралдаж үзээгүй. Зүгээр л унадаг байсан. Манай хүүхдүүд Өвөрхангайн Хужиртад өссөн. Тэгээд хотод нүүж ирээд 1995 онд Батхүү “Толин хул” азаргыг 1 сая 500 мянгаар худалдаж аваад Даваахүүгийн хамтаар уяад, тэр нь дараа жил нь түрүүлчихсэн. Үүнээс хойш бүгдээрээ моринд хорхойсож, хийморьтой амьтантай ойр явдаг болсон.
-Танайх хэчнээн азарга адуутай вэ? Аль зүгийн адуунууд вэ?
-Нэгэн үе адуу сайн цуглуулсан. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв аймаг, Завхан зүгийн адуунууд байгаа. Мөн урагшаа Өвөрмонгол, Шинжаан, Шилийн голын адуунууд, Арабаас азарга авчирсан. Яахав адууны цус холдож, угшил сайжирч байна. Газар газрын угшлын адуунуудтай. Шилмэл адуу гаргаж ирэх тал дээр юм хийж байгаа. Хэдэн жилийн дараа гэхэд "Шунхлай" угшлын адуунууд юм дуулгана гэж боддог шүү. Оросоос адуу оруулж ирсэн. Орос адуу Монгол адууг бодоход биерхүү байдаг.
-Тэр холоос авчирч байгаа юм чинь нэлээд зардал гардаг байх. Ер нь гаднаас авахад ямар үнээр авдаг вэ?
-Анх биднийг очиж байхад гайгүй байсан. Сүүлийн үед манайхан их авчрах болсноор ханш нь жаахан өссөн байх. Нэг их үнэ хүргэж аваад байдаггүй. Үнэ ханшийг нь хэлэх хэрэггүй болов уу.
-Танай хөвгүүд дэрсхэн их дэггүй байсан уу. Та яаж хүмүүжүүлдэг байсан вэ?
-Манай хүүхдүүд багаасаа л томоотой хэл ам таталдаггүй байлаа. Тэгээд ч бид хоёр багш болохоор сургууль дээрээ байхдаа миний хараан дор л байдаг. Бид хэдэн хүүхдээ боловсролтой болгоё гэж явцгааж байснаас ирээдүйд нэг пүүс компани байгуулна, өдий зэрэгтэй явна бодож яваагүй.
-Айлын том хүү гэдэг утгаараа УИХ-ын гишүүн Г.Батхүү багадаа ямархуу хүүхэд байсан 6э?
-Морь машинд их сонирхолтой хүүхэд байсан. Дагаад дүү нар нь ч гэсэн машин тэрэгний сонирхолтой. Манай Батхүү их л төлөв даруу, сурлага сайтай, сагс хөөдөг хүүхэд байсан. Аймгийн томчуудын шигшээд тоглодог байлаа. Айлын том хүү болохоор дүү нараа харж өссөн. Дүү нар нь ахаасаа үлгэр дуурайл авч сайн хүмүүжсэн л гэж боддог. Ер нь дүү нарынх нь сайн сайхан яваа том ахтай нь холбоотой. Манай Батхүү өвөө эмээ дээрээ өссөн хүн. Нөгөө гурав нь миний мэдэлд байсан. Би өөрийгөө тодорхойлоод энэ занг минь авсан болов уу гэж дүгнэлтэй нь биш. Мэдээж авч үлдсэн л байгаа.
-Г.Батхүү гишүүний өвөөгөөрөө овоглосон нь их сонин түүхтэй юм байна лээ?
-Өвөө нь сумын захиргаанаас төрсний гэрчилгээг нь авах гэж очоод "Бат" гэж хүүтэй боллоо гэхэд л шууд л өвөөгөөр нь овоглоод явчихсан. Хоёр хөгшин дээр байж байгаад арваа төгсөөд сургуульд явсан. Хүүхдүүдийг минь энэ хоёр буянтай буурлууд зөв хүмүүжүүлж сайхан хүн болгон өсгөж өгсөн.
-Тухайн үед Орост сурдаг оюутнууд багагүй наймаа хийдэг байсан даа?
-Томчуудыг нь сурч байх үед наймаа гэж нэг их байдаггүй байсан. Батсайхан, Бат-Эрдэнэ нарын үед л зах зээл рүү орж эхэлсэн болохоор нөлөөлсөн. Наймаа хийж их явдаг байж дээ. Орос Хятадын хооронд бусдын адилаар ганзагын наймаанд яваад л. Би тэднийг хоёр гурван сараар яваад алга болоход их айдаг байсан. Зөндөө л шатаж байсан. Ашиг орлогоос илүү эрүүл энх яваад ирэхэд нь баярлаж суудаг байж билээ.
-Оюун багш их сүсэг бишрэлтэй хүн. Та хэр вэ?
-Ах нь их сүсэг бишрэлтэй. Төрсөн нутгийн уул усандаа энэ дөрвөн ууландаа мөргөнө шүү. Гандан хийдээр ном уншуулж засал хийлгэдэг. Ингэж л хүүхдүүдийн минь ажил үйлс, амьдрал, хурдан хүлгүүд минь гайгүй уралддаг гэж боддог.
-Батхүү гишүүн олон ангийн ноходтой. Та  анд сонирхолтой юу?
- Батхүү багаасаа нохой их сонирхдог хүүхэд байсан. Тэр нохойнуудаар нэг ч удаа ан хийж хэр сайн гэдгийг нь туршаад үзсэн юм алга. Өвөл хийморио сэргээх гэж анд явна. Батсайхан ганц хоёр удаа явсан уу үгүй юу анд явах их дургүй. Батхүү, Бат-Эрдэнэ хоёр завтай байвал л чоно руу явах санаатай. Батхүү найз нөхөдтэйгээ нийлж явах дуртай юм шиг байгаа юм. Явлаа л гэдэг 10 гаруй чоно агналаа гээд ярьж байдаг. Төв аймгийн Баяннуур, Эрдэнэ, Борнуур сум руу Хэнтийн Баянхутагийн газруудаар хэд хэдэн удаа хүүхдүүдтэйгээ чононд явсан. Хийморио сэргээж хүүхдүүдээ дагаад л явж байдаг.
-Г.Батхүү гишүүн архи тамхи огт хэрэглэдэггүй гэдэг. Ер нь багаасаа хүмүүжил сайтай байсан уу?
-Наймаа арилжаа хийгээд Орос руу их явдаг байлаа. Орост янз бүрийн хүнтэй нөхөрлөдөг л байсан юм байлгүй. Биднээс хол хараа хяналтгүй яваа тэд юуг ч хэрэглэж сурч болох байсан. Батхүү, Батсайхан хоёр архи тамхи хэрэглэдэггүй.
-Хүүхдүүдийн тань хэрэглэдэг хазаар бусдын нүдийг яах аргагүй хужирладаг?
-За бага байхад нь эмээл хазаар янзалж өгч байсан. Зах зээлд ороод л юм юмтай болох юм даа. Бид нар тухайн үед үнэтэй юм бэлдэж өгч байгаагүй. Тоодог ч үгүй байсан. Чадлаа тасартал ажлаа хийгээд л явна гэж амьдарч явлаа. Багшийнхаа цалингаар л ахуй амьдралаа болгоод явдаг байсан. Өөрийгөө хувийн  машинтай болно, ингэж амьдарна гэж бодож байгаагүй.
-Нутаг усныхаа уулаар овоглосон болохоор "Шунхлай" нэрээ их сүсэглэдэг юм шиг санагдсан?
-Энэ чинь их домогтой. Нэг сайн анчин буга агнаад амьдардаг байсан гэдэг. Их сайн халуун рашаантай. Шунхлай нэрийг Батхүү өгч байсан. Манай "Шунхлай" компани чинь гэр бүлийн компани. "Дэм дэмэндээ дээс эрчиндээ" бие биедээ туслаад сайхан амьдарцгааж байна. Нутаг ус уулаараа овоглож сүсэглэдэг болохоор өнгөтэй өөдтэй л байна. Батхүү, Батсайхан хоёр машин техникийн их хоббитой. Ингэхээс ч аргагүй юм болов уу. Өвөө нь насаараа машин барьсан трансын анхны жолооч хүн байлаа. Машинтай хүн цөөн байхад Батхүү оролдож ноцолдсоор байгаад машин босгочихоод унаад явдаг байсан хүн шүү дээ. Тийм ч болохоор удалгүй "Шунхлай" компаниа байгуулсан.
-Tөв цэнгэлдэхэд очиж тухтай сууж наадмаа үздэг үү?
-Бараг л чаддаггүй дээ. Морь руу ороогүй байхдаа хааяа очиж үздэг л байлаа. Одоо бол уяан дээрээ л өнгөрөөдөг. Нэг уралдаан дуусаад нөгөө уралдаан гээд явж байхад л орой болчихдог. Орой болонгуут морь малынхаа хоол ундыг тохируулна гээд ажил мундахгүй.
-Зарим уяачид гадаадаас ендөр үнээр эм тариа авчруулж хийлгэх болжээ. Танай уяачид морьддоо эм тариа хэрэглэдэг үү?
-Моринд зайлшгүй хэрэглэх шаардлагатай эм тариа байна шүү дээ. Сүүлийн үед морь малыг тэжээгээд уралдуулдаг болсон болохоор хөл нь их доголж байна. Өвчнийг намдаах эрүүлжүүлэх зорилгоор эм тариа мэдээж хэрэглэнэ. Туулгыг бол зайлшгүй хэрэглэнэ. Монгол туулгаар юу ч гарахгүй байна. АНУ, Германы туулга гэдсийг нь сайн цэвэрлэдэг. Тэрнээс биш хүч тамирыг нь олгох, хурд оруулах эм тариа гэж байхгүй.
-Наадмаар танайхан хамгийн нүсэр асар барьдаг. Айраг ууж түрүү морины хөлсийг авах гээд хүний хөл тасрахгүй байх? Танай хүүхдүүд ч айрганд муугүй биз?
-Ах нь их сайн уудаг байсан. Одоо хөгшрөөд ууж чадахаа больжээ. Бидний хувьд хот суурин ороод газар болохоор өдөр бүр уугаад байж чадахгүй байна. Ер нь 10, 20 литрээр авчраад л уудаг. Хүүхдүүд зун морины уян дээр юм яриад сайн ууцгаана.
-Наадмын өмнөх өдөр хүүхдүүдтэйгээ уяан дээр хонодог уу. Яах бол гэж сэтгэл догдлоод унтаж чаддаггүй байх даа?
-Анхандаа ч уяан дээрээ нойргүй хонодог байсан. Өмнөх шөнө нь хоолыг нь хэтрүүлчих эсвэл багадуулчих юм бол хичнээн хурдан байсан ч хурдлахгүй болохоор заавал харж хонох хэрэгтэй байдаг юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна